Испани улсын засгийн газар өчигдөр хоол хүнсний хаягдлыг бууруулах зорилготой шинэ хуулийн төслийг парламентдаа өргөн барих шийдвэр гаргажээ.
Ингэснээр тус улсад үйл ажиллагаа явуулдаг ресторан, зоогийн газрууд үйлчлүүлэгчдэдээ илүү гарсан хоолоо хийж авч явах савыг үнэгүй олгох үүрэг хүлээх юм байна.
Хэрвээ ийм боломжоор хангаагүй бол тухайн бизнесийн байгууллагыг торгож шийтгэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Үүнээс гадна супермаркет, дэлгүүрүүд хадгалах хугацаа нь дуусах дөхөж буй барааны үнийг бууруулах, ийм хүнсийг буяны үйлсэд хандивлах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
Хэрвээ хадгалах хугацаа нь нэгэнт өнгөрсөн бол тухайн хүнсийг мал амьтны тэжээл болгох, бордоо, био түлшний түүхий эд болгох журмыг бас хуульд тусгасан байна.
Испани улсад жил бүр 1,400 тонн хоол хүнс хаягдал болдог ба үүнд олон нийтийн анхаарлыг хандуулж, хэмжээг нь бууруулахад шинэ хууль чиглэж байгааг тус улсын Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайд Луйз Планас ярьжээ.
Энэ нь Испанийн хүн амтай харьцуулахад нэг хүн жилд 31 кг хоол хүнс хаяж, 250 еврогийн алдагдал хүлээдэг гэсэн үг юм байна.
Франц, Итали улсууд 2016 онд дараалан үүнтэй ижил төстэй хуулийг баталж байжээ. Хэрвээ шинэ хуулийн төслийг Испанийн парламент баталбал 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болох юм байна.
НҮБ-ын хөдөө аж ахуйн байгууллагын гаргасан тооцоогоор дэлхий даяар жил бүр хоол хүнсний гуравны нэг нь хаягддаг ба Европ тивд сүүлийн нэг жилд ийм хаягдлын хэмжээ 40 хувиар өсжээ.