Categories
гадаад мэдээ

Шри-Ланка улс шатахууны сүүлчийн нөөцөө шавхжээ DNN.mn

Тусгаар тогтнолын дал гаруй жилийнхээ түүхэнд эдийн засгийн хамгийн гүн хямралд унаад буй Шри-Ланка улс саяхан улс орноо аврах найдлага хүлээлгэсэн шинэ ерөнхий сайдыг томилсон билээ.

Шинэ ерөнхий сайд Ранил Викремесингхе өнгөрсөн Даваа гарагт телевизээр ард түмэндээ хандаж, үг хэлжээ.

“Яг одоо бидэнд ганцхан өдрийн шатахууны нөөц үлдээд байна. Ирэх хоёр сарын хугацаа бидний хувьд хамгийн хүнд цаг үе байх болно” гэж тэр мэдэгдсэн байна.

Гэхдээ ойрын өдрүүдэд хөрш Энэтхэгээс зээлээр бензин, дизель түлш нийлүүлэх гэж байгааг Викремесингхе ард түмэндээ дуулгажээ.

Одоо Шри-Ланка улсад зайлшгүй шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүн авахад $75 сая яаралтай хэрэгтэй байгааг ерөнхий сайд хэлсэн байна.

Төв банк нь төрийн албан хаагчдын цалинг тавихын тулд мөнгө хэвлэх гэж байгаа, төрийн өмчит агаарын тээврийн Sri Lankan Airlines компанийг хувьчлах төлөвлөгөөтэй байгаа зэргээ тэр бас ярьжээ.

“Хэдийгээр би эсрэг үзэл бодолтой байгаа ч төрийн албан хаагчдын цалинг тавихын тулд мөнгө хэвлэх шийдвэрийг гаргахаас өөр аргагүй боллоо. Мөнгө хэвлэх нь үндэсний валютын ханшийг сулруулах аюултайг бид мартах ёсгүй” гэж тэр хэлсэн юм.

Sri Lankan Airlines компанийн хувьд 2021 оны гуравдугаар сарын байдлаар жилийн алдагдал нь 45 тэрбум рупи ($129.5 сая) хүрсэн байна.

Тус компанийг яаралтай хувьчилбал улсын мөнгө санхүүгийн байдал тогтворжиход чухал нөлөөтэйг Викремесингхе онцолжээ.

Шри-Ланка даяар иргэдийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнөсний дараа өнгөрсөн долоо хоногт тус улсын ерөнхий сайд Махинда огцорч, Пүрэв гарагт Викремесингхе оронд нь томилогдсон юм. Махинда нь Шри-Ланка улсын ерөнхийлөгчийн төрсөн ах ажээ.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ах дүү Махинда нар улс орныг удирдаж байв. Өнөөдрийн эдийн засгийн хямралд тэдний буруу бодлого нөлөөлсөн гэж Шри-Ланкын иргэдийн ихэнх хэсэг үзэж байгаа.

Засгийн газрыг дэмжигчид, эсэргүүцэгчдийн хооронд гарсан мөргөлдөөний үеэр есөн хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.

1948 онд Британийн колоничлолоос салж, тусгаар тогтносон 22 сая хүн амтай Шри-Ланка нь Энэтхэгийн далайн арал улс юм.

Categories
гадаад мэдээ

Путин яагаад Украинд довтлов? DNN.mn

Өнөөдөр Украины дайн эхлээд бараг гурван сар болох гэж байна. Тэгвэл В.Путин Украинд дайн эхлүүлсний маргааш өглөө нь Оросын “Эрх чөлөө радио TV”-д энэ дайны талаар мэргэжлийн хүмүүс юу гэж ярилцлага өгч байсныг youtube-ийн https://youtu.be/8gU8pgq_4Rk- Зачем Путин напал на Украину? болон энэ сарын 4-ний “Генерал-полковник Леонид Ивашов о том, кто и как принял решение о спецоперации. Что нас ждет” ярилцлагуудаас товчлон хүргэж байна.


Хөтлөгч: Оросын “Эрх чөлөө радио”-гийн шууд нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч Михаил Соколов. Өчигдөр шөнө Владимир Путин Украин руу цэргийн хүчээр довтлох шийдвэр гаргасан. Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулан “Путин яагаад Украинд довтлов?” гэсэн асуултад хариулахаар өнөөдрийн манай нэвтрүүлэгт Оросын ард түмний эрх чөлөө намын орлогч дарга Андрей Зубов, улстөрч Владимир Кара-Мурза, АНУ-ын түүхч Юрий Фельштинский нар уригдан оролцож байна.

Андрей Зубов: -Миний хувьд Путины довтолгоо маш ойлгомжтой зүйл. Путин Украиныг эзлэн авч яг л лукашенкожсон Беларусь шиг гартаа оруулж ЗХУ-ын шинэ хуулбарыг бий болгох гэж зорьж байна. Өнөөдөр Украины Херсон мужид дайран орсон Оросын танкууд дээрээ Зөвлөлтийн алх, хадууртай улаан туг мандуулан явж байгаа нь зүгээр ч нэг санамсаргүй явдал огт бус. Энэ бол большевикуудын дайн гэдгийг бусдад харуулж буй хийрхэл. Путин Украины Луганск болон Донецк мужийг тусгаар улс болгосон гэж зарлахдаа “Би та нарт декоммунизац буюу коммунизмыг устгавал яадгийг харуулаад өгнө” гэж уурлаж салгалан байж хөмхийгөө зуун заналхийлсэн нь хоосон зүйл байгаагүйг харуулж буй хэрэг. Украин Зөвлөлтийн гэсэн уламжлалаас татгалзан ардчиллын замыг сонгон барууны улсуудыг чиглэсэн бодлого явуулж НАТО-д ойртох болсон нь түүний уур уцаарыг ийнхүү барж байгаа юм. Үнэндээ Путин өөрөө 2014 онд Украинаас Крымыг хүчээр эзлэн авч Донбасс мужид нь цэргүүд нь довтолсноос болж украинчууд ийм бодлого явуулахаас өөр аргагүй байдалд орсон гэдгийг тэр ойлгохгүй байна. Путин барууны улсуудтай Крымын арлыг Оросынх болгож Украиныг өөрийн нөлөөний бүсэд оруулах гэрээ хэлэлцээг удаа дараа хийх гэж оролдохдоо Байден, Макрон, Жонсон нар “Бид ардчилсан улс.

Аль ч улс өөрийн хувь заяаг өөрсдөө шийдэх эрхтэй. Бусад хүчтэй улс аль нэг сул дорой улсын асуудлыг өмнөөс нь шийдэх эрх байхгүй” гэдэг ардчилсан зарчмаас ухрахгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Иймээс Путин та нартай эвээр яриад болохгүй юм бол хүчээр ярина хэмээн өнөө үед байж боломгүй, аймшиг, гамшиг дагуулах дайныг Украинд эхлүүлээд байна.

Владимир Кара-Мурза: -XXI зуунд тэгээд бүр төв Европт гамшигт том дайн эхэлсэн нь Владимир Путины хоёр арван жилийн засаглал биднийг юунд хүргэж буйг тодорхой харуулж буй явдал. Жорж Оруэллийн “1984” романд “Дайн бол энхтайван, эрх чөлөө бол боолчлол, мэдлэггүй байх нь аугаа хүч” гэж гардаг чинь өнөөдрийн бидний амьдралд бодитоор хэрэгжиж байна шүү дээ. Яг үүнийг л Путины улсын гэх хэвлэл мэдээллүүд баруун солгойгүй цацаж байна. Яагаад ингээд байна гэвэл манай улс түүхэндээ байнга л дотоод асуудал буюу иргэд нь барууны улсуудын ард түмнээс бүтэн шат доогуур ядуу зүдүү амьдарч ирсэн явдал нь бүр уламжлал болоод тогтчихсон. Энэ дотоод асуудлаасаа иргэдээ холдуулахын тулд Орос улс ямар нэг дайн хийдэг түүхэн уламжлалтай болчихсон. Цагаан хааны үед ч, Зөвлөлтийн үед ч ийм байсан. Өнөөдөр ч ийм л байна. XIX зууны Крымын, ХХ зууны Орос Японы, Зөвлөлт Польшийн, Зөвлөлт Финляндын, Зөвлөлт Афганы болон өнөөдрийн Украины дайн үүнийг баталж байна шүү дээ. Гэхдээ өнөөдрийн Украины дайн Оросын биш зөвхөн Путины дэглэмийн явуулж буй дайн гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй.

Юрий Фельштинский: -Бүх зүйл алган дээр байгаа юм шиг харагдаж байгаа болохоор юу болж байгаа нь маш тодорхой байна. Путин өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-нд Украины эсрэг байлдааны тусгай ажиллагаа бус бүр дэлхийн шинэ дайн эхлүүлсэн. Үүнийг би бүх хүн сонсоосой гэж хүсч байна. Энэ дайнд Орос, Украины хэдэн хүн амь үрэгдэж хэр хэмжээний хохирол учрахыг урьдчилан хэлэх ямар ч боломж байхгүй. Путинд Орост ч, Украинд ч ямар хохирол учрах нь ёстой огт хамаагүй. Путины толгойд Украиныг эзлэнгүүт Молдовыг хүчээр эзлэн эдгээр улсыг Беларусь шиг өөрийн мэдэлд оруулах адын бодол л эргэлдэж байгаа. НАТО-д элсэж амжаагүй Молдовыг хүчээр эзлэн авсны дараа тэр Балтын тэнгисийн гурван улс болон НАТО-гийн гишүүн Польш, Чех, Словак, Унгар, Румыны хилд тулж очно гэж бодож байгаа. Ингээд Путин гурван өдрийн өмнө хэлсэн түүхэн гитлерчин үгээ давтаж барууны улсуудыг буулт хийнэ хэмээн найдаж атомын бөмбөгөөр сүрдүүлнэ гэсэн зорилготой байгаа. Хэрэв Путин ингэж чадвал энэ нь Орос болон НАТО-гийн хооронд дайн эхлэх торгон мөч нь байх болно. Харин энэ дайнд хэн ялагдах нь бидэнд хэтэрхий тодорхой байна.

Мэдээж ОХУ аймшигт бас гутамшигт ялагдал хүлээнэ. Энэ дайн Путин болон Путины дэглэмийн мөхөл байх болно. Харамсалтай нь энэ дайн цус хайр найргүй урсгаж маш их хохирол дагуулах нь гарцаагүй. Иймээс Путины үүсгэсэн дайн бол түрэмгий явуулга бус зүгээр л маш том гэмт хэрэг. Чухам ийм учраас л бидний ганц зорилго бол энэ дайныг сөрөн зогсож, халдан түрэмгийллийг няцаахад нь украинчуудад бүх боломжоор, бүх талаар туслах явдал. Би энэ удаа АНУ болон НАТО-г урьдын адил хөгийн хориг тавих төдийгөөр Путины эсрэг зогсож, болж буй үйл явдлыг зурагтаар тайван хараад сууна гэж огт бодохгүй байна. Өнөөдөр хангалттай тооны түүхчид байгаа учраас бидэнд дэлхийн II дайн дахин давтагдаж байгааг бүрэн ойлгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын 24 бол үнэн хэрэгтээ Гитлер Польшид довтлон орсон 1939 оны есдүгээр сарын 1-н юм. Энэ өдөр Гитлер болон Гитлерийн дэглэм мөхөх эхний өдөр байсан. Энэ удаа ч хоёрдугаар сарын 24 Путин болон Путины дэглэм мөхөх эхний өдөр болчихоод байна. Иймээс энэ бол Путины хийж буй сүүлчийн дайн юм.

ОХУ-ын бэлтгэл хурандаа генерал Леонид Ивашов: -Доод түвшинд цэргүүд яаж ч сайн байлдсан, буруу зүг дайрах шийдвэр гаргах гэх мэт Жанжин штаб нь стратегийн алдаа гаргавал бүх зүйл балардаг. Харин улсын удирдлагын хамгийн дээд түвшинд геополитикийн буруу шийдвэр гаргавал стратегийн төдийгүй дивиз, батальон, салаа, рот гээд бүх доод түвшинд байлдааны ажиллагаа баларч хүч илүү байсан ч ялж чадахгүй ялагдах болдог. Геополитикийн болон стратегийн зөв шийдвэр гаргах чадвартай генералууд ОХУ-д хангалттай байгаа. Харин өнөөгийн Оросын удирдлагын түвшинд ийм чадвартай генералууд алга байна. Үр дүнд нь өнөөдөр буюу тавдугаар сарын 4-ний байдлаар бид хамгийн чухал зүйл болох геополитикийн хувьд ялагдал хүлээгээд байна. Дэлхий нийтээр хаа сайгүй оросуудыг үзэн яддаг болчихоод байна. Ирландын дунд сургуулийн хүүхдүүд оросоор ярьсан сурагчийг зодож байгаа тухай мэдээ ирж байна.

BBC.CNN. REUTERS. NHK. UKRINFORM.TASS.Global Times.Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

​ АНУ-ын мэргэжилтнүүд Хятадын онгоцны ослыг санаатай үйлдэл байсан гэжээ DNN.mn

зураг

Энэ оны гуравдугаар сард China Eastern Airlines компанийн 132 зорчигчтой Boeing 737-800 нисэх онгоц Хятадын өмнөд хязгаарт осолдсон билээ.

Жигд өндөрт хурдтай нисэж байсан онгоц гэнэт эгц доошоо 6,000 метрийн өндрөөс унаж, уул мөргөсөн юм. Ингэж унахдаа ердөө нэг минут гаруй хугацаа зарцуулсан байжээ.

Хятадын эрх баригчид онгоцыг үйлдвэрлэсэн АНУ-аас мэргэжилтнүүдийг урьж, ослын шалтгааныг мөрдөн шалгах ажилд оролцуулсан юм.

Тэгвэл уг ажиллагаанд оролцсон Америк мэргэжилтнүүд онгоцны ослыг хэн нэгэн санаатай үйлдсэн гэх дүгнэлтийг гаргаад байгаа тухай Wall Street Journal өчигдөр албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Тодруулбал нисгэгчдийн бүхээгт явсан хэн нэгэн онгоцыг эгц доош унагах командыг өгсөн нь хар хайрцгийн бичлэгээс тодорхой болсон байна.

Осолдсон Boeing 737-800 онгоц нь дэлхийн олон орны агаарын тээвэрт өргөн ашиглагддаг, найдвартай техникт тооцогддог.

Хятадад осолдсон онгоцны нислэгийн үеийн тоон мэдээллүүд, нөхцөл байдал 2015 онд Германд осолдсон онгоцныхтой тун төстэй байгааг мэргэжилтнүүд дүгнэжээ.

Тухайн үед Альпын нурууны дээгүүр нисэж байсан 150 зорчигчтой Airbus A320 нисэх онгоцыг нисгэгч нь санаатай унагаж байсан юм.

China Eastern Airlines компани өмнө гаргасан мэдэгдэлдээ осолдсон онгоцны нисгэгч, туслах нисгэгч нар эрүүл мэндийн хувьд хэвийн, гэр бүлийн болон мөнгө санхүүгийн асуудалгүй байсныг баталж байжээ. Мөн онгоц осолдохоосоо өмнө түгшүүрийн дохио төвдөө илгээгээгүй нь нисгэгчдийн бүхээгт гаднын хүн нэвтрээгүй гэж үзэх үндэслэл болж буйг Хятадын эрх баригчид тухайн үед мэдээлж байв.

Categories
гадаад мэдээ

Туркийн Ерөнхийлөгч Швед, Финландыг НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ DNN.mn

Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Швед болон Финланд улсыг NATO-д элсүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ.

Энэ нь Швед болон Финланд улс Туркийн зүүн бүс дэх курдүүдтэй харилцаатай байдагтай холбоотой аж. Режеп Тайип Эрдоан Швед болон Финланд улсын терроризмын талаарх байр суурь тодорхойгүй байгааг тодотгожээ. Түүнчлэн Турк улсын эсрэг хориг тавьсан орнуудыг NATO-д элсэхийг зөвшөөрөхгүй гэдгийг онцолсон байна.

Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны мэдэгдэл ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж буй энэ үед цэргийн эвслийг хүчирхэгжүүлэх төлөвлөгөөнд саад учруулж байгаа аж.

Дашрамд дурдахад: NATO-д шинэ гишүүн элсүүлэхийн тулд бүх 30 улс зөвшилцөх ёстой байдаг.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Шинээр гишүүнээр элсэж байгаа Финланд, Швед гээд эвсэл өргөжиж байгаа асуудлын тухайд бол ОХУ эдгээр орнуудтай ямар нэг асуудал байхгүй гэдгийг сануулмаар байна. Байхгүй. Энэ утгаараа эдгээр орнууд гишүүнчлэлтэй болсноор ОХУ-д ямар нэг шууд аюул заналхийлэл үүсэхгүй гэсэн үг. Гэхдээ тухайн нутаг дэвсгэр дэх цэргийн дэд бүтцийг өргөжүүлэх нь хариу арга хэмжээ авах шаардлагыг бидэнд бий болгох нь ойлгомжтой. Ямар аюул заналхийлэл бий болохоос шалтгаалан бид ямар хариу үйлдэл үзүүлэхээ тодорхойлох болно” гэж мэдэгдлээ.

Пентагоны Хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “Хэд хэдэн зүйлийг санаж байх хэрэгтэй гэж бодож байна. Нэгдүгээрт НАТО бол батлан хамгаалахын холбоо, бусад улс орнууд руу аюул занал учруулдаггүй, учруулж ч байгаагүй. ОХУ ч үүнд багтана. Хоёрдугаарт НАТО-д аливаа улс элсэх асуудлаар вето тавихад Владимир Путин эсвэл аль нэг гуравдагч тал нөлөөлөхгүй. Шийдвэр нь нөгөө улс болон НАТО-гийн гишүүн орнуудын л асуудал. Дахин хэлэхэд олон үе шаттай. Гуравдугаарт бид хэн нь жинхэнэ түрэмгийлэгч вэ, хэний үйлдэл энэ хоёр улсыг НАТО-д элсэхийг хүсэхэд хүргэж байгаа вэ гэдгийг эргэн санах хэрэгтэй.

Ноён Владимир Путин болон ОХУ өөрөө шүү дээ. Тэд Украиныг эзлэх шийдвэр гаргасан. Бас л хэнд ч аюул занал учруулаагүй улс. Тэд л олон зуун мянган цэрэг, зуун мянга гаруй цэргээ оруулах шийдвэр гаргасан. Тэд л хэрцгий балмад дайн хийж байна. Владимир Путин зөв шийдвэр гаргаснаар энэ бүхнийг зогсоох боломжтой” гэж мэдэгдэв.

Categories
гадаад мэдээ

Хятадын удирдагч Си Жиньпин өвдсөн үү? DNN.mn

Хятадын удирдагч Си Жиньпин тархины аневризм буюу тархины судас цүлхийх өвчнөөр өвдсөн тул уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэх хүсэлтэй байгаа тухай “Dai­ly mail” мэдээлэв. Тэрээр өвчнөө эмчлүүлэх мэс засалд орохыг хүсэхгүй байгаа аж. Өдгөө 68 настай удирдагч уламжлалт анагаах ухааныг илүүд үздэг тул тархины мэс засал хийлгэхээс татгалзаж магадгүй байна. Өнгөрсөн оны сүүлээр эмч нар түүний тархины судас цүлхийснийг илрүүлсний дараа яаралтай эмнэлэгт хүргэгдсэн гэж “ANI” агентлаг урьд нь мэдээлж байсан. “Ковид-19” цар тахлын эхэн үед Хятад улс уламжлалт анагаахын эмчилгээг экспортлохоор ажиллаж байсан. Си энэ кампанит ажлыг дэмжигчдийн гол төлөөлөгчдийн нэг байсан ажээ.Путины нэгэн адил Си Жиньпиний эрүүл мэнд үргэлж нууцлагдмал байсаар ирсэн. Цар тахлын анхны давлагааны үеэр Шэньжэнь хотод цугласан олонд хандаж үг хэлэхдээ түүний яриа удаан байсан бөгөөд ханиалгаж байсан гэж ажиглагчид хэлжээ. Түүнээс өмнө 2019 онд Италид айлчлах үеэрээ Си Жиньпин илт доголсон тохиолдол ч байсан гэнэ.

“The Washington post” сонины энэ сарын 11-ний дугаарт Си Жиньпин өөрийн хүсэлтээр албан үүргээ ерөнхий сайддаа шилжүүлэн гүйцэтгүүлж байгаа бөгөөд ХКН-ын ирэх их хурлаар суудлаасаа буухаар болоод байна хэмээн бичсэн байна. Ирэх аравдугаар сард Хятадын коммунист намын ээлжит их хурлаар Си Жиньпинийг улираан сонгох эсэхийг шийдэх бөгөөд сүүлийн үед ковидын хөл хорио тогтоох үр дүнгүй шийдвэр гаргасан хамгийн гол нь Хятадыг барууны улсуудын эсрэг байр сууринд аваачсан буруу бодлого явуулсан учир түүнийг дахин сонгохгүй байх магадлал өндөр болсон хэмээн үзэгчид цөөнгүй болоод байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn

Швед улсын засгийн газар Умард Атлантын Цэргийн эвсэл буюу НАТО-д гишүүнээр элсэх шийдвэрээ зарлажээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө хөрш Финланд улс мөн шийдвэрээ эцэслэн зарлаад байсан юм. Эрх баригч Социал Демократ нам болон сөрөг хүчин, ард түмэн НАТО-д элсэхийг дэмжиж буй тул ойрын өдрүүдэд албан ёсны хүсэлтээ гаргахаар болсон гэж мэдэгдсэн байна.

Швед улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш төвийг сахих байр суурь баримталж ирсэн ба сүүлийн хоёр зуун жилийн турш ямар нэг цэргийн эвсэлд нэгдэж байгаагүй юм. Гэвч ОХУ-ын зүгээс Украинд халдан довтолсон явдал энэхүү уламжлалт бодлогоос нь татгалзахад хүргэжээ. Финланд улс ОХУ-тай 1,300 км шугамаар хиллэдэг бол Швед улс шууд хил залгадаггүй. Гэхдээ Шведийн засгийн газар өөрийн улсын газар нутагт цөмийн зэвсэг байрлуулахгүй, цэргийн бааз байгуулахгүй гэсэн нөхцөлтэйгөөр НАТО-д элсэхээр төлөвлөжээ. НАТО-д гишүүнээр элсэх нь Швед улс болон Шведийн ард түмний аюулгүй байдлыг хангах хамгийн зөв шийдэл” гэж тус улсын ерөнхий сайд Магдалена Андерссон өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. “Эвсэлд үл нэгдэх бодлого нь Швед улсад үүргээ сайн гүйцэтгэсэн, харин ирээдүйд ийм байх боломжгүй гэж манай Социал Демократ нам үзэж байна” гэж тэр хэлжээ. Андерссон бас Балтийн тэнгисийн бүс нутагт Швед улс ганцаараа НАТО-гийн гадна үлдэх нь “сул тал” болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

НАТО-д гишүүнээр элсэх үйл явц жил хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Энэ завсрын хугацаанд Швед, Финланд улсуудын аюулгүй байдалд баталгаа өгөхөө Берлинд уулзаж буй НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар амласан байна. Тухайлбал, Герман улсын Гадаад хэргийн сайд Анналена Бэрбок дээрх улсуудын хувьд “шилжилтийн, статус тодорхойгүй үе шат” гэж байх ёсгүйг мэдэгджээ. НАТО-гийн гишүүн орнуудаас ганцхан Турк улс дээрх хоёр улсыг гишүүнээр элсүүлэх асуудалд шүүмжилсэн байр суурьтай байгаа. Учир нь Турк улсын зүгээс террорист байгууллагад тооцдог Курдистаны Ажилчны Намыг дээрх хоёр улс дэмждэг нь үүнд нөлөөлжээ. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу дээрх хоёр улсыг гишүүнээр элсэхээсээ өмнө өөрийнх нь газар нутагт үйл ажиллагаа явуулдаг террористуудыг дэмжихээ зогсоох ёстой гэж мэдэгджээ.

Гэхдээ тэр ингэснээрээ Турк улс хэн нэгнийг сүрдүүлээгүй, уг асуудлыг хөшүүрэг болгон ашиглах санаагүйгээ тайлбарласан байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг нар Финланд, Швед улсуудыг гишүүнээр элсүүлэхэд Турк улс саад хийхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлцгээжээ. НАТО-д аль нэг улс гишүүнээр элсэхийн тулд бүх гишүүн орнуудын дэмжлэгийг авах ёстой юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn

Унгарын шинэ ерөнхийлөгч Каталин Новак өнгөрсөн бямба гаригт болсон тангараг өргөх ёслол дээрээ оросууд Украин руу түрэмгийлснийг буруушаав. Мөн анхны гадаад аяллаа Польш улсаас эхлүүлнэ гэж мэдэгдэв. Энэ нь тус улс Варшавтай харилцаагаа сэргээх дохио юм. Унгар улс хөрш Украин руу зэвсэг нийлүүлэхээс татгалзаж, Оросын нефтийн импортод хориг тавихыг эсэргүүцэж байгаа билээ. Энэ нь үндсэрхэг үзэлтэй, Европын холбоонд удаан хугацааны холбоотон байсаар ирсэн Будапешт, Варшавын харилцаанд сөргөөр нөлөөлж байсан юм.

Унгар улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч Новак нь өмнөх засгийн газарт Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан бөгөөд “Тавдугаар сарын 17-ны мягмар гаригт би Варшавыг зорьж, Польшийн ард түмний ерөнхийлөгчтэй уулзах гэж байна. Ерөнхийлөгч эрхэм Анжей (Дуда) анд нөхдийн ёсоор ярилцах боломж олгосон танд баярлалаа!” гэж Новак тангараг өргөх үеэрээ мэдэгдсэн байна. Тэрээр мөн “Бид Путины түрэмгийлэл, тусгаар тогтносон улс руу зэвсэгт халдлага үйлдсэнийг буруушааж байна. Бид ЗХУ-ыг сэргээхэд чиглэсэн бүх хүчин чармайлтад үүрд үгүй гэж хэлнэ” гэж нэмж цохон тэмдэглэв. Украины дайн бол бас энх тайвныг эрхэмлэгч унгарчуудын эсрэг дайн гэж Новак хэлээд, Унгар улс дайны гэмт хэргийг шалгаж, шийтгэхийг шаардсан юм. Тэрбээр ОХУ-ын Украинд хийсэн дайралтыг буруушаасан ч ерөнхийлөгч Владимир Путиныг хувь хүн талаас нь шүүмжлэхээс зайлсхийсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Украинд дайны улмаас 229 хүүхэд амиа алджээ DNN.mn

ОХУ Украин руу халдаж, дайн дэгдээснээс хойш Украинд 229 хүүхэд амиа алдсан гэж Украины Ерөнхий прокурорын газар мэдэгдсэнийг УНИАН дамжуулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 24-нөөс тавдугаар сарын 16-ны өглөө хүртэлх хугацаанд 229 хүүхэд амиа алдаж, 421 хүүхэд шархадсан байна. “Энэ бол эцсийн тоо биш. Байлдааны ажиллагаа явагдаж байгаа болон түр эзлэгдсэн, чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрүүд дээр хүний амь эрсэдсэн байж болзошгүй хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа” хэмээн Ерөнхий прокурорын газар мэдээлжээ.

Түүнчлэн ОХУ-ын зэвсэгт хүчний бөмбөгдөлтийн улмаас 1748 сургууль эвдэрч, гэмтсэнээс 144 нь бүрэн нурсан байна.

Categories
гадаад мэдээ

Украины дайны явцыг дүгнэн хэлэлцэв DNN.mn

Сүүлийн өдрүүдэд Оросын арми Донбасс дахь байлдааны гол бүсэд төдийлөн ахиц дэвшил гаргаагүй бөгөөд харин Украины зэвсэгт хүчний довтолгоо Харьковын ойролцоо тэднийг бараг өөрийнх нь хилд тултал ухраагаад байгаа билээ. Тэгвэл Оросын удирдлага цаашид ямар арга хэмжээ авах, дайны ямар хувилбар байж болох талаар цэргийн хоёр тэргүүлэх мэргэжилтэн АНУ-ын Тэнгисийн цэргийн шинжилгээний төв (CNA) -ийн судалгааны хөтөлбөрийн дарга Майкл Кофман болон Филадельфийн Гадаад бодлогын судалгааны хүрээлэн (FPRI)-гийн ахлах ажилтан Роберт Ли нар хэрхэн дүгнэн хэлэлцсэнийг энэ сарын 13-нд “DW”-д нийтэлснийг сонирхуулъя.

“Оросын арми өнөөдөр явуулж байгаа шигээ Украины Северодонецк мужийн нутаг дэвсгэрт бага хэмжээний довтолгоо хийж, их хэмжээний хохирол амссаар байх аваас удахгүй довтлох ямар ч чадваргүй болох аюултай тулахаас өөр аргагүй болно” гэж Роб Ли хэлэв. Үүнтэй холбогдуулан тэрээр Оросын арми Северодонецкийн голыг хэдэн өдөр дараалан хөвдөг гүүрээр, яг нэг газраар гатлах оролдлогоо олон давтан хийж, уг гарам дээр өөрсдийн 76 танк, хуягтаа украинчуудаар устгуулаад байгааг жишээ болгон авав. Харин энд амиа алдсан Оросын цэргийн тоо одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Оросын арми Донбасст Украины хамгаалалтын шугамыг хэд хэдэн хэсэгт хуваан тасалж устгах гэсэн төлөвлөгөө нь бүтэлгүйтээд байгааг Майкл Кофман дурдав. “Иймээс Оросын арми Изюмийн ойролцоо бус Северодонецк руу цэргийн зарим хүчээ шилжүүлэх гэж Северодонецкийн голыг гатлах оролдлого хийж байгаа юм” гэж Кофман тэмдэглэв.

Оросууд Донбасст дайралтаа үргэлжлүүлж Украины шинэ газар нутгийг эзэлж авсан ч энэ нь ямар ч үр дүнгүй зүйл болно гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Оросын армийн бие бүрэлдэхүүнд хийсэн үнэлгээ, судалгааг үндэслэн энэ довтолгоо Оросын цэргийн сүүлчийн нөөцийг Донбасс дахь ажиллагаанд дуусгаж байна гэсэн дүгнэлтийг Кофман хийжээ. Орос Украин руу зайлшгүй дайрна гэж зөв таамаглал дэвшүүлж байсан энэ шинжээч “Оросууд өмнө нь явуулж байсан шигээ өргөн хэмжээгээр халдлагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж би дүгнэж байна. Бас барууны бусад шинжээчид, ялангуяа Дайн, тулалдаан судлалын хүрээлэн (ISW)-гийн шинжээчид Оросын армийн Украины цэргийн гол хүчийг Изюм-Славянск-Дебальцевын шугамын дагуу бүслэн бут цохих гэсэн гол төлөвлөгөө нь ямар ч боломжгүй болсон гэж дүгнээд байна” гэж хэлэв.

Оросын армийн нэг гол хүнд асуудал бол боловсон хүчний хомсдол гэж Кофман, Ли нар үзсэн байна. “Тэдний одоо байлдаанд бэлэн байгаа ангиудын 75-80 хувь нь аль хэдийнэ дайнд оролцон их хохирол амсан “зүрх нь үхчихсэн”, харин дайнд оролцоогүй нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломжгүй 20-25 хувь байна” гэж Ли нэмж хэлэв. Хэрэв өмнө нь Украины эсрэг цэргийн ажиллагаанд оролцсон Оросын армийн довтолгооныг мэргэжлийн байлдааны тактикийн батальон (БТБ)-ууд гүйцэтгэдэг байсан бол эдгээр нь өнөөдөр дайнд үрэгдсэн цэргүүдийнхээ орон тоог нөхөж чадахгүй болсон, нөхсөн ч ямар ч чадваргүй цэргүүд ирж байгаагаас Оросын армийн өнөөдрийн БТБ-уудыг мэргэшсэн байлдааны тактикийн батальон гэх боломжгүй болчихоод байна. Оросын армийн өнөөдрийн БТБ-ууд бол зүгээр л хоосон тоо гэсэн үг. Иймээс Путин Оросын цэргийн нөөцийг Таджикистан, Абхаз, Сириэс нөхөх гэж оролдож буй мэдээг Кофман, Ли нар хэлэлцүүлгийн үеэр танилцуулав. Оросын хувьд өөрт нь маш эмзэг эдгээр цэгүүдээс цэргээ Украин руу татаж байгаа нь Оросын арми бүрэн сульдсаны нэг том баталгаа гэнэ. Боловсон хүчний асуудлаас гадна Оросын арми зэвсгийн нөөц ялангуяа нарийн ончтой пуужингаа шавхаж дуусч байна. “Хэр олон байгааг хэлэхэд хэцүү, гэхдээ маш цөөхөн үлдсэн нь тодорхой байна” гэж Роб Ли үзэж байна. Коффман харин үүнд санал нийлээгүй байна. “Тийм ээ, Орос олон тооны танк, хуягт техникээ алдсан. Гэхдээ сумны нөөцийг тооцоолоход илүү хэцүү байдаг. Магадгүй хүмүүс оросууд эхлээд хуучин пуужингуудаа хөөргөж байгааг анзаараагүй байж магадгүй. Иймээс тэдний нөөц шавхагдаж байна гэж дүгнэсэн байх. Орос пуужингийн нөөц хангалттай байх магадлалтай” гэж Майкл Кофман нэмж тайлбарлав.

“Орос улсад энэ янзаараа тулалдсаар дуусах, энэ тактикаа өөрчлөх, эсвэл бууж өгөх гэсэн аль аль нь тэдэнд таагүй гурван сонголт үлдээд байна” гэж Роб Ли үзэж байгаа бөгөөд “Путин зөвхөн дайн зарлаж бүх нийтийн цэргийн дайчилгаа явуулж байж л одоо байгаа тактикаа өөрчлөх боломжтой” гэж хэлсэн байна. Путинд “Хүчний эргэлт хийхээс өөр арга үлдээгүй” гэж тэр хэлэв. Харин Орос улс өөрийн түүхийн туршид яг өнөөдрийнх шиг нэг янзаар дайн хийж ирсэн уламжлалтай тул хүчээ өөрчилж чадахгүй байсаар энэ дайнд ялагдана гэдэгт Кофман итгэлтэй байна. “Миний гол дүгнэлт бол Путин өөртөө таагүй шийдвэр гаргах хэрэгтэй болно” гэж тэр хэлэв. Тэрээр ерөнхий дайчилгааны хувилбарыг бодитой бус, магадлал багатай гэж үзэн, Оросын удирдлагын өнөөгийн үйл ажиллагаа болон цэргийн боловсон хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэх гэж байгаа арга хэмжээнүүд нь “ямар ч үр дүнгүй хагас, хугас оролдлогууд” буюу өөрсдийгөө хуурч буй явдал гэж тэр тайлбарлав.

Украин дахь Оросын армийн байр суурь өдөр өнгөрөх бүр улам дордож байна гэж Кофман үзэж байна. “Эхний дөрвөн өдөрт, цаад тал нь эхний арав хоногт оросууд ялах ёстой байсан. Үүнийгээ биелүүлж чадаагүйгээс өдөр өдрөөр мөхөл рүүгээ ойртох хувилбарт шилжин орсон. Тэдэнд анх дайрсан цэргүүдийнх нь ард өөр нэмэлт хүч байгаагүй” гэж тэр дүгнэн хэлэв.

Өнгөрсөн гуравдугаар сарын дунд үе хүртэл өөрсдийн шаардлагаар энхийн гэрээ байгуулах боломж оросуудад байсан гэж Ли хэлэв. “Оросын тал өөрийн шаардлагын дор хаяж нэг хэсгийг нь украинчуудаар зөвшөөрүүлж энэ мөргөлдөөнөөс гарах боломжтой байсан. Тэд энэ боломжоо ашиглаж чадалгүй алдсан. Одоо байдал оросуудад хамаагүй муугаар эргээд байна. Оросыг ямар нэгэн амжилтад хүрч чадна гэж би бодохгүй байна” гэж Роб Ли хэлжээ. Гэхдээ оросууд том хэмжээний довтолгоон хийх боломжгүй болох ч хамгаалах, тактикийн довтолгоон хийх чадвартай үлдэнэ. Оросууд маш их хохирол хүлээх ч Украины тал ч багагүй хохирол хүлээнэ. Түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн гадаадын сайн дурынхан бас барууны улсуудын орчин үеийн техник хэрэгсэл украинчуудад түрэмгийлэгчдийг ялах таатай боломж бий болгоно гэдэгт шинжээчид санал нэгтэй байв.

Эцэст нь нэмж хэлэхэд, Оросын арми өнөөдөр 150 байлдааны тактикийн батальон бүрдүүлээд байна. Цэргийн шинжээчдийн Оросын армийн өнөөдрийн БТБ-ууд бол зүгээр л хоосон тоо гэдэг ч энэ бол яах аргагүй их хүч. Хамгийн гол нь эдгээр их хүч буюу байлдааны тактикийн батальонууд маш нарийхан газраар дайрах болчихоод байгаа юм. Энэ нь 300 спартанчууд хар мянган персийн цэргийг ганц нарийн гарцтай даваан дээр тогтоон барьж байсан шиг украинчуудад маш ашигтай нөхцөл болно. Тэгээд ч энэ довтолгоон Оросын сүүлчийн том дайралт болох бөгөөд үр дүнд нь дайнд эргэлт гарч украинчууд эх нутгаа чөлөөлж эхэлнэ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

БНАСАУ: Өдөрт 300 мянга орчим халдвар илэрч, 42 хүн нас баржээ DNN.mn

Умард Солонгост сүүлийн нэг өдрийн дотор 296 мянган хүнд халуурсан шинж тэмдэг илэрсэн байна. Дөрөвдүгээр сарын сүүлээс хойш коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 821 мянга орчимд хүрсэн хэмээн тус улсын Мэдээллийн Төв Агентлаг /KCNA/ мэдээллээ.

Мэдээлэлд дурдсанаар, өдөрт нийтдээ 15 хүн “халуурч” нас баржээ. Нийт нас барсан хүний тоо 42 болж, 496 мянган хүн эдгэрч, 324 мянган өвчтөн эмчлүүлж байгаа аж. Гэсэн ч, чухам хэдэн хүн “КОВИД-19”-ийн халдвар авсан болохыг тус агентлаг тодорхой мэдээлээгүй байна.

Өмнөд Солонгосын мэдээллийн “Ёнхап” /Yonhap/ агентлагийн мэдээлснээр, Умардад коронавирусийн халдварыг батлах шинжилгээ болон бусад тоног төхөөрөмж дутмаг байгаагаас халдвар авсан хүний тоог тодорхой дурдахгүй байгаа гэсэн таамгийг дэвшүүлээд байна.

Kim: COVID-19 throwing country into 'great turmoil' amid rising death toll

Умард Солонгост коронавируст халдварын анхны тохиолдол тавдугаар сарын 12-нд албан ёсоор бүртгэгдэж, удирдагч Ким Жон Ун Улс Төрийн Товчооны хуралдааны үеэр халдвар тархах бүх аргыг таслан зогсоож, хил гаалийн хяналтыг чангатгахыг үүрэг болгосон. Уулзалтын дараа тус улсын Улс Төрийн Товчоо хорио цээрийн арга хэмжээг боловсруулж, хэрэгжилтэд хатуу хяналт тавин ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгожээ.