Categories
гадаад мэдээ

Өмнөд Европын зарим хэсэгт хэт халалт үргэлжилж байна DNN.mn

Испани болон өмнөд Европын ихэнх хэсэгт цаг агаарын хэт халалт үргэлжилсээр байна.

Хэт халалтын улмаас өнгөрсөн ням гарагт Испанид үер бууж хэд хэдэн хүн амиа алдаад буй. Энэхүү гамшигт үзэгдлээс шалтгаалан Мадрид, Толедо, Кадис хотуудад цаг агаарын улаан түвшинд хүрч зарлан мэдээллэх дохио ажиллажээ. Ням гарагт болсон “Атлетико Мадрид” болон “Севилья” багуудын хөлбөмбөгийн тоглолтыг аадар борооны улмаас түр хугацаагаар зогсоогоод байна. Энэ үеэр Мадрид хотын оршин суугчдыг болзошгүй эрсдэлээс урдчилан сэргийлж,  гэртээ байхыг анхааруулж байв. Зөвхөн Мадрид хотод л гэхэд 190 удаагийн тусламж хүссэн дуудлага ирсэн ба үерт автсан замуудад гал сөнөөгчид дайчлагдан ажиллажээ. “El Pais” сонинд мэдээлснээр Испани даяар галт тэрэгний зарим үйлчилгээг зогсоогоод байгаа аж.

Categories
гадаад мэдээ

 В.Путин хаачих бол? DNN.mn

В.Путин гурав хоногт Киевийг, долоо хоногт Украиныг эзлэн авч тус улсын армийг устган, дэглэмийг нь нураана, НАТО-г зүүн зүгт хүчээр хөөн холдуулна хэмээн барууны улсуудын сануулгыг үл тоомсорлон, НҮБ-ын гол зорилгыг уландаа гишгэж хөрш тусгаар улсад халдан довтолсноос хойш даруй 18 сар өнгөрөв. Үр дүнд нь өөрсдийгөө дэлхийд хоёр дахь нь хэмээн сурталддаг байсан Оросын арми устгагдсан цэргүүдийнхээ эгнээг шоронгийн хоригдлуудаар нөхөх гэж оролдон дэлхийд албан ёсоор 17-д жагсаж байсан, өөрөөсөө хамаагүй жижиг улсын армид ялагдахдаа тулав. Кавказын улсууд Хятад, Европын холбоотой гэрээ байгуулж Оросыг тойруулан хий, нефтийн хоолой татаж эхлэв. Бяцхан Молдова улс хүртэл Кремльд “салаавч” харуулав. Жижиг Монголд хүртэл Кремлийн эсрэг энгийн иргэдийн “No War” хөдөлгөөн юу яасан дарагдах, улам хүчээ авав. Украинд довтолсноор оросууд “Жүүдүүдийг ад үздэггүй фашистууд” буюу “Рашистууд” гэсэн албан ёсны нэршилтэй болов.

Украинаас атомын бөмбөгийг нь шилжүүлэн авахдаа “танай улсыг бид хамгаална” гэсэн гэрээнээсээ буцан Украины эсрэг тактикийн атомын бөмбөг хэрэглэх гэвэл Англи, Америк улсууд Оросын атомын бөмбөгийг нь ч, арми, флотыг нь ч бүр Кремлийн дэглэмийн удирдлагыг энгийн пуужингуудаар шууд устгана гэдэг нь олон нийтэд бүрэн ойлгомжтой болов. Ерөөс Оросын авлига тактикийн, стратегийн пуужин болон атомын бөмбөгөө “идчихсэн” байх өндөр магадлалтай байна гэж олон улсын шинжээчид дүгнэв. Сири Оросын нөлөөнөөс гарч Арабын улсуудтайгаа дахин нэгдэв. НАТО-г юун холдуулах, эгнээ нь улам өргөжин Кремлийн бүр бөөр, шилэн хүзүүнд нь тулж ирэв. Эдийн засгийн хоригт орж буланд шахагдсан рубль зүгээр л цаас болох замдаа шулуудаж, орос иргэдийн амьдрал уруудаж эхлэв. Арчаатай иргэд нь гадаадад цагаачлав. Оросын гадаадад гарсан улстөрчид Европ тивд хэд хэдэн эрдэм шинжилгээний чуулган зохион байгуулж “Орос улс Европын улсуудтай адил хөгжихийн тулд “Их гүрэн” гэсэн хоосон хийрхлээс салах ёстой юм байна. Үүний тулд ОХУ үндэстнээрээ салж олон тусгаар улс болох ёстой” гэсэн дүгнэлтэд хүрэв. Ийнхүү Украины дайн эхлэхэд В.Путины хэлж ярьж байсны яг эсрэг үр дүн өнөөдөр бий болчихоод байна. Энэ бүхний эцэст Кремль ч, Путин ч худал ярихаас өөр зүйл хийх чадваргүй болов. Мэдээж үнэн ярьсан болгоныг хавчиж эсвэл шоронд хийж эхлэв. Тухайлбал, Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Валерий Гарбузовыг Оросын ШУА-ийн АНУ, Канадын хүрээлэнгийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн тухай мэдээлэв. ОХУ-ын ШУА-ийн АНУ, Канадын хүрээлэнг 2016 оноос хойш тэргүүлж байсан Валерий Гарбузовын бичсэн нийтлэлүүдийг “Независимая газета” сонин хэвлэдэг байсан билээ. Валерий Гарбузов өөрийн бичсэн нийтлэлүүддээ “Хуурамч эх орончид хэмээх галзуурсан уур амьсгал”, “Сталинизмыг сэргээх мөлхөө оролдлого” хэмээн үнэнийг бичиж Оросын суртал ухуулга “Англо-Саксоны даяаршлын хямрал”, “Колончлолын эсрэг шинэ хувьсгал”, “Америк ноёрхлоо алдаж байна” гэх мэтээр “Барууны улсуудын уналт” гэсэн хуурамч домог бий болгож байна. Оросын суртал ухуулгын эдгээр хуурамч шинэ домгуудад ямар ч шинжлэх ухааны үндэслэл алга. “АНУ-ын ноёрхол нь ХХ зууны эхэн үеэс үүсэн бий болсон, одоо ч байсаар байгаа объектив байнгын хүчин зүйл юм” гээд “Өнөөдөр дэлхий дээр зөвхөн хоёр албан бус “эзэнт гүрэн” оршиж байна. Эдгээр нь мэдээж АНУ, Хятад. Орос бол хуучин эзэнт гүрэн, ЗХУ-ын их гүрний өв залгамжлагч бөгөөд эзэнт гүрний агуу байдлаа алдсан нь маш том зовлонгийнх нь үндэс болсон “синдромтой улс” гэж энэ түүхч эрдэмтэн гагцхүү үнэнийг тунхаглан бичиж байсан билээ. Мөн Гарбузов “Барууны уналт”-ын тухай ийм шинэ үлгэр домгийн тусламжтайгаар Оросын суртал ухуулга иргэддээ “орчин үеийн утоп ухамсар” бий болгож байна. Харамсалтай нь Оросын хүн ам “төрийн ийм худал суртал ухуулгыг гайхалтай амархан, гэнэн, бодлогогүйгээр хүлээн авдаг” гэж үнэнийг бичсэн эрдэмтэн хүн билээ. Мэдээж Валерий Гарбузовын “Независимая газета”-д хэвлэгдсэн нийтлэлийн эсрэг Оросын суртал ухуулгын сувгууд эрчимтэй “довтолгоон” эхлүүлсэн. Үр дүнд нь энэ эрдэмтэн ажлаасаа халагдав. Харин Оросын ШУА-ийн удирдлага Валерий Гарбузовыг ажлаас нь яагаад халсан талаар хараахан тайлбар хийгээгүй байна.

Швед дэх Нобелийн сан Орос, Беларусийн Элчин сайд нарт гардуулсан урилгаа татан авч байгааг дэлхий нийтэд албан ёсоор зарлав. Энэ жилийн Нобелийн шагнал гардуулах ёслолыг тохиолдуулан Стокгольм хотод хийдэг хүндэтгэлийн зоогийн урилгыг ОХУ, Беларусь, Ираны Элчин сайдуудаас Нобелийн сан эргүүлэн татсан тухай уг мэдэгдэлд Нобелийн сангаас “Швед, Норвеги улсад дипломат төлөөлөгчийн газраа төлөөлдөг бүх улсын төлөөлөгчдийг хүндэтгэлийн ёслолд урих шийдвэр гаргасан нь олон нийтийн хурц эсэргүүцэлтэй тулгарсан тул ийм шийдвэр гаргаж байна” гэж мэдэгджээ. Орос, Беларусийн Элчин сайдуудын урилгыг хүчингүй болгосон тухай зарлахаас өмнөхөн Шведийн хааны гэр бүлийнхэн “Хаан ийм зочидтой арга хэмжээнд оролцох нь тохиромжтой эсэх талаар бодож байгаа” гэж мэдэгдэж байсан юм.

Европын холбооны гадаад бодлогын албаны албан ёсны төлөөлөгч Петер Стано “Орос улс түр зуур эзэлсэн Украины нутаг дэвсгэрт хугацаанаас нь өмнө хууль бус “сонгууль”-ийн санал хураалт явуулж эхэллээ. Энэ нь олон улсын хууль тогтоомж, Украины бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн Оросын бас нэг үйлдэл болж байна” гэж мэдэгдэв.

ОХУ-ын дотор, гадна болж буй Кремлийг ганцаардуулж буй эдгээр үйлдлүүд нь нэг том үйл явдлын удиртгал гэдгийг НҮБ-д суугаа Албанийн төлөөлөгч Ферит Хожагийн “Украины ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоор Нью-Йоркт айлчлах үеэрээ Украины асуудлаарх Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцоно” гэсэн албан ёсны мэдэгдэл бидэнд ил болгож орхив. Учир нь Албани улс энэ сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаа билээ. Энэ нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд бүх гишүүдийн 2/3-ын саналаар дүрэмдээ өөрчлөлт оруулж тус олон улсын гол байгууллагын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээс Оросын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх эсвэл бүр хасч магадгүй болсон гэсэн үг юм. Ерөөс НҮБ нь аль ч улсын тусгаар тогтнолыг бусдын халдлагаас хамгаалах зорилгоор бий болсон олон улсын байгууллага. Гэтэл энэ байгууллагын бүр Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр эзлэн түрэмгийлэгч улс бусдаас илүү эрх эдлэн сууж байна гэдэг яаж шударга явдалд нийцэх билээ?!

Мөн Украины арми Токмакийг тойрон гарч оросын армийн өмнөд хэсэг болон Крымын хангамжийн гол замуудыг намрын борооноос өмнө эх газраас нь таслахад бэлэн болоод байна. Энэ замууд таслагдсанаар Украин цэргүүд Оросын армитай шууд тулалдахгүйгээр алсын тусгалтай их буу, пуужингаар Токмак хотыг хамгаалж буй Оросын 35 дугаар арми төдийгүй Крым дахь зэвсэгт хүчнийг устгах боломжтой болно. Энэ нь орос цэргүүд хэсэг бүлгээрээ фронтоос зугтан, улмаар үлдсэн цэргүүд нэгдэн удирдлагаа устгаж зэвсэг, техниктэйгээ нийслэлээ зорьдог уламжлалт Орос түүх давтагдана гэсэн үг. Өнөөдөр Украины талд байлдаж буй Орос, Беларусийн цэргийн бүлэг өдөр өдрөөр эгнээгээ нэмэн хүчирхэгжиж байна. Оросын буриадууд,тувачуудын эсрэг Буриад,Тувагийн тусгаар тогтнолын төлөө гэсэн буриад, тувачууд тулалдаж байна. Аль нь аль талдаа очиж нийлэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болсон зүйл. Угаасаа Украины фронтын өмнөд хэсэг Крымтэй хамт чөлөөлөгдвөл В.Путин төдийгүй Кремлийн дэглэмийн оршин тогтнох суурь устана. Иймээс В.Путин мөнгөний авдраа аван нэг тийш нисэхээс өөр аргагүй болно. Авдранд нь мэдээж рубль байхгүй. Валют бас африк очир алмаз л байгаа.

Өөрсдөө олон улсын хоригт орох гээгүй л юм бол НҮБ-ын Эрүүгийн шүүхийн гэмт хэрэгтэн В.Путинг Бээжин болон Арабын улсууд хүлээн авахгүй. Энэ нь В.Путинд Вагнерын зохион байгуулж цэргийн эргэлт хийсэн Африкийн найман улсын нэгэнд л очихоос өөр зам үлдэхгүй гэсэн үг. Францын эрхшээл, мэдэлд байсныхаа дараа “Баялгийн хараал”-д өртсөн энэ улсуудын өөрийн цэргүүдэд “түлхүүлж” унасан төр, засгийнхан гэх авлигачдын төлөө өнөөгийн Франц улс хуруугаа ч хөдөлгөхгүй гэдэг нь тодорхой. Учир нь дарангуйллын тогтолцооны тулгуур болсон хэдхэн улсын дэглэм нуран унахад эдгээр улсууд ардчилал, чөлөөт эдийн засгийг удирдлага болгон хөгжиж, өнөөдөр олон улсад “Африкийн арслан улсууд” гэж нэрлэгдэж буй улсуудын араас явахаас өөр зам үгүй. Иймээс Олон улсын Гаагийн шүүхэд очтолоо В.Путин хаана хоргодох бол гэсэн асуулт хариулт нэхэж эхлээд байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Видео контент бүтээгч иргэдийн орлогыг мэдээлэв DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын үндэсний татварын алба парламентын гишүүдийн хүсэлтээр YouTube платформд хувиараа видео контент бүтээгч иргэдийн орлогын хэмжээг мэдээлэв. 2021 онд тэдний нийт орлого 858.9 тэрбум вон ($650 сая) хүрсэн байна.

Тэдгээрийн хамгийн өндөр орлоготой нэг хувьд нийт орлогын 25 орчим хувь буюу 243.9 тэрбум вон оногдож байжээ. 2019 онд Өмнөд Солонгост 2,776 контент бүтээгч татвар төлж байсан бол 2021 онд 4,219 болж өссөн байна. YouTube контент бүтээгчдийн тоо өссөнтэй холбоотойгоор тус улсын татварын алба 2019 оны есдүгээр сараас хойш тэдэнд зориулсан татварын шинэ ангилал нэвтрүүлж байжээ. Энэ хугацаанд тэдний төлдөг татварын хэмжээ ч эрс өссөн байна.

2019 онд контент бүтээгчдийн төлсөн нийт татвар 18.12 тэрбум вон байсан бол 2021 онд 243 тэрбумд хүрчээ. Өмнөд Солонгосын хууль тогтоогчид YouTube контент бүтээгчдийн татвараас зайлсхийх боломжийг хаахын тулд хуулийн заалтыг илүү нарийн, тодорхой болгохоор ажиллаж байгаа юм байна. “Зарим YouTube-чид үзэгч фэнүүдээсээ хувийн, эсвэл крипто дансаар хандив авдаг нь татвараас зайлсхийх боломж олгож байна.

Татварын алба тэдний сайн дураараа татвар төлөхийг хүлээж суухын оронд нуугдмал орлогыг илрүүлэх арга хэмжээг авах шаардлагатай” гэж парламент дахь гол сөрөг хүчин Солонгосын Ардчилсан Намын хууль тогтоогч Хан Бюн До ярьжээ гэж “Korea Times” мэдээлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Ромын Папын төрийн айлчлал дэлхийн хэвлэлд DNN.mn

Ватикан нь дэлхийд цөөхөн байдаг эртний төрт улс учир өнөөдөр манай гариг дээр амьдарч буй бараг хүн бүр Ромын Папыг мэддэг. Энэ нь эртний цөөхөн төрт улсын нэг болох манай улсад хийж буй, дэлхийн бүх тивд бишрэн шүтэгчидтэй католик шашны тэргүүн Ромын Пап Францисын төрийн айлчлалын ач тусаар ардчилсан Монгол Улсыг дэлхийн бараг хүн бүр мэддэг болж байна гэсэн үг билээ. Иймээс энэхүү айлчлалын талаар дэлхийн нэр хүндтэй хэвлэлүүд хэрхэн мэдээлж буйг товчлон хүргэж байна.


Ватиканы хэвлэлийн алба “Наймдугаар сарын 30-ны лхагва гаригт Ромын Пап лам Францис Гэгээн Мартагийн өргөөнөөс гарч, Санта Мария Маггиорийн сүмд очиж, заншлынхаа дагуу залбирал үйлдсэн” гээд тэрбээр ариун онгон Мариа Салус Попули Романигийн бэлгэдэлд мөргөж, удахгүй болох Монголд хийх аяллыг элч нарын хамт даатгасан байна. Ромын Пап лам Францис “Би Монгол Улсад ах дүүгийн хувиар айлчлахдаа баяртай байх болно” гэж айлдав. Ромын Пап лам Францисын Монгол Улсад хийх дөрвөн хоногийн айлчлал наймдугаар сарын 31-ний орой Ромын Фиумичино нисэх онгоцны буудлаас Улаанбаатар руу ниссэнээр эхэлнэ гэж https://www.vatican­news сайтад бичсэн байна.

v Пап ламын онгоц Монголыг зорих замдаа Хятадын дээгүүр нисч байх үед Францис БНХАУ-ын дарга Си Жиньпинд хандан мэндчилгээ илгээсэн байна. Бээжин хариуд нь Ватикантай “харилцан итгэлцлээ” бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэлэхдээ, Ватикантай цаашид хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээнд оролцож, харилцан ойлголцлыг сайжруулахад Хятад улс бэлэн байна гэв. Хятадын Коммунист нам албан ёсоор шашингүй үзэлтэй тул Бээжин, Ватикан хоёр Хятадын тусгаар улс болсон 1951 оноос хойш дипломат харилцаа тогтоогоогүй байгаагүй юм. Ромын ïап Францис Монгол Улсад хийх дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүллээ. Хамба ламын онгоц орон нутгийн цагаар өглөө Улаанбаатарт газардсан бөгөөд Францисыг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг хүндэт харуулын хамт угтсан гэж “Франс Пресс “агентлаг мэдээлжээ.

v Онгоцны буудалд хүндэтгэлийн хүлээн авалт болсны дараа Францис Итали гаралтай Монгол Улсын кардинал Жоржио Маренготой уулзав. Францис Монголд айлчилсан Ромын Католик сүмийн анхны тэргүүн боллоо. Энэ улсын оршин суугчдын дийлэнх нь Буддын шашин шүтдэг бөгөөд 1400 орчим хүн өөрсдийгөө католик шашинтай гэж үздэг. Тус улсад католик шашны 25 санваартан, 33 гэлэнмаа байдаг. Хамба ламын айлчлал есдүгээр сарын 4-ний даваа гариг хүртэл үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Францистай уулзана. Есдүгээр сарын 3-нд болох ёслолд Ромын Пап лам оролцох төлөвтэй байгаа бөгөөд Орос, Хятад, Өмнөд Солонгос, Тайланд, Вьетнам, Казахстан, Киргизстан, Азербайжаны мөргөлчид нэгдэх болно гэж “AFP” агентлаг бичжээ.

v Пап Францис Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Энэ нь түүний хилийн чанадад хийж буй 43 дахь айлчлал бөгөөд есдүгээр сарын 4-ний өдөр өндөрлөнө. Пап пүрэв гаригийн орой “амгалан орон” Монголыг зорьж явахдаа “ITA Airways” компанийн онгоцон дотор сэтгүүлчидтэй ярилцаж “асар өргөн уудам газар нутагтай энэ орон бол шууд логик ухаанаар бус харин мэдрэмжээрээ ойлгох ёстой тийм онцлог улс, орон юм” гэсэн санааг илэрхийллээ.

Папыг Улаанбаатарын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Монгол Улсын төр, засгийн төлөөлөгчдөөс гадна Монгол дахь тэргүүн Папын үүргийг түр орлон гүйцэтгэгч Монсеньор Фернандо Дуарте Баррос Рейс, Монгол Улсаас Гэгээн Ширээт улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа болон бусад шашны сүм, хийдийн төлөөлөгчид угтан авлаа. Монгол Улсын төрийн хүндэт харуулууд улаан, хөх, шар өнгийн дүрэмт хувцас хийгээд эртний монгол дайчдыг санагдуулам төмөр дуулга өмсөн сүр жавхлантайгаар жагссан байв. Нисэх буудалд болсон угтан авах ёслолын үеэр үндэсний дээлээ өмссөн залуу монгол бүсгүй Пап Францист тавагтай ааруул амсуулсан нь Монголын ард түмний нүүдэлчин соёлын илэрхийлэл юм. Пап Францис тавагтай идээг эелдгээр тосон авч, ааруулаас томхоныг авч амслаа гэж “Vatican News” мэдээлжээ.

v Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд Пап Францисыг угтан авах албан ёсны ёслолын үеэр өөрсдийгөө католик шашинтнууд хэмээн танилцуулсан 20 гаруй хятад иргэн таван од бүхий улсынхаа улаан далбааг намируулан, Францисыг харахаар цагдаагийн хаалтыг тойрон цугларчээ. Шанхай хотын иргэн, католик шашинтан, 37 настай Ян Гуан Монголд амралтаараа ирээд байсан бөгөөд Сүхбаатарын талбай дээр Пап ламыг харж чадсандаа баяртай байна гээд тэрбээр манай агентлагт өгсөн ярилцлагадаа “Папыгаа анх удаа харж байгаа болохоор маш их баяртай байна. Надад ийм боломж байнга тохиохгүй шүү дээ. Би маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Уг ёслолын үеэр зарим хятад иргэд кардиналаас адис хүртэж байгаа нь харагдав. Хонконгоос ирсэн христийн мөргөлчин Сузан Уиллис ярихдаа, Францисыг өөрийн биеэрээ явж буйг хараад маш их догдолж, нулимс дуслуулснаа хэлэв. Хонконг руу буцах нислэг хар салхины улмаас хойшлогдсон тул тэд аялагчдын багаараа угтах ёслолыг үзэхээр ирсэн байна.

Ватиканы зүгээс Хятад дахь католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахыг эрмэлзэж байгаа бөгөөд 3.3 сая орчим хүн амтай Монгол Улс нь Хятадтай ойр оршдог учраас Католик сүмийн хувьд стратегийн ач холбогдолтой юм. Өдгөө 86 настай Францис дэлхийн хамгийн цомхон буюу 1450 гишүүнтэй Католик шашинтнуудын нийгэмлэгийг зорин баасан гаригт Монголд хүрэлцэн ирээд байгаа билээ гэж “Reuters” онцолжээ.

v Пап Францис бямба гаригт Ази тивийн Монгол Улсад хийж буй анхны айлчлалаа эхлүүлж, тус улсыг үндэслэгч Чингис хааны үеэс улбаатай шашны эрх чөлөөний уламжлалыг өндрөөр үнэлэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Төрийн ордон дотор сүндэрлэх уламжлалт монгол гэрт уулзаж, хүндэт зочны дэвтэрт бичихдээ “эртний түүхтэй хэдий ч идэр залуу, баялаг уламжлалтай, орчин цагийн” Монгол Улсад энх тайвны мөргөлчийн хувиар айлчлан ирсэндээ баяртай байгаагаа” илэрхийллээ.

Францис 1450 гишүүнтэй католик шашны цомхон нийгэмлэгт урам зориг өгч, Ватикантай удаан хугацааны турш харилцаа муутай байсан Оростой хойд талаараа, Хятадтай өмнөд хэсгээрээ хиллэдэг Монголд дипломат айлчлал хийж буй юм. Тус бүс нутагт Христийн шашин хэдэн зуун жилийн турш оршин тогтнож ирсэн бол 1992 онд Монгол Улс Зөвлөлтийн холбоотон коммунист засгийн газрыг таягдан хаяж, шашин шүтэх эрх чөлөөг Үндсэн хуульдаа тусгаснаас хойш Католик сүм Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Францис хэлсэн үгэндээ, Монголын шашин шүтэх эрх чөлөөний уламжлалыг өндрөөр үнэлж, Монголын эзэнт гүрэн дэлхийн ихэнхийг байлдан дагуулж байсан тэр үед ч ийм үзэл санаа оршсоор ирсэн гэдгийг онцлов. Монголын их гүрэн оргил үедээ Унгар хүртэл баруун тийш өргөжин тэлж, дэлхийн түүхэн дэх хамгийн том хуурай газрын эзэнт гүрэн болж байсан түүхтэй. Өдгөө Орос, Хятад хоёрын дунд оршдог далайд гарцгүй энэ улсын хүн амын ихэнх нь буддын шашин шүтдэг.

“Танай эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлж, улс иргэнийг засан тохинуулах их албанд тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч юм. Энэхүү арга ухаан бидний цаг үед ч үнэ цэнэтэй хэвээр байгаа бөгөөд сэргээн хэрэглэх боломжтой” гэж Францис Ерөнхийлөгч, дипломатчид болон òөрийн ордонд цугласан шашны тэргүүн нарт хандан хэллээ. XIII зууны үед худалдаа, аялал жуулчлал цэцэглэн хөгжих боломжийг олгож байсан Монголын эзэнт гүрний үед улс төрийн байдал харьцангуй тогтвортой байсныг дурдаад, ахан дүүгийн барилдлагатай, тайван амгалан ийм үеийг өнөөдрөөс эхлэн бий болгохыг уриалав. Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхий ертөнцийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай хэмээн тэрбээр хэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ мөн “Монголын их амар амгалан”-гийн талаар дурдаад, дэлхийн тавцанд энх тайванч, олон талт яриа хэлэлцээг чухалчлагч Монгол Улсын хүчин чармайлтаа өнөө үед ч баримталж буйг онцоллоо. “Монголын их амар амгалан”-г тогтоосноор дэлхийн янз бүрийн үндэстнүүд бие биеэ харилцан хүндэтгэх, бие биенийхээ үнэт зүйл, өвөрмөц онцлогийг эрхэмлэн дээдлэх, янз бүрийн соёл иргэншлүүд энх тайвнаар зэрэгцэн орших боломжийг бүрдүүлэх баттай үндэс суурийг бүрдүүлсэн” гэж тэрбээр хэлэв. Пап Францис 1246 онд Монголын эзэнт гүрний хаан Гүюгээс Пап лам IV Иннокентэд илгээсэн захидлын албан ёсны хуулбарыг Ерөнхийлөгчид гардуулан өгч байгаагаа тэмдэглэн хэлэв. Францис мөн байгаль орчныг хамгаалах чиглэлд гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ. Эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй өргөн уудам нутагтай энэ улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй орнуудын нэг юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэдээлэлд дурдсанаар, тус улсад сүүлийн 70 жилийн хугацаанд дундаж температур цельсийн 2.1 хэмээр нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрч, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас газар нутгийн 77 хувь нь хөрсний доройтолд оржээ. Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилтийн асуудлаарх бага хурлыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд уудам тал хээр, уулархаг нутагтаа нэг тэрбум мод тарих аяныг эхлүүлээд байна. “Энэ бүхэн нь загалмайтны шашинтан бидний Бурхны бүтээл, түүний өгөөмөр сэтгэлийн үр шим болох байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хүндэтгэн талархаж, экологийн хариуцлагатай бөгөөд алсын хараатай бодлого, энэрэн нигүүлсэх соёл суртлыг баримтлан хүнээс үүдэлтэй хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд та бүхэн тусалж байгаа хэрэг юм” гэж Францис хэлэв. Мөн Пап Францис авлигатай тэмцэхийн ач холбогдлыг онцоллоо. Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм. Харин шашин шүтлэг нь ямар ч нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд хөнөөлөөс хамгаалж байдаг хэмээв. Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаад байна. Өнгөрсөн онд Монгол Улс “Транспэрэнси Интернэйшнл” олон улсын байгууллагаас гаргадаг авлигын индексээр 116 дугаарт бичигдсэн ба өдгөө авлигатай тэмцэх таван хэсэг бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлж байгааг зарлаад байгаа юм.

Бямба гаригийн орой Францис Улаанбаатар хот дахь Гэгээн Петр, Паулын сүмд тус улсын католик шашны цомхон жижиг нийгэмлэгт санаа тавьдаг санваартнууд, номлогчидтой уулзав гэж “AP” агентлаг мэдээлжээ.

v Пап Францис буддын шашин дэлгэрсэн Монгол Улсад анхны түүхэн айлчлалаа хийхээр баасан гаригийн өглөө хүрэлцэн ирэв. Энэхүү айлчлал нь дэлхийн католик шашинтнуудын хамгийн цөөн тоотой бөгөөд хамгийн шинэ нийгэмлэгийн 1400 гишүүнд урам зориг өгөхийн сацуу Ватикантай хурцадмал харилцаатай Хятад, Орос хоёртой харилцаа холбоогоо хадгалах гэсэн оролдлого гэж үзэж байна. Ази дахь католик шашныг судлагч эрдэмтэн Мишель Чамбоны ярьснаар, Төв Азид анхаарлаа хандуулж, түүний Орос, Хятадыг ч үлдээж орхихгүй гэсэн Гэгээн Ширээт улсын зорилгыг энэ айлчлал илэрхийлж байна.

Пап Францис пүрэв гаригт Монголын талаар ярихдаа “хүн ам цөөтэй боловч том соёлтой улс” хэмээн тодорхойлоод, энэ урт, аниргүй байдлыг шууд логик ухаанаар бус харин мэдрэмжээрээ ойлгохыг хичээх хэрэгтэй хэмээжээ. Баасан гаригийг амарч өнгөрүүлсэн Папын бямба гаригт товлосон айлчлалын хөтөлбөрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай хийх уулзалтууд багтжээ. Мөн тэрбээр эрх баригчид, дипломатчид, иргэний нийгмийн төлөөлөлд хандаж үг хэлнэ. Түүнчлэн мөн өдөр Гэгээн Петр, Паулын сүмд католик шашинтнуудтай уулзав гэж “DW” мэдээлжээ.

v Пап Францис дэлхийн католик шашинтнуудын хамгийн цөөн тоотой бөгөөд хамгийн шинэ нийгэмлэгт урам зориг өгөхөөр баасан гаригийн өглөө Монгол Улсад айлчлан ирлээ. Тэрбээр далайд гарцгүй Азийн энэ улсад түүхэндээ анх удаа айлчилж байгаа бөгөөд Монголын хоёр хүчирхэг хөрш Орос, Хятадтай харилцах Ватиканы харилцаа дахин хурцдаад буй үед ирж байна гэж “France24” мэдээлэв. CNN “Ердөө 1500 орчим католик шашинтай улсад хийж буй энэхүү айлчлал нь Папын хилийн чанадад хийдэг бусад айлчлал шиг сүр дуулиантай болсонгүй, хүмүүс олноор цугларсангүй. Түүнийг наймдугаар сард Португалд айлчлах үед болсон нэгэн арга хэмжээнд 1.5 сая хүн оролцож байсан бөгөөд Папын гадаадын бусад оронд хийдэг айлчлалтай харьцуулахад хамгаалалт төдийлөн хатуу чанга биш байв гэж мэдээлжээ.

v Пап Францис есдүгээр сарын 2-ны бямба гаригт Монгол Улсад айлчлах үеэрээ “Монголын амар амгалан”-г дэлхий даяар цогцлоохыг уриаллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй òөрийн ордонд уулзах үеэрээ Пап Францис Монголын эзэнт гүрний үеэс улбаатай энэхүү уламжлалыг өндрөөр үнэлэв. “Танай эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлж, гадны иргэдийг улсыг засан тохинуулах их албанд тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч баримт юм” гэж Пап хэлсэн байна гэж “Ukrinform” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Жозеп Боррел: ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ үр дүнгээ өгч байна DNN.mn

ОХУ-аас Европын холбооны орнуудаас хийсэн импорт өнгөрсөн онд 58 хувиар буурсан бол энэ оны эхний улиралд 75 хувиар буурсан байна гэж Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррел мэдэгдээд “Тийм ээ. ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ үр дүн өгч байна” нийтлэлдээ дурджээ. Тэрбээр уг нийтлэлдээ “ОХУ-аас ЕХ-ны импортын хэмжээ бараг 60 хувиар буурсаныг “урьд өмнө байгаагүй зүйл” гэж нэрлэжээ. Түүний хэлснээр хамгийн их уналт төмөр, ган, үнэт металл, модны нийлүүлэлтэд гарсан байна. 2023 оны эхний улиралд эрчим хүчний бус барааны импорт 75 гаруй хувь, эрчим хүчний барааны импорт 80 хувиар буурсан гэж Боррелл тэмдэглэв.Өнгөрсөн онд ЕХ-ноос Орос руу экспортлох хэмжээ 52 хувиар буурсан гэдгийг Боррел тэмдэглээд Европын холбооноос дайны давхар хэрэглээний барааны экспорт 78 хувиар буурсан гэж Европын дипломат албаны тэргүүн мэдэгдэв. Үүний зэрэгцээ хориг арга хэмжээнд өртөөгүй салбар болох эм, хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй зэрэг салбарт экспорт мөн дунджаар 10 хувиар буурсан гэжээ.

Харин хориг арга хэмжээний дараа хэвлэл мэдээллийнхэн Оросын барууны бараа, тэр дундаа байлдааны давхар хэрэглээний барааг авахад ашиглаж буй тойрч гарах схемийн талаар олон удаа мэдээлж байсан. Тухайлбал,өнгөрсөн оны тавдугаар сараас 2023 оны зургадугаар сарыг дуустал дор хаяж 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй баруунд үйлдвэрлэсэн онгоцны эд ангиудыг Орост нийлүүлсэн гэж “Ройтерс” агентлаг гаалийн мэдээллээс эш татан мэдээлж байсан.

“Нестка” хэвлэл Оросын гаалийн статистикийн нууц мэдээллийг судалж үзээд Орос улс бараг гадаадын бүх бараа бүтээгдэхүүнийг Хятад, Энэтхэг, Турк, Арабын нэгдсэн Эмират болон бусад орноор дамжуулан авдаг гэсэн дүгнэлтэд хүрч байсан.

Энэ оны зургадугаар сард Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Орос улсаас харваж буй пуужинд барууны орнуудын бүрэлдэхүүн хэсгүүд илэрсэн болохыг мэдэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч барууны эдийн засгийн хориг амжилттай хэрэгжиж байгаа нь сүүлийн үед Оросын мөнгөн тэмдэгтийн ханш түүхэнд байгаагүй уналт үзүүлж, энэ нь ард иргэдийн амьдралд төдийгүй Кремлийн хөлсний цэрэг элсүүлэх ажилд том саад болох нь тодорхой болсон билээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Ричард Бэрронс: Украины ялалтад хоёр жил шаардагдана DNN.mn

Их Британийн Зэвсэгт хүчний нэгдсэн командлалыг 2013-2016 онд удирдаж, Афганистан, Косово, Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцож, одоо тэтгэвэрт байгаа бригадын генерал, сэр Ричард Барронсын “BBC”-ийн Украин дахь сурвалжлагч Ирене Таранюкт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Оросууд 2014 онд Крымд цөмрөн орсны дараа Украин хойд хөршийнхөө бүрэн хэмжээний түрэмгийллээс урьдчилан сэргийлэх хангалттай зэвсэгтэй байж чадаагүй явдал нь барууны бодлого буруу байсныг баталсан явдал болсон гэж Британийн генерал хэлжээ.Харин 2022 оны хоёрдугаар сараас эхлэн барууны орнууд Украины армийг дэмжих ажиллагаагаа шийдэмгий, шуурхай болгож эхэлсэн.Гэхдээ барууны холбоотнууд Украины Зэвсэгт хүчинд өгсөн тусламжаа “шат ахиулах” зарчмаар явуулсан. Одоо ч барууны орнуудын цэргийн тусламж үзүүлэх явдал удаашралтай байна гэж Барронс тэмдэглэв. Энэ нь дайныг өргөжүүлэн алдаж Орос, НАТО-гийн мөргөлдөөн болон хувирахаас сэргийлэх гэсэн барууныхны хүсэл эрмэлзэлтэй холбоотой. “Энэ зарчим Украинд пуужингийн систем, далавчит пуужин нийлүүлэхэд хэр зэрэг шат дамжлага зарцуулснаар нотлогдож байна” гэж генерал хэлэв. Тиймээс одоо Украинд оросуудын эзлэн түрэмгийллийг бүрэн зогсоох хангалттай техник хэрэгсэл, сум, сургалт, мөнгөтэй болоод буй нөхцөл байдал үүсэн Украины цэргүүд байлдааны талбарт тактикийн жижиг ялалт байгуулах боломжтой болсон. Энэ нь Украины Зэвсэгт хүчин одоогийн сөрөг довтолгоонд шийдвэрлэх эргэлт гаргах ялалтад хүрэх бүрэн боломжтой болсон гэсэн үг гэж генерал хэлсэн байна. Тэрбээр “Гэхдээ Украины арми өвөл болохоос өмнө тулалдааны талбарт гайхалтай амжилтад хүрсэн ч энэ нь Оросын цэргийг Украинаас бүрэн хөөж гаргахад хангалтгүй байх болно. Өөрөөр хэлбэл, одоогийн Украины хүчин чадал нь газар нутгаа нэмж алдахгүй байхад хангалттай, нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байхад хангалттай, гэхдээ ялахад хангалттай биш юм” гэж хэлсэн байна.

Одоо барууны орнуудын цэргийн тусламжийн гурав дахь үе шат эхэлж байгааг “Энэ бол сонголтын үе шат” гэж Барронс тэмдэглэв. Барууныхан Украинд шаардлагатай хэмжээгээр нь зэвсэг, сургалт, мөнгөн дэмжлэг үзүүлэх үү, үгүй юу гэсэн асуулт юм. “Миний бодлоор энэ бол Украин Оросыг байлдааны талбарт ялж, бүх газар нутгаа чөлөөлөх боломжтой болоход дор хаяж хоёр жилийн хугацаа хэрэгтэй. Энэ бол маш том асуудал бөгөөд Орос улс ч бас яг эсрэгээр нь төлөвлөж байгаа гэдгийг бид мартаж болохгүй. Орос дахин зэвсэглэхийн тулд түр зогсолт хийж хугацаа хожин, илүү хүчтэй цохихын тулд буцаж ирэх ёстой биш гэж үү? Тэгэхээр энэ дайн одоо маш хүнд үе шатандаа хүрээд байна гэв.

Генерал Барронс мөн Украины зэвсэгт хүчин хамгаалалтын ажиллагааг гайхалтай гүйцэтгэсэн гээд “Киевийн амжилт дайны эхнээс л гадныхныг төдийгүй Украинд ч гэсэн олон хүнийг гайхшруулсан. Украины дайны эхний үе шатны амжилтууд нь Кремлийн системийн дампуурал, Оросын зэвсэгт хүчний чадваргүй байдлаас ихээхэн шалтгаалсан бөгөөд арми нь хамаагүй хүчтэй байсан ч тэд украинчуудаас илүү сайн байж чадаагүй. Харин одоо бид Украин тулалдааны талбарт санаачилгыг гартаа авсан өөр шатанд ирээд байна.Украины арми НАТО-гийн технологи, сургалтын ачаар хэсэг, хэсгээр урагшилж чадаж байна. Гэвч зургаахан сарын өмнө эдгээр украин цэргүүд мэргэжлийн цэргүүд биш байсан шүү дээ. Энэ бол компьютерийн тоглоом биш гэж Украины Батлан хамгаалах яамны тэргүүн “CNN”-д ярилцлага өгөхдөө онцолж Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгоо төлөвлөгөөнөөс хоцорсон ч төлөвлөгөөний дагуу явж байна гэж тэмдэглэн хэлсэн. Учир нь одоо тэд хамгийн хэцүү зүйл болох дайсны сайн бэхлэгдсэн, сайн бэлтгэгдсэн, сайтар хамгаалагдсан байрлал руу довтолж бага багаар урагшилж байна. Тэд үүнийг давуу хүчээр биш харин сайн бэлтгэж, төлөвлөсөн мэргэжлийн цэргийн цөөн хүнтэй бүлгийн хүчээр хийж байгааг мартаж болохгүй. Энэ нь хэрэв та Украины Зэвсэгт хүчинд “илүү их цаг, илүү их техник, илүү их мөнгө, илүү их сум” өгвөл тэд байлдааны талбарт оросуудыг ялж чадна гэсэн үг гэж Ричард Барронс хэлсэн байна. Британийн офицер бас Украины зэвсэгт хүчний авъяас чадвар, тухайлбал тэд арилжааны дроныг байлдааны хэрэгцээнд зориулан хэрхэн өөрчилсөн, интернэт болон хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгааг онцлон тэмдэглэв.

Дайнд их хохирол амссаны дараа Оросын цэргийн удирдагчид алдаандаа дүгнэлт хийсэн гэдэгт Ричард Барронс итгэлтэй байна. Тэд техникийн маш их хохирол амсаж, залуу цэргүүдийнхээ амийг хэт их зольсон нь тэд ямар нэгэн зүйлд суралцсан гэсэн үг. Үүнийг нэгдүгээрт, тэд Зөвлөлтийн байлдааны “сурах бичиг”-ийг орхиж мянга гаруй километрийн урттай фронтын шугамын дагуу хамгаалалтын шугам хэрхэн барьж байгаагаас харж болно. Энд бүрэн минажүүлж хамгаалсан траншейны гурван бүс, зарим газар зохион байгуулалттай сөрөг довтолгоонууд хийж байгаагаас харж болно. Түүнчлэн Оросын их буунууд урьдын адил Украины Зэвсэгт хүчний алсын тусгалын нарийвчлалтай цохилтын суурин бай болохгүй байхыг сурсан. Кремль батлан хамгаалах салбараа ч дайны байдалд бүрэн шилжүүлээд байна. Учир нь Украины дайсан Орос улс шүдээ зууж, Украинаас эзэлсэн нутгаа хамгаалах бас шинэ цохилт өгөх цэргийн хүчээ сэргээх гэсэн хоёрдмол бэрхшээлтэй тулгарсан. Энэ бол мэдээж бидэнд маш тааламжгүй боловч үнэн бодит зүйл. Ингэхгүй бол Орос цаашид тэмцэх чадваргүй болно” гэж Барронс хэлэв. “Миний тооцоолсноор Орос, өөрөөр хэлбэл Оросын удирдлага энэ дайныг зогсоохыг огт хүсэхгүй байна. Үүнд л Украин төдийгүй барууны орнууд дүгнэлт хийж Украиныг тууштай дэмжих ажлыг үргэлжлүүлэх ёстой” гэжээ.

Генерал Барронс Орос-Украины дайныг дуусах гурван өөр хувилбар байна гээд Украины ард түмэн аль замаар явахаа шийднэ гэж тэмдэглэв.

Эхний хувилбар бол Украин тэмцлээ үргэлжлүүлэхээс татгалзах явдал юм. Шалтгаан нь оросуудыг эзэлсэн нутаг дэвсгэрээсээ бүхэлд нь хөөж гаргахад хэтэрхий их хүчин чармайлт, цус, мөнгө, хөрөнгө зарцуулна гэдгээс шантран ялалтдаа үл итгэх явдал гарч магадгүй юм.”Миний бодлоор, энэ бол зүгээр л аймшигтай шийдвэр байх бөгөөд Украин үүнийг хийнэ гэдэгт би л лав итгэхгүй” гэж тэр онцлов. Нөгөө нэг арга нь зэвсэгт тэмцлээ түр зогсоох явдал юм. Дайны талбарт ялалт байгуулах цэргийн хүч байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, эвлэрэх бус, түр зуурын гал зогсоохыг тунхаглана гэсэн үг. “Энэ бол ялагдал, алдагдлыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш, харин одоогийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, зэвсэгт мөргөлдөөнийг түр зогсоох явдал юм. Харамсалтай нь хоёр тал түр завсарлагааг ашиглан хүч чадал, зэвсэглэлээ сайжруулж, дайн цаашид улам их үхэл, сүйрлээр дахин үргэлжлэх учир энэ бас л боломжгүй хувилбар. Гэтэл барууны зарим улстөрчид Украиныг шахаж энхийн хэлэлцээр хийхийг шаардан барууны дэмжлэгийг зогсооно гэж заналхийлэх явдал гарч байна. Гэхдээ бас “Хүч чадал нь хангалтгүй байх үедээ ялах гэж оролдохын өртөг нь Украин Оросын хүчирхэг хамгаалалтад цохилт өгөх гэж хүчээ шавхсанаар олж авсан бүх зүйлээ алдах болно гэдгийг мартаж болохгүй” гэж Барронс хэлэв. Өөрөөр хэлбэл, Украины Зэвсэгт хүчин фронтын шугамд байгаа оросуудад байнгын дарамт шахалт үзүүлж, өвлийн улиралд ч гэсэн хүчийг нь аажмаар шавхаж дуусгах ёстой. Энэ хооронд барууны дэмжлэг Украины цэргийн хүчийг бүрэн чадавхжуулан хүчирхэг болгон хөгжүүлэх шаардлагатай бөгөөд ингэснээр дараа жил нь тулалдааны талбарт итгэл үнэмшилтэй ялалт байгуулна.Учир нь чи илүү давуу хүч бий болгож чадвал ялалт хурдан ирэх төдийгүй хүлээх алдагдал ч бага байх болно” гэв. “Ийм зүйл бий болгохын тулд Хар тэнгисийн флот руу байнга довтолж, Оросын олон нийтийн санаа бодолд нөлөөлөх замаар Оросын байлдааны чадавхыг газар сайгүй улам бүр сулруулах хэрэгтэй. Тиймээс Москвад дроноор цохилт өгөх нь цэргийн биш юмаа гэхэд Украин ялна гэдгийн бэлгэдэл болсоор байх болно” гэж Барронс хэлэв.

Энэ гурав дахь хувилбарын онцлог нь Украины ард түмнээс урт удаан, хүнд хэцүү дайнд бэлэн байхыг шаардаж байгаа явдал юм.Үүний тулд барууны тогтвортой дэмжлэг хэрэгтэй.

Генерал Барронс Украинд жил бүр 100 тэрбум ам.доллар өгөх нь “баруун орны эдийн засагт сөрөг нөлөөгүй нийцэх боломжтой” гэж онцлов.

Барронс дайн хурдан дуусахгүй гэж таамаглаж байна гээд би ийм ямар ч урьдчилсан нөхцөл олж харахгүй байна гээд “Одоо тодорхой байгаа цорын ганц зүйл бол энэ дайн дуусаагүй байна. Хоёр тал цаашид тулалдах шийдвэр төгс байгаа бөгөөд барууны орнууд Украиныг аль болох урт хугацаанд дэмжихээ амлаад байгаа явдал” гэж хэлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Ромын Папын түүхэн айлчлалыг оросууд муулахгүй DNN.mn

Литва улс өөрийн улсад суугаа Ватиканы төлөөлөгчийг Оросын хаадын тухай Ромын Пап ламын мэдэгдэлтэй холбогдуулан “ярилцахаар” дуудав. Ромын Пап Францис Орост хийсэн цахим уулзалтаар “агуу эзэнт гүрний” тухай хэлсэн үгтэй нь холбогдуулан Литвийн Гадаад хэргийн яам Ватиканаас тус улсад суугаа албан ёсны төлөөлөгчийг дуудаж, яриа өрнүүлэх болсон нь энэ юм. Литвийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Паулина Левиските “Энэ уулзалт ирэх сарын эхээр, хамба лам Петар Ражич амралтаасаа буцаж ирэхэд болно” гэж хэлснийг “BNS” агентлаг мэдээлэв.

Литва нь тусгай төрийн шашингүй боловч 2021 оны хүн амын тооллогоор тус улсын оршин суугчдын 74.2% нь Ромын католик шашинд харьяалагддаг болох нь тодорхой болсон билээ. Мөн Литва нь Украины хамгийн тууштай холбоотнуудын нэг юм.

Өнгөрсөн баасан гаригт Ромын Пап лам Францис Санкт-Петербургт болсон католик шашны арга хэмжээний үеэр цахимаар үг хэлэхдээ “ Бусдын газар нутгийг хүн амтай нь эзлэн түрэмгийлсэн Петр I болон II Екатерина хаадыг гэгээнтэн гээд Оросын эзэнт гүрнийг гэгээрсэн, агуу соёл, агуу их гүрэн” хэмээн Оросын өнөөгийн суртал ухуулгатай адил зүйл айлдсан нь Украины албаныхан төдийгүй Украины католик сүмийн удирдлагын уур бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Ватиканы Гадаад асуудал хариуцсан төлөөлөгчийн газраас “Ромын Пап лам Оросын эзэнт гүрнийг магтах гээгүй, харин түүхэн хүмүүсийг зөвхөн он цагийн тодруулга болгон дурдсан” гэж тайлбар тавиад байгаа юм. Харин барууны хэвлэлүүд хэлэх үгэндээ байгаагүй зүйлийг Пап лам дур мэдэн айлдсан хэмээн шуугиан тариад байна. Ийнхүү Санкт-Петербургт болсон Бүх Оросын католик шашны залуучуудын 10 дахь уулзалтын хүрээнд хийсэн Ромын Пап Францисын видео мессежийг тойрсон дуулиан намжихгүй байна.

Хамба лам “Оросын түүхийг мэддэг” гэдгийг Москва сайшааж, энэ тухай залуучуудад сануулах нь чухал гээд үүний зэрэгцээ Оросын түүхэн өв “зөвхөн Петр эсвэл Екатеринагаар хязгаарлагдахгүй, илүү эртний зүйл юм” гэж мэдэгдэв. Харин Украины ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Олег Николенко “Оросын архагшсан түрэмгийллийн гол шалтгаан болдог Орос агуу гүрэн гэсэн хийрхэл Ромын Пап ламын амнаас ухамсартай ч бай, ухамсаргүйгээр ч бай гарч байгаа нь үнэхээр харамсмаар явдал” гэж мэдэгдсэн билээ.

Оросын “Нет худа без добра” буюу “Сайн талгүй муу зүйл байдаггүй” гэсэн хэлц үг бий. Энэхүү шуугианы сайн тал нь юу ч гэж сурталдаж магадгүй “найдвар үгүй түнш” болох Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголд хийх Ромын Пап ламын тав хоногийн түүхэн айлчлалын талаар ямарваа нэгэн муу зүйл ярихгүй гэдэг нь тодорхой болж буй явдал юм. Учир нь Ромын Папын Монголд хийх айлчлалын бэлгэдэл дүрсийг Ватикан урьдчилан танилцуулсан бөгөөд энэхүү айлчлалын уриа үг нь “Hoping Together” буюу “Хамтдаа найдацгаая” байх юм. Ватиканы хэвлэлийн алба “Итгэл найдвар бол зөвхөн загалмайн шашнаар хязгаарлагдахгүй ойлголт. “Хамт” гэсэн үг нь Ватикан, Монголын хамтын ажиллагаа ямар чухал болохыг онцолж байгаа хэрэг. Энэ хоёр үг нийлээд Папын айлчлалын нийтлэг үзэл санаа, өвөрмөц байдлыг илэрхийлнэ” гэж тайлбарласан билээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Трампын шоронгийн зураг олон саяыг олжээ DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Жоржиа мужийн Фултон тойргийн шоронд сэжигтнээр бүртгүүлж зургаа авахуулсны дараа барьцааны мөнгөөр суллагдсан юм. Түүнийг 2020 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр Жоржиа мужийн сонгуулийн хороонд дарамт шахалт үзүүлсэн хэрэгт буруутган сэжигтэн болгоод байгаа билээ.

Цагдаа нар Трампын гэрэл зургийг нь авч материалд нь хавсаргасан юм. Ингэснээр тэр АНУ-ын түүхэнд сэжигтний гэрэл зураг авхуулсан анхны ерөнхийлөгч асан болж байна. Шоронд зураг авхуулсныхаа дараа Трамп “аймшигтай мэдрэмж”, “таатай санагдаагүй” гэх зэргээр ярьсан аж. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас сэтгүүлчид Трампын зургийн талаар сэтгэгдлийг нь асуухад “Царайлаг гарсан байна” хэмээн егөөдсөн байна.

Харин Трампын сонгуулийн штаб уг гэрэл зургийг нь хэвлэсэн аяга, цамц, малгай, стикер зэргийг борлуулаад хэдхэн өдрийн дотор $7 саяыг олжээ. Зөвхөн Баасан гарагт $4.18 саяыг олсон нь Трампын сонгуулийн кампанит ажлын түүхэнд нэг өдрийн дотор хамгийн их мөнгө орсон тохиолдол болсныг түүний штабын хэвлэлийн төлөөлөгч Стивен Чюн өчигдөр сошиал хуудсандаа мэдээлсэн байна. Энэ оны эхний хагаст Дональд Трамп сонгуулийн кампанит ажилдаа $53 саяын хандив цуглуулсан нь нийтэд тодорхой болоод байгаа билээ. Жоржиа мужийн сонгуулийн тойрогтой холбоотой хэргээс гадна Трамп өөр дөрвөн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ.

Үүнээс гадна Трамп 2021 оны нэгдүгээр сараас хойш өөрийгөө өмгөөлүүлэхэд 100 орчим хуульч, хуулийн фирмийг хөлсөлж, тэдгээрт нийтдээ $59.2 саяыг зарцуулжээ гэж “Aljazeerа” мэдээлжээ.

 Г.АМАРСАНАА 

Categories
гадаад мэдээ

БНХАУ хилээр орж ирж байгаа иргэдээс “Ковид-19” шинжилгээний хариу шаардахгүй DNN.mn

“Ковид-19” цар тахал гарснаас хойш гурван жилийн турш хаалттай байсан БНХАУ-ын хил энэ оны нэгдүгээр сараас гадаадын аялагчдад нээлттэй болсон.

Гэхдээ Хятадыг зорин ирж байгаа иргэд хил нэвтрэхээс 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгч, сөрөг хариутай гарсан байх ёстой гэсэн шалгуур үйлчилсээр байсан юм. Тэгвэл маргаашаас эхэлж Хятадын хилээр нэвтрэгсдээс КОВИД-ын тестийн сөрөг хариу шаардахгүй болсныг мэдэгджээ. Тодруулбал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Даваа гарагт яамны энэ мэдэгдлийг олон нийтэд танилцуулсан байна. Хилээр орж ирэх хүмүүсээс Ковидын тест шаардахаа больж байгаа ч хүссэн хүн бүхэн тест өгөх нь нээлттэй, одоо ч вирусээр өвчилсөн иргэдийг бүртгэж авсаар байна гэдгийг мэдэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

“BRICS” өргөжив үү, агшив уу? DNN.mn

Энэ жилийн “BRICS”-ийн дээд хэмжээний чуулганыг зохион байгуулсан ӨАБНУ-ын ерөнхийлөгч Сирил Рамафоза шинэ гишүүдийг сонгох зарчим, стандарт, шат дараалал дээр одоогийн гишүүд санал нэгдэж чадсан тухай мэдээлэв. Гэхдээ тэр яг ямар шалгуурууд тавьсан талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Тухайлбал 274 сая хүн амтай Азийн хүчирхэг орон Индонез хүсэлт гаргасан ч элсэж чадаагүй байна. Нийт 20 гаруй улс элсэх хүсэлт гаргаснаас “BRICS”-ийн одоогийн таван гишүүн орны санал нэгдсэн улсуудыг энэ удаа сонгон шалгаруулсан гэжээ.

Өрнөдийн хөгжингүй орнуудтай өрсөлдөж, хүчний харьцааг тэнцүүлэх зорилготой “BRICS”байгууллагыг Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсууд үүсгэн байгуулсан.Хөгжиж буй улсуудын эдийн засгийн бүлэг болох энэхүү “BRICS” байгууллагад Иран, Саудын Араб, Египет, Аргентин, Арабын нэгдсэн Эмират, Этиоп улсууд ирэх оноос эхлэн гишүүнээр нэмэгдэх болж байна. Гэхдээ эдгээр шинэ гишүүн орнууд хоорондоо нэлээд ялгаатай буюу дарангуйлагч дэглэмтэйгээс эхлээд хөгжиж буй ардчилалтай, дунд орлоготойгоос бага орлоготой гээд янз бүрийн түвшний орнууд байгаа юм.

“BRICS”-ийн шинэ гишүүд тус байгууллагаас юу хожих нь тодорхойгүй байна. Одоогоор энэ нь юу юунаас илүү бэлгэдлийн чанартай, дэлхийн дэг журмыг өөрчлөх гэсэн хөгжиж буй ертөнцийн хүсэл эрмэлзэл мэт харагдаж байна” гэж Америк хоорондын яриа хэлэлцээ байгууллагын Ази, Латин Америкийн хөтөлбөрийн захирал Маргарет Майерс тайлбарлан хэлжээ. Энэ байгууллага Иран улсыг элсүүлснээр улам бүр өрнөдийн эсрэг, ардчиллын эсрэг, улс төржсөн байгууллагын шинжтэй болж байна. Харин Аргентины хувьд эдийн засгийн хүндрэлээсээ гарахын тулд шинэ боломж, шинэ зах зээл хайж байна. “BRICS”-ийн гишүүн болсноор шинэ зах зээлд нэгдэх, хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг өсгөх гарц гэж харж байгаагаа тус улсын ерөнхийлөгч Альберто Фернандес илэрхийлсэн. Мөн Этиоп улсын хувьд “бага орлоготой” улсын ангилалд багтдаг “BRICS”-ийн цорын ганц гишүүн болж байна.

“Хятад, Оросын хувьд энэ нь ялалт болж байна. Тэд “BRICS”-ийг өргөжүүлэх бодлогыг сүүлийн таван жилийн турш тулгаж байсан. Хятадын хувьд Бээжинд төвтэй дэг журмыг тогтоох зорилго нь үргэлжилж байна. Оросын хувьд энэ нь одоогийн ганцаардлаас гарах нэг боломж юм. Харин Бразил, Энэтхэг улсууд Хятад зэрэг илүү хүчирхэг гишүүний дэргэд нөлөө нь буурч байгаа тул өргөжүүлэх сонирхол төдийлөн байгаагүй гэж бодож байна” гэж Олон улсын стратеги судлалын төвийн дэргэдэх Америкийн хөтөлбөрийн захирал Риан Бэрг хэлжээ.

“BRICS”-ийн өргөжилтөд хайхрамжгүй хандаж болохгүйг судлаачид бас анхааруулж байна.“Энэ бол Их долоо болон өрнөдийн бусад тоглогчдын хувьд хайхрамжгүй хандаж болохгүй чухал үйл явдал. Шинэ гишүүдээр өргөжсөнөөр, ялангуяа газрын тосны том үйлдвэрлэгч нэмэгдсэнээр “BRICS” нь дэлхийн эдийн засаг, хүн амд том байр суурьтай болж байна” гэж Маргарет Майерс хэлжээ.

ӨАБНУ-д болж өнгөрсөн энэ удаагийн “BRICS”-ийн чуулган эдийн засгийн гэхээсээ улс төрийн “тоглолт” болж өндөрлөв. Учир нь “BRICS” дэлхийн мөнгөний 25 хувийг л бий болгодог. Энэ бүлэг цаашид ам.доллараар худалдаа хийхгүй гэж байгаа бол хэдэн гишүүн нэмсэн ч эдийн засаг нь улам л агшиж энэ тоо улам л багасна.Энэ удаагийн улс төрийн тоглолтод өөр улсад очиж баривчлагдахаас айсан Путин цахимаар оролцов. Чуулганы гол зорилго болох “Манай байгууллага олон гишүүнээр өргөжих гэж байна” гэсэн мессеж нь үнэндээ Хятад, Орос гэх мэт дарангуйллын тогтолцоотой улсуудын дотооддоо зориулсан тоглолт байв. Мөн дэлхийн улсууд дарангуйлагч, дундыг баригч, ардчилсан гэсэн бүлэгт нэгэнт хуваагдан нэгдсэн нь энэ чуулганаар бүрэн тодорхой болов. Учир нь НҮБ-ын гишүүн улсуудын 3/2-оос хамаагүй илүү гарах улсууд ардчилсан улсуудын бүлэгт нэгдээд байгаа бөгөөд энэ нь ирэх саруудад болох НҮБ-ын нэгдсэн чуулганаар дүрэмдээ өөрчлөлт оруулан Орос, Хятад хоёрыг Аюулгүй байдлын Байнгын хорооны гишүүнээс түдгэлзүүлэх эсвэл хасахад хангалттай “хүч” юм. Иймээс “BRICS” үнэн хэрэгтээ өргөжөөгүй харин ч эрчимтэй агшиж байна.

Г.АМАРСАНАА