Хувьсал продакшны “Ноён эмэгтэй” УСК-ны зохиолыг зохиолч С.Жаргалсайханы “Би эр хүнийг хүснэ” жүжгээс сэдэвлэн бичсэн билээ.
“Ноён Эмэгтэй” нь 1990-ээд оны эмэгтэйчүүдийн хорих ангид хүч нөлөөний төлөөх өшөө авалт, урвалт, тэмцэл, уучлалттай өдөр хоногуудыг өнгөрөөж буй эмэгтэй ялтнуудын тухай эмгэнэлт драм кино юм. “Би эр хүнд хайртай” гэсэн хэдий ч уг кинонд эр хүнийг гэх хайр байсангүй. Эрхээ хязгаарлуулсан эмэгтэйчүүд эр хүн хүсэж байгаа хэсэг текст, үйл явдлаас бусад бүх цаг үед эр хүнийг буруутгасан, үгүйсгэсэн, харлуулсан өнгө аяс. Кино эхлэхдээ сонирхол татсан ч дундуураа үзэгчдийг уйдааж энгийн л нэг монгол кино шигээ төгсөв. Төдийлөн хүн бүрийн хөндөөд байдаггүй сэдэв ч гэлээ буйрнаасаа холдож чадаагүй нь биднийг гадны кино сонирхдоггүй, шүүмжлэлт, шинийг эрэлхийлэх нүдээр хардаггүй, судалдаггүйг илтгэж байлаа.
Сэдэв: Бүтэн шорон гардаг цөөн киноны нэг. Амьдралын нэг л алдаа ямар их хор уршигтай, эмэгтэйчүүдийн шаналал гээд хүмүүсийн мэддэг л сэдэв. Яг нэг зүйлийг онилж зоригтойгоор дуугарч чадсангүй.
Зохиол: Энэ киногоор яг юу гаргах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Тухайн үе болох 1990-ээд оны шоронгийн амьдралыг бодитоор харуулж болох байсан. Манай монголчуудын зан гэмээр ч юм уу уйлуулчих гээд л. Үзэгчдийг залхтал 20 орчим удаа уйлуулсан. Утга агуулгагүй уянгалалтад галзуу л биш бол юу гэж матарын нулимс унагах вэ дээ. Энэ киног доош татсан бас нэг зүйл бол хөгжмийн сонголт.
Амьдралдаа анх удаа шоронгийн хаалга татаж төмөр тор руу алхаж яваа хоёр эмэгтэйн ард дайны фронтод байлдаж яваа баатарлаг, зоригт эрсийн ая явна. Яг үнэндээ хэзээ төгсөх нь үл мэдэгдэх зовлон, шаналалд унаж яваа хүмүүс шүү дээ.
Зураг авалт, өнгө: “Ноён эмэгтэй” УСК-ны зураг авалт, зураач, зураглаачийн ажиллагаа маш сайн. Тулааны хэсгүүдийн өнцгүүд маш тохиромжтой.
Дүрүүд: Киноны нэр, гол дүр ноён эмэгтэй бол Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг. Түүний харц, алхаа гишгээ, зодолдож байгаа байдал ярих юмгүй. Харин жүжигчин О.Дөлгөөн өөрчлөлтгүй, нэг л дүрээрээ олон кинонд яваад байдаг. Энэ киноны дүрдээ тохироогүй санагдлаа. Дүрийн өөрчлөлт шинэчлэлт, хувьсал байхгүй.
Бусад: Амьдралаа авч яваа ганц бие ээж болохоор мундаг, гайхалтай гэнэ. Ийм амьдрал бүтээхгүй байх сонголт байсан. Хорих анги дотор угаалга хийнгээ хошигнох бүсгүйчүүдийн хэсэг хөөрхөн сцень байсан. Гэтэл тэнд хариу үзүүлэх дүрүүдээс дүртэйгээ ажиллаж чадаагүй найруулагч харагдана. Хөдөө тайгаас ирсэн аавын жаахан охин эр бэлэг эрхтэн хараад хөөрч баясах уу. Ичингүйрч улайна биз дээ.
“Ноён эмэгтэй”-н талаар дурдахыг хүссэн сүүлийн зүйл нь киноны цаг үетэйгээ огтхон ч авцалдаагүй сэтгэлгээний онцлог байв. Жүжигчид, тэр дундаа туслах дүрийн жүжигчид бүхий л эрч хүчээ дайчлан ажиллаж буй нь илт боловч тэд “дүр”-ийнхээ хувьд эмэгтэй царайтай л болохоос хулгайч, худалч, зусар, шалиг, дээрэлхүү, “нөгөө” л дүрийн характертай.
Өөрөөр хэлбэл, эмэгтэй шорон, эмэгтэй дүрүүд байгаад тэднээс үүдэж болох хандлага сэтгэхүйн нарийн ялгаагүй нь алдагдсан боломж мэт санагдлаа. Нэгдсэн агуулгагүй, хуучинсаг үзэл нь үзэх сонирхол унтрааж байв.