Categories
гадаад мэдээ

Орос, Хятадыг холбосон шинэ гүүр нээлтээ хийв DNN.mn

Орос, Хятадыг холбосон шинэ гүүр нээлтээ хийв

Орос, Хятад хоёр Бээжингийн өвлийн олимпийн наадмын үеэр хязгааргүй түншлэлээ зарласан. Энэ үед хоёр орны худалдааг улам ойртуулна гэж мэдэгдэж байв. Тэгвэл энэ амлалтын биелэл болж, ОХУ-ын Благовещенск хотыг Хятадын Хэйхэ хоттой холбосон гүүр өчигдөр /2022.06.10/ нээлтээ хийлээ.

Уг гүүр нь Амар мөрний дээгүүр үргэлжилж, хоёр улсыг холбожээ. Гүүрний урт нь ердөө нэг км бөгөөд 342 сая ам.долларын өртөгөөр бүтсэн гэж Риа агентлаг мэдээлэв.

“Өнөөгийн хоёр хуваагдсан ертөнцөд Орос, Хятад хоёрыг холбосон энэ гүүр онцгой бэлгэдлийн утга агуулж байна” гэж Кремлийн Алс Дорнод дахь төлөөлөгч Юрий Трутнев хэлжээ. Түүнчлэн уг гүүр нь хоёр талын худалдааны жилийн эргэлтийг нэг сая гаруй тонн хүргэхэд туслана гэдгийг онцоллоо.

Гүүрний бүтээн байгуулалтын ажил 2016 оноос эхэлж, 2020 оны тавдугаар сард дууссан. Гэвч хил дамнасан Covid-19-ийн хязгаарлалтын улмаас нээлтээ хойшлуулаад байжээ.

“BTS-MOST” нэртэй компани гүүрийг барьсан. Тус компаниас мэдээлснээр, энэ гүүрээр ачаа тээвэрлэх нь Хятадын бараа бүтээгдэхүүн Оросын баруун хэсэгт хүрэх замыг 1500 км богиносгож байгаа аж. Гүүрээр дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэл 150 ам.долларын төлбөр төлнө. Энэхүү замын хураамж нь барилгын ажлын зардлыг нөхнө гэж үзэж байна.

Орос улс 2024 он гэхэд Хятадтай хийх худалдаагаа 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэж зорьжээ. Хятад бол Оросын байгалийн баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон худалдан авагч юм.

Categories
гадаад мэдээ

Олзлогдсон цэргүүдэд цаазын ял оноожээ DNN.mn

Донецкийн бүгд найрамдах улсын дээд шүүх Украины зүүн нутагт Оросыг дэмжигч хүчнийхэнд олзлогдсон Британийн хоёр иргэн, Мароккийн нэг иргэнд цаазаар авах ял оноожээ.

Тэднийг Украины Засгийн газрын нэрийн өмнөөс хөлсний цэргийн хувиар хууль бусаар тулалдсан буруутай гэж шүүх үзсэн байна.

Оросын “Интерфакс” агентлагийн мэдээлснээр Их Британийн хоёр иргэн дөрөвдүгээр сарын дундуур Донецк мужийн Мариуполь хотод Оросыг дэмжигч хүчнийхэнд олзлогджээ. Мароккийн иргэн мөн гуравдугаар сард Донецк хотод баригджээ.

Шүүхийн шийдвэрийг гаргасан Донецкийн шүүхийг Украин болон өрнөдийн орнуудын Засгийн газар буруутгаж байна.

Их Британийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга “твиттер” хуудсаараа уг шийдвэрийг “хууль ёсны үндэслэлгүй” хуурамч шүүлт гэж нэрлэжээ.

Дайны олзлогдогсдыг “Улс төрийн зорилгоор ашиглах ёсгүй” гэж тэрбээр мэдэгдээд, Женевийн конвенцид заасан дайны цагийн хуулиудыг дурджээ.

Яллагдсан гурван иргэн давж заалдах хүсэлтэй байгааг тэдний өмгөөлөгч мэдэгдсэнийг “ТАСС” мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд сонгогдов DNN.mn

Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ хориг тавьж, цэрэг хөдөлгөх эрхтэй хүчирхэг институт болох Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр Япон улс сонгогдлоо. Аюулгүйн зөвлөлийн байнгын бус таван гишүүний нэгээр сонгогдсон Япон улс нь 2023-2024 онд хоёр жилийн хугацаатай ажиллана. Японоос гадна Швейцарь, Мозамбек, Малта, Эквадор зэрэг таван орны бүрэн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Тэднийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн нууц санал хураалтаар сонгосон аж. Ерөнхий ассамблейн 193 гишүүн орны 184 нь Японы талд саналаа өгчээ. Япон улс Аюулгүйн зөвлөлд сонгогдож, олон орны саналыг авсан нь Хятадын улс төр, цэргийн хүчирхэгжилттэй холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна. Японы гадаад хэргийн дэд сайд Одавара Киёши хэлэхдээ, Токио нь аюулгүйн байдал, эрчим хүч, хүнсний асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллана гэв.

Харин Энэтхэг, Норвеги, Кени, Мексик, Ирланд улсын Аюулгүйн зөвлөлд ажиллах хугацаа дуусч байна.

Аюулгүйн зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд үүний тав нь байнгын гишүүн. Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэх аливаа асуудал, тогтоолын төсөлд хориг тавих эрхтэй байнгын таван гишүүн нь АНУ, ОХУ, Хятад, Франц, Их Британи юм. Харин бусад 10 орон нь тав, таваараа хоёр жилийн хугацаатай сонгогдон ээлжилдэг.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Categories
гадаад мэдээ

Украин: Дэлхийн банкны зээлээр төрийн албан хаагчдынхаа цалинг тавина DNN.mn

Украины Дэлхийн банкнаас авах ээлжит зээл 1.49 тэрбум доллараар батлагдсан тухай Reuters агентлаг мэдээллээ. Батлагааг нь Латви, Литва, Их Британи, Нидерланд болон Итали улсууд гаргажээ.
Гэтэл Латви, Литва улсууд нь өөрсдөө зээлийн асуудалтай. Тухайлбал, Литвагийн өр ДНБ-нийх нь 45 хувь, Латвийнх нь 48 хувьтай тэнцэж буй.
Дээр дурдагдсан мөнгөөр Украины төрийн албан хаагчид, төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг тавина.
Энэхүү зээл нь $4 тэрбум долларын тусламжийн багцын хэсэг юм. Ер нь 2014 оноос эхлэн Украин Дэлхийн банкнаас 11 тэрбум долларын зээл авчээ. Мөн хугацаанд ОУВС Украинд $16.58 тэрбум доллар, Европын банк 3 тэрбумыг өгсөн. Урсула фон дер Ляйены хэлснээр, Европын холбоо 2014 оноос хойш 20 тэрбум доллараар Украинд туслажээ.

Categories
гадаад мэдээ

Польш улс Украинд 2 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэв DNN.mn

Польш улс Украинд хоёр тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлсэн талаар тус улсын Ерөнхийлөгч Анжей Дуда мэдэгдлээ.

Зургаадугаар сарын 7-нд Анжей Дуда Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар холбогдсон. В.Зеленский Варшаваас зэвсгийн тусламж хүссэний хариуд Польш улс Украинд 240 гаруй танк, 100 шахам хуягт техник, зэр зэвсэг илгээсэн гэлээ.

Анжей Дуда: “Энэ бол асар их хэмжээний зардал. Гэсэн ч, бид ингэх шаардлагатай. Хэн нэгэнд их буу нийлүүлэх боломж байгаа бол түүнийгээ ашиглахыг бид зөвлөж байна. Тэдгээр зэр зэвсэг нь Оросын түрэмгийллийг зогсооход хэрэгтэй”.

Польшийн хувьд Украин руу цэргийн тусламж үзүүлж буй цорын ганц улс биш. Хамгийн сүүлийн нэг жишээг дурдахад, тавдугаар сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд 40 тэрбум ам.долларын цэргийн тусламж олгох тухай хуулийн төсөлд эцсийн байдлаар гарын үсэг зурж, баталгаажуулсан.

Европын Холбооны удирдагчид Украинд есөн тэрбум еврогийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мөн илэрхийлсэн.

Хоёрдугаар сарын сүүлчээс хойш дөрвөн тэрбум гаруй еврог Украины эдийн засгийг дэмжих, төрийн аппаратын үйл ажиллагааг нь хангах, хүмүүнлэгийн тусламжид зориулан хуваарилсан хэмээн Европын Хороо мэдэгдлээ.

Эх сурвалж: Tass

Categories
гадаад мэдээ

Алжир Испанитай байгуулсан найрамдлын гэрээгээ түдгэлзүүлснээ зарлав DNN.mn

Алжир улсын Ерөнхийлөгчийн ордоны лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Испани улстай хоёр орны харилцааг хөгжүүлэх хүрээнд байгуулсан “Сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г түлгэлзүүлэхээр шийдвэрлэсэн гэжээ.

Энэ оны эхээр Испани улс Баруун Сахарын бүс нутагт төвийг сахисан байр сууриа өөрчилж, олон нийтэд нээлттэйгээр Марокког дэмжсэн хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Испанийн Засгийн газрын энэхүү алхам нь хууль, эрх зүй, ёс суртахуун, улс төрийн үүргээ зөрчиж, Баруун Сахарын бүс нутаг болон бүс нутгийн нөхцөл байдлыг муудахад хүргэсэн гэж үзжээ.

Улмаар Алжирын Засгийн газар 2002 онд Испани улстай байгуулсан “Сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

Испанийн Гадаад харилцааны сайд Хосе Мануэл Албарез хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Алжир улстай сайн харилцаатай байх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, байгалийн хийн хангамжийн асуудалд санаа зовохгүй байна. Алжир хүлээсэн үүргээ биелүүлэх болно” хэмээн хэлжээ.

Өнгөрсөн 2020 оны 12 дугаар сард АНУ-ын Цагаан ордон мэдэгдэл хийхдээ “Баруун Сахарын асуудлыг шийдвэрлэх Мароккогийн саналыг АНУ дэмжиж, Баруун Сахарын нутаг дэвсгэр дэх Мараккогийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч байна” гэж байв.

Энэ оны 3 дугаар сард Испани улс Баруун Сахарын өөртөө засан тогтнох Мароккогийн төлөвлөгөөг дэмжиж байгаагаа мэдэгдсэн ба үүний дараа Алжир улс Испанид суугаа Элчин сайдаа эргүүлэн татсан юм.

Баруун хойд Африк дахь Баруун сахар нь Испани улсын колони байсан бөгөөд тусгаар тогтнолын маргаантай бүс нутаг. Марокко улс өмнө нь Алжирын дэмжлэгтэй Баруун Сахарыг чөлөөлөх армитай арав гаруй жил тулалдаж, 1991 онд НҮБ-ын зуучлалаар гал зогсоох хэлэлцээр байгуулсан.

Одоогоор Баруун Сахарын ихэнх хэсэг Мароккогийн хяналтад байгаа юм.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Европын Холбоо 2035 оноос эхлэн бензин, дизель хөдөлгүүртэй автомашин худалдахыг хориглоно DNN.mn

2035 оноос эхлэн бензин, дизель хөдөлгүүртэй шинэ автомашин худалдахыг хориглох хуулийн төслийг Европын парламент өчигдөр дэмжжээ.

Тус холбооны орнууд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1990 оны түвшнээс 55 хувь бууруулах ерөнхий зорилго тавиад байгаа.

Өчигдөр дэмжигдсэн хуулийн төсөл уг төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Шинэ хуулийн дагуу 2035 оноос хойш Европын Холбооны зах зээлд худалдаалагдах шинэ автомашинууд бүгд дотоод шаталтын хөдөлгүүргүй байх болно.

“Европын Холбооны хүлэмжийн хийн нийт ялгаруулалтын 15 хувь автомашинаас эх үүсвэртэй байдаг. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгодоо хүрэхэд энэ хууль чухал ач холбогдолтой юм” гэж Евро парламентын Ногоон намын бүлэг өчигдөр мэдэгджээ.

Форд, Вольво зэрэг үйлдвэрлэгчид Европын Холбооны төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Германы автомашин үйлдвэрлэгчдийн холбоо VDA дээрх төлөвлөгөөг эсэргүүцэж байжээ.

Цахилгаан автомашиныг цэнэглэх дэд бүтэц бэлэн биш байгаа нь төлөвлөгөөг хугацаанд нь хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулна гэж тэд болгоомжилж байгаа.

Өнгөрсөн онд Европын Холбооны зах зээлд зарагдсан шинэ автомашинуудын 18 орчим хувь нь бүрэн цахилгаан болон хосолсон (hybrid plug-in) хөдөлгүүртэй байжээ.

Эх сурвалж: Reuters

Categories
гадаад мэдээ

Гурван зууны өмнө Карибын тэнгист живсэн хөлөгт их хэмжээний алтан зоос байжээ DNN.mn

Карибын тэнгисийн ёроолд гурван зууны өмнө живсэн домогт Сан Хосе хөлгийн дотор их хэмжээний алтан зоос хадгалагдаж байгааг Колумб улсын зэвсэгт хүчний тараасан гэрэл зураг харуулжээ.

Тус улсын эргээс холгүй тэнгисийн 950 метрийн гүн ёроолд уг хөлөг байгаа ба саяхан алсын удирдлагатай шумбагч машин илгээж, гэрэл зургуудыг буулгасан юм байна.

Гэрэл зурагт бас шаварт булагдсан үхэр буунууд, Хятад хийцийн аяга таваг, ваар, шилэн сав суулга дүрслэгджээ.

“Өндөр технологийн багаж хэрэгсэл, Колумбын тэнгисийн хүчний явуулсан ажиллагааны үр дүнд бид урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй нарийвчлалтай гэрэл зургуудыг буулгаж чадлаа” гэж Колумб улсын ерөнхийлөгч Иван Дюк мэдэгдсэн байна.

Живсэн хөлгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ирээдүйд татаж гаргах төлөвлөгөөтэй байгаагаа тэр бас хэлжээ.

зураг

Испанийн эзэн хааны эзэмшлийн Сан Хосе хөлөг 1708 онд Их Британитай хийсэн тэнгисийн тулааны үеэр живж байсан юм.

Хэрвээ уг хөлгийг Колумб улс уснаас гаргаж чадвал Испани улсаас гадна Боливи улсын уугуул иргэд эзэмшлийн асуудлаар маргаан үүсгэх нь тодорхой болоод байгаа.

Тухайн үед Сан Хосе хөлөг шинэ тивээс их хэмжээний эрдэнэс ачаад Испанийн эзэн хаан Тавдугаар Филипийн ордныг зорьж явжээ.

Хөлөг дээр ачиж явсан зүйлсийн үнэлгээ одоогийн ханшаар олон тэрбум доллар болно гэж үздэг. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор уг хөлөг хамгийн багадаа 200 тонн алт, мөнгө, үнэт чулуу ачиж явсан юм.

Хөлөг живэх үедээ 600 хүнтэй байснаас маш цөөн тооны хүн амьд үлдсэн гэдэг.

Үе үеийн эрдэнэсийн эрэлчид Сан Хосе хөлгийг хайгаад олж чадаагүй байсан бөгөөд 2015 онд л хаана байгааг нь тогтоож байжээ.

Колумб улс хөлгийг өөрийнх нь эзэмшлийн уснаас олдсон тул соёлын үнэт олдвороо хэмээн үзэж, эд зүйлсийг нь худалдахгүй гэсэн байр суурьтай байгаа.

Испани улс хөлгийг өөрийнхөө эзэмшил гэж үзээд агуулж буй эрдэнэсийг нь шилжүүлж авах хүсэлтэй байна. Өмнөд Америкийн Боливи улсын Кара Кара омгийн уугуул иргэд колоничлолын үед испаничууд тэднийг уурхайд боолчлон ажиллуулж байсан тул эрдэнэсийг эзэмших эрхтэй гэж бас үздэг юм.

Гэвч тэнгисийн гүн ёроолоос хөлгийг татаж гаргах нь өнөөдрийн техник, технологийн хүчин чадалтай харьцуулахад нэлээд бэрхшээлтэй асуудал болоод байгаа.

Колумбын эрх баригчид Картагена хотын эргээс холгүй энэ газарт живсэн хөлгийн өөр 13 олдворыг илрүүлсэн байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-д сураггүй болсон дөрвөн настай хүүг Монтана мужийн ойгоос олжээ DNN.mn

АНУ-ын Монтана мужийн ойгоос дөрвөн настай хүү сураггүй алга болсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан. Хүү хүйтэн цаг агаарт, бөглүү ойд хоёр хоногийг өнгөрөөсөн ба түүнийг эсэн мэнд олсон талаар “Daily Mirror” мэдээлэв.

Хүүг эсэн мэнд байсан ч “өлссөн, цангасан, даарсан” байсан гэж орон нутгийн цагдаа нар мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг /2022.06.03/-т алга болсон аж. Хүүг аврагчдаас гадна кино судлаачид зэрэг 53 хүний бүрэлдэхүүнтэй баг эрж хайсан байна. Мөн нисдэг тэргүүд, дроныг дайчилсан байна.

Монтана мужийн шерифийн албаны мэдээлснээр, аянга цахилгаантай аадар бороо, ойн ургамал ногоо шигүү ургасан нь хүүг олох ажиллагаанд хүндрэл учруулсан ажээ. Хүүг ойд байх өдрүүдэд агаарын температур 4.4 хэм хүртэл буурсан байжээ. Хүү алга болох үеэрээ дан унтлагын хувцастай байжээ.

Categories
гадаад мэдээ эдийн-засаг

Леброн Жэймс төрөлх хотдоо эмнэлэг барина DNN.mn

Саяхан тэрбумтан болсон ЛеБрон Жэймс өөрийн төрөлх Охайо мужийн Акрон хотдоо хөрөнгө оруулалт хийсээр байна. Тэрбээр өөрийн гэр бүлийн сангаараа дамжуулан “I Promise” нэртэй бага сургууль байгуулж байсан бөгөөд энэ удаад “I Promise” нэртэй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний төв байгуулахаар болжээ.

2023 онд ашиглалтад орох тус төв нь “I Promise” сургууль, “I Promise” хотхонтой ойр орших гэнэ.

ЛеБрон Жэймсийн гэр бүлийн сангийн гүйцэтгэх захирал Мишель Кэмпбелл ярихдаа “Бид гэр бүлүүдэд хэрэгтэй байгаа зүйлийг сонсч, хариу үйлдэл үзүүлсээр байх тусам бидний ажил урьд өмнө хэзээ ч төсөөлж байгаагүй байдлаар өргөжиж байна. Хямд үнэтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нь манай сангийн хувьд үргэлж чухал асуудал байсан. Ялангуяа цар тахлын улмаас энэ хэрэгцээ шаардлага улам нэмэгдсэн” гэлээ.