Categories
гадаад мэдээ

Д.Трамп: Сургуулийн аюулгүй байдал Украинд туслахаас илүү чухал DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Хьюстон хотод болж буй Үндэсний том бууны холбоо /National Rifle Association NRA/-ны ээлжит хуралд хэлсэн үгдээ улс нь Украинд гэхээсээ илүү сургуулиудын аюулгүй байдлыг сайжруулахад мөнгө зарах ёстой гэж онцолжээ. Америкчууд эхлээд хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж байж дараа нь гаднын улсад санхүүжилт өгөх ёстой гэсэн санааг тэрээр илэрхийлсэн байна. Хьюстоны хурал нь Техасын Увальд хотын дунд сургуульд гарсан халдлагаас хэдхэн хоногийн дараа болж байгаа гэдгээрээ олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Д.Трампыг “Афганистан, Иракт их наядаар хэмжигдэх их мөнгө зарцуулсан ч юу ч өөрчилж чадаагүй” гэж хэлэхэд танхимд цугласан хүмүүс нэгэн зэрэг алга ташин баяр хүргэсэн байна.

Categories
гадаад мэдээ

“BTS” хамтлаг Цагаан ордонд зочилно DNN.mn

Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг ирэх Мягмар гаригт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөж байна гэж Цагаан ордон мэдэгдлээ. Энэхүү айлчлал нь Азийн оролцоо, төлөөллийг хэлэлцэх болон азиудыг үзэн ядах гэмт хэрэг, ташаа мэдээлэлтэй тэмцэх зорилготой.

Грэммийн шагналд нэр дэвшсэн “BTS”-ийн залуусаас өмнө Жо Байден Ази тивд анхны айлчлалаа хийсэн. Айлчлалын хүрээнд Байден Сөүлд гурав хоног саатаж, Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзжээ.

АНУ-д өнгөрсөн жил ази хүнийг ялгаварлан гадуурхсан гэмт хэрэг хэд хэд гарсан. Тэгвэл “BTS”-ийн залуус ч гадуурхалтыг мэдэрч байсан удаатай бөгөөд энэ туршлагаасаа хуваалцжээ. “Бид ямар ч шалтгаангүйгээр доромжлолыг тэвчиж, гадаад төрхөөрөө гадуурхагдаж байсан. Ази хүмүүс яагаад англиар ярьдаг юм бэ гэж хүртэл биднээс асууж байсан” гэж хамтлагийнхан жиргэжээ. Энэ жиргээг нь нэг сая хүн цааш түгээсэн байна.

Азийн эсрэг дайсагнах хандлага цар тахлын үеэр улам гаарсан гэхэд болно. Тухайлбал, 2020 оны гуравдугаар сараас 2021 оныг дуустал ази хүмүүсийн эсрэг дайсагнасан 10 мянга гаруй хэрэг бүртгэгдсэн байна. Жо Байден 2021 оны тавдугаар сард Азийн эсрэг үзэн ядалтын гэмт хэргийг бууруулахад чиглэсэн хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.

“BTS” хамтлаг нь “Butter”, “Dynamite” зэрэг дуугаараа олон улсад амжилтанд хүрсэн бөгөөд өөрсдийгөө “Арми” гэж нэрлэдэг асар олон шүтэн бишрэгчтэй.

Categories
гадаад мэдээ эдийн-засаг

ОХУ гадаад өрөө рублиэр төлнө гэдгээ мэдэгдэв DNN.mn

АНУ ОХУ-ын америк долларын нөөцөөсөө гадаад төлбөр тооцоо хийх боломж олгож байсан хуулийн цоорхойг хаасны дараа Москва гадаад өрөө рублиэр төлнө гэдгээ мэдэгджээ. Америкийн сангийн яам Орост тавьсан санхүүгийн хориг арга хэмжээнээс зайлсхийх боломж олгож байсан хуулийн цоорхойг хааж байгаагаа мягмар гарагт зарласнаар Оросыг дефолт зарлах чиглэл рүү шахаж байна гэж олон улсын зарим хэвлэлд мэдээлжээ.

АНУ төлбөр тооцоо хийх зөвшөөрлийг сунгахаас татгалзсанаар Оросын засгийн газрын гадаад өрөө америк доллараар төлөх, бондын хүүгээ төлөх бололцоог хааж байна. Иймээс одооноос эхлээд өр зээлийг Оросын үндэсний мөнгөн тэмдэгт рублиэр хийнэ гэж Оросын сангийн сайд өчигдөр телеграм хуудсандаа мэдэгджээ.

Мөн төлбөр тооны тусгай суваг болдог Оросын санхүүгийн байгууллагыг ашиглан төлбөр тооцоог дараа нь анх авсан валют руу нь хөрвүүлэх боломж бий гэж Оросын сангийн яамнаас мэдэгджээ. Түүнчлэн Америкийн энэ шийдвэр Орост зээл олгодог гаднын хөрөнгө оруулагчдын эрхийг голчлон зөрчиж байна гэж Оросын сангийн яамны мэдэгдэлд дурджээ.

Оросын сангийн сайд Антон Силуанов одоогийн энэ байдал 1998 оны өрийн дефолттой харьцуулах боломжгүй. Бидэнд бэлэн мөнгө байна, өр зээлээ төлөх сонирхол байна. Энэ бол нөхөрсөг бус улсын зохиомлоор бий болгосон нөхцөл байдал гэж мэдэгдсэн байна.

Орост тавьсан Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас Оросыг олон улсын санхүүгийн системээс тусгаарласан, ялангуяа Москваг гадаад зээлдэгчид дээ өр зээлээ төлөхөд Америкийн банкуудад хадгалагдаж байгаа хөрөнгөө ашиглах бололцоог нь хязгаарласан юм.

Categories
гадаад мэдээ

БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг ОХУ, БНХАУ эсэргүүцэв DNN.mn

Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгах асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд АНУ тогтоолын төсөлд оруулсанд ОХУ болон БНХАУ хориг тавьжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн бусад 13 улс энэ баримт бичгийг батлахыг дэмжсэн санал хураалгасан тухай олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.

Энэ сарын 24-нд Умард Солонгос улс тив алгасагч баллистик пуужин харвасныг, мөн өнөөдрийг хүртэлх бусад пуужингийн туршилтууд үйлдсэнийг Аюулгүйн зөвлөл хамгийн эрс шийдмэг байдлаар зэмлэн буруушааж байгааг энэ тогтоолд цохон заажээ.

Ингэхдээ БНАСАУ-ыг шинээр цөмийн туршилт эс бөгөөс тив хоорондын тусгалтай цэнэг тээх хүчин чадалтай баллистик пуужин хөөргөх, мөн ийм пуужин боловсруулах туршилт хийсэн тохиолдолд Аюулгүйн зөвлөл энэ улсад нефть нийлүүлэхийг хязгаарлах арга хэмжээ авна гэж заасан 2017 оны 2397 тоот тогтоолыг иш үндэс болгосон байна.

Тухайлбал, сая эцэслэн батлагдаж чадаагүй тогтоолын төслийг боловсруулагчид Пехньянд нийлүүлэх түүхий нефтийн хэмжээг бууруулах санал дэвшүүлсэн байжээ. Энэ хүрээнд Умард Солонгост жилийн туршид 4 сая баррель буюу 525 мянган тонн түүхий нефть нийлүүлэхийг зөвшөөрсөн хэмжээгээ Аюулгүйн зөвлөл 393 750 тонн болгож бууруулах санал оруулсан байна.

Энэ жишгээр дизель түлш, керосин зэрэг нефть бүтээгдэхүүн, эрдэс түлш, эдгээртэй холбоотой бараа, түүхий эд, тоног төхөөрөмж гаднаас авах боломжийг хаахаар тусгасан байжээ.

Эцэст нь, АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд Умард Солонгосыг дэлхий дахиныг айлган сүрдүүлэхийн оронд дипломат харилцаа хамтын ажиллагаанд уриалсан байна.

Гурван улсын энэ хамтарсан мэдэгдлийг НҮБ дэх АНУ-ын Vуурин төлөөлөгч Линда Томас Гринфильд уншиж сонордуулжээ.

Categories
гадаад мэдээ

Япон улс зургадугаар сарын 10-наас эхлэн гадаадын жуулчдад хилээ нээнэ DNN.mn

Цар тахлын улмаас хоёр жил орчим хугацаанд гадаадын жуулчдад хаалттай байсан Япон улс агаарын хилээ зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нээхээр болжээ.

“Улс хооронд хүмүүс идэвхтэй зорчих нь нийгэм, эдийн засгийн суурь болдог билээ. Ирэх сарын 10-наас бид бүлэг жуулчдыг хүлээн авч эхэлнэ” гэж Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида өчигдөр Токиод болсон “Future of Asia” чуулганд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Ингэхдээ зөвхөн Хоккайдо арлын Шинэ Читосе, Окинава арлын Наха олон улсын нисэх буудлуудад гадаадын бүлэг жуулчдыг хүлээж авахаар бэлдэж буйг дуулгажээ.

Эхэн үедээ өдөрт ирэх жуулчдын тоонд хязгаар тавих юм байна.

Тухайлбал ирэх сараас эхлэн нэг өдөрт хилээр нэвтрэх жуулчны тоог 20,000 болгож, одоогийнхоос хоёр дахин өсгөх юм.

Японы бизнесийн салбарынхан хилээ түргэн нээхийг засгийн газраасаа шаардаж байгаа. Гэхдээ Японы олон нийт уг асуудалд нэлээд эргэлзсэн байр сууринаас хандаж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Маиничи сониноос явуулсан санал асуулгад оролцогсдын 43 хувь нь хилээ нээхийг дэмжсэн бол 41 хувь нь эсэргүүцжээ.

Японы засгийн газар гадаад улс орнуудыг цар тахлын нөхцөл байдлаас нь хамааруулан гурван ангилалд хувааж, ангилал тус бүрийн жуулчдад ялгаатай шаардлага тавихаар төлөвлөсөн байна.

Жишээ нь хөх жагсаалтад багтсан орны жуулчид нислэгийн өмнө өгсөн PCR шинжилгээний хариу нь сөрөг бол тусгаарлагдахгүй. Шар жагсаалтад багтсан орны жуулчид нэмээд вакцины гэрчилгээгээ шалгуулсны үндсэн дээр тусгаарлагдах эсэхээ шийдүүлнэ.

Харин улаан жагсаалтын орнуудын жуулчид заавал тусгаарлагдах юм байна. Япон улс нь коронавирусийн цар тахлыг харьцангуй бага хохиролтой туулаад байгаа.

Тухайлбал тус улсад өнгөрсөн хугацаанд 30,000 гаруй хүн Covid-19 өвчний улмаас нас барсан. Харьцуулбал Японоос бараг хоёр дахин бага хүн амтай Их Британид уг өвчнөөр 179,000 хүн нас барсан юм.

Эх сурвалж: Bloomberg

Categories
гадаад мэдээ цаг-үе

Өмнөд Солонгос Украинд 1.1 сая ам.долларын тусламж үзүүлнэ DNN.mn

Өмнөд Солонгос 1,1 сая ам.долларын үнэ бүхий тааны баг, шүүлтүүрийг ээлжит тусламжийн багц болгон Украин руу илгээхээр төлөвлөж байгаа талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, гурав дахь багц тусламжид цацраг, хими, биологийн хамгаалалтад шаардлагатай эд зүйлс багтах гэнэ. Өмнө нь Өмнөд Солонгос Украинд нэг сая долларын тусламж үзүүлсэн бөгөөд нэмэлт тусламж үзүүлэх хувилбарыг авч хэлэлцэнэ хэмээн амлаж байлаа.

Энд дуулгахад, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ель мэдэгдэл хийхдээ Украины нөхцөл байдлаас үүдэн Орост үзүүлэх олон улсын дарамт шахалтад Өмнөд Солонгос идэвхтэй оролцох ёстой гэж мэдэгдэж байв.

Categories
гадаад мэдээ

АНУ-д хиймэл махны үйлдвэр байгуулах ажил эхэлжээ DNN.mn

Амьтны эсээс мах ургуулан гаргаж авдаг дэлхийн хамгийн том үйлдвэрийг байгуулах ажил АНУ-д эхэлжээ.

Тус улсын Good Meat компанийн байгуулах биореактор жилд 13,000 тонн тахиа болон үхрийн мах үйлдвэрлэх чадалтай байх гэнэ.

Ингэхдээ мал амьтныг заазлах шаардлагагүй, тухайн амьтны эсийн банк, эсвэл өндөгнөөс авсан эсийг ургуулах замаар мах үйлдвэрлэх юм байна.

Өнөөдөр дэлхий даяар 170 орчим компани энэ салбарт ажилладаг ч Good Meat нь бүтээгдэхүүнээ өргөн хүрээнд үйлдвэрлэх эрх авсан цорын ганц компани юм.

Тус компани 2020 оны арванхоёрдугаар сараас үйлдвэрлэсэн тахианы махаа Сингапурын зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Мах үйлдвэрлэлийн зорилгоор мал өсгөх нь байгаль орчныг их хэмжээгээр сүйтгэдэг.

Уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлахын тулд өндөр хөгжилтэй улс орнууд уламжлалт аргаар мах үйлдвэрлэхээ багасгах зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа.

Лабораторид ургуулсан мах нь ердийн махтай ижил амт, шинж чанартай ч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь үлэмж бага юм.

Good Meat компани одоо 10 биореактор байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. Тэдгээрийн нэг бүр нь 250,000 литрийн багтаамжтай буюу дөрвөн давхар байшинтай тэнцэх юм байна.

АНУ-д байгуулагдаж буй биореактор нь 2024 оны сүүлээр ашиглалтад орж, 2026 онд жил бүр 11,800 тонн, 2030 онд 13,700 тонн мах үйлдвэрлэх хүчин чадалтай болох ажээ.

“Бидний үр ач нар 2022 онд хүмүүс яагаад нядалсан малын мах иддэг байсныг гайхан асуух цаг ирнэ” гэж Good Meat компанийн толгой компани Eat Just-ийн гүйцэтгэх захирал Жош Тетрик ярьж байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Ой модыг устгалгүй, амьтан нядлалгүй, өвчин тахал дэгдээдэг антибиотик хэрэглэлгүй, ер нь ямар ч хортой зүйл хийлгүйгээр махыг хүнсэндээ хэрэглэх боломжийг ургуулсан мах олгох юм” гэжээ.

АНУ-ын засгийн газрын Хүнс, Эмийн хэрэг эрхлэх газар одоогоор ургуулсан махыг нийтэд худалдаалахыг зөвшөөрөөгүй байгаа. Гэхдээ Good Meat компани анхны зөвшөөрлийг авахаар хүсэлтээ гаргаад байгаа ажээ.

Тус компанийн өрсөлдөгч Upside Foods компани өнгөрсөн дөрөвдүгээр сард үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр $400 саяын санхүүжилт босгосон юм.

Мөн SuperMeat, Mosa Meat, Future Meat Technologies компаниуд энэ салбарт идэвхтэй ажиллаж байна.

Эх сурвалж: The Guardian

Categories
гадаад мэдээ

В.Путин Украины эзлэгдсэн нутгийн иргэдэд ОХУ-ын иргэний паспортыг олгох зарлигт гарын үсэг зурав DNN.mn

Лхагва гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өмнөд Украины Запорожье, Херсон мужуудын иргэдэд Оросын иргэний паспортыг хялбаржуулсан журмаар олгох зарлигт гарын үсэг зурсан байна.

Одоо Херсон муж бүхэлдээ, Запорожье мужийн зарим хэсэг Оросын цэргийн хяналтад байгаа юм.

“Бидний төлөө хийсэн бүхэнд нь, Оросын түүхэн газар нутгийг чөлөөлж, Орос иргэдийг хамгаалж буй ерөнхийлөгч Владимир Путинд бид маш их талархаж байна” гэж Москвагаас томилогдсон Херсон мужийн дэд захирагч Кирилл Стремоусов мэдэгджээ.

“Оросын аугаа том гэр бүлд нэгдэх хүсэлтэй” хүн бүрд туслахад бэлэн байгаагаа тэр РИА Новости агентлагт ярьсан байна.

Украинаас салан тусгаарласан Луганск, Донецкийн иргэдэд зориулсан ийм журмыг 2019 онд Путин бас баталж байжээ.

Ингэснээр Украины эзлэгдсэн нутгийн иргэд ОХУ-д амьдралгүйгээр, орос хэл мэддэгээ батлах, хөрөнгө мөнгөний баталгаа гаргах шаардлагагүйгээр паспорт авах боломжтой юм.

Даваа гарагт Херсон мужийн захиргаа төлбөр тооцоонд Украины гривнатай Оросын рублийг хамт хэрэглэх шийдвэр гаргасан байна.

Лхагва гарагт Запорожье мужийн Оросын цэрэгт эзлэгдсэн хэсэгт бас ийм шийдвэр гаргажээ.

Харин Киевийн засгийн газар өчигдөр Путиний гаргасан шийдвэрийг олон улсын хууль дүрмийг зөрчсөн, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл хэмээн буруутгасан байна.

Эх сурвалж: Associated Press

Categories
гадаад мэдээ

Калифорни мужийн эцэг эхчүүд хүүхдийг нь сошиал сүлжээнд донтуулсан компаниас мөнгө нэхэмжилнэ DNN.nm

зураг

АНУ-ын Калифорни мужийн ассамблей Даваа гарагт сошиал сүлжээний донтолтоос хүүхдүүдийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэж, дэмжжээ.

Хэрвээ уг хууль амьдралд хэрэгжвэл хүүхдийг нь сошиал сүлжээнд донтуулсан компаниас эцэг эхчүүд $25,000 хүртэл мөнгө нэхэмжлэх эрхтэй болох юм байна.

Одоо Калифорни мужийн сенат уг хуулийн төслийг хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцэж, санал хураасны дараа дэмжигдвэл хэрэгжих шатандаа орох юм.

Хуульд хамаарагдах компаниуд нь жилийн $100 саяас дээш орлоготой байх ёстой гэнэ. Гэхдээ имэйл, мессенжэрийн платформуудад үйлчлэхгүй юм байна.

Өөрөөр хэлбэл Фэйсбүүк, Инстаграм зэрэг сошиал платформууд хамрагдах юм.

Хэрвээ хууль хэрэгжиж эхэлбэл сошиал медиа компаниуд эрсдэлээс сэргийлэхийн тулд Калифорни мужийн 18 хүртэл насныханд үйлчлэхээ зогсоож магадгүйг бизнесийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд анхааруулсан байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын бага сургуульд халдлага гарч, 18 хүүхэд, насанд хүрсэн 3 хүн амиа алджээ DNN.mn

АНУ-ын бага сургуульд халдлага гарч, 18 хүүхэд, насанд хүрсэн 3 хүн амиа алджээ

АНУ-ын Техас мужийн Ювалд хотын бага сургуульд зэвсэгт халдлага гарсны улмаас 18 сурагч, насанд хүрсэн гурван хүн амиа алджээ. Халдлага үйлдсэн 18 настай Сальвадор Ромас гэгч этгээдийг хэргийн газар ирсэн цагдаагийнхан буудсан байна. Буудалцааны үеэр хоёр цагдаа хөнгөн шархаджээ.

Техас мужийн захирагч Грег Эбботт алуурчин сургуулийн хажууд машинаа зогсоогоод, сургууль руу гар буу болон винтовтой орсон гэж мэдээлсэн байна. Ювалд нь АНУ-д долоодугаарт ордог том хот бөгөөд зэвсэгт халдлага 7-10 насны хүүхдүүд суралцдаг “Робб” сургуульд болжээ.

Халдлага үйлдсэн Сальвадор Рамос

Gun Violence Archive төрийн бус байгууллагаас мэдээлснээр АНУ-д тавдугаар сард л гэхэд 215 удаагийн зэвсэгт халдлага бүртгэгдсэн байна.