Categories
гадаад мэдээ

Э.Холанд 54 жилийн өмнөх дээд амжилтыг давтлаа DNN.mn

“Манчестер Сити” багийн норвеги довтлогч Э.Холанд 1970 онд Английн цомын тэмцээнд нэг тоглолтод таван бөмбөг оруулсан “Манчестер Юнайтед” багийн алдарт тоглогч Ж.Бестийн дээд амжилтыг давтлаа” гэж Opta Sports мэдээлжээ. Тус тэмцээнд шөвгийн 16-д “Лутон Таун”-тай хийсэн тоглолтод 23 настай тэрээр 58 минутын дотор пента-трик хийсэн аж.

Дортмундын “Борусси”-гаас 2022 оны зун 60 сая еврогоор “Манчестер Сити”-д ирсэн норвеги залуу энэ улиралд 30 тоглолтод 25 бөмбөг оруулж, зургаантаа оновчтой дамжуулаад буй. Английн багтай 2027 оны зургадугаар сарыг дуустал гэрээлсэн түүнийг Transfer­markt интернэт-портал 180 сая еврогоор үнэлсэн юм.

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп наанаа ялж, цаанаа… DNN.mn

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч асан Дональд Трамп Айове, Нью-Хэмпшир, Невада, Виржини, Өмнөд Каролин, Миссури, Айдахо, Мичиган мужид болсон Бүгд найрамдах намын анхан шатны сонгуульд ээлжит ялалтaa байгуулав. Харин түүний цорын ганц өрсөлдөгч Никки Хейли “Дональд Трамп АНУ-ын 250 шахам жилийн түүхэнд шүүхийн шийдвэр хүлээсэн анхны төрийн тэргүүн болсон. Трамп ерөнхийлөгчийн сонгуульд Байденыг ялж чадахгүй. Иймээс би тэмцлээ үргэлжлүүлнэ.

Бид энэ янзаараа амьдрах ёсгүй. Бид улс орноо аврах ёстой” гэж мэдэгдсэн байна.

Энэ бүхэн бидний нүдэнд ил байгаа мэдээлэл. Харин цаана нь Нью-Йоркийн шүүхээс Трампыг 354.2 сая доллараар торгож, экс ерөнхийлөгчийг Нью-Йорк муж улсын аль нэг компанид удирдах албан тушаал хаших, тус мужид бүртгэлтэй банкнаас гурван жилийн хугацаанд ямар нэгэн зээл авахыг хориглосон шийдвэр гаргасныг мэргэжилтнүүд Дональд Трампын бизнесийн эзэнт гүрнийг устгаж буйтай адил шийдвэр гэж дүгнэжээ. Учир нь Трамп авсан зээлээ төлөх боломжгүй болж, улмаар зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөө хураалгана гэсэн үг гэнэ. Иймээс экс ерөнхийлөгч өөрийн компанийг Нью-Йорк мужаас Калифорни руу шилжүүлэх гэж оролдсон боловч прокурор Трампыг хөрөнгөө шилжүүлэх гэж байгаа талаар шүүхэд гомдол гаргажээ.

Иймээс Трампт дахин ерөнхийлөгч болохыг нь дэмжигч спонсоруудаас нь мөнгө хандивлахыг хүлээхээс өөр арга үлдээгүй бөгөөд харамсалтай нь экс ерөнхийлөгчийн өмгөөлөгчид “мөнгө хандивлах хүн олдсонгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байна. Трампын өмгөөлөгчид “Нью-Йоркийн шүүхээс санхүүгийн луйврын хэргээр иргэний нэхэмжлэлийн дагуу төлөхийг шаардсан 354.2 сая доллар Дональд Трампт байхгүй, Трамп ердөө 100 сая доллар барьцаанд тавих боломжтой” гэжээ. Ингэснээр Трампын шүүхэд төлөх ёстой мөнгө өнгөрсөн хоногуудад хуримтлагдсан хүү(өдөр бүр 112 мянган доллар)-ний хамт аль хэдийнэ 454.9 сая долларт хүрсэн аж. Үүний зэрэгцээ Трамп зохиолч Жан Кэрроллыг гүтгэсэн хэргээр давж заалдах шатны шүүхээс гаргасан 83 сая гаруй ам.доллар төлөх шийдвэрийг биелүүлэх, эсвэл энэ хэмжээний мөнгө барьцаанд тавьж, Дээд шүүхэд давж заалдах ёстой болоод байгаа юм байна.

Энэ сарын сүүлээр Дональд Трампыг бусдад хахууль өгөхдөө санхүүгийн залилан хийсэн гэх иргэний бус эрүүгийн хэргийн шүүх хурал болох бөгөөд ирэх сард Дээд шүүх түүнд хамаарах хоёр ч хэргийг хэлэлцэж эхлэх юм. Энэ бүхний эцэст ирэх долдугаар сарын дундуур Бүгд Найрамдах намын их хурал ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ албан ёсоор тодруулж батална. Мэдээж их хуралд Бүгд Найрамдах намын Дональд Трампыг дэмжиж буй энгийн гишүүд бус түүнийг дэмжихгүй байгаа зэвсгийн үйлдвэрийн эзэд болох том спонсорууд оролцоно. Иймд Дональд Трампыг наанаа ялж, цаанаа ялагдаж явна гэхэд буруудах зүйлгүй ажээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

АНУ: Газын зурваст агаараас тусламж буулгах анхны ажиллагаагаа эхлүүллээ DNN.mn

 АНУ хүнсний хомсдолыг арилгах зорилгоор Газын зурваст хүнсний тусламжийг анх удаа агаараас буулгалаа.

АНУ, Йорданы арми бямба гарагт хоол хүнс бүхий ачааг Газын зурвас руу илгээсэн гэж АНУ-ын Төв командлал болон Жо Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мэдэгджээ. Газар дундын тэнгисийн эрэг дагуу 38 мянга гаруй хоолыг агаараас буулгахад C-130 тээврийн онгоцыг ашигласан байна.

Израил болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ-ын Засгийн газраас анх удаа агаараас тусламж үзүүлж байгаа нь энэ юм. Төв командлал дараагийн ажиллагааг төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Ж.Байдены засаг захиргаа мөн хүмүүнлэгийн тусламжийг далайгаар тээвэрлэх боломжийг судалж байгаа гэх мэдээлэл байна.

Газын зурваст агаараас хүмүүнлэгийн тусламжийг буулгах ажиллагааг тун удахгүй эхлүүлнэ гэж Ж.Байден баасан гарагт мэдэгдсэн билээ. Тусламжийн бараа тээвэрлэж буй ачааны машины цуваа Газын өмнөд хэсэгт байрлах хоёр хяналтын цэгээр нэвтэрч байгаа юм. Энэ нь өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа хойд бүс нутгуудад тусламж хүргэхэд хүндрэл учруулж байгаа ажээ.

Categories
гадаад мэдээ

“Цуваа зургаа” буюу байнгын зудтай газар олон байна DNN.mn

Бид “Зил-131” гэх Орос “Цуваа зургаа”-г зуданд хэрхэн хэрэглэж буйгаа нийтийн сүлжээнд тавьж шуугиан тарив. Гэхдээ оросууд ч өнөөдөр “Цуваа зургаа”-гаа хэрэглэж байгаа бөгөөд нэр нь харин “Бурлак” болчихсон байна. ОХУ-ын хамгийн их цастай бүс болох жилдээ хоёр метр цас ордог Камчаткад энэ машин эрэлт ихтэй байдаг гэнэ. Бид л зуд боллоо гэж сандраад байгаа болохоос жил болгон манай зуднаас ч их цас ордог газар олон байдаг ажээ.

Олон жилийн турш цаг агаарын мэдээ гаргаж буй АНУ-ын “AccuWeather” байгууллага манай гаригийн хамгийн их цастай, хүн амьдардаг газруудыг нэрлэсэн байна. Эдгээрээс хамгийн их цас ордог эхний 10 газрыг араас нь эрэмбэлвэл АНУ-ын Буффало хотод жилд 2,3 м цас ордог гэдгээр сүүл мушгиж, урд нь 2,7 м-ээр Японы Акита хот, Канадын Квебек болон АНУ-ын Сиракьюс хот 3 м, Канадын Сагеней 3,1 м, Сент-Жонс 3,3 м. Японы Тояма 3,5 м, Саппоро хот 5 м, харин Аоморид бүр 8 м цас ордог гэдгээр тэргүүлдэг аж. Иймээс бид өвөл 8 м цас орвол яах болж байна гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй болжээ. Хариу нь мэдээж тэнд хүн яаж амьдарч байна бид тэгж л амьдрах ёстой гэсэн үг байж таарна.

Энэ жилийн зуд манай төр, засагт Онцгой Байдлын албандаа Канад, АНУ, Швед, Норвеги, Финляндаас цасанд түүртдэггүй машин авдаггүй юм гэхэд ядаж Оросоос “Бурлак” авах цаг болжээ гэдгийг хатуухан сануулав. Мөн аймаг, сумд маань 101 жил гэгчийг тэмдэглэх мөнгөөрөө цасанд зам гаргаж, малын бэлчээрээ цаснаас чөлөөлөх дунд оврын машин, малчид гар цас зайлуулагч худалдан авч нөөцлөх хэрэгтэйг ойлгуулав. Учир нь нийтийн сүлжээнд цасанд зориулсан машин, багаж, техник үнэ, хүчин чадалтайгаа хамт ёстой л янз бүрээрээ байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авна DNN.mn

Цахимаар болсон G7-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Японы ерөнхий сайд Фумио Кишида “Япон улс Украинд ОХУ-аас явуулж буй дайн үргэлжилж байгаатай холбогдуулан Оросын иргэд, байгууллагуудад нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна” гэж мэдэгдэв.

“NHK World” сувгийн мэдээлснээр, Японы ерөнхий сайд тулалдааны талбарт байдал хүндэрч, байлдааны ажиллагаа сунжирч байгаа тул одоо ардчиллыг дэмжигчид Украинтай эв нэгдлээ илэрхийлэх цаг болоод байна.

Иймээс Украиныг дэмжих асуудал энэ онд түүний кабинетийн тэргүүлэх чиглэлийн нэг хэвээр байх болно гэж хэлсэн хэмээн мэдээлэв.

Онлайн уулзалтын эхнээс G7-ын удирдагчид Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн илтгэлийг сонсож, санал солилцсон байна. Энэхүү уулзалтын дарааG7-ийн удирдагчид мэдэгдэл гаргаж “Бид Украины ард түмний ирээдүйн төлөөх тэмцэлд ялалтыг нь баталгаажуулж, иж бүрэн, шударга, урт удаан энх тайван тогтооход тусалж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэжээ.

Тэд ОХУ-ын орлогыг, тэр дундаа эрчим хүчний худалдаанаас олж буй орлогыг бууруулах арга хэмжээ авах, мөн ОХУ-ыг санхүүгийн хувьд дэмждэг гуравдагч орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах болно гэж амласан байна.

ОХУ Украинд өргөн хэмжээний дайн эхлүүлсний хоёр жилийн ойг тохиолдуулан Европын Холбоо, АНУ, Их Британи Оросын эсрэг нэмэлт арга хэмжээ аваад байгаа бөгөөд Япон улс ч ийм арга хэмжээ авна гэдгээ ийнхүү нийтэд ил тод мэдэгдэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп дахин ялалт байгуулав DNN.mn

Цагаан ордны тэргүүн асан Дональд Трамп Өмнөд Каролина мужид сонгогчдын 60.8 хувийн санал, НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч, тус мужийн амбан захирагч асан Никки Хейли 38.6 хувийн санал авчээ. Ийнхүү Трамп сонгуулийн өмнөх санал хураалт гэгддэг мужийн праймеризд дахин ялалт байгуулав. Гэхдээ түүний өрсөллдөгч Никки Хейли ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийн өрсөлдөөнөөс гарах бодолгүй байгаа аж. “The New York Times” сонинд бичсэнээр Хейли Трампыг праймеризд ялалт байгуулсанд нь баяр хүргээд “Үр дүн ямар байх нь хамаагүй. Би манай мужийн ард түмэнд хайртай. Ирэх 11 сарын 5-нд Ардчилсан намаас сонгуульд оролцох төлөвтэй байгаа АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены нүд рүү харж байгаад “Жо, чи халагдсан. Одоо эндээс явж болно” гэж хэлнэ гэдэгтээ найдаж байна” гэжээ.

АНУ-ын ерөнхиийлөгчийн сонгуульд зөвхөн бүртгүүлсэн эрх бүхий иргэд санал өгдөг. Эдгээр сонгууль өгөх эрхтэй иргэдийн 36 хувь нь Бүгд Найрамдах, 34 хувь нь Ардчилсан намын дэмжигчид бөгөөд үлдсэн 30 хувь нь нам бусчууд байдаг аж. Нэр хүндтэй судалгааны компаниуд санал өгөх эрхтэй бүх хүмүүсийн дунд судалгаа явуулахад Трамп Байденаас 5 хувь, харин Хейли Байденаас 17 хувийн саналаар тэргүүлж байгаа дүн гарсан юм байна. Мөн АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп нь тус улсын бараг 250 жилийн түүхэнд ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өөрчлөхийг оролдсон хэргээр эрүүгийн хариуцлага хүлээх эсэхээ шүүхээр шийдүүлэх анхны төрийн тэргүүн болсон юм. Иймээс Никки Хейли уламжлалаас гажиж өрсөлдөөнөөс нэрээ татахгүй байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Владимир Зеленский Fox News-т ярилцлага өгөв DNN.mn

Кремлийн цасан цагаан сандал дээрээс Америкийн үзэгчдэд хандан “Украинд болж буй үйл явдлыг америкчууд тоохгүй байх ёстой” гэж мэдэгдсэн Владимир Путинээс ялгаатай нь Владимир Зеленский нурсан байшингийн ханын дэргэд сууж АНУ-ын телевизийн Fox News сувгийн сурвалжлагч Брет Байерт 45 минутын ярилцлага өгөв. Мөн түүний мессэж нь“Украины дайн бол хүн бүрт, тэр дундаа америкчуудын хувьд маш чухал зүйл” гэж хэлсэн явдал байв. Энэхүү ярилцлагыг Америкийн Fox News суваг олон нийтийн сүлжээнд цацсан бөгөөд энэ сувгийг ихэвчлэн Бүгд найрамдах намыг дэмжигчид үздэг юм.

Зеленский Байрт яагаад Харьков мужийн Купянскийн фронтын бүсэд ярилцлага өгсөн нь ойлгомжтой зүйл. Дайны эхэн үед Оросын цэргүүд энэ хотыг, мөн Харьков мужийн ихэнх газар нутгийг эзлэн авч, тэнд захиргаагаа байгуулж чадсан. Гэвч Украины зэвсэгт хүчин тус бүс нутгийн Орост эзлэгдсэн ихэнх нутаг дэвсгэрийг эргүүлэн авсан. Мөн өнөөдөр ерөнхийлөгч Путины сонгуулийн өмнө Оросууд энэ сууринг эзлэн авч түүнд “бэлэг” болгох гэж бүх хүчээр чармайж байгаа юм.

Байер Зеленскийгээс Путины ярилцлагыг үзсэн эсэхийг асуухад Украины ерөнхийлөгч “Надад бидний тухай, дайны тухай, АНУ-ын тухай түүний хоёр цагийн бүрэн утгагүй яриаг сонсож суух цаг байхгүй” гэж хариулжээ.

Дональд Трампыг Украинд биечлэн ирэхийг Зеленский өмнө нь санал болгож байсан бөгөөд Fox News-т өгсөн ярилцлагадаа ч “Хэрэв Трамп энд ирвэл би түүнтэй шууд фронтын шугамд очиход бэлэн байна. Хэрэв тэр энд ирвэл бүх зүйлийг өөрийн нүдээр харж, бодит байдлыг ойлгоно гэж би бодож байна”гэж хэлжээ.Мөн Владимир Зеленский “Энэ дайны талаар хоёр өөр үзэл бодол байж болохгүй. Бүх хүнд ганц л дайсан байгаа, тэр бол Путин” гэж онцолсон байна. Америкийн тусламж гацаж байх хооронд Оросын цэргүүд хоёр жилийн турш эзлэн авч чадаагүй байсан Донецк мужийн Авдеевка хотод орсон явдлыг Брет Байер асуухад Зеленский үүнийг Оросын сүүлийн есөн сарын хамгийн том амжилт гэж нэрлэжээ. Үнэхээр ч гурав хоногт Киевийг, долоо хоногт Украиныг эзэлж авна гэж байсан Путин хоёр жилийн дараа газрын хөрстэй тэгшилсэн, Украины нэг жижиг хотыг эзэлсэн хэмээн бөөн баяр хөөр болж байгаа билээ. Зеленский Авдеевка дахь нөхцөл байдлын талаар “Гэхдээ Оросын хяналтад орох гэдэг яг юу гэсэн үг болохыг хүн бүхэн үнэнээр нь ойлгох хэрэгтэй. Тэдний стратеги бол бүх зүйлийг устган нурааж, дараа нь цааш дахин давшиж, энэ үйлдлээ давтах явдал” гэж хэлсэн байна. Мөн “Энэ хоёр жилийн хугацаанд тэд Харьков мужийг эзэлсэн ч одоо бид энэ бүсийг хянаж байна. Хар тэнгис дэх тэдний бүслэлтийг сэтэлж, бид одоо өөрийн гэсэн үр тарианы коридортой болж, Оросын флотын олон хөлөг онгоцыг устгаж чадсан. Бид үүнийг хоёр жилийн дотор хийсэн. Тийм ээ, өнгөрсөн жил бидний хувьд ихэнх тохиолдолд хэцүү байсан, гэхдээ … юу хийсэн бэ гэвэл манайхан сайн байлдсан” гэж Зеленский ярьжээ. “Сайн байлдсан” хэдий ч Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйг ажлаас нь чөлөөлж, түүний оронд хурандаа генерал Александр Сирскийг яагаад томилсныг” Fox News”-ийн сэтгүүлч асуухад “Би Залужный болон түүний хийсэн бүхэнд талархаж байна. Бид илүү хурдан байх хэрэгтэй. Энэ нь бидэнд байгаа хүнд суртлаас салах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй бол бидэнд ямар ч боломж гарахгүй. Мэдээжийн хэрэг илүү хурдан байж гэмээнэ та технологийн хувьд илүү боломж бүрдүүлж дайсныг ялна” гэж Зеленский хариулжээ.

Владимир Путин саяхан Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа Орос улс “хэлэлцээрээс хэзээ ч татгалзаж байгаагүй” гэж баталж, зөвхөн “Зеленскийн Путинтэй хэлэлцээ хийх боломжгүй гэсэн зарлиг л саад болж байна” хэмээсэн Брет Байертын асуултад Зеленский”Манай иргэдийг алж, устгаж буй танкны даргатай хэлэлцээр хийнэ гэдэг ямар ч утгагүй зүйл. Макрон, Шольц нар энэ дайн эхлэхээс өмнө Путинтэй уулзаж ярилцахад тэр ямар ч халдлага болохгүй гэж өөрийн амаар баталж байсан. Ийм хүний үгэнд хэн ч итгэж хэлэлцээр хийх ёсгүй” гэж хариулжээ. “Дайн хэзээ дуусахыг Украинчуудаас асуух нь шударга бус” гэж Зеленский нэмж хэлээд “Бид энэ дайныг дуусгахын тулд боломжтой бүхнийг хийж байна. Гэхдээ шударга байцгаая! Үнэндээ дэлхий нийт Путины ялагдалд бэлэн биш байна. Мөн Орос задарна гэдгээс олон улс төрч айж байна. Тиймээс Путин нэртэй алуурчин бүх улаан шугамыг давсан, тэр бүх дэлхийд заналхийлж байна, тэр НАТО-г устгах төлөвлөгөөтэй байна, түүнийг хүн биш гэдгийг дэлхий нийтийн ихэнх нь ойлгосон цагт л энэ дайн дуусах болно. Бид та бүхний нийтлэг үнэт зүйлсийн төлөө тэмцэж байгаа учир та бүхэн бидэнд туслаач, дэмжээч, нэгдэцгээе” гэж Украины ерөнхийлөгч хэлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Йенс Столтенберг: Энэ дайнд Украины давуу байдлыг баталгаажуулах ёстой DNN.mn

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный нас барж, Украины Зэвсэгт хүчин Авдеевкаас ухарсан нь Умард Атлантын холбоо болон түүний холбоотнуудад Украинд анхаарлаа хандуулж, тус улсад цэргийн тусламжаа нэмэгдүүлэх шаардлагатай болсныг нотолсон” гэж “Чөлөөт Европ/Эрх чөлөө” радиод ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Тэрээр “Навальныйгийн дурсгалыг хүндэтгэх хамгийн сайн арга бол Путиныг тулааны талбарт ялахаас урьдчилан сэргийлж, энэ дайнд Украины давуу байдлыг баталгаажуулах ёстой гэдэгт би итгэлтэй байна” гэжээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр, олон сар үргэлжилсэн ширүүн тулалдааны дараа Украины цэрэг Авдеевкаг орхин гарсан нь Украинд улам их хэмжээний цэргийн тусламж хэрэгтэй байгааг нотолсон явдал бөгөөд Навальный Оросын шоронд гэнэт нас барж, түүний үхлийн нөхцөл байдлыг шалгах ажил удааширч байна. Энэ бүхэн Кремлийн дэглэмийн авторитар шинжид бид илүү их анхаарал хандуулах ёстой болсон гэсэн үг.

Хэдийгээр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Украинд үзүүлэх 61 тэрбум ам.долларын цэргийн тусламжийн шинэ багцыг батлах асуудал хойшлогдож байгаа ч Швед, Канад, Япон зэрэг бусад улсууд

мэдээ

Киевт үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж байна” гэж Столтенберг мэдэгджээ. Гэхдээ Украинчуудын бараг хоёр жил нийлүүлээч хэмээн хүсч буй F-16 сөнөөгч онгоцыг Украины Зэвсэгт хүчин яг хэзээ хүлээж авах боломжтой вэ гэсэн асуултад НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга тодорхой хариулсангүй.

Йенс Столтенберг “Украины бүх холбоотнууд F-16 онгоцуудыг аль болох хурдан Украинд нийлүүлэхийг хүсч байна. Энэ ажилд нисгэгч, механикчдыг бэлтгэх ажилд онцгой анхаарал хандуулах ёстой байна” гээд “Харин яг хэдийд нийүүлэгдэх вэ гэсэн цаг хугацааны талаар цэргийн мэргэжилтнүүдээс асуух нь зүйтэй” гэж хэлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

 Бен Ходжес: Энэ жил дайнд эргэлт авчирна DNN.mn

Европ дахь АНУ-ын Зэвсэгт хүчний командлагч асан генерал Бен Ходжес “Америкийн дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа “Украин цаг явах тусам барууныхны дэмжлэгийг алдана гэсэн найдлага тээж, Орос улс цаг хугацаагаар тоглож байна” гэж онцолжээ.

Хожес “Барууны тусламжгүйгээр Украин тэднийг ялж чадахгүй. Гэхдээ Оросууд ч бас Украиныг ялж чадахгүй, тэгэх чадал байхгүй гэдгийг Кремль сайн мэдэж байгаа гэж би бодож байна” гээд “АНУ-ын эргэлзэж буйг хараад Москва барууны орнуудад Орос шаардлагатай бол дайныг дурын хугацаагаар үргэлжлүүлнэ гэдгийг ойлгуулахыг хүсч байна. Харин тэд үүнийгээ хийж чадна гэдэгт би итгэхгүй байна.

Тийм ч учраас энэ жил үнэхээр чухал зүйл болох дайнд эргэлт гарна гэж үзэж байна” гэжээ. Үүнийгээ тэрээр “Оросууд 2014 онд Украинд цөмрөн орсноос хойш арван жилийн дараа эхэлсэн дайнд цэргийн тоо, аж үйлдвэр, нисэх хүчин, тэнгисийн цэргийн хүчин гэх мэт давуу талтай байсан ч Оросууд Украины ердөө 18 хувийг л хянаж байна” гэж тайлбарлаад “Оросын өөрсдөө аугаа гэдэг нисэх хүчин нь Украины агаарт тэдэнд давуу байдалд авчирч, амжилттай давших боломж бий болгож чадсангүй. Энэ нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчний үр дүнтэй ажиллагаа, Украины цэргүүдийн шийдэмгий бас бүтээлч тэмцэл, шинэлэг арга барилтай холбоотой” гэж тэмдэглэжээ.

Америкийн генерал мөн “АНУ болон түүний холбоотнууд дайны явцад эргэлт гаргахад тусалж чадна. Үүнд зөвхөн Вашингтоны улс төрийн хүсэл зориг л дутаж байна” гээд “Украины өнгөрсөн зуны сөрөг довтолгооны үеэр энэ хүсэл зориг дутсан явдал уг довтолгоон амжилтгүй болсон гол шалтгаан болсон” гэсэн байна. Генерал “АНУ хангалттай дэмжлэг үзүүлэхгүй байгаагаас дайны байдал сунжирч байна” гээд “Хэрвээ бид украинчуудад хэрэгтэй зүйлийг нь өгч чадвал энэ оны эцэс гэхэд Крымийг чөлөөлөх юм уу, ядаж Украинчуудыг Оросуудад дийлдэхгүй болгож чадна. Гэхдээ энэ бүхнээс үл хамааран Украинчууд ялах хүсэл эрмэлзлээрээ давуу талтай, тэдэнд зөвхөн биднээс зохих ёсны тусламж л хэрэгтэй байна.

Энэхүү хүсэл зоригийн шалгуур болсон жинхэнэ тэмцэл Кремль, Цагаан ордны хооронд болж буй нь тодорхой болсон. Кремль Украинтай хийж буй дайнд “хязгааргүй нөөц”-тэй гэж барууныханд дохио өгөхийг оролдож байгаа ч фронтод Оросууд хэт их хэмжээний хохирол амсаж байгааг маш сайн мэдэж байгаа” гээд “Тэд энэ том махны машинд амиа алдаж буй олон орос залуу цэргүүдийг Москва, Санкт-Петербургээс бус Оросын алслагдсан нутгуудаас элсүүлж байна. Гэхдээ барууны орнууд өөрт байгаа нөөц бололцоогоо ашигтайгаар зохион байгуулж, Украиныг ялахад нь хангалттай туслах аваас Кремль дайныг урт хугацаанд үргэлжлүүлээд байж чадахгүй гэж би бодож байна” гэжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Аюулгүй байдлын бага хурал өндөрлөв DNN.mn

Заримдаа жижиг зүйлс том өөрчлөлт авчирдаг. Энэ удаа 60 жилийнхээ ойг тохиолдуулан гурав хоног чуулж, 130 улс, Олон улсын байгууллага оролцсон Мюнхений Аюулгүй байдлын бага хурал (MSC) дээр хэд хэдэн ийм “жижиг” зүйлс хөндөгдлөө.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийд анх удаа форум болж буй “Bayerischer Hof” зочид буудалд бусад орны удирдагчидтай уулзах тусдаа өрөө гаргаж өгөв. Мөн Орос Украинд довтлохоос өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров жил бүр Мюнхенд ирж, бага хурлын гол өдөр буюу бямба гаригийн үд дунд орчимд үг хэлдэг байсан бол энэ удаа Москвагийн албан ёсны төлөөлөгчдийг Мюнхенд урьсангүй. Харин Лавровын оронд БНХАУ-ын гол дипломатч Ван И-д илтгэл тавих боломж олгов.

АНУ-ын Конгресст шинэ тусламж үзүүлэх асуудал гацсаны улмаас Украин барууны сум, зэвсгээр улам бүр дутагдаж байна гэсэн асуудал чуулганы гол сэдэв болов. Яг энэ үеэр Украины цэргүүд Донецкийн Авдеевка хотыг орхисон тухай мэдээ оролцогчдын дунд жинхэнэ шуугиан тарив. Эцэст нь АНУ-ын Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Цагаан ордны тэргүүн асан Дональд Трампын асуудалд оролцогчдын анхаарал төвлөрөв.

Гурван өдөр үргэлжилсэн бага хурлын нээлтээс нэг цагийн өмнө Оросын сөрөг хүчний хамгийн алдартай удирдагч Алексей Навальный Оросын шоронд гэнэт нас барсан тухай мэдээ ирж, чуулганд оролцогч хүн бүр шахуу хүн амины хэрэг хэмээн ярьж, Оросын эрх баригчдыг буруутгаж байв. Төлөвлөгөөнд ороогүй байсан Орос улстөрчийн бэлэвсэн эхнэр Юлия Навальнаягийн хэлсэн үг уг хурлын сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг болж оролцогчид бүтэн минутын турш алга ташин түүнийг дэмжив. Навальныйн үхэл “Оросын ирээдүй”-ийн тухай ярианы гол сэдэв болж өрнөв. Оросын 2015 онд алагдсан сөрөг хүчний гол төлөөлөгч Борис Немцовын охин Жанна Немцова “Алексей Навальныйг хөнөөсөн нь Кремлийн айлган сүрдүүлсэн үйлдэл боловч Оросын түүхэнд шинэ үе шат эхлүүлж байна” гэж мэдэгдэв.

Мюнхений чуулганд оролцогчид сүүлийн үед дэлхийн хэвлэлүүдээр тарж буй Орос ялж Европ үнэт зүйлсээ алдах уу гэсэн утгатай “Lose-Lose?” гэсэн сэдэвтэй нийтлэлүүдэд Украин өөрийн гэсэн флотгүй байж Оросын Хар тэнгисийн флотын 1/3-ийг устгасан явдал гэрэл гэгээ авчрах мэдээ буюу “найдварын туяа” болж байна гэдэг дээр санал нэгдэв. Барууны удирдагчид Украины тусламж шинэ шатанд гарна гэж итгүүлэхийг хичээн АНУ-ын дэд ерөнхийлөгч Камалла Харрис, Германы канцлер Олаф Шольц нар Украин дахь Оросын дайныг илтгэлийнхээ гол сэдэв болгов.

Мюнхений энэхүү форумын үеэр “Зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх”, “Үг ярианаас ажил хэрэг рүү шилжих” хэрэгтэй гэсэн олон мэдэгдэл гарсан. Зэвсгийн зах зээл дэх өрсөлдөөн, “зөвхөн хувиа боддог асуудал” зэрэг Украины зэвсгийн тусламжид чухам юу саад болж байгаа талаар ер бусын гэмээр илэн далангүй яриа өрнөсөн. Гэхдээ Киевт барууны зэвсгийн тусламж хангалтгүй байгаа тухай Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн “Украинаас дайн хэзээ дуусахыг бүү асуу, харин Путин яагаад энэ дайныг үргэлжлүүлээд байна вэ гэж өөрсдөөсөө асуу” гэж хэлсэн үг чуулган дууссан ч цуурайтан үлдэв.

 

Г.АМАРСАНАА