Categories
гадаад мэдээ цаг-үе

Канад НҮБ-ын хүнсний хөтөлбөрт 193 сая ам.доллар олгоно DNN.mn

ОХУ Украин руу довтолсноос үүдэлтэй үнийн өсөлт, хүнсний хямралыг шийдвэрлэхийн тулд нэмэлтээр 250 сая канад доллар буюу 193 сая ам.доллар НҮБ-д олгохоо Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо пүрэв гарагт мэдэгдэв.

“Бид энэ оны эхээр дэлхийд үүсээд буй хүнсний хямралыг шийдвэрлэхэд зориулж НҮБ-ын хүнсний хөтөлбөрт хагас тэрбум ам.доллар олгосон, мөн нэмэлтээр 250 сая канад доллар олгоно” гэж Ерөнхий сайд Жастин Трюдо Руанда улсын нийслэл Кигали хотод болсон Хамтын нөхөрлөлийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.

Дэлхийн үр тарианы томоохон үйлдвэрлэгч, экспортлогч Украинд Орос довтолсон нь шатахуун, газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж байна гэж Ройтерс агентлагийн сэтгүүлч тэмдэглэжээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-д хувийн нисдэг тэрэг осолдож, 6 хүн нас баржээ DNN.mn

АНУ-ын Баруун Виржиниа мужийн Логан дүүрэгт хувийн хэвшлийн “Bell UH-1B” загварын нисдэг тэрэг осолдож, зорчиж явсан зургаан хүн бүгд амиа алдсан талаар орон нутгийн WYMT-TV суваг мэдээлэв.

Онгоц орон нутгийн цагаар 17:00 цагийн орчимд буюу Монголын цагаар зургаадугаар сарын сарын 22-ноос 23-ны шилжих шөнө 00:00 цагийн орчим осолдсон аж. Нисдэг тэрэг хурдны замын ойролцоох уулархаг газарт осолдсон байна.

Ослын газарт Онцгой байдлын албаныхан ирж, хурдны замыг хаасан байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа тул Холбооны нисэхийн захиргаа болон Америкийн Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл ослын нөхцөл байдлыг судлахаар ажиллаж байна.

Өөр нэг мэдээг дуулгахад, өчигдөр /2022.06.22/ Майамигийн нисэх онгоцны буудалд онгоц шатаж, гурван хүн шархадсан юм.

Эх сурвалж: USNews

Categories
гадаад мэдээ цаг-үе

Афганистанд хүчтэй газар хөдлөлт болж 1000 гаруй хүн амиа алдлаа DNN.mn

Афганистанд 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1000 гаруй хүн амиа алдаж, 1500 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Тус улсын дотоод хэргийн яамны төлөөлөгч Салахуддин Аюби хэвлэлд ярихдаа “Зарим тосгодууд алслагдмал уулын бүс нутагт оршдог учраас дэлгэрэнгүй мэдээлэл авахад цаг хугацаа хэрэгтэй байна” гэжээ.

Голомт нь Афганистаны зүүн өмнөд зүгт Хост хотоос 44 км-ийн зайд 51 км-ийн гүнд болсон гэж Америкийн газар хөдлөлт судлаачид үзэж байна. Аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар ажиллаж байна. Газар хөдлөлт шөнийн 01:30 цагийн орчимд буюу хүмүүс унтаж байх үеэр болжээ. Газар хөдлөлтийн голомтоос 500 км-ийн зайд ч чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Афганистаны орон нутгийн бүсэд томоохон хэмжээний барилга байгууламж байхгүй, иргэд фундаментгүй шавар байшингуудад амьдардаг тул газар хөдлөлтийн улмаас асар их хохирол амсдаг байна.

Тус улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. НҮБ-ын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд 7000 гаруй хүн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан байна.

Эх сурвалж: ВВС

Categories
гадаад мэдээ

АНУ-д цагдаа нар иргэдээсээ зэвсэг худалдан авч эхэллээ DNN.mn

Флорида мужид цагдаа нар ард иргэдээсээ гар бууг 50 ам.доллар, ангийн бууг 100 ам.доллар, АК-47 эсхүл AR-15 загварын винтов бууг 150 ам.доллароор худалдан авч эхэллээ. Худалдаж авсан тэдгээр зэр зэвсгүүдээ Украины цэргүүдэд илгээх аж.

Майамигийн цагдаа нарын хүсэл бол хотын гудамжинд зэвсэг хэрэглэхээс татгалзаж, оросын цэргүүдийн эсрэг тулалдаж буй украин цэргүүдэд өгөх юм. Энэ талаар “Вашингтон Пост” /Washington Post/ сонин нийтэлжээ.

Майами мужийн эрх баригчид “Guns 4 Ukraine” буюу “Зэвсгийг Украинд” хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа зарласан тухай хэвлэлүүд онцолжээ. Өнгөрсөн бямба гарагт сэтгүүлчдийн мэдээлснээр, өөрт буй зэвсгүүдээ мөнгөөр солихыг хүссэн иргэд Майами хотын захиргааны ойролцоо дараалал үүсгэн цугларсан аж.

Categories
гадаад мэдээ

Амбер Херд салалтынхаа тухай ном бичнэ DNN.mn

Холливудын нэрт жүжигчин Жонни Деппийн нэр төрд халдсан гэх үндэслэлээр өрнөсөн шүүх хурал дууссан ч Амбер Херд бууж өгөхгүй байх шинжтэй. Тэрбээр шүүх хурлын тухай нэвтрүүлэгт ярилцлага өгч, түүнд оноосон шийтгэл нь шударга бус гэх мэт мэдээлэл тараасан. Шүүхээс Амберыг Деппэд 10 сая ам.долларын нөхөн төлбөр олгохыг шаардсан. Гэхдээ Амберт тэр хэмжээний мөнгө байхгүй гэдгийг түүний өмгөөлөгч ярьсан юм. Тэгвэл Амбер нөхөн төлбөрийн мөнгө олох шинэ санаа гаргасан нь ном бичих аж.

Амбер хуучин нөхөртэйгөө хэрхэн амьдарч байсан талаар болон салалт яаж өрнөсөн тухай ном бичнэ гэв. Гэхдээ ном бичсэнээр Амбер дахин шүүхэд дуудагдах боломжтой болох юм. Учир нь 2018 онд Амбер “The Washington Post” сонинд Жонни Деппын нэрийг гаргаагүй ч, хүчирхийлүүлж амьдарч байснаа ярьж нийтэлсэн. Тиймээс Амберын бичих ном тус сонины нийтлэлтэй ижил төстэй сэдвийг агуулах тул Жонни түүнийг шүүхэд дахин дуудах эрхтэй болох юм.

Categories
гадаад мэдээ

Кэти Ледеки 17 дахь удаа усанд сэлэлтийн дэлхийн аварга боллоо DNN.mn

Америкийн усанд сэлэгч Кэти Ледеки 17 дахь удаа дэлхийн аварга болж дээд амжилт тогтоолоо. Тэрээр Унгарын нийслэл Будапешт хотод болсон тэмцээний эмэгтэйчүүдийн 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүлсэн юм.

Энэ нь түүний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан 20 дахь медаль бөгөөд Америкийн усанд сэлэгч Натали Кофлинтой тэнцэж байна.

Уралдааны дараа Ледеки “Жил бүр АНУ-ыг төлөөлж байгаа нь нэр төрийн хэрэг. Энэ бол миний шаргуу хөдөлмөрийн ач тус” хэмээжээ.

Токио 2020 олимпоос хошой алт, хошой мөнгөн медаль хүртсэн, олимпын ганцаарчилсан төрөлд зургаан алтан медальтай Ледеки өдгөө 25 настай.

Categories
гадаад мэдээ

Герман улсын амласан зэвсэг Украинд иржээ DNN.mn

Герман улсын засгийн газрын амласан зэр зэвсгийн тусламжийн эхний хэсэг Украинд ирсэн тухай Киевийн албаны эх сурвалж Мягмар гаригт мэдээлжээ.

“Бид хүчээ сэлбэлээ. Германы Panzerhaubitze 2000 их буунууд бэлтгэгдсэн цэргүүдийн хамт Украины их буучдын гэр бүлд нэгдлээ” гэж тус улсын батлан хамгаалахын сайд Олексий Резников сошиал хуудсандаа бичсэн байна.

Panzerhaubitze 2000 нь Бундесверийн зэвсэглэлд одоо байгаа хамгийн хүчтэй их буунуудын нэг юм.

Өөрөө явагч уг их буугаар 40 км хүртэл алсаас цохилт өгөх боломжтой.

Тавдугаар сард Германы эрх баригчид долоон ийм их бууг Украинд илгээхээ мэдэгдэж байсан юм. Нидерланд улс мөн өөрийн нөөцөөс таван ийм их бууг нэмж Украинд илгээжээ.

Германы тал бас Gepard танк 30 ширхгийг, MARSII олон пуужин харвагч гурван ширхэг, мөрөн дээрээс харвах боломжтой Stinger пуужингийн систем 500 ширхгийг Украинд нийлүүлэхээр амласан юм.

Киевийн эрх баригчид Оросын эзлэн түрэмгийлэгчдийг нутаг дэвсгэрээсээ хөөн гаргахад 1,000 их буу, 500 танк, 1,000 дрон хэрэгтэйг өмнө нь мэдээлж байв.

Герман, Нидерландаас гадна АНУ, Их Британи, Франц, Норвеги, Польш улсууд Украинд өөрөө явагч болон чирүүлдэг их буунуудыг нийлүүлээд байна.

Categories
гадаад мэдээ

АНУ 5-аас доош насны хүүхдүүдэд “КОВИД-19”-ийн вакцин тарьж эхэллээ DNN.mn

АНУ даяар өнөөдрөөс эхлэн 5-аас доош насны хүүхдүүдэд КОВИД-19-ийн вакцин тарьж эхэллээ.

Тус улсын Хүнс, эмийн захиргаанаас өнгөрсөн долоо хоногт Moderna вакциныг 6 сартайгаас 17 хүртэлх насны хүүхдэд, Pfizer/BioNTech вакциныг 6 сартайгаас 4 хүртэлх насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөн юм.

Улмаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс 5-аас доош насны хүүхдүүдэд вакцин тарих ажлыг эхлүүлж байгаа аж.

АНУ-д вакцинд хамрагдах боломжтой 5-аас доош насны 17 сая хүүхэд бий.

Categories
гадаад мэдээ

Орос улс Хятадын хамгийн том нефтийн нийлүүлэгч боллоо DNN.mn

Украины дайнаас үүдэлтэй хориг арга хэмжээний улмаас Москвагаас хямд үнээр түүхий нефтээ Бээжинд худалдаж буй. Улмаар Орос улс нь Хятадын хамгийн том газрын тос нийлүүлэгч болoв. ОХУ-ын нефтийн импорт өнгөрсөн оны мөн үеэс 55 хувиар өсч, тавдугаар сард дээд амжилт тогтоожээ. Энэ үзүүлэлт нь Саудын Арабыг даван гарч Хятадын хамгийн том нийлүүлэгч болсон гэдгийг илтгэв. Цар тахлын хязгаарлалт болон удааширч буй эдийн засгийн эрэлт хэрэгцээ багассан ч Хятад улс нь Оросоос нефть худалдан авахаа нэмэгдүүлэв.

Үүний нэг илрэл нь хоёрдугаар сард Хятад, Оросын удирдагч нар хоёр улсын найрамдалт харилцаанд хязгаар байхгүй гэж мэдэгдсэн юм. Украины эсрэг хийсэн дайны улмаас Европын болон АНУ-ын худалдан авагчид Оросын эрчим хүчнээс татгалзаж байгаатай холбогдуулан Хятадын компаниудын худалдан авалт нэмэгдсэн. Тэр дундаа улсын боловсруулах үйлдвэр Синопек, төрийн мэдлийн Жэнхуа Ойл зэрэг компаниуд Оросын түүхий нефтийн худалдан авалтаа сүүлийн саруудад нэмэгдүүлсэн байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, өнгөрсөн сард тус улс руу Зүүн Сибирийн Номхон далайн хоолойгоор нийлүүлсэн хэмжээ болон далайгаар тээвэрлэсэн нийлүүлэлтийн хэмжээ нийтдээ 8.42 сая тонн болжээ.

Өмнө нь Хятад улс Саудын Арабаас 7.82 тонн нефть худалдан авч байсан юм. АНУ, Их Британи гуравдугаар сард Оросын нефтийг хориглоно гэж мэдэгдсэн. Энэ нь барууны орнууд Украины түрэмгийллийн эсрэг эдийн засгийн хариу арга хэмжээг эрчимжүүлж байгаатай холбоотой. Мөн Европын холбоо нь Оросын хийнээс хамааралтай байдлаа зогсоохоор ажиллаж байна. Гэхдээ Оросын газрын тосны орлого аль хэдийн багасаж эхэлсэн бөгөөд Европын бусад орнууд эрчим хүчний өөр эх үүсвэр хайх эрэл нь амжилттай өрнөж байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Сингапур, Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлуудыг илрүүлснээ Сингапур, Өмнөд Солонгосын эрх баригчид өчигдөр зарлажээ.

Сингапурт илэрсэн тохиолдол нь энэ сарын дундуур тус хот улсын чиглэлийн нисэх онгоцонд үйлчлэгчээр ажиллаж байсан Британийн иргэн, 42 настай эрэгтэй юм байна.

Өвчтөн одоо Сингапурын Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ.

Түүнтэй хавьтал болсон 13 хүнийг илрүүлэн хамгийн сүүлд уулзсанаас нь хойш 21 хоногийн хугацаатай тусгаарласан байна.

Сингапурт үүнээс гурван жилийн өмнө сармагчны цэцэг өвчний халдварын сүүлийн тохиолдол илэрч байжээ.

Өчигдөр бас гадаадаас ирсэн хоёр хүнээс сармагчны цэцэг өвчний вирус анх удаа илрүүлснээ Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Энэ сарын эхээр тус улс сармагчны цэцэг өвчнийг хоёрдугаар төвшний халдварт өвчний ангилалд албан ёсоор бүртгэсэн юм. Уг өвчин нь ковид, холер, салхин цэцэг зэрэг бусад 22 халдварт өвчинтэй нэг ангилалд орсон байна. Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яам халдварт өвчнүүдийг аюулын зэрэглэлээр нь дөрөв ангилдаг юм.

Одоогоор сармагчны цэцэг өвчний халдварын нийт 2,500 гаруй тохиолдол дэлхийн 35 улсад бүртгэгдээд байна.

Эх сурвалж: Reuters