Categories
гадаад мэдээ

Ардчиллын төлөв байдал DNN.mn

Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн (IDEA)-гээс энэ сарын хоёрны пүрэв гаригт Стокгольм хотноо “Дэлхийн ардчиллын төлөв байдал”-ыг танилцууллаа. Тайлангийн тухай нийтлэлийн эхэнд Сакчай Лалит/AP-д тавигдсан/-ын “Бангкок дахь цагдаа нарын өмнө зогсож буй алиалагчийн хувцас өмссөн ардчиллыг дэмжин жагсагч” фото зургийг тавьж, сүүлийн зургаан жилийн хугацаанд дэлхий дахинд ардчиллын түвшин хэрхэн буурсан тухай баримтуудыг дурдаж, “Дэлхийн ардчилсан улс орнуудын бараг тал хувьд нь ардчиллын түвшин буурсан” гэсэн дүгнэлтийг DW онцлов.

“Дэлхийн ардчиллын төлөв байдал” тайланд дэлхийн 173 орны 85-д нь сүүлийн таван жилийн хугацаанд дор хаяж нэг салбарт нь ардчиллын стандарт суларсан байна гэж тэмдэглэн Европ, Ази, Хойд Америкийн түүхэн, хүчтэй ардчилсан уламжлалтай гэгддэг улсуудад ч энэхүү сөрөг хандлага гарч байгаа баримтуудыг дурджээ. “Америкийн нийгмийн бүлгүүдийн тэгш байдал буурч, Австри дахь хэвлэлийн эрх чөлөө хумигдаж, Их Британид шударга ёсны эрх чөлөө хүртэх явдал буурах гэх мэтээр тогтвортой байсан ардчилал уналтад орж байна” гэж анхааруулжээ. Мөн Унгар, Австри, Перу зэрэг улсууд шүүхийн явцад улс төрийн дарамт шахалт үзүүлж, хууль дээдлэх ёсыг сулруулж байгаа баримтуудыг нийтэлжээ.

Орос, Беларусь, Азербайжан, Турк улсуудын ардчиллын түвшний үзүүлэлтүүд нь Европын дунджаас хамаагүй доогуур түвшинд хүрснийг харгалзан Европын төв хэсгээс “тусгаарласан” болохыг уг тайланд бичсэн байна. Энэхүү тайланг бичилцсэн Майкл Рэйни “2023 онд ардчиллын чиглэлээр ахиц дэвшил гарсан улс орноос ардчилал суларч байгаа тоо нь олон байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд дэлхийн ардчиллын түвшин ингэж буурч байгаа явдал нь 1975 оноос энэхүү судалгааг хийж эхэлснээс хойших IDEA-д тэмдэглэгдсэн хамгийн урт хугацаанд үргэлжилж буй “ардчиллын уналт болж байна” гэж онцлон тэмдэглэв. Тэрбээр COVID-19 тахалтай холбогдон ардчиллын бууралт гарсныг онцолсон байна.

IDEA дэлхийн ардчиллын түвшин ийнхүү буурч байгааг амьжиргааны өртөг нэмэгдэж, цаг уурын өөрчлөлт болон Украинд Оросын түрэмгийлэл гэх мэт бусад зэвсэгт мөргөлдөөний нөлөөллөөс болж буй хямралтай уялдуулж үзэх ёстой гэж тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч уг тайланд зарим эерэг өөрчлөлтүүдийг тэмдэглэв. Төв Европын хэд хэдэн оронд хууль дээдлэх салбарын байдал сайжирч, Африкийн хэд хэдэн улсад авлигын түвшин буурч, улс төрийн амьдралд иргэдийн оролцоо нэмэгдсэн тухай баримтуудыг хавсаргажээ.

Энэхүү тайланг энгийн үгээр тайлбарлан дутуу зүйлийг нь нэмж дурдвал, Өнөөдөр НҮБ-д гишүүн 193 мөн ажиглагч эрхтэй хоёр улс бий. Эдгээрээс ардчилал ямар нэг хэмжээгээр байдаг хэмээн 173 улсыг авч бүрэн ардчилалтай 20, Монгол мэтийн хагас ардчилалтай 54 улсыг нийлүүлэн ардчилсан улсын ангилалд багтаадаг. Мөн холимог тогтолцоотой гэсэн ангилалд 34 улс байгаа бөгөөд үлдсэн улс нь дарангуйллын тогтолцоотой ч ардчиллын ямар нэг элементийг хадгалдаг улсууд юм. Харин Ардчилал суларсан гээд байгаа нь энэхүү 173 улсад төр, засгийн албан хаагчид баялаг бүтээгчдээ ойлгохгүйгээс хүнд суртал үүсгэн, ажилд нь саад болж бас янз бүрийн арга хэрэглэн авлигажаад байгааг хэлж байгаа хэрэг. Харин төр, засгийн албан хаагчид ингэж ардчиллыг сулруулж буйн үндсэн шалтгаан нь тэд бусад иргэдтэйгээ адил маргаашдаа итгэх эдийн засгийн боломжгүй байгаа явдал. Өөрөөр хэлбэл Аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлснээс хойш ардчилсан улсуудад хэрэгцээний өртөг эрс нэмэгдэн улс татвараар төсөв бүрдүүлж, иргэд цалингаараа хангалттай амьдарч чадахгүй болчхоод байна. Гэхдээ Аж үйлдвэрийн IV хувьсгал хэрэгцээний өртгийн эрс нэмэгдлийг зохицуулах хэн ч аль ч хувьцааг худалдан авах цоо шинэ боломжийг бий болгож өгсөн. Иймээс хангалттай төсөв, орлого бүрдүүлэх ганц гарц нь иргэд төдийгүй яам, агентлагийн албан хаагчид эхний шатанд тогтвортой валют олох дотоодын хуулийн этгээдийн хувьцааг худалдан авч тогтмол орлого олж, энэхүү орлогын тодорхой хэсгээр дараагийн ээлжид дэлхийн том компаниудын хувьцааг худалдан авч төсөв болон орлогоо бүрдүүлэх явдал. Ингэж гэмээ нь төр, засгийн албан хаагчид өөрсдөө баялаг бүтээгчид болж баялаг бүтээгчдийг ойлгодог болсноор хүнд суртал бүрэн арилах төдийгүй хувьцааны орлогын ачаар маргаашдаа итгэх эдийн засгийн баттай итгэл бүрдэн авилгаар хөөцөлдөх шаардлагагүй болно. Ийнхүү хүнд суртал, авлига бүрэн арилж ардчилал бэхжих гол үндэс бий болсноор байгаль хамгаалал, орчны бохирдол, хотын түгжрэл, гэмт хэрэг, зөрчил, хүүхэд хамгаалал, тэтгэмж, тэтгэвэр, цалин хангамж, орон сууц, спорт цогцолбор, эмнэлэг, боловсролын асуудал нэг мөр зөв шийдэгдэнэ.

Маш товчоор өнөөдөр дэлхийн ардчилал зөвхөн үзэл бодлоо илэрхийлэх эрх хэмээх өнчин тулгууртай байгаа учир бага зэрэг салхи гарахад л шурган унаж, шороотой хутгалдаад байгаа юм. Харин энгийн иргэд болон төр, засгийн албан хаагчид хувьцаа эзэмшиж унтаад босохдоо л валютын орлого олдог болсноор эдийн засгийн хэмээх бас нэг гол тулгуур нэмэгдэн ардчилал хоёр хөл дээрээ бат зогсож чадах төдийгүй “алиалагч” хэмээх хочноосоо үүрд ангижирна. Харин хөгжил, дэвшлийг оосорлон арагш нь татаж буй татвар зөвхөн бүртгэлийн үүрэг гүйцэтгэх ёстой юм.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

АНУ-аас Украинд цэргийн тусламж үзүүлэх 425 сая ам.долларын шинэ багц гаргав DNN.mn

АНУ-аас Украинд цэргийн тусламж үзүүлэх 425 сая ам.долларын шинэ багцыг зарлав. Мөн АНУ-ын Сангийн яам Оросын компаниуд болон хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээгээ өргөтгөж буйгаа зарлав.

Түүнчлэн АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдах намынхан ерөнхийлөгч Байденыг Украинд өгч буйгаас илүү алсын тусгалтай пуужин өгөхийг уриалав.

Categories
гадаад мэдээ

Шинжаанд чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулжээ DNN.mn

Хятадын баруун хойд нутагт анхных болох Шинжааны чөлөөт худалдааны туршилтын бүс (ЧХБ) лхагва гарагт албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Шинжааны нийслэл Өрөмч хотод болсон нээлтийн ёслолын ажиллагааны үеэр бүс нутгийн засгийн газрын тэргүүн Эркин Тунияз Өрөмч, Хоргос, Кашгарын нутаг дэвсгэрийг хамарсан ЧХБ-ийн гурван бүсэд лиценз олгожээ. Энэхүү ЧХБ нь нийт 180 орчим хавтгай дөрвөлжин км талбайтай.

Шинжааны нөөц боломж, газарзүйн байрлалын давуу тал, аж үйлдвэрийн бааз суурийг ашиглан чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг өндөр стандарт, өндөр чанартайгаар гүйцэтгэнэ гэж Эркин Тунияз хэлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, энэхүү чөлөөт бүс нь Шинжааныг дотоодын болон олон улсын зах зээлийн “хос эргэлтэд” нэгтгэх, “Нэг бүс нэг зам” санаачилгын гол нутаг дэвсгэрийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, Ази-Европ тивийг холбосон “алтан суваг” байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, Хятад улсыг баруун тийш нээх гүүр болно гэж найдаж байна гэжээ.

Хятадын Төрийн зөвлөл шинэ эринд нээлттэй байх, шинэчлэлтээ бататгах стратегийн чухал алхам болсон Шинжааны ЧХБ-ийн ерөнхий төлөвлөгөөг мягмар гарагт нийтэлсэн юм.

Categories
гадаад мэдээ

Израилын арми Газа хотыг бүсэлжээ DNN.mn

Израилын арми Газа хотыг бүслэн Хамас бүлэглэлийн штабууд болон бусад дэд бүтцэд цохилт өгч байгаа тухай мэдэгдлээ. Энэ хот нь Газын зурвас дахь хамгийн том хот бөгөөд дайн эхлэхээс өмнө Палестины хүн амын дийлэнх нь тус хотод оршин сууж байв.

Газад хоргодох байр болгон ашиглаж байсан дөрвөн сургууль агаарын дайралтад өртөн сүйрсэний зэрэгцээ дүрвэгсдийн хуаран дахь сургуульд дор хаяж 20 хүн амиа алдсан гэж НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг мэдээлэв.

Лхагва гарагт нээгдсэн Египетийн хилийн ойролцоох Рафах боомтоор цөөн тооны иргэд Газаас гарах боломжтой болсон. Пүрэв гарагт шархадсан 21 палестин иргэн, 344 гадаад паспорт эзэмшигч, түүний дотор 72 хүүхэд хилээр нэвтэрсэн гэж Египетийн албаны хүмүүс мэдэгдэж буй.

Израилын арми Хамас бүлэглэлийн хяналтад байдаг Газын зурваст олон хоног агаараас цохилт өгч, өнгөрсөн долоо хоногт явган цэргийн давшилт эхэлсэн. 10 дугаар сарын 7-ноос хойш Газын зурваст хийсэн дайралтад 9061 палестин хүн амь үрэгдээд байна. Харин Израильд 1400 гаруй хүн амиа алджээ.

Categories
гадаад мэдээ

Газын зурвасаас 400 гаруй хүнийг гаргажээ DNN.mn

Израил, ХАМАС-ын дайн эхэлснээс хойш Египеттэй залгаа хилийн Рафах боомтыг лхагва гарагт анх удаа нээж, Газын зурвасаас 400 гаруй хүнийг гаргажээ.

Одоогийн байдлаар 335 гадаадын иргэн, 76 шархадсан хүнийг (Газын зурвасын иргэд) хилээр гаргалаа гэж Палестины албаныхан мэдэгдсэн байна. Албаныхны мэдээлснээр, тус бүс нутгийг орхин гарсан хүмүүсийн дунд Их Британи, АНУ-ын паспорттой иргэд байгаа аж.

Энэхүү боомтыг нээсэн нь “эрчимтэй бөгөөд шуурхай дипломат ажиллагааны” үр дүн юм гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна. Газын зурваст утас, интернэтийн үйлчилгээ бүрэн тасраад байна гэж ВВС-ийн эх сурвалж мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хүний биеийн дархлааны бүх эсийг тоолжээ DNN.mn

Эрдэмтэд хүний биеийн дархлааны нийт эсийн тоо, жинг анх удаа судлан тогтоожээ. Израилийн Вейцманы нэрэмжит Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн Рон Майло "Дархлааны тогтолцоо гэдэг нь дор бүрнээ чухал үүрэгтэй олон төрлийн эсүүдээс бүрддэг цогц тогтолцоо юм. Тухайлбал, цусны цагаан эс гэх лимфоцитууд нь вирус болон бусад эмгэг үүсгэгч гадны биетүүдийг устгадаг. Харин тулгуур эсүүд нь бэртэл авсан үед үүсэх үрэвслийг устгаж, эд эрхтэний бүрэн бүтэн байдлыг хянадаг" хэмээн ярьжээ.  Майло болон түүний багийнхан өмнө нь хийсэн судалгаануудыг ашиглан хүний биеийн янз бүрийн эдэд дархлааны хэчнээн эс агуулагдаж байгааг тооцоолж, дараа нь ижил насны хэд хэдэн эрэгтэй, эмэгтэйчүүд, 10 настай хүүхдүүдээс авсан эсүүдэд хийсэн лабораторын дүнг нэгтгэн дүгнэсэн байна.

Ингэснээр судалгааны багийнхан 20-30 насны 73 кг жинтэй эрэгтэй хүний ​​​​дархлааны тогтолцоо нь 1.2 кг жинтэй 1.8 их наяд орчим эсээс тогтдог болохыг тогтоожээ. Харин 60 кг жинтэй мөн насны эмэгтэйчүүд нийт 1 кг жинтэй 1.5 их наяд ширхэг дархлааны эстэй байсан бол 10 настай хүүхдүүдийн дархлааны тогтолцоо 0.6 кг орчим жинтэй, эсийн тоо 1 их наяд ширхэг байжээ.  Эрдэмтдийн энэхүү судалгааны өгүүлэл “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Арктикийн бүсэд хэрэгжих төлөвлөгөө DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдены засаг захиргаа ойрын арван жилд баримтлах бодлогоо тодорхойлсон, Арктикийн бүсэд хэрэгжүүлэх үндэсний стратегийн төлөвлөгөө (NSAR)-г нийтлүүлэв. Үүний өмнөх хувилбарыг Барак Обамагийн засаг захиргаа 2013 онд баталж байсан юм. Шинэ баримт бичигт “АНУ энэ бүс нутагт хойшид гарч болзошгүй цэргийн мөргөлдөөн, тухайлбал геополитикийн хурцадмал байдлаас үүдэн Орос, Хятадтай үүсэх эрсдэлийг зохицуулахын тулд Арктикийн холбоотнууд, түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ.

Энэ нь үндэсний аюулгүй байдал төдийгүй Аляска муж улсын иргэдийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэж тэмдэглэжээ. Уг төлөвлөгөөний оршил дахь Арктик дахь АНУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхол гэсэн хэсэгт “Үндэсний батлан хамгаалах чадвар, дотоодын аюулгүй байдал, эрсдэлгүй худалдаа, арилжаа ба шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах зэрэг олон асуудлыг багтаасан” гэж тэмдэглэжээ.

АНУ нь мөн “Агаарын орон зай болон далайд учирч болзошгүй аюул заналыг илрүүлэх, хянах зорилгоор Арктик дахь өөрийн хариуцсан бүсийн хяналтын системийг шинэчлэх, мөн далайн мөс, хөлөг онгоцны хөдөлгөөн, цаг агаарын өөрчлөлтийг мэдэж байх зорилготой тандалт хийх чадавхаа сайжруулахад нэмэлт хөрөнгө оруулахаар төлөвлөж байна” гэсэн байна. Мөн АНУ-ын эрх баригчид Канад улстай хамтран Хойд Америкийн агаар-сансрын батлан хамгаалах командлал (NORAD)-ын чадавхыг шинэчлэхээр төлөвлөжээ.

Энэхүү баримт бичигт Арктикийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах тухай Цагаан ордны төлөвлөгөөг жагсааж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг анхаарч, байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ бүс нутгийн оршин суугчдын эдийн засгийн байдлыг сайжруулахын тулд Арктикийн тогтвортой хөгжилд хэрхэн, яаж шинэ хөрөнгө оруулахыг мөн багтаасан байна. Энэхүү шинэ төлөвлөгөөнд “үндсэн дөрвөн бүлэг, 30 гаруй зорилго, 200 гаруй үйл ажиллагаа”-г хэрэгжүүлэх хугацаа, үнэлэх шалгуурын

хамт нарийвчлан тусгасан байна гэж “Voice of Ameri­ca” (VOA or VoA) агентлаг мэдээлжээ.

Энэ бүхнийг энгийн үгээр тайлбарлавал, сүүлийн үед Хойд туйл байгалийн хий, нефть гэх мэт асар их баялагтай болох нь тогтоогдоод байгаа бөгөөд бас мөс нь хайлж энд маш товч худалдааны далайн зам шинээр бий болж буй нь хүн бүхэнд тодорхой болсон. Харин Кремлийн дэглэм энэ бүхнийг бусад улсын оролцоогүйгээр оросууд дангаараа эзэмших эрхтэй гэж үздэг. Иймээс энгийн хүн ам суурьшдаггүй энэхүү Арктикийн бүсэд ОХУ болон НАТО-гийн хүчнүүд хоорондоо тулгарч дэлхийн III дайн жинхэнэ ёсоороо эхэлнэ гэж зарим цэргийн шинжээчид бичиж байгаа билээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Борис Жонсон “GB News” телевизийн нэвтрүүлгийг хөтөлнө DNN.mn

Их Британийн  Ерөнхий сайд асан Борис Жонсон “GB News” телевизийн сувагт ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэ оны эхээр парламентын гишүүний суудлаасаа буусан Б.Жонсон тус мэдээллийн сувагт хөтлөгч, нэвтрүүлэгч, тоймчоор ажиллах юм. Тэрбээр ирэх онд Их Британи, АНУ-д болох сонгуулийн явцыг сурвалжлахад “гол үүрэг гүйцэтгэх” бөгөөд “Их Британийн сүр хүчийг дэлхий дахинд харуулсан цуврал нэвтрүүлэг хөтөлнө” гэж тус телезийн удирдлага мэдэгджээ.

Б.Жонсон олон сэдвээр “үзэл бодлоо илэн далангүй ” хуваалцана гэдгээ амласан аж. Түүнээс гадна, тэрбээр ирэх оноос эхлэн “Daily Mail” сонинд тусгай булан эрхлэн гаргахаар болжээ.

Бизнесийн асуудал эрхэлсэн сайд асан Жейкоб Рис-Мог, намын дэд дарга Ли Андерсон, парламентын гишүүн Эстер Маквей, Филип Дэвис (эхнэр, нөхөр) нарын дараагаар тус телевизийн сувагт ажиллах Консерватив намын улстөрчдийн сүүлчийнх нь Б.Жонсон болж байна.

Б.Жонсон  2022 онд Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон бөгөөд цар тахлын хөл хорионы үеэр ковидын эсрэг дүрэм журмыг зөрчсөний учир өнгөрсөн зургаадугаар сард парламентын гишүүний суудлаасаа татгалзахаас аргагүйд хүрсэн юм.

Categories
гадаад мэдээ

Дуэйн Жонсоны лааны тосон баримал өнгөө бүдгэрүүлнэ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт Парис хотын Грэвин Музей үзмэрийн танхимдаа АНУ- ын кино од Дуэйн Жонсоны лааны тосон баримлыг шинээр байрлуулсан юм. Тэгвэл баримлын арьсны өнгө хэтэрхий цайвар байгаа талаар хүмүүс нийтийн сүлжээгээр шүүмжилж эхэлжээ. Нэрт комедиан Жэймс Андре Жефферсон уг баримлыг бүтээгчид ядаж жүжигчний гэрэл зургийг “Гүүглдэж” болоогүй юм болов уу хэмээн хошигносон байна. Тэгвэл Жонсон өөрийн инстаграм хуудсандаа “Би өөрийн багийнхныг Грэвин Музей дэх найзуудтайгаа баримлын өнгөний талаар яриулахаар боллоо. Дараа Парист очихдоо би тус музейгээр зочилж, өөртэйгөө хундага тулгах болно” гэж бичжээ. “The Rock” хочтой жүжигчин Жонсон АНУ-ын Калифорни мужид төрсөн бөгөөд эцэг нь африк гаралтай, эх нь Номхон далайн Самоа арлаас гаралтай юм. Түүний аав Уэйд Даглас Боулз бас “Роки Жонсон” нэрээр алдаршсан мэргэжлийн бөх байсан гэж BBC мэдээлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Хамгийн өндөр настай нохой “бурхан болов” DNN.mn

Дэлхийн хамгийн өндөр настай, Португалийн мастиф үүлдрийн Боби нэртэй нохой 31 настайдаа нас баржээ. Аливаа нохойнд хайртай хүний ​​амьдралын гол эмгэнэл бол тэдний амьдрал хүнийхээс хамаагүй богино байдаг явдал юм. Нохойн хувьд 11 нас бол маш сайн, 13 нас бол гайхалтай амжилт, 16 нас бол үнэхээр азтай явдал юм. Иймээс Боби нохойн хувьд хүнтэй харьцуулбал 120 орчим жилтэй тэнцэх нас юм. Бобигийн үхэлд хамгийн түрүүнд Гиннесийн амжилтын ном анхаарал хандуулжээ. Учир нь энэ ном өнгөрсөн 2-р сарын 2-нд Бобийг одоо хүртэл амьдарч буй хамгийн хөгшин нохой төдийгүй хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр настай нохой гэж зарласан юм. Соёл иргэншлийн эхэн үед бүртгэл хөтөлдөггүй байсан тул хоёр дахь нь үнэн биш ч байж магадгүй.

 

Г.АМАРСАНАА