Categories
гадаад мэдээ

Илон Маск дэлхийн хүн ам хоёр дахин өссөн ч байгаль орчинд хямрал үүсэхгүй гэв DNN.mn


Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Америкийн тэрбумтан Илон Маск төрөлт буурснаар хүн төрөлхтөн мөхөх эрсдэлтэй тухай сүүлийн үед ярих болсон юм.

Тухайлбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэр өнөөдөр хүмүүс хангалттай олон хүүхэдгүй байгаа нь ирээдүйд соёл иргэншил мөхөх шалтгаан болно хэмээн анхааруулж байв.

Хэдхэн хоногийн өмнө Маск төрөлтийн хэмжээ нь сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч байгаа Япон улсын ирээдүйд санаа зовж буйгаа илэрхийлсэн юм.

Тэгвэл энэ долоо хоногийн эхээр болсон All-In Summit хаалттай чуулганд оролцохдоо Маск энэ санаагаа дахин илэрхийлжээ.

“Зарим хүмүүс цөөн хүүхэдтэй байх нь байгаль орчинд ээлтэй гэж бодож байна. Энэ бол шал дэмий зүйл. Байгаль орчинд юу ч тохиолдохгүй. Хүн төрөлхтөн одоогийнхоосоо хоёр дахин өссөн ч хямрал үүсэхгүй” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Маск цааш нь ярихдаа “Ядаж тоогоо бууруулахгүй байя. Огцом өсгөдөггүй юмаа гэхэд бүгдээрээ насанд хүрэгчдийн живх зүүгээд соёл иргэншлийн төгсгөлийг хүлээх хэмжээнд хүртлээ цөөрөхгүй байцгаая” гэжээ.

Гэхдээ тэр ярьсан зүйлээ батлах ямар нэг тоо баримтыг хэлээгүй байна.

Хөгжиж буй улс орнуудын айл өрхүүд нэгээр цөөн хүүхэдтэй байвал агаар мандалд жил бүр нэмэгддэг хүлэмжийн хийн хэмжээ 58.6 тонноор буурна гэсэн тооцоог Шведийн эрдэмтэд 2017 онд танилцуулж байсан юм.

Гэхдээ өөр хэсэг судлаачид цөөн хүүхэдтэй байхын оронд хүмүүс байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сонговол илүү үр дүнтэй гэж дүгнэж байжээ.

Хэдийгээр өндөр хөгжилтэй, том эдийн засагтай орнуудад төрөлт буурч, хүн амын хөгшрөлт нэмэгдэж байгаа ч дэлхийн нийт хүн амын тоо өсөх хандлагатай байгаа.

НҮБ-ын тооцоолсноор 2019 онд дэлхийн хүн ам 7.7 тэрбум байсан бол 2050 онд 9.7 тэрбумд хүрэхээр байна.

Одоо 50 настай Илон Маскийн хувьд гурван удаа гэрлэж байсан, нийт долоон хүүхэдтэй гэсэн мэдээлэл байдаг юм.

Эх сурвалж: Business Insider

Categories
гадаад мэдээ

Беларусь улс цаазын ялынхаа үйлчлэх хүрээг өргөжүүллээ DNN.mn

зураг

Одоогоор Беларусь улс нь цаазын ял хэрэгжүүлдэг Европ тивийн цорын ганц улс юм.

Тэгвэл Лхагва гарагт тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко цаазын ялын үйлчлэх хүрээг өргөжүүлэх хуулийн төслийг баталжээ.

Ингэснээр террорист халдлага үйлдэхийг завдсан тохиолдолд ялын дээд хэмжээ оноодог болж байна. Өмнө нь тус улс аливаа гэмт хэргийг бүрэн үйлдээгүй, үйлдэхийг завдсан тохиолдолд ийм шийтгэл оноодоггүй байжээ.

Хүний эрхийн байгууллагууд шинэ хуулийг сөрөг хүчнийхнийг айлгах, устгах Лукашенкогийн ээлжит төлөвлөгөө гэж үзэж байна.

2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд зургаа дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсэн Лукашенко өөрийг нь эсэргүүцсэн нийт 200,000 орчим хүнийг баривчилсан юм.

Сөрөг хүчний улс төрчдийн зарим нь шоронд хоригдож, зарим нь гадаадад дүрвээд байгаа.

Хамгийн сүүлд Украины фронт руу төмөр замаар Оросын зэвсэг техникийг тээвэрлэх ажилд саад учруулахыг оролдоод “төмөр замын партизанууд” гэж нэрлэгдсэн иргэдийг баривчилж, терроризмын гэмт хэрэгт буруутгажээ.

Беларусийн Вясна хүний эрхийн төв, Цаазын Ялтай тэмцэх Хүний Эрхийн олон улсын байгууллага өчигдөр гаргасан хамтарсан мэдэгдэлдээ Лукашенкогийн баталсан хуулийг хүчтэй эсэргүүцэж, шүүмжилсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Categories
гадаад мэдээ

Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn

Европын Холбоо нь ОХУ-аас байгалийн хийн хэрэглээнийхээ 40 хувийг, газрын тосны хэрэглээнийхээ 27 хувийг авдаг.

Үүнийхээ төлөө жил бүр 400 тэрбум еврог ОХУ-д төлдөг байна.

Гэвч Украинд эхэлсэн дайны улмаас тус холбоо Оросын эрчим хүчний хамаарлаас салах зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа.

Энэ оны гуравдугаар сард Европын Холбоо REPowerEU гэж нэрлэгдсэн стратеги төлөвлөгөөнийхөө эхний хувилбарыг танилцуулж байжээ. Уг төлөвлөгөөний дагуу 2022 оны сүүлээр Оросын хийн импортыг гуравны хоёроор бууруулах зорилго тавьсан юм.

Тэгвэл REPowerEU төлөвлөгөөний 2030 он хүртэл хэрэгжүүлэх дэлгэрэнгүй хувилбарыг өчигдөр танилцуулжээ.

Төлөвлөгөөний дагуу Европын Холбоо гурван чиглэлд идэвхтэй ажиллах зорилго тавьсан байна.

Үүнд эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний өргөжүүлэлт, Оросын бус байгалийн хий, газрын тосны эх үүсвэр гэсэн гурван чиглэл төлөвлөгджээ.

Ирэх таван жилийн хугацаанд Европын Холбоо эдгээр чиглэлд 210 тэрбум евро зарцуулахаар болсон байна.

Эхний чиглэл нь байшин барилгын дулаалгыг сайжруулж, эрчим хүчийг хэмнэх, ухаалаг зарцуулах зэрэг ажлууд юм.

Үүнд бас хий шатаах замаар халаадаг бойлеруудыг агаар, газар, усны дулааныг ашигладаг цахилгаан бойлеруудаар солих ажил төлөвлөгдсөн байна.

Үүний үр дүнд 2030 он гэхэд эрчим хүчний хэмнэлтээ 13 хувьд хүргэхээр төлөвлөсөн гэнэ.

Хоёр дахь чиглэлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхэд Европын Холбоо 113 тэрбум евро зарцуулахаар төлөвлөжээ.

Үүнд нар болон салхины цахилгаан станцуудыг байгуулахад тавигдах шаардлагыг багасгаж, илүү хялбар болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр болсон байна.

2030 он гэхэд Европын Холбооны нийт эрчим хүчний хэрэглээний 45 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар тусгажээ.

Гурав дахь чиглэл нь байгалийн хий, газрын тосны Оросын бус эх үүсвэрүүдийг бий болгох зорилготой юм.

Үүнд шингэрүүлсэн байгалийн хийн терминалууд, дамжуулах хоолой байгуулахад 12 тэрбум евро төсөвлөжээ.

Терминалууд нь далайгаар шингэрүүлсэн хий тээвэрлэж авахад ашиглагдах бол хоолойнуудыг Египет, Израил, Нигери зэрэг улсуудаас хий дамжуулахад зориулах юм байна.

Дээрх зорилтуудыг биелүүлбэл 2030 он гэхэд Европын Холбоо эрчим хүчний хувьд ОХУ-аас ямар ч хамааралгүй болох ажээ.

Эх сурвалж: BBC

Categories
гадаад мэдээ

Япон Украинд 300 сая ам.долларын тусламж үзүүлнэ DNN.mn

Японы Засгийн газар хүмүүнлэгийн хэрэгцээнд зориулж Украинд 300 сая ам.долларын нэмэлт санхүүгийн тусламж олгохоор шийджээ. Энэ талаар Японы “Эн-Эйч-Кэй” /NHK/ телевиз мэдээлэв.

Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Японд хийх айлчлалын үеэр тусламжийн шинэ багцаа албан ёсоор зарлана хэмээн тус суваг мэдээллээ.

Тавдугаар сарын 17-нд Японы эрх баригчид болон Украины Засгийн газар 100 сая ам.долларын хүмүүнлэгийн санхүүгийн тусламж үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Хандивын мөнгийг 300 сая ам.долларын тусламжийн багцад орох учиртай юм. Шинэ багцыг бүхэлд нь авч үзвэл Японоос Украинд үзүүлэх тусламжийн хэмжээ 600 гаруй сая ам.доллар болно.

Categories
гадаад мэдээ

Кристина Курчаб-Редлих: Путины албан ёсны намтар бүгд худал DNN.mn

В.Путины үнэн бодит, бүрэн намтар болох “Вова. Володя. Владимир. Орос Путины нууц” 800 хуудас ном хэвлүүлсэн Польшийн эрэн сурвалжлагч сэтгүүлч, нэрт нийтлэлч Кристина Курчаб-Редлихийн BELSAT TV-д өгсөн youtube-ийн “Путина было ужасное детство. Биограф о главе России” ярилцлагыг товчлон нийтлэж байна.


Хөтлөгч: Та “Орос Путины нууц” гэсэн ном хэвлүүлсэн байна. Энэхүү номоо яагаад Путины нууц гэж нэрлэв. Гол нууц нь яг юу вэ, түүний бага настай холбоотой юу?

-Миний номны гол зорилго бол Путин яагаад ийм харгис хэрцгий хүн болов гэсэн асуултад үнэн зөв хариулт олох явдал байсан. Хүмүүс Путиныг КГБ-ын хурандаа юм чинь харгис байлгүй яахав гэдэг. Гэтэл бүх КГБ-ийнхэн харгис байдаггүй. Жишээ нь, ОХУ-ын ерөнхий сайд агсан Геннадий Примаков, Оросын нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн Сергей Степашин гээд олон хүн КГБ-д байсан хүмүүс шүү дээ. Путины албан ёсны намтарт байгаа Ленинградын уугуул иргэн, тэр байтугай түүний төрсөн он, эх, эцэг гээд бүгд худал зүйл.

Ерөөс түүний намтар авах юмгүй худал хуурмаг. Үнэн хэрэгтээ Путин Уралын нуруун дахь Очёр гэх жижиг гацаанд 1950 онд төрсөн. Өнөөдөр ч энд түүнтэй овог нэг олон хамаатан, садангууд нь амьдарч байна. Түүний эх нь дайны дараа Уралын техникум төгсөж дадлага хийж байхдаа түүний аавтай танилцсан. Эх нь Путиныг төрүүлсний дараа нөхрөө эхнэр хүүхэдтэй гэдгийг мэдээд түүнээс зугтсан. Ээж нь бяцхан Путиныг Уралд эцэг, эх дээрээ орхиод өөрөө Дундад Азид ажиллахаар явсан байна. Тэнд тэр нэгэн гүрж эртэй танилцан дурлаж гэр бүл болон Гүржид очсон. Гэтэл нөгөө баянаа гайхуулаад чамайг жаргаана гээд байсан гүржийн байшин нь бүтэн шал ч үгүй ядуу зүдүү байсан аж. Гүржийн охин буюу Путины дүүг төрүүлсэн эх нь ямар ч байсан Путиныг авчруулахаар нөхрөө ятгаж чадсан байна. Ингээд энд Путины жинхэнэ тамын амьдрал эхэлсэн байгаа юм. Путиныг томроод ирэнгүүт нь гүрж хойд эцэг нь хайр найргүй зоддог байжээ. Гүржид байхдаа Путин өөрийгөө төдийгүй эхээ давхар хамгаалах чадвартай болох ёстой юм байна гэдгийг хатуу ойлгож авсан байна. Аргагүй байдалд орсон эхэд нь Путиныг зүгээр л ачаа бараа шиг Урал руу эцэг, эх рүү гээ ганцааранг нь явуулж энэ тамаас гаргахаас өөр арга үлдээгүй байна. Удалгүй өвөө, эмээ нь Путиныг хоёр хүүгийнхээ нэгийг дайнаас өмнө үлдсэнийг нь Ленинградын бүслэлтийн үед алдсан хамаатандаа өргүүлсэн байна. Өргөж авсан эцэг нь Путиныг бас л хайр найргүй зоддог байжээ.

-Тэрбээр төрсөн эцэггүй, гүрж хойд эцэг, өргөсөн орос эцэгтэй өссөн гэсэн үг үү?

-Харамсалтай нь тэр хоёр нь хоёулаа түүнийг хайр найргүй зоддог байсан.

-Гайхалтай адилхан тохиолдол байна. Беларусьчууд Александр Лукашенког эх нь дурласан цыганаас олж гаргасан гэж ярьдаг. Энэ хоёр хүн ийм ойр дотно болоход эд нарын аз жаргалгүй бага нас нь нөлөөлсөн юм болов уу?

-Би Лукашенкогийн бага нас Путиныхаас хамаагүй аз жаргалтай байсан гэж бодож байна. Түүнийг ялангуяа Путины гүрж хойд эцэг шиг аймшигтай зодож байгаагүй байх.

-Түүнд хойд эцэг ч байгаагүй л дээ. Харин Путин багадаа өлсөж байсан уу?

-Ленинградын өргөсөн эцэг нь түүнийг хайрладаг байсан гэж хэлэхэд болно. Гэхдээ маш харгисаар зоддог байсан. Түүнтэй нэг байранд хамт амьдарч байсан, одоо насанд хүрсэн хүмүүс өнөөдөр ч энэ тухай дурсан ярьцгааж байна.

-Өргөмөл эцэг нь ДХЯ-нд ажиллаж байсан…

-Тийм ээ, бас Финляндын дайнд оролцсон. Гэхдээ энэ тийм чухал биш. Энэ үеэс л бяцхан Вова гэх Путин нэгдүгээрт, эцэст нь тултал өөрийгөө хамгаалдаг байх, хоёрдугаарт, хуурах, хуурах бас дахин хуурч байх гэсэн зарчимтай болсон.

-Тэр хар багаасаа бусдыг хуурах, мөн чанараасаа өөр төрх гаргаж сурсан гэсэн үг үү?

-Путин өнөөдөр яаж байгааг нь хар л даа…

-Та түүнийг яг юу гэж тодорхойлсон бэ?

-Өнөөдөр тэр бол мэргэжлийн өндөр түвшинд худал ярьдаг дэлхийн хэмжээний ганц хүн.

-Путин Оросыг удирдсан сүүлийн 18 жилд хэн хийсэн нь тодорхойгүй олон том цуст халдлага болон янз бүрийн улс төрийн аллага гарсан?

-Би номынхоо төгсгөлд Путины оршуулгын газар руу илгээсэн талийгаачдын овог нэрсийг жагсааж бичихэд нэлээд хэдэн хуудас болж байна билээ.

-Таны “Вова. Володя. Владимир. Орос Путины нууц” ном орос хэл дээр хэвлэгдэх үү?

-Уг нь би хэвлүүлэхийг маш их хүсч байна. Гэвч ойр дотны хүмүүс маань энэ номыг хэвлүүлэх нь миний амь насанд аюултай гээд байгаа юм. Би өнөөдөр Путиныг тахин шүтэгсэд түүний үнэн бодит намтрыг уншиж, үнэнийг мэдэж, түүний яг хэн болохыг үнэнээр нь мэдэж аваасай гэж маш их хүсч байна.

BBC. CNN. REUTERS. DW. NHK. TASS-аас бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Украинд амиа алдсан цэргүүдийн дотор дагестанууд, буриадyyд хамгийн их байна DNN.mn

Украинд Оросын зэвсэгт хүчин хэр хэмжээний хохирол амсаад байгаа талаар талууд өөр өөрөөр мэдээлж байгаа.

Энэ талаар Москвагийн эрх баригчид тодорхой мэдээлэл өгөхгүй байна. Гуравдугаар сарын 2-ны өдөр тус улсын батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээлэлд 498 цэрэг амь үрэгдсэн тухай дурдаж байжээ.

Дараа нь гуравдугаар сарын 25-нд 1,351 цэрэг алагдсан тухай хамгийн сүүлд мэдээлсэн юм.

Харин Украины тал Оросын хүн хүчний хохирлыг 27,000 орчим гэж мэдээлж байна. Ням гарагт Их Британийн батлан хамгаалах яам “Оросын тал хоёрдугаар сард дайн эхлэх үед байсан хуурай замын цэргийн хүчнийхээ гуравны нэгийг алдсан байж болзошгүй” гэж мэдээлжээ. Өөрөөр хэлбэл Оросын 50,000 орчим цэрэг алагдсан буюу шархадсан гэж тооцоолсон байна.

Тэгвэл Оросын Mediazone вэб сайт тавдугаар сарын 6-ны байдлаар Украинд амь үрэгдсэн 2,099 цэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тоо баримтыг тодруулснаа саяхан нийтэлжээ.

Ингэхэд амиа алдсан цэргүүдийн ихэнх нь 21-23 насныхан, 74 нь 20 хүрээгүй настай байсан нь тогтоогдсон байна.

Бүс нутгаар нь авч үзвэл хамгийн олон нь Ар Кавказ, Сибирийн бүс нутгаас татагдсан цэргүүд байжээ.

Харин нийслэл Москва, хоёр дахь том хот Санкт-Петербургээс татагдсан цэргүүд амь үрэгдэгсдийн дотор цөөн тоотой байсан байна.

Украинд амиа алдсан цэргүүдийг бүс нутгаар нь ангилахад хамгийн олон нь буюу 135 нь Дагестанаас татагдсан байжээ. Дараа нь 98 хохиролтой Буриад удаалсан байна.

“Хуурай замын цэргүүдийг Оросын жижиг хот, тосгон, хязгаар нутгаас ирсэн залуус бүрдүүлдэг. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдал, боловсролын түвшинтэй холбоотой. Хуурай замын цэрэгт тавигддаг шаардлага харьцангуй бага байдаг бол шилдэг, боловсролтой залуус, ирээдүйн офицерууд нь стратегийн зэвсэг, агаарын, сансрын, тэнгисийн зэвсэгт хүчинд алба хаадаг” гэж сайтын тоймч Павел Лузин бичжээ.

1979-1989 оны хооронд Афганистанд байлдаж байсан Зөвлөлтийн зэвсэгт хүчний хохирлын хэмжээ 15,000 орчим байсан юм.

Харин гурван сар хүрэхгүй хугацаанд үргэлжилж буй Украины дайнд амссан Оросын зэвсэгт хүчний хохирлын хэмжээ үүнийг давах магадлалтай байна.

Categories
гадаад мэдээ

Дайныг дэмжсэн Оросын гимнастикч эрхээ хасуулжээ DNN.mn

ОХУ-ын гимнастикч Иван Куляк өнгөрсөн гуравдугаар сард Катарт болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр дайны бэлгэ тэмдэг бүхий өмсгөлтэй индэр дээр гарсан. Тэрбээр Украины тамирчинтай зэрэгцэж индэр дээр гарч медалиа авсан ба “Z” үсэгтэй өмсгөл өмссөн байсан нь анхаарал татсан юм.

ОХУ-д “Z” үсэг нь Путины түрэмгийллийн бэлгэ тэмдэг гэж нэрлэгдэх болсон. Энэ нь улстөрчдийн дунд дэлгэрч, машин, сурталчилгааны самбар, автобусны зогсоол гээд хаа сайгүй харагдах болжээ. Мөн Белград хотод болсон Оросыг дэмжигчдийн жагсаалын үеэр “Z” үсгийг ашигласан.

Уг үйлдлийг Олон улсын гимнастикийн холбоо шалгаж, Кулякийг гимнастикийн ёс зүйн хорооны сахилгын дүрмийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэлээ. 20 настай тамирчин залуу 12 сарын турш Олон улсын гимнастикийн холбооноос зохион байгуулдаг аливаа арга хэмжээ, тэмцээнд оролцох эрхгүй болжээ.

Түүнчлэн Куляк шагналын 403 фунт стерлингээ эргүүлэн төлж, шүүх хурлын зардлын шимтгэлд 1612 фунт стерлинг төлөх болсон байна. Медалиа ч мөн буцааж өгөх ёстой боловч түүнд давж заалдах 21 хоногийн хугацаа бий.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-д гурван хүүхэдтэй айл үл хөдлөх хөрөнгө авахад давуу талтай боллоо DNN.mn

БНХАУ-ын зарим хотод олон хүүхэдтэй өрхөд хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх олгож эхлэхээр болсон байна. Энэ нь орон сууцны зах зээлийг сэргээх, мөн улсын хэмжээнд төрөлтийг нэмэгдүүлэхээр тус улсын Засгийн газраас авч буй арга хэмжээний нэг юм.

БНХАУ-ын зүүн хэсгийн Ханжоу хотод гурван хүүхэдтэй гэр бүл дахин нэг орон сууц авахыг зөвшөөрдөг болсон аж. Хэдий тийм боловч гурав дахь хүүхэд нь 2021 оны тавдугаар сарын 31-нээс хойш төрсөн байх шаардлагатай юм байна.

Ханжоу энэхүү бодлогыг хэрэгжүүлж буй анхны томоохон орон сууцны зах зээлтэй хот болж, дөрөвдүгээр сараас жижиг долоон хотод дээрхтэй төстэй бодлого хэрэгжиж эхэлжээ.

Categories
гадаад мэдээ

Японд өргөн хэрэглээний барааны үнэ 10 хувиар өсчээ DNN.mn

Японд өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сард дээд зэргээр өссөнийг Украины хэрэг явдалтай холбон тайлбарлаж байна.

Тус улсад өргөн хэрэглээний барааны үнэ 10 хувиар өссөнийг Японы банкны дөрөвдүгээр сарын мэдээ харууллаа. Энэ үзүүлэлт 1981 оны нэгдүгээр сараас хойш хамгийн өндөрт тооцогдож буй.

Шинжээчид нөхцөл байдлыг Украины дайн, мөн эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өсөж буйтай холбон тайлбарлаж байна. Японд сүүлийн 14 сар дараалан эрчим хүчний үнэ нэмэгдэж байна.

Categories
гадаад мэдээ

​ДЭМБ: Элэгний хурц хепатитын 250 тохиолдол бүртгэгдээд байна DNN.mn


Хүүхдүүдийн дунд тархаж буй үл мэдэгдэх элэгний хурц хепатитын 250 тохиолдол дэлхийн 22 оронд бүртгэгдээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ахлах мэргэжилтэн Филипп Истербрук мэдээллээ.

Энэхүү нууцлаг өвчин илэрсэн ихэнх орнууд Европын бүсэд оршиж байгаа юм.

Элэгний хурц хепатитын улмаас зургаан хүүхэд эндэж, 26 хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болжээ.

ДЭМБ учир битүүлэг өвчний гарал үүсэл, шалтгааныг судалж байгаа ба энэ чиглэлээр бусад орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Мэргэжилтнүүд энэ өвчин аденовирус болон коронавирустэй холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.