Categories
гадаад мэдээ

Америкийн тэнгисийн цэргийн хөлөгт 7 хоногийн дотор гурван алба хаагч амиа хорложээ DNN.mn

Америкийн тэнгисийн цэргийн хөлөгт 7 хоногийн дотор гурван алба хаагч амиа хорложээ

Америкийн George Washington тэнгисийн цэргийн хөлөгт долоо хоногийн дотор гурван хүн амиа хорложээ. Тус хөлөгт 2021 оноос хойш учир нь үл олдох шалтгаанаар хэд хэдэн хүн амиа алдсан байна. CNN агентлагийн мэдээлснээр сүүлийн нэг жилийн хугацаанд долоон хүн нас барснаас дөрөв нь амиа хорложээ. Мөн алба хаагчдаас маш хүнд нөхцөлд ажиллаж байна гэсэн гомдол удаа дараа ирсэн байна.

Тиймээс хөлгийн ахмад Брэнт Гаут алба хаагчдыг тэнгисийн цэргийн хүчний ойролцоох суурин бааз руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Эхний ээлжид 200 гаруй хүнийг шилжүүлээд байгаа аж. Атлантикийн тэнгисийн цэргийн нисэх хүчний мэдэгдэлд “явах хүсэлтэй байгаа бүх алба хаагчийг нүүлгэн шилжүүлж дуустал энэ үйл ажиллагаа үргэлжилсээр байх болно” гэж бичсэн байжээ.

Виржиниа мужийн Ньюпорт Ньюс усан онгоцны үйлдвэрт энэхүү цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгчид олон жилийн турш засварын ажил хийсээр байгаа аж.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “танкийн эрлэг”-ийн үйлдвэрт зочилжээ DNN.mn

зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден танкийн эрлэг гэгддэг Javelin пуужингийн системийн үйлдвэрт зочилжээ.

Lockheed Martin компанийн Алабама мужийн Трой хот дахь үйлдвэр сүүлийн 20 жилийн хугацаанд 50,000 ийм зэвсэг үйлдвэрлэсэн юм байна.

“Та бүхний гар хүрсэн, Украины баатруудын гарт очсон энэ зэвсэг нөхцөл байдлыг эрс өөрчилж байна” гэж Байден эгнүүлэн өрсөн Javelin системүүдийн өмнө зогсоод үйлдвэрийн ажилчдад хэлжээ.

Тэрбээр Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулж буй үйлдвэрийн ажилчдаар бахархаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна.

“Энэ тэмцэл хямдхан биш, гэхдээ эзлэн түрэмгийллийг зөвшөөрөх нь үүнээс ч өндөр өртөгтэй юм” гэж Байден хэлжээ.

зураг

АНУ одоогийн байдлаар 5,500 ширхэг Javelin системийг Украинд нийлүүлсэн байна. Энэ нь АНУ-ын армийн бэлэн нөөцийн гуравны нэг орчим юм.

Саяхан Байден $33 тэрбумын тусламжийн багцын саналыг Конгресст өргөн барьсан. Хэрвээ энэ багц дэмжигдвэл илүү олныг Украинд нийлүүлэхээр байгаа.

АНУ-ын Украинд илгээсэн 10 Javelin тутамд тэнд байлдаж буй Оросын нэг танк оногдож байгаа гэсэн тооцоо бий.

“Бид олон жилийн өмнө Европыг хамгаалах зэвсэг, техник үйлдвэрлэж байсан. Өнөөдөр энэ үйл явдал давтагдаж байна” гэж Байден хэлсэн нь дэлхийн хоёрдугаар дайныг дурдсан хэрэг байжээ.

Javelin системийн харвасан пуужин нумарсан траектороор нисдэг тул дайсны танкийн эмзэг цэгт үхлийн цохилт өгч чаддаг юм байна.

Categories
гадаад мэдээ

Америкийн Урлагийн музей Рианнад зориулан гантиг чулуун хөшөө босгожээ DNN.mn

Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музейн танхимд жирэмсэн Рианнаг дүрсэлсэн гантиг чулуун хөшөөг дэлгэн үзүүлжээ.

Хөшөөг тавдугаар сарын 2-ны “Met Gala” ёслолын үеэр олон нийтэд толилуулжээ.

Баримлын санааг Америкийн “Vogue” сэтгүүлийн тавдугаар сарын дугаарын ковер буюу нүүр хуудаснаас авсан байна. Рианна “Alaïa” брэндийн нэхмэл торон, улаан өнгийн жампсюьт /комбинезон/-тай зургаа авахуулж байсан.

Categories
гадаад мэдээ

Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ DNN.mn

Хөл хорионд ороод буй Хятадын Шанхай хотын нэгэн иргэнийг нас барсан гэж үзээд цогцос хадгалах уутанд хийн, шарил хадгалах газар руу явуулсан хэрэг гарчээ.

Хамгаалалтын хувцастай ажилтнууд машинаас цогцос хадгалах уутанд байсан нэгэн иргэнийг гаргаад морг руу оруулах гээд тэргэн дээр тавьтал тухайн хүн амьд байсныг нь олж мэдсэн байна. Энэ үйл явдлыг ойролцоо байсан нэгэн хүн бичиж аваад нийгмийн сүлжээнд тавьжээ. Бичлэг тавдугаар сарын 1-ний ням гарагт Хятадын нийгмийн сүлжээгээр тархаж, иргэдийн дургүйцлийг хүргэн, айдаст автуулсан байна. Уг бичлэгийг хийсэн хүн “Тэд амьд хүнийг үхсэн гэж хэлээд явуулж байна. Маш хариуцлагагүй үйлдэл” гэжээ.

Хятадын хамгийн орчин үеийн, хөгжсөн энэ хотод ийм үйлдэл гарна гэдэг байж боломгүй юм хэмээн тус улсын Weibo сүлжээнд бас нэг иргэн бичсэн байна. Мөн нэг хэрэглэгч “Хүнийг санаатайгаар алж байна” гэжээ.

Тухайн иргэний биеийн байдал одоо тогтвортой байгаа гэж дүүргийн захиргаанаас мэдэгдэв. Уг хэргийн дараа мөрдөн шалгах ажиллагаа явуулж Путуо дүүргийн Иргэний хэрэг эрхлэх газар, нийгмийн хөгжлийн албаны гурван албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ. Тухайн иргэн ахмадын сувилалд эмчлүүлж байсан бөгөөд сувиллын даргыг мөн ажлаас нь халсан байна. Түүнчлэн уг хэрэгт холбогдсон эмчийн эрхийг хасжээ.

25 сая хүн амтай Шанхай хотод халдварын тохиолдол ихэссэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 31-нээс хойш хөл хорио тогтоогоод буй.

Categories
гадаад мэдээ

Сэм Бендетт: Оросын танкуудад тохиолдож буй зүйл бол дизайны алдаатай холбоотой DNN.mn

Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш буутай цамхаг нь тасарсан орос танкуудын зураг нийгмийн сүлжээнд түгээмэл үзэгдэх болсон юм. Тэгвэл “Оросын танкуудад тохиолдож буй зүйл бол дизайны алдаатай холбоотой. Ямар нэг байдлаар оновчтой цохилт өгөхөд нөөц сумнууд хүчтэй дэлбэрч, цамхаг хэсэг нь тасран шидэгдэж байна” гэж зэвсэг судлаач Сэм Бендетт ярьжээ. Өрнөдийн танкуудаас ялгаатай нь Оросын танк сумнуудаа цамхаг хэсэгтээ хадгалдаг юм байна. Энэ хэсэгт 40 хүртэл тооны сум хадгалагддаг. Тиймээс цамхагт ямар нэг хэмжээний цохилт өгөхөд амархан дэлбэрч, эх биеэсээ тасарч байгаа аж.

Сошиал сүлжээнд нийтлэгдсэн нэгэн дүрс бичлэгт Мариуполь хотын орон сууцны таван давхарт Оросын танкийн цамхаг шидэгдэж орсныг харуулжээ. Үүнтэй ижил дүрс бичлэгийг Чернихов хотоос бас нийтэлсэн байна.

Оросын Т-72, T-80 загварууд цамхаг хэсэгтээ сумыг автоматаар цэнэглэдэг механизмтай байдаг учир цамхагт нь нөөц сумнууд хадгалагддаг онцлогтой юм байна. Үүнээс гадна Оросын танкуудын дотоод багтаамж өрнөдийнхтэй харьцуулахад маш бага болохыг Орос, Зөвлөлтийн зэвсгийн судлаач Стивен Залога ярьжээ. Энэ нь танкийг жолоодож яваа алба хаагчдын амь насанд маш өндөр эрсдэл учруулдаг гэнэ.

Хэдийгээр T-80, T-90 зэрэг шинэ загварууд үйлдвэрлэгдсэн ч сум цэнэглэх систем нь өмнөхтэйгөө ижил механизмтай тул эрсдэл өндөр хэвээр байгаа ажээ. Бүр 1991-2003 онд Персийн булангийн дайнд Иракийн арми Оросын танкуудыг ашиглаж байхад бас ийм асуудал учирч байсан гэнэ. Оросууд өмнөх алдаанаасаа суралцаагүй нь эндээс харагдаж байгааг Их Британийн армийн офицер асан, батлан хамгаалахын шинжээч Николас Драммонд ярьжээ.

Оросын танкуудаас гадна БМД-4 зэрэг хуягт тэрэгнүүдэд ижил асуудал тулгарч байгаа гэнэ. Уг хуягт нь гурван хүнтэй багаас гадна таван цэрэг тээвэрлэх багтаамжтай байдаг. Цохилтод өртмөгцөө амархан дэлбэрдэг энэ хуягт тэргийг мэргэжилтнүүд “явдаг авс” гэж нэрлэдэг тухай Драммонд ярьжээ. Украины зэвсэгт хүчнээс гаргасан статистик тоо баримтад Оросын 1008 танк, хэдэн зуун хуягт тээвэрлэгч устгагдсан тухай мэдээлээд байгаа юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Лавровыг эсэргүүцэж, уучлалт гуйхыг шаардав DNN.mn

Италийн телевизийн сэтгүүлч ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровоос яагаад танай улс жүүд ерөнхийлөгчтэй Украиныг “нацизмаас ангижруулах” ажиллагаа явуулж байна гээд байгаа юм бэ гэж асуусан юм. Энэ асуултад Сергей Лавров “Жүүдүүдийг нацизмаас салгах ямар хэрэгтэй юм бэ гэж ярьцгааж байна. Миний бодлоор “Нацистуудын удирдагч Адольф Гитлер жүүд цустай хүн байсан гээд жүүд гаралтай хүн жүүдүүдээ устгасан. Хамгийн том анти-семитист үзэлтнүүд үнэндээ жүүдүүд өөрсдөө байдаг гэж ухаалаг жүүд ардууд ярьдаг. Үүнийг орос ардын зүйр цэцэн үгэнд “ ямар нэг “хог шаар”-гүй гэр бүл гэж байдаггүй” гэдэг гэсэн байна. Сергей Лавровын ярилцлага олон нийтэд хүрсний дараа Израиль улсын Гадаад хэргийн сайд Яир Лапид өөрийн улс дахь ОХУ-ын Элчин сайдыг дуудаж, эсэргүүцэл илэрхийлжээ. “Энэ бол уучилж болшгүй дуулиантай мэдэгдэл, түүхийг аймшигтай гуйвуулсан алдаа. Тиймээс бид танай улсыг биднээс уучлалт гуйхыг шаардаж байна” гэж Лапид мэдэгджээ.

Израиль дахь Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх байгууллага болох “Яд Вашем”-ын тэргүүн Дани Даяан ОХУ-ын гадаад хэргийн сайдын үгийг “Нацизмын хохирогчдод хүнд цохилт болсон, тэднийг гүтгэн доромжилсон явдал” гэж мэдэгджээ. Тэрбээр Лавровыг “Ямар ч үндэслэлгүй анти-семитист худал хуурмаг онол түгээн дэлгэрүүлж байна” хэмээн буруутгав. Италийн “Rete4” теле сувгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын 40 минутын ярилцлага гарсны дараа тус улсын ерөнхий сайд Марио Драги “Энэ бол телевизийн ярилцлага огт биш. Харин худал хуурмагаар дүүрсэн, улс төрийн суртал ухуулга” гэж мэдэгдсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Qantas” дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ DNN.mn

Австралийн агаарын тээврийн “Qantas” компани дэлхийн хамгийн урт, зогсолтгүйгээр үргэлжлэх арилжааны нислэгийг 2025 оны эцэс гэхэд үйлдэж эхэлнэ гэдгээ даваа гарагт мэдэгджээ.

Сидней-Лондоны чиглэлийн энэхүү нислэг 19 цаг үргэлжилнэ.

Тус компани нь таван жил төлөвлөсний эцэст Лондон, Нью-Йорк хотын чиглэлүүдэд үйлдэх “Project Sunrise” нислэгт ашиглах “Airbus A350-1000” загварын 12 нисэх онгоц худалдан авч байгаагаа мэдэгдсэн байна.

Сиднейгээс хөөрөх хамгийн урт зогсолтгүй нислэгийг 2025 оны эцсээс үйлдэж эхлэх бөгөөд дараагийн төлөвлөгөөнд Мельбурн багтаж байгаа талаар “Qantas” мэдээлжээ.

Мөн шинэ төрлийн нисэх онгоцнууд нь шинэ боломжийг нээж байгааг тус компанийн тэргүүн Алан Жойс онцолсныг мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. Тэрбээр үргэлжлүүлэн, “A350” нисэх онгоц, “Project Sunrise” төсөл нь Австралиас аль ч хотод ганцхан нислэгээр хүрэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг тодотгожээ.

“Qantas” 2019 онд урт хугацаанд зогсолтгүйгээр үргэлжлэх судалгааны нислэгүүдийг хийсэн юм. Үүний хүрээнд туршилтаар үйлдсэн Лондон-Сиднейн чиглэлийн /17800 км/ нислэг 19 цаг 19 минут үргэлжилсэн билээ.

Categories
гадаад мэдээ

Чех Оросоос авах хийн төлбөрөө рублиэр хийхгүй DNN.mn

ОХУ хөрш Украин руу халдсанаас үүдэн барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьсаар байгаа. Хориг арга хэмжээ тавьж эхлэх үеэр л ОХУ “нөхөрсөг бус орнууд”-ын жагсаалт гаргаж, энэ жагсаалтад өөрсдийнх нь эсрэг эдийн засгийн хориг тавьсан орнуудыг багтаасан. Мөн энэ жагсаалтад багтсан орнуудад байгалийн хий нийлүүлэхдээ рублиэр тооцоо хийх журам гаргаж байв.

Ийм журам баталснаас хойш Европын олон орон үүнийг эсэргүүцэж, зарим орон рублиэр төлбөр хийхээс татгалзсаны улмаас Газпром байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоож байлаа. Оросын тавьсан “тулган шаардалт”-ыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэх орнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Тодруулбал, Чех улс Оросын байгалийн хийн төлбөрийг рублиэр хийхгүй хэмэээн тус улсын Үйлдвэр худалдааны сайд Йозеф Сикела мэдэгджээ. Түүнчлэн шаардлагатай бол Оросоос газрын тос худалдан авахгүй хэмээн онцолсон байна.

“Чех улс цаашид ч хийн төлбөрийг еврогоор хийх эрмэлзэлтэй” гээд Чехийн CEZ компани нь Оросоос шууд хий худалдан авдаг цорын ганц компани, энэ компани цаашид ч еврогоор төлбөрөө хийнэ хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Мөн Европын холбоо хамтын худалдан авалтын төлөвлөгөө хэрэгжүүлж, хангалттай нөөц бүрдсэн тохиолдолд 2022 оны сүүлээс эхлэн Оросын газрын тосонд хориг тавихыг дэмжинэ гэж Йозеф Сикела мэдэгджээ.

Эргэн сануулахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн “нөхөрсөг бус орнууд”-д Оросын хийг гагцхүү рублиэр зарах тухай зарлиг гаргасан. Ингэснээр хийн худалдаанд оролцогчид “Газпромбанк”-д рублийн данс нээж, тэндээсээ төлбөр тооцоог гүйцэтгэх ёстой аж. Энэ нь гагцхүү хийн хоолойгоор дамжуулж буй “Газпром”-ын нийлүүлэлтэд хамааралтай гэдгийг онцлох нь зүйтэй.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн эрх баригчид Хятадын томоохон компаниас их хэмжээний мөнгө хураажээ DMN.mn

Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг Хятадын технологийн томоохон компаниудын нэг хууль бусаар мөнгө хил давуулсан хэрэгт буруутгагджээ.

Баасан гарагт Энэтхэгийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар Xiaomi компанийн тус улс дахь салбарыг гадаад валютын арилжааны хуулийг зөрчиж, хууль бус аргаар гадагшаа мөнгө гуйвуулсан хэрэгт буруутгасан байна.

Xiaomi India компани 55.5 тэрбум рупийг ($726 сая) рояалти нэрийн дор гадаадын гурван байгууллагын дансанд шилжүүлсний нэг нь толгой Xiaomi компани байсан гэнэ.

Цахилгаан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Xiaomi компани 2014 онд Энэтхэгт салбараа байгуулж, дараа жилээс нь эхлэн гадаад руу мөнгө шилжүүлж эхэлснийг албаныхан мэдээлжээ.

Энэтхэгийн тал гадагшаа шилжсэнтэй тэнцүү хэмжээний бэлэн мөнгийг Xiaomi компанийн данснаас хураан авсан байна.

“Xiaomi India гар утас, бусад бүтээгдэхүүнийхээ эд ангиудыг бүхэлд нь Энэтхэгийн үйлдвэрлэгчдээс авдаг. Ийм хэмжээний мөнгийг дээрх гурван байгууллагад шилжүүлэх үндэслэл байхгүй” гэж албаны мэдэгдэлд өгүүлжээ.

Бямба гарагт Xiaomi компаниас гаргасан мэдэгдэлд тус компани Энэтхэгийн бүх хууль дүрмийг дагаж ажилладгаа илэрхийлсэн байна.

Гадаад шилжүүлгээ тус компани технологийн лиценз, оюуны өмчтэй холбоотой төлбөр гэж тайлбарлажээ.

Энэтхэгийн засгийн газар хоёр жилийн өмнөөс эхлэн Хятадын компаниудад хатуурхах болсон юм. Энэ нь хоёр гүрний хооронд хилийн маргаан зөрчил гүнзгийрсэнтэй холбоотой.

2020 онд Энэтхэгийн эрх баригчид Хятадад бүтээсэн гар утасны 200 гаруй аппликэйшнийг өөрийн зах зээлд хориглосны дотор TikTok багтаж байжээ.

Энэ оны эхээр Tencent, Alibaba, NetEase компаниудын хэд хэдэн аппликэйшнийг нэмж хориглосон юм. Хятадын засгийн газар өөрийн компаниудын эсрэг авсан арга хэмжээнд санаа зовж буйгаа дипломат шугамаар илэрхийлж байжээ.

Эх сурвалж: CNN

Categories
гадаад мэдээ

“Үг хэлэх эрх чөлөө” шагналыг Украины сэтгүүлчдэд олгоно DNN.mn

Германы “DW” агентлаг “Үг хэлэх эрх чөлөө-2022” шагналыг Украины баруун өмнөд нутгийн Мариуполь хотын бүслэлт, сүйрлийг баримтжуулсан гэрэл зургийн чөлөөт сэтгүүлч Евгений Малолетка, “Associated Press” агентлагийн зураглаач, гэрэл зургийн сэтгүүлч Мстислав Чернов нарт олгохоор болжээ. Оросын бөмбөгдөлтийн улмаас амаржих газар сүйрсэн байгааг харуулсан тэдний гэрэл зургуудыг дэлхий нийт харсан юм.

Орос улс хоёрдугаар сард Бүгд Найрамдах Донецк Ард Улс /БНДАУ/, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг /БНЛАУ/ хүлээн зөвшөөрснөөр дайн гарцаагүй дэгдэх нь сэтгүүлчдэд тодорхой болсон бөгөөд гагцхүү хэзээ эхлэх вэ гэдэг асуулт гарч ирсэн гэж Е.Малолетка “DW” агентлагт мэдээлжээ. “Тэд Мариуполиор дамнан Крым рүү коридор байгуулахыг оролдоно гэдгийг бид мэдэж байсан” гэж тэрбээр ярьсан байна. Оросын түрэмгийлэл хоёрдугаар сарын 24-нд эхлэх үеэр эдгээр сэтгүүлч Мариупольд байжээ.

Украины Прокурорын ерөнхий газрын мэдээллээр, дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар хэвлэл мэдээллийн байгууллагын 18 ажилтан амиа алдаж, найман хүн хулгайлагдаж, гурван сэтгүүлч сураггүй болж, 13 хүн шархадсан байна. Үүнд украинчуудаас гадна Их Британи, Чех, АНУ, Дани, АНЭУ, Орос, Ирланд, Швейцар, Франц, Литва улсын хэвлэл мэдээллийн байгууллагын 19 ажилтан байна.

“DW” агентлаг “Үг хэлэх эрх чөлөө” шагналыг хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, санал санаачилгад 2015 оноос хойш олгосоор иржээ.