Categories
гадаад мэдээ

Бээжин хотод мөндөр оржээ DNN.mn

Ням гарагт өмнөд хөршийн нийслэл Бээжин хотод ширүүн аадар бороо орж, мөндөр буужээ. Ням гарагийн үдээс хойш Бээжингийн зүүн хойд хэсэгт орших Миюн дүүрэгт, 2 см орчим хэмжээтэй мөндөр орсон аж.

Харин ням гарагийн шөнө хотын төв хэсгээр нь мөндөр буужээ. Ширүүн салхи шуурга, мөндөр зэрэгцсэн аадрын улмаас замын хөдөлгөөнд саад учирч, зарим оршин суугчдын аюулгүй байдал эрсдэлд орсон байна.

Даваа гарагт Бээжин хотод өдөртөө дуу цахилгаантай бороо орж, хотын зарим газраар түр зуурын аадар бороо, хүчтэй салхи, мөндөр орох төлөвтэй байна гэж тус улсын цаг агаарын урьдчилсан сэргийлэх газраас мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Швед эмэгтэй 103 насандаа шүхрээр үсэрч, Гиннесийн номд бичигджээ DNN.mn

Шведийн оршин суугч Рут Ларссон 103 насандаа шүхрээр үсэрч, Гиннесийн дээд амжилтын номд бичигджээ. Тэрбээр зааварлагчийн хамт шүхрээр үсэрсэн гэж Daily mail сонин мэдээлсэн байна.

“Би ингэж үсрэх талаар хичнээн удаан бодсон талаар та нар төсөөлөх ч үгүй. Америкт, надаас 78 өдрөөр дүү эмэгтэй шүхрээр үсэрсэн гэдгийг олж мэдээд энэ дээд амжилтыг эвдэхээр шийдсэн юм” хэмээн Рут сэтгүүлчдэд ярьжээ.

Зуун насны босгыг хэдийнэ алхсан швед эмэгтэй спортоор хичээллэж, зугаалж, ном унших зэргээр амьдралын идэвхтэй хэв маягтай нэгэн гэнэ. Түүний ойр дотныхны ярьснаар Рут өвчин хэлдэггүй, олон жилийн туршид тусгай тэргэнцэртэй явж байгаа ч үргэлж цовоо сэргэлэн байдаг аж.

“Эмч, эм гэж ярихын оронд манай эмээ амьдралаас бүхнийг авах хүсэлтэйгээрээ хүмүүсийг бишрүүлдэг” хэмээн ач охин нь ярьжээ.

Өндөр настай шүхэрчин нисэж байгааг газарт Гиннесийн дээд амжилтын номын төлөөлөгчид бичиж авсан байна. Эмэгтэйг газардсаны дараа эмч нар эрүүл мэндийн үзлэг хийхэд бүх үзүүлэлт хэвийн байсан гэнэ.

Categories
гадаад мэдээ

Япон улс ОХУ руу ачааны машин, самосвал, бульдозер экспортлохоо зогсоожээ DNN.mn

Өнгөрсөн баасан гаригт Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагиуда Оросын эсрэг тогтоож буй шинэ хоригоо танилцуулжээ.

Хоригийн хүрээнд тэд ОХУ руу ачааны тэрэг, самосвал, бульдозер зэргийг экспортлохоо зогсоох болсон байна.

Түүний өгүүлснээр, “Сайд нарын танхимын зургаадугаар сарын 7-ны өдрийн шийдвэрээр Япон улс ОХУ-ын аж үйлдвэрийн дэд бүтцийн хөгжилд шууд нөлөө үзүүлж болзошгүй бараа бүтээгдэхүүнийг тэдэнд экспортлохоо зогсоох боллоо. Үүнд, хүнд оврын машин механизм, самосвал, бульдозер болон бусад хүнд тоног төхөөрөмж багтах юм.

Хориг ирэх 17-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ” хэмээжээ.

Эх суравлж: ТАСС

Categories
гадаад мэдээ

McDonald’s эрүүл, шим тэжээл өндөртэй бүтээгдэхүүнүүдээ цэснээсээ хасахаар болжээ DNN.mn

Америкийн түргэн хоолны тэргүүлэгч сүлжээ McDonald’s эрүүл хоолны цэсний борлуулалтаа зогсоох шийдвэр гаргажээ.

Bloomberg News сувгийн орон нутгийн цагаар 10-ны мэдээлснээр, McDonald’s-ын удирдлагуудын зүгээс хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээгээ хурдасган ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор уг шийдвэрийг гаргасан байна.

Энэхүү шийдвэрийн хүрээнд АНУ-д үйл ажиллагаа явуулдаг 14,000 McDonald’s-ын салбараас салат, жигнэсэн тахианы махтай бургер, жимстэй тарагтай парфет зэрэг 10 орчим нэр төрлийн цэсийг хасах юм. Үүний оронд тус компани гамбургер, шарсан тахиа, Макфлурри зэрэг уламжлалт, нэр хүнд өндөртэй цэсний борлуулалтад анхаарлаа хандуулахаар төлөвлөжээ.

Энэхүү шийдвэрийг гаргах болсон шалтгааны хамгийн нэгдүгээрт цар тахлаас үүдэлтэй ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх, мөн ашиг орлогын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг орж буй юм. Түүнчлэн бэлтгэхэд цаг хугацаа их зарцуулдаг хэрнээ эрэлт багатай эрүүл, шим тэжээлтэй цэсийг халах замаар хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах зорилготой аж.

Гэвч уг шийдвэр нь зөвхөн АНУ-ын салбар дэлгүүрүүдэд хамаарах юм. Итали, Нидерландын салбарууд салат, Их Британийн салбарууд хуруун өргөст хэмхэн зуушаар үйлчилсээр байх аж.

Тус компанийн албаны хүн хэлэхдээ “McDonald’s эрэлт багатай бүтээгдэхүүнийг цэснээсээ хассанаар дэлгүүрийн үйл ажиллагааг хөнгөвчлөн, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд тус дөхөм болно гэж үзэж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

McDonald’s-ын франчайз эзэмшигчид компанийн зүгээс гаргасан энэхүү шийдвэрийг талархан хүлээж авч байна. Франчайзын нийгэмлэгийн гишүүн “Эрүүл, шим тэжээлтэй цэс нь бэлтгэх явц удаан, хамаагүй их хөдөлмөр шаарддаг хэрнээ эрэлт бага байдаг. Уг шийдвэрийн ачаар үйлчилгээний чанар, хурдыг нэмэгдүүлнэ.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч борлуулалт муутай бүтээгдэхүүнийг цэснээсээ хасч, бүтээмжийг нэмэгдүүлж байгааг McDonald’s-ын хөрөнгө оруулагчид ч баяртайгаар хүлээн авах болно хэмээн онцлов.

Зоогийн газрын зөвлөх үйлчилгээний King-KC компанийн гүйцэтгэх захирал Том Күк “McDonald’s компанийн эрүүл, шим тэжээлтэй цэс нь байгууллагын имижийг сайжруулахад үр дүнтэй байсан ч борлуулалтын гүйцэтгэлд төдийлөн тус болсонгүй” хэмээн үнэлжээ.

Зөвхөн эрүүл, шим тэжээлтэй бус калори болон давс ихтэй зарим бүтээгдэхүүнүүд ч энэ удаад цэснээс хасагдаж байгаа гэв. Хэрэглэгчдийн дунд нэр хүнд багатай, эрэлт удаантай цэсийг хассан нь олон сайн үр дагаврыг авчирна хэмээн ихээхэн хүлээлт үүсгэж байгаа аж.

Үүний зэрэгцээ Burger King ч өнгөрөгч 12-р сараас шинэ ногооны салатыг цэснээсээ хасах зэргээр цар тахлын дэгдэлтийн дараачаас зөвхөн McDonald’s төдийгүй АНУ-ын бусад ресторанууд хэрэглэгчдэд санал болгодог цэсний тоогоо цөөрүүлэх арга хэмжээг авсаар байгаа юм.

Зах зээлийн судалгааны Datacentre фирмийн мэдээлснээр корона вирусийн дараа нийт нийтийн хоолны бизнес эрхлэгчид цэсний тоогоо дунджаар 10 гаруй хувиар бууруулаад байгаа ба өнгөрсөн жил л гэхэд 10 ресторан тутмын 6 нь гол нэрийн хоол болон амттан, уух зүйлийн нэр төрлийн тоогоо дунджаар 37 хувиар бууруулсан байна.

Эх сурвалж: Asiae

Categories
гадаад мэдээ

Ангела Меркелийн анхны бүрэн ярилцлага ба хэвлэл, мэдээлэл DNN.mn

Германы канцлер асан Ангела Меркель энэ сарын 7-нд Берлин хотын “Шаубюне”театрын тайзнаа гарч, тэтгэвэрт гарснаасаа хойш анх удаагаа томоохон ярилцлага өгсөн юм.Түүний ярилцлагыг нэр хүндтэй хэвлэлүүд юу гэж дүгнэв?


Германы “Süddeutsche Zeitung” сонин: Хатагтай Меркель та Путины сул талыг эртнээс ингэж сайн мэдэж байсан юм бол эх орноо яагаад ингэж Оросын нефть болон хийнээс хэт хамааралтай болгосон юм бэ? Путинтэй эцсийн мөч хүртэл яриа хэлэлцээ хийх нь зөв байсан юм байж. Харамсалтай нь канцлерын удирдаж байсан “том эвсэл” Кремлийн харилцан ярилцагч нь Крымыг хүчээр булаан авснаар харилцан ярилцагч бус ардчилсан улсуудад дайн зарлагч болсныг огт анзаарсангүй. Меркель Путины муу хүн болохыг тийм эрт мэдсэн юм бол яагаад түүнээс эрчим хүчний ийм хэт хамааралтай болж батлан хамгаалах зардлаа хайр найргүй танан Германы армийг эх орноо болон НАТО-гийн гишүүн улсуудыг хамгаалах чадваргүй болгосон байх вэ? Украины энэ аймшигт дайн Меркелийн удирдагч байхад нь бий болсон өөгүй цагаан нэр хүндийг өдөр өдрөөр харлуулж байгаа нь үнэн.

Германы “Mitteldeutsche Zeitung” сонин: Меркель буруугаа шударгаар хүлээх нь зүйд нийцэх байсан.Тэр Оросын “Хойд урсгал-2” шугамыг эцсээ хүртэл дэмжиж байсан. Энэ бол яах аргагүй том алдаа. Гай нь олон жилээр үргэлжлэх энэ алдаатай шийдвэрээс зайлсхийх боломж түүнд бүрэн байсан.

Германы “Allgemeine Zei­tung” сонин: Ангела Меркель Оростой харилцаж байсан харилцаандаа шүүмжлэлтэй хандахаас улайм цайм бултаж байгаа нь “гөжүүд”, “хэт өөрийнхөөрөө зүтгэж буй” увайгүй явдал. Түүний явуулж байсан улс төрийн үр дүн өдөр ирэх бүр хүний амь нас, гай гамшгаар төлөгдөж байхад тэр хариуцлагаа хүлээх ёстой болох нь дамжиггүй. Мөн Германы “Badische Neueste Nachrichten” сонин: Меркель Путинд “гэнэн хонгор” зан гаргасан. Nürnberger Nach­richten сонин: Меркель Путиныг муу хүн болохыг эрт мэдсэн гэдэгт итгэж байна. Харин үүндээ дүгнэлт хийн зөв шийдвэр гаргах ёстой байсан гэдгийг тэр огт ойлгоогүй байна.

Швейцарийн “Neue Zürcher Zeitung” сонин: “Шаубюне”-д Меркелийн “бишрэн шүтэгч” бус сэтгүүлч түүнээс асуулт, хариулт авсан бол энэ ярилцлага огт өөр ярилцлага болох байсан нь ойлгомжтой.

Польшийн “Rzeczpos­polita”: Меркелийг Оросын асуудалд алдаа гаргаснаа шууд хүлээн зөвшөөрнө гэж бодохгүй байсан ч арай ч ийм улайм цайм өөрийгөө зөвтгөсөн ярилцлага өгнө гэж санасангүй. Түүний ярьж буйгаар “Минскийн хэлэлцээр”-ийн ачаар дайнд бэлдэх бүтэн долоон жилийн боломж олдсон тул украинчууд Меркельд баярлахаас өөр аргагүй хэрэг үү?!

Америкийн “Wall Street Journal”: Хэн нэгэн улс төрчийн гадаад бодлогын нэр хүнд канцлер Ангела Меркелийнх шиг ийм богино хугацаанд ингэж орвонгоороо эргэж байсан удаагүй. Түүний гол алдаа нь 16 жил төр тэргүүлэхдээ Владимир Путины их гүрэн байгуулах хүслийг хазаарлаж болно гэж андуурсан явдал. Үр дүнд нь Герман төдийгүй Европыг Путины эрчим хүчний шантаажид оруулж, Киевыг эзлэхэд бүх европчууд үүнийг эсэргүүцэхгүй гэж Путиныг итгэхэд хүргэсэн явдал… Меркель Европын эрх чөлөөнд “баавгай”-н саврын хүчийг мэдрүүлэх нөхцөлийг бий болгосон.

Эцэст нь нэмэхэд, Ангела Меркелийн ярилцлагын дараа Холбооны Герман улсад суугаа Украины Элчин сайд Андрей Мельник Украины дайн эхэлснээс хойш ХБНГУ-ын ОХУ-аас авсан импорт 40 хувь өсч, Путин нэмж зургаан тэрбум еврогийн орлого олон дайндаа ашиглаж, харин Украин-Германы худалдаа 11 хувь буурсан болохыг дэлхий нийтэд албан ёсоор мэдэгдсэн.

Энэ нь Путин бол Меркель тэргүүтэй тухайн үеийн барууны улстөрчдийн гардан бий болгосон “биелсэн чөтгөр” бөгөөд тэд АНУ-аас хамааралгүй улс төр явуулж байгаагаа “гайхуулан”, сонгогчдынхоо өмнө үнэгүй тоглосон “улс төр, эдийн засаг тусдаа байх ёстой” гэсэн эмгэнэлт жүжгийн гай өнөөдөр ч үргэлжилсээр байна гэсэн үг юм. Энэ нь тухайн үедээ сонгогчдод таалагддаг ч хожим нь гай болох харалган шийдвэр гаргагчдыг улс төрд популистууд гээд байгаа билээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Жастин Бибер нүүрний саажилттай болсноо мэдээлжээ DNN.mn

Канадын поп од Жастин Биберийн энэ оны хоёрдугаар сард эхэлсэн Justice World Tour аялан тоглолтын удахгүй болох гурван концерт цуцлагдсан тухай зохион байгуулагчид нь энэ долоо хоногт мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр 28 настай дуучин маань Инстаграм хуудсандаа яагаад тоглолтоо цуцлах болсныг тайлбарлажээ.

Тэрбээр “Ramsay Hunt syndrome” гэгддэг өвчинтэй болсон юм байна. Ийм өвчин хүний чихний ойролцоох нүүрний мэдрэлийн системд нөлөөлдөг гэнэ.

“Миний нэг нүд анивчихгүй байгааг та нар харж байгаа байх. Нүүрний энэ хэсгээрээ би инээж чадахгүй байна. Тэгэхлээр миний нүүрний нэг тал бүрэн саажсан гэсэн үг” гэж тэр Инстаграм хуудсандаа нийтэлсэн гурван минутын урт видео мэдэгдэлдээ ярьсан байна.

Ийм шалтгаанаар тоглолтуудаа цуцлах болсныг Бибер 240 сая дагагчдаа тайлбарлажээ.

“Энэ бол нэлээд ноцтой асуудал. Миний бие махбод намайг жаахан амсхийх хэрэгтэй болсныг хэлж байх шиг байна. Залуус та нарыг ойлгосон гэдэгт найдаж байна. Би амарч, тайвширч, зуун хувь сэргэхэд цагийг зарцуулах хэрэгтэй боллоо. Ингэснээр би хийх гэж төрсөн зүйлээ дахин хийж чаддаг болно” гэж тэр ярьсан байна.

Бибер энэ долоо хоногт АНУ-ын нийслэл Вашингтон болон Канадын Торонто хотуудад тоглох хуваарьтай байсан юм. Бас ойрын өдрүүдэд Нью-Йорк, Лос-Анжелес хотуудад тоглох төлөвлөгөөтэй байжээ.

зураг

Categories
гадаад мэдээ

Мариуполь хотод гэдэсний халдварт холер өвчин дэгдлээ DNN.mn

Украины Мариуполь хотод гэдэсний халдварт холер өвчний халдвар дэгдээд байгаа талаар тус хотын захирагч Вадим Бойченко мэдэгдлээ.

“Хотод холер, дизентери болон бусад халдварт өвчин дэгдээд байна. Гэтэл /хотыг эзлэгсэд/ нуун дарагдуулж байна. Хотод хөл хорио тогтоохоор хаасан. Тэндээс хэнийг ч гаргахгүй, бас оруулахгүй байна” гэж хотын захирагч ВВС агентлагт ярьжээ.

Түүний тооцоолсноор олон арван хүн холероор өвчилсөн бөгөөд энэ тоо өсөх хандлагатай байгаа аж. “Халдвар маш хурдан тархаж байна. Зогсоох ямар ч нөхцөл алга. Эмч ч байхгүй, халдварын эмнэлэг ч байхгүй. Манай халдвартын эмнэлэг бүх тоног төхөөрөмжтэйгөө сүйрсэн, эмч нарыг нь хөнөөсөн” гэж хотын захирагч хэлжээ.

Тэрээр энэ халдвараас болж олон мянган хүн амиа алдаж болзошгүй байна гэв. Мөн тус хотод олон хүний цогцос байгаа бөгөөд тэдгээрийг хурааж цэвэрлэхгүй байгаагийн дээр хэт халж бас аадар бороо орж байна гэлээ.

Мариуполийн ус хангамжийн систем сүйджээ

“Аадар бороо орж, оршуулгын газруудыг сүйтгэж байна. Мариуполь хотын оршин суугчид дайны туршид хүмүүсийг хашаа хороо, цэцэрлэгт хүрээлэн, уул толгодоор оршуулж байна. Дээр нь усан хангамжийн систем ажиллахгүй, бохир усны шугам эвдэрсэн. Улмаар хүмүүсийн ус авдаг гол мөрөн, худгийн ус бохирдож байна” гэж Бойченко хэлжээ. Хотын ундны ус уухад тохиромжгүй, харин зөөврийн ус хүрэлцэхгүй байна. Усанд хэдэн хоногоор ч дугаарлаж байна” гэлээ.

Тиймээс хотыг хаажээ. Бид Мариупольд эм бэлдмэл авсан ч тийшээ хүргэх шаардлагатай байна. Хүмүүнлэгийн гарц нээж, Мариупольд эм бэлдмэл хүргэх шаардлагатай байна гэв.

Categories
гадаад мэдээ

БНАСАУ: Цөмийн салбарын гол төлөөлөгчийг Гадаад хэргийн сайдаар томилов DNN.mn

БНАСАУ: Цөмийн салбарын гол төлөөлөгчийг Гадаад хэргийн сайдаар томилов

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын төв хорооны хурал Лхагва гаригаас Баасан гариг хүртэл үргэлжиллээ. Энэ хурал өндөрлөх үеэр удирдагч Ким Жон Ун тус улсын цөмийн салбарын гол төлөөлөгч Чое Сон Хуйг Гадаад хэргийн сайдаар томилжээ.

Хойд Солонгосын тусгаар тогтнолыг хамгаалахын тулд цэргийн хүч, батлан хамгаалахын судалгааг нэмэгдүүлэх зорилтуудыг мөн хурлаар танилцуулжээ. Энэ талаар төрийн мэдээллийн “KCNA” агентлаг өнөөдөр /2022.06.11/ мэдээллээ.

Хойд Солонгос долоо дахь удаагаа цөмийн туршилт хийхээр бэлтгэж буйтай холбогдуулан хэрвээ ийм туршилт хийвэл НҮБ-аас дахин хориг арга хэмжээ авна гэж анхааруулаад буй. Шинэ Гадаад хэргийн сайдын томилгоо энэхүү анхааруулгатай холбоотой гэж үзэж байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэхдээ, “Хойд Солонгос цөмийн туршилт хийх эсэхийг АНУ маш анхааралтай ажиглаж байна” гэсэн.

Дашрамд дурдахад, Өмнөд Солонгос болон АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар өнөөдөр Сингапурт болох Шангри-Ла хэлэлцээний үеэр уулзах юм байна.

Categories
гадаад мэдээ

Бритни Спийрс, Сэм Асгари нар хуримаа хийлээ DNN.mn

ФОТО: Бритни Спийрс, Сэм Асгари нар хуримаа хийлээ

Алдарт дуучин Бритни Спийрс, жүжигчин, фитнесийн дасгалжуулагч, 28 настай Сэм Амгари нар пүрэв гарагт Лос Анжелест хуримаа хийлээ.

Хуриманд 60 гаруй зочин хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний дунд дуучин Мадонна, Дрю Бэрримор, Пэрис Хилтон зэрэг алдартнууд иржээ. Бритни Спийрс Versace-гийн даашинзаар гоёсон бөгөөд Элвис Преслигийн “Canʼt Help Falling in Love” дууны аянд алхжээ.

Спийрс, Асгари нар 2016 онд “Slumber Party” дууны клипний зураг авалтын үеэр танилцсан бөгөөд түүнээс таван сарын дараа Бритни өөрөө Асгари руу залгасан байна. Тэд 2021 оны есдүгээр сард сүй тавьснаа зарлажээ. 2022 оны эхээр Бритни бие давхар болсон ч зулбасан гэж мэдээлсэн юм.

Бритни Спийрсийг түүний аав Жэймс Спийрсийн асран хамгаалалтаас сулласнаас хойш буюу долоон сарын дараа ийнхүү хурим болсон байна. Түүний амьдралд болон санхүүд нь аав нь 2008 оноос хойш хяналт тавьж ирсэн юм.

Бритни Спийрсийн аав, ээж хоёр хуриманд оролцоогүй байна. Учир нь асран хамгааах эрхгүй болсноос хойш дуучин бүсгүй эцэг, эхээсээ харилцаагаа тасалжээ. Спийрсийн хоёр хүү оролцох боломжтой байсан ч хуриманд очоогүй байна. Тэдний аав Кевин Федерлайны өмгөөлөгч хөвгүүд нь ээжийнхээ өмнөөс баяртай байгаа гэж мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Оросын жүдочид IJF-ийн нэрийн өмнөөс Улаанбаатарын Их дуулгад барилдах мэдүүлэг өглөө DNN.mn

Орос, Украины дайны улмаас хойд хөршийн тамирчдыг оролцуулахаас олонх тэмцээн татгалзан, бойкотлосоор байгаа билээ. Улаанбаатар хотод энэ сарын 24-26-нд болох Их дуулга тэмцээнд Оросын жүдочид өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээжээ. Ингэхдээ Оросын бус Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс барилдах санал гаргасан байна.

ОХУ-ын багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга Яго Абуладзе, “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт Мадина Таймазова, Европын хошой аварга Михаил Игольников нарын 28 жүдоч багтжээ.

Оросын жүдочдыг Улаанбаатарын Их дуулгад оролцуулж, дайныг өөгшүүлэхүй байхыг бусад орны тамирчид уриалсаар байна.