Categories
гадаад

Энэтхэгт чихрийн шижин өвчтэй 100 гаруй сая хүн байгааг тогтоожээ DNN.mn

Эрүүл мэндийн Lancet сэтгүүлд өчигдөр нийтлэгдсэн судалгааны тайланд өнөөдөр Энэтхэг улсад 101 сая орчим чихрийн шижин өвчтэй хүн амьдарч байгааг дурджээ.

Энэ нь тус улсын хүн амын 11.4 орчим хувь юм.

Үүнээс гадна хүн амын 15.3 хувь буюу 136 сая хүн чихрийн шижингийн өмнөх шатанд байж болзошгүйг уг судалгаа харуулжээ.

Хамгийн түгээмэл өвчлөл нь чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэр юм байна.

Хүний бие инсулин хэмээх дааврыг хангалттай хэмжээнд ялгаруулж чадахгүй тохиолдолд цусан дахь чихрийн хэмжээ нэмэгддэг.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өмнө нь Энэтхэг улсад чихрийн шижин өвчтэй 77 сая хүн, чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэгтэй 25 сая хүн амьдардаг гэж тооцоолж байжээ.

Тэгвэл “The Lancet Diabetes and Endocrinology” сэтгүүлд нийтлэгдсэн уг тайланд бодит тоо үүнээс хамаагүй өндөр байгааг харуулсан байна.

“Энэ бол дэлбэрэхээ хүлээж буй цагтай бөмбөг. Хэрвээ урьдчилсан шинж тэмдэг илэрсэн л бол чихрийн шижин өвчин тусахад маш хурдан. Шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн 60 хувь нь ойрын таван жилийн дотор өвчлөхөөр байна” гэж судалгааг ахалсан Доктор Моханы Диабетын Төвийн захирал Р.М.Анжана ярьжээ.

Судалгааг сүүлийн арван жилийн турш хэрэгжүүлж, Энэтхэгийн муж бүрээс 20-оос дээш настай нийт 113,000 хүнийг хамруулсан юм байна. Уг төсөлд Энэтхэгийн засгийн газар дэмжин оролцжээ.

Чихрийн шижингийн өвчлөл хамгийн өндөр мужаар Гоа, Пудучерри, Керала нэрлэгдсэн байна.

Тэдгээр мужуудаас судалгаанд хамрагдсан хүмүүсийн тус бүр 26.4, 26.3, 25.3 хувь нь өвчилсөн байжээ.

Үүнээс гадна Уттар Прадеш, Мадхя Прадеш, Бихар, Аруначал Прадеш мужуудад өвчлөл хурдтай нэмэгдэж байгааг тогтоосон байна.

Ерөнхийдөө хот суурины хүн амд өвчлөл илүү түгээмэл байжээ.

“Амьжиргааны түвшин дээшилж, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, хот руу нүүдэллэж, хөдөлгөөн багатай суугаа ажил хөдөлмөр эрхлэх болсон, түргэн хоолны олдоц, хэрэглээ нэмэгдсэн, орчны бохирдол, стресс зэрэг нь Энэтхэгийн чихрийн шижингийн өвчлөлийн гол шалтгаанууд юм” гэж Бомбей эмнэлгийн зөвлөх эмч Рахул Бакси тайлбарлаж байна.

Дэлхийн хэмжээнд чихрийн шижингээр 11 насанд хүрсэн хүн тутмын нэг нь өвчилсөн гэсэн тоо байдаг.

Энэ өвчнийг дотор нь нэгдүгээр болон хоёрдугаар хэлбэрийн гэж хоёр хуваадаг юм. Нэгдүгээр хэлбэрийн өвчлөл нь дархлааны системийн эмгэгтэй холбоотой. Энэ тохиолдолд хүний биеийн инсулин даавар ялгаруулах чадвар багасаж, цусан дахь чихрийн хэмжээг зохицуулж чадахгүй болдог.

Хоёрдугаар хэлбэрийн өвчлөл нь үндсэндээ амьдралын хэв маягтай холбоотой бөгөөд биеийн өөх, таргалалт инсулиний ялгаруулалтад нөлөөлснөөр үүсдэг юм.

 

Categories
гадаад

Илон Маскийн SpaceX компани 14 настай хүүг ажилд авчээ DNN.mn

Дэлхийн тэргүүн баянд тооцогддог Илон Маскийн SpaceX компанийн шалгуурыг 14 настай хүү хангасан тул ажилд орохоор болжээ.

Кайран Кази тус компанид программ зохиогчоор ажиллах юм байна.

“Манай гарагийн хамгийн гоё компанид орж, Старлинкийн инженерийн багт программ зохиогчоор ажиллахаар боллоо. Миний нас, туршлагад хуучинсаг үзлээр хандаагүй ховор компаниудын нэг энэ юм” гэж тэр Пүрэв гарагт Linkedin хуудсандаа бичжээ.

Кази нь Санта Кларагийн их сургуулийн инженерийн сургуулийг хамгийн залуудаа төгссөн хүн болж байгаа юм байна.

Тэрбээр удахгүй Калифорни мужийн Плизантон хотоос ээжийн хамт Вашингтон мужийн Рэдмондод нүүж, SpaceX компанид ажиллаж эхлэхээр болжээ.

Кази хоёр настайдаа бүтэн өгүүлбэр хэлж чаддаг болсон бөгөөд цэцэрлэгт байхдаа бусад хүүхдүүд, багш нарт радиогоос сонссон зүйлээ ярьж өгдөг байсан гэнэ.

Ердийн сургуулийн хөтөлбөр хүүд хангалтгүй байсан тул эцэг эх нь түүнийг гуравдугаар ангид буюу есөн настай байхад Калифорнийн нэг коллежид шилжүүлж байжээ.

Тухайн жилдээ Кази ерөнхий хүн амын IQ тестийг өгөхөд 99.9 хувийн үр дүн үзүүлсэн байна.

Улмаар 11 настайдаа Санта Клара их сургуулийн компьютерын ухаан, инженерийн ангид суралцаж эхэлжээ.

Өнгөрсөн онд Кази кибер тандалтын Blackbird.AI компанид хиймэл оюуны чиглэлээр дөрвөн сарын хугацаанд дадлагажиж байсан байна.

“Уламжлалт ойлголтоор бол би хүүхэд насаа алдаж байгаа хүн. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Хэрвээ тэр ойлголтыг дагасан бол би одоо дунд сургуулиа л төгсөж байх байлаа” гэж Кази хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insid

Categories
гадаад

Африк тив нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болно DNN.mn

Африк тивд нэгдсэн мөнгөн тэмдэгт нэвтрүүлэх төлөвлөгөө хэрэгжих шатандаа явж байна гэж Африкийн Холбооны /АХ/ Эдийн засгийн хөгжил, худалдаа, аялал жуулчлал, аж үйлдвэр, уул уурхайн асуудал эрхэлсэн дээд комиссар Альберт Мючанга пүрэв гарагт мэдээлжээ.   Түүний хэлснээр, нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох хүчин чармайлтын хүрээнд макро эдийн засгийн нийлэмжтэй байдлын шалгуурыг гишүүн орнуудын удирдагчид 2021 онд баталсан бөгөөд уг шалгуурыг Африкийн валютын хүрээлэн хэрэгжүүлэх ажээ.

Тус хүрээлэнгийн төв байр Нигерид байрлах юм байна.  АХ-г Африкийн валютын хүрээлэнг байгуулах асуудлаар нөөц бололцоогоо дайчлахад Африкийн хөгжлийн банк /AfDB/ хувь нэмрээ оруулна гэдгийг А.Мючанга нэмж хэлээд, улмаар уг хүрээлэн үйл ажиллагаагаа эхлүүлсний дараа АХ-ны бүх гишүүн орон макро эдийн засгийн нийлэмжтэй байдлын хэрэгжилтийнхээ талаар илтгэнэ гэсэн байна. Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто Африкт өөр өөр мөнгөн тэмдэгт ашиглаж байгаа нь тив доторх худалдаанд саад болж байгаад санаа зовниж буйгаа өмнө нь илэрхийлж байжээ. Тэрбээр тус тивд төлбөрийн хэд хэдэн бүс нутгийн дэд бүтэц бий болсныг хүлээн зөвшөөрөхийн сацуу худалдааг хөнгөвчлөх нэгдсэн систем байхгүй, мөн янз бүрийн мөнгөн тэмдэгт хэрэглэж буй зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн хэлсэн байна.

Categories
гадаад

Air India компани Сибирийн жижиг хотод хоёр хоног саатуулсан зорчигчдоосоо уучлал гуйжээ DNN.mn

Энэтхэгийн үндэсний агаарын тээвэрлэгч Air India компанийн Дели хотоос АНУ-ын Сан-Франциско хотын чиглэлд ниссэн онгоц техникийн доголдлын улмаас Мягмар гарагт ОХУ-ын Магадан хотод газардсан юм.

Магадан бол Охотскийн тэнгисийн эрэгт оршдог алс дорнодын жижиг хот.

Ослын буулт хийсэн Boeing 777 нисэх онгоцонд 216 зорчигч, бүхээгийн 16 ажилтан явж байжээ.

Зорчигчид Магадан хотын нэгэн сургуулийн спортын зааланд хүнд хэцүү нөхцөлд хоёр хоносон тухай гэрчүүд мэдээлсэн байна. Тэднийг дэвсэх гудас, нөмрөх хөнжлөөр хангаж, цай, талх, будаанаас өөр хоол өгөөгүй гэнэ.

Categories
гадаад

Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины армийн сөрөг давшилт эхлэв DNN.mn

Киевийн эрх баригчид албан ёсоор зарлаагүй ч Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины армийн сөрөг давшилт өчигдөр эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Фронтын шугамын олон хэсэгт Украины арми Өрнөдийн илгээсэн хүнд зэвсэг техникийн дэмжлэгтэй давшиж эхэлснийг Их Британийн батлан хамгаалах яам мэдээлжээ.

Өрнөдийн тулааны тактикт суралцаж бэлтгэгдсэн Украины армийн анги нэгжүүд, Өрнөдийн орнуудын илгээсэн байлдааны зэвсэг техниктэйгээр фронтын шугамын олон хэсэгт давшиж эхэлснийг Вашингтон Пост сонин бас мэдээлсэн юм.

Киевийн эрх баригчид үүнийг удаан хүлээгдсэн сөрөг давшилтын эхлэл гэж нэрлээгүй ч байлдааны томоохон ажиллагаа үргэлжилж байгааг баталжээ.

Украины дайныг эхнээс нь анхааралтай ажиглаж буй Institute for the Study of War (ISW) судалгааны хүрээлэн бас сөрөг давшилт эхэлснийг мэдээлсэн байна.

Украины армийн байлдааны ажиллагаа Запорожье болон Донецк муж дахь Оросын зэвсэгт хүчний байрлалууд руу чиглэсэн гэх мэдээлэл ирж байна.

Эндээс харвал сөрөг давшилт Оросын хяналтад байгаа бүс нутгийг дундуур нь тасалж, өмнөд хэсгийг нь салгах зорилготой байх магадлалтай юм.

Украины армийн сөрөг давшилт Оросын талын ширүүн эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой байгаа. Энэхүү ажиллагааны үр дүнгээс ерөнхий дайны хувь заяа шийдэгдэх юм.

Хэрвээ Украины тал эзлэгдсэн нутаг дэвсгэрээ амжилттай чөлөөлж чадахгүй бол Өрнөдийн холбоотнуудын дэмжлэг суларч, Оросын талтай хэлэлцээний ширээний ард суух дарамт шахалт Киевийн засгийн газарт ирэх өндөр магадлалтай.

АНУ-ын армийн генерал, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Марк Милли энэ долоо хоногт CNN сувгаар ярихдаа Украины арми сөрөг давшилтад “маш сайн бэлтгэгдсэн”, гэхдээ “үр дүнгийн талаар урьдчилж хэлэхэд хэтэрхий эрт байна” гэж хэлж байв.

Оросын тал өнгөрсөн хугацаанд сөрөг давшилтад сайтар бэлдэж, фронтын шугамын дагуу нуувч, хориглолтуудыг олноор байгуулсан гэдэг.

ISW хүрээлэнгээс өчигдөр гаргасан мэдэгдэлд “Сөрөг давшилтын эхний хэсэг хамгийн хэцүү байх бөгөөд хамгийн удаан үргэлжилж магадгүй. Учир нь энэ хэсгийн зорилго нь сайтар бэлтгэгдсэн хориглолтын шугамыг нэвтлэх юм. Украины армийн сөрөг давшилтын энэ үе шат амжилтгүй болох, их хэмжээний хохирол хүлээхийг үгүйсгэхгүй” гэж тайлбарлажээ.

“Механикжсан хүчний давшилтын нэвтрэлтийн үе шат хамгийн аюултай бөгөөд хамгийн их хохиролтой байдаг нь нэгэнт батлагдсан ойлголт. Энэ үе шатны амжилт болон бүтэлгүйтэл хэсэг хугацаанд тодорхой харагдахгүй байх боломжтой” гэж дээрх мэдэгдэлд бас өгүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хэвлэлд ярихдаа хэдийгээр ялна гэдэгтээ итгэлтэй байгаа ч сөрөг давшилт маш хүнд болж, их хэмжээний хүн хүчээ золиослох эрсдэлтэйг хүлээн зөвшөөрч байлаа.

 

Эх сурвалж: Reuters, Associated Press

Categories
гадаад

Цахим шилжилтийг тал бүрээс нь хэлэлцэх “ICT Forum‘23” болж байна DNN.mn

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын “ICT Expo-2023” энэ жил “Mindgolia” буюу “Мэдлэгт суурилсан эдийн засаг” уриан дор зургадугаар сарын 9-11-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.

ЦХХХ-ны сайд Н.Учрал “1990 оны зах зээлийн шилжилтээс хойш төрийн ямар нэг дэмжлэггүйгээр олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадсан цорын ганц салбар бол харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар юм. Энэ салбарын хөгжлийн ололт, хөгжлийн хурдасгуурыг ашиглахгүйгээр аль ч салбарыг бүтээмжтэй, үр ашигтайгаар хөгжүүлэх боломжгүй. “ICT Expo-2023”, “ICT Forum‘23” арга хэмжээг “Mindgolia” гэх уриан дор зохион байгуулж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, олборлолтыг оюун санаа руу чиглүүлэх дараагийн 10 жилийг хамтдаа эхлүүлэх цаг болсон. “Mining to mind” буюу олборлолтоос оюун санаа руу чиглэсэн, шинжлэх ухаан, технологид суурилсан 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах үндэслэл “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт тусгагдсан. Тун удахгүй уг хөгжлийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Засгийн газарт танилцуулна. “ICT Forum‘23”-н хүрээнд хэлэлцэх гурван салбар хэлэлцүүлгийн агуулга нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, эко системийг нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой байх талаар ярилцах юм. Мөн цахим хөгжлийг түүчээлэх талуудын оролцоо, өсөлтийг дэмжсэн бизнесийн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа” гэлээ.

2020 оны аравдугаар сард E-Mongolia 1.0 хэрэглээнд нэвтэрч, төрийн 187 үйлчилгээг авах боломж бүрдсэн бол өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн E-Mongolia 3.0 хэрэглээнд нэвтэрснээр 80 гаруй байгууллагын 1072 төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ. E-Mongolia систем өдгөө 1.6 сая хэрэглэгчтэй болж, 28 сая удаагийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна. Цахим шилжилтийг эрчимжүүлж, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төсөл, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлснээр манай улс НҮБ-аас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2022 онд 193 орноос 74 дүгээрт орж, 18 байраар урагшилсан байна.

“ICT Forum ‘23” арга хэмжээ өнөөдөр гурван бүлэг сэдэв, 27 илтгэл, 15 хэлэлцүүлгийн хүрээнд 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
гадаад

Science test

Science test

Categories
гадаад

“Apple” ухаалаг бугуйн цагандаа программын шинэчлэл хийнэ DNN.mn

“Apple” компани ухаалаг бугуйн цагныхаа анхны хувилбарыг танилцуулснаас хойш анх удаа программ хангамжийн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Шинэчлэлийн хүрээнд “widget” буюу нэмэлт тоноглолууд дээр төвлөрөхөөс гадна цагны ажиллах бүтцэд томоохон өөрчлөлт хийх аж.

“Apple” компани “watchOS”-оо 2015 онд анх үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй гаргасан юм. Түүнээс хойших шинэчлэлүүд нь “widget”-ийг орхигдуулаад байв. Шинээр гарах “watchOS 10” загварт “Widget” хамгийн чухал байр суурь эзэлж байгаа аж.

Мөн энэ онд болон ирэх жилүүдэд “Apple” компани эрүүл мэндийн цоо шинэ функц нэмэхээр ажиллаж байна. Тус компани “watchOS 10”-ийн шинэ стратегиа зургаадугаар сард болох Дэлхийн хөгжүүлэгчдийн чуулганы үеэр танилцуулна.

Мөн “iOS 17” үйлдлийн систем, “macOS 14”, 15 инчийн “MacBook Air”, AR/VR хосолсон төхөөрөмжөө олон нийтэд хүргэх юм.

Шинэчлэлийн хүрээнд “Apple” компани ухаалаг бугуйн цагны товчны үйлдлийг өөрчилж магадгүй байгаа аж. Өмнө нь товчлуур дарахад “home screen” нээгддэг байсан бол шинэчлэл хийснээр “widget” цэс нээгдэнэ.

Х.Солонго

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт галт тэрэгний ослоор 280 хүн нас баржээ DNN.mn


Энэтхэг улсын Одиша мужид гурван галт тэрэг мөргөлдсөн аймшигтай осол /2023.06.02/-нд гарчээ.

Ослын улмаас дор хаяж 288 хүн амиа алдаж, 850 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Осол болсон газраас эхлээд мужийн нийслэл хүртэлх зам дагуу байрласан төрийн болоод хувийн бүхий л томоохон эмнэлэгүүд шархадсан зорчигчдыг хүлээж авч, тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Гэмтэж бэртсэн зорчигчдыг тээвэрлэхийн тулд ослын газар руу түргэн тусламжийн 75 машин илгээжээ. Мөн олон тооны автобус ч дайчилсан байна.

Categories
гадаад мэдээ

Анжей Дуда: Бид Оросын төлөөлөл болсон этгээдүүдийг илрүүлж, шийтгэх ёстой DNN.mn

Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда ОХУ сүүлийн 15 жилийн хугацаанд тус бүгд найрамдах улсын аюулгүй байдалд хэрхэн нөлөөлснийг судлах комисс байгуулах тухай хуульд гарын үсэг зурав. Тус комисс “2007-2022 он хүртэлх хугацаанд Оросын нөлөөнд автаж өөрийн улсад хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй албан тушаалтнууд болон төрийн өндөр албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгах” аж. Тус комисс нь зөвхөн Сеймээс томилж, чөлөөлөх эрхтэй есөн хүнээс бүрдэх юм байна. Энэ комисс нь прокурор, шүүхийн бүрэн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулах ажээ. Тус комисс буруутай албан тушаалтнуудыг 10 жил улс төрийн албанаас чөлөөлөх зэрэг шийтгэл оногдуулах эрхтэй.

Польшийн сөрөг хүчнийхэн энэ хуулийн зорилго нь Дудагийн өрсөлдөгч, ерөнхий сайд асан Дональд Тускийг “устгах” явдал гэж шүүмжилсэн байна. Мөн энэхүү шинэ хууль нь тус улсын Үндсэн хуулийг зөрчиж, хараат бус шүүхтэй байх эрхийг үгүйсгэж байгааг шүүмжлэгчид онцолж байна. Харин Анжей Дуда хариуд нь “Зөвхөн Польшид төдийгүй Европын холбоо даяар Оросын нөлөөг судлах шаардлагатай гэдэгт итгэлтэй байна” гээд ерөнхий сайд Матеуш Моравецкид Европын зөвлөлд энэ асуудлаар албан ёсоор хандахыг хүссэн юм. Мөн Польшийн ерөнхийлөгч Европын түвшний эдгээр комисс нь Европын янз бүрийн институцид нөлөөлсөн байж болох “Оросын нөлөө, Оросын лобби, Оросын авлигын асуудлуудыг авч үзэх ёстой” гэдгийг онцолжээ. Тухайлбал, “Норд урсгал”-ын хийн хоолойг барих шийдвэрт Европын холбоонд Орос нөлөөлсөн байж магадгүй гэж Дуда хэлээд “Бид Оросын төлөөлөл болсон этгээдүүдийг илрүүлж, шийтгэх ёстой” гэжээ.

Г.АМАРСАНАА