Categories
гадаад мэдээ

Амазон компани ирэх оноос АНУ-д шинэ автомашин борлуулна DNN.mn

Онлайн худалдааны аварга компани Амазон ирэх оноос АНУ-ын зах зээлд шинэ автомашин зарж эхлэх болсныг өчигдөр Лос-Анжелесын Авто Шоуны тайзан дээрээс зарлажээ.

Тус компани эхний ээлжид Өмнөд Солонгосын Hyundai компанийн бүтээгдэхүүнүүдийг интернэтээр борлуулах юм байна.

Худалдан авагчид Amazon-ы вэб сайтаар ямар загвар, ямар тоноглолтой автомашин авахаа сонгож, захиалах ба дараа нь өөрт ойр гэрээт борлуулагчийн салоноос очиж авах эсвэл гэртээ хүргүүлж болох гэнэ.

Лизингийн сонголтууд бас вэб сайтад байх ажээ.

“Hyundai бол үйлчлүүлэгчийнхээ амьдралыг өдөр бүр илүү сайхан, амар хялбар болгохыг эрмэлздэгээрээ Амазонтой адил шинэлэг компани юм” гэж Амазоны гүйцэтгэх захирал Энди Жэсси хамтын ажиллагааг зарлахдаа хэлсэн байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Hyundai компани Амазоны Alexa ухаалаг яригчийг 2025 оноос эхлэн автомашинууддаа нэвтрүүлэхээр болжээ.

Гэхдээ Амазон, Hyundai компаниудын хамтын ажиллагаа дундын этгээд буюу гэрээт борлуулагчдаар дамжихаар харагдаж байна.

Сүүлийн үед Тесла, Форд зэрэг автомашин үйлдвэрлэгчид ийм дамжлагыг алгасаж, худалдан авагчдаа шууд хүрдэг болж эхэлсэн.

Амазоны мэдэгдлийн дараа АНУ-ын хуучин автомашин онлайнаар борлуулдаг компаниудын хувьцааны үнэ унасан байна. Тухайлбал CarMax, Carvana зэрэг компаниудын хувьцааны ханш тус тус таваас дээш хувиар унажээ.

 

Эх сурвалж: AFP

Categories
гадаад мэдээ

АНУ дахиад л В.Путины “зүрхэнд цус хуруулав” DNN.mn

“Валдай” олон улсын хурал дээр ерөнхийлөгч Владимир Путин “Орос улс цөмийн хөдөлгүүртэй тив алгасах “Буревестник” далавчит пуужинг амжилттай туршсан” гэсэн бол Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ерөнхийлөгчийн дурдсан дэвшилтэт зэвсэг нь АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг “хэрэгцээгүй” болгож, энэ улсыг зэвсгийн уралдаанаас зайлсхийхэд “тусална” гэж хэлсэн нь олон улсад жинхэнэ шуугиан тарьж энэ мэдээ дэлхийн хэвлэл мэдээллийг “дэлбэлж” орхисон нь саяхан болсон явдал.

Тухайлбал, “Нью-Йорк Таймс” сонин “Буревестник” пуужинг Оросын алслагдсан Арктикийн бүс нутагт туршсан тухай бичиж АНУ-ын сансрын тагнуулын хиймэл дагуулын авсан “Новая Земля” арал дахь туршилтын талбай, уг пуужингийн болон үйлчилгээний тоног төхөөрөмжийн зургуудыг нийтлэв. “Нью Йорк Таймс” сонин мөн уг пуужингийн талаарх Америкийн шинжээчдийн мэдэгдлийг эш татаж “Буревестник”-ийн хөөргөлтүүд 2017, 2019 онд аль хэдийнээ хийгдэж бүгд амжилтгүй болсныг тэмдэглэж, энэхүү пуужинг сая оросууд амжилттай туршсан нь дэлхийн стратегийн нөхцөл байдлыг эрс өөрчилж байгааг анхааруулж, Оросоос өөр ямар ч улс ийм төрлийн зэвсэг эзэмшдэггүй гэдгийг онцолж байв.

Владимир Путин 2018 онд Холбооны чуулганд “Буревестник”-ийн талаар анх ярьж, батлан хамгаалах үйлдвэрлэлийн бусад шинэ бүтээгдэхүүнүүд болох “Кинжал” баллистик пуужин, “Авангард” хэт авианы пуужингийн системийг дурдаж байжээ.

Цөмийн хөдөлгүүртэй, халуун цөмийн бөмбөг тээх чадвартай “Буревестник” далавчит пуужингийн хүрэх хүрээ асар хол буюу дэлхийн диаметрээс бараг хоёр дахин их буюу 22 мянга гаруй км юм. Мөн “Буревестник” атомын хөдөлгүүрийнхээ ачаар агаарт дор хаяж хэдэн жил нисч чадна. Иймээс Оросын “ТАСС” агентлаг эх сурвалжаас эш татан “Буревестникийг ямар ч улс сөнөөх боломжгүй” гэж мэдэгдсэн бол барууны хэвлэл мэдээллийнхэн энэ пуужинг “өшөө авах зэвсэг”, тэр байтугай “мөхлийн систем” гэж нэрлэж байв. Их Британийн цэргийн тагнуулын дарга, дэслэгч генерал Жим Хоккенхулл “Ийм пуужин агаарт бараг эцэс төгсгөлгүй байж, олон жилийн турш дэлхийг тойрон эргэлдэж санаанд оромгүй чиглэлээс цохилт өгч болзошгүй” гэж хэлсэн бол энэхүү шинэ аймшигт зэвсэг нь аливаа улсын цэргийн хүчин чадалд ноцтой аюул учруулна гэж олон улсын ажиглагчид дүгнэж байв. Мөн оросууд энэ сарын эхээр Цагаан тэнгисээс “Император Александр III” шумбагч хөлөг онгоцноос Камчаткийн хойг дахь Курагийн арал хүрсэн “Булава” баллистик пуужингийн туршилтыг амжилттай явуулсан гэж зарласан юм. Тэгвэл Их Британийн “The Dai­ly Telegraph” сонин энэ сарын 5-нд “Израиль дэлхийд анх удаа сансарт байлдааны ажиллагаа явуулав” гэж бичсэн билээ. Уг сонин “Хуситуудын босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөнийхний Йеменээс хөөргөсөн Ираны баллистик пуужин Арабын хойгийн Улаан тэнгис дээгүүр бараг 1600 км өндөрт, өөрийн онох ёстой бай болох Израилийн Эйлат хот руу чиглэн нисэж байсныг Израилийн арми “Ar­row” пуужингаас хамгаалах системийг ашиглан агаар мандлын гадна буюу сансарт эхний харвалтаар амжилттай устгалаа” гэж бичжээ. Тус сонинд бичсэнээр, АНУ, Израилийн хамтран бүтээсэн “Arrow” системийг анх удаа зориулалтын дагуу буюу алсын тусгалтай баллистик пуужинг хэт өндөрт устгах зорилгоор ашигласан нь энэ аж. Энэхүү баримт АНУ төдийгүй Израиль улс оросуудын хийсэн бас хийх ямар ч пуужинг устгах зэвсэгээ аль хэдийнээ бэлдчихсэн гэдгийг батлан харуулсан явдал болов. Бас АНУ-ыг олон улсад мэдэгдээгүй байгаа өндөр технологийн бусад зэвсэгтэй гэдгийг ч дэлхий нийтэд ойлгуулж, Орос төдийгүй Хятад, Иран, Хойд Солонгос, Белорусийн удирдагчдын “зүрхэнд цус хуруулсан” явдал болов.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Титаник” хөлөг онгоцны хоолны цэс 100 мянган ам.долларын үнэ хүрчээ DNN.mn

“Титаник” хөлөг онгоцны нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод зориулсан оройн хоолны цэс дуудлага худалдаагаар 84 мянган фунт стерлингээр /102 мянган ам.доллар/ зарагджээ.

Уг цэснээс 1912 оны дөрөвдүгээр сарын 11-ний орой “Титаник” хөлөг дээрх нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод оройн зоогонд ямар хоол санал болгож байсныг харж болох бөгөөд хясаа, үхэр, хурга, нугасны мах зэргийг жагсаасан байжээ. “Титаник” 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд Атлантын далайд мөсөн уултай мөргөлдөж, живсний улмаас 1500 гаруй хүн амиа алдсан билээ.

Дуудлага худалдааг Их Британийн Уилтшир гүнлэгт “Henry Aldridge & Son” компани зохион байгуулжээ. Дуудлага худалдаачин Эндрю Олдрижийн хувьд, энэхүү цэсийг бүх цаг үеийн хамгийн алдартай хөлөг онгоцноос үлдсэн гайхалтай эд зүйл хэмээн тодорхойлсон байна.

Цэсэн дээрх зарим үг үсэг арилсан байгаа нь далайн мөстсөн усанд норсныг илтгэж байгааг тэрбээр хэлээд, уг ховор олдвор нь дөрөвдүгээр сарын 15-ны өглөө Атлантын далайн хүйтэн уснаас эсэн мэнд үлдэж чадсан хэн нэгэн авч явж байсан эсвэл амиа алдсан хүмүүсийн эд зүйлсээс олдсон байж магадгүй хэмээн ярьжээ.

Дуудлага худалдаагаар үнэ хаялцуулсан эд зүйлсийн дотор “Титаник”-ийн хоёрдугаар зэрэглэлийн зорчигч Синай Канторын зүүж явсан, Швейцарт үйлдвэрлэсэн халаасны цаг байсан бөгөөд 97 мянган фунт стерлингээр зарагджээ. Түүнчлэн зорчигчдыг аврахын тулд хэрэглэсэн нэгдүгээр зэрэглэлийн дөрвөлжин хээтэй хөнжил 96 мянган фунт стерлингийн үнэд хүрсэн байна.

Дуудлага худалдааг зохион байгуулагч нь Атлантын далайн ёроолд буй зорчигч тээврийн хөлөг онгоцны эд зүйлсийг үнэ хаялцуулдгаараа алдартай ажээ. Тухайлбал, нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод үйлчлэгчийн үслэг хүрмийг 2017 онд 150 мянган фунтээр зарж байжээ. Мөн тухайн онд “Титаник”-ийн зорчигч Оскар Холверсоны захидал 126 мянган фунт стерлингийн үнэд хүрч байв.

 

 

Эх сурвалж. Montsame.mn

Categories
гадаад мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Герман улс цагаачлалын бодлогоо чангатгахаар болов DNN.mn

Германы олон хотод болсон палестинчуудыг дэмжих жагсаалын дараа Берлинд Германы канцлер Олаф Шольц болон муж улсын Засгийн газрын тэргүүнүүдийн шөнө дунд өнгөртөл үргэлжилсэн хуралдаанаар цагаачлалын бодлогоо чангатгах тохиролцоонд хүрч, цагаачдад өгөх нийгмийн халамжаас жилд нэг тэрбум евро хэмнэх, тэдэнд олгодог нэг удаагийн мөнгөн тусламжийг 7500 евро болгож бууруулснаар ирэх онд муж бүрийн санхүүгийн дарамтыг бараг 3.5 тэрбум еврогоор багасгах шийдвэр гаргав. Хэдийгээр Эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнд ордог Ногоон намынхан цагаачдад үзүүлдэг нийгмийн халамжийг бууруулахыг эсэргүүцсэн ч энэхүү улс төрийн зөвшилцлийг Герман улсын хувьд “түүхэн мөч” гэж Шольц тодорхойлсон байна. Харин энэ тухай Ногоон намын цагаачлалын мэргэжилтэн Юлиан Палке “Энэ бол нийгмийн зөрчлийг улам нэмэгдүүлж, цагаачдыг нийгэмшүүлэх үйл явцыг улам хүндрүүлэх шийдвэр юм” гэж хэвлэлд шүүмжлэн ярьжээ.

Маргааш нь ажлын цаг эхлэнгүүт Германы парламент болох Бундестаг уг асуудлаар бас хуралдав. ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд хатагтай Нанси Фаезер парламентад “Сүүлийн 12 жилийн хугацаанд Германы төр засаг юу гээчийг хийснийг, германчууд тэдэнд юу хийхийг зөвшөөрч тэд юуны тухай дуугүй өнгөрсөн нь манай улсын түүхэнд цаашид хэзээ ч давтагдах ёсгүй зүйл. Иймээс бид 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийн лалын алан хядагчид Израильд хийсэн шиг еврейчүүд халдлагад өртөн амь насаа алдах явдал гарвал цаашид нүдээ аниад чимээгүй байж огт болохгүй” гэж мэдэгдэв.Холокостоос хойш ганцхан өдрийн дотор ийм олон еврей, еврей эмэгтэйчүүд алагдаж байгаагүй гэж тэр тэмдэглэв. Гэвч энэ аймшигт явдлыг Германы зарим оршин суугчид гудамжинд баяр болгон тэмдэглэж, антисемитийн уриа лоозон барьж жагсан энэ баяр хөөр өнөөг хүртэл үргэлжилж байна. Иймээс Германы еврейчүүд өөрсдийгөө мэдэгдүүлэхгүйг хичээж, киппагаа өмсөхгүй, Давидын одтой гинжээ нууж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахаас айж байна. Иймээс ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авна гэдгээ амлаж, “Хядлагыг зөвтгөгчид, эрх чөлөөг ашиглан бусдыг үзэн ядахыг уриалж байгаа хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн ард нуугдах ёсгүй” гэж хэлжээ. Хатагтай Фезер Палестиныг дэмжигч олон улсын Самидун сүлжээний Герман дахь салбарыг аль хэдийн татан буулгаж, энэ сүлжээг дэмждэг бусад бүх байгууллагыг хориглох тушаал гаргасан гээд Герман дахь еврейчүүд болон тэдний байгууллагуудын аюулгүй байдлыг бэхжүүлэх болно гэж амласан байна.

Германы сөрөг хүчний Консерватив намын CDU/CSU фракцын төлөөлөгч Александр Добриндт парламентын индэр дээрээс “Германд болж байгаа исламистуудын жагсаалын эсрэг улс төрийн хатуу хариу үйлдэл хаана байна?” гэж засгийн газрын хэсэгт суусан Нэнси Фезерээс асуугаад “Таны ярьсан, хийсэн хангалтгүй байна” гээд “Социал демократ, Либерал, Ногоон намаас бүрдсэн Засгийн газраас илүү шийдэмгий, тодорхой арга хэмжээ авахыг бид хүлээж байна” гэж мэдэгдэв.Тэрбээр хэд хэдэн арга хэмжээг санал болгож, антисемитизмыг үндэстэн ястны үзэн ядалтыг өдөөх онцгой ноцтой хэлбэр гэж тунхаглах, Израилийг үзэн ядах үзлийг өдөөсөн хүмүүсийг дор хаяж зургаан сар хорих, антисемитийг гэмт хэрэг гэж үздэг болох, иргэншилгүй байгаа гадаадын иргэдийг Германаас нэн даруй албадан гаргах, давхар иргэншилтэй хүмүүсийн Германы паспортыг хүчингүй болгох ёстой гэсэн байна. Добриндт мөн “Израильтай зэрэгцэн оршихыг хүсдэггүй, еврейчүүдтэй хамт тайван амьдрахыг хүсдэггүй хүн Германд амьдрах ёсгүй” гэж хэлжээ. Мөн Бундестаг дахь AfD фракцын Беатрис фон Шторч “Германы зүүн жигүүрийн намын лобби Ойрхи Дорнодоос Герман руу шинэ антисемитизм оруулах үүд хаалга болсон. Германд Палестиныг дэмжсэн жагсаалын үеэр исламистууд болон Германы зүүний үзэлтнүүд хөл нийлэн явж байгаа нь онцгой аюултай үзэгдэл. Еврейчүүдийн амь нас, Израилийн оршин тогтнолд заналхийлж буй энэ антисемитизм Германы хөдөлмөрч хүн амын дундаас гарахгүй. Антисемитизм Исламын сүм хийд, холбоо, байгууллагууд, зүүн жигүүрийн их дээд сургуулиудаас гарч байна. Улс төрийн антисемитизмын энэ тэнхлэг нь Хамасаас эхлээд “Ирээдүйн төлөөх Баасан гараг” гэх хүрээлэн буй орчныг хамгаалах хөдөлгөөн, Хезболла-гаас эхлээд “Өнгөт арьст хүмүүсийн амьдрал ч чухал” хөдөлгөөн хүртэл үргэлжилдэг. Фон Шторч “Еврейн үзэн ядалтаар дүүрсэн, баруунд үл итгэгчид болох залуу, түрэмгий исламын шашинтай олон зуун мянган эрчүүдийг нээлттэй хаалганы бодлогоор Германд оруулж ирсэн Канцлер асан Ангела Меркел энэ бүхэнд буруутай” гэсэн бол фон Шторчийн AfD-ийн хамтран зүтгэгч Гётц Фромминг “Герман дахь еврейчүүдийг хамгаалах хамгийн сайн хамгаалалт бол антисемитүүдийг тус улсад нэвтрүүлэхгүй байх, Германы паспортгүй бүх хүнийг хөөж гаргах явдал” гэсэн байна.

Бусад фракцуудын төлөөлөгчид эдгээр баруун жигүүрийн популистуудыг буруутгаж, Либерал намын Кристиан Дуэр “Германы парламентын төлөөлөгчдийг еврейн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж, гөрдөж байгаа ганцхан нам Бундестагт сууж байна. Энэ бол хэт барууны үзэл бүхий Германы альтернатив нам” гэж онцолжээ. Үнэхээр ч зарим олон улсын судлаачид Европын хэт барууны намуудыг Кремль санхүүжүүлэн гаргаж ирсэн гэж үздэг юм. Кристиан Дуэрр хэдийгээр эрх баригч намын төлөөлөгч боловч Засгийн газрын цагаачлалын бодлогод байгаа алдаа дутагдлыг засч залруулах шаардлагатай гээд “Бидний үндсэн үнэт зүйлийг үл хүндэтгэдэг цагаачид манай улсад оршин суух зөвшөөрлөө эрсдэлд оруулж байгаа бөгөөд тэд ямар ч тохиолдолд Германы иргэн болох ёсгүй” гэж хэлсэн байна.

Хуучин коммунист, одоогийн хэт зүүний намын фракцын гишүүн Дитмар Бартч Герман дахь антисемитизм 1938 оны Кристаллнахт эсвэл 1923 оны еврейчүүдийн анхны томоохон хэлмэгдлээс эхлээгүй гэж дурдаад “Христийн Европ угаасаа еврейчүүдийг ад үздэг байсан бөгөөд энэ танхимд байгаа олон хүн үүнийг мартсан байна. Тиймээс өнөөдөр зөвхөн импортын антисемитизмийн талаар ярих нь ичмээр зүйл” гэсэн нь олон депутатын дургүйг хүргэсэн байна.

Цагаачлалын асуудал Германы эрх баригчдын хувьд томоохон сорилт болж байгаа бөгөөд 2015 онд канцлер Меркелийн засаглалын үед тус улс нэг сая гаруй дүрвэгчийг Ойрхи Дорнодоос хүлээн авсан юм. Мөн энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сарыг хүртэлх хугацаанд Германд оршин суух хүсэлт гаргасан цагаачдын тоо өмнөх оны мөн үеэс 73 хувиар өсч, 250,000 гаруйд хүрчээ.Үүнээс гадна Оросын эзлэн түрэмгийлэх дайны улмаас нэг сая гаруй дүрвэгч Украинаас Германд ирээд байгаа юм.Германд дүрвэж ирэгсдийн дийлэнх хэсэг Сири, Афганистан, Турк улсаас гаралтай байдаг бөгөөд зарим олон улсын шинжээчид “Барууны улсуудын гудамжинд дэлхийн III дайн дэгдэж магадгүй болов” хэмээн бичиж байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Газын зурвасын барилга байшингийн 50 гаруй хувь нь эвдэрч сүйджээ DNN.mn

Газын зурваст Израилын хүчний ажиллагаа үргэлжилсэн хэвээр байна.

Хүн амын нягтшил ихтэй Газа хотын хорооллууд дунд, тэр дундаа “Аль Шифа” зэрэг дөрвөн ч эмнэлгийн ойр орчимд цохилт өгснөөс өвчтөнүүд, эмнэлгийн алба хаагчид, толгой хоргодож байгаа олон зуун мянган энгийн иргэд туйлын хүнд бэрх нөхцөлд байгаа талаар хэвлэлүүд мэдээлсээр байна.

Түүнээс гадна энэ бүс нутагт ажиллаж байгаа НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолкер Тюркийг Израил улс өөртөө болон Палестиний эзлэгдсэн нутгууд руу нэвтрүүлэхээс татгалзжээ.

Газын зурвасын гол хот Газад эмнэлгийн цогцолборуудын ойр орчмыг пуужингаар харваж, бас газрын тулаан болж байгаагаас хэд хэдэн хүн шархадсан тухай Газын зурвасын ЭМЯ-ны төлөөлөгч “Аль-Жазирад” мэдээлжээ.

Израилын хүчнийхэн “Аль-Шифа” эмнэлгийн дор Хамасын удирдлагын төв болон томоохон хонгилын сүлжээ байдаг гэж мэдэгддэг.

Харин Хамас бүлэг болон эмнэлгийн алба хаагчид энэ мэдээллийг эрс үгүйсгэдэг байна.

Мөн Газын зурваст ажилладаг Индонезийн эмнэлэг орчимд бөмбөгдөлт болсноос эмнэлгийн байр нь эвдрэлд орсон, мөн түлш шатахуунгүй болсноос өчигдөр эмнэлгийн үйл ажиллагаа нь бүрэн зогсоход хүрсэн талаар  эмнэлгийн дарга Атеф Калутын видео мэдэгдлийг “MER-C” групп дамжуулжээ.

Энэ зуур нийт амь үрэгдсэн палестинчуудын тоо 10800-аас давж, тэдгээрийн 4400 гаруй нь хүүхэд байгааг Газын зурвасын ЭМЯ мэдээлсэн.

Израилын талаас амь үрэгдсэн 1400 гаруй, үүний олонх нь аравдугаар сарын 7-ны халдлага дайралтад өртөгсөд, дээрээс нь 240-өөд хүн Хамасын барьцаанд байна гэж мэдээлэв.

Үүний зэрэгцээ Израил-Хамасын хямралын эхний нэг сарын дотор Палестиний ДНБ-ий хэмжээ 4 гаруй хувиар хорогдсоныг НҮБ-ын тайлан мэдээ харууллаа.

Илтгэлийг танилцуулсан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ахлах ажилтан одоогийн дайн хямрал Палестиний эдийн засагт урьд үзэгдээгүй их гарз хохирол учруулж байгааг тэмдэглэжээ.

Мөн Газын зурвасын нийт барилга байшингийн 50 гаруй гаруй хувь нь буюу 40 мянгаад нь Израилын бөмбөгдөлтөд нурж сүйдсэн, нийт хохирол мөнгөн дүнгээр 4 тэрбум орчим долларт хүрсэн гэж Газын зурвасын засаг захиргааны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

 

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Денвер хотын төв болон уулархаг бүсэд 24.5 см цас оржээ DNN.mn

АНУ-ын Денвер хотод хоёр дахь удаагийн их хэмжээний цас орж, хүйтэн агаарын урсгал тус бүс нутагт ойртож байна гэж Цаг уурын агентлагаас нь мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн ням, даваа, мягмар гарагт үргэлжлэн орсон цас, хүйтний эрч нь 1970 онд бүртгэгдэж байсан түүхэн дунджаас 15 хэмээр буурсан ч төв болон уулархаг бүсдээ 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ.

Арваннэгдүгээр сард Денверт хотод дунджаар 11.5 см хүртэл цас ордог байна.

Цас их орсны улмаас тус бүс нутагт орон нутгийн цагаар нь лхагва гарагийн оройноос пүрэв гарагийн өглөө хүртэл олон улсын нислэг хойшлогдож болзошгүй байгааг ч мөн сэрэмжлүүлж байна.

Харин пүрэв гарагийн үдээс хойш Денвер хот орчимд 10 хэм хүрч дулаарах төлөвтэй байгаа нь их хэмжээний цас хайлж, шар усны үер буух эрсдэлтэй байгаа аж.

Улмаар ирэх ням гарагт агаарын температур 16 хэм хүрч халахаар байгааг анхааруулжээ.

Categories
гадаад мэдээ

Арголанд гэх хуурай газрын үлдэгдлийг олжээ DNN.mn

Нидерландын Утрехтын их сургуулийн эрдэмтэд Австрали тивээс 155 сая жилийн өмнө салж алга болсон Арголанд гэх хуурай газар Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хоёр хэсэгт хуваагдаж үлдсэнийг олон жилийн судалгааны үр дүнд тогтоожээ. Арголандын багахан хэсэг өнөөдрийн Мьянмар улсын нутаг дэвсгэрт үлдсэн бол үлдсэн том хэсэг нь Индонез улсын зүүн арлуудын суурь болж тогтож Уоллосын шугам хэмээх нүдэнд үзэгддэггүй далд байгалийн хил хязгаар тогтоосныг бас нотолжээ.

Зүүн Өмнөд Азийн арлуудын амьтны аймаг энэ шугамаар хуваагдаж, хоорондоо эрс ялгаатай байдаг аж. Зөвхөн амьтад биш, эртний хүний төрөл зүйлүүд хүртэл энэ шугамаар хуваагдаж тархсан байдаг гэнэ. Тухайлбал шугамын баруун хэсэгт бар, заан, мич зэрэг амьтад байдаг бол зүүн хэсэгт ийм амьтад огт байхгүй, харин Австрали тивийн уугуул амьтадтай ижил төрөл зүйлийн амьтад нутагладаг юм байна. Энэ зааг ялгаа нь Арголанд тивийн хэсэг сүүлд энэ бүс нутагт амьтны аймгийн хамт шилжиж ирсний нотолгоо гэж эрдэмтэд үзсэн байна. Эрдэмтэд энэ бүс нутагт үлдсэн эртний хуурай газрын үлдэгдлүүдийг хооронд нь эвлүүлэх замаар ямар хуваагдал болсныг тодорхойлсон бөгөөд “Бид арлуудын учрыг олох хэцүү даалгавартай тулгарсан учраас манай судалгаа ийм удаан үргэлжилсэн. Бид шууд утгаараа арлуудын дүрсийг эвлүүлэхэд долоон жилийг зарцууллаа” гэж Утрехтийн их сургуулийн геологич, судалгааны багийн ахлагч Элдерт Адвокаат тайлбарласан байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Холбооны бүгд найрамдах Герман улсад Халифын вант улс байгуулахыг уриалж эхлэв DNN.mn

Германы хэд хэдэн хотод Палестиныг дэмжсэн жагсаал дахин боллоо. Эссен хотод исламын шашинтнууд Исламын улсынхтай төстэй бэлгэ тэмдэг бүхий жагсаал цуглаан зохион байгуулж, Германд халифат байгуулахыг уриалж байснаар бусдаасаа ялгарав.

ХБНГУ-ын нийслэлд 10 мянга орчим хүн Берлин хотын захирагчийн байр байрладаг талбайд цугларч Далайн вангийн усан оргилуур руу авирч, Палестины далбаагаар тэнгисийн эзнийг чимэглэв. Жагсаалд оролцсон илтгэгчдийн нэг Израилийн эрх баригчдыг “апартейдын соёл түгээгч” хэмээн буруутгаж, Газын зурвасыг бөмбөгдөхийг зогсоохыг шаарджээ. Өдрийн дундуур исламистуудын жагсаал Потсдамер Платц руу хөдөлж, Берлиний бараг бүх төв замын хөдөлгөөнийг хаажээ.

Берлинд болсон Палестиныг дэмжсэн жагсаалын дараа цагдаа нар үндэстэн ястны хооронд үзэн ядалт өдөөсөн, гэмт хэргийг зөвтгөсөн, бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэх мэтээр гуч гаруй хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлж 68 хүнийг түр саатуулжээ.

Германд цагаачдын тоогоороо дээд амжилт тогтоодог Хойд Рейн-Вестфалийн холбооны муж улсын хотуудад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо. Дюссельдорф хотод гэхэд л “Хүний эрхийн төлөө” уриан дор 16-17 мянган исламистууд оролцсон жагсаал болжээ.

Берлиний нэгэн адил цагдаа нар үндэстэн ястны үзэн ядалтыг өдөөн хатгасан, Холокостыг дэмжсэн гэсэн хэргээр хэд хэдэн мөрдөн байцаалт явуулж, антисемитийн уриа лоозон бүхий баннеруудыг хураан авчээ.

Эссен хотод болсон жагсаалд гурван мянга орчим хүн оролцсон бөгөөд гол илтгэгч нь Ойрхи Дорнодын Исламын мөргөлдөөний үеийн нэг удирдагч болох Ахмад Тамим байв. Исламистуудын барьсан зурагт хуудаснуудын дунд “геноцидийг зогсоо” гэсэн уриалга байсан бөгөөд нэгэн дээр нь сэтгүүлчид “Германы төр засаг манай хүүхдүүдийг алахыг шаарддаг” гэсэн бичээсийг анзаарчээ.

Эссен хотод болсон Палестиныг дэмжсэн жагсаалд оролцогчид долоовор хуруугаа дээш өргөн Аллах бурханыг бэлгэдэж байжээ. Исламистуудын жагсаалыг зохион байгуулагчид жагсаал эхлэхийн өмнө оролцогчдыг хүйсээр нь ялган эрэгтэйчүүд түрүүлж, араас нь эмэгтэйчүүд, хүүхдүүд алхаж байв. Жагсаал төв талбай дээр ирэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биенээсээ зайтай зогсож “Аллаху Акбар” гэж хашгирч, “дэлхийн жихад” гэсэн уриалга хааяа сонсогдож, араб бичигтэй хар тугнууд буюу Исламын улсын бэлгэ тэмдэг тэдний толгой дээгүүр эргэлдэж байв. Хамгийн гол нь тэдний зурагт хуудаснууд Холбооны бүгд найрамдах Герман улсад Халифын вант улс байгуулахыг уриалсан байжээ.

Эссений цагдаа нар жагсаалын үеэр авсан видео бичлэгийг Ахмад Тамимд үзүүлэн түүнийг үндэстэн ястны хооронд үзэн ядалт өдөөсөн хэрэгт сэжиглэн хэрэг үүсгэсэн байна.

Германы Цагдаагийн үйлдвэрчний эвлэлийн гишүүн Йохен Копелке манай засаг захиргаа жагсаал, цуглаан зохион байгуулах өргөдөлд илүү болгоомжтой хандаж байхыг шаардаж “Германы хотуудад ийм жагсаал болох ёсгүй” гэж мэдэгдсэн бол ХБНГУ-ын эрх баригч эвслийн нэг хэсэг болох Ногоон намын тэгш эрхтэй нэгэн дарга Омид Нурипур Эссен хотод болсон исламист байгууллагуудыг дэмжсэн еврейчүүдийн эсрэг уриа лоозон, илтгэлүүдийг “тэвчиж болшгүй зүйл” гэж нэрлэн “Иймэрхүү үйлдэлд төрөөс хатуу хариу арга хэмжээ авах шаардлагатай” гэж хэлжээ.

Германы хэвлэлүүд, тухайлбал Людвигсбургер Крейсзейтунг сонин “Энд ноёрхож буй үнэт зүйл, хууль, журмыг үл тоомсорлодог хүмүүс манай хууль дээдлэх ёсыг тохуурхаж байгаа явдлыг зогсоох цаг болсон” гэж бичээд Герман дахь Палестиныг дэмжигч бусад байгууллагуудын үйл ажиллагааг хориглохыг шаардсан байна. Мөн Вестфален-Блатт сонин “Бид ардчилал болон өөрсдийн байгуулсан нийгмээ ардчиллын дайснууд болон шашны фанатуудад өгөх эрхгүй” гэжээ. Мөн Leipziger Volk­szeitung сонин “Эссен хотод болсон шиг биднийг үзэн ядсан үйл явдалд оролцсон гадаадын иргэдийг бид эх орноосоо хөөх ёстой” гээд Германы хуулиар ийм үйлдэл хийсэн хүмүүсийг албадан гаргахыг зөвшөөрдөг гэдгийг сануулжээ. Мөн Хойд Рейн-Вестфалийн Ерөнхий сайд Хендрик Вүст “Халифатын улсад амьдрахыг хүссэн хэн бүхэн Германд амьдрах ёсгүй. Бидний хүлцэнгүй, чөлөөт нийгмийг устгахыг хүссэн хүмүүсийг манай чөлөөт нийгэм цаашид тэвчиж чадахгүй. Исламистууд, хэт даврагчдыг нэг мөр хориглох ёстой” гэж мэдэгдэв.

Канцлер Олаф Шольц Холбооны муж улсуудын ерөнхий сайд нарын уулзалтад оролцож, Герман руу хууль бусаар цагаачлах, тэр дундаа исламын шашинт орнуудаас ирсэн, ирж буй цагаачдын асуудалтай хамт Германы хотуудад болж буй Палестиныг дэмжсэн жагсаалын асуудлыг ч мөн хэлэлцсэн байна. Гэхдээ Германы эрх баригчид Палестиныг дэмжсэн эсэргүүцлийн хөдөлгөөн улам бүр нэмэгдэж, Германы Үндсэн хуулийг шариатын хуулиар солих уриалгад ямар тодорхой хариу үзүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Virgin Galactic”-ын ээлжит нислэг DNN.mn

Америкийн сансрын аялал жуулчлалын “Virgin Galactic” компанийн SpaceShipTwo (VSS Unity) сансрын нисэх онгоц суборбитал гэгддэг сансрын дэд тойрог замд арилжааны тав дахь нислэгээ амжилттай гүйцэтгэжээ.  Уг сансрын нисэх онгоцыг АНУ-ын Зүүн эргийн Нью-Мексико муж улс дахь сансрын "Америка" буудлаас хос их биетэй, нисэх онгоц тээгч “WhiteKnightTwo” онгоцоор хөөргөсөн байна. VSS Unity ойролцоогоор 15 км-ийн өндөрт нисэх онгоц тээгчээс салж, өөрийн хөдөлгүүрийг асаан 85 км өндөрт гарчээ. АНУ-ын Агаарын цэргийн хүчний тогтоосноор 80.45 км-ийн өндөрт сансрын хил байдаг бөгөөд энэ нь Олон улсын нислэгийн холбооны тогтоосноор сансрын нислэг эхэлдэг шугамаас 100 км-ээр доор юм.

Энэ удаагийн “Galactic 5” багийн бүрэлдэхүүнд хөлгийн дарга Майкл Масуччи, нисгэгч Келли Латимер, Virgin Galactic -ийн сансрын нислэгийн зааварлагч Колин Беннетт нар болон гурван зорчигч болох Францын болон Италийн нэг иргэн, Америкийн эрдэмтэн Саул Алан Стерн, Келли Жерарди нар багтжээ. Тэд судалгааны төвүүдийн захиалгаар хэд хэдэн туршилт хийсэн байна. Хамгийн дээд өндөрт гарсны дараа зорчигчид хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрчээ. Нислэг нийтдээ нэг цаг орчим үргэлжилсэн байна. Энэ нь Virgin Galactic-аас 2023 онд зохион байгуулсан зургаа дахь, арилжааны тав дахь VSS Unity-ийн хувьд арав дахь нислэг нь юм байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Дэлхий даяар 4.4 сая иргэншилгүй хүн байна DNN.mn

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн 95 оронд хамгийн багадаа 4,4 сая хүн иргэншилгүйгээр амьдарч байгааг тогтоожээ. Аль ч улсын иргэншилгүй учир эдгээр хүмүүс хүний эрхийн болон наад захын үйлчилгээ хүртэж чаддаггүй. Жишээлэхэд, аливаа улсын иргэн гэдгийг нь нотлох бичиг баримт байхгүй учир эмнэлгийн үйлчилгээ, халамжийн үйлчилгээ, сургууль, хууль ёсны ажил эрхлэлт зэрэг нь бараг боломжгүй байдаг. Түүнчлэн аль ч улс оронд арьс өнгө, үндэстэн ястны цөөнхийн бүлгийн хүмүүс иргэншилгүй байх нь олонтоо тул ялгаварлан гадуурхалтыг улам нэмэгдүүлдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Иргэншилгүй хүмүүсийн эрхийг хамгаалахын тулд тэдэн рүү чиглэсэн хууль дүрэм, бодлогыг багахан л өөрчлөхөд хангалттай гэж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагын тэргүүн тайланд дурдсан байна.