Тавдугаар сард коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн бүхий л хориг, хязгаарлалтыг Хойд Солонгос цуцалсан гэнэ. Энэ талаар БНАСАУ дахь Оросын Элчин сайдын яам мэдээлжээ.
Дипломат төлөөлөгчийн газрын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногоос эхлэн ЭСЯ-ны ажилтнуудыг гадагш гарч, хүнс худалдан авахыг зөвшөөрсөн байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйл ажиллагаа сэргэж, хүмүүс чөлөөтэй зорчин, дэлгүүр, зах, худалдааны төвүүд нээгджээ. Оросын ЭСЯ-ын мэдээлснээр, Пхеньянд коронавирусийн халдварын нөхцөл байдал хяналтад орсон, харин орон нутгуудаар хөл хорио, хязгаарлалт үргэлжилж байгаа гэнэ.
Эргэн сануулахад, Хойд Солонгост хөл хорио тогтоох болсон талаар тавдугаар сарын 12-ны өдөр зарласан. Тухайн өдөр Хойд Солонгосын эрх баригчид улс оронд нь коронавирусийн халдвар бүртгэгдсэн гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрч байв. Албан ёсны мэдээллээр, дөрөвдүгээр сарын сүүл үеэс хойш энэ улсад халдварын тохиолдол дөрвөн сая орчим бүртгэгджээ.