“Live journal”-ын https://storm100.livejournal.com сайтад хэвлэгдсэн нэрт математикч эрдэмтэн, улс төр судлаач, нийтлэлч Андрей Пионтковскийн “Китайские патологоанатомы” буюу “Хятадын эмгэг судлаачид” нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Аливаа дайны явцад эсрэг талуудын байлдааны ажиллагааны үнэлгээг авч хэрэглэхэд алдаа гарах гээд байдаг. Иймээс бид хөндлөнгийн ажиглагчийн тусдаа, бие даасан үзэл бодлыг сонирхох нь зүйд нийцнэ. Англо-Саксончуудын оросфоб бус, уламжлалт нөхөрлөлд тулгуурласан, бүх талаар хязгааргүй хамтрах боломжтой холбоотон гэгдэх, Молотов-Риббентропын хорлонт гэрээ байгуулагчийн “нэрд гарсан” ач хүүгийн байнга давтах дуртай “Оростой ар нуруугаа нийлүүлэн зогсож байгаа” БНХАУ-ын дээд удирдлагад олон жилийн турш зөвлөгөө өгч буй Хятадын тэргүүний мэргэжилтнүүдийн нууцын зэрэглэлтэй тайланг унших боломж уншигч танд олдож байна. Энэ бол уг эх тайлангийн товч юм. Гэхдээ яг энэхүү товч тайлан Си даргын ширээн дээр очсон гэдэгт би хувьдаа бүрэн итгэлтэй байна.
“Орос-Украины дайн 2001 оны есдүгээр сарын 11-ний “хоёр өндрийг нураасан” үйл явдлын ач холбогдлоос ч давж, дэлхийн олон улсын тогтолцоонд маш олон талаас нь нөлөө үзүүлж эхлээд байна. Энэ дайныг дэлхийн түүхэнд нөлөөлөх чухал үйл явдал гэж бид дүгнэж байна.
Оросууд ялагдаж сүйрэх нь хэтэрхий гэмээр тодорхой байна. Орос улс Путины удирдлагын ачаар дахин сэргэж амь орж байна гэсэн суртал ухуулга бол зүгээр л хоосон зүйл. Яагаад гэвэл ийм зүйл ерөөс огт байхгүй. Харин ч Оросын доройтолт уналт нь эдийн засаг, улс төр, батлан хамгаалах, технологи, нийгмийн салбаруудыг бүхэлд нь хамарч Оросын арми, түүний байлдааны хүчин чадалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна.
Оросын блицкриг амжилтгүй болж, хурдан ялалт байгуулж чадаагүй нь Оросын ялагдлын эхлэл болсон. Цэргийн аж үйлдвэрийн цогцолборын бүтээгдэхүүний хэмжээ, армийн санхүүжилт нь Орос өөрийгөө цэргийн их гүрэн гэж тодорхойлдог статустай огт тохирохгүй байгаа бөгөөд үнэндээ тэд өдөрт хэдэн зуун сая долларын өртөгтэй өндөр технологийн дайн хийх чадваргүй юм. Армийнхаа энэхүү ядмаг байдлаас үүдэн тулалдааны талбарт тэд илүү их гарз хохирол хүлээж байна. Энэ нь дайн үргэлжилж буй оросуудын хувьд хүнд ачаа болж байна гэсэн үг. ОХУ, АНУ (НАТО) хоёрын зэвсэг техник, технологийн болон цэргийн үзэл баримтлал, байлдааны арга барилын хуримтлагдсан ялгаа нь эсрэг талын давуу байдал, Оросын талын сул талыг улам бүр тодруулан харуулсаар байна.
Орос дайн эхлүүлж чадсан ч энэ дайныг хэзээ, хэрхэн зогсоохоо шийдэж чадахгүй байдалд өнөөдөр орчихоод байна.Тэд эзэлж авсан газар нутагтайгаа үлдэж эхлүүлсэн энэ дайнаа аль болох хурдан дуусгахыг хичээж байна. Гэхдээ Оросын Холбооны Улс энэ дайны стратегийн манлайлал, санаачилгаа нэгэнт алдсан тул тэд ямар нэг амжилтанд хүрч чадахгүй гэдэг нь тодорхой болоод байна. Бас нэг чухал хүчин зүйл нь энэ дайнд АНУ, Их Британийн шууд оролцоо гүнзгийрч, улам өргөжиж буй явдал юм. Энэ бүхэн Орос ялагдаж, хууль ёсны шийтгэлээ хүртэх болтол дайн үргэлжлэх болно гэсэн үг болж таарч байна.
ОХУ нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хэзээ ч ном ёсоор нь хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд тэднийхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг байнга зөрчиж ирсэн. Украины эсрэг явуулж буй Оросын цэргийн кампанит ажил нь тусдаа бие даасан ажиллагаа бус, харин Оросын эзэнт гүрнийг дахин сэргээх зорилгын стратегийн чухал нэгэн хэсэг болох эхний том, шийдвэрлэх шат байсан юм. Иймээс ЗХУ-ын дараахь орон зайд байгаа улсууд, тэр дундаа Оростой нэг эвсэлд байгаа гишүүн орнууд, Беларусийг эс тооцвол бүгд Оросыг дэмжихээс татгалзаад буй нь гайхах зүйл биш. ОХУ-ын ялагдал нь хуучин эзэнт гүрнийг сэргээх итгэл найдварыг нь үүрд үгүй хийнэ. Энэ нь Орос улсыг мэдэгдэхүйц эрс сулруулж, ганцаардуулан тусгаарлаж бас шийтгэх болно гэсэн үг юм.
Украин Оросын нөлөөллийн хүрээ(хэрэв өнөөдөр Орост ямар нэгэн нөлөөллийн хүрээ гэж үлдсэн бол шүү дээ)-нээс гарч Европын том гэр бүл, өөрөөр хэлбэл Европын холбооны гишүүн улс болно. Мөн ОХУ-ын сүйрлийн дараа, энэ гүрний нөлөөлөлд байсан улс орнууд оросжилтоос бүрмөсөн ангижран салах шинэчлэлийг янз бүрийн хэмжээгээр хийх нь гарцаагүй.
Гао Юшэн,
Фэн Южүн нар.
Оросын төрийн сувгийн нэвтрүүлэгч Скабеев, Соловьев нарын ярьдаг зүйлээс өөр мэдээлэлгүй, улсынхаа алс гүнд, тосгонд амьдардаг “телевизийн хүмүүс”-ийг бодохоос ч аймаар, үнэхээр цочирдмоор зүйл. Харин Кремлийн “аугаа геополитикчид” ч ирж буй сүйрлийн цар хүрээг аль хэдийнэ мэдэрч эхэлсэн гэж би бодож байна. Дайны дараа Орос хэрхэн шийтгүүлэх тухай сэдвийг төрийн сувгийн нэвтрүүлэгчид хөндөж эхэлсэн нь гэнэтийн гэмээр зүйл болж байна. Тэд дайн дэгдээгчдийг шийтгэх нь зөв гэсэн талд орох эсэх нь мэдээж сонирхолтой үйл явц?
Ер нь 2000 оны 1 дүгээр сард “Шинээр төрсөн Путинизм” гэж миний тавьсан онош үнэн гэдгийг зууны дөрөвний нэг жил өнгөрсний дараа Хятадын өндөр мэргэжлийн “эмгэг судлаач” Гао Юшэн, Фэн Южүн нар батлан гэрчилжээ. Би: Путинизм бол Оросын гангстер дээрэмчид, бүдүүлэг капитализмын хамгийн дээд бөгөөд эцсийн шат мөн. Путинизм бол дайн, энэ бол аль нэг үндэстнийг үзэн ядуулах үндсэн дээр өөрийн иргэдийг “нэгтгэх”, иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөг хасаж, мэдээллийн зомби болгон гадаад ертөнцөөс тусгаарлах, цаашлаад эдийн засгийн доройтол, мөхөлд хөтлөх зам юм. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж буй Си даргын хэлэх дуртай үг болох Путин нь Оросын толгойд тусах хяналтын буудлага гэсэн үг гэж бичсэн билээ.
Андрей Пионтковский
2022- 05-19 (14:49