Categories
мэдээ энтертаймент-ертөнц

79 мянган фунтийн үнэтэй “Range Rover Sport” загварын захиалга эхэлжээ DNN.mn

“Range Rover”-ийн хамгийн анхны хосолмол хөдөлгүүртэй “Sport” загварын захиалга эхэлсэн байна. Шинэ загварын үнэ 79 мянга 125 фунт стерлингээс эхэлж байгаа бөгөөд хоёр өнгөний сонголттойгоор худалдаанд гарч байгаа аж.

“Range Rover Sport” загварын функцүүдээс 13.1 инчийн хяналтын дэлгэц, шинэчилсэн LED гэрэл зэргийг онцолж болохоор байна. Их бие нь “Range Rover”-ийн уламжлалт загвартай төстэй. Харин интерьер дизайны хувьд илүү технологийн шинэчлэлүүд давамгайлсан юм байна.

Түүнчлэн “Range Rover Sport” загварын бүрэн цахилгаан хувилбараа 2024 оноос танилцуулна гэж тус компани мэдэгдлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Худалдагч охин” кино Нью-Йоркийн Азийн кино наадамд шалгарчээ DNN.mn

Ж.Сэнгэдорж найруулагчийн уран бүтээл болох “Худалдагч охин” уран сайхны киног дахин нэг олон улсын кино наадамд шалгарчээ. Тодруулбал, Нью-Йоркийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарсан сайхан мэдээг Нью-Йорк дахь Азийн кино сангаас албан ёсоор зарласан байна.

Нью-Йоркийн Азийн кино фестивалийг 2002 оноос хойш зохион байгуулж эхэлсэн байна. Азийн кино бүтээлүүдийг Америкт сурталчилах мөн Ази болон Америкийн уран бүтээлчдийн харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих зорилготой томоохон фестиваль юм.

2010 оноос эхлэн Нью Йорк дахь Азийн кино сан нь Линкольн кино төвтэй хамтран фестивалиа болон фестивальтай холбогдон зохион байгуулах бүхий л сургалт үйл ажиллагаагаа Линкольн төвд хийдэг болжээ. Линкольн кино төв нь 1969 онд Америкийн болон олон улсын кино урлаг, кино уран бүтээлчдийг дэмжих зорилготой байгуулагдсан дэлхийд алдартай кино урлагийн цогцолбор аж.

Энэ жил уг фестивалийн 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд 2022 оны долдугаар сарын 15-28-ны хооронд Линкольн кино төвд зохион байгуулах гэнэ. Ингэснээр энэ фестиваль нь хойд Америк дахь Азийн томоохон фестивалиудын тоонд албан ёсоор орж байгаа ажээ.

“Худалдагч охин” уран сайхны кино нь Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт мөн шалгарч, залуу жүжигчин Б.Баярцэцэг “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг 2022 оны гуравдугаар сард эх орондоо авчирсан юм. Уг уран сайхны кино 2021 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тоглосон билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Apple”, “Google”, “Microsoft” руу нууц үг ашиглахгүйгээр нэвтэрдэг болно DNN.mn

“Apple”, “Google” болон “Microsoft” хамтран гар утас, зөөврийн компьютер болон хөтчийн платформдоо нууц үг шаарддаггүй нэвтрэх системийг хөгжүүлэхээр төлөвлөж байна.

АНУ-ын технологийн тэргүүлэгч компаниуд цаашид нууц үгийг халснаар мэдээлэл алдах эрсдэлийг бууруулж, хүмүүсийн хувийн мэдээллийг илүү сайн хамгаална гэж үзэж байна. Хэрэглэгчид голцуу өөр өөр сайт болон програмуудад ижил нууц үгийг ашигладаг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм.

Мөн хэрэглэгчид гар утсаа баталгаажуулах гол хэрэгсэл болгож сонгох боломжтой. ПИН код оруулах, хурууны хээ ашиглах зэрэг үндсэн үйлдлүүдийг ашиглан түгжээг нь тайлснаар бусад аппликэйшн, вэб сайт, үйлчилгээ болон төхөөрөмжид нэвтрэх боломжтой гэж мэдэгджээ.

Уг системийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тухай “Эн-Эч-Кэй” мэдээллээ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын 10 дахь бие даасан тоглолт болно DNN.mn

УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын /tenor/ LIVE CONCERT Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Энэхүү тоглолт нь УДБЭТ-ын гоцлол дуучин Ө. Цэрэнчунтын 10 дахь бие даасан тоглолт юм.

“Дэлхийн сонгодог Монголд” тоглолтод нийт 130 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд дуурийн театрын найрал дуучид , симфони найрал хөгжим дуурийн театр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.

Тоглолтод монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын дуурийн ари романс болон дэлхийн алдарт хөгжмийн зохиолчдын дуурийн хэсгүүдээс дуулагдана.

No description available.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Шинэ Зеланд улс хилээ нээжээ DNN.mn

Коронавирусийн цар тахлын улмаас сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хилийн чанга хатуу хязгаарлалт тогтоогоод байсан Шинэ Зеланд улс өнөөдөр /2022.05.02/ хилээ нээж, 60 гаруй орны жуулчдыг дахин хүлээж авахаар болжээ.
Тус улсын иргэд өнгөрсөн 3 дугаар сараас хойш хилээр чөлөөтэй орж, гарах боломжтой болсон бол Австралийн иргэд 4 дүгээр сараас эхлэн нэвтрэх болсон билээ. Тэгвэл одоо цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд шинжилгээний хариу нь “Сөрөг” гарсан гадаад иргэд тус улсад аливаа хязгаарлалтгүй нэвтрэх боломжтой болсон байна.
Шинэ Зеланд улс 2020 оны 3 дугаар сард хилээ хаасан ба эх орондоо буцаж ирж буй иргэдийг хэдэн долоо хоногийн турш тусгаарлалтад оруулж байсан. Тус улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн тусгаарлалтын стратеги болон хөл хорио тогтоож, түргэвчилсэн шинжилгээ авах бодлогын ачаар коронавирусээс үүдэлтэй нас баралт бага бүртгэгдсэн гэж эрх баригчид үзэж байсан билээ.

Гэвч зарим иргэн хатуу хязгаарлалт, хөл хориог эсэргүүцэх болсон бөгөөд тусгаарлалтын байгууламжийн хязгаарлагдмал багтаамжийн улмаас эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэд удаан хугацааны турш хүлээх шаардлагатай болжээ. Түүнчлэн, олон нийтийн дунд “Дельта”, “Омикрон” хувилбар өргөн тархсаны дараа албаныхан цар тахлыг бүрэн устгах зорилгоо орхиж, коронавирустэй зохицон амьдрах бодлогод шилжсэн юм.
Шинэ Зеландын эдийн засаг аялал жуулчлал, олон улсын зочдоос ихээхэн хамааралтай байдаг тул орон нутгийн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа эргэн сэргээхийг тэсэн ядан хүлээж байгаагаа онцолсон байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар дулаахан байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2022 оны 05 сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 20-22 хэм дулаан байна.

2022 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас, 4-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд Алтайн уулархаг нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-6-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Өнөөдөр олон улсын жазз хөгжмийн өдөр DNN.mn

2011 оны ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 36 дугаар чуулганаар жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын жазз хөгжмийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг баталсан билээ. ЮНЕСКО нь жазз хөгжмийг энх тайван, харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжэхээс гадна хүний эрх, нэр хүнд, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жендэрийн тэгш байдал, залуучуудын оролцоог дэмжиж ялгаварлан гадуурхах явдлыг устгах гол хүч зүйлсийн нэг хэмээн үздэг.

Африкийн уламжлалд суурилж, Европын хөгжмийн хэлбэрүүдийг агуулсан энэхүү гайхамшигт хөгжим нь XX зууны эхээр буюу 1910-аад оны үед АНУ-ын Нью Орлеаны мужийн хар арьстнуудын дунд анх үүсчээ.

Жазз гэдэг үгийн утгыг орчуулахаар судлаачид олон таамаг дэвшүүлж, нэг хэсэг шуугиж байсан тул АНУ-ын Хэл судлалын хүрээлэнгээс жазз гэдгийг XX зууны шинэ үг хэмээн онцолсон байна. Харин утгын хувьд жаас буюу сэм явалдах гэдэг үгнээс гаралтай ч сэм явалдах гэсэн утга зохимжгүй тул авиа сэлгэн жазз болгосон гэж судлаачид тайлбарлажээ.

Жазз нь эрх чөлөөний хэл бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж, боолчлогдож явсан хар арьстнуудын эрх чөлөөг хүсэмжлэн, зовлонгоо умартах гэж амандаа аялдаг байсан хөдөлмөрийн уриан дуугаар анх үр нь цацагдсан гэж үздэг байна. Мөн блюз буюу уйтгар гунигийн дууны хэв маягаар эхлэлээ тавьсан байна.

Уг хөгжмийн онцлог нь ямар ч урсгалын хөгжимтэй хосолж, ноотонд баригдахгүй чөлөөтэй найруулан тоглогддог төдийгүй фольк, тропикал, бест, латин, чөлөөт, жазз рок, жазз реп гэх мэтчилэн 20 гаруй төрлөөр хөгжсөн байна.

Монгол жаззын хувьд 1940-өөд оны орчим циркийн урлагаар дамжин нэвтэрч, Монголын онцлогтой жазз үүсэн хөгжих үндэс тавигджээ. “Зөвлөлтийн хөгжилтэй залуус” кино ба түүний Утесовын жазз бас их нөлөөлсөн гэдэг. 1960-аад оноос нийтийн бүжгийн, концертын гэх зэрэг олон хэлбэрээр хөгжиж, хүчээ авсан жазз хөгжим тухайн үеийн залуучуудын сонсдог ганц хөгжим байсан гэхэд буруудахгүй аж.

“Баян Монгол” чуулга, “Соѐл-Эрдэнэ” хамтлаг жазз хөгжмийг манай оронд дэлгэрүүлж байв.

Сонирхуулахад, “Жазз” гэсэн үг 1912 онд анх удаа хэвлэлд бичигдэж байжээ.

Categories
мэдээ спорт энтертаймент-ертөнц

Сумогийн башёд нэг ч удаа амарч үзээгүй DNN.mn

“Магнайд гялалзах” буюу Сакигакэ Ягаанбаатарын Баттүшиг мэргэжлийн сумод 19 жил барилдахдаа нэг ч удаа башёд амарч байгаагүй, багшаасаа сурсан гэх тууштай байх, үргэлжлэхийн хүчийг өөрийн биеэр мэдэрсэн эгэл даруухан хэрнээ өөдрөг гэгээн бодол үргэлж тээж явдаг, бас хавь ойрын хүмүүсээ үргэлж инээлгэж явдаг жинхэнэ сумогийн язгуур барилдаантай бөх гэж хэлэгддэг монгол хүчит хөвгүүдийн нэгэн саяхан зодог тайлах ёслолоо хийж, сумо бөхийн ажил үүргээ өндөрлөлөө.

Тэр 1986 оны дөрөвдүгээр сарын 5-нд Улаанбаатарт төржээ. Аав Д.Ягаанбаатар, ээж Я.Энхтуяа хоёулаа инженер. Тэрбээр дөрвөн хүүгийн хамгийн отгон нь, бие бялдраараа нэлээд том, өсгөлүүн, хүүгээ аав нь бөх болгох сонирхолтой байлаа. 2000 оны эхээр Монголд сумог үзэж, сонирхдог ид халуун үе байсан болоод ч тэр үү Кёкшюүзан Д.Батбаяраар дамжин сонгон шалгаруулалт болж хорин хэдэн хүүхдийн дундаас анхны ояагата болох Сумогийн холбооны тэргүүн байсан Ханарэгома багшийн нүдэнд түүний зураг өртсөн гэдэг. Анх 2003 оны дөрөвдүгээр сард 17 настайдаа Японд хөл тавьж, ирэнгүүтээ хоёр хоногийн дараа банцүкэнд нэр нь орчихсон шууд башёгийн дэвжээнд барилдаж эхэлсэн нь бусад сумочдоос ялгаатай байдаг. Гадаадаас ирсэн залуус заавал зургаан сарын бэлтгэл курст сурна. Японы ахлах сургууль, их сургууль төгссөн ч ялгаагүй доод тал нь гурван сар бэлтгэл сургуулилт хийж байж башёд барилддаг ёстой билээ. Анх суши идье гэж багшдаа хэлсэн хэрнээ дагуулаад ороход нь нэгийг ч идэж чадаагүй гарч ирсэн гээд л хөгжилтэй дурсамжууд бас хөвөрнө. Сумогийн хатуу дэглэм, бэрх сургуулилтаас халшран зугтах хүүхдүүд ч байдаг байлаа.

Нэгэн үеийн бөхчүүд гэвэл Кёкшюүхо Т.Эрдэнэбаатар, Азумарюү С.Тодбилэг, Кагамио Б.Нанжид, Араваши Э.Дөлгөөн, Соококурай Энхтүвшин, Сэйро А.Өнөболд, Гочозан Д.Ууганбаатар нар мөр зэрэгцэн барилдаж, барилдлага нэгт найз нөхөд болжээ. 2014 оны 1 дүгээр сарын башёд жүрёод анх гарч ирсэн юм. Зиндаа ахих боломж ойртох тусам хүн өөртөө улам итгэлтэй болдгийг бас их сайн ойлгосон юм. Ингэж зургаан башё жүрёод барилдсаар цаашаа олигтой явж өгөхгүй л байлаа. Больдог ч юмуу гэж бодож байх үед ах Түвшинтүшиг нь одоо ганц жил барилдаад үзэхгүй юу даа гэж хэлснээр үгэнд нь орж өдий хүртэл барилджээ. Дүүгээ бөхийн удам бий болгож байгаад их баяртай байна гэж ах нь өгүүлж байлаа. Бие бялдар, бэлтгэл төгс сайн байсан ч сэтгэл зүй бас ихээр нөлөөлдөг, унаа, даваа хором мөчид шийдэгддэг эгзэгтэй, эрэмбэ дараалал нарийн энэ спортод хүн удаан байна гэдэг асар их сэтгэлийн тэвчээр шаарддаг. Жижиг бэртэл л авч байснаас том бэртэл, гэмтэлд өртөөгүй нь түүний аз бас барилдааны ур дүйтэй нь ихээхэн холбоотой болов уу.Нэг галын бөх байсан Кисэнэсатод том биетэй хүнтэй барилдаж, бэлтгэл хийх хэрэгтэй болоод нэг сар очиж бэлтгэлд нь оролц гэсэн ояагатан даалгавраар очжээ. Тэр башёд түрүүлж тун удалгүй аварга болов. Түүний дараа намайг үргэлжлүүлэн бие халаалт хийхэд нь туслахыг хүсч туслахаар нь явах болов. Маш үг дуу цөөнтэй, няхуур, эгэл даруухан аварга хүн дээ. Монгол хүн туслахаар нь ирсний дараа аварга болсон болоод ч тэр үү, дараах башёд хүнд бэртэлтэй байсан ч түрүүлж чадсан өлзий дэмбэрлийг бодоод ч тэр үү түүнийг туслахаараа байлгах тун дуртай байжээ. Гэргийг нь Д.Сарнай гэдэг. Инженер мэргэжилтэй. 2017 онд гэр бүл болж, гурван настай охинтой. Нэр шигээ түшигтэй хань даа гэж гэргий нь бахархан өгүүлж байв. Одоо тэрбээр Сакигакэ Баттүшиг Их сургуульд эдийн засгаар суралцаж байгаа. Зодог тайлсныхаа дараа Японд бизнесээ эхлүүлэх зорилготой. 2013 онд найз Өнөболдтойгоо таарч давж, зиндаа ахиж байсан барилдаан түүний сэтгэлд маш тод үлдсэн гэдэг. Тэр хоёр аль аль нь дээш ахих гээд ид чармайж байсан болохоор тэр. 2021 оны анхны башёд Макүшта зиндаанд түрүүлсэн барилдаан бас онцгой байлаа. Түрүүлэх, эсвэл дээш ахих боломжийг нэг атгаад л алдах, дахин хүч үзэх, чармайх, даваа, унаа үргэлжилсэн сумогийн дугуй дэвжээнд арван есөн жилийг туулжээ. Сумогийн тоймч, алдарт бөх байсан хатуу ширүүн үгтэй Китанофүжи түүний япон хэл, аялга төгс байдгийг магтан хэлсэн байдаг. Үнэхээр сумочид япон хэлдээ нэвтэрхий л дээ. Хөвгүүдийнхээ нэгнийг ч гэсэн бөх болгочих мөрөөдөлтэй байсан аавынхаа хүслийг биелүүлж, жүрёо цолд дэвшиж, баярлуулж байсандаа сэтгэл хангалуун явдаг гэж тэр ярьж байв. Зодог тайлах ёслол нэгэн томоохон зочид буудалд 100-гаад зочид цугларч, Шибатаяма ояагата хамгийн сүүлд үс авах ёсыг үйлдэж, ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Ёслолд Хакухо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Асасэкирюү Б.Дашням болон мөр зэрэгцэн барилдаж байсан бөхчүүд ирж оролцон баяр хүргэлээ. Үс хөндөх ёслолд нэрсийн дарааллаар цувран хүн болгон хөндөж, сэтгэлийн үгээ шивнэж, баяр хүргэж явсаар, ар гэрийнхэн нь сүүлд гарч ирэхэд Сакигаке Баттүшигийн нүдэнд хуралдан байсан нулимс асгарсан юм. Ээжийн чин сэтгэлийн сүүн цацал, ах нарынх нь урам зоригийн үгс, эргэн тойрны дэмжигч, найз нөхдийн их халуун сэтгэл, итгэл найдвар, ханийн хайр халамж түүнийг өдий хүртэл явсны их хүч байсанд тэр талархан баярлаж буй нь дамжиггүй. Тууштай байх гэдэг асар их тэвчээр байдаг. Ганцхан нугаршгүй сумо бөх биш эр хүн байх, хүн байхын их сургуулийг эндээс суралцсан гэж тэр бахархан өгүүлсэн юм.

Япон дахь манай сонины тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Ч.Ган-Инж: Стилиэ зөв тодорхойлсноор өөрт тухтай, хэрхэн үзэсгэлэнтэй харагдах вэ гэдгээ мэддэг болно DNN.mn

“Шинэ ээж” дэлгүүр, “Snog Froyo” брэнд, “Inj Studio”-ийн үүсгэн байгуулагч Ч.Ган-Инжтэй ярилцлаа.


-Шинэ студиэ нээсэн танд баяр хүргэе. Студийн тань үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа, намайг Чадраабалын Ган-Инж гэдэг. Бизнесийн удирдлагаар төгссөн, мэргэжлээрээ ажилладаг. Багаасаа хувцас, загварт сонирхолтой байсан. Хувийн сонирхлоороо Испани улсын Мадрид хотын “Elle” загварын сургуульд хувийн худалдан авагч, стилистээр суралцсан. Хүмүүсийн зөвхөн гадаад төрх биш, дотоод гоо үзэсгэлэнг тодотгохын тулд олон улсын амьдралын дасгалжуулагчаар мэргэшсэн. Энэ хоёр мэргэжлийнхээ үндсэн дээр “Inj studio”-оо байгууллаа. Студийн маань үйл ажиллагаанд Монголд анхдагч, шинэлэг зүйл олон бий. Хувийн стилинг үйлчилгээ олон улсад бүх хүнд нээлттэй байдаг. Харин Монголд олны танил хүмүүс, эсвэл чинээлэг хүмүүст л үйлчилдэг. Өөртөө юу зохихыг мэдэхгүй хүмүүс олон байдаг л даа. Үүнийг нь зааж өгөх хүн байдаггүй, ойр дотныхноо, эсвэл сошиалаас хараад дуурайж хувцасладаг. Ямар өнгө, ямар загвар өөрт нь зохихыг мэдэх хэрэгцээ байдаг ч, заах хүн байдаггүй. Энэ орон зайг олж хараад, өөрөө ч энэ талд сонирхолтой учраас студиэ нээсэн. “Inj Studio” нь хувийн стиль имидж тодорхойлох, хувцас сонголтод туслах үйлчилгээг үзүүлдэг.

-Студиэ нээхийн тулд удаан хугацаанд төлөвлөж, бэлтгэсэн үү?

-Аливаа бизнесийг эхлүүлэхэд дотоод засал, түүхий эдээс авахуулаад бэлтгэл ажил их шаарддаг. Студийнхээ дотоод засал, дизайныг өөрөө гаргасан. Загварын дизайнаас гадна дотоод засал чимэглэлд дуртай болоод тэрүү гэрийнхээ дизайныг ч өөрөө гаргаж байсан. Студийнхээ дизайныг гаргаж, тохижуулахын тулд хугацаа орсон. Гэхдээ үүнээс илүү хүмүүст чанартай, үр дүнтэй үйлчилгээ хүргэхийн тулд өөрийгөө илүү их бэлтгэсэн, энэ нь хийж байсан бусад бизнесүүдээс ялгаатай байлаа. Хувь хүний мэдрэмж гэж байдаг, гэхдээ ганцхан мэдрэмждээ суурилна гэдэг учир дутагдалтай. Стилистийн сургууль, амьдралын дасгалжуулагчийн олон улсын зэргийг студидээ зориулж суралцсан. Тэгэхээр хувь хүний хөгжилдөө л илүү их цаг зарцуулж, бэлтгэжээ.

-Студи хэдэн төрлийн үйлчилгээтэй вэ?

-Манай студийн үйлчилгээ “Үндсэн багц”, “Бүтэн өдрийн багц”, “Тусгай багц” гэсэн гурван төрлийн багцтай. “Үндсэн багц” нь та оффист ирж гурван цагийн үйлчилгээ авна. Энэ хугацаанд өнгөний тест явуулж танд зохидог өнгийг тодорхойлж, биеийн хэлбэрт зохицох хувцаслалт, нүүрний хэлбэрт таарсан үс засалт, үсний өнгө, уруулын будагны өнгө, хөмсөгнөөс авахуулаад таны имиджийг бүхэлд нь тодорхойлно. Мөн амьдралын дасгалжуулалтын үйлчилгээг нэгтгэж өгснөөр тантай найз мэт дотно ярилцаж гадаад төрхөөр дамжуулан өөртөө итгэх итгэл, сэтгэл хангалуун байдлыг өсгөх зорилготой. Хорвоо дээр 300-400 төрлийн өнгө байдаг, тэр дундаас танд зохих 31 өнгийг тодорхойлж өгнө. Өнгөний тест хийснээр зохихгүй өнгөө мэдэж, дахин буруу сонголт хийхгүй. Нөгөө талаас тэр хүн хэзээд гоё харагдана гэсэн үг. Хүний биеийг таван төрлийн хэлбэртэй гэж ангилдаг. Тэр дундаас та аль нь вэ гэдгээ мэдсэнээр давуу талаа яаж тодотгох, сул талаа хэрхэн ухаалгаар нуух арга барилыг эзэмшинэ. Таны биед ямар төрлийн хувцас өмсвөл хичээгээгүй мөртлөө таатай харагдах вэ, хүнд цаанаасаа зохидог 13 төрлийн хувцас гэж байдаг. Жишээлбэл, надад хэзээ ч дэрвэгэр, өхөөрдөм хувцас зохидоггүй. Хэрвээ тийм хувцас өмсвөл хэт хичээсэн мэт харагддаг. Харин миний биеийн галбирт ажил хэрэгч, загварлаг хувцас зохидог. Стилиэ тодорхойлсноор яавал хичээгээгүй хэрнээ өөрт тухтай, үзэсгэлэнтэй харагдах вэ гэдгээ мэддэг болно.

-“Бүтэн өдрийн багц”-ын талаар тодруулбал?

-Зургаагаас долоон цаг үргэлжлэх бүтэн өдрийн багцад үндсэн багцын гурван үйлчилгээг оффист авахаас гадна үйлчлүүлэгчийн сонгосон дэлгүүрээс хэрэгцээт хувцас худалдан авалт хийх, тохируулж сонгоход туслах үйлчилгээ эсвэл үйлчлүүлэгчийн гэрт зочилж, шүүгээн дэх хувцаснуудыг зөв тохируулж өмсөх зөвлөгөө өгнө. Энэ нь нэг сая төгрөгийн үнэтэй. Харин гурав дахь буюу “Тусгай багц” нь хурим, төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт арга хэмжээний стилинг, зураг авалтын look/concept гаргах үйлчилгээ юм.

-Одоогоор хэд орчим хүн үйлчилгээ авсан бэ?

-Студи маань нээгдээд 10 гаруй хонож байна. Зургадугаар сар хүртэл үйлчилгээний цаг дүүрсэн. Одоогоор 10-15 хүнд үйлчилгээ үзүүлсэн. Тасралтгүй гурван цаг ярих, гадуур явах зэрэг ачаалалтай учир өдөрт нэгээс илүү хүнд үйлчилдэггүй, ихдээ хоёр хүнтэй л ажилладаг. Үйлчлүүлэгчид маань “Inj studio” гэсэн фэйсбүүкээр холбогдон цагаа захиалах боломжтой.

-Үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс хуваалцаач?

-Энэ бол тодорхой хэмжээний бизнес ч гэлээ миний зүгээс үйлчлүүлэгчдээ өөрчлөлт, өөртөө итгэх итгэлийг өгөх нь хамгийн чухал зорилго. Тэр хүн өөрийгөө хараад аз жаргалтай болох ёстой. Би тодорхойлсон зорилгодоо хүрэхийн тулд хичээж байгаагийн үр дүнд юм уу, үйлчлүүлэгчид маань 100-1000 хувь сэтгэл ханамжтай байгаа (инээв). “Сэтгэл, хайр мэдрэгдэж байна. Маш их баярлалаа” гэдэг үгсийг сонсох үнэхээр гоё, би үүнийг л хүссэн.

-Хүн өөрт тохирох стилиэ олсноор ямар давуу талтай вэ?

-Үйлчлүүлэгчдэдээ загвар (Fashion), стиль хоёрын ялгааг ойлгуулахыг чухалчилж байгаа. Загвар гэдэг бол урсаад өнгөрдөг зүйл. Энд яригдаж байгаа зүйл загвар, модатай ямар ч хамаагүй. Зөвхөн стилийн тухай ярина. Стиль гэдэг нь мода, загвар яаж ч өөрчлөгдөж байсан та дотроо ямар хүн бэ, дотоод ертөнцийг чинь бусад хүмүүст маш амархан илэрхийлдэг хүчтэй зэвсэг. Стилиэ тодорхойлохдоо дотроо би маш сонирхолтой хүн, тэрийгээ илэрхийлнэ гэж сонгох ёстой. Хэрвээ та уйтгартай хувцаслаад л байвал тантай харилцаж байгаа хүмүүст та хүсээгүй байсан ч “Уйтгартай хүн” гэдэг бодол суучихдаг. Гурван секундэд хүний анхны сэтгэгдэл бий болж, бараг өөрчлөгддөггүй. Энэ нь таныг ажилд орох уу, үгүй юү, хэн нэгэнтэй хайр дурлалын харилцаа үүсэх үү, үгүй юү, нөхөрлөл дараагийн түвшинд гарах уу, үгүй юү гэх мэт олон шийдвэрт нөлөөлдөг. Хүмүүс дутуу үнэлээд байдаг болохоос хүний гадаад төрх бидний мэдэхгүй олон чухал үүрэгтэй. Стилийг өөрийгөө илэрхийлэх боломж гэж харах хэрэгтэй. Та өөрийгөө зөв илэрхийлснээр, зөв ажилдаа орж, зөв хүмүүстэй уулзаж, зөв хүрээлэл үүсгэнэ, өөртөө итгэлтэй аз жаргалтай хүн болно.

-Хувцас худалдаж авдаггүй, өмсдөггүй хүн гэж байхгүй. Бид худалдан авалт хийхдээ юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн чухал нь өнгө, хүмүүс өнгөний ач холбогдлыг хангалттай мэддэггүй. Өнгийг хүйтэн, дулаан гэж ангилдаг. Хүйтэн дундаа өвөл, зуны өнгө, дулаан дундаа хавар, намрын өнгө гэж байдаг. Энэ дундаас өөрийнхөө өнгийг мэдчихвэл сонголтоо зөв хийнэ. Зарим өнгийг өмсөхөөр халтар, нойр дутуу, хөгшин харагддаг. Харин зохидог өнгө тэр хүнийг амьд, гэрэлтсэн, нүдний доод талын харласан хэсэг хүртэл бүдгэрч харагддаг. Өнгө бол таны хөгшин харагдах уу, залуухан харагдах уу, нойр дутуу харагдах уу гэдгийг хүртэл шийддэг чухал зүйл. Өөрт зохидог өнгө, биеийн галбирын онцлогоо мэддэг байх нь хамгийн чухал. Биеийн галбирын хувьд мөргүй хүн байвал яаж мөртэй харагдах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй.

-Өнгөө тодорхойлоход насны хувьд ялгаа байдаг уу?

-Насны ялгаа огт байхгүй. Өөрт зохих өнгийг арьсны цаад талын пигментээр тодорхойлдог. Төрснөөс үхэх хүртэл танд зохидог 31 өнгө хэзээ ч өөрчлөгдөхгүй.

-Хувцаслалтын тал дээр монголчуудын мэдлэг, мэдрэмж ямар түвшинд байна вэ?

-Миний бодлоор энэ тал дээр монголчууд үндсэн, гүн ойлголт багатай. Стиль, имиджээ олохын хамгийн наад захын биеэ зөв хуваах ойлголт бусад орны иргэдэд энгийн л зүйл. Харин манай монголчууд мэдэхгүй, алдаа гаргадаг. Сошиал дээр байгаа хүмүүсийг дуурайж хувцасладаг. Инстаграмд зургаа оруулсан охин өөрөөс чинь тэс өөр хүн, өөр өнгө зохидог, биеийн өөр галбиртай учраас танд зохихгүй. Өөртөө зохих өнгө, загвараа мэдэхгүйн улмаас хэдэн саяар нь мөнгөө алдаж байна. Юу өмсвөл зохихоо, өөрийгөө мэддэг хүн зөв сонголт хийнэ шүү дээ.

-Энэ чиглэлээр өөр ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Студиэ нээхдээ тухайн хүний стилийг тодорхойлоод, дэлгүүрээр явахад хайсан хувцас олдохгүй тохиолдол олон гардаг. Шүүгээнд байх ёстой зүйл гэж байдаг. Тэр хэрэгцээний зүйлс нэг дор байдаг дэлгүүр нээхээр зорьж байна. Дөрвөн улирлын өнгөөрөө дагнасан, хүний үндсэн хэрэгцээний зүйлстэй цогц дэлгүүр. Энэ нь манай студийн ажилтай уялдаатай, мөн “Инжээтэй дэлгүүр хэсье” гэдэг нэртэй влог эхлүүлж байгаа. Дэлгүүр хэсэх завгүй хүмүүст зориулж энэ хувцсыг үүнтэй зохицуулж өмсвөл тохиромжтой гээд өмсөж үзүүлээд, материал, үнийг нь харуулна. Влог үзсэн хүн дэлгүүрт ороод сонголтоо хийхэд амар, мөн тэрхүү дэлгүүрт очих эсэхээ шийдчихнэ. Эхний влогоо сошиалд цацсан. Дараагийн влог хийх дэлгүүрүүдийн захиалга ч баталгаажсан, хүмүүст хэрэгтэй байх болов уу гэж бодож байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Сүүлийн үед хит болж буй 10 монгол дуу DNN.mn

Youtube хуудсаар цацагдсан цагаасаа хойш хандалтаараа тэргүүлж буй сүүлийн үеийн шинэ содон 10 монгол дууг онцолёо.

1. М.Билгүүн, Э.Амина- “Chihiro” 1,940,422 үзэлттэй

No description available.

2. Tsetse-Like Us ft.Sash. 413,110 үзэлттэй

3. Оргил ft УКА – Ганцаар дуулаач 390,210 үзэлттэй


4. ThunderZ- Харанхуй \Авдрын ёроол\ 386,013 үзэлттэй


5. Vande fb Bay- Март 308,735 үзэлттэй

6. Э.Амина- “Good U” 294,505 үзэлттэй

No description available.

7. Enkhe xErkhem- Жаргалтай байж чадсан болов уу 243,649 үзэлттэй

8. FOUX xSeryoja- Эрмэгтэй 228,174 үзэлттэй

9. Замилан- Зүгээр л 133,600 үзэлттэй

10. Алунгоо- My boo 121,267 үзэлттэй

М.САЙНЗАЯА