Categories
гадаад мэдээ

BBC: Оросууд Израилийн дайнд барууныхныг буруутгаж байна DNN.mn

Оросын төрийн телевизүүд Израилийн дайнд аль нэг талыг баримтлахгүй байгаа ч уг явдалд барууныхныг буруутган загнаж бас занан, Украины асуудалд ч тэднийг буруутгах гэж оролдож байна.

ХАМАС-ын Израилийн хотуудад хийж буй халдлагыг Оросын төрийн телевизээр харгис хэрцгий, бүр “дээд зэргийн харгислал” гэж тодорхойлон “Олон тооны хоригдлуудыг нууж хаахгүйгээр Палестины нутаг дэвсгэрт ёслол төгөлдөр авчирч байна. Тэд дайны хоригдлуудыг хамгаалдаг НҮБ-ын конвенцуудын талаар сонсоогүй нь ойлгомжтой /Өөрсдөө Украинд юу хийж байгаа билээ?!/. Тэд израилийн цэргүүдийг ил тод барьцаалж, үүнийгээ огт нууж хаахгүй байна. ХАМАС-ын цэргүүд энгийн иргэд бүр хүүхдүүдийг хүртэл баривчилж байна” гэж нэгдүгээр сувгийн “Воскресное время”-гийн сурвалжлагч хэлээд болсон явдлыг “там” гэж нэрлэжээ.

Израил Газын зурваст хариу цохилт хийн бөмбөгдөж, олон зуун хүний амь эрсдэж, их хэмжээний сүйрэл авчирч буй тухай бичлэгийг эдгээр телевизээр шууд гаргаж “манай хуучин болон одоогийн эх орон нэгтнүүд, аль аль нь Израилд амьдардаг гэдгийг сануулж, дипломатууд хохирогчид байгаа эсэхийг шалгаж байна” гэж хэлэв. Мөн нэгдүгээр сувгийн “Вести Недели” нэвтрүүлэг ХАМАС “цусны үнэр авч”, Нетаньяхугийн засгийн газар тэдний урьхинд орсон тул их хэмжээний цус урсахгүйгээр энхийн хэлэлцээр хийхгүй” гэж дүгнэв. Уг сувгийн хөтлөгч Дмитрий Киселев Ойрхи Дорнодод болсон үйл явдлын тухай “Тийм ээ, Израил бол хамгийн хамгаалагдсан, хамгийн аюулгүй улс, Израилийн армийн хүчинд хэн ч эргэлздэггүй, Моссад бол дэлхийн хамгийн шилдэг тагнуулын байгууллага, Израилийн “Төмөр бүрхүүл” гэгддэг агаарын довтолгооноос хамгаалах систем нь нэвтэршгүй, Израилийн “Меркава” танк нь сөнөөгдөшгүй гэгддэг байсан юм. Одоо энэ бүх хэвшмэл ойлголтууд намрын салхинд тасран унасан алтан навчис шиг хийсэн алга боллоо” гэж хэлэв.

“Воскресное время” нэвтрүүлгийн сурвалжлагч “Ийм том хэмжээний халдлагыг хуурай газар, далай, тэр байтугай агаараар нэгэн зэрэг явуулсан нь Израилийн арми, тусгай албадын нэр хүндэд асар том цохилт болсон” гэдгийг онцлов. “Вести Недели” хагас зуун жилийн өмнө Израилийг тэр үеийн Арабын хамгийн хүчирхэг хоёр арми эсэргүүцэж байсан бол одоо жирийн отрядууд эсэргүүцэн тэмцэж чадаж байна” гэж онцолжээ. Оросын төрийн телевизийн нэвтрүүлгүүд АНУ-ыг байнга сөрөг байдлаар дурддаг бөгөөд энэ удаа ч эдгээр суртал ухуулагчдын тайлбараар Израилийн дайны хурцадмал байдалд АНУ буруутай, тэд нууц хүүхэлдэйн мастерууд, тэдний оролцооноос болж бүх муу зүйл болдог” гэж мэдэгдэв. “Воскресное время” гол асуулт нь орон нутгийн энэ дайн бүс нутгийн дайн болж хувирахгүй гэж үү? Украйнд цуст эмх замбараагүй байдлыг өдөөсөн хүмүүс Ойрхи Дорнодын бүс нутгийг мөргөлдөөн рүү түлхэж байна гэж хэлье гэсэн бол “Время”-гийн сурвалжлагч “Дөнгөж долоо хоногийн өмнө Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх АНУ Ойрхи Дорнодод тайван байдлыг авчирсан гэж сайрхаж байсныг санаж байна уу” гэв. Үнэхээр ч долоо хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Жэйк Салливан Ойрхи Дорнодын бүс нутаг сүүлийн хорин жилийнхээс илүү тайван байна гэж мэдэгдсэн бөгөөд гэхдээ тэрээр үүнийг АНУ бий болгосон тухай огт дурдаагүй юм.

Оросын төрийн санхүүжилттэй “NTV” телевизийн “Ирада Зейналоватай хийсэн долоо хоногийн үр дүн” нэвтрүүлгийн сурвалжлагч “CNN аль хэдийн Байденыг туйлын хүнд байдалд орсон гэж бичиж байна. Нөхцөл байдал түүний хувьд хэтэрхий эвгүй болов. Түүний зөвлөхүүд Орос, Хятад хоёрт хэт анхаарсан тул Ойрхи Дорнодыг анзааралгүй орхив. Тэд бүх зүйл хяналтанд байгаа бөгөөд Израилийн дарамт, Моссадын бүгдийг мэддэг тусгай алба гэсэн нэр хүндэд найдаж болно гэдэгт бүрэн итгэлтэй байсан” гэв. Нэгдүгээр сувгаар цацагдсан Ням гаригийн “Время” нэвтрүүлэгт Кремлийг дэмжигч улс төр судлаач Дмитрий Саймс дахиад л “Барууны орнууд”-ыг буруутгаж, “Украины барууны ивээн тэтгэгчид Ойрхи Дорнод ч тайван байгаа гэдэгт итгэлтэй байсан.

Тэд Сирийн зэвсэгт хүчин, Ливаний “Хезболла”-д цохилт өгч, өөрөөр хэлбэл ХАМАC-ыг дэмждэг хүчинд цохилт өгч буйдаа тайвширсан нь алдаа болсон” гэж онцолж байна хэмээн BBC мэдээлэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Владимир Зеленский: Террористууд хэзээ ч өөрчлөгдөхгүй учир тэд ялагдах ёстой DNN.mn

“Рамштайн” гэх болсон НАТО-гийн гишүүн, дэмжигч 52 улсын Батлан хамгаалахын сайд нарын уулзалт Брюссель хотноо болж Украинд урьд өмнөхөөс их хэмжээний тусламж үзүүлэхээр болов. Ерөнхийлөгч Владимир Зеленский уг уулзалтад хүрэлцэн ирж нээлттэй хэсэгт нь оролцон үг хэлсэн байна. Тэрээр “Бид Оросын гараас зэвсгийг нь хүчээр булаан авах ёстой. Асуудалд шударга хандацгаая! Орос улс ямар хүч чадалтай вэ? Тэд зөвхөн бусдын амь насыг бусниулж, амьдралыг нь л сүйтгэж чадна.

Өнөөдөр Орос сайн гэхээр юу ч хийж чадахгүй улс болсон. Тэр олон улсын аюулгүй байдлын тулгуур улс мөн үү? Үгүй! Энэ улс олон улсын хөгжил дэвшлийг дэмжиж байна уу? Үгүй! Тэр олон улсад улс төрийн нөлөө бүхий улс мөн үү? Үгүй! Энэ улс дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлж чадах уу? Үгүй! Гэсэн хэдий ч Орос улс терроризм үйлдсэн хэвээр байна. Энэ бол тэдний цорын ганц чадаж байгаа зүйл. Энэ нь Орос улс Украин болон бусад олон улсад заналхийлж байна гэсэн үг. Иймээс бид терроризмын хэрэгсэл болгож хүн алж буй зэвсгийг нь ОХУ-ын гараас хүчээр булаан авах ёстой. Орос улс энэ дайныг дангаараа хийж чадахгүй болсон. Та нар харж байгаа. Түүнд Иран хэрэгтэй, тэр тэдний Шахед дронгүйгээр энэ дайныг явуулж чадахгүй. Тэр Хойд Солонгосыг гуйдаг болсон. Төсөөлөөд үз дээ. Москва түүхэндээ анх удаа зэвсэг гуйж Пхеньяны өмнө сөхөрлөө. Мөн ОХУ-ын Хар тэнгисийн флот манай тэнгисийн цэргийн дрон, пуужингаас зугтаж байрлалаа орхиж зайлан одов. Оросоос зэвсэг худалдан авдаг байсан улсууд өнөөдөр украинчуудын ашиглаж байгаа чөлөөт ертөнцийн үйлдвэрлэсэн зэвсгийн давуу талыг мэддэг болсон. Өнөөдөр Путин, эсвэл ХАМАС шиг террористууд ардчилсан эрх чөлөөт улсуудыг барьцаалахыг оролдож байна. Тэд эрх чөлөөг эрхэмлэгч улсуудад эрх мэдэл, нөлөөгөө тогтоохыг хүсэж байна. Террористууд хэзээ ч өөрчлөгдөхгүй учир тэд ялагдах ёстой” гэж хэлжээ.

Дашрамд дурдахад, өнөөдөр ардчилсан улсуудын иргэн бүр “Палестинчуудын газар нутгийг израилчууд булаан авсан. Палестины ХАМАС бүлэглэл израилчуудын эсрэг харгислал үйлдсэн. Аль нь зөв бэ?” гэсэн асуултад зөв хариулах шаардлага үүсээд байна.

Энэхүү асуултыг “Израилчууд биднийг алж устгана гэж заналхийлдэггүй. Харин исламын суурь үзэлтнүүд дэлхийг “ногоон өнгөөр бүрхэнэ” буюу исламын шашинд ороогүй болгоныг устгана гэдэг. Аль нь зөв бэ?” гэж асуух нь үнэнд нийцнэ гэдгийг санахад илүүдэхгүй юм.

 

Г.АМАРСАНАА

 

 

Categories
гадаад мэдээ нийгэм эдийн-засаг

Аргентины төв банк бодлогын хүүгээ 133 хувь болгож нэмэгдүүллээ DNN.mn

Аргентин улсад инфляцын томоохон асуудал үүсээд байгаа билээ. Тэгвэл тус улсын төв банк ерөнхийлөгчийн сонгууль болохоос 10 өдрийн өмнө буюу пүрэв гарагт /2023.10.12/ бодлогын хүүгээ 118 хувиас 133 хувь болгож нэмэгдүүлжээ.

Есдүгээр сарын инфляцын түвшин танилцуулагдсаны дараа төв банк бодлогын хүүг нэмэх шийдвэр гаргасан байна. Тус улсад инфляцын түвшин есдүгээр сард өмнөх сартай харьцуулахад 12.7 хувь, өмнөх жилийн есдүгээр сартай харьцуулахад 138 хувь болсон аж.

Цаг ирэх тутам бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь Аргентинд амьдарч буй таван хүн тутмын хоёрыг нь ядуурлын түвшин рүү түлхжээ. Тус улсын төв банк пүрэв гарагийн орой /2023.10.12/ эдийн засагчдаас санал асуулга авч инфляцын түвшин энэ жилийн төгсгөл гэхэд өмнөх жилтэй харьцуулахад 180 хувь болно гэж судлаачид таамаглаж буй мэдээлсэн байна.

Зарим шинжээчид төв банкны бодлогын хүүгээ нэмэх шийдвэрийг хэтэрхий оройтож гаргалаа гэж үзэж байгаа юм. Тухайлбал нэрээ нууцлахыг хүссэн хувийн банкны менежер “Одоо бодлогын хүүгээ өсгөөд нэмэргүй. Хүүгээ өсгөлөө гээд песог ам.доллароор их хэмжээгээр сольж байгаа явдал зогсгохгүй” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Газын зурвасын эрчим хүчийг тасалжээ DNN.mn

ХАМАС бүлэглэлийн гэнэтийн довтолгооны хариуд дайн зарлаад байгаа Израилын Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху Засгийн газрын шуурхай хуралдаан хийсэн байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш хийсэн анхны шуурхай хуралдааны дараа Нэтаньяху ХАМАС бүлэглэлийн бүх гишүүнийг өршөөлгүй хөнөөхөө мэдэгджээ.

Өнгөрсөн бямба гаригаас хойш Израилд амь үрэгдсэн хүний тоо 1,200-д хүрч, Израилын агаарын хариу цохилтод Газын 1,100 гаруй хүн амь насаа алдаад байна. Израилын тал Газ дахь цорын ганц цахилгаан эрчим хүчний станцыг унтрааж, гэрэл цахилгаан, хоол хүнс, эм бэлдмэл, ус, шатахууны хангамжийг зогсоолоо.

Уг нөхцөл байдал газад хүмүүнлэгийн хямрал үүсгэж байгаа тул НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Газ дахь энгийн иргэдэд хоол, шатахуун, ундны ус хүргэх шаардлагатай хэмээн уриалсан байна. АНУ-ын Засгийн газар Израил, Египет болон НҮБ-тай Газын бүсэд хүмүүнлэгийн тусламжийн цувааг нэвтрүүлж, энгийн иргэдийг дайны бүсээс гаргах асуудлаар хэлэлцэж буй.

Газын ойролцоо Израилын армийн олон зуун мянган бие бүрэлдэхүүн цуглаж, ХАМАС бүлэглэлийг буулгаж авахаар бэлдэж байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын батлан хамгаалахын тусламж Израильд иржээ DNN.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Пүрэв гаригт Израильд айлчлана гэж Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер хэллээ. 1000 гаруй хүний аминд хүрсэн халдлагын дараах айлчлал нь эв санааны нэгдлийг илэрхийлнэ гэж үзэж байна.

“Энэ нь эв нэгдэл, дэмжлэгийг илэрхийлнэ. Энтони Блинкен мэдээж Израилийн удирдагчдын яриа, тэдэнд тулгарч буй нөхцөл байдлын талаар шууд сонсохыг хүсч байгаа. Тэдэнд юу хэрэгтэй байгаа, бид тэднийг яаж дэмжих талаар сонсохыг хүсч байгаа” гэж Миллер хэлэв.

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр Блинкен дараа нь Йорданд айлчилна.

Дашрамд дурдахад, цэргийн тоног төхөөрөмж бүхий АНУ-ын анхны илгээмж  Израилийн өмнөд нутгийн Неватим агаарын баазад өнөөдөр иржээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израилийн ерөнхий сайдтай утсаар ярьж, дэмжлэгээ илэрхийлсэн байна.

Хамас бүлэглэл өнгөрсөн Бямба гаригт Израиль руу гэнэтийн дайралт хийснээр олон зуун хүн амь үрэгдсэн. Вашингтон дахь Израилийн Элчин сайдын яамнаас мэдээлснээр халдлагын улмаас 1000 гаруй хүн амь үрэгджээ. Анхны халдагын дараа Израилиас Газын зурваст цохилт өгсөн байна. Бямба гаригаас хойш Палестины талд 830 хүн амиа алдаж, 4250 хүн шархаджээ. Мөн 180 мянга гаруй хүн Газын зурваст орон гэргүй болсныг НҮБ мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Насер Канаани: ХАМАС-ын энэ халдлагыг манай улс зохион байгуулаагүй DNN.mn

Олон улсын шинжээчид өөрсдийн судалгаанд үндэслэн ХАМАС-ын довтолгоог Оросууд бэлдсэн гэдэг нь тодорхой байна гэж мэдээлэв. Ираны НҮБ дахь суурин төлөөлөгчийн ажлын алба болон Гадаад Хэргийн яамны төлөөлөгч Насер Канаани албан ёсоор ХАМАС-ын энэ халдлагыг манай улс зохион байгуулаагүй гэж мэдэгдсэн. Энэ бол “Оросууд ХАМАС-ын халдлагыг зохион байгуулсан шүү” гэж дэлхий нийтэд дипломат аргаар мэдэгдэж байгаа явдал. Мөн “Politico” Палестины Хамас хөдөлгөөний ажиллагаанд Иран оролцсон гэх ямар ч нотлох баримт байхгүй байна гэж Америкийн болон Израилийн албаны хүмүүсийн нэрийг эш татан мэдээлэв. Гэсэн ч дарангуйлагч удирдлагатай энэ хоёр улс хоёулаа израилийн иргэдийн үхэлд хариуцлага хүлээх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл эзлэгдсэн нутгаа чөлөөлж, ХАМАС-ыг дахин ийм үйлдэл хийх чадваргүй болгон устгасны дараа Израилийн арми дор хаяж Ираны удирдлага, цэргийн байгууламжуудад сэхэхгүй болтол нь цохилт өгөх бол Орос наад зах нь Украины иргэдийг устгах гэж Иранаас авдаг дронгүй болно гэдэг нь ойлгомжтой болоод байна. Бас Ирандаа харьцангуй сайн амьдралтай гэгддэг 25 сая өвөр азербайжанчуудыг НАТО-гийн гишүүн Турк улс 11 сая хүн амтай ар Азербайжантай нь нэгтгэж тусгаар улс болгох нь дамжиггүй. Ирантай шашны том зөрчилдөөнтэй Пакистан болон Арабын зарим улсууд ч зүгээр байхгүй нь тодорхой.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Израил улс Газын зурваст Хамас бүлэглэлийн эсрэг өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулахаар болсон тул АНУ-ынТэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Газар Дундын тэнгисийн зүүн хэсгийг чиглэн явж байна” гэж мэдэгдэв. Израил руу илгээсэн цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч “USS Gerald R. Ford” хөлгийг бусад байлдааны хөлөг онгоцууд дагалдаж байгаа бөгөөд сүүлийн саруудад Сири, Оманы буланд Ираны зэвсэгт хүчний хийсэн түрэмгийллийн хариуд АНУ Ойрхи Дорнод руу илгээгээд байсан F-35, F-15, F-16 сөнөөгч болон A-10 нисэх онгоцнуудыг байлдааны бэлэн байдалд оруулаад байна. Ингэснээр Ливан дахь Хезболла болон Израилийн эсрэг бусад зэвсэгт бүлэглэлүүдийг тогтоон барих боломж бүрдэн, Израилийн зэвсэгт хүчин ХАМАС-ыг бүрэн устгах боломжтой болж байгаагаас гадна Кремль Арабын зэвсэгт бүлэглэлүүдийг хий дэмий санхүүжүүлсэн болж таарч байна гэж олон улсын зарим шинжээчид дүгнэн бичжээ. Тэд үүнийгээ баталгаажуулан “ХАМАС-ын дайчдад дронд хэрхэн гар бөмбөг зүүж, Израилийн танк болон галын цэг, ажиглалтын байрлалуудыг яаж устгахыг хэн зааж өгсөн байх вэ?” гэж асуусан байна.

Палестин улсын тусгаар тогтнолыг НҮБ-ын гишүүн 193 улсын 138 нь хүлээн зөвшөөрсөн ч одоо болтол тусгаар улсын статусгүй оршдог. Газын зурвас болон Иордон голын баруун эргийг нийтэд нь Палестин улсын нутаг гэдэг. Харамсалтай нь энэхүү газар нутгийг дундуур нь таслан Израил эзлэн авч орон сууц барьж тусгаарлачихаад байгаа юм. Одоо Иордон голын баруун эрэг Палестины эрх баригчдын харьяанд байдаг бол Газын зурвасыг 2006 оны сонгуулиар засгийн эрхэнд гарсан, исламын хэт үндсэрхэг байгууллага болох Хамас удирдаж байгаа билээ. Газын зурвас нь ердөө 41 км урт, 6-12 км өргөн, нийт 365.2 ам км талбайтай ойролцоогоор 2 сая палестин хүн ам оршин суудаг, хүн амын нягтшилтаар дэлхийд гуравт ордог. Газын зурвас дахь палестинчуудын ихэнх нь 1948 оны Араб-Израилийн дайны дараа Израилийн мэдэлд орсон бүс нутгаас дүрвэсэн эсвэл эндээс хөөгдөн ирэгсдийн үр удам юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Чеченийн удирдагч агсны нэрэмжит сүм Хамасын пуужингийн цохилтод өртжээ DNN.mn

1990-ээд оны үед Чеченийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаад сүүлд Москвагийн эрх баригчдын үнэнч холбоотон болсон Ахмат Кадыровын нэрэмжит Исламын шашны сүм Хамасын пуужингийн цохилтод өртсөнийг Израилийн гадаад хэргийн яам Даваа гарагт мэдээлжээ.

Иерусалемын ойролцоо Абу Гош тосгонд оршдог уг байгууламж нь Израилийн хоёр дахь том Исламын сүм юм байна.

Сүмийг 2014 онд Ахмат Кадыровын хүү Рамзан Кадыров нээж байжээ.

Тухайн үед Абу Гош тосгоны захиргаа сүмийн бүтээн байгуулалтад $10 саяыг зарцуулсны $6 саяыг Чеченийн засгийн газар гаргасныг мэдээлж байв.

Зарим түүхчдийн баталж байгаагаар өнөөдрийн Абу Гош тосгонд 16 дугаар зуунд Оттоманы эзэнт гүрний нутаг дэвсгэрт нүүж ирсэн чеченьчүүдийн үр хойчис амьдардаг юм байна.

Хамас зэвсэгт байгууллагын Израилийн нутаг дэвсгэрт хийсэн халдлагын үеэр ОХУ-ын нэг иргэн алагдаж, дөрвөн хүн сураггүй болсныг Тель-Авив дахь тус улсын элчин сайдын яам Даваа гарагт мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP

Categories
гадаад мэдээ

Афганистанд газар хөдөлсний улмаас 10.000 гаруй хүн гэмтжээ DNN.mn

Афганистан улсын Херат мужид өнгөрсөн бямба гарагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 10000 гаруй хүн гэмтэж бэртэн, олон зуун байшин барилга нуржээ.

Тус улсын баруун бүсэд болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 2400 давсан гэж эрх баригч Талибаны бүлэг мэдээлээд байна. Талибаны бүлгийн уг мэдэгдлээс өмнө олон улсын байгууллагууд газар хөдлөлтийн улмаас мянга гаруй иргэн амь үрэгдэж, 500 орчим хүн сураггүй байгаа хэмээн мэдээлжээ.

Байгалийн гамшгийн дараа Херат болон зэргэлдээ мужуудын эмнэлэг дүүрчээ. Зарим эмнэлэгт өвчтөнүүд багтаагүй тул гадаа нь эмчлүүлэхэд хүрсэн байна. Амь үрэгдсэн иргэдийн цогцсыг бүхээгтэй тэргээр тээвэрлэн авчирчээ. Энэ удаагийн газар хөдлөлт Афганистанд 20 орчим жилд тохиосон хамгийн их гарз дагуулсан байгалийн гамшиг гэж мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хуралджээ DNN.mn

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын талаар хаалттай хуралджээ. Гэсэн хэдий ч шуурхай арга хэмжээ аваагүй байна.

АНУ-ын зүгээс Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүнд хандан “ХАМАС бүлэглэлийн үйлдсэн аймшигт террорист халдлагыг” буруушаахыг шаардсан байна. АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Роберт Вуд хэлсэн үгэндээ, олон улс орон ХАМАС-ын халдлагыг буруушаасан боловч зарим нь тэгсэнгүй гэжээ.

Харин ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Василий Небензя Associated Press агентлагт мэдээлэхдээ, халдлагыг ОХУ буруушаагаагүй гэж АНУ-ын тал үзэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна, энэ талаар би хэлсэн үгэндээ дурдсан, бид энгийн иргэд рүү чиглэсэн бүх халдлагыг буруушааж байна гэжээ. Мөн байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, олон арван жилийн турш мухардмал байдалд орсон хэлэлцээг сэргээх нь чухал байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Хятадын Байнгын төлөөлөгч Жан Жуний хувьд хуралдаан эхлэхийн өмнө үг хэлэхдээ, хурцадмал байдлыг намжаахыг уриалжээ. Нөхцөл байдал улам хурцдах, энгийн иргэд цаашид хохирохоос урьдчилан сэргийлэх нь одоо хамгийн чухал байна. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өргөнөөр хүлээн зөвшөөрсөн “хоёр улсын шийдэл” төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж тэрбээр хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Европын Дээд хэмжээний чуулган юу шийдвэрлэв DNN.mn

250 мянган хүн амтай ч жуулчдыг татах талаараа дэлхийд алдартай, Испаний Гранада хотод өнгөрсөн долоо хоногийн эцсээр Европын 50 шахам улсын удирдагчдын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалт болж өндөрлөв. Дээд чуулган болж буйтай холбогдон хөдөлгөөн ихтэй хотын төв рүү орох замууд хаагдаж, нийтийн тээврийн хэрэгсэл тойрч, ойролцоох барилгуудын оршин суугчид гэртээ харихын тулд цагдаагийн хамгаалалтыг тойрч гарах шаардлагатай болжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Испанийн хаан VI Фелипе, Хатан хаан Летизия нартай Альхамбр ордонд уулзахаар болж уг ордон хаагдан XIII-XIV зууны үеийн Маврикийн ордон, цэцэрлэгт хүрээлэнгийн архитектурын шилдэг бүтээл болох Альхамбрыг өөрийн нүдээр үзэхээр Гранада хотод ирсэн жуулчдын урам хугарсан явдал болов. Мөн уг хотын гол үзэмжит хэсгийг дээд хэмжээний уулзалтын өндөр зэрэглэлийн зочдод үзүүлэн гурван өдрийн турш хаалттай байлгав. “Бид Гранадыг үзэх гэж дахин буцаж ирэхээр боллоо” гэж АНУ-аас ирсэн хөгшин жуулчин сэтгэл дундуур байгаагаа нуулгүй хэлэв.

Ийм том, дээд хэмжээний анхны уулзалт жилийн өмнө Прага хотод болсон. Дараа нь тавдугаар сард дээд хэмжээний уулзалтыг Молдав зохион байгуулж, зочдыг Кишинев хотоос 20 км-ийн зайд орших ордонд урьж, улс орныхоо агаарын орон зайг хааж байсан бол эдүгээ ЕХ-ны зөвлөлийг даргалж буй Испанид болсон байна.

Ердийнхөөрөө уг уулзалтанд оролцох нь хэдхэн цагийн өмнө тодорхой болсон Украины ерөнхийлөгч Владимир Зеленский дээд хэмжээний уулзалтын цэнхэр хивсэн дээр зогсож сэтгүүлчдэд хандан “Бидний өмнө тулгамдаж буй гол сорилт бол Европын эв нэгдлийг зөвхөн ЕХ-оор хязгаарлахгүй Европ тив даяар өрнүүлэх явдал” гэж мэдэгдэв. Энэхүү дээд хэмжээний уулзалтын эхэнд Украины ерөнхийлөгч, уг чуулганыг зохион байгуулагч Испани, Европын холбооны тэргүүлэгчид болох ЕХ-ны зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен нар л үг хэлсэн юм. Зеленский Оросын буудлагаас хамгаалж, Харьковын метрон дотор хүүхдүүддээ бүтэн боловсрол эзэмшүүлэхийн тулд хэрхэн бүрэн хэмжээний сургууль байгуулсныг дурдаад “Бид 2023 онд амьдарч байна. Энэ бол Оростой хөрш зэргэлдээ орших явдал юунд хүргэдгийг баталж буй явдал” гэж мэдэгдээд Украины тагнуулын мэдээллээс иш татан ОХУ 2028 он гэхэд Украины зэвсэгт хүчинд устгуулсан цэргийн чадавхиа сэргээх боломжтой болно. Үүний дараа Балтын орнууд Оросын ээлжит довтолгооны бай болж магадгүй гэж анхааруулав. Зеленский “Энэ дайнд Оросын цэрэг бүрэн ялагдах ёстой. Путин түрэмгийллээ бусад улсад хийж чадахгүй болгохын тулд бид Украинд ялах ёстой” гээд “Танай хотуудад хүүхдүүдээ хамгаалах хангалттай метроны буудал бий юу?” гэж Европын удирдагчдаас асуусан юм.

Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын зорилго нь Украины эсрэг Оросын түрэмгийллийг сөрөн зогсоход Европын удирдагчид хамтран бүх боломжийг ашиглан “эв нэгдлээ сэргээх” явдал юм гэж чуулганы өмнө Мадрид албан ёсоор мэдэгдэж байсан бөгөөд энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцогчид Украинтай эв санааны нэгдлээ илэрхийлж, яг яаж дэмжихээ харилцан ярилцан тохирч байв. Учир нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар хамтын шийдвэр гаргаж, ерөнхий мэдэгдэл хийгээгүй юм. Үүний оронд хоёр талын уулзалт, хэлэлцээрүүд явагдсан. Тухайлбал, энэ үеэр Герман, Испани улсууд хамтран Украинд агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт систем өгөхөөр Зеленскийтэй тохиролцсон билээ. Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой ярилцахдаа ч мөн ийм дэмжлэгийн талаар тохиролцсон гэж мэдэгдсэн бол дараа нь “Бид нутагтаа эд ангиудыг нь угсарч эдгээр бүх системийг бүрэн ажиллуулах болно гэдэгт би үнэхээр итгэж байна, Иймээс эдгээр агаараас хамгаалах систем бүгд Украинд ирнэ” гэж Германы канцлер Олаф Шольцтой уулзахдаа тохиролцсон, өөрийнх нь хэлснээр энэ уулзалтаас гарсан “хүчирхэг шийдлийг” тайлбарласан юм. Тэрээр “Германы засгийн газар яг одоо, энэ өвлийн улиралд Украиныг “Патриот” системээр хангахын төлөө ажиллах болсон” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн.

Бүх төлөөлөгчид оролцсон чуулганы хуралдааны дараа улс орны удирдагчид хэсэг бүлгээрээ хуралдав. Украины дайны үр нөлөөг “Олон талт үзэл ба геостратеги” бүлэгт хэлэлцсэн байна. Энэ үеэр Испани улс НАТО болон ЕХ-ны холбоотнуудтайгаа хамтран Киевийг “баттай бөгөөд бүрэн” үргэлжлүүлэн дэмжих хүсэлтэй байгаагаа батлан илэрхийлэв. “Европын холбоо шаардлагатай үед Украин болон түүний ард түмэнд улс төр, эдийн засаг, цэрэг, санхүү, хүмүүнлэгийн хүчтэй дэмжлэг үзүүлсээр байх болно” гэж ЕХ-ны зөвлөлийн түр ерөнхийлөгчийн хувьд Испанийн тал мэдэгдсэн байна. Харин ЕХ-ны тэргүүн Чарльз Мишель Владимир Зеленскийд биечлэн хандаж, “Бид тантай болон Украины ард түмэнтэй хамт байна” гэж батлан хэлээд Европын холбоо Украинд 82 тэрбум еврогийн тусламж хэдийнэ хуваарилж, томоохон хэмжээний дараагийн шинэ багц бэлдэж байгааг нэмж мэдэгдэв. Мишель мөн ЕХ ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээний дарамтыг нэмэгдүүлэхийн тулд 2024 оноос эхлэн G7-гийн түвшинд Оросын очир алмаазыг хориглохыг дэмжиж буйг онцолжээ. Хариуд нь Зеленский Европын холбооны 12 дахь хориг багцад Оросын цөмийн салбар хамаарах ёстойг онцлов.

Гранада хотод болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Европын холбооны удирдагчид ЕХ-ны өргөтгөлийн стратегийн талаарх томоохон бөгөөд түвэгтэй мэтгэлцээний эхлэлийг тавьсан юм. Энэ нь зөвхөн Украин, Молдав, Гүрж зэрэг нэр дэвшигч орнууд Европын холбоонд элсэхийн тулд юу хийх ёстойгоос гадна ЕХ өөрөө тэлэх бэлтгэлээ хэрхэн хангах тухай байв. Тухайлбал, ямар шинэчлэл хийх, ямар шинэ хууль батлах, энэ өргөтгөлийг яаж санхүүжүүлэх вэ гэдэг талаар мэтгэлцэв. Тухайлбал, ЕХ гадаад болон татварын бодлогодоо нэгдсэн нэг санал баримтлах зарчмаасаа татгалзаж, ирээдүйд бүхнийг олонхийн саналаар шийдэх ёстой гэж Германы канцлер Олаф Шольц үзсэн юм.

Энэхүү чуулганыг хааж Урсула фон дер Лейен “Бидний үүрэг бол хүч хэрэглэх биш, харин эзлэн түрэмгийлэгчдийн хүчиндээ итгэж эхлүүлсэн дайнд Украинчуудыг ялуулах явдал. Бидний үүрэг бол Европын аюулгүй байдлын архитектурыг буцаан сэргээх, ингэснээр европчууд энэ тивд энх тайван, эрх чөлөөтэй амьдрах боломжтой болох явдал бөгөөд үүнийг л Европын улс төрийн хамтын нийгэмлэг удирдлага болгох ёстой” гэж онцлов.

 

Г.АМАРСАНАА