Categories
гадаад мэдээ

БНХАУ-д газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ DNN.mn

Хятадын баруун хойд нутагт болсон 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Гансү мужид амиа алдагсдын тоо 117 болж, Гансү, Чинхай мужид амь эрсэдсэн хүний нийт тоо 148-д хүрлээ гэж орон нутгийн эрх баригчид баасан гаригт мэдэгджээ.

Баасан гаригийн байдлаар Гансү мужид газар хөдлөлтийн улмаас 781 хүн гэмтэж бэртсэн гэж тус мужийн газар хөдлөлтийн гамшгийн уршгийг арилгах штабаас мэдээлсэн байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Конгресс Украины тусламжийг баталсангүй DNN.mn

АНУ-ын Хууль тогтоох дээд танхим дахь Ардчилсан намын Сенатын олонхын удирдагч Чак Шумер болон Бүгд найрамдах намын цөөнхийн удирдагч Митч МакКоннелл нар хамтарсан мэдэгдэл хийж “Бид урам зориг өгөх ахиц дэвшилд хүрсэн ч хэцүү асуудлууд үлдсэн” гэж хэлэв. Шумер сэтгүүлчдэд “Хэлэлцээрт оролцогч хоёр намын төлөөлөгчид завсарлагааны үеэр шаргуу ажиллах бөгөөд бидний зорилго бол буцаж ирмэгцээ асуудлыг цаг алдалгүй шийдэх явдал. Хууль тогтоогчид ажилдаа орсны дараа АНУ-ын Украинд үзүүлэх тусламж, хилийн аюулгүй байдлыг хангах тухай асуудлыг шийдвэрлэх болно” гэж мэдэгдэв. Харин Өмнөд Дакота мужаас Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатор Жон Тун “Ардчилсан намынхан санаатай бидний тохиролцоог удаашруулж байна” гэж зэмлэсэн байна.

Украинд өгөх тусламжийг батлах явдал удаашрах шинж, тэмдэг мэдэгдэнгүүт Цагаан ордон Украинд үйлдвэрийн буюу өөрийн өртгөөр нь зэвсэг нийлүүлэх шийдвэр гарган, Засгийн газрын нөөц сангуудаас мөнгө гаргасан учир Украины армийг гурван сар хангах боломж Пентагонд бий болгоод байгаа юм. Иймээс олон улсын зарим шинжээчид “Цагаан ордон нөөц бололцоогоо ашиглан 4.8 тэрбум доллар босгон Украины тусламж асуудалгүй болж, АНУ-ын 60, Еропын холбооны 50 тэрбумын тусламж ирэх сар хүртэл хойшилж байгаа нь Япон, Өмнөд Солонгосоос Украинд шууд зэвсэг нийлүүлж, тэдэнд зэвсгийн үйлдвэрээ эрчимжүүлэх боломж олгож байна”, “Дайны түүх бидэнд аль ч дайрагч тал сар орчмын дараа сульдан довтолгоон зогсож, үр дүнгээ тооцдог гэж хичээл заадаг.

Гэтэл Кремлийг төөрөгдүүлэх зорилгоор “Украин зэвсэггүй болж баларч байна” гэдэг хуурамч мэдээллийг барууныхан болон Украины удирдлага зохион байгуулалттай тарааж чадсан нь Оросын сульдсан цэргүүдийг байлдааны фронт дээр нэг мөсөн сөхрүүлэх шалтгаан болж байна” гэж бичиж эхлэв. АНУ-ын Хууль тогтоох хоёр танхимын гишүүд ирэх сарын дундуур ажилдаа орох юм.

Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей эдийн засагт төрийн зохицуулалтыг багасгахад чиглэсэн багц арга хэмжээний тухай зарлиг гаргаж, “Бид манай улсыг сүйрүүлж буй хазаарлан, боомилдог тогтолцооны эрх зүйн орчныг задалж эхлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа” гэж мэдэгдэн экспортод хязгаарлалт тогтоохыг хориглож, төрийн өмчит компаниудыг хувьчлахад саад учруулсан зохицуулалтыг хүчингүй болгож, олон улсын худалдааг хөнгөвчлөх зорилгоор үнийн зохицуулалт, гаалийн журмыг шинэчлэхээр шийдвэрлэсэн “шийдлийн оронд зөвхөн асуудал дагуулдаг зохицуулалт”-аас эдийн засгийг чөлөөлөх 30 арга хэмжээг иргэддээ танилцуулжээ.

Польшийн Люблин хотын тойргийн шүүх Беларусь, Орос, Украины 14 иргэнийг ОХУ-ын талд тагнуул хийсэн хэрэгт буруутган тэдэнд 13 сараас зургаан жил хүртэл хугацаагаар хорих ял болон торгууль ногдуулсан байна. Польшийн Дотоодын аюулгүй байдлын агентлаг “Эдгээр шүүгдэгчид Польшийн чухал дэд бүтцийн байгууламжуудын талаар мэдээлэл цуглуулж, Украин руу цэрэг, хүмүүнлэгийн тусламж тээвэрлэхэд ашигладаг хурдны замын ойролцоох төмөр замыг хянаж, НАТО болон Украиныг шүүмжилсэн хэвлэмэл материал тараадаг байсан байна.

Тус бүлэглэл нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл хэд хэдэн муж нутагт үйл ажиллагаагаа явуулж, Telegram мессенжерээр дамжуулан зааварчилгаа авч, криптовалютаар урамшуулал авдаг байсан байна” гэж мэдэгдсэн бол Польшийн тагнуулын алба “Энэ хэрэгт холбогдсон хүмүүст ОХУ-ын ФСБ шуурхай мэдээлэл өгч, яллагдагчийн “куратор” Украин руу явж буй цэргийн ачаатай галт тэргийг онхолдуулах зорилготой байжээ” гэж мэдээлэв

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Владимир Зеленскийн жилийн эцсийн хэвлэлийн бага хурал DNN.mn

Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ жилийн сүүлчийн хэвлэлийн бага хурлаа хийж, хоёр цаг үргэлжилсэн уг хурлын үеэр Украины дайны сэдвээр сэтгүүлчдийн олон асуултад хариулсан байна. Энэ үеэрээ Украины арми түүнээс 450-500 мянган эрчүүдийг цэрэгт дайчлахыг хүссэн ч шинэ цэрэг татахаас гадна хуучин цэргүүдийг чөлөөлөх асуудлыг харгалзан энэ төлөвлөгөөг эцэслэхийг санал болгосон гэж мэдэгдэв. Мөн тэрбээр ийм олон хүнийг цэрэгт дайчлахад 500 тэрбум гривен (13 тэрбум доллар) шаардлагатай гээд “Дайчилгааны тухай хуульд эмэгтэйчүүдийг цэргийн албанд татах асуудал орж ирвэл гарын үсэг зурах уу?” гэсэн асуултад “Би гарын үсэг зурахгүй” гэж хариулжээ. Гэхдээ “Дайчилгааны тухай хуулийг батлахад би бэлэн байгаа бөгөөд үүнд хүн амын насны ангилал, тэр дундаа 25-аас дээш насны иргэдийг дайчлах ч тодорхой нөхцөлтэй байна” гэж хэлэв. Одоо Украинд 27 наснаас эхлэн эрчүүдийг цэрэгт дайчилж байгаа юм.

Украины ерөнхийлөгч Орос улс дайнд “ганц ч ялалт” байгуулж чадаагүйг тэмдэглэн Украин ялагдах эрсдэлтэй гэдгийг няцаав. Ерөнхийлөгч фронт дахь нөхцөл байдал, цэргийн командлалтай харилцах хувийн харилцааны талаар тайлбар өгөхөөс татгалзаж, бухимдлаа нууж чадахгүй байсан бөгөөд Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг огцруулах бодолтой байгаа эсэх талаар шууд хариулт өгөхөөс хэд хэдэн удаа зайлсхийв. Ерөнхий командлагчийг өөрийн багийн гишүүн гэж нэрлээд, түүнээс тодорхой үр дүн, Украины тусын тулд сайн ажиллана гэсэн хүлээлттэй байгаа гэж онцлов. Украины Ерөнхийлөгч мөн АНУ ойрын хугацаанд Киевт үзүүлэх цэргийн нэмэлт тусламжийн гацааг тайлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн фронтод тулалдаж буй Украины Зэвсэгт хүчний дайчдад талархал илэрхийлжээ. BBC-ийн сурвалжлагч Жессика Паркер түүнээс Украин энэ дайнд ялагдаж эхлэх аюул байгаа эсэхийг асуухад тэрбээр “Үгүй!” гээд “Орос нэг ч ялалт байгуулаагүй. Цаашид ч чадахгүй” гэж хариулав. Тэрбээр, 2022 онд Украин улсын нутаг дэвсгэрийн нэлээд хэсэг нь эзлэгдэн маш хүнд байдалд орсон ч Украин бүслэлтээс гарч чадсан. Гэхдээ ялалтын үнэ маш өндөр байна гээд өнөөдөр Украинд хамгийн “хэцүү байгаа зүйл” нь их бууны сум, танк эсэргүүцэх зэвсгийн хомсдол гэдэгтэй санал нэг байна гэв.

Ерөнхийлөгч аливаа прогноз зохиогчид мөргөлдөөн хэрхэн, хэзээ дуусахыг урьдчилан таамаглах боломжгүй байдаг гэдгийг тэмдэглээд “Дайн, зогсонги байдал, ялалт үнэндээ олон зүйлээс шалтгаалах ч ихэнх нь та биднээс хамаарна. Хэрэв бид тэсвэр тэвчээрээ алдахгүй бол дайныг эрт дуусгах болно” гээд Оросын эрх баригчид өмнө нь Украиныг хурдан хугацаанд ялна гэж таамаглаж байсан ч тэдний таамаг биелээгүй гэдгийг онцлов.

Украины нэгэн сэтгүүлч Зеленскийгээс Украин НАТО-д хэсэгчлэн, өөрөөр хэлбэл тэднээр аюулгүй байдлын баталгаа гаргуулж, энэ нь тус улсын бүх нутаг дэвсгэрт бус, зөвхөн Орост эзлэн аваагүй байгаа бүс нутагт үйлчлэх боломжтой эсэхийг асуухад “Биднийг НАТО-д ор гэж уриагүй байна. Гэхдээ үнэндээ хэсэгчилсэн гишүүнчлэл гэдэг утгагүй зүйл. Манай аль ч түнш ийм санал тавьж байгаагүй” гэж хэлжээ. Харин Барууны холбоотнуудтай аюулгүй байдлын баталгааны хоёр талт хэлэлцээрт гарын үсэг зурах явдал хүссэнээс илүү удаан үргэлжилж байгааг тэрбээр мөн хүлээн зөвшөөрсөн байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Зуны сөрөг довтолгоо амжилтгүй болсон учир Украин цэргийн кампанит ажлынхаа стратегийг өөрчлөх үү?” асуултад тэрбээр “2023 оны бидний үйл ажиллагааны дүн шинжилгээ гарсны дараа тактикаа өөрчилж болно” гэж хэлэв. Украины олон нийтийн телевизийн сурвалжлагч Суспильне Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг огцруулахаар төлөвлөж байгаа эсэхийг Зеленскийгээс шууд асуухад “Яагаад энэ сэдвийг дахин дахин сөхөөд байна вэ? Би Залужныйтай ажлын харилцаатай. Тэр жанжин штабынхаа хамт ерөнхий командлагчийн хувьд тулалдааны талбарт гарсан үр дүнг хариуцах ёстой” гэж хэлэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр хэрэв Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялбал энэ нь Украины дайны нөхцөл байдлыг сөргөөр өөрчилж магадгүй гэж Зеленский чин сэтгэлээсээ санаа зовж байгаа нь тодорхой болов. Мөн Зеленский өнгөрсөн жилтэй харьцуулахад маш их ядарсан нь тодорхой харагдаж байв гэж BBC мэдээлжээ.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

БНХАУ-д болсон газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 131 болжээ DNN.mn

Хятадын баруун хойд нутгийн Гансү мужид даваа гаргийн шөнө дунд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 131-д хүрч, гэмтэж бэртсэн хүний тоо 782 болжээ.

Чинхай мужид байгалийн гамшигт 18 хүн амь эрсэдсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Тус мужид гамшгийн улмаас 198 хүн бэртэж, 16 хүн сураггүй болсон байна.

Хятадын Газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлснээр, Гансү мужийн Жишишан-Баоан-Дуншян-Саларын өөртөө засах хошууны нутагт даваа гаргийн 23:59 цагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн голомт нь Люгоу тосгонд 10 км-ийн гүнд байжээ.

Categories
гадаад мэдээ

Чарльз Мишель: Украин, Молдав хоёр хэлэлцээ эхлүүлнэ DNN.mn

Европын холбооны гишүүн улсуудын удирдагчдын нэгдсэн чуулганаар Украин, Молдавтай Европын холбоонд гишүүнээр элсэх хэлэлцээг эхлүүлж, Гүржид нэр дэвшигчийн статус олгохоор шийдвэрлэсэн гэдгийг Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель сэтгүүлчдэд мэдэгдэв. Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтаас гарсан энэхүү шийдвэрийг Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Энэ бол Украины ялалт. Бүх Европын ялалт.

Бидэнд шинэ урам зориг өгч, улам хүчирхэгжүүлж буй ялалт” гэж олон нийтийн Х сүлжээндээ бичжээ. Европын зөвлөл Украинтай гишүүнчлэлийн хэлэлцээг эхлүүлэх шийдвэр гаргах санал хураах үеэр энэ асуудлыг эсэргүүцдэг Унгарын ерөнхий сайд Виктор Орбан танхимыг орхиж, Европын холбооны аль ч гишүүн хориглоогүй тул энэхүү шийдвэр хууль ёсны болсон юм. Харин Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооноос Украинд өгөх 54 тэрбум еврогийн эдийн засгийн тусламжаас гадна 24 тэрбумын цэргийн тусламж үзүүлэх асуудалд хориг тавьж энэ асуудлыг он гартал хойшлуулж чадсан байна.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

БНХАУ-д болсон газар хөдлөлтийн улмаас 111 хүн амиа алджээ DNN.mn

БНХАУ-ын Синьхуа агентлаг тус улсын баруун хойд нутагт болсон 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас  111 хүн амиа алдсан хэмээн мэдээллээ.

6.2 magnitude earthquake kills dozens in northwest China, state media  reports | CBC News

Газар хөдлөлт орон нутгийн цагаар даваа гаргийн шөнө болсон бөгөөд Ганьсү мужид 86, Цинхай мужид есөн хүн амиа алдсан. Мөн 230 гаруй хүн бэртжээ.

Дээрх мужуудад ус, цахилгааны хэрэглээ тасалдаж, хүчтэй газар хөдлөлтийн улмаас барилга байгууламжууд нурсан байна.

Categories
гадаад мэдээ

Украины ерөнхийлөгч АНУ-д айлчлав DNN.mn

АНУ, Украины ерөнхийлөгч нар Цагаан ордонд уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ. Ерөнхийлөгч Жо Байден “Украины зоригтой ард түмэн Путиныг эсэргүүцэн тэмцсэн, тэр бүтэлгүйтсэн. Бид Украин улс, Украины ард түмнээс нүүр буруулахгүй. Конгресс болон манай улсын ихэнх иргэд Украины ялалт дэлхийн аюулгүй байдалд амин чухал зүйл гэдгийг яг над шиг ойлгодог” гэжээ. Мөн Байден Украин, Израиль, Тайваньд үзүүлэх тусламжийн хөрөнгө болон Мексиктэй хиллэдэг хилийг бэхжүүлэх талаар өрнөж буй Конгресс дахь мэтгэлцээний талаар “Ардчилал бол буулт хийх урлаг бөгөөд би аль хэдийн Бүгд найрамдах намын хууль тогтоогчдод буулт хийх санал тавьсан” гэж хэлсэн байна.

Ерөнхийлөгч Владимир Зеленский дайнд ялахын тулд Украин агаарыг хянах хэрэгтэй гэдгийг онцлоод “Бид агаарын дайнд ялж, тэнгэрт Оросын ноёрхлыг зогсоохыг хүсч байна, учир нь тэнгэрийг захирч байгаа хүн дайн хэрхэн үргэлжлэхийг зааварладаг. Украин сөрөн зогсож байгаа учир Европын бусад улс орнуудад Оросын түрэмгийлэл заналхийлээгүй байна. Бидний хамтын ажиллагаа, эр зориг Оросын аливаа дайсагнасан үйлдлээс илүү хүчтэй гэдгийг бид нотолсон” гэж хэлжээ.

Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Вашингтонд айлчлах үеэрээ АНУ-ын Конгрессийн гишүүдтэй хаалттай уулзан Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалсаар байгаа Украинд нэмэлт санхүүжилт олгохыг сенаторуудад уриалсан бөгөөд өөрийн Tele­gram сувагтаа “АНУ-ын Сенат дахь уулзалт нөхөрсөг, илэн далангүй болсон. Би тэдэнд Украины аюулгүй байдал, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, амин чухал зүйл болох Америкийн дэмжлэгийг хадгалах шаардлагатайг онцолсон. Энэ дэмжлэг нь Украины тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчиллын төлөөх тэмцлийн баталгаа юм” гэж бичжээ. Зеленский мөн Сенатын Ардчилсан намын дарга Чак Шумер, Сенатын Бүгд найрамдах намын дарга Митч МакКоннелл нарт Украинд үзүүлэх хоёр намын дэмжлэгийг нэгтгэж байгаад нь талархал илэрхийлжээ.

Үнэндээ Украинд өгөх нэмэлт санхүүжилт нь АНУ-ын муж улсуудын зэвсгийн үйлдвэрүүдэд орж, өндөр цалинтай олон сая ажлын шинэ байр бий болгож, эдийн засгийг нь сэргээх “том түлхүүр” болох тул Бүгд Найрамдахчууд энэ мөнгийг батлах нь гарцаагүй. Харин Мексикийн хил дээр бэхлэлт барих талаар Сенат дээр маргаан үүсээд буйн цаад учир нь ирэх сонгуульд цагаачлан ирж АНУ-ын иргэн болсон олон сая хүмүүсийн Ардчилсан намд өгдөг саналыг болиулах гэсэн Бүгд Найрамдахчуудын “башир арга” юм. Товчхондоо улс төрчдийн зөвхөн өөрсдийн суудлыг бодож, нийтийн эрх ашгийг хохироодог энэ асуудлыг зөв шийдэх гарц олох явдал ардчиллын өмнө тулчихаад байгаа билээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

ОУВС-гаас Украинд 900 сая ам.долларын зээл олгоно DNN.mn

Олон улсын валютын сангийн  тэргүүн Кристалина Георгиева Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаас хэдхэн цагийн өмнө ОУВС-гийн гүйцэтгэх зөвлөл Украинд 15.6 тэрбум ам.долларын зээлийн хөтөлбөрөөс 900 сая ам.доллар олгохыг зөвшөөрчээ.

К.Георгиева Украины Ерөнхийлөгчтэй Вашингтон хот дахь ОУВС-гийн төв байранд нэг цаг орчмын турш уулзах үеэрээ ОУВС-гийн гүйцэтгэх зөвлөл нэг улсыг эс тооцвол Украиныг дэмжиж буйгаа санал нэгтэй илэрхийлснийг түүнд хэлсэн гэж сангийн төлөөлөгчид мэдээлэв.

Гүйцэтгэх зөвлөл энэ оны эхээр баталсан дөрвөн жилийн хугацаатай Extended Fund Facility зээлтэй холбоотой Киевийн ахиц дэвшлийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцсэний дараа өнгөрсөн сард Украины эрх баригчидтай тохиролцсон гэрээг баталжээ. Энэ нь 900 сая долларын санхүүжилт хийх нөхцөлийг бүрдүүлж, ОУВС-гаас энэ онд Украинд олгох нийт санхүүжилтийг 4.5 тэрбум ам.долларт хүргэсэн байна.

 

Эх сурвалж: Монцамэ

Э.Хулан

Categories
гадаад мэдээ

Либертари Хавьер Милей ерөнхийлөгчийн тангараг өргөв DNN.mn

Аргентины ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Буэнос-Айрес дахь Конгрессын байранд болж, либертари үзэлтэн Хавьер Майли “Би ерөнхийлөгчийн албыг үнэнч шударга, эх оронч сэтгэлээр гүйцэтгэж, Аргентины Үндсэн хуулийг үнэнч шударгаар даган мөрдөж, хэрэгжүүлэхээ тангараглаж байна” гэж төрийн тэргүүний тангараг өргөлөө. Тангараг өргөсний дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй төрийн тэргүүн Альберто Фернандес Майлид ерөнхийлөгчийн тууз, бороохойг гардуулав. Мөн дэд ерөнхийлөгч Виктория Вильяруэль тангараг өргөсөн байна.

Майли Конгрессын индэр дээрээс ерөнхийлөгчийн хувиар хэлсэн анхны үгэндээ тус улсад “шинэ эрин”-ийг амласан ч эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг анхааруулав. “Ямар ч засгийн газар биднээс илүү ийм муу өв хүлээн авч байгаагүй” гэж тэр хэлээд бид хэмнэлтийн арга хэмжээ авахаас өөр аргагүй болно гэж нэмж хэлжээ. “Зардлыг танахаас өөр арга байхгүй, цочир арга хэмжээ авахаас өөр арга байхгүй” гэж шинэ ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Майли “Цаг хугацаа өнгөрөхөд хүн ам авсан арга хэмжээний үр дүнг харах болно, гэхдээ үүнээс өмнө нөхцөл байдал улам дордох болно” гэжээ.

Майлигийн тангараг өргөх ёслолд ирсэн гадаадын зочдын дунд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский байсан бөгөөд Оросууд Украин руу довтолж эхэлснээс хойш түүний Латин Америкт хийсэн анхны айлчлал нь энэ болж байна. Майли өмнө нь Украиныг дэмжиж, Оросын түрэмгийллийг буруушааж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан юм.

Зеленский Майлид Аргентины ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсонд баяр хүргэв. Мөн Зеленский “Энэ бол Аргентины хувьд шинэ эхлэл бөгөөд ерөнхийлөгч Майли болон Аргентины бүх ард түмэн өөрсдийн амжилтаараа дэлхийг гайхшруулахыг би хүсэн ерөөж байна. Украин, Аргентины хоёр талын хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж “X” олон нийтийн сүлжээндээ бичжээ.

Аргентины ерөнхийлөгч Хавьер Майлигийн тангараг өргөх ёслолын үеэр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай ярилцаж буй нь шууд нэвтрүүлгийн үеэр олон нийтэд харагджээ. Харин Зеленский, Орбан нар юу гэж ярилцсан талаараа ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Владимир Зеленский Аргентины шинэ удирдагч Хавьер Майлигийн тангараг өргөх ёслолд оролцсоныхоо дараа АНУ-д ажлын айлчлал хийж, ерөнхийлөгч Жо Байдентай уулзана гэж Украины ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд АНУ хориг тавив DNN.mn

Хүмүүнлэгийн ёсны үүднээс Газын зурваст нэн даруй гал зогсоох тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төсөлд АНУ баасан гарагт хориг тавилаа.

Арабын Нэгдсэн Эмират Улсын санаачилсан энэхүү тогтоолын төслийг Аюулгүйн Зөвлөлийн 13 гишүүн дэмжсэн бол Их Британи түдгэлзсэн байна. Хоёр сар үргэлжилж буй дайны улмаас дэлхий дахинд аюул заналхийлж байгаа талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш албан ёсоор анхааруулан мэдэгдсэний дараа уг санал хураалтыг явуулжээ.