Categories
гадаад мэдээ

УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал DNN.mn

Улсын их хурлын 2024 оны ээлжит бус чуулганы  2024 оны 08 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрийн  Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна.

ЛХАГВА ГАРАГ /2024.08.14/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ПҮРЭВ ГАРАГ /2024.08.15/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·        Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт

·  “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, яаралтай хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, яаралтай хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, яаралтай хэлэлцэх эсэх/

·        Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл

       /хаалттай/

10.00

“Их хуралдай”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл

12.00

“Үндсэн хууль”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·    “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолтой холбогдуулан холбогдох хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Төсвийн байнгын хороо

·     Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга сонгох тухай/

14.00

“Их Эзэн Чингис хаан”

4

Хууль зүйн байнгын хороо

·       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлт

15.00

“Их засаг”

БААСАН ГАРАГ /2024.08.16/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·       “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·  “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·        Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

·        “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·         Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлт

·       Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

10.00

“Их хуралдай”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

·    Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

Categories
гадаад мэдээ

Мадурог цагаатгаж магадгүй DNN.mn

Европын Зөвлөлийн цахим хуудсанд тус холбооны Гадаад харилцааны дээд төлөөлөгч Жозеп Борреллийн нэрийн өмнөөс “Венесуэлийн Үндэсний сонгуулийн зөвлөл(CNE)-ийн мэдээлсэн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын албан ёсны дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гээд “Энэ бол Европын Холбооны байр суурь юм” гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ Европын Холбоо Венесуэлийн сонгуулийн хуудсуудыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бие даасан байгууллагаар шалгуулахыг уриалж, CNE-ийг ядаж санал хураалтын дүнг нотлох баримт бүрдүүлэхийг шаардсан байна. Брюссель ийнхүү хоёр дахь удаагаа Мадурог хууль ёсных гэж хүлээн зөвшөөрсөнгүй. Тус улсад өмнөх ерөнхийлөгчйн сонгууль үүнтэй төстэй хувилбараар явагдсан бөгөөд уг сонгуулийн дараа Мадурогийн дэглэм сөрөг хүчнийхнийг мөрдөн хавчиж, тус улсад урт удаан хугацааны улс төрийн хямрал үүссэн билээ. Тэгвэл The Wall Street Jour­nal “Цагаан ордон нууц хэлэлцээ хийж Николас Мадурог Венесуэлийн ерөнхийлөгчийн албан тушаалаа сайн дураараа өгвөл өршөөл үзүүлэх болно гэж мэдэгдсэн байна” хэмээн мэдээлэв. Тус сэтгүүл мөн “АНУ Мадуро болон түүний өндөр албан тушаалтнууд хар тамхины наймаа, ялангуяа АНУ-д кокаин импортолсон хэрэгт буруутгагдаж байгаа юм” гэж бичжээ.

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн сарын 28-нд болж тус улсын засгийн газрын хяналтад байдаг Сонгуулийн Хорооноос өмнө нь тус улсыг хоёр удаа ерөнхийлөгчөөр удирдсан Николас Мадуро нийт сонгогчдын 51.2 хувийн дэмжлэг авсан гэж мэдэгдсэн билээ. Харин хөндлөнгийн ажиглагчид сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонзалес Уррутиа 67 орчим хувийн санал авч сонгуульд ялсан гэж дүгнэсэн юм. Сонгуулийн дүн гарсны дараа сонгуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаал Венесуэлийн Каракас болон бусад хотод эхэлсэн. Жагсагчдын эсрэг цагдаа, цэргийнхэн нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, жагсаалын үеэр наад зах нь хоёр хүн нас барсан гэж мэдээлсэн бөгөөд АНУ болон Европын Холбоо Венесуэлийн сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонзалесыг сонгуульд ялсан гэж албан ёсоор зарлаж байсан.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Венесуэлийн засгийн газарт хандан “Венесуэлийн сонгуулийн хууль тогтоомж болон ард түмний хүсэлд нийцүүлэн засгийн эрхийг хүндэтгэн, тайван замаар шилжүүлэх талаар ярилцаж эхлэхийг уриалж байна” гэж мэдэгдэж байсан юм. Үүний зэрэгцээ Вашингтон болон Брюссель Мадурог хууль бус ерөнхийлөгч гэж албан ёсоор зарлаад байгаа билээ.

Дашрамд дурдахад, судлаачид Украины дайны үр дүнд дэлхий нийтэд дарангуйллын дэглэм нуран унаж, хэн ч байсан улс төрийн албан тушаалд хоёроос дээш удаа ажиллахгүй болно” гэж дүгнэж байгаа билээ.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Курскийн цүлхэн-2” DNN.mn

Энэ сарын 6-нд Украины армийн анги нэгтгэлүүд Оросын хил давж, Курск мужийн нутаг дэвсгэрийн гүн рүү нэвтэрч эхэлсэн тухай хэсэгчилсэн мэдээллүүд нийтийн сүлжээгээр тарав. Эхлээд ч өнгөрсөн жил болж байсан Украины Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд багтдаг “Оросын сайн дурын корпус” болон “Оросын эрх чөлөөт легион”-ы дайчдын хорлон сүйтгэх, тагнуулын ээлжит оролдлого мэт харагдаж байв. Гэхдээ тулааны эрчим энэ удаад бүх зүйл илүү ноцтой гэдгийг баталж эхлэв. Энэ өдрийн орой тус мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Алексей Смирнов “Тус бүс нутагт Украины 26 дроныг буудаж устгасан бөгөөд хил нэвтэрсэн дайсны цэргүүд манай цэрэг, нисэх хүчинд бут цохигдож өөрийн хил рүү ухран гарсан” гэж мэдэгдэв. Харин өглөө нь Курскийн хилийн бүсийн хэд хэдэн чиглэлд зэвсэгт бүлэглэлүүд тулалдан урагшилж буй тухай мэдээлэл тарж, анх удаа Оросын блогерууд “Москвагийн төв телевизүүд худал мэдээлэл тарааж байна” хэмээн шүүмжилж, Украины танк, хуягтууд нутгийн гүнд нэвтэрч, асуудал хурцдаж буйг мэдээлсэн юм.

Иймээс ОХУ-ын Батлан хамгаалах яам анх удаа энэхүү нөхцөл байдлын талаар “Өнөөдөр Москвагийн цагаар өглөөний 8:00 цагаас эхлэн дайсны 22 дугаар механикжсан бригадын гурван зуун цэрэг их бууны галын бэлтгэл хийсний дараа Украины Зэвсэгт хүчний ангиуд 11 танк, 20 гаруй хуягт тээврийн хэрэгслийн тусламжтайгаар Курск мужийн Орос-Украины хилийн Николаево-Дарьино, Олешня сууринд байрлаж байсан ОХУ-ын хилийн ангиуд руу дайрсан… Оросын Батлан хамгаалах яам байлдааны бүсэд нөөц хүчээ байршуулж, энэ өдрийн үдээс хойш нисэх хүчний хамт Украины 16 хуягт машин болон зургаан танк, явган цэргийн хоёр байлдааны машиныг устгасан” гэж мэдээлэв. Харин орой нь ОХУ-ын Батлан хамгаалах яам “Курск мужийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн Украины тагнуулын бүлэг хохирол амсаж, өөрийн нутаг дэвсгэр рүү ухарсан” гэсэн шинэ мэдэгдэл хийсэн бол Оросын блогчин Роман Алехин “Дайсан Курск мужийн нутаг дэвсгэрт байсаар байна” гэж мэдээлж байв. Харин Украины Зэвсэгт хүчний жанжин штаб энэ хугацаанд ямар ч мэдээлэл хийхгүй байв.

Маргааш нь тулааны бүсээс олон мэдээлэл ирж байсан ч ихэнх нь баталгаагүй, юу болж байгаа талаарх бүрэн дүр зураг тодорхойгүй хэвээр байв. Түүнээс гадна нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байлаа. Орой нь Украины армийн ангиуд Оросын Курск мужийн өөр нэг бүс нутгийн төв болох Суджа хотоос баруун хойд зүгт 30 км-ийн зайд, хилийн цэгээс 20 км-ийн зайд орших Коренево хотыг эзэлж эхэлсэн тухай Оросын телеграмм сувгууд мэдээлж эхлэв.

Курскийн тулаан эхэлснээс тав хоногийн дараа Украины арми Оросын гурван мужид 30-35 км нэвтэрч бэхлэлт байгуулж эхэлсэн нь тодорхой болов. Ерөнхийлөгч Зеленский анх удаа байлдааны ажиллагаа явагдаж байгаа ОХУ-ын Курск мужийг тусгайлан нэрлэхгүйгээр “Ерөнхий командлагч Сырский фронт болон манай үйл ажиллагаа дайныг түрэмгийлэгчийн нутаг дэвсгэрт “түлхэн оруулсан” талаар хэд хэдэн удаа надад мэдээлсэн. Үүнийг хэрэгжүүлсэн манай Батлан хамгаалахын анги, нэгж бүрт би талархаж байна. Украин шударга ёсыг яаж сэргээхээ мэдэж байгаа бөгөөд энэ нь дайныг түрэмгийлэгчдийн нутагт оруулсан явдлаар баталгаажиж байна” гэж хэлэв. Ийнхүү дайн Оросын өөрийнх нь нутагт шилжиж байлдааны санаачилгыг Украин авч байгаа нь тодорхой болов. Украины арми жижиг суурингуудаа алдах замаар жилийн хугацаанд Оросын армийн хүчийг барагдуулж, хүчээ нөөцлөн гэнэт гурван мужид нь довтолж Оросын армийн бэхлэлтийн хоёр шугамыг төвөггүй давж тэдний жилийн хугацаанд эзэлсэн нутгийн хэмжээний талаас илүү хувийг тавхан хоногт эзлэн бэхжив. Оросууд хил дээрээ бэхлэлтийн шугам барихад тэрбум, тэрбумаар нь рубль зарцуулсан. Энэ мөнгө хэний халаасанд орсон нь тодорхой болов. Мөн Оросын тагнуулын байгууллага, арми нь өөрийн нутгийг хамгаалах, гэнэтийн довтолгоонд хариу үйлдэл үзүүлэх ямар ч чадваргүй, ерөнхий командлагч Путинд байнга худал мэдээлэл өгч байдаг нь дэлхий нийтэд ил болж орхив. Хамгийн гол нь цэргийн шинжээчид энэхүү тулааныг дэлхийн II дайнд эргэлт гаргасан 1943 оны наймдугаар сард болсон тулаантай адилтгаж “Курскийн цүлхэн-2” гэж нэрлэв. Түүхэнд “Курскийн цүлхэн” гэж нэрлэгдэж үлдсэн энэхүү тулаанд Оросууд үнэндээ германчуудаас хэд дахин олон танк, нисэх онгоц, их буу, цэргээ алдсан юм. Гэхдээ энэ үед Германы үйлдвэр нь чинээндээ тулж цаашид бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх боломжгүй болчихсон байв. Өөрөөр хэлбэл Германы үйлдвэрүүд фронтод устгагдаж буй байлдааны техникийг нөхөн үйлдвэрлэх чадваргүй болчихсон байв. Ийнхүү германууд ялагдаж эхэлсэн билээ. Үйлдвэрлэл өсөх боломжгүй болчихоод байхад улсад эргэлдэх мөнгөний тоо өсч, инфляци хяналтаас гарахыг эдийн засгийн шинжлэх ухаанд “стагнаци” буюу “хөдөлгөөнгүй, зогсонги байдал” гэх бөгөөд харин бид “эдийн засгийн хэт халалт” гэдэг. Тэгвэл “Курскийн цүлхэн”-ий үеийн Германтай яг адил өнөөдөр ОХУ-ын эдийн засагт стагнаци нүүрлэчихээд байна. Тухайлбал, ОХУ-ын Төв банкны ерөнхий захирал Эльвира Сахипзадовна Набиуллина өнгөрсөн сарын 26-нд Төв Банкны бодлогын хүүг 18 хувь болгож өсгөж буйг зарласан. Тэрээр “Улсын үйлдвэрлэлийн хүчин чадал шавхагдан стагнаци явагдаж, инфляци аюултай түвшинд хүрсэн учир энэ арга хэмжээг авч байна” гэж мэдэгдсэн. Ийнхүү ОХУ-ын Төв банкны ерөнхий захирал анх удаагаа улс оронд нь стагнаци болсныг олон нийтэд ил тод зарласан юм. Үүний үр дүнд ипотекийн зээл хоромхон зуур 21-23 дахин нэмэгдэж шинэ байрны үнэ 30 жилийн хугацаатай 570 хувиар өсөв. Ингэснээр шинэ, хуучин байрны нэг ам.м-ийн үнэд 55 хувийн ялгаа үүсэв. Ийнхүү шинэ байранд орох хүнгүй болж үл хөдлөх хөрөнгийн өсөлт буурч ажилгүйдэл ихэсч эхлэв. Мөн өдийд үнэ нь буурдаг хүнсний ногооны үнэ ч огт буурсангүй. Энэ мэт олон тооны дотоод инфляци дээр Хятадын банкны төлбөрийн саатлаас үүдсэн экспортын өргөн хүрэглээний барааны үнэ өссөн гадны шалтгаантай инфляци ч бас нэрмээс болж эхлээд байна. Саяхан л “Манай ДНБ өсч, гайхамшиг үзүүлж байна” гэж байсан Оросын хэвлэлийнхэн үйлдвэрлэл зогсонги байдалд орж инфляци өсч байгааг уралдан халаглах болов. Чухамдаа стагнаци л Путины хувьд хамгийн том дайсан нь мөн бөгөөд фронтод арми нь ялагдах гол шалтгаан нь юм. Ийнхүү яг 71 жилийн дараа Германы “Барс” танкууд довтлон буудаж “Курскийн цүлхэн” дахин давтагдав. Харин энэ удаа Оросын арми ялагдаж, Путины дэглэм нуран унаж эхэлсэн нь дэлхий нийтэд тодорхой болов. Мөн украин цэргүүд орос эмэгтэйчүүд, охидыг хүчиндэж, энгийн иргэдийг тонож дээрэмдэн алж, баривчлан тамлаж байгаа тухай ганц ч мэдээ энэ хугацаанд гарсангүй. Энэ нь ардчилсан болон дарангуйллын тогтолцооны ялгааг олон нийтэд тод томруунаар харуулсан явдал болов.

 

Бэлтгэсэн:

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Тимоти Уолзын анхны сонгуулийн сурталчилгаа DNN.mn

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис өөрийн хамтрагчаар сонгосон, дэд ерөнхийлөгчид нэр дэвшээд буй Миннесота мужийн амбан захирагч Тимоти Уолз анх удаа сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр гарч ирэн олон нийтэд хандан үг хэлэв. Ерөөс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч нь эсрэг талын ерөнхийлөгчид нэр дэвшигч рүү дайрах “зуудаг нохой”-ны үүрэг гүйцэтгэдэг бичигдээгүй хууль үйлчилдэг байсан билээ. Гэтэл Дональд Трамп өөрөө “зуудаг нохой”-ны үүрэг гүйцэтгэх болсон юм. Харин энэ үүргийг Тимоти Уолз чадварлагаар буцаан авчирч буй нь тодорхой болов.

Уолз Пенсильвани мужийн Филадельфи хотод сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр хэлсэн үгэндээ Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч Дональд Трампыг хатуу шүүмжилж, түүнийг манай улсад эмх замбараагүй байдал, хуваагдал бий болгож байна гэж мэдэгджээ. Тэрээр мөн “Трамп өөртөө үйлчлэхэд хэтэрхий их цаг зарцуулан завгүй байдаг тул үндэстэнд үйлчлэх гэж яг юу гэсэн үг болохыг огт мэддэггүй. Тэр ааваасаа бэлэн хөрөнгө өвлөж авсан учир шударгаар хөдөлмөрлөж сайн сайхан амьдрах гэж юу болохыг огт ойлгодоггүй. Тэр цэрэгт алба хааж байгаагүй учир батлан хамгаалах гэж юу байдаг талаар ямар ч мэдлэггүй байдаг. Иймээс Трамп Цагаан ордны тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа манай улсыг эдийн засаг, гадаад бодлого гээд бүх талаар сүйрэлд хүргэсэн. Тэр Америкийн хөдөө нутгийг сүйтгэж, ард түмнийг хоёр хувааж талцуулсан” гэж хэлжээ. Ардчилсан намын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч нэмж, “Бүгд найрамдах намаас ерөнхийлөгч болсон Дональд Трампын үед АНУ-д хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдсэн бөгөөд үүнд Трампын өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэг ч нэмэр болсон” гэж хэлсэн нь олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байна.

Тимоти Уолз мөн Ардчилсан намын сонгуулийн кампанит ажил нь Дональд Трампын эсрэг тэмцэл биш гэдгийг онцолж “Бидний энэхүү сонгуулийн кампанит ажил бол АНУ-ын иргэдийн ирээдүйн төлөөх тэмцэл” гээд “Харрис болон түүний хамтрагчид үндэсний эрх чөлөө, иргэд, бүрэн хамгаалагдсан тэдний ирээдүйн төлөө тэмцэж байна” гэж үгээ дуусгажээ.

Америкийн Миннесота мужийн захирагч Тимоти Уолз 1964 оны дөрөвдүгээр сарын 6-нд Небраска мужийн Вест Пойнт гэх жижиг хотод төрсөн. Тэрээр 1989 онд Небраска мужийн Чадрон коллежийг нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөний дараа 2001 онд Миннесота мужийн их сургуулийг төгсөж, шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. Бас Миннесота дахь Гэгээн Мэригийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн байна. Уолз 1982 оноос АНУ-ын армийн үндэсний гвардид нэгдэн, 1989-1990 онд АНУ-ын Харвардын их сургуулийн анхны америк багш нарын бүрэлдэхүүнд багтаж, Хятадын ахлах сургуульд багшилжээ. Хятадаас буцаж ирээд Небраскагийн ахлах сургуульд дахин багшилсан байна. 1996 онд тэрээр ирээдүйн эхнэр Гвенийн хамт Миннесота мужийн төвд суурьшжээ. Дараагийн 10 жилийн хугацаанд Тимоти Уолз ахлах сургуульд багш, хөлбөмбөгийн дасгалжуулагч хийж байв. Уолз АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд 2006 онд анх ялалт байгуулжээ. Дараа нь дахин таван удаа сонгогдсон байна. Тэрээр хөдөө аж ахуй, зэвсэгт хүчин, ахмад дайчдын асуудал эрхэлсэн хорооны гишүүнээр ажиллажээ. Харин 2018 онд тэрээр Миннесота мужийн 41 дэх амбан захирагчаар сонгогдож, 2022 онд дахин сонгогдсон. Энэ хугацаанд сурагчдыг сургуульд нь үнэ төлбөргүй хооллох, иргэний нөхөн үржихүйн эрх чөлөөг хамгаалах, сонгох эрхийг бэхжүүлэх, Миннесота мужийг 2040 он гэхэд 100 хувь цэвэр “ногоон” цахилгаанд шилжүүлэх үндэс суурийг тавих, дундаж давхаргын татварыг бууруулах, муж улсдаа ажилчдын цалинтай амралтыг өргөжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлжээ.

Тимоти Уолз 2022 онд “Орос Украинд дайн явуулж байна” гэж удаа дараа Путиныг шүүмжилж 2022 оны гуравдугаар сард засгийн газрын байгууллагууд Оросын хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг цуцлах захиргааны тогтоолд гарын үсэг зурж, цаашид гэрээ байгуулахаас татгалзахыг шаардан үүнээс нэг сарын дараа Оросын засгийн газрын хөрөнгө оруулалтыг зогсоох тухай хуульд гарын үсэг зурав. Мөн тэрээр тус муж болон Украины Чернигов мужийн хооронд түншлэлийн харилцаа тогтоож, 2023 онд Зеленскийтэй цахимаар ярилцахад оролцож, “Украиныг эргэж буцахгүй дэмжих болно” гэж мэдэгдэж байв.

Миннесота муж нь сонгуулийн төлөөлөгчдийн 10-хан саналтай байдаг учир сонгуульд нэг их нөлөө үзүүлэхгүй. Гэвч Ардчилсан нам Тимоти Уолзыг өөрийн мужаасаа гадна бусад мужийн хөдөө орон нутгийн сонгогчдыг татаж чадна гэж үзэн дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд байгаа юм. Тэрээр Америкийн “MSNBC” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Бүгд найрамдахчуудаас сонгогдсон Трамп, Вэнс хоёрыг “хачирхалтай хос” гэж нэрлэсэн нь олны анхааралд орж, түүний энэ шинэ нэршил интернэтэд тун хурдан тарж, Харрисын сурталчилгааны багийнхан үүнийг олон нийтэд зориулсан хэвлэлийн мэдээ, мэдээлэлд өргөнөөр ашиглах болжээ. Хамгийн гол нь энэ нэршилийнхээ ачаар Тимоти Уолз маш хурдан хугацаанд олон нийтэд танил болж, сонгогчид намтрыг нь сонирхож эхэлсэн байна. Тиймээс Пенсильванийн Хуулийн Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Кэри Коглианез “Тимоти Уолз бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрисын хамгийн аюулгүй, ухаалаг хамтрагч мөн бөгөөд тэрээр цэргийн болон хөдөөгийн амьдралыг сайн мэдэх учир Ардчилсан намд ирэх сонгогчдын саналыг нэмэгдүүлж чадна” гэж хэлсэн биз ээ. Мөн Ардчилсан намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Тимоти Уолзыг сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр анх удаа үг хэлсний дараа Америкийн судалгааны компаниуд бүх нийтийн буюу бүх мужийг хамарсан 18 санал асуулга явуулахад 17-д нь Камала Харрис ялж, нэгд нь Харрис, Трамп хоёр тэнцсэн дүн гарчээ.

Categories
гадаад мэдээ

Японы 100 дахь ерөнхий сайд DNN.mn

Фумио Кишида 1957 онд төрсөн бөгөөд удам дамжсан улстөрч гэр бүлээс гаралтай. Түүний өвөө болон аав нь Либерал Ардчилсан намын гишүүн бөгөөд Японы парламентад сонгогдон ажиллаж байв. Ерөнхий сайд асан Миязава Киичи (1991-1993) түүний холын хамаатан юм. Эхнэр нь ч мөн Японы элит гэр бүлээс гаралтай.Тэд гурван хүүхэдтэй.

Кишида Японы нэр хүндтэй Васэдагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгсжээ. Энд Японы ирээдүйн нэрт улс төрч Иваяа Такэшитай найзууд болжээ.Тэрбээр их сургуулиа төгсөөд урт хугацаатай кредитийн Шинсэй банкинд ажиллаж байгаад дараа нь Төлөөлөгчдийн танхимын гишүүн эцгийнхээ туслахаар ажиллаж байв.Тэрбээр хүүхэд насандаа гэр бүлээрээ Нью-Йоркт амьдарч байсан бөгөөд сургуульдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тулгарч байсан нь түүнд ихээр нөлөөлсөн гэдэг. Тиймээс түүнийг хүний эрхийн асуудалд гол өрсөлдөгч Таро Коногоос илүү мэдрэмжтэй гэдгийг ажиглагчид онцолж байсан юм. Тэрээр “Hiroshima Carp” бейсболын багийн хөгжөөн дэмжигч аж. Кишида анх 1993 онд Либерал Ардчилсан намаас парламентын гол танхим болох доод танхимд сонгогдож байв. 2007-2008 онд Кишида Окинава болон Хойд нутаг дэвсгэр (Өмнөд Курилын арлуудыг Японд ингэж нэрлэдэг)-ийн сайдын албан тушаалыг хашиж байсан. Мөн Абэгийн Засгийн газарт 2012 оны арванхоёрдугаар сараас 2017 оны наймдугаар сар хүртэл Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд дараа нь тэрбээр Либерал Ардчилсан намын улс төрийн зөвлөлийг удирдсан байна. Ингэж тэрээр дайнаас хойших үеийн Японд Гадаад хэргийн сайдын албыг хамгийн удаан хугацаанд хашсан хүн болсон билээ. Энэ үеэс хойш Кишида өөрийгөө намын даргад нэр дэвшихэд идэвхтэй бэлдэж байв. Кишида нам дотроо парламентын 46 гишүүнтэй өөрийн гэсэн фракцтай байсан бөгөөд Абэ Шинзод үнэнч гэгддэг хүмүүсийн нэг байжээ. Гэхдээ Либерал ардчилсан намын бодлогын хорооны дарга түүнд нөгөө хоёр гол өрсөлдөгчтэй нь харьцуулахад намын болон олон нийтийн дэмжлэгийн аль аль нь нэлээд дутагдаж байв. Тухайн үед “Asahi Shimbun” сонины судалгаанд оролцогчдын дөнгөж таван хувь нь л түүнийг дараагийн ерөнхий сайд болоход хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байжээ.Ерөнхий сайд Абэг огцорсны дараа Ёшихидэ Сүга Либерал Ардчилсан намын дарга болсон юм. Ажиглагчид Кишидаг 2021 оны сонгуульд гол өрсөлдөгч байж болох ч энэ удаад боломж тун бага гэж дүгнэж байжээ.

Фумио Кишида Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа “Миний амьдралынхаа турш хийх ажил бол цөмийн зэвсэгтэй тэмцэх” гэсэн нь тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч байсан Барак Обамад ихэд таалагдаж, түүнийг Хирошимад айлчлахад нөлөөлсөн гэдэг. Тухайн үед тэрээр япончуудын дунд нэр хүндтэй болсон ч ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмждэггүй нь саад болж байв. Харин түүний гол өрсөлдөгч Коно ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж, Японы парламентаар уг асуудлыг хэлэлцүүлэхийг уриалж байсан юм. Харин Кишида Японы худалдааны гол түнш Хятадтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, цэргийн бодлогын хувьд илүү хатуу байр суурь баримтална гэж амласан бөгөөд Зүүн Хятадын тэнгис дэх арлуудад Хятадын идэвхжил нэмэгдсэнтэй холбогдуулан Батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэх болно гэж байсан билээ. Харин Японы эдийн засгийн талаар тэрбээр “КОВИД-19 тахлын улмаас улам бүр өргөжсөн баялгийн ялгааг арилгахад туслах “шинэ капитализм” хэрэгтэй гэж байсан юм. Мөн “Шинжлэх ухааны хөгжил, сэргээгдэх эрчим хүчийг санхүүжүүлэхийн тулд 90 гаруй тэрбум ам.доллар улсын төсвөөс гаргах хэрэгтэй” хэмээжээ. Тухайн үед Японы “Temple” их сургуулийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч Жеффри Кингстон “Баялгийн тэгш бус байдлыг арилгах гэсэн оролдлого ирэх арваннэгдүгээр сард болох бүх нийтийн сонгуулиар Либерал ардчилсан нам эрх мэдлээ хадгалж үлдэх ганц зөв арга мөн” гэж мэдэгдэж байжээ. Тухайн үед Японы шинэ ерөнхий сайдыг эдийн засгийн хямрал, коронавирусийн цар тахал, Хятад-Америкийн сөргөлдөөн зэрэг олон хүнд асуудал хүлээж байв.Удалгүй Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида намын даргыг сонгох хоёр дахь шатны санал хураалтаар 427 саналаас 257-г авч, эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ дарга болов. Түүний гол өрсөлдөгч Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд асан Таро Коно 170 санал авсан билээ. Ийнхүү Кишида эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ даргаар 2021 оны есдүгээр сарын 29-нд сонгогдож,тун ч удалгүй дараа сарынхаа 4-нд Японы 100 дахь ерөнхий сайдаар томилогдсон юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Трампын сонгуулийн тактик DNN.mn

Олон нэрт улс төр судлаачид “Трампыг ерөнхийлөгч болгохгүй байх гол дайсан нь Трамп өөрөө юм ” гэж мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл CNN-ийн сэтгүүлч Фредрика Шоутен, Кейт Салливан, Жефф Зелени, Стив Конторно, Ману Ражу, Морган Риммер, Данья Гейнор, Лорен Фокс нарын хамтран бичсэн “How two topsy-turvy weeks up­ended Trump’s 2024 cam­paign” буюу “Хоёр долоо хоног Трампын 2024 оны сонгуулийн кампанит ажлыг хэрхэн орвонгоор нь эргүүлэв” нийтлэл үүнийг баталж орхив. Энэхүү нийтлэлийг товчлон орчуулбал:

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өөрчлөлт хурдтай явагдаж байна. Харрис санал асуулга болон хөрөнгө босгох ажилд Трампын Байденыг тэргүүлж байсан тэргүүллийг эргүүлж, ерөнхийлөгч асан хар арьст болон латин гаралтай сонгогчдын дунд байгаа Ардчилсан намын давамгайллыг арилгах боломжгүй болж, Трампын 2016 оны маягийн “өрсөлдөгчөө дайрах” тактикийг сонгогчид эсрэгээр хүлээн авч магадгүй болоод байна. Тухайлбал, Трампын сонгуулийн кампанит ажлын зөвлөх Жон Маклафлин CNN-ийн “Inside Politics буюу Улс төрийн тогоонд” нэвтрүүлэгт оролцохдоо “Яг одоо сонгуулийн өрсөлдөөнд эрчимтэй өөрчлөлт гарч байна” гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Трамп асуудлууд дээр өрсөлдөгчөө ялах болно” гэж хэлсэн ч “Та нарын яриад байгаа зүйл чинь бидний хүсч байгаагаас өөр зүйл байна. Сайн байна, бид сонгогчдод бидний хэн нь зөв болохыг шийдэх сонголт үлдээхийг хүлээн зөвшөөрч байна” гэж Трампыг улс төрийн гол шугамнаасаа хазайж байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Харрис “гэнэт” гарч ирсэн нь сэтгэлээр унаад байсан Ардчилсан намынхныг сүүлийн хоёр долоо хоногийн дотор гэнэт шинэ өөдрөг үзэлтэй болгосон бол Бүгд найрамдах намын Трамп болон түүний холбоотнууд сонгогчдод түүний хэлсэн үгэнд бус хийх ажилд нь анхаарлаа хандуулахыг хүсч байна. Иймээс Трампын сонгуулийн зөвлөх Жон Маклафлин “Хүмүүс сонгуулийн явцын эргэлтийн тухай ярихаа болих хэрэгтэй” гээд өөрийн Бүгд найрамдах намынхандаа хандан “Ардчилсан намынхан Байденыг Харрисаар сольсон үйл явцын талаар гомдоллохоо зогсоох цаг болсон” гэж уриалаад “Бид эхний тэмцээнд түрүүлсэн, одоо бэлтгэлийн хувцсаа сольж, дахин нэг уралдаанд түрүүлэх ёстой” гэж хэлсэн байна. Харин Мичиган мужийн Окленд дүүргийн Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны ажилтан Харпер Уэст CNN-д “Харрисыг ерөнхийлөгчийн сонгуульд батлах тэр мөчид бүх зүйл яг эсрэгээр эрс өөрчлөгдсөн” гээд “Би 50 орчим жил сонгуулийн сурталчилгаа хийсэн. Би амьдралдаа бид ингэж нэр дэвшигчээ сүүлийн мөчид сольж эрс өөрчлөлт хийж байхыг хараагүй. Үнэндээ дэд ерөнхийлөгч Харрисын эргэн тойронд маш их сэтгэл хөдлөл ажиглагдаж байна. Би ийм явдалд дасаагүй. Олон хүн маш их баяр, хөөртэй байна” гэж хэлжээ.

Ерөнхийлөгч асан Трамп Атланта хотод болсон өөрийн сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр “Би Харрисыг тодорхойлохыг ч хүсэхгүй байна. Би зүгээр түүнийг хэн болохыг л хэлмээр байна. Тэр бол “аймшгийн кино”. Тэр манай улсыг сүйрүүлнэ” гэж мэдэгджээ. Энэ үеэр Харрис олон нийтэд хандан “Трамп, Байден нар оролцохоор тохиролцсон ирэх сарын 10-нд болох ABC телевизээр зохион байгуулагдах мэтгэлцээнд би оролцоно” гэж мэдэгдэв. Харин ерөнхийлөгч асан үүний оронд Fox News-ээр уг мэтгэлцээнийг явуулахыг уриалж “Ирэх сарын 4-нд консерватив сүлжээгээр түүнтэй мэтгэлцэх болно. Эсвэл би түүнтэй огт нүүр тулахгүй” гэж мэдэгджээ. Харрис хариуд нь өнгөрсөн тавдугаар сард ABC-ийн мэтгэлцээнд оролцохдоо Трампын амлаж байсныг сануулаад “Түүний зөвшөөрсний дагуу би есдүгээр сарын 10-нд тэнд байх болно. Түүнтэй тэнд мэтгэлцэнэ гэж би найдаж байна” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.

Трампын сонгуулийн зөвлөхүүд Харрисын эсрэг кампанит ажилд Байденыг шүүмжилж байсан гэмт хэрэг, цагаачлал, инфляци зэрэг асуудалд сонгогчид анхаарал хандуулна гэж үзсээр байгаа бөгөөд дэд ерөнхийлөгч эдгээр сэдвүүдэд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн сурталчилж байна. Энэ бол урьд нь сонгуульд хэрэглэж байсан Трампын “Өрсөлдөгчөө дайрах” тактик бөгөөд харин энэ удаа 2016 оных шиг түүнд эерэг нөлөө авчрах нь эргэлзээ төрүүлж эхлээд байна. Учир нь сонгуулийн кампанит ажлын явцаас гадна Трампын зарим ойрын холбоотнууд ч “Трампад одоо өрсөлдөөний шинэ стратеги байхгүй байна” хэмээн санаа зовж байна. Тухайлбал, нэрээ хэлэхийг хүсээгүй Трампын ойрын нэгэн эх сурвалж CNN-д “Сонгуулийн кампанит ажлын явц сэтгэл түгшээж байна. Бид бодит байдал дээр ямар ч давуу байдлыг олж харахгүй байна. Иймээс аль ч хэвлэл мэдээлэл бидний талд зогсохгүй байна” гэж хэлжээ.

Соломон хааны Баптист сүмийн тэргүүн, пастор Чарльз Уильямс “Харрисын талаар хийж буй түүнийг доромжилсон тайлбарууд Бүгд найрамдах намынханд сөрөг нөлөө үзүүлж, дэд ерөнхийлөгчийг дэмжих хүмүүсийг нэмэгдүүлэх болно. Хэрэв тэд түүнийг арьсны өнгөнөөс нь болж онилж эхэлбэл энэ нь “Хөөе, түр хүлээгээрэй, би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлэх хүмүүсийг эрс нэмэгдүүлэх болно” гэж мэдэгджээ. Бүгд найрамдахчуудын олонх нь үүнтэй санал нэг байна. Трампын компанийн нэгэн зөвлөх “NABJ телевизэд ярилцлага өгөхдөө “Трамп Харрисын арьс өнгөний байдалд халдсанаар алдаа гаргасан” гэж хэлэв. Мөн Капитолын ордонд ч олон Бүгд найрамдахчууд, тэр дундаа Трампын олон жилийн холбоотнууд экс ерөнхийлөгчийн хэлсэн үгийг шүүмжилж байна. Тухайлбал, Өмнөд Каролина мужийн сенатор Линдси Грэхэм “Би дэд ерөнхийлөгчийг таньдаг болоод удаж байна. Тэр АНУ-ын өв уламжлалаар үргэлж бахархаж ирсэн” гэж хэлжээ.

Сонгуулийн сурталчилгаанд нөлөөлж буй бас нэгэн чухал зүйл бол 2021 онд сэтгүүлч Такер Карлсоны хөтөлж байсан “Fox News” телевизийн шоунд оролцсон, тухайн үед Сенатад нэр дэвшиж байсан Вэнс Ардчилсан намынхныг доромжилж, “Өөрсдийн амьдрал, сонголтоосоо болж өрөвдөлтэй, хүүхэдгүй мууран хүүхнүүдийн бүлэг АНУ-ыг удирддаг” гэж хэлснийг нийгмийн сүлжээнд тавьсан нь сонгогчдын дунд шуугиан дэгдээгээд байгаа явдал билээ. Капитолын танхимын зарим Бүгд найрамдахчууд уг мэдэгдлийг хамгаалахаас татгалзаад байна. Тухайлбал, Бүгд найрамдах намын Аляскийн сенатор, Лиза Мурковски “Дэд еранхийлөгчид нэр дэвшсэн Вэнсийн хэлсэн үг эмэгтэй хүний хувьд намайг доромжилсон явдал. Эмэгтэйчүүд муур эсвэл нохойтой байх уу, эсвэл хэдэн хүүхэдтэй болох вэ гэдгийг өөрсдөө шийддэг” гэж хэлжээ. Харин Трамп, Вэнс нарын зөвлөхүүд CNN-д “Охайо мужийн сенаторын хэлснийг “баллуурдах”-ын тулд сонгуулийн тогтворгүй мужуудад түүнийг илүү их айлчлал хийлгэх, хандив цуглуулах, олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх зэрэг илүү идэвхтэй хуваарьтай байлгахаар төлөвлөж байна” гэж хэлжээ. Гэхдээ Вэнсийн гол зорилго бол сонгуулийн кампанит ажилд сахилга баттай улс төрийн элч болж харагдах явдал бөгөөд энэ нь сонгуулийн шугамнаас байнга хазайдаг Трампаас илүү анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн үг юм. Вэнсийн гол зорилго бол Харрисын Калифорнийн ерөнхий прокурор байхдаа хийсэн ажлыг шүүмжилж, түүнийг Байдены засаг захиргааны “хилийн асуудал”-ыг хайхрахгүй орхисон болгож харуулах явдал юм. Гэтэл Аризона мужид Вэнс Трампын Харрис руу хийсэн хуурамч халдлагыг хамгаалж орхисон бөгөөд CNN-д өгсөн ярилцлагадаа “Хараач, түүний хэлсэн зүйл бол Камала Харрисыг хамелеон гэдгийг илчилсэн явдал. Энэ бол хүн бүхний хувьд нэгэнт ил болсон зүйл бөгөөд Харрис ямар үзэгчдийн өмнө байгаагаас шалтгаалж өөр хүн шиг дүр эсгэдэг. Ерөнхийлөгч ингэж хэлэх нь туйлын үндэслэлтэй зүйл гэж би бодож байна” гэж мэдэгджээ.

 

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Израилийн арми Хезболла бүлэглэлтэй дайтах уу DNN.mn

Израилийн Засгийн газар ХАМАС бүлэглэл гэнэт халдсаны дараа “Уг бүлэглэлийн толгойлогчдыг хаана ч байсан олж устгана” гэж дэлхий нийтэд зарлаж байсан билээ. Тэгвэл Ираны шинэ ерөнхийлөгч Масуд Пезешкяны тангараг өргөх ёслолд оролцсон ХАМАС бүлэглэлийн толгойлогч Исмаил Хание Израилийн пуужингийн цохилтод өртөн Тегеранд өөрийн бие хамгаалагчийн хамт амь үрэгдэв. Мөн үүнээс хэдэн цагийн дараа Хезболлагийн удирдагч Хассан Насраллагийн ойрын зөвлөх, ахлах командлагч Фуад Шукрыг Ливаны Бейрут хотод устгасан билээ. Исмаил Хание нь ХАМАС-ын Улс төрийн товчоог тэргүүлж, Газа дахь Палестины засаг захиргааны ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд тэрээр сүүлийн жилүүдэд НҮБ, Европын Холбооноос палестинчуудад зориулан өгсөн мөнгөөр Катарт тэрбумтан мэт амьдарч байсан юм. ХАМАС-ын толгойлогчийг амь үрэгдсэний дараа Ираны Гадаад хэргийн яам “Ханиегийн үхэл нь Тегеран, Палестины эсэргүүцлийн хөдөлгөөний хоорондох гүн гүнзгий, салшгүй холбоог улам бэхжүүлнэ” гэж мэдэгдсэн. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Михаил Богданов энэ үйл явдлыг “Улс төрийн хувьд огт хүлээн зөвшөөрөгдөх ёсгүй аллага. ХАМАС-ын удирдагчийн үхэл нөхцөл байдлыг улам хурцдахад хүргэнэ” гэж анхааруулжээ. Мөн Туркийн Гадаад хэргийн яам уг явдлыг “Тегеран дахь гутамшигт аллага” гэж нэрлэн буруушааж “Энэ халдлага нь Газын зурвас дахь дайныг бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх болно” гэж мэдэгдэв. Иордан “ХАМАС-ын удирдагчийг Израиль хөнөөсөн явдлыг бид хамгийн хатуугаар зэмлэн буруушааж байна. Энэ явдал бүс нутагт хурцадмал, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэнэ” гэж мэдэгдсэн. Ливаны ерөнхий сайд Нажиб Микати засгийн газраа яаралтай хуралдуулж бүс нутаг ноцтой хурцадмал байдалд орсныг анхааруулав. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан “Энэхүү хүн амины хэргийг манай улс эрс эсэргүүцэж, зэмлэн буруушааж байна. Бид тус бүс нутагт шинэ эмх замбараагүй байдал үүсч байгаад гүнээ түгшиж байна. Газад иж бүрэн бөгөөд байнгын гал зогсоох явдал хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи “Израиль Ханиег хөнөөсөн хэргийнхээ төлөө хатуу шийтгэл хүлээх болно” гэж мэдэгдсэн. Харин Израиль улс ХАМАС бүлэглэлийн толгойлогчийг хөнөөсөн хэргийн талаар ямар нэгэн тайлбар өнөөг хүртэл хийгээгүй байна. Юутай ч Ханиегийн амийг хөнөөсөн явдал Газын зурваст гал зогсоох хэлэлцээр болон барьцаалагдсан хүмүүсийг суллахад том саад учруулаад байгаа юм. Ливаны Хезболла нь Ираны шууд дэмжлэгээр армийн зохион байгуулалттай болж чадсан цорын ганц хүчирхэг зэвсэгт бүлэглэл юм. Иймээс барууны эрх баригчид Иран улсыг эртнээс дэмжиж ирсэн Хезболлагаар дамжуулан Израилийн эсрэг цохилт өгөх вий гэж эмээж байна. Учир нь цэргийн шинжээчид ч Иран бус Хезболла Израилийн хооронд байлдаан өрнөж магадгүй гэж үзэж байгаа билээ. Ийнхүү Израиль болон Ливаны радикал шиит Хезболла хөдөлгөөний хооронд мөргөлдөөн хурцадсан энэ үед Бейрут дахь Их Британи, АНУ, Швец, Франц, Канад, Иорданы Элчин сайдын яамдаас Ливан дахь иргэдээ нэн даруй энэ улсыг орхин явахыг уриалав. Их Британийн Элчин Сайдын Яам арилжааны нислэгүүд боломжтой байгаа дээр Ливанаас нисэхийг иргэддээ зөвлөсөн бол АНУ-ын Элчин Сайдын Яам иргэддээ “Тухайн нислэг таны сонголттой таарахгүй байсан ч аль болох боломжтой тасалбар захиалж Ливанаас аль болох хурдан гарч явах хэрэгтэй байна” гэж уриалсан байна.

Голаны өндөрлөгт болсон цохилтын үеэр хөл бөмбөг тоглож байсан 12 еврей хүүхэд нэг дор амиа алдсаны дараа Израиль болон Ираны харилцаа эрс хурцадсан юм. Энэ явдлын дараа Израиль ХАМАС-ын тэргүүн болон Хезболлагийн нэг гол удирдагчийг устгасан бөгөөд хариуд нь Хезболла бүлэглэл Израилийн хойд хэсгийн Бейт Хиллел хот руу олон арван пуужин харвасан. Израилийн агаарын довтолгооноос хамгаалах “Төмөр бамбай” систем Хезболлагийн пуужингуудыг хэрхэн сөнөөж буйг олон нийтийн сүлжээнд байршуулж, уг цохилтод хүний амь нас хохироогүй билээ. Үүний хариуд Израилийн Агаарын цэргийн хүчин Ливаны өмнөд хэсэгт байрлах объектуудад томоохон хариу цохилт өгсөн. Мөн Израилийн Холон хотод хоёр хүн хутгалуулан амиа алдаж, халдлага үйлдэгчийг цагдаа нар газар дээр нь устгасан юм. Ийнхүү Израиль болон Хезболла хөдөлгөөний хооронд тулалдаан өрнөж магадгүй болсон тул Пентагон “Ойрхи Дорнодод хурцадмал байдал үүсч байгаа учир АНУ-ын армийн командлал “Абрахам Линкольн” хөлөг онгоцоор удирдуулсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч хөлөг онгоцны цохилтын бүлэг(ACG)-ийг Израилийг хамгаалах зорилгоор Газар дундын тэнгис рүү илгээсэн” гэж мэдэгдэв. Уг бүлэгт нисэх онгоц тээгчээс гадна түүнийг хамгаалах олон байлдааны хөлөг онгоцууд багтдаг. Нийт 7500 орчим боловсон хүчин бүхий бүлэг юм. Иран болон түүний холбоотнууд өнгөрсөн лхагва гаригт алагдсан ХАМАС-ын удирдагч Исмаил Хание болон Хезболлагийн командлагч Фуад Шукр нарын үхлийн төлөө Израилийн эсрэг зайлшгүй хариу арга хэмжээ авна гэж амласны дараа АНУ тус бүс нутаг дахь цэргийн оролцоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь ийнхүү хэрэгжиж эхлэв. Цэргийн зарим шинжээчид энэхүү цохилтын бүлэг АНУ-ын дуунаас хэт хурдан, дайсны тал сөнөөх боломжгүй, нэн шинэ дунд зайн пуужингуудаар тоноглогдсон гэдгийг онцолсон байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Камала Харрис албан ёсны нэр дэвшигчээр тодров DNN.mn

Америкийн гол хэвлэлүүд “АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Ардчилсан намын их хурлын төлөөлөгчдөөс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хангалттай тооны санал албан ёсоор авлаа” гэж мэдээлэв. Энэхүү санал хураалт цахимаар явагдсан байна. Тэрээр АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байденыг нэр дэвшихээс татгалзсаны дараа Ардчилсан намаас нэр дэвших цорын ганц хүн болоод байсан билээ. Харрис 2350 төлөөлөгчийн дэмжлэгийг авах ёстой нэр дэвших шаардлагыг нэгэнт давж, цахим чуулганд оролцогчдын 99 хувь нь буюу 3923 төлөөлөгч дэд ерөнхийлөгчийг нэр дэвшигчээр дэмжсэн юм байна. Энэхүү санал хураалтын дараа дэд ерөнхийлөгч Харрис “Би Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаадаа бахархаж байна” гэж мэдэгджээ. Ийнхүү тэрээр Америкийн хоёр том намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны өнгөт арьст эмэгтэй, Өмнөд Азиас гаралтай анхны эмэгтэй болсон байна. Хэрэв тэр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг ялж чадвал АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллах анхны эмэгтэй болох юм.

Энэ үеэр Дональд Трамп олон нийтийн сүлжээнд дэд ерөнхийлөгч Камала Харрисын гэр бүлийн хөрөг зургийг тавьж “Таны Америкийн өв соёлыг хайрлах халуун дотно, чин сэтгэл маш их үнэлэгддэг” гэж бичээд араас нь “Харрис зөвхөн Ази-Америкийн өв уламжлалыг онцолдог” гэсэн худал мэдэгдлээ давтан тавьсан байна. Учир нь Харрис Ямайк аав, Энэтхэг ээжийн охин билээ. Энэхүү хуурамч мэдэгдлээ Трамп урьд өдөр нь “NABJ” телевизэд ярилцлага өгөхдөө дурдаж “Би түүнийг өмнө нь “хар” гэж бодож байсан. Гэтэл тэр одоо өөрийгөө “хар” гэж дуудуулахыг хүсэхгүй байна. Тиймээс би түүнийг энэтхэг эсвэл “хар”-ын алинаар нь дуудахаа мэдэхгүй болчихоод байна. Тэр энэ бүх хугацаанд энэтхэг байсан, дараа нь тэр гэнэт эргээд “хар” болчихсон” гэж хэлсэн юм. АНУ-д ингэж ил тодоор хэн нэгнийг арьс өнгөөр нь ялгаварлах үзэл гаргана гэдэг ерөнхийлөгчид нэр дэвшигчид байтугай жирийн иргэнд байх ёсгүй явдал билээ. Түүний энэ ярилцлагын дараа сэтгүүлчид Трампыг дэмждэг Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатруудыг асуултаар “булж” тэднийг нийтийн өмнө тун ч эвгүй байдалд оруулав. Тухайлбал, экс ерөнхийлөгчийн ойрын холбоотон, Өмнөд Каролина мужийн сенатор Линдси Грэхэм “Түүний хэлсэн үгэнд бус мөрийн хөтөлбөрт нь анхаарал хандуулах хэрэгтэй” гэсэн бол сэтгүүлчийн “Трамп арьс өнгөөр ялгах үзэл гаргасан уу?” гэсэн асуултад “Би тэгж бодохгүй байна” гэж хариулжээ. Мөн Хойд Каролина мужийн сенатор Том Тиллис “Энэ асуудал бидний анхаарлаа хандуулахыг хүсч буй гол асуудлуудаас сатааруулж байна гэж би үзэж байна. Би хувьдаа бид эдийн засгийн доголдол, хилийн асуудал, үндэсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулах ёстой гэж бодож байна” гэжээ. Харин Техас мужийн сенатор Жон Корнин сэтгүүлчийн асуултаас удаа дараа бултаж байсан ч эцэст нь аргагүй байдалд орж “Үнэхээр надад энэ талаар хэлэх зүйл алга.

Ерөнхийлөгч асан Трампыг ийм дайсагнасан орчин бий болгохоос айхгүй байгааг нь би үнэлж байна” гэж хэлжээ. Харин сэтгүүлч Харрисыг холимог арьстан гэсэн Трампын “төөрөгдөл”-ийн талаар тулган асуухад Корнин “Бид бүгд ямар нэг зүйлийн нэгдэл байдаг гэж би бодож байна” гэсэн тун ч арга ядсан хариулт хэлэхээс өөр аргагүй байдалд орцгоосон байна. Энэ бүхний дараа АНУ-ын нэр хүнд бүхий хэвлэлийн сэтгүүлчид “Бүгд найрамдах нам африк, энэтхэг гаралтай сонгогчдын саналыг нэгмөсөн алдлаа” гэж мэдээлжээ. Дашрамд дурдахад, Трамп өөрөө дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн Жей Дэвид Вэнсийн эхнэр Уша Чилукури Вэнс нь энэтхэг бүсгүй билээ. Тэрээр Харристай адил хуульч юм. Трампынхаар Дэвид, Чилукури хоёрын хүүхдүүд хэн болж таарах вэ?! Энэ бүхнээс харахад АНУ-ын нэрт хуульч, судлаач нэгэн саяхан “Трамп бол нийгэмд аюултай сэтгэцийн өвчтөн” гэж тодорхойлон олон нийтэд дэмий ч нэг зарлаагүй болж таарав. Мөн Трампыг ерөнхийлөгч байхад Жонс Хопкинсийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн сэтгэц зүйн зөвлөх, АНУ-ын сэтгэцийн эрүүл мэндийн нэрт мэргэжилтнүүдийн нэг, сэтгэл засалч, доктор Жон Гартнер Йелийн Анагаах ухааны их сургуульд болсон эрдэм шинжилгээний бага хурлын үеэр “Бидэнд ёс зүй бий.

Иймээс бид Дональд Трампын сэтгэцийн өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлэх үүрэгтэй. Ерөнхийлөгч Дональд Трамп нь “парнойд, төөрөгдөл” гэх онцгой оноштой сэтгэцийн аюултай өвчтэй нэгэн бөгөөд тэр АНУ-ыг удирдахад тохиромжгүй” гэж мэдэгдэж байсан билээ. Тухайн үед үүнийг Ардчилсан намын “явуулга” хэмээн хэн ч тоогоогүй юм. Мөн Камала Харрисын сонгуулийн сан түүнийг нэр дэвшиж магадгүй болмогц хэдхэн хоногт 200 сая ам.доллараар нэмэгдэж түүхэн амжилт тогтоосноо долоо хоног дуусахад 300 сая ам. доллар болж дахин рекорд тогтоосон. Мөн бүх санал асуулгын судалгаагаар Харрис Тампыг ардаа орхиж байгаа нь олон нийтэд тодорхой болсон. Харин Трамп телевизээр болон уулзалтан дээр “Би ялж байгаа” гэж мэдэгдсээр байгаа билээ. Ийм хоёр өгөгдөлтэй нэр дэвшигч ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд дор хаяж хоёр удаа орох ёстой. Үүний дараа сонгогчид хэнийг дэмжих нь тодорхой байна. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ бүхний цаад нарийн учир нь ийм юм.

АНУ-д иргэн бүр сонгууль өгдөггүй. Зөвхөн сонгууль өгөхөөр бүртгүүлсэн хүмүүс л сонгууль өгнө. Өнөөдөр сонгууль өгөхөөр бүртгүүлсэн Ардчилсан намын гишүүн 42 сая, Бүгд Найрамдах намын гишүүн 36 сая, харин нам бусчууд 32 сая байна. Сонгууль өгсөн иргэд хэнд санал өгсөн харьцаагаар муж бүрээс, нийт 538 төлөөлөгч сонгогдон, тэдний саналаар АНУ-ын ерөнхийлөгч тодордог. Иймээс Бүгд Найрамдах намын гишүүд 100 хувь дэмжсэн ч худалч, популист Трамп ялахгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Мөн Жо Байден “нэрээ татахгүй” гэж мэдэгдэн Трамп, Венс нарын хослолыг Бүгд Найрамдах намаас гаргаж, өөрийн оронд Харрисыг сонгон, аль нэг чухал “хувирамтгай” мужийн цагаан арьст амбан захирагчийг их хурлаараа дэд ерөнхийлөгчөөр гаргаж ирэх бодлого яуулсан нь тодорхой байна. Ардчилсан намаас дэд ерөнхийөгчид Пенсельван мужийн амбан Жош Шапиро нэр дэвших байх. Харин Бүгд Найрамдах нам доторх Трампын эсрэг “Рейганчууд” үүнийг сайн мэдэж байсан бөгөөд Трампыг ялагдах нь тодорхой болонгуут “сдандарт бус” алхам хийхээр төлөвлөсөн бололтой байна. Учир нь ирээдүйн ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн нэр хүндээс шууд хамаарч Сенатын танхимын 1/3, Төлөөлөгчдийн танхимын тал хувь нь энэ сонгуулиар солигдож Конгресст аль нам олонх болох нь шийдэгдэнэ. Энэ олон улс төрчийн ялангуяа АНУ-ын нэг гол, том намын хувь заяа Трамп, Венс хоёроос болж “золигт гарна” гэж юу байх билээ. Иймээс Бүгд Найрамдах нам Ардчилсан намын их хурлын дараа Харрис, Шапиро гэсэн хосыг ялах “сдандарт бус” алхам хийхээс өөр аргагүй болж байна. Энэ алхам нь АНУ-ын Дээд шүүхээс хуулийн дагуу Трампыг “төрийн эсрэг гэмт хэрэгтэн” гэж зарлах явдлаар эхлэх болов уу. Ямар ч байсан адал явдалт америк кино үзэж буйтай адил ирэх арваннэгдүгээр сарын 5 болтол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хэнийг ч уйдаахгүй гэдэг нь тодорхой болж байна.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Украин “F-16” онгоцуудаа хүлээн авчээ DNN.mn

Их Британийн “Times” сонин “АНУ-д үйлдвэрлэсэн “F-16” сөнөөгч онгоцууд Украинд аль хэдийнэ ирсэн” гэж бичсэн барууны хамгийн сүүлийн том хэвлэл болов.

Тус сонин “Украины Зэвсэгт хүчин ийм зургаан онгоц хүлээн авсан бөгөөд тэдгээрийг Нидерландаас нийлүүлсэн байна. Дани удахгүй бас нэг багц нисэх онгоц илгээнэ. Украин мөн Бельги, Норвеги улсаас 20 орчим “F-16” сөнөөгч онгоц хүлээн авах ёстой.Европын эдгээр дөрвөн улс Украины Зэвсэгт хүчинд 80 орчим сөнөөгч онгоц нийлүүлэх ч 20 орчмыг нь сэлбэг хэрэгсэлд ашиглах болно” гэж бичжээ. Өмнө нь Британийн “Daily Tele¬graph” сонин “F-16” онгоцууд Украинд байлдааны ажиллагаа явуулж, агаарын довтолгооноос хамгаалахад ашиглагдаж эхэлсэн” гэж мэдээлээд байсан билээ.

Мөн өнгөрсөн лхагва гаригт Украинд “F-16” сөнөөгч онгоцны анхны баг ирсэн тухай анх “Bloomberg” мэдээлж, дараа нь барууны болон Украины бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг мэдээллийг баталсан юм. Тухайлбал, Украин барууны холбоотнуудаас анхны “F-16” сөнөөгч онгоцуудыг хүлээн авсан гэсэн мэдээллийг Америкийн “Associated Press” агентлаг “Оросын Агаарын цэргийн хүчнийг амжилттай эсэргүүцэх эхний онгоцнуудаа Украин хүлээн авав. Киевт дор хаяж 130 “F-16” сөнөөгч хэрэгтэй байгаа боловч барууны холбоотнууд Украинд 60 орчим ийм онгоц өгнө гэж амласан юм” гэсэн бол Литвийн Гадаад хэргийн сайд Габриэлиус Ландсбергис Украинд анхны сөнөөгч онгоцууд ирсэн тухай X сүлжээ (хуучин Twitter)-нд“Украйнд “F-16” ирлээ. Бас нэгэн боломжгүй байсан зүйл бүрэн боломжтой боллоо” гэж бичсэн байна.

Мэргэжлийнхэн АНУ-д үйлдвэрлэсэн “F-16” сөнөөгч нь IV үеийнх бол Оросын сөнөөгч онгоцнууд нь IV+ үеийнх гэж үздэг.Харин Оросууд бид V үеийн онгоцтой гэдэг. Ямар ч байсан “F-16” сөнөөгч нь Оросын онгоцноос хуучин үеийн онгоц юм. Гэхдээ хэргийн гол учир нь эдгээр онгоцнууд ямар орчин үеийн пуужинг агаарт гаргаж чадах вэ гэдэгт байдаг билээ. Иймээс ч тун сайхан Цагаан ордон Киевт “AIM-120C-8 AMRAAM”, “AIM-9X” агаар-агаар ангиллын пуужин, түүнчлэн “AGM-88 HARM”агаар-газар ангиллын радарын эсрэг пуужингууд болон бусад орчин үеийн зэвсгүүдийг Украины“F-16”-д зориулж нийлүүлэх болсон тухай мэдэгдсэн. Энэ нь Оросын харьцангуй орчин үеийн онгоцнууд өөрсдөөсөө хуучин “F-16”-д дээрэлхүүлж Украины хилд ойртож чадахгүй, фронтод гаргаж буй “амжилт”-ынх нь гол үндэс болж буй удирдлагатай бөмбөгнүүдийг санаан зоргоороо хаяж чадахгүй болж байна гэсэн үг. Мөн “F-16”нь дайсны зүгээс нисэн ирж буй пуужин, дроныг устгах чадвар өндөртэй онгоц юм. Бас нэг гол ялгаа нь Оросын онгоцнууд агаарт газрын удирдлагатай холбогдож тус тусдаа байлдааны ажиллагаа явуулдаг.
Харин агаарт хэдэн “F-16” байсан ч хиймэл оюун ухааны ачаар дайсны олон байг нэгэн зэрэг илрүүлэн онилж, хамгийн ашигтай байрлалд байгаа онгоцны пуужин өөрөө шууд уг байг сөнөөж, пуужин давхардуулж харвахгүй яг нэг онгоц мэт ажиллаж бас өөрсдийгөө Оросын онгоцноос илүүтэй хамгаалах чадвартай байдаг явдал юм. Энэ бүхэн Оросууд Украины фронтод агаарын ноёрхлоо алдахад тун ойртож буйг нотолж байна. Харин АНУ энэ онгоцонд зориулан яг ямар зэвсэгнүүд өгсөн нь удахгүй болох фронтод өрнөх үйл явдлуудаас тодорхой харагдах болно.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

51 настай Юсуф Дикеч ямар ч нэмэлт хэрэгсэлгүй буудаж, олимпийн медаль хүртжээ DNN.mn

“Парис-2024” олимпийн хийн гар бууны төрөлд оролцсон тусгай зориулалтын нүдний шил, чихний хамгаалалтгүйгээр нэг гараараа буудсан Туркийн тамирчны зураг, бичлэг цахим орчинд шуугиан дэгдээгээд байна.

Тухайлбал, 51 настай Юсуф Дикечийн ямар ч нэмэлт хэрэгсэлгүй буюу тусгай линз, нүдний шилгүй, чихний хамгаалалтгүй, харин энгийн нүдний шил, чихний хөвөнтэй гараа халаасандаа хийж байгаад буудсан юм.

Олимпийн наадамд оролцож буй ихэнх тамирчид буудахдаа чихний хамгаалалт хэрэглэж, нэг нүдний харааг бүрхүүлдэг тусгай нүдний шил зүүж, хурц гэрлийг арилгах өнгөт линзтэй байдаг.