Categories
гадаад мэдээ

Европын Холбоо ОХУ-ын эсрэг долоо дахь багц хориг арга хэмжээг баталжээ DNN.mn

Европын холбоо Монголыг

Европын Холбооны /ЕХ/ Зөвлөл ОХУ-ын эсрэг долоо дахь багц арга хэмжээг баталсан тухай Европын Комиссын /ЕК/ дарга Урсула фон дер Ляйен твиттер хуудсандаа мэдээлжээ.

“Гишүүн орнууд Кремлийн эсрэг бидний чангатсан, урт хугацааны хориг арга хэмжээг баталсан. Би үүнийг сайшааж байна” гэж тэрбээр бичсэн байна.

ЕК-ын даргын хэлснээр, шинэ багц хориг арга хэмжээ нь ЕХ “хэдий чинээ шаардагдана төдий чинээгээр хүчтэй шахалт” үргэлжлүүлэн үзүүлэхэд бэлэн байгаа тухай “хүчтэй дохиог” Москвад өгнө.

Хориг арга хэмжээ ЕХ-ны Албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр болно.

Оросын эсрэг долоо дахь багц хориг арга хэмжээг ЕХ-ны гишүүн орнуудын байнгын төлөөлөгчид долоодугаар сарын 20-нд баталжээ.

Хоригийн жагсаалтад улстөрчид, цэргийн албан хаагч нар зэрэг 50 гаруй хувь хүн, хуулийн этгээд багтсан байна.

Үүнээс гадна Оросын алт, үнэт эдлэлийг худалдан авах, импортлохыг хоригложээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден коронавирусийн халдвар авчээ DNN.mn

Ж.Байден гадаад бодлогын ямар чиг шугамыг баримтлах вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусний халдвар авсан тухай Цагаан ордноос мэдээллээ. Түүнд пүрэв гарагт хийсэн коронавирусийн шинжилгээний хариу “эерэг” гарчээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерийн мэдээлснээр, өдгөө 79 настай Ерөнхийлөгч вакцинд бүрэн хамрагдсан тул “маш хөнгөн” шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

Төрийн тэргүүн “Paxlovid” эмийг хэрэглэж байгаа гэж мэдээлж байна. Энэ нь “Pfizer” компанийн үйлдвэрлэсэн эм бөгөөд дархлааны систем халдвартай тэмцэж байх үед “Covid-19”-ийн вирусийн үржлийг дарангуйлж, бие дэх коронавирусний түвшинг бага байлгадаг байна.

Цагаан ордны коронавирусний асуудлыг зохицуулагч доктор Ашиш Жа мэдэээлэл өгөхдөө, Ж.Байден халуураагүй ч хамраас нь нус гоожиж, хуурай ханиалгаж, сульдаж байна гэжээ.

Ж.Байден биеийнх нь байдал сайн байгааг твиттер хуудсандаа бичжээ. “Би маш сайн байна, хүмүүсээ. Санаа тавьсанд баярлалаа. Дөнгөж сая сенатч Кэйси, Конгрессын гишүүн Картрайт, хотын дарга Когнетти (мөн Скрантон дахь үеэл дүү нар) нар руу утасдаж, өнөөдрийн арга хэмжээг өнгөрөөсөндөө харамсаж байгаагаа илэрхийлэв” гэж тэрбээр бичсэн байна.

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байдены Делавэрт өгсөн шинжилгээний хариу “сөрөг” гарчээ. Дэд ерөнхийлөгч Камала Харрис пүрэв гарагт Хойд Каролинад үр хөндүүлэх эрхийн асуудлаарх арга хэмжээнд оролцсон байна. Дөрөвдүгээр сард ковидоос эдгэрсэн түүний сүүлийн шинжилгээ “сөрөг” гарсан болохыг Цагаан ордон баталжээ.

Карине Жан-Пьерийн хэлснээр, Цагаан ордны протоколын дагуу Ж.Байден шинжилгээнийх нь хариу сөрөг гарах хүртэл тусгаарлалтын дэглэмд ажиллана. Энэ бүх хугацаанд тэрбээр утсаар болон “Zoom”-ээр уулзалтад оролцох аж.

Categories
гадаад мэдээ

Гана улсад Марбургийн вирусийн анхны тохиолдол илэрчээ DNN.mn

Африкийн Гана улсад Эбола вирустэй овог нэг, үхлийн аюултай Марбург вируст халдварын анхны тохиолдол илэрчээ. Халдвар авсан эхний хоёр өвчтөн тус улсын Ашанти мужийн эмнэлэгт нас барсан байна.

Тэдгээрийн шинжилгээг Сенегал дахь лабораторид шинжлүүлэхээр энэ сарын эхэнд өгсөн бөгөөд Марбург болох нь өнөөдөр батлагджээ. Одоогоор ойрын хавьтал болсон 98 хүнийг тусгаарласан байна.

Марбург өвчнийг эмчлэх тодорхой эмчилгээ байхгүй ч ус их уух нь амьд үлдэх боломжийг нэмнэ гэж эмч нар зөвлөдөг.

Тус вирус жимсний сарьсан багваахайгаас хүнд халдварладаг бөгөөд хүнээс хүнд шингэн зүйлээр дамжин халдварладаг байна. Толгой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, цусаар бөөлжих нь өвчний гол шинж тэмдэг аж.

Гана улсын албаныхан иргэдийг агуйд ойртохгүй, мах идэхдээ гүйцэд болгохыг сануулж байна.

Өмнө нь Африкийн Кени, Ардчилсан Конго, Өмнөд Африк, Уганда улсуудад Марбургийн хэд хэдэн халдвар дэгдэж байсан ба анхны тохиолдол нь 1967 онд Германд бүртгэгдэж байв.

Хамгийн сүүлд 2005 онд Ангол улсад халдвар дэгдэхэд 200 хүн амь үрэгдэж байсан.

Categories
гадаад мэдээ

Иран ОХУ руу дрон илгээснээ үгүйсгэв DNN.mn

Иран ОХУ руу дрон илгээснээ үгүйсгэв

“ОХУ-д ашиглах дрон өгөхөөр төлөвлөж байна” гэсэн АНУ-ын засгийн газрын мэдэгдлийг Иран няцаав. Иран Орост олон зуун дрон, тэр дундаа зэвсгийн хүчин чадалтай нисгэгчгүй онгоц нийлүүлэхээр бэлтгэж байна гэсэн мэдээлэл байгаагВашингтон мэдэгджээ.

Тегеран хариуд нь, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай утсаар ярилцсан талаар мэдэгдсэн байна. Тус яам “Амир-Абдоллахиан Вашингтоны үндэслэлгүй буруутгалыг няцааж, Украинд тайлбарласан” гэж мэдэгджээ.

Амир-Абдоллахиан Украины дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд, “Мөргөлдөөнийг хурцатгахад хүргэсэн аливаа үйлдлийг бид эсэргүүцэж байна” гэж хэлсэн байна. Үүний зэрэгцээ Ираны засгийн газар НАТО-г өргөжүүлэх нь бүс нутагт ноцтой аюул учруулж байна гэж мэдэгджээ.

Categories
гадаад мэдээ

Рики Мартин 50 хүртэл жилийн хорих ял авч магадгүй DNN.mn

Рики Мартин 50 хүртэл жилийн хорих ял авч магадгүй

Пуэрто-Рикогийн нэрт дуучин Рики Мартин зээ дүүтэйгээ дотно харилцаатай байсан нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын явцад илэрчээ. Испанийн “Marca” агентлагийн мэдээлснээр, тэрбээр 50 жилийн хорих ял авч магадгүй аж.

Тус агентлагийн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд “Хохирогчийн хэлснээр, Рики Мартин долоон сар үргэлжилсэн дотно харилцааныхаа үеэр бие махбод болон сэтгэл зүйн дарамт үзүүлсэн. Гомдол гаргагч нь дүүгийнх нь хүү болохыг “харгалзан үзвэл” түүнд өөр шийтгэл хүлээлгэх нь гарцаагүй. Рики Мартин 50 жилийн хорих ял авч магадгүй” гэж дурджээ.

Гаднын хэвлэлүүдэд Мартиныг бэлгийн хүчирхийлэл, цус ойртолтын хэрэгт буруутгаж буй талаар мэдээлсэн байна. Дээрх хэрэг яг хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй байгаа аж.

Пуэрто-Рикогийн алдарт одын өмгөөлөгч нар Рики Мартин зээ дүүтэйгээ дотно харилцаатай байсан гэх мэдээллийг үгүйсгээд зогсохгүй сүүлийн үед тэрбээр сэтгэл зүйн маш хүнд цохилтод орж, шаналж буй талаар мэдээлсэн байна. Мартины төлөөлөгчид энэ сарын эхээр “People”-д өгсөн ярилцлагадаа “Рики Мартины эсрэг худал нэхэмжлэл гаргасан, бүгд зохиомол. Энэ хэргийн үнэн мөн илэрч, үйлчлүүлэгч маань гэм буруугүй нь тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Дуучны хувьд ч твиттер хуудсаараа дамжуулан өөрийг нь гүтгэж буйг мэдэгдээд, өөрийг нь дэмжиж буй бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хөндлөнгөөс оролцох тухай хуулийн 54-р зүйлд заасны дагуу гомдол гаргасны дараа Мартины ах Эрик Мартин хэргийн хохирогч нь дуучны зээ дүү Деннис Ядиэль Санчес болохыг илчилсэн талаар “Marca” мэдээлжээ. Деннис Ядиэль Санчес нь Рикигийн дүү Ванесса Мартины хүү аж.

Нэрт дуучинд холбогдох хэргийн шүүх хурал долдугаар сарын 21-нд эхлэх бөгөөд Деннис Ядиэль Санчес оролцож, шүүгчийн асуултад хариулах юм байна.

Categories
гадаад мэдээ

Абэгийн аллагын сэжигтний ээж Эв Нэгдлийн сүмд 100 сая иен хандивлаж байжээ DNN.mn

Япон улсын ерөнхий сайд асан Абэ Шинзо өнгөрсөн долоо хоногт зэвсэгт этгээдийн халдлагад өртөж, амь насаа алдсан билээ.

Аллагын сэжигтэн болох 41 настай Тэцуяа Ямагами эхлээд ээжээс нь их хэмжээний мөнгө хандивт авч, гэр бүлийг нь дампууруулсан шашны байгууллагын тэргүүний аминд халдах төлөвлөгөөтэй байсан гэдэг.

Гэвч тэр сүүлд уг байгууллагыг дэмждэг гэсэн үндэслэлээр экс ерөнхий сайдын амийг бүрэлгэжээ. Сэжигтний авга ах өчигдөр Японы хэвлэлд ярихдаа Ямагамигийн ээж нийтдээ 100 сая иенийг ($721,000 орчим) Эв Нэгдлийн сүмд хандивласан болохыг баталсан байна.

Эв Нэгдлийн сүм нь 1954 онд Өмнөд Солонгост байгуулагдсан шашны байгууллага бөгөөд хүмүүсийн дунд Мүүний шашин гэж нэрлэгддэг. Тус байгууллага Японд 600,000 орчим гишүүнтэй томоохон салбартай юм байна. Гэр бүл нь 2002 онд санхүүгийн хувьд дампуурсан ч сэжигтний ээж бага хэмжээний мөнгийг сүмдээ цувуулан хандивласаар байсан гэнэ.

“Тэр сүмийнхээ маш идэвхтэй гишүүн болсон байсан. Түүний ухаан санаа бусдын хяналтад орсон байсан гэдэгт би итгэлтэй байна” гэж сэжигтний авга ах ярьжээ. 1984 онд эцэг нь амиа хорлосны дараа сэтгэл санааны хямралд орсон эмэгтэй 1991 оноос эхлэн Эв Нэгдлийн сүмд явах болсон гэнэ.

Ямагами эцгийнхээ адил толгой сайтай нэгэн байсан ч санхүүгийн боломжгүй учраас их сургуульд элсэж чадаагүйг авга нь ярьжээ. Тэрбээр 2005 онд амь насны даатгалын мөнгөө гэр бүлдээ өгүүлэхийн тулд амиа хорлохыг хүртэл завдаж байсан гэнэ. “Ерөнхий сайд агсан Нобусуке Киши сүмийн салбарыг Японд байгуулагдахад тусалж байсан. Тиймээс би түүний ач хүүг (Абэ) алсан юм” гэж Ямагами мэдүүлсэн тухай мөрдөн байцаалтын эх сурвалж мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчид Энэтхэгийн Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлжээ DNN.mn

Нэгдүгээр сарын 26: Бүгд найрамдах Энэтхэг улсыг байгуулав

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Нат Ковинд мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээндээ Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, найрсаг Монголын ард түмэнд Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар, Энэтхэгийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Энэтхэг, Монгол нь оюун санааны ойр дотно хөрш бөгөөд Стратегийн түншүүд билээ. Цар тахлын улмаас тулгарч буй сорилтуудыг үл харгалзан бидний олон талт хамтын ажиллагаа бүх талаар цэцэглэн хөгжиж байгааг тэмдэглэхэд нэн таатай байна. Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын “Их дүйчэн” өдрөөр Энэтхэг улсад хадгалагдаж буй Бурхан багш Буддагийн ариун чандарыг Монгол Улсад залж, сүсэгтэн олон, ард иргэдэд дэлгэн үзүүлсэн нь бидний Буддын шашны гүн гүнзгий хэлхээ холбоо, ижил төстэй өв соёл, шашин шүтлэгтэйг гэрчилж байна.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч таны манлайлал дор манай хоёр орны Стратегийн түншлэл олон салбарт өргөжин тэлж, хамтын ажиллагааны шинэ гарцуудыг нээж өгнө гэдэгт миний бие итгэл төгс байна. Энэхүү завшааныг ашиглан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхны ерөөл дэвшүүлье. Энэ ялдамд, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч танд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж буйг минь хүлээн авна уу” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабая Ражапакса албан ёсоор огцорлоо DNN.mn

Шри-Ланкийн Ерөнхийлөгч Путинаас тусламж хүсэв ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Эх орноосоо зугтан гарсан Шри Ланкийн Ерөнхийлөгч Готбая Ражапакса Сингапурт очсоныхоо дараа албан тушаалаасаа албан ёсоор огцорсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Тэрбээр даваа гаргийн шөнө байлдааны онгоцоор Шри Ланкаас зугтаж, Мальдив улсад очоод байсан. Улмаар өчигдөр эхнэр, хоёр бие хамгаалагчийн хамт Сингапурт иржээ. Гэхдээ одоогоор албан ёсоор орогнол хүсээгүй бололтой. Сингапурын Гадаад харилцааны яамнаас гаргасан тайлбарт “Готабая Ражапакса одоогоор орогнол хүсээгүй. Манай улс ер нь улс төрийн орогнол өгдөггүй” хэмээн онцолсон байв.

Г.Ражапакса эхнэрийн хамт Сингапурт, хувцасны дэлгүүрт байгаа нь. Гэрэл зураг: Newswaali.com

Эх орноосоо оргон зугтсан түүний үйлдлийг шинжээчид “Ард иргэдийн эсэргүүцэл нэмэгдэж, түүнийг баривчлах юм уу, түүнээс ч хүнд шийтгэл ногдуулах эрсдэлтэй байсан учир албан тушаалаа өгөхөөсөө өмнө гэр бүлтэйгээ хамт зугтсан” хэмээн бичиж байна.

Ерөнхийлөгчөө огцорсон тухай мэдээг Шри Ланкийн ард иргэд баярлан хүлээж авсан талаар ВВС агентлагийн мэдээлэлд дурджээ.

Шри Ланкачууд Ерөнхийлөгчөө огцорсон мэдээллийг хүлээж авч буй нь. Гэрэл зураг: newstvus.com

Шри Ланкад түүний үүргийг Ерөнхий сайд Ранил Викремесингхе орлож үлдсэн ч тангараг өргөх хүртлээ түр Ерөнхийлөгч гэж тооцогдохгүй гэнэ. Тэгээд ч ард олон улс орны эдийн засгийн нөхцөл байдалд Ранилыг мөн адил буруутгаж, огцрохыг шаардаж буй тул тус улсад улс төрийн нөхцөл байдал цаашдаа хэрхэн өрнөхийг таамаглах боломж хомс байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Унгар улс онц байдал зарлав DNN.mn

Унгар улсад суралцах тэтгэлэг зарлагдлаа | News.MN

Европт эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж, үнэ өссөнтэй холбогдуулан Унгар улс онц байдал зарлажээ. Тус улсын засгийн газар дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд байна.

Унгарын Ерөнхий сайдын тамгын газрын дарга Гергели Гуляс бүс нутгийн эрчим хүчний хямралд Украины дайн болон ОХУ-д тавьсан Европын холбооны хориг арга хэмжээг буруутгав. Тэрээр Будапештэд болсон хэвлэлийн бага хурал дээр “Европ тив намар, өвлийн халаалтын улиралд хангалттай хийгүй байх магадлалтай” гэжээ.

Унгар жилийн байгалийн хийн олборлолтоо 1.5 тэрбум шоо метрээс хоёр тэрбум шоо метр болгож нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд нүүрсний олборлолтыг нэмэгдүүлж, Матра дахь хүрэн нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг сэргээхээр төлөвлөж байна. Унгарын цорын ганц атомын цахилгаан станц үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд ажиллах хугацаагаа уртасгах болов.Мөн иргэдэд хэрэглээгээ зохицуулж, илүү гарсаныг нь зах зээлийн үнээр төлөх үүрэг өгчээ.

Засгийн газар хуралдаж, Европын эрчим хүчний онцгой байдлыг хэлэлцсэний дараа дээрх мэдэгдлүүд гарчээ.

Унгар улс ОХУ-аас олборлосон түлшнээс ихээхэн хамааралтай. Тухайлбал өнгөрсөн онд Газпромтой байгалийн хий худалдан авах 15 жилийн гэрээ байгуулсан. Тус улс нь газрын тосны хэрэгцээнийхээ 65 орчим хувийг, байгалийн хийн хэрэгцээний 85 хувийг Оросоос авдаг.

Унгарын ерөнхий сайд Оросын нефтийн экспортод хориг арга хэмжээ авах тухай Европын холбооны саналын эсрэг байр суурьтай байсан. Ийм арга хэмжээ нь Унгарын эдийн засгийг сүйрүүлнэ гэж үзжээ.

Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто ямар нэг өөр улсаас 700 сая шоо метр хий нэмж худалдаж авахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.

Categories
гадаад мэдээ

Беларусь улс ШХАБ-д элсэх хүсэлтээ илэрхийллээ DNN.mn

Беларусь улс ШХАБ-д элсэх хүсэлтээ илэрхийллээ

Беларусь улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх хүсэлт гаргажээ. Үүнтэй холбогдуулан тус холбоо шаардлагатай хууль эрх зүйн процедурыг эхлүүлэхэд бэлэн хэмээн ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин өнөөдөр /2022.07.15/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

ШХАБ-ын ээлжит хуралдаан энэ оны есдүгээр сард Узбекистаны Самарканд хотод болно. Хэрэв Беларусь улс ШХАБ-ын эгнээнд элсвэл Самаркандад болох хуралдаанаар үеэр эгнээндээ элсүүлэх ажиллагаа албан ёсоор эхэлнэ хэмээн эх сурвалжууд мэдээлж буй.

ШХАБ нь Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм. ШХАБ-ын байгуулагдаж буйг БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикистан, Узбекистан Улсын удирдагчид 2001 оны зургаадугаар сарын 15-нд Шанхай хотноо зарлан тунхагласан.

Улмаар ШХАБ-ын дүрмийн баримт бичигт 2002 оны зургаадугаар сард гарын үсэг зурснаар 2003 оны есдүгээр сарын 19-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. Узбекистан улсаас бусад таван орон нь 1996 оны 4 дүгээр сарын 26-нд Шанхай хотод байгуулагдаж байсан “Шанхайн тав” бүлгэмийг бүрдүүлж байсан юм. Харин 2017 онд Казахстаны Астана хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр БНЭУ, Пакистан улс бүрэн эрхт гишүүнээр элссэн.