Categories
гадаад нийгэм

Асуудал болж байсан “ATACMS пуужин” DNN.mn

Олон удаа Украины талаас хүсэлт гаргаж байсан холын тусгалтай “ATACMS” пуужинг АНУ нийлүүлэхийг зөвшөөрөв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ATACMS”-ийг ихэвчлэн алсын тусгалтай пуужин гэж нэрлэж байгаа нь буруу юм. Үнэндээ энэ нь Оросын “Точка У”, “Искандер” эсвэл Украины “Алдер”-тай адил тактикийн пуужингийн ангилалд багтдаг пуужин. Украйн улс 2022 оны зунаас хойш ашиглаж байгаа “GMLRS” гэх өндөр нарийвчлалтай тусгалтай, 90 км-ийн зайд тусдаг пуужингуудаас хамаагүй хол буюу 300 км зайд бай устгах чадвартай учир “ATACMS”-ыг ингэж буруу нэрлээд байгаа билээ. Учир нь тактикийн пуужинг бодвол хамгийн ойрын зайн алсын тусгалтай баллистик пуужингийн тусгал нь 500 км-ээс эхэлдэг билээ.

“ATACMS” болон “GML­RS” пуужинг “HIMARS” болон “MLRS M270” хөөргөгчөөс харвадаг. Харин “ATACMS” пуужинг хөөргөхдөө зургаан жижиг пуужин харвадаг суурьны оронд нэг том суурь ашигладаг. Энэ нь “HIMARS”-аас нэг, харин “MLRS M270”-аас хоёр “ATACMS” пуужин харвана гэсэн үг.

“ATACMS” гэх тактикийн пуужин нь дайсны фронтын удирдлагын төв, харилцаа холбооны төвүүд, их бууны болон агаарын довтолгооноос хамгаалах систем, нисэх онгоцны буудал, гүүр, цэргийн бөөгнөрөл зэргийг устгах зорилгоор бүтээгдсэн. Иймээс “АТАКМС”-ын 300 километрийн тусгал нь Украины Зэвсэгт хүчин Оросуудад стратегийн зорилттой цохилт өгч, дайны үр дүнд нөлөөлөх бүрэн боломжтой юм.

“ATACMS” пуужингуудыг 1970-аад оны сүүлээс боловсруулж эхэлсэн бөгөөд 1991 онд “Цөлийн шуурга” ажиллагааны үеэр байлдаанд анх ашигласан бөгөөд маш үр дүнтэй зэвсэг болох нь тэр дороо батлагдсан. Энэ пуужин гүүр, бункер зэрэг бэхлэгдсэн байг онох өндөр тэсрэх чадвартай байлдааны цэнэгт хошуутай, том талбай дахь байг онох зориулалттай задардаг сумтай гэсэн хоёр янз байдаг. АНУ эхний ээлжинд Украинд задардаг пуужин нийлүүлэхээр болсон байна. “ATACMS” -ийн задардаг пуужин нь дотроо “HIMARS” болон “MLRS M270”-ийн зургаа эсвэл 12 пуужин нэгэн зэрэг харваж 12.5 болон 25 мянган ам.м талбайд ил байгаа цэрэг, хөнгөн хуягтыг устгадаг задардаг пуужинтай адил, мөн 13 задарч тус бүр нь бусадтайгаа давхцахгүйгээр өөрсдөө байгаа сонгон танк болон бэхлэлт устгадаг гэсэн хоёр янз байдаг. Энэхүү хоёр төрлийн задардаг пуужинг Украин эхний ээлжинд авах гэж байна. Гэхдээ “АТАКМС” бол Киевийн авах цорын ганц холын тусгалын пуужингийн систем биш юм. Герман, Шведийн хамтран үйлдвэрлэсэн 500 км тусдаг “Taurus” далавчит пуужинг тэд тун удахгүй хүлээн авах бол өнөөдөр Украины арми Английн 560 км-т тусдаг “Storm Shadow” далавчит пуужинг Оросын армийн эсрэг маш амжилттай ашиглаж байна.

Categories
гадаад мэдээ

Уулын Карабах гэх “Дарьтай торх” DNN.mn

Уулын Карабах дахь цэргийн ажиллагаа хэт хурдацтай явагдсан ч дэлхийн том хэвлэлүүд энэ явдалд анхаарал хандуулах цаг гаргаж амжив. Энэ сарын 19-нд Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев тус бүс нутагт цэргийн ажиллагаа явуулж эхэлснээ зарласан бол маргааш нь олон улсад бүр Арменд хүртэл хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан Уулын Карабахын бүгд найрамдах улс (УКБНУ)-ын эрх баригчид Бакутай бүрэн гал зогсоож, зэвсэгт хүчнээ татан буулгах тухай тохиролцоонд хүрснийг зарлав.

Бүтэн 33 жил тасралтгүй явуулсан зөв бодлогынхоо үр дүнд гадны хөрөнгө оруулалтыг амжилттай татаж өөрийн иргэдийн амьдралыг сайжруулан нэгтгэж, найрсаг бус харьцаатай бүр зэвсэг зөрүүлж байсан, хүчтэй армитай Турктэй холбоотон болж цэргийн хүчээ Орос, Арменийн армиас илүү шинэ зэвсэгтэй болгосон Илхам Алиев өөрийн улсын мэдэлд байсан Уулын Карабахад Арменийн армийг хэдхэн хоногт бут цохиж байсан нь саяхан болж өнгөрсөн явдал. Тэгвэл “Der Spie­gel” сэтгүүлийн тоймч Кристиан Эш 2020 оноос хойш Карабахын бүсэд Оросын энхийг сахиулах хүчин “эргүүл хийж байсан”-аас Азербайжаны тал энэ хугацаанд энэхүү бүс нутагт “бөмбөг, пуужин хэрэглэж чадахгүй байсан” явдал өнөөдрийг хүртэл “сайн тал болж байсан” гэж бичжээ. Тэрбээр “Тэгвэл сая яагаад Оросын энхийн сахиулагчид Бакуд өчүүхэн ч саад тотгор учруулж чадсангүй вэ?” гэсэн асуулт тавиад “Энэ үйл явдал Орос Өмнөд Кавказ дахь бүх нөлөөгөө алдсан гэдгийг батлан харуулж байна. Энэ явдал нь Орос жижиг хөрш Азербайжандаа нөлөөлж чадахгүй болсон гэсэн үг. Хэрэв танд Путины Украины эсрэг хийсэн түрэмгийллийн дайн Оросыг хэрхэн сулруулсан тухай нотлох баримт хэрэгтэй байгаа бол энэ явдал тэр баталгаа чинь яах аргагүй мөн” гэж тайлбарлан бичсэн байна. Бас “Frankfurter Allgemeine Zeitung (FAZ)” сонины сэтгүүлч Александр Ханеке “Уулын Карабах дахь хамгийн сүүлийн үйл явдлын ялагдал хүлээсэн талуудын нэг бол яах аргагүй Орос мөн” гэж бичжээ.

Тэрбээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй УКБНУ-ын эрх баригчид “бодитоор буун өгч, зэвсгээ хураалгаж байгаагаа “гал зогсоох хэлэлцээр” гэж танилцуулсан нь “ялагдагчдын нүүр царай, тэр дундаа Арменийн аюулгүй байдлын баталгаа болж байсан Орос улсын нэр хүндийг аврах зорилготой арга ядсан үйлдэл. Учир нь Москва өнөөдөр Алиевийг эсэргүүцэж юу ч хийж чадахгүй болчихсон” гэж бичжээ. Мөн тэрбээр “Уулын Карабахын мөргөлдөөн дуусаагүй байна. Бакугийн мэдэлд дахин орсон энэ нутагт урьд нь дайжин явсан азербайжанчууд буцан ирж, эндхийн арменчууд мөрдлөг хавчлагад өртөж эхлэх нь бүрэн үндэслэлтэй. Ийм “шинэ гэмт хэрэг” гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг Азербайжаны эрх баригчдад нөлөөлөх ёстой. Эс тэгвээс хуучин хамгаалагч гэгдэж байсан Орос улс шүдгүй баавгайн дүрд хувирсантай адил хүний эрхийг хамгаалдаг барууны орнууд ч мөн адил дүр төрхтэй болох болно” гэж “FAZ”-ийн сэтгүүлч онцолжээ. Үнэхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Францын санаачилгаар Уулын Карабахын асуудлыг авч хэлэлцсэн бол АНУ-ын Конгресс Азербайжанд эдийн засгийн хориг тавьна гэж анхааруулаад байгаа юм. Мөн “Tagesschau” сэтгүүлийн шинжээч Сильвия Штёбер “Азербайжаны тал өөрийн иргэдээ нутгийн армен үндэстэн энгийн иргэдийн эсрэг харгислал үйлдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд Уулын Карабахаас арменчуудыг эмх цэгцтэй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай” гэж бичжээ. Харин Уулын Карабахаас ирсэн хэдэн арван мянган арменчуудыг байрлуулах, тэдэнд анхаарал халамж тавих нь Ераваны хувьд нэлээд хэцүү асуудал. Үүний зэрэгцээ Арменд Оросын эсрэг дургүйцэл улам нэмэгдэж байна гэж “Tagesschau”-гийн сэтгүүлч тэмдэглээд “Одоо Арменийн Ерөнхий сайд Пашиняны төлөө гудамжинд гарах иргэд олдох нь юу л бол. Гэвч Оросын суртал ухуулгаар засгийн газраа унагахаар жагсаж буй оролдлого нь армен иргэдийн үнэмлэхүй дэмжлэгийг авч чадахгүй” гэж Стёбер онцолжээ.

ЗХУ задарсны дараа Кремль тус бүс нутагт Туркээр дамжин орж ирэх НАТО-гийн нөлөөг хаах бас Иранд “сайн хүн” болж харагдах гэж Арментай хамтран 11 сая хүн амтай Азербайжан улсын Ираны нутагт байгаа 25 сая азербайжанчуудтайгаа хиллэж байсан хэсгийг таслан Уулын Карабахын бүгд найрамдах улс гээчийг байгуулсан нь ийнхүү буцан эх нутагтаа нэгдэв. Энэ нь исламын шашнаар түрий барьдаг Ираны дарангуйлагч дэглэмийн хувьд нэг талаас АНУ, Израиль болон шашны маргаантай Арабын хүчирхэг улсуудын нэгдэл нөгөө талаас Турк, Азербайжан, Казакстан гэсэн “хайчин галд” өртөхөд бэлэн болсон гэсэн үг.

Өөрөөр хэлбэл саяхан Сочид Орос, Туркийн ерөнхийлөгч нар уулзаж Хар тэнгисээр тээвэрлэх Украины үр тариаг бус Армен, Уулын Карабах хоёрыг хэрхэн “золигт гаргах” талаар тохиролцоо хийсэн нь тодорхой болж орхив. Иймээс В.Путин Батлан хамгаалахын сайдаа яаралтай Иранд айлчлуулсан аж. Учир нь Иранд байлдаан эхэлбэл АНУ болон барууны улсууд Украинтай манатай болно гэж Кремль тооцож буй бололтой.

Гэхдээ эртний худалдаа, наймааны ухаантай Иран очиж очиж Москвагийн ийм урхинд орох нь юу л бол. Тэгээд ч англи-саксончууд хаана, хэдийд яаж байлдаан хийж, хэрхэн ялахаа аль хэдий нь хэд хэдэн хувилбараар тооцоолчихсон байгаа нь гарцаагүй. Ямартаа ч Өмнөд Кавказ дахь гурван улсын дунд бий болоод байсан Уулын Карабах гэх “Дарьтай торх” тэлэн хориод улсыг хамрахаар болж бүр ч томорч орхив.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Филиппиний нийслэлийн ойролцоох галт уул идэвхжиж эхэлжээ DNN.mn

Өчигдөр буюу есдүгээр сарын 22-нд  Филиппиний нийслэл Манила хотын ойролцоох Таал хэмээх жижиг галт уулын идэвхжил нэмэгджээ.

Галт уулаас ялгарч буй хүхрийн давхар исэл, утааны хэмжээ дундаж түвшнээс давсан тул эрх баригчид таван хот болон олон арван суурингийн сургуулиудыг хааж, хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.

Манилагийн ойролцоох Батангас мужийн үзэсгэлэнт нуур орших 311 м өндөр Таал уул бол Филиппин дэх 24 галт уулаас хамгийн идэвхтэй нь юм.

Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сард 15 км өндөрт үнс, уур цацах үед 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, олон арван нислэгийг цуцалж байжээ.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хуралдаан DNN.mn

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан эхлэхэд ОХУ-ын НҮБ дахь суурин төлөөлөгч Василий Небенза хэд хэдэн удаа Украины ерөнхийлөгч эхлэн үг хэлэх ёсгүй гэж маргасан ч уг хуралдааныг даргалж буй Албаны ерөнхий сайд Эди Рама ийм дүрэм журам байхгүй гэдгийг Оросын талд сануулж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад үг хэлэх зөвшөөрөл олгов. Оросын эхлүүлсэн түрэмгий дайнаас болж Украины иргэд төдийгүй дэлхий нийт хэрхэн хохирч байгааг баримтаар нотлон дурдав. Дараа нь Украины ерөнхийлөгч үг хэлсэн бөгөөд тэрбээр үг хэлснийхээ дараа өөрийн “Х” хуудсанд “Хүндэт Эди Рама аа, та өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр Оростой хэрхэн зөв харьцах ёстойг батлан харуулж Оросын суурин төлөөлөгчийн худал хуурмаг, хоёр нүүртэй байдлыг дэлхий нийтэд илчлэн харууллаа” хэмээн Албанийн ерөнхий сайдад талархал илэрхийлсэн юм.

Владимир Зеленский НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцож буй ОХУ-ын төлөөлөгчдийг худалч хэмээн нэрлэж, НҮБ-ыг мухардалд хүргэсэн нь гагцхүү Оросын хориг тавих эрх гэдгийг мэдэгдээд энэхүү хоригийг хэрэглэх дүрмийг өөрчлөхийг санал болгов. Тэрбээр “НҮБ-ыг яг юу үр дүнгүй болгож байгааг дэлхийн хүн бүр харж байна. Зөвлөлт холбоот улс задран унасны дараа хөшигний араар суудлыг нь хууль бусаар эзлэн авсан Аюулгүйн зөвлөлийн энэ суудалд Оросын түрэмгийлэл, бусад үндэстнийг хомроглон устгах ажлыг зөвтгөх үүрэгтэй худалч хүмүүс сууж байна. Түрэмгийлэгчийн гарт байгаа хориг тавих эрх нь НҮБ-ыг мухардалд оруулж буй зүйл юм. НҮБ-ын одоо байгаа систем нь цөөхөн хэдхэн улсад энэхүү хориг тавих эрхийг олгож байгаа, бусад нь ямар ч улс байсан тэдний дор ордог тэгш бус байдлыг бий болгож байгааг Украины ерөнхийлөгч Владимир Зеленский онцлон дурдаад НҮБ-ын бусад бүх гишүүнд хохирол учруулж байгаа энэхүү хориг тавих дүрмийг шинэчлэхийг санал болгов Украины ерөнхийлөгч НҮБ, түүний Аюулгүйн зөвлөл болон байнгын гишүүдийн эрх мэдлийг гурван хэсэгт шинэчлэхийг санал болгов. Үүнд Аюулгүйн зөвлөлийг дэлхийн өнцөг булан бүрийг төлөөлөх улсуудаар өргөтгөн байнгын гишүүний хоригийг бүх гишүүний 2/3-ын саналаар хүчингүй болгох эрхийг Ерөнхий ассамблейд олгох; Герман, Африкийн холбоо, Латин Америк, Япон гэх мэт Азийн орнууд болон бусад улсуудаар Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн тоог нэмэгдүүлэн улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдахаас урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, түрэмгийлэл гарсан тохиолдолд түүний эсрэг  НҮБ-ын хориг арга хэмжээ авах асуудлыг автоматаар авч үзэх тогтолцоог бий болгох; Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн түрэмгийлсэн тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болох гэсэн санал тавив. Владимир Зеленский мөн Украины дайныг зогсоох хоёр зүйл бүхий энхийн төлөвлөгөөгөө зарлав. Эхнийх нь 1991 оны хилийн хүрээнд Оросын холбооны улсын бүх цэрэг, Хар тэнгисийн флотыг Украины бүх нутаг дэвсгэрээс бүрэн гаргах явдал юм. Хоёрдахь нь Хар ба Азовын тэнгис, Керчийн хоолой дахь улсын хил, эдийн засгийн онцгой бүсийг бүхэлд нь Украины хяналтад бүрэн буцааж өгөх явдал юм. “Энэ хоёр заалтыг хэрэгжүүлснээр л байлдааны ажиллагаа шударга, найдвартай, бүрэн зогсох болно” гэж Украины ерөнхийлөгч хэлэв.

Зеленскийн дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Аюулгүйн зөвлөл дээр үг хэлж Оросын дайны украинчуудад үзүүлж буй гамшгийг өөрийн харсан баримтаар жишээ болгон ярьж “Орос улс Украинд өдөр бүр дайны гэмт хэрэг үйлдэж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна” гэж мэдэгдэв.

ХБНГУ-ын канцлер Олаф Шольц НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хуралдааны үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Украины эсрэг цэргийн түрэмгийлэл хийж байна хэмээн эрс шүүмжилж “Украин болон дэлхийн бусад оронд үргэлжилж буй зовлонгийн шалтгаан нь гайхалтай энгийн зүйл. Оросын ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхт хөрш Украиныг цэргийн хүчээр эзлэн авах империалист төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зорьж байна” гээд “Энэ дайнд олон арван мянган цэрэг, түүнчлэн Украины энгийн иргэд амь үрэгдсэн. Тоо томшгүй олон тооны Украины хүүхдүүд хулгайлагдсан. Оросын цэргүүд украинчуудыг алж, хүчиндэж, тамласан. Тэд хот, тосгоныг сүйрүүлсэн” гэж хэлжээ. Украины дайны үр дагаврыг дэлхийн бүх ард түмэн мэдэрч байна гэж канцлер онцолж, дэлхийн хүнсний хямралыг онцлон тэмдэглэв.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хуралдаанд оролцсон Японы ерөнхий сайд гэх мэт олон удирдагч уг зөвлөлийг өөрчилж бусад улсаар өргөжүүлэх асуудлыг дэмжив. Гэхдээ энд нэг асуудал бий. Энэ нь бүх гишүүний нэгдсэн чуулганаар 2/3-ын саналаар НҮБ дүрэмдээ өөрчлөлт оруулсан ч одоогийн дүрмээр эрх бүхий таван улсын аль нэг нь энэ асуудалд хориг тавьчихвал бүх зүйл ямар ч үр дүнгүй болох нь тодорхой байгаа юм. Иймээс дүрэмдээ өөрчлөлт оруулахын тулд бүх гишүүний 2/3-ын саналаар эхлээд хориг тавих магадлалтай улсыг НҮБ-аас түдгэлзүүлэх эсвэл хасах шаардлага бий болчихоод байна. Энэ түдгэлзүүлэх эсвэл хасах улс нь мэдээж ОХУ болж таараад байгаа юм. Гэхдээ хөшигний ард Оросыг энэ удаа НҮБ-д үлдээнэ гэж тохирон дүрэмдээ өөрчлөлт оруулах нэг арга бий. Яг яасан нь ирэх өдрүүдэд ойлгомжтой болно. Хамгийн гол нь Орос хасагдах эсэх нь чухал бус НҮБ өөрөө “Бүх “амьтад” тэгш эрхтэй, таван “гахай” бүр илүү эрхтэй” гэсэн ардчилалд харш, балай дүрмээ өөрчлөх шаардлагатай байгаа юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Changi” нисэх буудлаар паспортгүй нэвтрүүлдэг болно DNN.mn

Дэлхийн хамгийн тохь тухтай шилдэг нисэх онгоцны буудлуудын нэг болох Чанги-гаар дамжин өнгөрөх үйл явц ирэх жилээс улам хялбар болох аж.

2024 оноос эхлэн Сингапурын “Changi” нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй зорчигчдод зөвхөн биометрийн өгөгдлөөр паспортгүйгээр дамжин өнгөрөх боломжийг олгох бөгөөд үүний тулд хилийн шалган нэвтрүүлэх автоматжуулсан үйлчилгээг нэвтрүүлнэ гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдэгдлээ.

“Changi” нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх цэгүүдэд биометрийн өгөгдлийг нүүр царай таних программ хангамжтай хослуулан ашиглаад эхэлсэн аж.

Categories
гадаад мэдээ

BBC: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн эхний өдөр Украины асуудлаар хэн юу хэлэв? DNN.mn

Нью-Йорк хотноо нээгдсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн эхний өдөр индэр дээр гарч илтгэл тавигчид олон байсан ч оролцогчдын гол анхаарал Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлсэн үгэнд төвлөрч байв гэж “ВВС”-ийн сурвалжлагч Эмма Оуэн НҮБ-ын төв байрнаас мэдээлэв. Зеленский сонсогчдод "Украины эсрэг явуулж буй одоогийн дайны гол зорилго нь манай улс, ард түмэн, бидний амьдрал, нөөц баялгийг та нарын эсрэг эргүүлж, олон улсын дүрэм, журамд суурилсан дэлхийн дэг журмын эсрэг өөрийн зэвсэг болгон хувиргах явдал юм" гээд "Орос улс дэлхийг сүүлчийн дайн руу түлхэж байна. Гэвч Оросын энэхүү түрэмгийлэл дууссаны дараа дэлхийд хэн ч аль ч улс руу довтолж зүрхлэхгүй болгохын төлөө Украин чадах бүх зүйлийг хийж байна… Дайны гэмт хэрэгтэнгүүд шийтгэгдэж, албадан гаргасан, дайнаас дайжсан хүмүүс эх орондоо буцаж ирэх ёстой. Эзлэн түрэмгийлэгчид нутаг руугаа буцах ёстой” гэж мэдэгдэв.

НҮБ-ын индэр дээрээс Зеленскийн хэлсэн үгийг товчлон тоймлох аваас “Оросууд Украин руу довтолсноор дэлхий дахинд ноцтой аюул учирч байгаа нь тодорхой болсон тул Орос улсад цөмийн зэвсэг эзэмших эрх байх ёсгүй. Ерөнхийлөгч Путин хоол хүнс, эрчим хүч, цөмийн эрчим хүч зэрэг бүх зүйлийг зэвсэг болгон хэрэглэж байна. Москва Европын хамгийн том атомын цахилгаан станц Запорожьег эзэлж түүнийг “бохир бөмбөг” болгон хувиргасан. Оросууд эх орноо үзэн ядахад сургах зорилгоор манай хүүхдүүдийг Украинаас олноор нь хулгайлсан хэрэгт Оросын хүчний байгууллагынхан ч хариуцлага хүлээх ёстой. Дайны явцад талуудын бүх гэрээ хэлцэл нээлттэй байх ёстой болоод байгаа бөгөөд учир нь Путины холбоотон асан, “Вагнер”-ийн удирдагч Евгений Пригожиний хувь заяа Оростой гэрээ хэлцэл хийх нь ямар аюултай болохыг бидэнд батлан харуулсан” гэж онцлон мэдэгдсэн байна. Харин В.Зеленскийн өмнө үг хэлсэн Жо Байден “Энх тайванд хүрэх замыг Орос ганцаараа хааж байна” гэсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ эгзэгтэй мөчид Америк өөрийн хүлээх ёстой хариуцлагаа бүрэн ойлгож байна гэж мэдэгдээд, тус байгууллагын бүх гишүүдийг Оросын түрэмгийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэхийг уриалав. Тэрээр “Хоёр жил дараалан НҮБ-ын нэгдсэн чуулган Оросын эхлүүлсэн дайны сүүдэрт дарагдаж байгааг онцлоод "Орос улс дэлхий залхаж, Украинд харгис хэрцгий үйлдлээ үргэлжлүүлэхийг Кремльд зөвшөөрнө гэдэгт итгэж байна.

Иймээс би та бүхнээс асууя. Хэрэв бид түрэмгийлэгчийг тайвшруулахын тулд НҮБ-ын дүрмийн үндсэн зарчмуудаас татгалзвал энэ байгууллагын гишүүн бүр НҮБ-ын зарчмыг хамгаална гэдэгт итгэлтэй байж болох уу? Хэрэв бид Украиныг задлахыг зөвшөөрвөл аль нэг улсын тусгаар тогтнолын баталгааны тухай ярих боломжтой болох уу? Мэдээж үгүй ​​гэдэгт АНУ-ын Ерөнхийлөгч би итгэлтэй байна. Иймээс АНУ дэлхий даяарх холбоотнууд болон түншүүдийнхээ хамт Украйны эрэлхэг ард түмэнтэй мөр зэрэгцэн зогсож, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдал, эрх чөлөөг нь хамгаалсаар байх болно" гэж мэдэгдэв. Жо Байден илтгэлдээ Украины тухай ярихад маш бага цаг зарцуулан ялангуяа уур амьсгалын асуудал, хиймэл оюун ухааны талаар онцлон ярьсан гэж “BBC”-ийн Хойд Америкийн редактор Сара Смит мэдээлээд, гэвч түүний Украины талаар хэлсэн зүйл нь шуудхан бөгөөд илүү хатуу байр суурь баримталсан байв гэж онцолсон байна. Ерөнхийлөгч Байдены хэлсэн үгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэмжиж, Украины дайныг “Аймшиг тасралтгүй үргэлжилж буй цуврал” гэж нэрлэээд “Оросын эхлүүлсэн дайн хүний ​​амь насыг сүйтгэж, хүний ​​эрхийг бүдүүлгээр зөрчиж, гэр бүлүүдийг салгаж, хүүхдүүдийг айлган цочоож, итгэл найдвар, мөрөөдлийг нь эвдэж байна” гэж онцлов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн дэлхий нийтэд Украины хүнс, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордооны аль аль нь хэтэрхий хэрэгтэй байгаа бөгөөд үүнээс зах зээлийн тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдал хамаарна гэж анхааруулав. Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда Ерөнхий Ассемблэйд үг хэлэхдээ, Орос Украинд хийсэн түрэмгийллийг 1939 онд Нацист Герман болон Зөвлөлт Холбоот Улс хамтран Польш руу довтолж эзлэн түрэмгийлэл үйлдсэнтэй адилтгав. Тэрээр “Тэр үед ч, одоо ч бусдыгаа захирах гэсэн солиотой мөрөөдөл гарч байна. Гэхдээ энэ бүхэн өнгөрсөн, хэзээ ч эргэж ирэхгүй” гэж мэдэгдэв. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ВВС-д өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Байдентай санал нэг байгаагаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг Оросын түрэмгийллийг зэмлэн буруушааж, Украинд дэмжлэг үзүүлэх нь маш чухал гээд "Украины ард түмний эр зориг дэлхий нийтийг гайхшруулсан" гэж онцлон тэмдэглэв. НАТО-гийн удирдагч "Хэрэв бид Украины төлөө зогсоогүй бол дэлхийн аль ч улсын аюулгүй байдал алдагдах байсан. Гэхдээ энэ дайн хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй” гэж тэр хүлээн зөвшөөрөөд “НАТО болон олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Украин Оросын түрэмгийллийг сөрөн зогсож чадсан” гэж онцлон тэмдэглэв хэмээн “BBC” мэдээлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

А.Лукашенког хам гэмт хэрэгтэн гэж зарлав DNN.mn

Европын парламент А.Лукашенког Украины эсрэг үйлдсэн Оросын гэмт хэргийн хамсаатан гэж албан ёсоор зарлав. Европын парламент Беларусийн нөхцөл байдлын тухай тусгай тогтоол баталж, тус улсын “де-факто” удирдагч Александр Лукашенко болон түүний доод албан тушаалтнуудыг Оросын арми Украинд бүрэн хэмжээний цэргийн дайралт хийсэн гэмт хэргийн хамсаатан гэж тодорхойлон шийдвэр гаргасан байна.

Европын парламентын цахим хуудсанд нийтлэгдсэн баримт бичигт “Украины эсрэг Оросын үндэслэлгүй, түрэмгий дайн хийх нөхцөлийг хангаснаар Лукашенкогийн дэглэм Оросын үйлдсэн гэмт хэргийн хамсаатан болсон” гэж тэмдэглэжээ. Мөн “Энэ нь Украинд учирсан сүйрэл, хохирлыг хамт хариуцна гэсэн үг юм” гэж уг тогтоолд онцлон тэмдэглэсэн байна.

Үүнтэй холбогдуулан “Оросын Украины эсрэг үйлдсэн түрэмгийллийн гэмт хэргийн олон улсын тусгай шүүх нь зөвхөн Путин болон Оросын цэрэг-улс төрийн удирдлага төдийгүй Беларусийн удирдагчдыг шалгах эрх мэдэлтэй байх ёстой” гэж Европын парламентын гишүүд тэмдэглэжээ. Мөн Европын парламентчид Европын холбоо болон Европын холбооны улс орнуудад хандан түрэмгийллийн гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, Украины эсрэг үйлдсэн геноцидын гэмт хэрэгт холбогдсон Беларусийн албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдлыг баталгаажуулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг уриалсан байна. Энэхүү тогтоолд Беларусийн эрх баригчид Оросын армийг нутаг дэвсгэртээ байлгахыг зөвшөөрч, сум, техник хэрэгслээр тусалсан гэдгийг тусгажээ. Мөн нэмж дурдахад тэд “Вагнерын PMC”-ийн дайчдыг тус улсад нэвтрүүлэхийг зөвшөөрч, Украины Зэвсэгт хүчний ангиудыг байлдаанд оролцохыг хязгаарлах зорилгоор Украины хилийн ойролцоо өөрийн улсын цэргийг байршуулсан гэж уг баримт бичигт тэмдэглэжээ. Беларусийн эрх баригчид бас Украины хүүхдүүдийг албадан гаргахад оролцож, тэдний заримыг “Беларускали” компанийн эзэмшдэг Беларусийн Дубрава зусланд байршуулсан гэдгийг дурдсан байна. Иймээс Европын парламент Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс Лукашенког Владимир Путин, ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарын нэгэн адил баривчлах шийдвэр гаргах ёстой гэж үзсэн байна.

Лукашенкогийн дэглэм ОХУ-ын үйлдсэн гэмт хэргийн хамсаатан болохын хувьд Украинд учруулсан сүйрэл, хохирлын хариуцлагыг хамтран хүлээнэ гэж уг баримт бичигт мөн онцлон тэмдэглэжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Цэргийн шинжээчид дайны явцыг тайлбарлав DNN.mn

Израилийн цэргийн шинжээч Йигал Левин “DW News Show” нэвтрүүлэгт оролцон Украины дайны нөхцөл байдлын талаар тайлбар хийж, ОХУ, Украины армийн байлдааны талбар дахь давуу болон сул талын талаар ярилцлага өгсөн байна.

Йигал Левин “Оросын “Луугийн шүд” гэх бетонон пирамидууд нь үнэндээ асуудал биш байсан. Учир нь дайны түүхэнд байгаагүй олон тоогоор их талбайг минажүүлсэн бэхлэлтийн нүүрэн шугам буюу дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Оросын хамгаалалтын эхний шугам” гэж нэрлэж байсан хэсгийг украинчууд хэрхэн давах бол гэдэгт гол асуудал байсан. Энэ шугамыг даван туулж, Украины зэвсэгт хүчин одоо Токмак руу хөдөлж байна. Тэд Оросын хамгаалалтын гол шугамын ард гарч тулалдаан өрнүүлж байна. Хамгийн гол нь агаарт ноёрхож чадаагүй, бас цөөн тооны цэрэг зэвсэгтэй байгаа нөхцөлд урьд өмнө хэн ч хийж байгаагүй довтолгоог украинчууд амжилттай хийж байна. Тийм ээ, украинчууд дайнд шинэ стандарт тогтоож байна. Украин тулгарсан асуудлуудыг газар дээр нь дор бүр нь цаг алдалгүй шийдэж, тулалдааны талбарт урагшилсаар байна. “Суровикины шугам” гэх Оросын бэхлэлтийн гол шугамыг давсан Украины армийн хүч суларч ухрах шинжийг би харахгүй байна. Гэхдээ Оросын бүх бэхлэлтийг давна гэдэг ямар ч арми байсан тийм ч хурдан хийчих ажил биш.

Оросын арми ч бас суралцаж, сурч байна. Тийм ээ, Украин улс энэ байлдаанд дроныг анх ашиглаж байсан бол Орос үүнийг маш хурдан хуулбарлаж, одоо бас ашиглаж байна. Гэхдээ байг илрүүлэхээс эхлээд устгах хүртэл энэ нь бүхэл бүтэн “гинжин урвал” шаарддаг ажил бөгөөд оросууд үүнд Украиныхаас илүү урт хугацаа зарцуулж байна. Дахин хэлэхэд, Украин улс их буу пуужингийн батерейны эсрэг дайнд өөрөөр хэлбэл дайсны зэвсгийг устгахдаа илүү сайн байгааг бид харж байна. Үүнийг эдгээр зэвсгийг устгасан бодит статистик мэдээллээс та бид харж болно. Оросын устагдсан 5-6 их буу тутамд нэг украин их буу оногдож байна. Энэ өгөгдөл Украин илүү хурдан илрүүлж, илүү хурдан цохиж байгааг харуулж байна.

Сонгодог утгаар дайн бол байнга эмх замбараагүй байдал бий болгодог зүйл бөгөөд командын үүрэг бол энэхүү эмх замбараагүй байдлыг цэгцлэн нэг чигт чиглүүлэн амжилт гаргах явдал. Дрон, робот гэх мэт олон улсын конвенцид байдаггүй шинэ зүйлс энэ замбараагүй байдлыг улам замбараагүй болгож байна. Харин энэ бүх замбараагүй байдлыг замбараатай болгох тал дээр Оросын удирдлага үнэхээр тааруухан байгаа бөгөөд харин Украины удирдлага дайны энэ эмх замбараагүй байдалд илүү үр дүнтэй ажиллаж чадаж байна гэдгийг онцлох ёстой” гэж ярьжээ.

Америкийн Дайны судлалын хүрээлэн(ISW)-гийн шинжээчид Украины арми энэ жил дахин 30-45 хоног цаг агаарын таатай нөхцөлд довтлох боломжтой байгаа бөгөөд үүний дараа Украины зэвсэгт хүчний давшилт “Намрын борооны улмаас тасарч магадгүй” гэсэн байна. Тэгвэл Мюнхен дэх Бундесверийн их сургуулийн олон улсын улс төрийн профессор, Германы цэргийн шинжээч Карло Масала “DW”-д энэ явдлыг илүү тодруулан тайлбарласан ярилцлага өгчээ. Тэрбээр “Украины сөрөг довтолгоон энэ дайнд дүн шинжилгээ хийж байгаа хэний ч гайхаш төрүүлэхгүй тийм асуудалтай тулгарсан. Орост хүчирхэг хамгаалалтын шугам барих хангалттай хугацаа байсан тул Украины Зэвсэгт хүчин хурдан амжилт гаргахгүй, довтолгоон удаан бас хэт их “өвдөлт”-тэй, илүү цус урсгах нь эхнээсээ тодорхой байсан. Иймээс Украины арми сөрөг довтолгоонд бахдам амжилт гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөх нь бодит үнэнд нийцнэ. Учир нь Украины Зэвсэгт хүчин хамгаалалтын хоёрдугаар шугамыг нэвтлэн, довтолгооныхоо үйл ажиллагааны талбарыг улам өргөжүүлж байна. Оросын хамгаалалтын гурав дахь шугам, хүчирхэг бэхлэлтүүд Токмакийн эргэн тойронд баригдсан боловч Токмакаас цааш ийм бэхлэлт байхгүй байгаа юм. Иймд ирэх долоо хоног, саруудад Украины сөрөг довтолгоон илүү амжилттай болох магадлал өндөр. Үүнийг амар зүйл гэж үзэх ёсгүй, гэхдээ энэ нь боломжтой зүйл юм.

Мэдээж Украины зэвсэгт хүчин энэ жил Азовын тэнгисийн эрэгт хүрч чадахгүй гэдэгт би итгэлтэй байна. Иймээс дайн цааш үргэлжлэх нь ойлгомжтой. Украины дараагийн довтолгоо ирэх оны хавар болох бөгөөд энэ үед Украин аль хэдийнэ “F-16” сөнөөгчтэй болчих бөгөөд энэ нь агаарт ноёрхох том давуу тал болно, учир нь одоо Украины хамгийн сул тал бол Оросын агаарын давуу тал буюу фронтод байрлах механикжсан бригадууд нь агаарын хамгаалалтгүй байгаа явдал. Иймээс ирэх жил дайн үргэлжилж, Украины зэвсэгт хүчний давшилтын амжилтыг бид дахин харах болно.

Баруунд “Украины ядаргаа” гэх ойлголт бий болсон. Миний бодлоор энэ нь хоёр хүчин зүйлээс үүдэлтэй. Нэгдүгээрт, Барууны нийгэм Киевийг бүслэлтэд байх үед Украины дайныг илүү сонирхож байсан. Учир нь оросууд Украины нийслэлийг эзэлсэн бол НАТО-гийн хилд шууд тулах байсан бөгөөд оросууд цаашид юу хийх бол гэсэн асуудал нийтийг хамарч байв. Одоо олон хүний хувьд энэ нь зүүн зүгт болж буй дайн болж хувираад байна. Өөрөөр хэлбэл ойрын ирээдүйд орос цэргүүд Балтийн орнууд эсвэл Польшийн хилийг давах эрсдэл бага болчихсон. Хоёрдугаарт, Баруун Европ сүүлийн 70 жилийн хугацаанд томоохон дайн хийгээгүй учир хурдан амжилтад хүрнэ гэж хүлээж байсан. Энэ бол ардчилсан нийгмийн өөрийн онцлог юм. Учир нь улстөрчид ялалт ойртож байна гэж ярих юм бол ардчилсан нийгэм тэр аяараа Украинд томоохон тусламж үзүүлэхийг дэмжинэ. Гэтэл одоо хурдан амжилт гарахгүй, дайн үргэлжилсээр байгаа тул хүмүүс одоо энэ дайн үргэлжлэх ёстой юу гэж бодож эхлэв. Уг нь барууны орнуудын Засгийн газрууд Украинд болж буй үйл явдлын ач холбогдлыг өөрсдийн аюулгүй байдалтай холбон илүү өргөн хүрээнд байнга тайлбарлаж байх ёстой байсан. Гэтэл Украины Зэвсэгт хүчин тодорхой нэг тосгоны нэг км газар нутгийг хэрхэн эргүүлэн авсан, ямар зэвсгийн систем ашигладаг, довтолгоон хэр үр дүнтэй байгаа зэрэг дэл сул асуудалтай зууралдаж байна. Өөрөөр хэлбэл тэд дэлхийн улс төрийн зорилгоо тайлбарлах чадвар дутагдаж байна. Барууны Засгийн газрууд уг нь “Европ яагаад Украиныг дайнд ялахад нь дэмжлэг үзүүлэх сонирхолтой байна вэ гэвэл Орос Украиныг ялчихвал Европын аюулгүй байдал хэдэн арван жилээр дордох болно гэдгийг хүмүүст ойлгуулах ёстой юм. Баруун Европын орнуудын ихэнх улстөрчид Украиныг дэмжих тухай өдөр тутмын хэлэлцүүлгийг ийм дүр зурагтай огт холбодоггүй. Украинд дорвитой дэмжлэг үзүүлэх нь яагаад улс төрийн ач холбогдолтой байдгийг тайлбарлахгүй байж олон нийтийг дайнд ядарч байна гэж буруутгах аргагүй гэдгийг би тэдэнд онцлон анхааруулах байна. Харин барууны олон шинжээч Украиныг НАТО-д элсүүлэх нь ирээдүйд аюулгүй байдлын цорын ганц баталгаа болно гэж үздэгтэй би бүрэн санал нийлж байна. Би Украины аюулгүй байдлын баталгааны асуудал дээр маш их ажилласан. Гэхдээ тэр үед Украины НАТО-д элсэх асуудал байгаагүй юм. Харин одоо бол би ч, миний хамтран ажиллагсад ч, Украинчууд ч хүлээн зөвшөөрч байгаа, Оросын хүслийг таслан зогсоох өөр ийм сайн шийдлийг олж харахгүй байна. НАТО-д гишүүнээр элсэх нь Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх цорын ганц арга зам бөгөөд Украины ард түмэн, эрх баригчдын итгэл үнэмшилтэй ч бүрэн нийцэх бөгөөд энэ нь Москвагийн нөлөөнд хангалттай саад учруулах хүчин зүйл болно. Украин НАТО-д байх ёстой гэдэгтэй би бүрэн санал нийлж байна. Гэхдээ Украин хэзээ НАТО-гийн гишүүн болохыг би хэлж чадахгүй. Миний бодлоор гол нь энэ дайн дуусч, талуудын хооронд байлдааны гал зогсоход Украин шууд НАТО-гийн гишүүн болно гэж үзэж байна” гэж хэлсэн байна.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

С.Лавров өөрийн хочийг баталж магадгүй болов DNN.mn

Үйл ажиллагаа нь эхэлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганы хүрээнд тус байгууллагын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хуралдаан болох юм. Энэхүү НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд Германы канцлер Олаф Шольц Украины эсрэг хийсэн Оросын дайны талаар илтгэл тавих болсон юм байна. Түүний илтгэлийн гол сэдэв нь Украины эсрэг Оросын түрэмгий дайн ба түүний дэлхийн сөрөг үр дагавар байх аж. Холбооны Канцлерын ажлын албанаас “Цэргээ Украины нутаг дэвсгэрээс бүрэн гаргах хүртэл бид Орос улстай хэвийн харилцаатай болох ямар ч боломжгүй” гээд Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хуралдаан дээр Германы канцлер Олаф Шольц “НҮБ-ын бараг бүх гишүүн улсуудад Орос яаж сөргөөр нөлөөлж, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрхэн ноцтой зөрчсөн тухай сэдвээр илтгэл тавих болно” гэж мэдэгдсэн байна.

Мөн Германы канцлер Олаф Шольцийн зөвлөхүүдийн тэмдэглэн хэлснээр “Канцлер дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүдэд энэхүү дайны бүх аймшиг, гамшиг, Орос улс олон улсын хууль тогтоомжийг яаж зөрчиж буй цар хүрээг тодорхойлон хэлэхээс гадна дэлхийн эрчим хүчний хямрал, хоол хүнсний хомсдол, бүх зүйлийн үнэ өсч иргэдийн амьдрал доройтож буй нь зөвхөн Оросын үйл ажиллагааны үр дагавар гэдгийг нотлох болно” гэж мэдэгдсэн байна.

Украины дайны асуудлыг энэ сарын 20-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар нээлттэй хэлэлцэх бөгөөд энэ хуралдаанд Украины ерөнхийлөгч В.Зеленский оролцож үг хэлэх тов гараад байгаа билээ. Харин урьд өдөр нь гишүүн улсуудын тэргүүн нар НҮБ-ын үйл ажиллагааны хүрээнд Ерөнхийн санал, шүүмжлэл тавьж дэвшүүлсэн асуудлуудаа нэгдсэн санал хураалтаар шийдвэрлэх юм. Тэгвэл эдгээр НҮБ-ын хуралдааны өмнөхөн Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок НҮБ-д зарчмын шинэчлэл хийхийг уриалав. Германы ГХЯ-ны тэргүүн “Өнгөрсөн зууны төлөөлөл болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ зууныхаа шаардлагад нийцэхгүй болчихоод байна. НҮБ оршин буй зууныхаа шаардлагад нийцэн өөрчлөгдөж гэмээнэ хамтран хэлэлцэж, асуудлаа шийдвэрлэдэг дэлхийн хамтын нийгэмлэгийн үүргээ НҮБ биелүүлж, удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжтой болно” гэж мэдэгдэв. Бербок мөн “Герман улс НҮБ-ын тогтолцоог илүү шударга, илүү хүртээмжтэй, илүү чадавхтай болгохыг хичээн ажиллаж байгаа бөгөөд Берлин НҮБ-ын дүрэм болон түүний зарчмуудыг тууштай баримтлахын төлөө байна” гэдгийг онцлон тэмдэглэж, “Украинд ч бай, өөр хаана ч бай эдгээр зарчмуудыг алдагдуулж, зөрчсөн тохиолдолд бид үүний эсрэг түншүүдтэйгээ хамтран тэмцсээр байх болно” гэж мэдэгджээ.

Саяхан Энэтхэгт болж өнгөрсөн “G20”-ын чуулганаас гаргасан хамтарсан мэдэгдэлд хэдийгээр Оросыг эзлэн түрэмгийлэгч гэж дурдаагүй ч “Аль ч тусгаар тогтносон улс бусад тусгаар тогтносон улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд үүнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров гарын үсэг зурчихсан юм. Мөн уг чуулганаар “Африкийн улсуудын нэгдэл”-ийг “G20”-ын бүлэгт албан ёсоор элсүүлсэн нь өнөөдөр болон НҮБ-ын нэгдсэн чуулганы Ерөнхийн санал шүүмжлэлээр гишүүн улсуудын 2/3 саналаар НҮБ-ын дүрэмд ардчилалд ашигтайгаар өөрчлөлт орох боломж бүрэн бүрдсэн гэсэн үг.

Аюулгүйн зөвлөлийн маргааш болох нээлттэй хэлэлцүүлгийн явцад ОХУ-д Украинаас бүх цэргээ гаргах нэг арга байгаа ч энэ тохиолдолд В.Путины нэр хүнд дотооддоо гадна байгаатай адил түвшинд дөхөж очно. Хамгийн гол нь аль ч дарангуйлагч дэглэмд дайн хийж байх нь иргэдийнхээ дургүйцэл, бослого, хөдөлгөөнийг хазаарлах хамгийн сайн арга болдог учир Кремль цэргээ Украинаас гаргах нь юу л бол. Иймээс зөвлөлийн энэхүү нээлттэй хуралдаанаар Гадаад хэргийнх нь сайд С.Лавровын дээрх хамтарсан мэдэгдэлд зурсан гарын үсэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээс ОХУ-ыг түдгэлзүүлэх, магадгүй бүр мөсөн хасах гол шалтгаан болох нөхцөл болох гээд байна. Энэ нь С.Лавров өөрийн үг хэл, үйл ажиллагаагаар олон улсад “ярьдаг морь” хочтой болчихоод байгаа бөгөөд үүнийгээ өөрөө баталж магадгүй боллоо гэсэн үг юм. Дашрамд дурдахад НҮБ-ын өмнө “Үндэстнүүдийн лиг” хэмээх олон улсын хамтын ниймгэмлэгийн байгууллага байсан бөгөөд бусдын нутагт халдан довтолж дайн хийсэн хэмээн фашист Герман энэ байгууллагаас хөөгдөж байсан юм. Энэ удаа рашист Оросын ээлж ирж байна.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Африкийн “Айргийн тав” DNN.mn

Африк бол Азийн дараа орох олон хүн амтай тив. Энэ тив арлуудаа оруулаад 30.3 сая км талбайтай, дэлхийн нийт гадаргуугийн зургаан хувийг эзэлдэг. Статистик мэдээллээс харахад 1.4 тэрбум гаруй хүн амьдарч байгаа нь дэлхийн хүн амын 18 гаруй хувийг эзэлж байна. Олон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн 54 бүрэн эрхт улс, хүлээн зөвшөөрөгдөөгүй найм болон хоёр “де факто” бие даасан улсаас бүрддэг Африк тив дэлхийн хамгийн хүчирхэг тивийн нэг гэдэг байр сууриа хадгалсаар байгаа билээ.

Африкт авлига бол ноцтой асуудал болсон зүйл. Авлигатай тэмцэх дэлхийн байгууллага болох “ТTransparency International” байгууллагаас улс орнуудын төрийн салбар хэр авлигад автсанаар нь эрэмбэлсэн Авлигын индекс(CPI)-ийг тогтмол гаргадаг билээ. Энэхүү байгууллагын гаргасан Авлигын индексээр Африкийн улсуудын “Айргийн тав”-ыг энэ оны байдлаар араас нь жагсаах аваас:

  1. Бүгд найрамдах ардчилсан Конго улс. CPI: 19. Бүгд найрамдах ардчилсан Конго Улс нь зэс, кобальт, алмааз зэрэг байгалийн баялаг ихтэй Африкийн томоохон орнуудын нэг юм. Гэсэн хэдий ч тус улс олон арван жилийн турш мөргөлдөөн, улс төрийн тогтворгүй байдалд нэрвэгдсээр ирсэн. БНАКУ-д авлига өргөн тархсан бөгөөд төрийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын үүднээс төсвийн хөрөнгийг шамшигдуулдаг. Тус улсын уул уурхайн салбар ч авлигад нэрвэгдэж, хууль бусаар ашигт малтмал олборлох, хууль бусаар хил нэвтрүүлэх явдал газар авчээ.
  2. Чад.CPI: 20. Чад бол газрын тосны экспортоос ихээхэн хамааралтай Төв Африкийн далайд гарцгүй орон юм. Гэсэн хэдий ч Чад улсад авлига өргөн тархсан. Тус улсад хээл хахууль түгээмэл байдаг бөгөөд засгийн газрын ил тод байдал хангалтгүй байгаа нь олон улсын тусламжид саад болдог. Тус улсын хүний эрхийн нөхцөл байдал ч мөн адил тун доогуур түвшинд оршдог. Засгийн газар нь сөрөг хүчнээ дарж, иргэдийн үг хэлэх эрх чөлөөг хязгаарладаг.
  3. Судан.CPI: 20. Судан олон арван жилийн турш улс төрийн тогтворгүй байдал, мөргөлдөөн, иргэний дайнд нэрвэгдэж байна. Суданд авлига өргөн тархсан. Тус улсын шүүх засаглал ч авлигад идэгдсэн бөгөөд шүүгчид шүүхийн шийдвэрт нөлөөлөхийн тулд авлига байнга төлдөг.
  4. Комор.CPI: 20. Комор бол Зүүн Африкийн эрэг орчмын жижиг арлын улс юм. Коморт авлига өргөн тархсан. Шүүх засаглал нь авлигад идэгдсэн.
  5. Гвинейн Бисау. CPI: 21. Гвинейн Бисау бол олон арван жилийн турш улс төрийн тогтворгүй байдал, авлига хээл хахуульд нэрвэгдсэн Баруун Африкийн жижиг улс юм. Тус улсын эдийн засаг ноолуурын экспортоос ихээхэн хамааралтай ч энэ салбарын хөгжилт, өсөлтөд авлига саад болж байна. Гвинейн Бисаугийн төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын үүднээс төсвийн мөнгийг завшдаг.

Гэвч Африкийн олон орон эдийн засаг, нийгмийн байдлаа эрчимтэй хөгжүүлж, дэлхийд байр сууриа бэхжүүлсээр байна. Эдгээр улсын хөгжлийн түвшнийг тодорхойлохын тулд нийт болон нэг хүнд ногдох ДНБ, орлогын хуваарилалт, хүн амын тоо, хүний хөгжлийн индекс (ХХИ) гэх мэт олон үзүүлэлтийг харгалзан үзэх шаардлагатай. Эдгээр үзүүлэлтээр хөгжлийг нь тодорхойлж олон улсад “Африкийн арслан улсууд” гэж нэрлэх болоод байгаа эхний таван улсыг хойноос нь жагсаавал:

  1. Алжир улс. Тусгаар тогтносон огноо: 1962.07.05 (Францаас).Нутаг дэвсгэр: 2,381,740 км. Хүн ам: 38,087,812.Засгийн газрын хэлбэр:Ерөнхийлөгчийн парламентын бүгд найрамдах улс. Алжир нь Хойд Африкийн хамгийн өндөр хөгжилтэй орон гэж тооцогддог. Хүчирхэг, тогтвортой эдийн засаг нь газрын тос, байгалийн хийн асар том ордуудад суурилдаг. Нүүрс устөрөгчийн экспорт нь бусад үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын хөгжлийг баталгаажуулдаг. Алжир бол Африк тивд олон улсад өргүй цорын ганц улс юм. Алжирын хамгийн том худалдааны түншүүд нь Европын орнууд юм. ДНБ нь 163 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 3943.17 ам.доллар, Африкт хүн амын дундаж наслалт хамгийн өндөр буюу ХХИ нь 0.748.
  2. Египет улс. Тусгаар тогтносон огноо: Эртний түүхтэй цөөн улсын нэг.Нутаг дэвсгэр: 1,001,450 км.Хүн ам: 100,704,000. Засгийн газрын хэлбэр: Ерөнхийлөгчийн парламентын бүгд найрамдах улс. Египет нь Африкийн хамгийн баян, эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг юм. Түүний хүчирхэг эдийн засгийн үндэс нь газрын тосны үйлдвэрлэл, хөгжсөн аялал жуулчлалын салбар, өндөр технологийн үйлдвэрлэл, хүчирхэг экспортын зах зээл юм. Иймээс ДНБ 404.1 тэрбум ам.доллар. Нийт 105 сая гаруй оршин суугчтай ч нэг хүнд ногдох орлого 3899 ам.доллар байдаг. Иргэдийн амьдралын чанар нэлээд өндөр, ХХИ 0.707 байна.
  3. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс.Тусгаар тогтносон огноо: 1961.05.31 (Их Британиас).Нутаг дэвсгэр: 1,219,912 км.Хүн ам: 54,956,900. Засгийн газрын хэлбэр: Парламентын бүгд найрамдах улс.Өмнөд Африкийн бүгд найрамдах улс нь Африк тивийн анхны өндөр хөгжилтэй орон гэж тооцогддог. Байгалийн баялгийн экспорт, эдийн засгийн хөгжингүй салбарууд болох эрчим хүч, санхүү, тээвэр, хууль эрх зүй, анагаах ухаан өндөр хөгжсөн. ДНБ 419 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох 5947.89 ам.доллар, ХХИ үзүүлэлт 0.707 бөгөөд тогтмол өсч байна. Өмнөд Африк бол “G20”-ийн гишүүн Африкийн цорын ганц улс юм.
  4. Маврики улс.Тусгаар тогтносон огноо: 1968.03.12 (Их Британиас).Нутаг дэвсгэр: 2040 км. Хүн ам: 1,295,789.Засгийн газрын хэлбэр: Парламентын бүгд найрамдах улс. Өмнөд Африкийн арлын энэ жижиг улсын ДНБ 11.53 тэрбум ам. доллар. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар энэ улс нь гадны хөрөнгө оруулалт, бизнесийн байршилд хамгийн таатай Африкийн орон юм. Амьдралын чанарыг нэг оршин суугчид ногдох орлого болох 9,703.52 ам. доллар нотолж байна. Сүүлийн жилүүдэд тус арлын дэд бүтэц өөрчлөгдөн хөгжиж, иргэдийн дундаж наслалт нэмэгдэж, мэдээллийн технологи, санхүүгийн салбар хөгжиж байна. Маврики улс нь хүний хөгжлийн индекс 0.804 буюу маш өндөр үзүүлэлттэй Африкийн цорын ганц улс юм.

1.Сейшелийн арлууд улс.Тусгаар тогтносон огноо: 1976.06.29 (Их Британиас). Нутаг дэвсгэр: 455 км².Хүн ам: 90,024. Засгийн газрын хэлбэр: Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс. Сейшелийн арлууд нь зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тухайн улс, иргэн бүрийн амьжиргааны түвшнийг тодорхойлж байдгийн тод жишээ юм. Сейшелийн ДНБ ердөө 1.454 тэрбум доллар боловч оршин суугч бүрд 27.000 доллар ногддог. Мэдээжийн хэрэг, цөөн тооны оршин суугчид үүнд том үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ улсад нийт 107 мянга гаруй хүн амьдардаг. Гэвч ДНБ-ий хурдацтай өсөлт нь эдийн засаг, тэр дундаа аялал жуулчлалын бүтцийн шинэчлэлийн хөгжилтэй шууд холбоотой байдаг. Тус улсын хүний хөгжлийн индекс 0.796 хүрчээ. Дэлхийн банкны мэдээгээр өнөөдөр Сейшелийн арлууд улс нь эдийн засгийн хувьд Африкийн хамгийн өндөр хөгжилтэй орон юм.

Г.АМАРСАНАА