Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Аватар” дэлхийн бүх цаг үеийн хамгийн их орлого олсон киногоор дахин шалгарчээ

Канадын найруулагч Жеймс Кэмероны уран бүтээл “Аватар” хамгийн их орлоготой киногоор дахин шалгарчээ.

Тодруулбал, БНХАУ-д энэ киног дахин гаргахад энэ сарын 13-ны байдлаар кассын орлого нь найман сая ам.доллар давсан байна. Судлаачдын тооцоолж байгаагаар энэ нь БНХАУ-ын зах зээлээс 58 сая ам.доллар цуглуулж магадгүй гэнэ.

Анх 2009 онд дэлгэцэнд гарсан “Аватар” кино дэлхийн зах зээлээс нийтдээ 2.8 тэрбум ам.доллар цуглуулж байсан бол сүүлчийн “Өшөө авагчид:Төгсгөл” кино нь 2.79 тэрбум ам.доллар цуглуулсан юм.

Мөн дэлгэцэнд гараад 41 хоногийн дараа кино урлагийн түүхэнд хамгийн их орлоготой кино болж “Титаник” киноны дээд амжилтыг эвдэж байв.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Шуугиан дэгдээж буй “Пентхаус” цувралын сонирхолтой баримтууд

Цахим орчинд нэлээдгүй шуугиан дэгдээж буй “халуухан” ярианы сэдэв БНСУ-ын “Пентхаус” нэрт олон ангит кино болоод байна. Хайр сэтгэл, өс хонзон, өшөө авалт, эхийн хайр, өрсөлдөөн хосолсон 100 давхар тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдрах баячуудын хоорондох адармаатай харилцааг дүрсэлсэн тус кино үзэгчдийн анхаарлыг ихэд анхаарал татах боллоо. Тэгвэл энэ удаа Солонгосын кино урлагт өндөр босго тогтоож буй “Пентхаус” киноны тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Энгийн биш киноны тухайд

Эхний бүлэгт бүсгүй өөрт байгаа бүхнээ эрсдэлд оруулан байж, Ганнам дахь тансаг зэрэглэлийн байранд орох зорилгынхоо дагуу хөдөлнө. Зорилгодоо хүрэхэд алхам ойртох тусам тэрээр өөрийгөө мангас болон хувирч байгаа мэдрэх болно. Эрх мэдэл, албан тушаал, мөнгө хүнийг хэрхэн өөрчилдөг тухай харуулна.

Хоёр дахь бүлэгт өшөө авахаар улам хүчирхэг болон эргэж ирсэн дүрүүдийн хооронд хагарал үүсэж, томоохон золиос гарна. Нэгэнд нь энэхүү явдал нөхөж баршгүй сул тал болох хэдий ч нөгөө талд шийдвэртээ бат зогсох хүч өгнө. Үзэгчдийн хүсэн хүлээсэн дүр эргэн ирснээр үйл явдал илүү сонирхолтой хурцаар өрнөх нь тодорхой.

Бүтээл бүр нь хүлээлт үүсгэдэг зохиолч

Кино зохиолч Ким Сон Ок нь 1971 онд төрсөн бөгөөд 000 онд МВС кино зохиол сонирхогчдын наадмаас шилдэг зохиолчын шагнал, 2014 онд шилдэг зохиолчын шагнал хүртэж байсан. Анх 2007 онд 138 ангит “Гэхдээ л таалагддаг”, 2008 онд 129 ангит “Эхнэрийн урхи” кино зохиол, 2009 онд 21 ангит “Сахиусан тэнгэрийн урхи”, 2010 онд 50 ангит “Ээжийн инээмсэглэл”, 2014 онд “Жан Бури ирлээ”, 2015 онд “Миний охин Ким Савол”, 2017 онд “Эгч дүүсийн хамтлаг”, 2018 онд “Сүүлчийн хатан”, 2020 онд “Пентхаус” зэрэг кино зохиолуудаа дэлгэцнээ амилуулсан амжилттай яваа зохиолч юм. Түүний алдартай бүтээлүүдийн нэгд “Эхнэрийн урхи” зүй ёсоор тооцоогддог бол сүүлд зохиосон “Пентхаус” нь хэд дахин хурц үйл явдалтай, нарийн уялдаа холбоо, гэнэтийн эргэлтээрээ илүү алдартай болсоор байна.

Дүрүүдийн хувцасны код ба алдартай брэндүүд

Угсаа гарвал өндөртэй, чинээлэг гэрийн эзэгтэй Шим Сүрёны дүрийн онцлогт тааруулж хувцасны код нь хар, цагаан, саарал суурьтай байдаг. Дүрийн хувцасны зохиомж өмсөхөд тухтай байхаас гадна гурван өнгөнөөс хэтэрдэггүй. Үндсэн өнгөнөөс гадна хүрэн, цагаан саарал, кофены зэрэг завсрын өнгөнүүдийг сонгон өмсүүлжээ. Харин Чон Сожины дүрд улаан, хар, цагаан гэх мэт хурц тод өнгийн хувцас хурц ааш, бардам занг нь илэрхийлдэг. У Юнхигийн дүр анхандаа энгийн хувцасладаг байсан нь дундаж давхаргын хүн болохыг нь илтгэдэг бол хоёр дахь бүлэгт илүү тансаг, тод өнгийн хувцас сонгон өмссөн нь дүрийн өсөлтийг харуулдаг. Кинонд “Georges Chakra”, “ Max Mara”, “ВV”, “Lanvin”, “Valentino”, “Ports”, “Burberry” зэрэг брэндийн хувцаснуудыг хэрэглэдэг.

Сахиусан тэнгэр хорон санаатны дүрд тоглосон нь

Эсрэг талын хүчирхэг дүр Чон Сожин бодит амьдрал дээр маш эгдүүтэй, ичимхий сахиусан тэнгэр шиг нэгэн юм. Тэрбээр 1980 онд төрсөн бөгөөд жинхэнэ нэрийг нь Ким Со Ён гэдэг. Жүжигчний карьераа 14 насандаа эхлүүлж байсан түүнд итгэсэн найруулагч энэхүү зан араншингаас нь тэс өөр Чон Сожины дүрийг өгчээ.

Жүжигчин хосууд эсрэг дүр бүтээв

Жүжигчин Ким Со Ёны нөхөр жүжигчин И Сан Вү “Пентхаус” кинонд эхнэрийнхээ эсрэг талын дүрд тоглосон нь үзэгчдийг нэг хэсэг шуушиулаад амжсан байна. Тэрбээр Чон Сожины хоолой гэмтсэн тухай сөрөг нийтлэл бичиж, Ха Юн Чолын даалгаснаар Чон Сожин тэр хоёрын дотно харагдах фото зургийг авч өгдөг туслах дүрд тогложээ. Зураг авалтын тайлбайд жинхэнэ нөхрөө кинон дээрх хоёр нөхөртөө танилцуулж буй Ким Со Ёны бичлэг цахим сүлжээнд багагүй хандалт авчээ.

Hera palaceбодит амьдрал дээр байдаг

“Пентхаус” киноны “Hera palace”-ийн зураг авалтыг Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах 100 давхар офиссын зориулалттай байранд авчээ. Өөрөөр хэлбэл “Hera palace” зохиомол зүйл биш юм. Харин барилгыг улам тансаг, сүрлэг харагдуулах зорилгоор компьютерийн тусгай эффект ашигласан гэнэ. Үүнээс гадна Логаны амьдардаг зочид буудлын зураг авалтыг “Fairmont Hotels & Resorts” хэмээх 5 одтой зочид буудалд хийсэн байна. Энэхүү зочид буудал нийт 326 өрөөтэй бөгөөд маш чинээлэг давхаргынханд зориулан баригджээ.

Баячуудын хүүхдүүдийн дүрд тоглосон залуу жүжигчид

Маш олон залуу жүжигчид энэхүү драмад дүр бүтээсэн гэдгээрээ бүх насныхан үзэх шалтгаан болжээ. Гэхдээ кино бүтээгчдийн зүгээс хоёр дахь бүлгийг +19 насныхан үзэх боломжтой хэмээн тогтоосон байдаг. Мөн “царайны бядтай” бөгөөд карьер нь тасралтгүй өсөж буй туршлагатай залуу жүжигчдийг сонгон тоглуулсан байна. Зөвхөн томчуудын ертөнц адармаатай байдаггүйг энэхүү киноноос харж болно.

Үүдэнд байрлах сахиусан тэнгэрийн хөшөөний тухайд

Уг хөшөөг Бенжамин Виктор бүжиглэж буй эмэгтэй Даяна Маршалын зургийг дарсан зурагчнаас сэдэвлэн 2017 онд бүтээж байжээ. Баримал цөхөрсөн, гунигласан хэрнээ хэзээ ч бууж өгөхгүй мэт далавч нь босоогоороо байгааг харж болно. Сайтар ажиглавал нүдээ аньсан хэрнээ урууландаа инээмсэглэсэн, хуруунууд нь ямар ч хяналт байхгүй мэт боловч нөгөө гартаа унах нь тодорхой нөмрөгөө сул атгасан байна. Барималч “Тэнгэр элчийн романтик байдал, үзэл баримтлал нь хайр ба үхэл, гоо үзэсгэлэн, сул дорой байдал, цаг хугацаа, түүнд хамаарах бүх мэдрэмжийн талаар өгүүлдэг. Залуу үзэсгэлэнтэй сахиусан тэнгэрийг уйтгартай хэлбэрээр илэрхийлэх замаар хүмүүст харцны парадокс үүсгэхийг хүссэн” хэмээжээ.

Эх сурвалж: ubn.mn

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Диснейлэнд жил гаруй хаасны эцэст ирэх сард нээхээр болжээ

Цар тахал АНУ-ыг нөмөрснөөс хойш жил гаруй хугацаанд хаалттай байсан Диснейлэнд ирэх дөрөвдүгээр сард дахин нээгдэж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээр болсноо зарлажээ.

Тухайлбал, Диснейлэндийн цэцэрлэгт хүрээлэн, Дисней Калифорни цэцэрлэгт хүрээлэн зэрэг газрууд ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эргэн нээгдэхээр болжээ. Гэхдээ Калифорни муж улсын эрүүл мэндийн зөвлөмжийн дагуу цэцэрлэгт хүрээлэн бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй бөгөөд үйлчлүүлэгчид халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах ёстой аж. Түүнчлэн орох тасалбарыг зөвхөн Калифорни муж улсын иргэд худалдан авах боломжтой.

Калифорни муж улсын эрх баригчид энэ сарын эхээр цар тахлын үед баримтлах дүрмүүдийг шинэчлэн танилцуулжээ. Ингэхдээ соёл амралтын хүрээлэнгүүдийг халдварын өндөр эрсдэлтэй бүлгээс гаргаж, дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байна. Улмаар тус муж улсын соёл амралтын хүрээлэнгүүд 15-35 хувийн хүчин чадлаараа ажиллах аж.

Харин Диснейн гүйцэтгэх захирал Боб Чапекийн хэлснээр цэцэрлэгт хүрээлэн удаан хугацаанд хаалттай байсан учир дахин нээхийн тулд бэлтгэлээ хангах, зарим засвар, цэвэрлэгээ хийх хугацаа шаардлагатай хэмээжээ. Мөн түүний мэдээлснээр цэцэрлэгт хүрээлэнг нээснээр 10 мянга гаруй ажилчин эргээд ажилдаа орно гэсэн үг.

Цар тахлаас болж хаалгаа барьснаар Дисней 2020 оны дөрөвдүгээр улирал гэхэд нийт 2.4 тэрбум ам.долларын орлогоо алджээ. Харин Флорида муж улсад байрладаг Диснейн цэцэрлэгт хүрээлэн өнгөрсөн долдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Веном 2” киноны нээлтийн тов хойшилжээ

Жүжигчин Том Харди дүр бүтээж, “Хүн Аалз 3” киноны дүрээс сэдэвлэсэн хорон санаат баатар Веном 2018 онд гарсан даруйдаа үзэгчдийн таашаалыг хүртсэн билээ. Тэгвэл киноны хоёрдугаар анги “Веном: Аллага болох болтугай” нэртэйгээр ирэх зургадугаар сарын 25-нд нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч ирэх есдүгээр сарын 17-нд болж хойшилжээ. Мөн уг ангид Хүн Аалз киноны дүрээр жүжигчин Том Холланд тоглосон нь олны хүлээлтийг үүсгээд буй.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Эстрадын нэрт дуучин Х.Төмөр цаг уурч байсан нь…

Манай Ус цаг уурын албанд 2000 он хүртэл цаг уурын үндсэн мэргэжлийн төдийгүй бусад тооцоолон бодох электрон машин, экологи, усны инженер, багажийн инженер, орчуулагч зэрэг тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг мэргэжилтнүүд ажиллаж байлаа. Тийм мэргэжилтнүүдийг ч манай албаны удирдлага сонгон шалгаруулж авч ажиллуулдаг байсан юм. Энэ нь ч бас учиртай, албанд бүр хэвшил болсон зарчим байлаа. Учир нь манай албаны дээд удирдлагаас эхлээд салбаруудын инженерүүдийн зонхилох нь арван жилээ алтан медальтай, онцсайн дүнтэй төгссөн, улмаар Ленинград, Одесс хотын Ус цаг уурын дээд сургууль төгсөгчид, эрдэмтэд байснаас тэр юм. Албаны дарга, доктор Д.Түвдэндорж, албаны нэгдүгээр орлогч дарга, доктор Б.Мягмаржав, албаны намын үүрийн дарга П.Нямжав, УЦУШИ-ийн захирал доктор, Р.Мижиддорж, орлогч захирал М.Бадарч, ТБТ-ийн захирал, доктор З.Батжаргал, ахлах инженер Р.Оюун, Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Б.Жигмэддорж, эрдэм шинжилгээний секторын эрхлэгч, доктор С.Даваасүрэн, ХАА-н цаг уурын секторын дарга, доктор Б.Жамбаажамц, ахлах инженер, доктор С.Сангидансражав, ахлах инженер Б.Алтанцэцэг, Ус зүйн секторын дарга, доктор Н.Дашдэлэг, ахлах инженер Г.Сумьяа, инженер Б.Бат, Х.Нацагдорж, аэрологийн хэлтсийн дарга С.Авирмэд, Багаж хэрэгслийн товчооны дарга Н.Лувсанбямбаа, Байгаль орчин, агаарын бохирдлыг хянах хэлтэст Э.Нарангэрэл гээд бүгд л ЗХУ-д хоёрхон байдаг дээрх сургуулиудын бүтээгдэхүүн байлаа. Үүнээс гадна олон инженерүүд МУИС-ийг улаан дипломтой, онцсайн дүнтэй төгссөн, мэргэжилдээ үнэнч инженерүүд болох Э.Найдан, Д.Дамба, Л.Нацагдорж, Ж.Цэрэндэлэг, Л.Намхайжанцан, Д.Чулуунбат, Д.Шагдарсүрэн, Ц.Адъяасүрэн, Ш.Гэндэнжав, Ч.Мажиг, Ж.Цогт, Т.Сэр-Од, Д.Дагвадорж нар ажиллаж байв. Ийм хүчирхэг боловсон хүчинтэй албанд хэр баргийн мэргэжилтэн орж ажиллана гэдэг тийм ч амаргүй байсныг миний бие баттай гэрчилнэ. Энэ тухайд товчлон өгүүлэх нь:

Манай алба ямар ч цаг үед гадаад харилцаа өргөн хүрээтэй, инженер техникийн ажилтнууд олон улсын хурал, зөвөлгөөн, сургалт, семинарт байнга явдаг байлаа. Албаны дарга Д.Түвдэндорж, Б.Мягмаржав, З.Батжаргал нар ч тухайн үедээ ДЦУБ-ийн бүсийн дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн албыг хашиж, З.Батжаргал ДЦУБ-ын нэрийн өмнөөс НҮБ-д байнгын төлөөлөгчөөр сууж байлаа. Анхан үедээ манай цөөн мэргэжилтнүүдийг эс тооцвол англи хэл мэддэг хүн хуруу даран тоотой байсан тул мэргэжлийн англи хэлний орчуулагч албандаа байлгаж, гадаад харилцааны тасаг ажиллуулж байсан юм. Энэ тасагт МУИС-ийн англи хэлний анги төгссөн Л.Дэмбэрэлдорж он удаан жил ганцаараа ажиллаж, манай мэргэжилтнүүдийн хамт ДЦУБ-ын хурал, зөвлөлгөөн, олон талт арга хэмжээнд орчуулагчаар ажиллаж ирсэн байдаг. Харин 1970-аад оны сүүл үеэс уг тасагт Монголын эстрадын дууны анхны шан татагчдын нэг, нэрт дуучин Хурлатын Төмөрийг мөн орчуулагчаар авч ажиллуулах болсон юм. Х.Төмөр нь 1962-1966 онд Москвагийн ОУХДС-д суралцаж, сүүлд 1977-1979 онд МУИС-ийн англи хэлний ангид сурч төгссөн тул орос, англи хэлэнд олны ярьдгаар ус цас болсон мэргэжилтэн байлаа. Ийм учраас манай албанд, дарга нарын өндөр шалгуурт тэнцэж англи хэлний мэргэжлийн орчуулагчаар ажиллах болсон биз ээ.

Х.Төмөрийг мэдэхгүй хүн гаднаас нь харахад дунд зэргийн нуруутай, туранхай, жаахан хазгардуу, илт эрлийз дүр төрх нь тодорхой, бор царайтай, нарны гэрлийн нэлээд бууралттай өргөн хүрээтэй нүдний шилтэй, үргэлж бие барьсан хувцастай, халаасандаа гараа хийж явдаг, нэлээд бодлогошронгуй, нэг үгээр хэлэхэд бичиг номын, сэхээтэн хүн гэж л үнэлэхэд нэг их зөрөхгүй биз ээ. Харин урлагийн онцгой авьяастай, дуучин тэр дундаа манай эстрадын анхдагчдын нэг гэж барин тавин төсөөлөхгүй. Гэтэл энэ хүн маань тайзан дээр гарахаараа чухамхүү хийморь нь сэргэж, эстрадын одын дүр төрхийг зүй ёсоор олж, урлагийн их тайзыг удаан хугацаагаар эзэгнэж чаддаг нэгэн байлаа.

Түүнийг би оюутан ахуй цагаасаа мэддэг болсон юм. Тэрбээр 1968 оноос “Аяны шувууд” дуугаараа олноо анх танигдаж, оюутан бидний шүтээн дуучин маань байсан билээ. Түүний “Үдэлтийн дуу”, “Аяны шувууд”, “Сарнай цэцэг”, “Хайрын хишиг”, “Нарт тэнгэрийн дор”, “Шинэ оны уянга”, “Бидний дуулах дуу” зэрэг дуу ЗХУ-д сурч асан оюутны жилүүдэд чухамхүү хит болж түгсэн юм.


Холын аяныг зорин тэмүүлж

Хонгор чи минь явлаа даа

Хайртай амраг чамайгаа

Хайрын дуугаар үдье дээ

Эрдмийн жигүүр дэвэн дэлгээд

Эрдэнийн далайд ниссэн

Энхрий чи минь хийморьтой

Эрхэм сайн яваарай.

Сэвгүй хайраар учран золгоод

Сэтгэл гэдэг хайрламаар аа

Сайхан амраг чамайгаа

Санан саатан хүлээе дээ

Яргуй дэлгэрч баясан мишээх

Ялдам сайхан хаврын сардаа

Халуун хайрын дээдээр

Хоёул баяртай учиръя даагэсэн “Үдэлтийн дуу” нь чухамхүү бидний оюутан байх үе, далаад оны дундуур гарч, харь оронд сурч буй бид сонсож, эх орон, элгэн садан, хайрт хүмүүсээ санан, бодон гиюүрч “Маяк”, “Комета” зэрэг магнитофондаа гар дамжуулан хуулж өдөр шөнөгүй сонсож явлаа. Эдгээр дуу бидний монгол оюутнуудын хувьд тухайн үед дэлхийд алдартай Авва, БойМ зэрэг хамтлагийн дуутай энэ тэнцүү байсан гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ.

Х.Төмөр нь 1969-1977 онд Гадаад худалдааны яамны “Техникимпорт” нэгдэлд, харин 1979 оноос манай УЦУАУЕГ-ын Гадаад харилцааны тасагт орчуулагч, референтээр нэг хэсэг ажиллаж байхдаа голчлон ДЦУБ-ын хурал, зөвлөлгөөн, олон талт арга хэмжээ, тэндээс гаргасан баримт бичгийг монгол хэлээр, мөн албанаас ДЦУБ, түүний бүсийн болон олон улсын байгаль, ус цаг уурын албадад илгээх бичиг баримтыг англи хэлээр орчуулах, албаны мэргэжилтнүүдийг олон улсын хурал, зөвлөлгөөн, сургалт, семинарт оролцоход шаардлагатай бичиг баримт боловсруулах, хянах, тэдэнд туслах зэрэг ажил гүйцэтгэж байлаа. Мөн тэрбээр нэгэн үе “Ус цаг уурын англи-орос-монгол” нэр томьёоны толь зохиоход оролцож, техник ажлыг гардан хийж байсныг нь мэдэх юм. Харин ихээхэн цаг хугацаа, хөдөлмөр шаардаж бараг бэлэн болсон тэр толь яагаад ч юм бэ хэвлэгдээгүй, олны хүртээл бололгүй талаар өнгөрсөнд мэргэжлийн ном товхимол бичиж оролдож байсан мань мэт нь толь хэзээ хэвлэгдэх бол гэж асууж сурагласаар байж билээ.

Х.Төмөр нь сүүлд манай албаны Мэдээлэл тооцооллын төвд операторч-англи хэлний орчуулагчаар ажиллах болж, сансрын тоон мэдээллийн технологийн шинэ эрин үес эхэлж, гурав дахь орны шинэ багаж төхөөрөмж, систем, программыг мэргэжилтнүүд эзэмшихэд шаардлагатай техникийн баримт бичиг, ашиглалтын заавар, гарын авлага зэргийг англи хэлнээс орчуулахад их үүрэг гүйцэтгэх болсон юм. Түүгээр үл барам албаны сансрын тандан судалгааны багт Х.Төмөр өөрөө биечлэн оролцож, бүр олон хоног хээр хөдөө явж, аэрофотометрийн хэмжилт хийж, тэр нь сансрын мэдээгээр Монгол орны хээрийн бэлчээрийн ургамлыг зайнаас тандан судлах, үнэлэх арга технологи боловсруулах чиглэлийн ажлын үндэс суурь болсон гэж хамт ажиллаж байсан мэргэжилтнүүд нь үнэлсэн байдаг. Ийнхүү алдарт дуучин маань яах аргагүй нэгэн үе цаг уурч болж явсан сонин түүхтэй.

Жил бүрийн гуравдугаар сарын 23-нд ДЦУБ-ын өдрийг хүн төрөлхтний өмнө байгаль цаг уурын тулгамдаж буй асуудлаар тодорхой нэг сэдвийн дор тэмдэглэж, хүн нийгмийн анхаарлыг энэ чиглэлд хандуулдаг билээ. Нэг жилийн тийм үеэр би уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сэдвээр бяцхан өгүүлэл сонинд зориулан бичиж, албаны гадаад харилцааны тасгийн англи хэлний мэргэжилтнүүдэд үзүүлэх шаардлага гарав. Учир нь уг өгүүллийн гол санаа, тоо баримтыг англи эх сурвалжаас авсан байсан юм. Тэгээд албанд ороход, гадаад харилцааны тасагт Х.Төмөрт ганцаар сууж, бас орчуулгын ажилтай байлаа. Ирсэн зорилгоо хэлж, бичсэн зүйлийг маань хянаж өгнө үү гэхэд Х.Төмөр “Давай, я сейчас же посмотрю…” (Х.Төмөр надтай уулзахдаа яагаад ч юм бэ оросоор л ярьдаг байсан юм) гээд дөрвөн хуудас материалыг маань анхааралтай уншиж гарлаа. Нэлээд уншиж байснаа, өнгийн бал авч, энд тэнд зурж эхэллээ. Эцэст нь “Хорошо” гэж хэлээд хэсэг дуугүй сууснаа “Дорогой, у тебя всё логично и удачно получилось. Но, обращай на один момент… Твоя вся статья о колебании климата же… все нормально… Численные данные тоже свежие… А, заглавок статьи, по-моему не соответствует содержанию статьи. Ты же написал о колебании климата, а заголовок о изменении. Поэтому замени заголовок, что “Колебания климата… Хорошо? И статью не медленно отдашь в газету…” гэж хэлээд бичвэрийг маань гарт атгуулж билээ. Үүгээр би юу хэлэх гэсэн бэ гэвэл Х.Төмөр хэлний жинхэнэ нарийн мэргэжилтэн төдийгүй бусад олон талын, нэн ялангуяа манай албанд ирснээс хойш байгаль цаг уурын шинжлэх ухааны өргөн хүрээтэй мэдлэгтэн болсон гэдгийг зориуд онцлон тэмдэглэж байна. Энэ утгаараа Х.Төмөр маань манай ус цаг уурын албанд богино хугацаанд үр бүтээлтэй хүчин зүтгэж явсан сэхээтэн гэж хэлэх учиртай. Ийнхүү тэрбээр нэгэн үе манай албаны гадаад хэлтсийн орчуулагчаар, нэгэн үе Сансрын цаг уурын хэлтэст туслах ажилтнаар, сүүлд манай Морин-Уулын Радарын станцын синоптик инженерийн орон тоон дээр нэг хэсэг ажилласан юм. Энэ бүхэн аанай л албан байгууллагуудын орон тоотой холбоотой байсан юм болов уу даа. Олон жил ажилласан мэргэжлийн орчуулагч байхад дахин нэмж орчуулагч байлгаж болохгүй гэж дээд газраас шалгалтаар илрүүлж, уг орон тоог цомхотго гэж лүндэн буулгасан ч юм билүү.

Өмнө өгүүлснээр Х.Төмөр Морин-Уул цаг радарын станцын синоптик инженерийн орон тоон дээр нэг хэсэг ажиллах болсон тэр үеэс эхлэн бид дотно танилцаж, хааяа цалин буух үеэр хэд хэд уулзаж, гэрт нь очиж, дуу хуур, урлаг уран зохиолын талаар, мэдээж цаг уурын алба, байгалийн гамшигт үзэгдлийн талаар халуун дотно яриа өрнүүлдэг байлаа. Анх би Төмөрийн гэрт хүрээлэнгийн ХАА-н цаг уурын хэлтсийн эрхлэгч С.Сангидансранжав, эрдэм шинжилгээний ажилтан Д.Шагдарсүрэн, бас нэг удаа албаны Байгаль Орчны бохирдолтыг хянах лабораторийн эрхлэгч Ч.Мажиг, хүрээлэнгийн экологич инженер Ч.Балжинням нартай хамт очсноо сайн санаж байна.

Сүүлд надтай хааяа утсаар ярьж “Мой начальник” гэж дотны яриа өрнүүлж байсан нь хэзээ ч мартагдашгүй үнэн билээ. Тийн ярихдаа хот орж ирвэл уулзаарай, амь албаны талаар асуудал байна уу? гэдэгсэн. Би ч “Тэгнэ ээ, хот орохдоо өрөөгөөр нь ороод, мэнд мэдээд гаръя, ДЦУБ-ын шинэ материал, ном товхимол орос хэлээр байвал сонирхоно шүү. Онц тийм асуудал ч гайгүй дээ…” гэсэн нэгэн хэвийн үгээ л давтдагсан. Гэхдээ бид тийм ч олон уулзаж байгаагүй дээ.

Дал, наяад онд манай улсын ямар ч албан байгууллагууд баяр ёслол, түүхт ойг тэмдэглэж урлаг соёлын арга хэмжээ зохиохдоо гаднаас дуучин, зохиолч, яруу найрагчдыг тэр бүр нэг их уриад байдаггүй, чухамхүү байгууллагынхаа дотоод нөөц бололцоог ашиглаж, урлагийн авьяастай мэргэжилтнүүдээрээ дуулуулж, хуурдуулдаг тогтсон уламжлалттай, мэдээж ийм арга хэмжээг ХЗЭ-ийн үүрээс зохион байгуулж, удирдан явуулдаг журамтай байлаа. Нэгэнтээ албаны хэмжээнд Мартын наймны баярыг тэмдэглэхэд ХЗЭ-ийн үүрээс санаачлан дан эрэгтэйчүүдээр бяцхан концерт бэлдэж эмэгтэйчүүддээ гэнэтийн бэлэг барихаар шийдэж, эвлэлийн үүрийн сонгуультны хувьд миний бие уг баярыг зохион байгуулах комисст орж ажилласан юм. Мэдээж юуны түрүүнд алдарт дуучин Төмөрөөрөө дуулуулах санал тавихад тэрбээр ер цааргалсангүй, харин ч дуртай хүлээн авч, дуулахаас гадна бас эмэгтэйчүүдийн тэр үеийн маяг донжийг давхар харуулах үзүүлбэр бас хэдэн эрчүүдийн хамт хийх болов. Нээрээ ч тэр арга хэмжээний хамгийн сонирхолтой нь эмэгтэй хүний хувцас өмсөж, эмэгтэй хүн болж жүжиглэсэн дуучны маань үзүүлбэр, ер тэр бяцхан концерт эхнээсээ дуустал хүүхнүүдийг маань элгээ хөштөл нь инээлгэж, шилдгээр шалгарч, байгууллагын шагнал хүртэж, манай ус цаг уурч хүүхнүүдийн хэзээ хойно нь ч баясан ярих нэг сайхан дурсамж болсон билээ.

Х.Төмөр чамгүй наргианч нэгний хувьд ажлаасаа эртхэн гарах, тарах үедээ төвийнхөө хүүхнүүдэд хандан дандаа “Девочки, я пошла…” гэж хэлдэг байсан гэдэг. Учир нь “пошла” гэдэг өнгөрсөн цаг дээрх үйл үгийг эмэгтэй хүн хэлэх байтал мань эр өөртөө зориулж тэгж марзганадаг байсан нь манай цаг уурчдын дунд өнөө ч гэгээлэг нэгэн онигоо болон үлджээ.

1999 онд уншигч, сонсогч, үзэгчдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 63 хувь нь Хурлатын Төмөр агсныг “Зууны манлай эстрадын эрэгтэй дуучин”-аар нэрлэж, түүнд энэ өргөмжлөлийг нэхэн олгосон нь огт тохиолдлын хэрэг биш ээ. Тэрбээр 1995 онд бусдын гарт амь насаа алдсан нь даанч харамсалтай.

Монголын эстрадын дууны урлагийн анхны шан татагчдын нэг нэрт дуучин Хурлатын Төмөр гэж ийм содон бие хүн бидний дунд нэгэн цаг үеийг эзэгнэн хамт амьдарч, ажиллаж, хар өнгийн хавар намрын пальто, мөн хар өнгийн бүрх малгай, хүзүүний цагаан өнгийн урт ороолттой, намар оройн ч юмуу, хавар эртийн ч юмуу уянгат байгалийн дэвсгэр дээр:

Аялан дуулдаг чиний минь хоолойтой

Адилхан өнгөөр уянгалан ганганаад

Алаг нүдний сормуус шиг дэрвээд

Аглаг тал дээгүүр шувууд буцлаа.

Амраг минь чи минь дуугаа дуулаач

Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач…” гэсэн “Аяны шувууд”-аа урин дуудаж, алсыг саравчлан харан дуулж буй түүний нарны хамгаалалтай, холын харааны нүдний шилтэй, шонтгордуу бүргэд хамарласан хийморьтой дүр зураг нь Монголын олон үеийн залуусын ой тоонд мөнхөд хадгалагдан үлдэж дээ. Энгүй авьяас билэгтэй, их оюунлаг нөхрийн маань энэ дүр зураг бидний цаг хугацаа улиран өнгөрч улам бүр холдлоо ч хойноос залган ирэх шинэ шинэ үеийн залуусын соргог хурц харааг мөнхөд булааж, дуучны бага зэрэг монгол бус, гадаад аялгатай, гэгэлгэн өвөрмөц дуу хоолой сонор соргог чихийг нь ямагт мялааж, халуун залуу насны уяхан сэтгэл зүрхийг нь он жилээр өртөөлөн эзэмдсээр байх буй заа..

Х.ХАНГАЙСАЙХАН (Цаг уурч, Газарзүйн ухааны доктор, Ph.D)

БуянтУхаа

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

А.Энхжин: ​​Сүүлийн киногоороо “Үнэн” хаана байдаг, “Хайр” хаана оршдогийг ойлгуулахыг хичээсэн

“Этик” продакшны жүжигчин МУСТА А.Энхжинтэй ярилцлаа. Тэрээр сүүлд “Хэлгүй жим”, “Хүний цаана”, “Үнэн хайр” зэрэг уран бүтээлд гол дүр бүтээгээд байгаа билээ.


-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачинаас яриагаа эхэлье. “Үнэн хайр” кино контентоо үзэгчдэд хүргээд удаагүй байгаа. Энэ тухайгаа яриач?

-Манай “Этик” продакшн байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Бид бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл хийхийг зорьж ажилладаг. Өмнө нь “Этик” продакшн түүхэн уран бүтээл хийж байсан бол энэ удаа драма төрлийг сонгосон. Энэхүү киногоороо үзэгчдэд ганцхан тохиох амьдралдаа зөв яваасай. “Үнэн” гэдэг зүйл хаана байдгийг, “Хайр” хаана оршдогийг ойлгуулахыг хичээсэн билээ.

-Ер нь нийгэмд болж өрнөдөг олон төрлийн сэдвийг хөндсөн байсан. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олддоггүй, тэднийг хөгжлийн бэрхшээлтэй гэх үүднээс ялгаварладаг жишээг тусгаж өгсөн байсан шүү?

-Хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө боловсролтой олон хүн байдаг. Манай монголчууд хүнийг ажилд авахдаа нас, хүйс, царай зэрэг зүйлийг харгалздаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс маш их зүйл гардаг. Тэд бүтээж чаддаг. Энгийн хүнээс илүү торгон мэдрэмжийг олж хардаг шүү дээ. Тэр зүйлийг л киногоороо гаргахыг зорьсон.

-Энэхүү кино контент нь “Этик” продакшны хэд дэх уран бүтээл вэ?

-Өргөн дэлгэцийн гурван кино хийсэн. Мөн IPTV-д кино контент хийгээд байна. Гэхдээ кино контент гэхээсээ илүү уран сайхан шиг сайн уран бүтээл хийж ард түмэндээ хүргэхийг хичээж ажиллаж байна даа. Өмнө нь “Амуре” гэдэг 10 ангитай контент хийсэн ч гурван ангийг нь зогсоосон. “Үнэн хайр” кино нь манай продакшны тав дахь уран бүтээл байгаа.

1 хүн, зогсож байгаа болон гадуур хувцас гэх мэтийн зураг байж болно-Уран бүтээлээ хийхдээ мэргэжлийн хүмүүсээс хэр зөвлөгөө авдаг вэ?

-Зөвлөгөө авалгүй яахав. Хамгийн анхны уран бүтээлээ хийхэд аль өнцгийг тусгаж өгөх, хэрхэн хийх тал дээр маш олон хүнтэй уулзаж, ярилцаж байсан. “Цуурхал” кинон дээр ч мөн адил мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан. Ер нь зөвлөгөө авахаас гадна, киноныхоо түүхийг сайн судалдаг. Зарим хүмүүс өнгөцхөн хараад судалгаа дутуу гэж боддог байх. Сайн бүтээл хийхийн тулд судалгаа чухал. Тиймээс нэн тэргүүнд киноныхоо түүхийг судалж, түүхэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулздаг.

-Ер нь гагцхүү аав ээжийн хайр л “Үнэн” үү. Та юу гэж бодож байна?

-Энэ дүр дээр ажиллахад маш их баяртай байсан. Аавыгаа алдаад удаагүй байсан болохоор ч тэр үү нэг зүйл дээр их эмзэглэсэн. Дөрвөн настайдаа ээжийгээ алдаж байсан. Амрагийн хайр, найзын хайр, эд юмсын хайр гээд ер нь хайр олон янз шүү дээ. Энэ дундаас хэзээ ч хувиршгүй хайр нь аав ээжийн хайр. Ялангуяа эх үрийн холбоо маш аугаа зүйл. “Хал нь гаднаа, хайр нь дотроо”, “Үхтэл үр харам” гэдэг шиг л энэ хайрыг хэзээ ч тасалж үл чадна. Бичигдээгүй “Үнэн хайр” аав ээжийн л хайр байдаг.

-Киноны дунд хэсэгт “Миний охин буруу гэж бодож байгаа бол битгий хий. Харин зөв гэж бодсон зүйлээ зоригтойгоор хийж байгаарай” гэж охиндоо захидаг. Энэ үг үзэгчдэд урам өгсөн байх?

-Киног маань үзсэн хүмүүс өөрсдийн дүгнэлтээ хийсэн байх. Хүн бүр үр хүүхдэдээ үүнээс ч илүү том сургааль айлддаг. Энэ хоёр текст залуу гэр бүл, залуучуудыг, анхны үрээ тэвэрч буй хосуудад урам өгөөсэй гэж энэхүү урмын үгийг оруулсан юм. Манай хамт олон байгуулагдаад удаагүй дөнгөж л цэцэглэж байна. Бид хийж буй бүх уран бүтээлдээ сэтгэлээ шингээдэг. Амьдралдойр байдаг кейс бүрийг тусгаж өгдөг. Та нэг л амьдарна тиймээс “Үнэн” л хайрла.

Гараа тайруулдаг хэсгийн зураг авалтыг хэрхэн хийсэн бэ. Хүнд байв уу?

-Миний хувьд хамгийн хүнд сцени байсан. Кинондоо тоглочихоод л маргааш нь лам дээр очиж ном уншуулсан. Монгол хүн чинь их сүсэг бишрэлтэй шүү дээ. Кино контент мөртлөө уран сайхны кинон дээр ажиллаж байгаа юм шиг л том баг бүрэлдэхүүнтэй ажилласан. Манай графикч энэ хэсгийг төгс авсан гэж бодож байгаа.

-Танай хамт олон цаашид ямар уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Бид амьдралд байхгүй хийсвэр сэтгэлгээтэй бүтээл хийхийг боддоггүй. Харин бодит зүйлийг уран сайхны маягаар илэрхийлэхийг хүсдэг. Одоо 1984 онд болсон “Уран”-ны үйлдвэрт ажиллаж байсан хоригдлуудад тохиолдсон “Мардай” гэх бүтээл хийнэ. Монголд тулгамдаж буй асуудлын нэг яахын аргагүй “уран”. Хөл хорионы өмнө зураг авалтаа хийж байсан ч УОК-ын шийдвэрээр зогсоосон. Одоо халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад дахин “Мардай” киноныхоо ажилд ороод явж байна. Мөн хамгийн анхны уран бүтээл болох “Хүний цаана” киноны хоёрдугаар ангийг энэ зунаас хийхээр төлөвлөчихсөн. Цаашид “Этик” продакшн тайзны уран бүтээл хийх хүсэлтэй байгаа.

3 хүн гэх мэтийн зураг байж болно

-Залуучууддаа хандаж өөрийнхөө баримталдаг зарчмаас хуваалцаач?

-Энэ орчлонд энэ биеэрээ ганцхан удаа амьдарна. Алдаж, оносон ч сэтгэлд чинь юу багтаж байна тэр бүгдийг зориглоод хий. Битгий хойш суу. Бид уруудаагүй өгсөж яваа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Creed – 3” киног Майкл Б.Жордан найруулна

Сильвестр Сталлоне хэмээх хэний ч мэдэхгүй залуу “Rocky” нэртэй кино зохиол бичиж дуусгаад кино болгох гэж маш олон продюсертой уулзсан байдаг.

Тухайн үед боксын спортын тухай ихэнх кино амжилтгүй болж дандаа алдагдалд орсон тул хэн ч дэмжсэнгүй. Гэсэн хэдий ч зарим продюсер зохиолыг нь 250 мянган ам.доллараар худалдаж авах санал хэлж байв. Харин Сталлоне зохиолоо зарахыг хүссэнгүй. Өөрийг нь энэ киноны гол дүрд тоглуулбал зохиолоо үнэгүй өгөхөд бэлэн байгаагаа хэлэхэд продюсерууд “Хэний ч танихгүй жүжигчинд гол дүр өгнө гэдэг байж болохгүй зүйл. Харин зохиолоо мөнгө болго” гэж хэлдэг байжээ.

Аз дайрч 1975 онд “United Artists” (одоогийн “Metro-Goldwyn-Mayer”-ийн нэг хэсэг) кино компани “Rocky” киног тухайн үеийн кинонуудын төсвийн зургааны нэг буюу 960000 ам.доллараар хийжээ. Ийн “Rocky” 1976 онд хоёрхон кино театрт нээлтээ хийж тухайн жилдээ 117 сая ам.долларын орлого олсон байна. Мөн Академийн тэргүүн шагнал “Оскар”-ын 7 номинацид нэр дэвшиж шилдэг эвлүүлэг, шилдэг найруулагч, шилдэг кино төрөлд ялалт байгуулсан бөгөөд Сталлоне өөрөө “Rocky” зургаан цувралынхаа бүгдийнх нь зохиолыг бичиж, дөрвийг нь найруулсан байдаг.

Дашрамд дуулгахад, тус цувралаас салбарласан “Creed” цувралын гол дүрд “Black panter” киноны эсрэг дүрийг бүтээсэн Майкл Б.Жордан тоглосон. бөгөөд Кинан Гүүглер, Зак Бэйлин нар зохиолыг нь бичиж, Майкл Б.Жордан өөрөө найруулахаар болжээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Б.Дуулим: Дуулж буй дууныхаа утгыг ойлгож, хөгжим аялгууг нь мэдэрч дуулахыг хичээдэг


“Зууны манлай” хос дуучин, гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин Б.Дуулимтай ярилцлаа.


Багаасаа л өвөө эмээтэйгээ хамт аялан тоглолтоор явж, тайзан дээр гарч байсан. Авъяас өвлөгдөнө гэж ярьдаг шүү дээ. Өвөө эмээ тань дуулах тал дээр хэр зөвлөгөө өгдөг вэ?

-Би гурван настайгаасаа эхлээд өвөө эмээгийнхээ тоглолтод дуулж эхэлсэн. Хийж буй уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандаж, дуулж буй дууныхаа үгийг, утга учрыг нь ойлгож, хөгжим аялгууг нь мэдэрч, уянгалж дуул гэж байнга захидаг.

-Ихэнх хүмүүс зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэнгийн ач гэдгээр сайн мэддэг. Мөн их дэмжиж байгаа. Ер нь итгэл хүлээлгэж байгаа ажиглагдсан. Тэгэхээр чамд их хариуцлага ирэх нь дээ?

-Олон нийтийн газар биеэ зөв авч явахаас эхлээд надад маш том хариуцлага ирж байгаа. Ер нь хүн таниад ирэхээр цаанаа л өөрийгөө хянадаг болчихдог юм билээ. Тэгээд гэр бүлийнхнийхээ нэрийг сэвтээхгүйн тулд одоог хүртэл хичээж явна даа. Цаашид ч хичээнэ.

-Сүүлд “Энх эсэн болтугай” тоглолтоо цахимаар хийсэн. Ганцаараа дуулахаас илүү аавтайгаа хамт дуулахад их түшигтэй байдаг уу?

-Ер нь ганцаараа дуулахаас илүү аавтайгаа л дуулах сайхан байдаг. Тухайн дуулж буй дууныхаа үгийг илүү ойлгож, мэдэрдэг гэх юм уу. Аавтайгаа тайзан дээр гарна гэдэг үнэхээр гайхалтай.

No description available.-Анх аавтайгаа хамт 2016 онд дуулж байсан билүү?

-Хамгийн анх 2016 онд “Амь нэгтэй аав” дуугаа дуулж байсан. Дараа нь “Энх эсэн болтугай” гэдэг нэртэй дуугаа дуулж байсан.

-Хуучны дууг тухайн үед дуулсан дуучны өнгө аясаар хүлээн авдаг шүү дээ?

-Тухайн дуучидтай адил дуулахыг боддоггүй. Энэ дуун дээр зөвхөн Дуулим л байх ёстой. Б.Дуулимын хоолой гарах ёстой гэсэн зорилго тавьж дуулдаг. Дуулж буй дууныхаа үгийг, утга учрыг нь ойлгож, хөгжим аялгууг нь мэдэрч дуулахыг хичээдэг.

-Цаашид өөр урсгалаар дуулах бодол бий юү?

-Ер нь нийтийн ч бус поп ч биш. Завсрын дуунуудыг дуулна гэсэн бодолтой байгаа. Гэхдээ поп нь илүү давамгайлах байх.

-Сүүлийн үеийн залуучууд дууныхаа үгийг өөрөө зохиогоод дуулдаг болчихсон. Б.Дуулим дууны үг зохиодог уу?

-Өөрийн зохиосон зургаан дуутай. Саяхан нэг дуугаа гэр бүлийнхээ оролцоогүйгээр анхны уран бүтээлээ клипжүүлчихсэн байгаа.

No description available.-Аав тань юуг хамгийн их захиж, зөвлөдөг вэ?

-Хэдий олны танил болж байгаа хэдий ч хүнээрээ байгаарай. Битгий их зан суугаарай. Хүн болгонтой эелдэг байгаарай гэж байнга захидаг.

-Музыкал жүжигчний мэргэжилээр сурдаг гэж дуулсан. Дуу дуулахаас гадна жүжиглэх сонирхолтой юм шиг санагдлаа?

-Миний хувь “Сити” их сургуулийн жүжигчний ангид сурдаг. Цаашид музыкаль жүжигчний мэргэжлээр сурах бодолтой байгаа. Дуу дуулахаас гадна жүжиглэх их сонирхолтой. Ер нь жүжигчний мэргэжил гэдэг урлагийн бүхий л талын авъяасыг нээж өгдөг гэж боддог.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​У.Минжин: “Нийслэл хүүхэн” киноны Ундрахын дүрээс өөрийгөө олж хардаг

“Нийслэл хүүхэн”, “Сайн уу амьдрал минь-2” зэрэг уран бүтээлүүдэд тоглосон залуу жүжигчин У.Минжинтэй ярилцлаа.


-Сайн байна уу. Таны тоглосон “Нийслэл хүүхэн” киноны талаар яриагаа эхлэе. Үзэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа харагдсан?

-“Нийслэл хүүхэн” киноны зураг авалтыг наймдугаар сарын 10-наас эхлээд 45 хоногийн хугацаанд Тэрэлжид хийсэн. Ундрахын дүр дотоод хүнтэй минь их төстэй. Бараг ялгагдаад байх зүйлгүй. Эршүүд, дүрсгүй охины дүр болохоор ажиллахад дөхөм байсан. Мөн монгол ахуйтайгаа ойр учир дүрийн өгөгдлүүд нь их таалагдсан.

-“Нийслэл хүүхэн” кинонд тоглох боломж хэрхэн олдсон бэ?

-“Orange Entertaiment”-аас холбогдсны дагуу продюсер, найруулагчтайгаа уулзаад, тус дүр дээр ажиллах боломж олдсон. Эхлээд зохиолоо уншиж үзсэн. Тухайн үед надаас гадна хоёр, гурван жүжигчин дүрийн сонголтод байсан юм билээ. Тухайн дүртэйгээ хамгийн төстэй нь хэн байх вэ гэж бодож сонгосон юм болов уу.

-Урлагийн чиглэлээр суралцах амаргүй, төгсөөд ажлын байр хомс зэрэг ойлголтууд бий. Яагаад урлагийн хүн болохоор шийдсэн бэ?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй ч багаасаа урлагт хайртай, хийл хөгжим тоглодог хүүхэд байсан. Тухайн үед СУИС дээр хийл хөгжмийн дугуйландаа явдаг байхдаа урлагийн сургуулийн уур амьсгалыг хараад энд л байх ёстой гэсэн мэдрэмж төрж байсан юм. Тэр мэдрэмжиндээ огтхон ч эргэлзээгүй учраас СУИС-д элсэлтийн шалгалт өгч орж байлаа. Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Лхамхүү, УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар багшийн удирдлаган дор 2015 онд сургуулиа төгссөн.

-Ирээдүйд өөр чиглэлээр ажиллах бодол бий юү?

-Хүүхдэд хайртай, багшлах сонирхолтой. 2015 онд бакалавраа төгсөөд, урлаг судлалын чиглэлээр СУИС-д магистрийн зэрэг хамгаалсан. 2017 оноос 2020 он хүртэл багшлах мөрөөдлөө биелүүлж Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн багшаар ажилласан. Хэрвээ жүжигчин болоогүй бол эргэлзээгүй багш болох байсан байх.

-Одоогоор хичнээн уран бүтээлд тоглоод байна. Ямар нэгэн байгууллагад харьяалагддаг уу?

-Одоогоор арав гаруй бүтээлд дүр тоглосон байна. 2012 оноос эхлээд “Мааз” хамтлагт дуулж байгаад 2015 оноос хойш “Х-ТҮЦ” продакшнд залуу жүжигчнээр ажиллаж байна.

-“Voice of Mongolia шоунд амжилттай оролцож байсныг нь мэдэх юм байна. Жүжиглэхээс гадна дуу хөгжмийн тал дээр өөрийгөө сорих бодолтой юу?

Voice of Mongolia” шоуны эхний улиралд орох бодолтой байсан ч зориг хүрэхгүй удсан. Хоёрдугаар улирлын шоунд оролцоход гэрийнхэн дэмждэг байсан учраас зориглоод орсондоо баярладаг. Эхний даваагаа даваад Болд ахын багт орсон. Би өөрийнхөө хамгийн дуртай дууг тэр тайзан дээр дуулсан. “Бидний амьдардаг ертөнц” гэдэг дууг анх гарснаас нь хойш үргэлж сонсож, эмэгтэй хоолойгоор ямар сонсогдох бол гэж боддог байсан тэр мөрөөдлөө биелүүлсэн болохоор энэ шоу миний амьдралын хамгийн гоё дурсамж болж үлдсэн.

-Залуу жүжигчний хувиар тоглохыг хүсдэг дүрийнхээ талаар хуваалцаач?

-Миний хувьд сонгодог дүр гэхээсээ илүү өөрийнхөө характертэй ойрхон эршүүд, Монгол ахуйг харуулсан баатарлаг дүрд тоглохыг хүсдэг.

-Хүмүүсээс хамгийн их сонсдог шүүмж юу вэ?

-"Үг дааж сур"гэдэг үгийг залуу хүний хувьд олон хүнээс сонсож байна. Ах, эгч нар, хамтран ажиллагсад гээд олон төрлийн хүмүүс бүгд л залууст энэ үгийг дайж байгаа харагддаг. Залуу хүн үг сонсож сурах гэдэг хамгийн чухал болов уу. Тэр тусмаа урлагийн хүн үг, ачаалал хоёрыг хоёуланг нь даадаг байх хэрэгтэй гэж ахмад жүжигчид олонтаа хэлдэг шүү.

-Өчигдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиолоо. Таны хувьд ямар эмэгтэй байхыг хүсдэг вэ?

-Дотроосоо гэрэл цацруулсан эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй гэж боддог. Амьдралд уурлах, бухимдах зүйлс олон байдаг ч үргэлж эерэг байхыг хичээж, аз жаргалыг бусдад түгээдэг эмэгтэй байх юмсан гэж бодож явдаг. Би дөрвөн дүүтэй айлын том охин. Гэртээ дүү нартайгаа бужигнаж байхдаа л хамгийн жаргалтай байдаг. Тэднээсээ л халуун дулаан хайрыг мэдрээд өөрийнхөө эрч хүчийг олж авдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Ч.Биндэръяа


Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Агаар цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдаг цэцэгс

Ногоон ургамлууд нүүрстөрөгчийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулах чадвартай учир хүмүүс гэртээ аль болох их цэцэг тарихыг хүсдэг.

Та бүхэнд шөнийн цагаар ч хүчилтөрөгч ялгаруулж, агаарын хорыг хамгийн сайн шүүдэг, гэртээ тарихад тохиромжтой тасалгааны ургамалуудыг танилцуулж байна.


Тасалгааны цэцэг дундаас тарихад амархан цэцэг бол мөнхрөө юм. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар мөнхрөө цэцэг нь агаарыг маш сайн цэвэршүүлдэг болох нь тогтоогджээ. Түүнчлэн агаар дахь химийн хорт бодисыг шүүж цэвэршүүлэхээс гадна өдөр, шөнө ч хүчилтөрөгч ялгаруулж байдгаараа бусад тасалгааны ургамлаас онцлог аж. Тиймээс энэхүү цэцгийг унтлагын өрөөнд тарихад тохиромжтой юм.

ГУНДААХАЙ

Гундаахай хортой шүүстэй ч гэсэн тасалгаанд хүмүүс их ургуулах сонирхолтой байдаг. Тэр бүр хүмүүс нарийн мэдээд байдаггүй маш олон сайн талуудтай юм. Энэхүү цэцэг нь тасалгааны агаарын химийн бүтцийг хүртэл өөрчилж чаддагаараа онцлог. Агаарт байгаа зарим хорт бодисыг сорж авч өөртөө шингээдэг, мөн төрөл бүрийн токсик бодисыг саармагжуулдаг. Гундаахай фитонцид шинж чанар агуулдаг байна. “Фитонцид” бол ургамлын боловсруулж ялгаруулдаг биологийн идэвхитэй бодисууд юм. Агаарт байгаа бактери, үл харагдах мөөг, мөөгөнцөр, нян, эгэл биетнүүдийн ургалт хөгжлийг дарангуйлж зогсоодог, мөн тэднийг устгадаг сайн талтай. Гундаахай байгаа өрөөний агаар дахь төрөл бүрийн өвчин үүсгэгч патоген нян эрс цөөрдөг тухай нэгэн судлаач тэмдэглэн бичсэн байдаг. Гундаахайг тойрсон орчны агаарын чийгшил илүү өндөр байдаг гэнэ. Ингэснээр өрөөний тоосжилт багасах боломжтой болдог байна.

АВИРГАНА

Авиргана хэмээх ид шидтэй,бактери устгагч ургамалыг тасалгаандаа болон хашаандаа тариарай. Авиргана нь бие биедээ гэрэл хүлээж авахад саад болохооргүй өвөрмөц навчны хэлбэртэй. Цэцэг жижигхэн шаравтар ногоон өнгөтэй. Жимс нь хар эсвэл шар өнгийн, дотроо 3-5 үртэй.Гадаах хана, хашаагаа авирганаар бүрж болно. Тасалгаанд ихэвчлэн ампель хэлбэрээр унжуулж ургуулдаг. Гадаадад босоо ногоон хана хийхэд их ашиглагддаг. Эсвэл өндөр ургасан модны доогуур хөрсийг нь бүрхэж чимж өгөх нь ч бий. Авиргана нь тасалгаан дахь хортой бодисыг устгадаг цэцэг гэдэгээрээ алдартай. Агаар дахь формальдегидыг шингээж авдаг. Формальдегид нь ахуйн газ хэрэглэхэд, мөн ДСП тавилга, өнгөлгөөний болон бусад барилгын материалаас ялгардаг байна.Авирганы навч болон мөчрийг ардын эмнэлэгт хэрэглэдэг байна – бактери устгадаг, үрэвсэл намдаадаг, мөөг болон мөөгөнцрийн эсрэг, цус тогтоодог, шарх түргэн эдгээдэг, цэр ховхолдог, шээс туудаг гэх мэтийн олон сайн талтай.

ИНЖИРИЙН МОД

Лалын шашинд дээдэлж сүсэглэж байдаг хоёр төрлийн ариун модны нэг нь инжир мод юм. Инжирийн модыг мөн индуист болон буддист шашинд их дээдэлдэг. Удамборын ихэнхи төрлүүд эхлээд эпифит (өөр модон дээр тогтож ус, тэжээлээ гаднаас өөрөө олж авдаг) ургамал байгаад, дараа нь үндэс нь сайн хөгжөөд газар хүрээд ирэхлээр өөрөө бие дааж ургаж эхэлдэг. Харамсалтай нь тулгуур болж байсан модыг үндсээрээ ороож ургасан байдаг тул тэр нь сүүлдээ үхдэг байна. Удамборын бүх хэсэг сүүн шүүстэй. Зарим сортын сүүн шүүсийг эмчилгээнд хэрэглэдэг аж. Бенджамины удамбор Ихэнхи төрлүүд хүнд ашиг тусаа өгдөг.

ТОГОСОН СҮҮЛ

Маш их ашиг тустай, агаар чийгшүүлж, чимж өгдөг гайхалтай ургамал бол тогосон сүүл юм. Тогосон сүүл нь Marantaceae зүйлд багтах бөгөөд навчаараа гоёдог ургамал юм. Өндөр, нарийхан иштэй зууван хэлбэрийн навчнууд нь 30 см хүртэл өндөр ургадаг. Түүний нимгэн, туяхан навчин дээрх тод хээ нь тогосны сүүлийг санагдуулдаг. Шинэ навч гарахдаа хуйларсан байх ба доод талдаа ягаан-улаан туяатай байдаг. Нарнаас болгоомжил.

Тогосон сүүлийг нарны шууд тусгалаас хол байлгахгүй бол түүний навчны өнгө нь бүдгэрдэг. Calathea нь маш их чийг шаарддаг чийгсэг ургамал бөгөөд өдөр бүр шүршиж байх хэрэгтэй. Хэрэв навч нь шар эсвэл хүрэн өнгөтэй бол, агаар хэт хуурай байгааг илтгэнэ. Өвөл агаарын чийгшлийг дор хаяж 60 хувь байлгах хэрэгтэй. Хавар шилжүүлэн суулгах. Ургамал савандаа багтахаа болиход нэг дахин том саванд шилжүүлэн суулгана. Энэ үедээ том, шигүү ургасан ургамлуудыг салгах хэрэгтэй. Үндсийг ялзрахаас сэргийлэхийн тулд нүхтэй саванд суулгана.

Усалгаа: Үргэлж чийглэг байлга. Крантны усанд байх химийн бодисууд нь уг ургамалд тохиромжгүй тул нэрсэн усаар услах нь тохиромжой.

Чийг: Чийглэг агаарыг шаарддаг. Савны тавиурт хайрга дэвсэж, навчийг тасалгааны хэмтэй усаар өдөр бүр шүршиж өгч байгаарай.

Та бүхэн эдгээр ургамалуудыг өрөө тасалгаандаа тарьж орчин тойрноо гадны хорт бодисуудаас хамгаалан хүчилтөрөгчийнхөө урсгалыг нэмэгдүүлээрэй.