Categories
гадаад мэдээ

Индонези улс цахим нүүдэлчдэд 5 жилийн виз олгоно DNN.mn

Индонези улс жуулчдыг татах үүднээс цахим нүүдэлчдэд зориулан Бали болон бусад газруудад таван жилийн хугацаатай ажлын виз олгож эхэлжээ. Цахим нүүдэлчид гэж аялангаа алсын зайнаас цахимаар ажилладаг хүмүүсийг нэрлэдэг.

Судалгаанд оролцсон цахим нүүдэлчдийн 95 орчим хувь Индонези улсад аялж, ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж тус улсын Аялал жуулчлалын сайд мэдэгджээ.

Индонези нь уг төлөвлөгөөг 2021 оноос эхлүүлэхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хил хаагдаж, нислэгүүд цуцлагдсанаар хойшлуулсан байна. Өдгөө ихэнх хязгаарлалтууд цуцлагдаж, цар тахлыг хяналтдаа авсан учраас төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай орон Индонези нь аялал жуулчлалаас гол орлогоо бүрдүүлдэг. Тус улсад бүүстер тунгийн вакцинжуулалтын хувь өндөр байгаа тул цар тахлын халдвар буурч, гадаадын бүрэн тунтай аялагчдыг шинжилгээ, тусгаарлалтгүй нэвтрүүлж байгаа аж. Индонезид өнгөрсөн дөрөвдүгээр сард 111 мянган хүн ирсэн нь цар тахлаас хойш 500 хувь нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Тус улс энэ онд 3.6 сая жуулчин хүлээж авахаар төлөвлөж, “Их-20”-ийн уулзалт, спортын арга хэмжээнүүд зохион байгуулах юм байна.

Categories
гадаад мэдээ

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний 780 тохиолдол бүртгэгдлээ DNN.mn

Дэлхийн хэмжээнд сармагчны цэцэг өвчний 780 тохиолдол бүртгэгдсэн талаар ДЭМБ мэдээллээ.

Тавдугаар сарын 13-наас зургаадугаар сарын 2-ны хооронд эл өвчний тархалтгүй 27 орноос халдварын тохиолдлын мэдээлэл ирсэн хэмээн ДЭМБ онцлов.

Тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 2-ны хооронд сармагчны цэцэг өвчний халдварын 523 шинэ тохиолдол илэрсэн юм. Зургаадугаар сарын 2-ны байдлаар эл өвчнөөр нас барсан тохиолдол харин бүртгэгдээгүй хэмээн мэргэжилтнүүд мэдээлэв.

Их Британи /207/, Испани /156/, Португал /138/ гэсэн орнууд хамгийн их халдвар бүртгэгдсэн улсад тооцогдож, тэдгээрийн араас Канад /58/, Герман /57/, Франц /33/, Нидерланд /31/, Итали /20/, АНУ /19/ болон Бельги /12/ оржээ. Бусад оронд тохиолдлын тоо арваас хэтрэхгүй байгаа юм.

ДЭМБ сармагчны цэцэг өвчний дэлхийн хэмжээнд тархах эрсдэлийг дунд зэрэг гэж үнэлсэн.

Өмнө нь, “CDC” эмнэлгийн зохицуулагч байгууллага дэлхийн 29 оронд сармагчны цэцэг өвчний халдвар авсан 900 гаруй тохиолдол илэрсэн талаар мэдээлж байсан юм.

Categories
гадаад мэдээ

Бангладешийн чингэлэг агуулахад гал гарч, 49 хүн амиа алджээ DNN.mn

Бангладешийн Читтагонг хотын ойролцоох агуулахад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 49 хүн амиа алдаж, олон зуун хүн шархаджээ.

Агуулахад хадгалагдаж байсан чингэлгүүд дотор устөрөгчийн хэт исэл, хүхэр зэрэг химийн бодис агуулагдаж байжээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гэмтэж шархадсан иргэдийн биеийн байдал муу байгаа тул амь эрсэдсэн хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхаарууллаа. Мөн хотын эмнэлгүүдэд цус хүрэлцээгүй тул иргэдийг цусаа хандивлахыг уриаллаа.

Агуулах байсан газарт экспортод гаргах хувцас, эдлэл бүхий 4000 гаруй чингэлэг хураалттай байжээ.

Categories
гадаад мэдээ

Украины үр тариаг Мариуполь, Беларусиар гаргах санал тавив DNN.mn

Украины үр тарианы экспортыг Оросын хяналтаа тогтоосон Бердянс, Мариуполь хотын боомтуудаар экспортлох нөхцлийг бүрдүүлэхээр бэлтгэж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Тэрбээр үр тариаг Украины хяналт дахь боомтуудаас олон улс руу далайн тээвэрт аюулгүй гаргахад баталгаа өгнө гэжээ.

Путин хэлэхдээ, “Украины хяналтад байгаа Хар тэнгисийн эрэг-Одесс муж болон ойролцоох боомтуудаар үр тариаг экспортлон авах боломжтой. Боомтуудад тэсрэх бөмбөг байршуулсан нь бид биш, украинчууд. Тэсрэх бөмбөгүүдийг цэвэрлэж, үр тарианы тээврийг боомтоос хөдөлгөцгөөе. Ямар ч асуудалгүйгээр олон улсын далайд аюулгүй гарах нөхцлийг бид батална. Түүнчлэн Азовын тэнгис дэх Берянск, Мариуполь боомтууд бидний мэдэлд байгаа. Үүгээр бид үр тариа болон бусад барааг саадгүй экспортлохоор бэлтгэж байна. Бид логистикт анхаарал тавина” гэжээ.

Мөн тэрбээр Украин улс нь Румын, Унгар, Польшоор дамжуулан үр тариагаа экспортлох боломжтой гэдгийг дурдаад Беларусь улсаар дамжуулах нь хамгийн энгийн, хямд зам гэсэн байна.

Өмнө нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 30-нд хэлэхдээ, Хар тэнгис дэх Украины боомтуудад оросууд саад хийж, Азовын тэнгис дэх тус улсын газар нутгийг эзэлсэн учраас 22 сая тонн үр тариа агуулахад хадгалагдаж, экспортлох боломжгүй байгааг мэдэгдсэн.

Categories
гадаад мэдээ

Тасманийн эрэгт 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Австралийн өмнөд эргийн ойролцоох алслагдсан аралд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт Бямбагаригийн орой Тасманиас зүүн өмнө зүгт 1600 км-ийн зайд орших Маккуари арлын баруун хэсэгт болсон байна. Газар хөдлөлт10 км-ийн гүнд байсан бөгөөд 23.00 цагт мэдрэгдсэн гэж үзэж байна. Одоогоор хохирол учирсан мэдээлэл байхгүй. Тус газар хөдлөлт хоёр долоо хоногийн өмнө мөн 7.3 магнитудын хүчтэйгээр мэдрэгдэж байжээ.

Маккуари арал нь Австралийн Антарктидын дивиз станцын өлгий нутаг бөгөөд бүтэн жилийн турш тус газар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Арал 1997 оноос хойш ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд оцон шувуу, далайн хав зэрэг томоохон колониудын хоргодох газар юм. Өмнө нь 1989 онд 8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь 20-р зууны далай доторх хамгийн том газар хөдлөлт байжээ.

Categories
гадаад мэдээ

Германд галт тэрэг онхолдсоноос олон хүн нас баржээ DNN.mn

Германд галт тэрэг онхолдсоноос олон хүн нас баржээ

Германы зүүн өмнөд хэсгийн Бавари мужид галт тэрэг замаасаа гарч онхолдсоноос багадаа дөрвөн хүн нас барж, 30 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Мюнхен хот руу явж байсан галт тэргэнд олон тооны сурагчид зорчиж явсан боловч гурван вагон нь замаас гарч онхолджээ.

Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Урьдчилсан байдлаар осол гуравдагч этгээдийн санаатай үйлдэл байх магадлал бага гэдгийг цагдаа нар онцолжээ. Ослын дараа Германы канцлер Олаф Шольц мэдэгдэл хийж, хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Осол болсон Гармиш-Партенкирхен хотын албаныхны мэдээллээр 60 орчим хүн гэмтэж бэрсэн гэсэн ч Германы холбооны цагдаагийн газрын төлөөлөгч энэ нь зорчигчдын тоо гэдгийг тодруулжээ. Түүнчлэн гэмтэж бэртсэн хүмүүсээс 20 орчим хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Мөн олон хүүхэд гэмтжээ.

Emergency workers at the scene

Ослын дараах аврах ажиллагаанд зургаан нисдэг тэрэг оролцож буйн гурав нь Австри улсаас иржээ. Ослын газрын ойролцоо ирэх сард Их-7 бүлгийн уулзалт болох учир олон тооны цагдаа, цэрэг бэлтгэл хангахаар цугласан байсан нь аврах ажиллагаанд мөн оролцож байна.

Германд өмнө нь 1998 онд өндөр хурдны галт тэрэг замаасаа гарч онхолдсоноос 101 хүн амь үрэгдсэн аймшигт осол гарч байв.

Categories
гадаад мэдээ

Малид энхийг сахиулагчдын эсрэг халдлага нэмэгдэж байна DNN.mn

Мали улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд энхийг сахиулагчдын эсрэг халдлага гарах нь нэмэгджээ. Тодруулбал, хоёр долоо хоногийн дотор зургаан удаа халдлага гарсан байна. Сүүлд Мали улсын төв хэсэгт НҮБ-ын энхийг сахиулагчдын хуягт техник урьдчилан бэлдсэн тэсрэх дайрснаас дэлбэрэлт болж, хоёр хүн амь үрэгджээ. Амь үрэгдсэн хоёр энхийг сахиулагч нь Египет улсын иргэд байв.

Энхийг сахиулагчид тулаанд биечлэн оролцохоос илүү ард иргэдийг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх, гадаадын тусламжийн ажилтнуудыг хамгаалах, зөөвөрлөх зэрэг үүргийг гүйцэтгэдэг. Халдлагад өртсөн энхийг сахиулагчид иргэдийг Тимбуктугаас Доуэнза руу нүүлгэн шилжүүж явсан аж.

Өмнө нь өнгөрсөн долоо хоногийн дундуур Кидал мужид террористууд энхийг сахиулагчид руу халдсанаас Йорданы нэг иргэн амь үрэгдэж, гурван хүн шархтсан байна. Нийлүүлэлтийг хариуцсан энхийг сахиулагчид руу зэвсэгт этгээдүүд их буу болон галт зэвсгээр бүтэн цагийн турш буудсан аж.

Баруун Африкийн оронд сүүлийн 10 жилийн хугацаанд тогтворгүй байдал үргэлжилж буй бөгөөд НҮБ-ын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж буй. Тус улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн 2013 оноос хойш 255 энхийг сахиулагч амь үрэгджээ.

Categories
гадаад мэдээ

Япон руу нэвтрэхэд КОВИД-19-ийн вакцины төрлөөс хамаарч тусгаарлах эсэхийг шийднэ DNN.mn

Япон Улс руу зорчих зорчигчдын хамрагдсан КОВИД-19- вакцины төрлөөс хамаар тусгаарлалтын өөр өөр арга хэрэгжүүлж буйг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.

Тухайлбал, тус улс “Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины 3 удаагийн тунд хамрагдсан зорчигчийн хилийн боомтод өгсөн шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлахгүй аж.

Дээрх вакцинуудын 3 удаагийн тунд хамрагдаагүй болон хилийн боомтод өгсөн шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд 7 хоногийн тусгаарлалтад хамрагдах бөгөөд тусгаарлалтын зардлыг зорчигч өөрөө хариуцна. Тусгаарлалтын 3 дахь өдөр өөрийн хүсэлтээр тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжилгээ өгөх боломжтой бөгөөд шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгавар болгох боломжтой. Ингэхдээ шинжилгээний “сөрөг” хариуг “MySOS” аппликейшнийг ашиглан Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэндийг хянах төвд илгээж, улмаар тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл”-ийг тухайн хүсэлт гаргагчид ирүүлсэн тохиолдолд тусгаарлалтын хугацаа дуусгавар болно.

Япон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн мэдээллийг дараах холбоосноос үзэх боломжтой. https://www.mhlw.go.jp/…/bunya/0000121431_00342.html

“MySOS” аппликейшнийг дараах холбоосоор татах боломжтой. https://www.hco.mhlw.go.jp/fasttrack/en/

ПСР шинжилгээ: Зорчигчид нислэгт хамрагдахаас өмнө 72 цагийн дотор өгсөн ПСР шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай бөгөөд “MySOS” аппликейшнийг татан авч, шинжилгээний хариуг Япон Улсад ирэхээс хамгийн багадаа 16 цагийн өмнө “MySOS” аппликейшнд оруулна. Мэдээлэл амжилттай бүртгэгдсэн тохиолдолд аппликейшний дэлгэцэд ногоон, шинжилгээний хариуг шалгуулах шаардлагатай тохиолдолд шар, мэдээллээ дахин оруулах тохиолдолд улаан өнгө гарна. 12 наснаас доош насны хүүхдийн мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагчийн хэн нэгний мэдээлэлтэй хамт оруулна.

Анхаарах бусад зүйлс: Япон Улсад хүрэлцэн ирсэн зорчигчид хилийн нэвтрэх цэгт шинжилгээ өгснөөс хойш 24 цагийн хугацаанд тусгаарлагдах гэр болон зочид буудлын байрандаа очих шаардлагатай. Ингэхдээ олон нийтийн тээврийн хэрэгсэлд суух боломжтой бөгөөд амны хаалтыг тогтмол зүүж, гараа ариутган бөөгнөрөл үүсгэхээс зайлсхийж, халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмийг чанд баримтлах шаардлагатай.

Япон Улс руу зорчих дээрх шаардлагууд нь коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтойг анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-д сармагчны цэцэг өвчний хоёр өөр хувилбар бүртгэгджээ DNN.mn

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан шинэ дарааллын мэдээллээр тус улсад сармагчны цэцэг өвчний генетикийн хувьд ялгаатай хоёр хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлжээ.

АНУ-д батлагдсан 22 тохиолдлын тандалтын дарааллыг хараахан гаргаагүй байгаа ч тэдний хоёр нь Нигери рүү аялсан бөгөөд 2021 онд халдвар авсан Техасын эрэгтэйн вирусийн генетикийн хувьд төстэй болох нь тогтоогджээ. Тэд Виржиниа мужийн эмэгтэй, Флоридагийн эрэгтэй бөгөөд хоёул Африкт аялжээ. Бусад тохиолдлууд нь Европт бүртгэгдсэн тохиолдлын генетиктэй төстэй байжээ.

Баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн эмгэг судлалын хэлтсийн дэд захирал Женнифер Маккуистон “Вирусүүд бие биетэйгээ төстэй боловч генетикийн шинжилгээ нь хоорондоо холбоогүй болохыг харуулж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Нигерид сармагчны цэцэг өвчин нь амьтнаас хүмүүст халдаж эсвэл хүнээс хүнд бэлгийн замаар тархсан нь хоёр өөр хувилбарыг бий болгосон байх магадлалтай” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Африкийн Холбооны ерөнхийлөгч үр тарианы экспортын замыг нээхийг Путинээс хүсэв DNN.mn

зураг

Африкийн Холбоог тэргүүлж буй Сенегалын ерөнхийлөгч Маки Салл өчигдөр Баасан гарагт хүнсний хямралын асуудлыг хэлэлцэхээр Сочи хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ.

Дэлхийн үр тарианы томоохон экспортлогчдын нэг Украин улс юм. Африк тивийн нийт хэрэглээний 40 хувийг Украин, Орос улсууд хангадаг байна.

Гэвч Хар тэнгист Оросын флотын тавьсан хаалт хориглолтын улмаас Украины экспорт зогсоод байгаа.

Оросын эрх баригчид Өрнөдийн орнууд өөрийнх нь эсрэг зарласан эдийн засгийн хоригоо цуцалбал Украины боомтуудыг нээх санал тавьсан юм.

Харин Өрнөдийн орнууд өлсгөлөн, хүнсний хямралаар дэлхий дахиныг сүрдүүлж буй Оросын эрх баригчдыг шүүмжилж байна.

Сочид болсон уулзалтын дараа Салл хэлсэн үгэндээ Путин үр тариа, бордооны экспортыг нэвтрүүлэх амлалт өгсөн тухай ярьсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Бас Украины экспортод ОХУ саад хийж байгааг Путин үгүйсгэснийг тэр мэдээлсэн байна.

Салл “хэдийгээр мөргөлдөөний талбараас хол байгаа ч Африкийн орнууд эдийн засгийн хямралын хохирогч болоод буйг ойлгохыг” уулзалтын үеэр Путинээс хүсжээ.

Тэр бас өөрийгөө дан ганц Африк тивийг биш, Ази, Ойрх Дорнод, Латин Америкийн орнуудыг төлөөлж байгаагаа энэ үеэр хэлсэн байна.

Хариуд нь Путин үр тарианы экспортыг нэвтрүүлэх хамгийн хялбар арга нь Беларусийн хоригийг цуцалж, Беларусийн нутаг дэвсгэрээр дамжуулах болохыг Саллд хэлсэн гэнэ.

НҮБ-ын хямралын зохицуулагч Амин Авад саяхан Женев хотод үг хэлэхдээ “боомтуудыг нээж чадахгүй бол өлсгөлөн эхлэх аюул ойрхон байгааг” анхааруулжээ.

Түүний тооцоолсноор энэхүү хямралд Африк тивийн 1.4 тэрбум хүн нэрвэгдэх магадлалтай гэнэ.

Цар тахал, ган гачгийн улмаас Африк тивийн орнуудад хүнсний хомсдол нүүрлээд байгаа. Украины дайн үүнийг улам даамжруулах эрсдэлийг үүсгэж байна.

Африк тивд одоогоор 80 сая хүн өлсгөлөнгийн нөхцөлд амьдарч байгаа нь жилийн өмнөх мөн үеийн 50 саяас огцом өссөн үзүүлэлт болохыг Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн тэргүүн Майк Данфорд мэдэгджээ.