Categories
гадаад мэдээ

Японы Гадаад хэргийн сайдын айлчлал DNN.mn

Япон улсын гадаад хэргийн сайд Ёко Камикава Украины нийслэл Киев хотод урьдчилан зарлалгүйгээр айлчилж, Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцлийг тууштай дэмжихийг батлан илэрхийлжээ. Тэрбээр Япон дрон илрүүлэгч системийг Украинд нийлүүлэх зорилгоор 37 сая ам.долларын тусламж үзүүлэх болсныг энэ үеэр мэдэгдэв.

Мөн Украины ард иргэдэд өвлийн улирлыг давж гарахад нь зориулан таван ширхэг цахилгаан эрчим хүчний үүсгүүрийг илгээх болсныг мэдээлсэн байна. Дараа нь Камикава сайд 2022 онд Оросын цэргүүдийн хядлага үйлдсэн Буча тосгон, ширүүн тулааны талбар болж байсан Ирпин хотод зочилж, ирэх сарын 19-ний өдөр Токиод зохион байгуулагдах Украины эдийн засгийг сэргээн босгох асуудлаарх олон улсын чуулганы бэлтгэл ажлын талаар Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулебатай ярилцжээ.

Сайд Камикаваг хүлээж авч уулзсан Украины ерөнхийлөгч Владимир Зеленский шинэ оны эхний өдөр Японд газар хөдөлсөнд эмгэнэл илэрхийлж, 2023 онд Хирошима хотод болсон Их Долоогийн чуулганы үеэр Украины гадаад харилцааг дээшлүүлэхэд тусалсан ерөнхий сайд Фүмио Кишидад талархал илэрхийлсэн байна.

Өнгөрсөн сард Японы эрх баригчид зэвсгийн экспортын бодлогоо шинэчилж, Patriot агаараас хамгаалах системийг АНУ-д экспортлох шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр нь АНУ-аас Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн тоог мэдэгдэхүйц нэмэгдүүлээд байгаа бөгөөд Япон улсын гадаад хэргийн сайд Польш, Финланд, Швед, Нидерланд, АНУ, Канад, Герман, Турк улсуудаар хийх хоёр долоо хоногийн айлчлалынхаа дундуур ийнхүү Украинд зочилсон байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Танилц: “Манчестер Юнайтед” багийн шинэ эзэн Жим Рэтклифф DNN.mn

Энэ зураг дээр харагдаж буй эрийг уул уурхайн салбарын ажилтан, жолооч, уурхайчин гэж андуурав аа.

Их Британи улсын баячуудын эгнээнд хоёрт бичигддэг, 29.6 тэрбум фунт стэрлингийн хөрөнгөтэй гэдгийг Sunday Times Rich List зарласан Жим Рэтклифф хэмээх далан нэгэн настай англи эр бөлгөө. Тэр он солигдох мөчид Английн хөлбөмбөгийн хамгийн том багуудын нэг болох “Манчестер Юнайтед”-ийн хувьцааны 25 хувийг худалдан авч ах дүү Глейзерүүдээс тус багийг салгах үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Энэхүү наймаа өнөөдөртөө юуг илэрхийлнэ вэ гэвэл. Ямар ч байсан Катарын шейх Жаассим бэн Хамада Аль-Танигийн 5,5 тэрбум фунт стэрлингээр “МЮ”-г бүхлээр нь худалдан авах гэсэн хэдэн жилийн оролдлого “будаа” боллоо гэсэн үг. Америкийн тэрбумтан ах дүү Глейзерүүд (тэдэнд 71 хувь үлдэж байгаа) дангаараа шийдвэр гаргах эрхгүй болсон гэдэг нь “МЮ”-гийн балиашгуудийг баярлуулна. Хамгийн гол нь шинэ эзэн Олд Траффордыг шинэчлэх, бэлтгэлийн баазыг өргөтгөхөд 300 сая фунт зарцуулна гэж мэдэгдлээ.

Жим Рэтклифф 25 хувийн 1.25 тэрбум фунтаар өнгөрөгч оны 12 дугаар сарын 24-нд худалдаж авсан өдрөө хуучин эзэдтэй тохиролцсон зарим гэрээгээ танилцуулсан. Энэ өдрөөс эхлэн уг багийн хөлбөмбөгтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг тэр хариуцах бөгөөд Глейзерүүд арилжаа, наймаа ашиг орлого, зар сурталчилгааны талаа мэдэж байхаар болсныг сонордуулсан билээ.

Жим Рэтклиффийг товч танилцуулъя. Тэр бол INEOS компанийн босс бөгөөд химийн гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг олон төрлийн үйлдвэрүүд нь Англи, Шотланд, Ирланд гээд улсуудад өчнөөнөөрөө бий. Тэр хар багаасаа “МЮ” багийн үнэнч фен байсан гэдэг нь олон баримт ярилцлагаас тод томруун харагддаг нь яалт ч үгүй үнэн юм. Тэр “Олд Траффорд”-оос хагас цагийн явдлын зайтай газарт төрж өссөн гэхээр хүүхэд нас нь энэ том багтай холбоотой байхаас гарцаагүй байж таарах нь. Их Британид зориулсан ба гаргасан амжилтуудыг нь үнэлж 2018 онд “сэр” цол олгосон, “МЮ”-гээс гадна Францын хөлбөмбөгийн “Ницца”, Швейцарийн “Лозанна” багуудыг эзэмшдэг. Мөнгө үнэртсэн л бол тууштай тэмцэж зорилгодоо хүрдэг, хатуу чанга арга барилтай хүн гэж тодорхойлдог. “МЮ”-гийн үнэнч балиашгуудын хувьд баг нь араб хүн рүү явчихаагүй, 18 жилийн туршид үзэн ядаж явсан америк эздээс холдож эхэлж буй нь эерэг үзүүүлэлт гэж үзжээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчөөр хэн тодрох вэ? DNN.mn

“Аугаа болгон энгийн, энгийн болгон аугаа байдаг”. Энэ бол XXI зууны шинжлэх ухааны зарчим. Учир нь Аж үйлдвэрийн IV хувьсгал интернэт гэдэг зүйлийг бий болгосноор бид аль ч асуудлыг цогцоор нь “харах” боломжтой болсон. Хэн ч байсан эхлээд судлах хэрэглэхүүн буюу тухайн сэдвээр материал цуглуулна. Дараа нь арга зүйгээ сонгоно. Тэгээд энэ хоёрыгоо нийлүүлэнгүүт танаас хамаарахгүй үр дүн гарна. Үүнийг л шинжлэх ухаан гэдэг.

Шинжлэх ухаан өөрөө бичиж, ярьж чаддаггүй учир гарсан үр дүнг та өөрийнхөө нэр дээр бичиж хэвлүүлэхээс өөр аргагүй. Харин гарсан үр дүн чинь урьд нь мэдэгдээгүй байсан зүй тогтол байвал эрдэмтэн болдог. Үнэхээр шинжлэх ухааны нээлт хийсэн гэж бодож байгаа хүн байвал шинжлэх ухааны сэтгүүлд өгүүллэг хэвлүүлэхээсээ өмнө, мөнгө төлж байгаад ч болов уг сэдвээ энгийн үгээр тайлбарлаж, өөрийн улсын өдөр тутмын сонинд хэвлүүлэх хэрэгтэй. Учир нь энэ нь хожим шаардлага гарсан тохиолдолд, олон улсад НҮБ-ын конвенцийн дагуу зохиогчийн эрхээ хамгаалах таны баталгаа болдог юм.

Энэ жил дэлхийн 64 улсад чөлөөт ардчилсан сонгууль зохион байгуулагдана. АНУ-ын “Integrity Institute” стратегийн судалгааны хүрээлэн “Эдгээр улсад дэлхийн хүн амын хагас нь буюу дөрвөн тэрбум гаруй хүн амьдардаг бөгөөд дахин ийм олон сонгууль давхацсан жил 2048 оноос өмнө тохиохгүй” гэж мэдээлсэн. Мэдээж эдгээр сонгуулийн “оргил” нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль байх болно. Иймээс хэдүүлээ XXI зууны шинжлэх ухааны зарчмыг ашиглан, АНУ-ын ерөнхийлөгч хэн болохыг тогтоож “Аугаа болгон энгийн, энгийн болгон аугаа байдаг” гэдгийн үнэн эсэхийг шалгаад үзье.

Америкийн санал асуулгаар тэрбумтан болсон Жорж Гэллапын нэрээр нэрлэгдсэн “Gallup” компани өнөөдөр дэлхийд санал асуулгыг тэргүүлж байна. Энэ компани “Гэллапын арга”-ыг хэрэглэдэг бөгөөд манай улсын санал асуулга ч энэ аргаар явагддаг. Энэхүү арга “Том тогоотой хоолноос ганц халбагаар амсахад л хангалттай” гэсэн зарчим баримталж олон сая сонгогчдод ил захидал илгээн саналыг нь авдаг байсан нүсэр аргыг нийгмийн давхаргын төлөөлөл болгоноос тодорхой тооны санал авдаг болгож дэвшил авчирсан юм. Гэхдээ энэ арга сонгууль ойртох тусам магадлал нь өндөр болдог дутагдалтай талтай. Өөрөөр хэлбэл сонгуульд хэн ялахыг урьдчилан хэлэх боломж тааруу байдаг. Харин сонгогчдын санал гэдэг бол яг үнэндээ тухайн “цаг үеийн шаардлага” юм. Иймээс “Гэллапын арга”-аас татгалзаж, АНУ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд яг ямар хүн шаардлагатай байгааг “задалж” үзье.

I-харьцангуй залуу, II- төрийн ажлын туршлагатай учир ерөнхийлөгч хийх боломжтой, III- АНУ-ын олон үндэстний төлөөлөл болж чадах, IV- дайн дажин улам даамжрах магадлалтай байгаа учир эмэгтэй, V- өөрийн намын үзэл бодолд үнэнч, VI-гэр бүлийн байдал. Одоо эдгээр шалгуур бүрд нэг оноо өгч хэн бүтэн зургаан оноо авахыг харъя.

Ерөнхийлөгч Жо Байден, ерөнхийлөгч асан Дональд Трамп төдийгүй бүх нэр дэвшиж буй эрчүүд энэ шалгуураар өрсөлдөөнөөс шууд хасагдаж байна. АНУ-ын Ардчилсан намаас гарах магадлалтай Хиллари Клинтон 4, дэд ерөнхийлөгч Камала Харрис 5 оноо авч байна. АНУ-ын Ардчилсан нам зүүний буюу дайны эсрэг үзэл баримтлах ёстой бөгөөд өнөөдөр энэ үзлийг баримтлах аваас сонгогчдод “дарангуйллыг дэмжигч” үзэлтэн болж харагдах тул дэд ерөнхийлөгч Камала Харрис 5 оноо авч байна. Өөрөөр хэлбэл, Камала Харрис сонгуульд өрсөлдвөл дарангуйллын эсрэг дайныг дэмжихээс өөр аргагүй болж, намын гишүүд, дэмжигчдийнхээ саналыг алдана гэсэн үг юм. Харин Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй Өмнөд Каролинагийн Бамберг хотод 1972 онд синкх гэр бүлд төрсөн, эцэг эх нь хоёул доктор цолтой болохоосоо өмнө Энэтхэгийн Пунжаб мужийн Амритсараас цагаачилж ирсэн, өөрөө Өмнөд Каролина мужийн Төлөөлөгчдийн танхимд гишүүн мөн тус мужийн захирагчаар сонгогдон ажиллаж, НҮБ-ын АНУ-ын Байнгын төлөөлөгч байсан, “Оросын түрэмгийллийг “нутаг дэвсгэрийн маргаан” гэж нэрлэх, энэ асуудлаар АНУ төвийг сахихыг уриалах нь маш буруу. Учир нь Украины ялалт манай үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцнэ. Израиль болон АНУ террористуудыг устгах үүрэгтэй” гэж хэлж, татвар бууруулахыг зорилгоо гэж үздэг, нөхөр Майкл Хейли нь АНУ-ын Армийн албан хаагч, Өмнөд Каролинагийн Үндэсний гвардийн офицер, тэд Рена, Налин гэсэн хоёр хүүхэдтэй, түүний төрсөн ах Митти бас офицер байсан бөгөөд АНУ-ын армид 20 жил алба хаасан гэсэн үзүүлэлтүүд нэр дэвшигч Никки Хейлид бүтэн зургаан оноо өгч байна. Энэ шинэ арга олон улсад одоогоор огт яригдаагүй байгаа хүнийг АНУ-ын ерөнхийлөгч болох магадлал хамгийн өндөр хэмээн гарган ирж байна. Гэхдээ энэ бол одоогоор шинжлэх ухааны онол. Учир нь аль ч онол батлагдаж байж л шинжлэх ухаан болдог хуультай.

Иймээс л Никки Хейли АНУ-ын ерөнхийлөгч болчихвол энэ шинэ арга санал асуулгын судалгаанд гарсан “нээлт” болох тул би өөрийн эрхийн баталгаа болгох гэж үүнийг сонинд бичиж байгаа хэрэг. Иймээс монгол хүн бүр судалгааны материал цуглуулж, арга зүйгээ сонгон, өөрөөс үл хамаарах дүгнэлт гаргаж нээлт хийх боломж дүүрэн байна. Учир нь шинжлэх ухааны нээлт болгон Байгалийн ухааны салбарт хийгдэж Нобелийн шагнал хүртдэг. Монгол хүн болгоны өвөг, дээдэс унаган байгалийнхаа “эд, эс” нь болж олон мянган жил амьдарсан учир удамшлын тухай Менделийн I–III хуулиар нээлт хийх боломж бусад үндэстнээс танд илүү их бий. Нээлт хийсэн хүн болгон илүү сайхан амьдарна. Учир нь аз жаргал мөнгөнд бус мөнгө олж буй аргад тань байдаг. Үүнийг л “Аугаа болгон энгийн, энгийн болгон аугаа байдаг” гээд буй хэрэг.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Норвеги улс Украинд шууд зэвсэг нийлүүлэхээр болов DNN.mn

Норвегийн Засгийн газар Норвегид үйлдвэрлэсэн зэвсэг, батлан хамгаалахын бүтээгдэхүүнийг Украинд шууд худалдахыг зөвшөөрөх шийдвэр гаргажээ. Энэ өөрчлөлт оны эхний өдрөөс хүчин төгөлдөр болсон гэж тус улсын Засгийн газрын цахим хуудсанд нийтэлсэн хэвлэлийн мэдээнд дурджээ. Өнгөрсөн зууны дунд үед буюу 1959 онд Стортин (Норвегийн парламент)-гийн шийдвэрээр дайн болж байгаа болон дайны аюул заналхийлж буй бүс нутагт зэвсэг, сум худалдахыг хориглосон хууль баталсан учир Ослогийн эрх баригчид Зэвсэг, батлан хамгаалахын бүтээгдэхүүний шууд худалдааг зөвхөн Украины эрх баригчидтай хийх боломжтой гэдгийг тус улсын Засгийн газар мэдэгдэв.

“Манай улс зэвсгийн экспортын лицензийг компаниудад зөвхөн Украинд зориулсан “Тусгай зөвшөөрөл”-өөр олгоно гэж Норвегийн Гадаад хэргийн яам онцолсон байна. Мөн Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде “Ослогийн Засгийн газар Оросын түрэмгийлэл Украинд улс, үндэстнийх нь хувьд аюул учруулж байна” гэж онцлоод “Оросын түрэмгий дайны үр дүнд үүссэн аюулгүй байдлын онцгой байдалд бид Украиныг үргэлжлүүлэн дэмжих нь зайлшгүй болоод байна. Украиныг дэмжих явдал нь Норвеги болон Европын аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Хууль бус дайн удаан хугацаанд үргэлжлэх боломжтой гэдгийг бид бас анхааралдаа авах ёстой” гэж мэдэгдэв. Өнгөрсөн онд Осло Киевт 11 тэрбум крон буюу ойролцоогоор 980 сая еврогийн цэргийн дэмжлэг үзүүлсэн юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Владимир Зеленский: Бид Крымийг чөлөөлөх болно DNN.mn

Орос хүчээр өөртөө нэгтгэсэн Украины Крымийг чөлөөлөх Хар тэнгис дэх тулаан 2024 оны дайны “хүндийн төв” болох ёстой гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский The Economist сэтгүүлд өгсөн ярилцлагаар мэдэгдэв. Тэрбээр “Крымийн хойгийг бусад цэргээс нь тусгаарлаж, Оросын цэргийг чадавхгүй болгон энэ нутгаас ирж буй халдлагыг зогсоох явдал Украины хувьд онц чухал зорилт байх болно” гэж хэлсэн байна. Украины удирдагч “Крымийг чөлөөлөх нь дэлхий дахинд үлгэр дуурайлал үзүүлэх бөгөөд Оросын дотоодод ч асар их нөлөөтэй байх болно.

Учир нь Кремль “суртал ухуулгынхаа гол элемент”-ээ алдсан гэдгийг Оросын “мянга мянган” иргэн харах болно. Оросын цэрэг, офицерууд зөвхөн Оросын ерөнхийлөгч Владимир Путины хувийн амбицаас болж хий дэмий үхсэн гэдгийг мэдэж авцгаана” гэж онцлов. Украин улс стратегийн чухал ялалт байгуулж, Оросын Хар тэнгисийн флотын олон хөлөг онгоцыг бид устгасан гэж онцлон тэмдэглээд “Их Британийн Батлан хамгаалах яамны тооцоолсноор энэ флотын тавны нэгийг бид устгасан байна. Орос сүүлийн 240 жилийн турш эзэмшиж байсан тэнгисийн цэргийн баазаа алдсан нь Владимир Путины хувьд маш их ичгүүртэй хэрэг” гэж Зеленскийн хэлснийг “The Economist” эш татжээ.

Үүний зэрэгцээ бидний амжилт манай барууны түншүүдээс ирэх цэргийн тусламжаас шууд хамаарна гэж Украины төрийн тэргүүн тэмдэглэв. Түүний хэлснээр, хэрэв Украинд Герман улс алсын тусгалтай далавчит пуужингуудаа нийлүүлбэл манай зэвсэгт хүчин Керчийн гүүрийг устгаж, Крымийг Оросоос үр дүнтэй тусгаарлах боломжтой болно гээд “Оросын иргэд энэ гүүр бол цэргийн байгууламж гэдгийг мэдэж байх ёстой” гэжээ.

Мөн Зеленский “Украиныг дэмжсэнээр Европ Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалж байна. Европын иргэд бидэнд мөнгө, зэвсэг өгснөөр тэд өөрсдийгөө хамгаалж байна. Та бүхэн бидний хүүхдүүдийг биш, өөрсдийнхөө хүүхдүүдийг аварч байна” гэж анхааруулан “Хэрэв Орос Украины хүүхдүүдийг хүчээр зөөж байгааг зөвшөөрвөл тэд дараа нь та нарын хүүхдүүдийг ч авах болно. Хэрэв орос украинчуудын эрхийг зөрчвөл дэлхийн бусад иргэдийн эрхийг зөрчих болно. Путин араатан амьтан шиг сул дорой байдлыг мэдэрдэг. Иймээс тэр бол араатан. Тэр цус амталж байж хүч чадлаа мэдэрдэг. Иймээс энэ араатныг дарж авахгүй бол чамайг бүх Европыг, НАТО-г, эрх чөлөө, ардчилалтай нь хамт тэр оройн хоол болгон идэх болно. Иймээс Европын орнууд өөрсдийнхөө сайн сайхны төлөө Украиныг дэмжихийн тулд Америкийг лоббидох ёстой. Учир нь Европын хэд хэдэн орны тагнуулын алба ОХУ-аас тэдний нутаг дэвсгэрт болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад халдлага үйлдэх магадлалтай байгааг илрүүлсэн байна” гэж Зеленский хэлэв. Харин энхийн хэлэлцээр хийх саналын тухайд Зеленский “Би ОХУ-аас энх тайван тогтоох үндсэн алхмуудын оронд зөвхөн террорист алхмууд хийж буйг л харж байна.

Барууны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Оросууд мөргөлдөөнийг зогсоох хүсэл эрмэлзэлтэй байна” гэж байгаа нь Орос зөв шударгадаа биш, харин хангалттай пуужин, сум, бэлтгэгдсэн цэрэг байхгүй болсон учир тэдэнд сэргэлт авах завсарлага хэрэгтэй байгаа юм. Тэгээд тэд хүчээ дахин хуримтлуулсны дараа дайныг их хүчээр үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Моодонд орсон Монголын ирж буй цаг DNN.mn

Оны өмнөхөн Европын холбооны дипломат албаны тэргүүн Жозеп Боррел Британийн Guardian сонинд нэлээд том ярилцлага өгөв. Тэрбээр энэхүү ярилцлагадаа “Оросын дайн хийдэг шалтгааныг түүний түүхэн өвөөс нь хайх хэрэгтэй. Учир нь Орос хэзээ ч улс бус үргэлж эзэнт гүрэн байсан. Хаантай, Зөвлөлтэй, одоо Путинтэй байна. Үүнийхээ дүнд тэд хөршүүддээ байнга заналхийлж байсан бол өнөөдөр бидэнд, манай тивд тулсан аюул болоод байна” гэж мэдэгдэв. Энэ нь энгийн үгээр бол “Путин Европыг эзэмшилдээ оруулна. Эсвэл бид түүний Оросын эзэнт гүрнийг хэл, ёс заншил, үндэстнээр нь салгаж тусгаар улсууд болгоно. Өөр зам байхгүй” гэсэн үг юм. Өнөөдөр Оросоос гадна Иран, Хятад гэсэн эзэнт гүрэн оршин байна. Иймээс эдгээр гүрнүүд Оросын хувь заяаг давтах байх. Учир нь Путин Украинд өргөн хэмжээний дайн эхлүүлснээс хойш “Дайны шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр хэд хэдэн удаа эрдэм шинжилгээний чуулган Европод зохион байгуулагдаж “Ерөөс нэг хэл соёлтой үндэстэн тусгаар улсуудад харьяалагдах нь зөрчил, тэмцэл, дайн, байлдааны гол шалтгаан болж байна” гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн билээ. Үүнээс хойш Кремлийн “улаан шугам” гэх балай гэмээр хэллэг олон улсын хэмжээнд хэрэглэгдэхээ больж “Оросын нутаг руу буудаж болохгүй” гэсэн бас нэг солиотой гэмээр хэллэг “Украин өөрийн үйлдвэрлэсэн зэвсгээр Оросын нутаг руу буудаж болно” болж өөрчлөгдсөн юм.

Олон үндэстнийг хүчээр нэгтгэсэн гүрэн байнга тэлж, ядаж л энд тэнд дайн байлдаан өдөөж байхгүй бол дотор нь бослого гарчих гээд байдаг өөрийн гэсэн хуультай. Үүнийг улс төр судлаачид “Иргэдийнхээ анхаарлыг дотоод зөрчлөөс холдуулж, гадаад зөрчил рүү хандуулах” гэдэг. Бас гүрэн болсон аль ч улсын нэг том сул тал нь эргэн тойрныхоо бүх улстай газар нутгийн маргаантай буюу маш олон дайсантай болдог явдал. Чухамхүү энэ шалтгаан өнөөдөр ОХУ, Иранаас Хятадыг зай барихад хүргэв. Учир нь дэлхийн хамгийн хөгжингүй 56 улсын цэргийн эвслийн эсрэг байлдаж, дайны төлбөрт “унах” тэнэгүүд хятадууд л лав биш. Тэгээд ч Оросыг бодвол Хятад, Иран хоёр Монгол Улстай адил эртний төрт ёс, бичиг үсэгтэй улс. Мөн хятадууд үнэхээр баялаг бүтээгч үндэстэн байсан бас байсаар ч байна. Иймээс Хятад улс Орос, Монголыг бодвол эдийн засаг нь “хос хөлтэй” байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалтын 99 хувь нь энэ улсаас гараад байгаа ч өөрийн тэрбум 300 сая хүн дээр тулгуурласан том зах зээл болох “нэг хөл” дээрээ энэ улс тогтсоор байна. Чухамхүү энэ шалтгаан нь Хятадыг Иран, Орос хоёроос зай барих бас нэг гол шалтгаан болж байна. Үүний үр дүнд Хятад ядаж л Европын холбоотой “учраа олж” валютын хомсдол буюу дифляцаас гарч магадгүй болов. Энэ нь Монгол Улсын хоёр хөрш зэрэг задрахгүй, Хятад бүр дайн байлдаанаар бус энх тайвнаар асуудлаа шийдэх магадлалтай болсон гэсэн үг. Энэ бол хятад иргэд төдийгүй монголчуудад ч бас маш таатай мэдээ юм.

Европын холбооны гишүүн улсуудын удирдагчдын дээд чуулган ч, АНУ-ын хоёр танхимтай Конгресс ч яг үнэндээ бол парламент. Аль ч парламент гишүүд буюу сонгогчдын төлөөллөөс бүрдэнэ. Сонгогчдын төлөөлөл сонгогчдоо л бодсон шийдвэр гаргана. Тухайлбал, Украинд өгөх Европын холбооны 54 тэрбум евро, АНУ-ын 61 тэрбум доллар парламентын гишүүдийн шийдвэрээр тухайн улсын зэвсгийн үйлдвэрт орж, олон сая өндөр цалинтай шинэ ажлын байр бий болгон улсынхаа эдийн засгийг сэргээнэ. Чухам энэ шалтгаанаар Украинд өгөх эдгээр тусламжийг түр хойшлуулж гарсан зайд нь АНУ-ын Гүйцэтгэх засаг нөөц бололцоогоо ашиглан өөрийн парламентын “тэнд оруул” гэж заагаагүй 4.8 тэрбум ам.долларыг, Европын холбоо зарим гишүүн улсуудын баталгаагаар парламентын шийдвэргүй 20 тэрбум евро босгож Өмнөд Солонгос, Японд өгч үйлдвэрлэсэн зэвсгийг нь Украинд нийлүүлэн Ази Номхон далайн ардчилсан энэ хоёр улсад Хятадын эсрэг шинэ зэвсэг үйлдвэрлэх боломж бий болгож буй нь ойлгомжтой болов. Учир нь одоо хэрэглэж байгаа бүх зэвсэг өнгөрсөн зууны 70-80 оны технологи бөгөөд Укрианд зэвсэг нийлүүлнэ гэдэг нь үнэндээ хөгжингүй улсууд энэ зууны зэвсэгтэй болж, ажилгүйдлийг арилгаж, эдийн засгаа хүчирхэгжүүлж буй үйлдэл юм. Тухайлбал, Германы зэвсгийн экспорт өнгөрсөн онд 11.7 тэрбум евро болж дээд амжилт тогтоогоод байна. Эдгээр зэвсгийн 1/3 нь л Украинд очжээ. Энэ зууны зэвсэг үйлдвэрлээд эхлэхээр энэ улсад хэдэн сая ажлын байр бий болж орлого нь яаж нэмэгдэх бол? Харин Япон улс холбоотнуудынхаа гаргаж өгсөн энэ “зайд” өөрийн зэвсгийн эксортын тухай хуулиа яаралтай өөрчлөн Өмнөд Солонгостой хамт Украинд шинэ зэвсэг нийлүүлснээр долоо хоногийн дотор Оросын хамгийн сүүлийн үеийн, тус бүр нь 50 сая ам.долларын үнэтэй таван нисэх онгоц болон 2000 дрон ачиж Иранаас дөнгөж ирээд байсан “Новочеркасск” десантын том хөлөг онгоц бүх ачааныхаа хамт “үл мэдэгдэх” пуужингийн цохилтод өртөн дэлбэрч, Оросын 74 усан цэрэг алагдаж, 27 цэрэг шархдан уг онгоц живэв. Агаарт ноёрхож чадахгүй болж, Оросын цэргийн довтолгооны эрч буурч эхлэв. Харин “Барууныхан зэвсэг нийлүүлэхгүй болж Украины арми баларч байна” гэсэн мэдээг АНУ-ын нэрт улс төр судлаач Рамис Юнус “Аль ч дайнд ялалтад хүрэхийн тулд эсрэг талаа хуурдаг. Иймээс үүнд гайхах хэрэггүй. Харин Япон, Өмнөд Солонгос ямар зэвсэг Украинд нийлүүлэн Оросын онгоцууд гэнэт олноороо сөнөж эхэлсэн нь Кремлийн хувьд оньсого болоод байна” гэж тайлбарлав. Харин оросууд шинэ жилийн “бэлэг” болгон энэ дайны түүхэнд байгаагүй олон буюу 158 пуужин, дроноор нэг шөнө довтолж 30 гаруй украин иргэн амь үрэгдэж, 160 гаруй хүн шархаджээ. Хариуд нь Украин Оросын Белгород хотод хоёр удаа пуужингийн цохилт өгсний улмаас “24 хүн амь үрэгдэн 108 хүн гэмтэж бэртсэний 15 нь хүүхэд байсан” гэж тус мужийн захирагч Вячеслав Гладков мэдээлэв. Кремль Украин руу харвадаг пуужин, дронуудаа агаарын довтолгооноос хамгаалах системийг хэргээр Белгород хотын урд бус ард нь байрлуулсан учир эдгээр цэргийн бай руу нисч ирсэн Украины пуужин, дронуудын сөнөөгдсөн болгон нь иргэд дээр нь унаж тэд хохирч байгаа юм. Өөрсдөө ийм зүйл хийчихээд НҮБ-д “Украинчууд манай энгийн иргэд, хүүхдүүдийг хэргээр алж, устгаж байна ” хэмээн гомдол мэдүүлж байгаа Кремлийн удирдлагыг яг юу гэж бичих ёстойг би мэт нь л лав мэдэхгүй болчихоод байна.

Оросын хувьд үнэхээр хүний нөөц дээрээ тулгуурлан дайтаж байна. ОХУ-д өнөөдөр багшийн цалин орон нутагт 20 мянган рубль байгаа бол украинчуудыг алж, устахаар явж буй орос цэрэг сард 250 мянган рубль авч, амь үрэгдэж ууттай шарил нь гэрт нь ирвэл аав ээж нь эсвэл эхнэр, хүүхэд нь 14 сая рубль авч байна. Гэхдээ энд нэг том “но” бий. Жишээ нь Курск мужийн 46 настай оршин суугч Илья Кононцов энэ оны аравдугаар сарын 25-нд сайн дурын гэрээт цэрэг болж дайнд мордохдоо “Эх орноо хамгаалж, дайсныг бут цохих нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэж телевизийн сувагт ярилцлага өгч байсан ч дараа сарын 5-нд Украины фронтод алагдсан нь тодорхой болсон юм. Гэтэл Афганистан руу илгээгдэхээсээ өмнө ЗХУ-ын цэргүүд 4-6 сарын хугацааны байлдааны бэлтгэлд хамрагддаг байсан билээ. Иймээс он дуусч буйтай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр Украины армийн командлагч Валерий Залужный “Миний гаргасан гол алдаа бол ийм их цэргийн хохирол амсаж байгаа юм чинь Оросууд довтолгооноо зогсооно гэж бодсон явдал” гэж хэлсэн. Олон улсын цэргийн шинжээчид Авдеевкийн орчимд Орос, Украины хохирол 10:1, зарим нь бүр 12 дахин илүү байгааг онцолж байна. Үнэхээр ч Орост өнөөдөр ажлын байрны 42% нь хоосон байна. Энэ нь ажил хийх ёстой хүний тэн хагас нь ямар нэг шалтгаанаар “алга болсон” гэсэн үг. Дээр нь рублийн инфляци бас Их Британи Оросын эдийн засгийн хоригийг хянах бие даасан агентлаг байгуулж, АНУ ийм зорилготой хууль батлаад буйг нэмэх аваас Кремлийн ирээдүй үнэхээр бүрхэг байна. Учир нь барууны бүрдэл хэсэггүй бол Орос зүгээр л II дайны үеийн зэвсэг үйлдвэрлэхээс өөр аргагүй болно. Бас Оросын зэвсэг үйлдвэрлэж буй гол тоног, төхөөрөмжүүд нь мөн л барууны улсуудынх юм.

Ираны ивээлд байдаг Йемений Хуситын зэвсэгт бүлэглэл Улаан тэнгист худалдааны хөлгүүдэд довтолж байгаа учир тэдний эсрэг 20 улсын зэвсэгт хүчнийг нэгтгэсэн шинэ эвсэл байгуулагдав. Хуситуудын хувьд “Бөөсөнд хутга” гэдэг шиг зүйл болох учир ийм том цэргийн эвсэл Ираны эсрэг зогсох гэж байгаа нь ойлгомжтой. Мөн Израилийн яамгүй сайд Бенни Ганц “Ираны ивээлд байдаг Хезболла бүлэглэлийг дэлхий болон Ливаны засгийн газар Израилийн Хойд бүс нутгаас зайлуулахгүй бол үүнийг манай арми хийх болно” гэж мэдэгдэв. Энэ бүхэн дээр иргэдийнх нь эсэргүүцлийг нэмэх аваас Ираны өнөөгийн удирдлагын хувь заяа ч мөн бүрхэг байна. Ерөөс Орос, Иран, Хойд Солонгос гурав дэлхийн хамгийн хөгжингүй 56 улс бас арабын хүчирхэг улсуудын эвслийн эсрэг байлдана гэж юу байх билээ. Харин Хойд Солонгосын цэргийн насны олон сая эрчүүд энэ дайны дараа Өмнөд Солонгосоо нүдээрээ харж үнэнийг ойлгосны дараа Украиныг бүтээн босгоход оролцон гол “хар ажлыг нугалах” байх. Харин цалингаа олон улсад “Поончиг” хочтой болоод буй залууд өгөхгүй, өөрсдөө авах тул энэ бол яах аргагүй тэдний хувьд том баяр хөөр байх болно. Харин дэлхийн улс төрд Монгол моодонд орж, бүр Ромын пап хүртэл айлчлан ирж дэлхий нийтийн нүдийг бүлтийлгэж, чихийг нь дэлдийлгэв. Энэ бүхэн “Манай хоёр хөрш гүрэн хөгжингүй улсуудын шууд болон дам оролцоогоор задран олон тусгаар улс бий болоход ардчилсан Монгол Улсыг тэдэнд үлгэр болгохоор барууны улсууд хөрөнгө оруулалт хийх гэж байна” хэмээн ойлгоход хүргэв.

Шинэ оны өмнөхөн манай УИХ хүндэтгэлийн хуралдаан хийж хүний эрх хариуцсан дэлхийн төрийн болон төрийн бус байгууллагын бүх “томчууд” цахимаар оролцож үг хэлэв. Энэ нь Монгол Улсад “Хуулийн ардчилсан тогтолцоо бүрэлдэн тогтсон” гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, баяртайгаар тэмдэглэсэн явдал байв. Хуулийн ардчилсан тогтолцоо бий болсон гэдэг нь иргэд гудамжинд гарах шаардлагагүй болж хуулийн биелэлт буюу нийтийн эрх ашгийг хамгаалах боломжтой болсон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ардчилсан улсын иргэд “хувиа бодох” ёстой үүнийг нь “хүний эрх” гэх бөгөөд энэ эрхийг хуулиар хамгаалдаг болсон гэсэн үг. Иргэний хувьд хамгийн сайн хувиа бодох арга бол нийтийн эрх ашгийг хамгаалах явдал. Яагаад гэвэл хүмүүн бид нийгмийн “амьтан”. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол Улсын иргэд эрхээ хамгаалан гудамжинд гарч жагсах бус Захиргааны хэргийн шүүхээр төр, засгийн эрхтэн, дархтануудаар хууль биелүүлээгүйгээс учирсан хохирлоо төлүүлэх боломжтой болоод байна. Үүнийг л “Хүн бус хууль засагладаг боллоо” гээд байгаа хэрэг. Маш товчоор монголчууд үнэнийг хамгаалах чадвартай болов. Учир нь хувь хүн эсвэл аль нэг улсын өмнөөс авч үзвэл “үнэн” гэдэг нь огт тогтворгүй субъектив зүйл байдаг. Харин нийтийн эрх ашгийн үүднээс авч үзвэл үнэн бол мөнхийн тогтмол объектив зүйл юм. Иймээс бид үнэнийг хамгаалахгүй байх аваас цол, хэргэмийг нь бичвээс шүлэг мэт хөврөх, манай төр нийгмийн нэрт зүтгэлтэн Лодонгийн Түдэв агсны хэлснээр төр, засгийнхан бидний толгой дээр ялгадсаа асгасаар л байх болно. Учир нь Чингис хаан “Хэт хүссэн хүнийг төрд бүү ойртуул” гэж захисан гэдэг. Харин манай өнөөгийн төр бас засгийнхан маань хэнүүд билээ?!

Монгол хүн яаж амьдрах нь өөрөөс нь шууд хамаарах болов. Моодонд орсон Монголын ирж буй цаг гэдэг энэ буюу.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ цаг-үе

“Japan Airlines” компанийн нисэх онгоц шатаж, 367 зорчигчийг нүүлгэн шилжүүлжээ DNN.mn

Японы Токио хотын Ханеда нисэх буудалд өчигдөр орон нутгийн цагаар 17:47 цагт газардсан Japan Airlines компанийн иргэний агаарын тээврийн Airbus A350 онгоц эргийн хамгаалалтын жижиг оврын онгоцтой шүргэлцсэнээс гал гарчээ.

Тухайн үед эргийн хамгаалалтын албаны нисэх онгоц өмнөх өдөр нь хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт тусламжийн ачаа хүргэхээр хөөрөх гэж байжээ.

Хоёр онгоц ямар шалтгаанаар мөргөлдсөнийг тогтоох шалгалт үргэлжилж байгааг Японы албаныхан мэдээлсэн юм.

Japan Airlines компанийн Airbus A350 нисэх онгоц богино хугацаанд бүрэн шатсан ч зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүн нийлсэн 379 хүнийг амжилттай нүүлгэн шилжүүлсэн байна.

Эдгээрээс 17 хүн хөнгөн бэртсэнээс өөр хохирол учраагүйг эх сурвалжууд мэдээлжээ.

Харин эргийн хамгаалалтын нисэх онгоцны ахмад хүнд шархдаж, багийн гишүүн бусад таван хүн амиа алдсан байна.

Хоккайдо арлын Шинэ Читосе нисэх буудлаас хөөрсөн JAL компанийн нисэх онгоц 18:00 цагаас хэдхэн минутын өмнө Ханеда буудалд газарджээ.

Categories
гадаад мэдээ

Газар хөдлөлтийн улмаас Ишикава, Нийгата, Тояама мужуудад цунамигийн түгшүүр зарлалаа DNN.mn

Тав хүртэл метрийн өндөртэй давлагаа Ишикава мужийн Ното хотод хүрсэн тухай NHK мэдээллээ.

Өнөөдрийн /2024.01.02-ны 11:00 цагийн/ байдлаар 13 хүн амь насаа алдаж, 45.000 өрх, айл тог цахилгаагүй болж, олон тооны хүн хүнд бэртэж, гэмтсэн бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа аж.   Хөрсний гулгалт үүссэнээс орон нутгийн хот хоорондын хурдны галт тэрэгт зорчиж явсан 1.400 хүн 11 цагийн турш замд боогджээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт болсон бүс нутагт ойролцоогоор 31 удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн дараах чичирхийллийн давтамж удаан хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байгааг ч мөн мэдээллээ.

Эх сурвалж: ccn.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Categories
гадаад мэдээ

Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд ороогүй их цас Сөүл хотыг бүрхжээ DNN.mn

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод 1981 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр 18.3 см зузаан цас орсон нь тус хотын түүхэнд тэмдэглэгдэх дээд үзүүлэлт болж байжээ.

Тэгвэл Бямба гарагт орсон цасны зузаан 12.2 см хүрсэн нь 1981 оноос хойших жил бүрийн арванхоёрдугаар саруудын хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Сөүл хотын ихэнх хэсэг болон ойр орчмын бүс нутагт дараагийн 24 цагийн хугацаанд цасны зузаан дахин 5 см орчмоор нэмэгдэх төлөвтэй байгааг Солонгосын Цаг Уурын Байгууллага өчигдөр үдээс хойш анхааруулжээ.

Нийслэл хотын захиргаа 4,689 хүн, 1,218 техник хэрэгслийг цас цэвэрлэх ажилд дайчилсан байна.

Халтиргаа гулгаа нэмэгдсэний улмаас хот даяар замын хөдөлгөөний жижиг ослууд олноор гарч, төвийн зарим замуудын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаажээ.

Шар тэнгисийн зүгээс ирж буй их хэмжээний үүлний улмаас Сөүл хот болон зүүн Ганвон мужийн эх газрын дотоод хэсэгт он солигдох үеэр цас үргэлжлэн орох таамгийг цаг уурын мэргэжилтнүүд гаргасан байна.

 

Categories
гадаад мэдээ

Жозеп Боррель: Орос манай тивд заналхийлж байна DNN.mn

Европын холбоо/ ЕХ/-ны дипломат албаны тэргүүн Жозеп Боррел Британийн Guardian сонинд өгсөн ярилцлагадаа “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд хэсэгчлэн ялалт байгуулснаар сэтгэл нь ханахгүй, энэ улсыг бүрэн хяналтдаа авах хүртлээ урт удаан дайн үргэлжлүүлэх бодолтой байна” гэж мэдэгджээ. Боррелын хэлснээр, “ОХУ-ын удирдагч мөн ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгууль буюу АНУ-ын эрх мэдлийн өөрчлөлтөд найдаж байна. Учир нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трамп Украинд цэргийн дэмжлэг үзүүлэхээ зогсоож, Оросын эрх баригчидтай буулт хийх бодолтой байгаагаа илэрхийлсэн.

Путин Украины үлдсэн хэсэг Европын холбоонд орох нөхцөлд сэтгэл хангалуун байж чадахгүй. Тэр хэсэг нутаг дэвсгэрийн ялалтад сэтгэл хангалуун байж чадахгүй. Дайныг зогсоохгүй байх нь ялангуяа Америкийн сонгуулийн өмнө түүнд илүү таатай хувилбар байж магадгүй юм. Тиймээс бид удаан үргэлжлэх өндөр эрчимтэй мөргөлдөөнд бэлэн байх ёстой. Путин бүрэн ялалт хүртэл дайн хийсээр байх болно”.

ЕХ-ны дипломат албаны дарга Боррелл мөн Украины дайн бол бүх Европын хувь заяаг шийдэх мөч гээд “Орос зөвхөн Украины муж нутгуудад төдийгүй манай тивд бүхэлд нь заналхийлж байна” гэж онцолсон байна. Үүнтэй холбогдуулан тэрбээр ЕХ-ны улсуудыг Украинд туслах явдалд шийдвэртэй байхыг уриалжээ.

Тэрбээр “2022 оны хоёрдугаар сард Оросын 150 мянган цэргийн албан хаагч Украины хил дээр төвлөрч байсан бол одоо Оросын цэргийн 450 мянган албан хаагч тус улсын нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаанд оролцож байна, өөрөөр хэлбэл “гурав дахин их цэрэг” гэж нэмж хэлжээ. Боррелл “Оросын яагаад ийм хүсэл эрмэлзлэлтэй байгаа шалтгааныг түүний түүхэн өвөөс хайх хэрэгтэй. Учир нь Орос хэзээ ч улс болж чадахгүй. Орос үргэлж эзэнт гүрэн байсан. Хаантай, Зөвлөлтэй, одоо Путинтэй байна. Энэ нь Оросын улс төрийн байнгын өвөрмөц байдал бөгөөд үүнийхээ үр дүнд тэд хөршүүддээ байнга заналхийлэл учруулж байсан бол өнөөдөр бидэнд тулсан аюул болж байна” гэж мэдэгдэв.

 

Г.АМАРСАНАА