Categories
гадаад мэдээ

“Ялалтын баяр”-аар сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа DNN.mn

Тавдугаар сарын 9-ний өдөр тохиох дэлхийн хоёрдугаар дайны “Ялалтын баяр”-ын өдөр Германы канцлер Олаф Шольцыг Киев хотод айлчлан ирж, дайны эсрэг мэдэгдэл хийхийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский урьжээ.

Өмнө нь Германы удирдагчид Москва хотод энэ өдөр болдог баяр ёслолын арга хэмжээнд оролцсоор ирсэн уламжлалтай. Герман улс Украины хямралын үеэр ОХУ-тай харилцаагаа муутгахгүй байхыг эрмэлзэж байсан нь Киев-Берлиний харилцаанд бэрхшээл учруулж байв.

Европ тивд дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдрийг тохиолдуулан тавдугаар сарын 8-ны өдөр канцлер Шольц ард түмэндээ телевизээр үг хэлэх бол бас Их Долоогийн бүлгийн удирдагчидтай видео холбоогоор уулзах юм.

Тэрбээр өмнө нь Киев хотод айлчлах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдэж, Германы ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайерыг бас Киевт хүрэлцэн очихыг нь хориглож байв.

Зеленский өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Мариуполь хэзээ ч унахгүй. Би баатарлаг үйлсийн тухай яриагүй байна. Энэ хотод одоо нурах зүйл үлдээгүй, бүрэн сүйрсэн” гэж хэлжээ.

Кличко “Хэрэв хэн нэгэн цэцэг өргөхийг хүсвэл ганцаараа очиж болно. Дайны үеийн аюулгүй байдлын дүрмийг анхаарч, дагаж мөрдөөрэй. Ойрын өдрүүдэд Украины бүх бүс нутаг руу пуужингаар харвах магадлал өндөр байна. Болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй” гэж анхааруулжээ.

Categories
гадаад мэдээ

Германы Гадаад яамны сайд Украинд айлчилна DNN.mn

Хоёр улс хоорондын дипломатын маргаанаа пүрэв гарагт шийдвэрлэсэн учир Германы Гадаад яамны сайд Украинд албан ёсны айлчлалаар очих болно гэж Канцлер Олаф Шольц мэдэгджээ.

Германы Ерөнхийлөгчийн Украинд айлчлах саналыг Киев няцаасны улмаас Германы Засгийн газар Берлин дэх Элчин сайдын яамтай нь хэсэг сөргөлдөөнтэй байсан юм.

Гэхдээ ХБНГУ-ын Гадаад яамны сайд Анналена Бербок Киевт яг хэзээ очих, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Тэрчлэн Германы Канцлер Олаф Шольц Чехийн Ерөнхий сайд Петр Фиалатай уулзсаныхаа дараа “Герман улс одоогоор Оросоос хоолойгоор авч байгаа байгалийн хий болон нефтийг орлох эрчим хүчний түүхий эд импортлохын тулд хойд эргийн дагуух бүс нутгууддаа шинэ дэд бүтэц байгуулахаар хүч тавин ажиллаж байна” гэж ярьжээ.

Герман улс тэрчлэн далайн боомтууд руу шууд гарцгүй улс орнуудтай нягт хамтран ажиллахад бэлэн байгааг Олаф Шольц энэ үеэр илэрхийлсэн байна.

Оросын хийн импортоос 95 хувь хамааралтай Чех улсын хувьд Герман улсад баригдаж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн терминалын хүчин чадлын зарим хэсгийг ашиглах сонирхолтой байгааг Чехийн Ерөнхий сайд Петр Фиала мөн мэдэгджээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

“Ханжоу-2022” Азийн наадам хойшиллоо DNN.mn

БНХАУ-ын ҮОХ, Азийн олимпын зөвлөлийн хамтарсан хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг хурлаар “Ханжоу-2022” Азийн наадмыг хойшлуулах шийдвэр гарсан байна.

Азийн наадам ирэх есдүгээр сарын 10-25-нд болох товтой байв. Азийн наадмын шинэ товыг ойрын үед зарлах болно. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 20-28-нд БНХАУ-ын Шантоу хотноо болох байсан Азийн залуучуудын наадмыг цуцлахаар боллоо.

Өнгөрсөн жил зохиогдох ёстой байсан тус наадам коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон ч өдгөө бүрмөсөн цуцлагдсан байна. Дараагийн залуучуудын Азийн наадам 2025 онд Узбекистаны Ташкент хотноо болно. БНХАУ-д цар тахлын аюул нүүрлэсэн хэвээр байгаа тул дээрх шийдвэрүүдийг гаргажээ.

Categories
гадаад мэдээ

Навальныйг илүү чанга дэглэмтэй шоронд шилжүүлнэ DNN.mn

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өдгөө Москвагаас 200 км зайд орших Покров хотын шоронд хоригдож буй. Түүнийг Владимир мужийн Мелехово дахь ИК-6 хорих анги руу шилжүүлнэ гэж “BBC” агентлаг мэдээлэв.

Гэхдээ Навальныйг шилжүүлж буй тухай мэдээ албан ёсоор гараагүй байна. Мелехово руу шилжүүлэх тухай мэдээг Навальный өөрөө телеграм хуудсаараа хуваалцсан. “Шилжүүлэх тухай шийдвэр хараахан хүчин төгөлдөр болоогүй байгаа ч Мелеховогийн хоригдлууд надад зориулж шорон доторх “шорон” бэлдэж байгаа гэнэ. Хэрвээ Мелеховог “Google”-дээд үзвэл тэнд хоригдлууд хэрхэн зовж байгааг харах боломжтой гэсэн” гэж бичжээ.

Владимир мужид байрлах ИК-6 шорон нь одоо байрлаж буй ИК-2 шоронгоос 150 км зайд байрладаг. ИК-6 шоронд хоригдлуудтай зүй бусаар харьцдаг тухай баримт хэвлэл мэдээллээр удаа дараа гарч байсан.

“Хэдийгээр хоригдлуудыг эрүүдэн шүүдэг өөр олон шорон байдаг ч Мелехово дахь ИК-6 бол үнэхээр аймшигтай газар” гэж Навальныйн хамтран зүтгэгч Кира Ярмыш хэлэв.

Тухайлбал, 2019 онд нэгэн хоригдол ИК-6 шоронд нас барсан. Шоронгийн захиргаанаас түүнийг амиа хорлосон гэж мэдэгдсэн хэдий ч хоригдол Тунтуев өөрийг нь байнга заналхийлж, эрүүдэн шүүсэн гэж Европын хүний эрхийн шүүхэд хоёр удаа хандаж байжээ. Мөн түүний гомдолд эрх баригчид эрүүдэн шүүсэн тухай баримтыг шалгахаас татгалзсан гэжээ.

Categories
гадаад мэдээ

Жо Байден “Javelin” пуужингийн үйлдвэрт зочлов DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден танкийн эрлэг болоод буй “Javelin” пуужингийн системийн үйлдвэрт зочилжээ. “Lockheed Martin” компанийн Алабама мужийн Трой хот дахь үйлдвэр сүүлийн 20 жилийн хугацаанд 50.000 “Javelin” үйлдвэрлэсэн юм байна. “Та бүхний гараар бүтэж Украины баатруудын гарт очсон энэ зэвсэг нөхцөл байдлыг эрс өөрчилж байна” гэж Байден бэлэн болж, эгнүүлэн өрсөн “Javelin” системүүдийн өмнө зогсож байгаад тус үйлдвэрийн ажилчдад хэлжээ. Тэрбээр Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулж буй үйлдвэрийн ажилчдаар бахархаж байгаагаа мөн энэ үеэр илэрхийлсэн байна. “Энэ тэмцэл хямдхан биш, гэхдээ эзлэн түрэмгийллийг зөвшөөрөх нь үүнээс ч өндөр өртөгтэй” гэж Байден хэлжээ.

АНУ одоогийн байдлаар 5500 ширхэг “Javelin” системийг Украинд нийлүүлээд байгаа аж. Энэ нь АНУ-ын армийн бэлэн нөөцийн гуравны нэг орчим юм байна.

Саяхан Байден 33 тэрбум ам.долларын тусламжийн багц саналыг Конгресст өргөн барьсан. Хэрвээ энэ багц дэмжигдвэл илүү олон “Javelin” Украинд нийлүүлнэ. Мэдээж энэ мөнгөний багагүй хэсэг энэ үйлдвэрийг санхүүжүүлж шинэ технологи нэвтрэн, өндөр цалинтай олон ажлын байр шинээр нэмэгдэнэ. Үр дүнд нь илүү сайжирсан “Javelin” үйлдвэрлэгдэнэ, “Javelin”-ний хэрэггүй болсон технологиуд цэргийн нууцаас гарч иргэний үйлдвэрүүдэд цоо шинэ технологи болон нэвтэрч өндөр цалинтай олон ажлын байр шинээр бий болгоно. Шинэ технологи, шинэ ажлын байр. “Дайн хөгжилд хөтөлдөг” гэдэг чинь ердөө л энэ. Иймээс Жо Байден Оросын нэг танк болгонд зориулж 10 “Jav­elin” Украинд илгээнэ гэснийг буруутгах аргагүй гэдэг үнэн билээ. Тэрээр энэ үеэр “Бид олон жилийн өмнө Европыг хамгаалах зэвсэг, техник үйлдвэрлэж байсан. Өнөөдөр энэ үйл явдал давтагдаж байна” гэж хэлсэн нь Байден дэлхийн хоёрдугаар дайныг дурдсан хэрэг байв. Энэ нь ч бас үнэн. “Javelin” системээс харвасан пуужин нуман замаар нисэж дайсны танкийн хамгийн нимгэн оройн эмзэг цэгт үхлийн цохилт өгч чаддаг юм. Энэ чадвар л гэхэд тус тусдаа бие даасан олон технологи гэсэн үг билээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Европын холбооны ээлжит хориг арга хэмжээ DNN.mn

Европын холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх зургаа дахь ээлжийн багц хориг арга хэмжээг Евро парламентад танилцуулав. Үүнд газрын тосны импортын бүрэн хориг багтсан байна. Мөн Украины Буча тосгон, Мариуполь хотод дайны гэмт хэрэг үйлдсэн Оросын армийн өндөр албан тушаалтнуудыг хоригт нэмж оруулахаар болжээ. Бас Оросын хамгийн том банк Сбербанкийг олон улсын гүйлгээний SWIFT системээс гаргах, Оросын төрийн өмчит гурван том телевизийн сувгийг Европын холбооны орнуудад кабель, хиймэл дагуул, интернэтээр дамжуулахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Оросын газрын тосны хоригийг хэрэгжүүлэхдээ эхлээд зургаан сарын дотор өөрсдөө импортлохыг хориглож, 2022 ондоо багтаан газрын тосны бусад бүтээгдэхүүний импортыг бүрэн хориглохоор болжээ. Европын холбооны гишүүн 27 улсаас Унгар, Словак улсууд газрын тосны хоригийг эсэргүүцсэн юм. Эдгээр улсуудын онцгой нөхцөл байдлыг харгалзан үзээд энэ удаа хоригийн гадна үлдээж магадгүй байна. Харин бусад гишүүн улсууд зургаан сарын дотор өөр эх үүсвэрээс газрын тос авахаар зохицуулалт хийх ёстой болжээ.

“Орост үзүүлэх дарамт шахалтаа дээд хэмжээнд нь хүргэхийн хажуугаар бид өөртөө болон холбоотнууддаа ирэх хохирлыг хамгийн бага байлгахад анхаарах ёстой. Бид энэ дайнд Украиныг ялуулахыг хүсч байна” гэж Ляйен мэдэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Шанхайд “Ковид-19” халдвар буурч байна DNN.mn

БНХАУ-ын Шанхай хотод өдөрт илрэх “Ковид-19” халдварын шинэ тохиолдлын тоо үргэлжлэн буурч, өнгөрсөн хоногт халдварын 274 шинэ тохиолдол батлагдаж, шинж тэмдэггүй 5395 тохиолдол илэрсэн нь өнгөрсөн сарын хугацаанд бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болжээ.

Шанхайн Эрүүл мэндийн хорооны орлогч дарга Жао Даньданы мэдээлснээр, нэг хоногт “Ковид-19”-өөр халдварласан 3981 өвчтөн, шинж тэмдэггүй өвчилсөн 27124 өвчтөн эдгэрч, түр эмнэлгээс гарсан байна. Тус хотын оршин суугчдад энэ сарын амралтын өдрүүдээр /May Day holiday/ нуклейн хүчлийн, антигений шинжилгээ хийж, гарсан хариуг үндэслэн амьдарч буй газрынх нь эрсдэлийн түвшинг тодорхойлжээ. Тодруулбал, мягмар гаригийн байдлаар урьдчилан сэргийлэх бүсэд 15.5 сая хүн, хязгаарлалт бүхий бүсэд 5.3 сая хүн, хаалттай менежмэнтийн бүсэд 2.3 сая хүн оршин сууж байна.

Ж.Даньдан мөн “Шанхай хотын эмнэлгүүдэд ирэх дуудлагын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс ойролцоогоор 12 дахин нэмэгдсэн тул Тяньжин хот, Хэнань мужийн түргэн тусламжийн 100 машин, яаралтай тусламжийн тасгийн 298 ажилтан тусламж үзүүлэхээр нэмэгдэн ирж ажилласан” гэж мэдэгдсэн байна.

BBC. CNN. REUTERS. DW. NHK. TASS. Global Times-аас бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Франц, ОХУ-ын удирдагчид утсаар ярив DNN.mn

Франц, ОХУ-ын удирдагчид өнгөрсөн мягмар гаригт утсаар хоёр цаг гаруй ярилцсан бөгөөд Э.Макроныг дөрөвдүгээр сарын 24-нд Францын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоноос хойш талууд анх удаа утсаар ярьж буй нь энэ юм. Үүнээс өмнө хоёр улсын ерөнхийлөгч гуравдугаар сарын 29-нд утсаар ярьсан билээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй ярилцахдаа Мариуполь, Донбассын байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлээд, “Азовсталь” үйлдвэрийн нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлэх ажилд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг ОХУ-д уриалсан гэж хоёр ерөнхийлөгчийг утсаар ярьсны дараа Елисейн ордон мэдээлжээ. “Хүмүүнлэгийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж, олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу нүүлгэн шилжүүлсэн хүмүүст оршин суух газраа сонгох эрхийг олгох нь чухал” гэдгийг Францын ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.

Елисейн ордны мэдэгдэлд дурдсанаар, тэрбээр Украины мөргөлдөөний “үр дагаврын ноцтой байдлыг дахин онцлон тэмдэглэв”. Ерөнхийлөгч “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний үүрэг хариуцлагынхаа дагуу ажиллахыг ОХУ-д уриаллаа” гэж уг мэдэгдэлд онцолжээ.

Э.Макрон энх тайвныг дахин сэргээх сонирхлын үүднээс тохиролцоонд хүрэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа В.Путинд мөн хэлсэн байна. “Францын удирдагч энх тайвныг баттай болгох, түүнчлэн Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хүндэтгэх талаар зөвшилцөлд хүрсэн шийдэл гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд өөрийн зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Ерөнхийлөгч Украины мөргөлдөөнийг дуусгаж гал зогсоох шаардлагатай байгааг дахин мэдэгдсэн” гэж Елисейн ордны мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. Э.Макрон мөн “Хар тэнгисээр дамжуулан Украины хүнсний экспортыг сэргээх зорилгоор олон улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлж, энэ нь дэлхийн хүнсний аюулгүй байдлын үр дагаварт эерэг нөлөө үзүүлнэ” гэж тэрбээр үзсэн байна.

Өнгөрсөн бямба гаригт Э.Макрон мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьжээ. Э.Макрон хоёрдугаар сарын эхээр Москвад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийж маргааш нь Киевт айлчилсан билээ. Москвад болсон энэхүү яриа хэлэлцээнээс хойш Э.Макрон, В.Путин нар тогтмол утсаар ярьж байгаа юм. “Le Parisien” сонинд мэдээлснээр, 2021 оны 12 дугаар сараас хойш ерөнхийлөгч нар нийт 20 орчим удаа утсаар ярьсан гэнэ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Владимир Зеленский: Бид ухрахгүй, дайны шинэ шат эхэлсэн DNN.mn

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэх тушаал өгснөөр Украинд дайн дэгдэж, хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна.

Оростой хийж буй дайны тухайд Украин улс шинэ шатанд гарсан, зарим нутаг дэвсгэрт цэргүүд нь байршлаа хамгаалж байгаа бол нөгөө хэсэгт урагш давшиж байгаа гэнэ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Wall Street Journal сонины зохион байгуулсан CEO Council Summit уулзалтад цахимаар оролцох үеэрээ мэдэгджээ.

“Бид ухрахгүй. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар дайны шинэ үе эхлээд байна. Зарим нутаг дэвсгэрт бид Оросын цэрэг, техникээр бүслэгдсэн хэсэгт байна. Тэнд бид хэрэгцээтэй техникээ авснаар дайсныг дарж, урагш давших боломжтой. Харин зарим газарт бид давшиж байгаа” хэмээн Зеленский мэдэгджээ.

Түүний өгүүлснээр Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргүүдийг шахах нь нэн тэргүүний зорилт, харин олон улсын зорилт бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сэргээх явдал гэнэ. Өнөөгийн дайны эхний шат нь Оросын армийг зогсоож, цааш давших явдал байсан гэж Зеленский онцолсон байна.

“Хоёр дахь шатны тухайд Оросыг манай нутаг дэвсгэрээс аль болох хол шахах зорилготой. Гурав дахь шат нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа сэргээх явдал юм” хэмээн Украины Ерөнхийлөгч мэдэгджээ.

Зеленскийн онцолсноор, Украины хүмүүс, Украины зэвсэгт хүчинд итгэх итгэл нь ялалтын гол суурь гэнэ.

Харин Путинтэй хийж магадгүй уулзалтын талаар тэрбээр ярихдаа “энэ үед гал зогсоно. Учир нь гал зогсоохгүй бол уулзалт болохгүй” хэмээн онцолжээ.

Оросын хоёр дахь шат

Украины хувьд дайны хоёр дахь шат нь Оросын цэргүүдийг шахахад оршиж байгаа бол Оросын хувьд хоёр дахь шатыг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

Оросын “тусгай ажиллагааны дараагийн шат” эхэлсэн талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров India Today сонинд дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдэж байв.

“Украины дорнод хэсэг дэх ажиллагаа нь анх зарлаж байсанчлан Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг бүрэн чөлөөлөхөд чиглэгдсэн. Энэ ажиллагааны дараагийн шат одоо эхэлж байна” хэмээн Лавров мэдэгдэж байлаа.

Оросын тал өнгөрсөн сарын сүүлээр Мариуполь хо тын Азовсталь үйлдвэр рүү давшихаа зогсоосон ч тавдугаар сарын эхээр дахин дайрч эхэлсэн юм.

“Үйлдвэр рүү дайрах гэсэн оролдлого хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Оросын цэргүүд үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр байгаа” хэмээн Украины парламентын гишүүн Давид Арахамия тавдугаар сарын дөрөвний өдөр мэдэгдэж байв.

Энэ үйлдвэрийг Украины бусад цэргүүдийн хамт “Азов” хороо хамгаалж байгаа бөгөөд Оросын цэргүүд дайрсныг энэ хороо баталсны дээр үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр байгаа энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг олон улсад хандан уриалсан юм.

Украин, Оросын дайн хоёрдугаар сарын 24-нөөс хойш үргэлжилж байна. Украины талын мэдээлснээр сүүлийн өдрүүдэд Оросын арми бараг бүхий л чиглэлээр дайралтаа эрчимжүүлж байгаа аж. Түүнчлэн Донбассд хяналтаа тогтоох, Крымтэй холбогдох хуурай замын хүзүүвчтэй болохын тулд дорнод чиглэлд давшилтаа зогсоохгүй байгаа гэж Украины Зэвсэгт хүчин мэдэгджээ.

Энд дуулгахад, ОХУ Украин руу халдсанаас хойш 3238 энгийн иргэн амиа алдаж, 5,5 сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн байна.

Categories
гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарыг ОХУ-д нэвтрэхийг хоригложээ DNN.mn

ОХУ-ын эрх баригчид Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, Батлан хамгаалахын сайд Киши Нобуо болон бусад хэд хэдэн өндөр албан тушаалтан, бизнес эрхлэгчид, эрдэмтдийг нутаг дэвсгэртээ нэвтрэхийг хоригложээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн яам цахим хуудсандаа мэдэгдсэн байна.

Жагсаалтад Японы нийт 63 иргэн багтжээ. “Кишида Фүмиогийн засаг захиргаа Оросын эсрэг урьд өмнө байгаагүй кампанит ажил явуулж, байж боломгүй үг хэллэг, түүний дотор гүтгэлэг, шууд заналхийллийг хүлээн зөвшөөрч байна” гэж Оросын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна. Эдгээр хүмүүсийг ОХУ-д нэвтрэхийг хориглосон нь мөн тус улсад авсан хориг арга хэмжээний хариу болжээ.

Япон улс өмнө нь Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас Оросын эсрэг хэд хэдэн багц хориг арга хэмжээ авсан билээ. Тус улсын удирдлага, албан тушаалтан, бизнес эрхлэгчид зэрэг нийт 500 гаруй хүн хоригт өртсөн. Үүнээс гадна, Япон улс “Открытие”, “Новикомбанк”, “Совкомбанк”, “ВТБ”, “Россия” банк, “Внешэкономбанк”, “Промсвязьбанк”, “Сбербанк”, “Альфа-банк” болон Оросын 40 орчим байгууллага, компанийн хөрөнгийг битүүмжилсэн юм.

Оросын эсрэг Японы хориг арга хэмжээний шинэ багц дөрөвдүгээр сарын 19-нд хүчин төгөлдөр болсон байна. Үүнд мод, согтууруулах ундаа болон усан онгоц, нисэх онгоц, автомашин, мотоциклын хөдөлгүүрийн эд анги зэрэг 38 төрлийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аас импортлохыг хоригложээ.