“K-pop world festival 2022” олон улсын тэмцээний дууны төрөлд тэргүүн байр эзэлсэн Я.Эгшиглэнтэй ярилцлаа.
-“The Changwon K-Pop World Festival 2022” тэмцээний дууны төрөлд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Тайзан дээр шагнал хүртэж байсан тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Шагнал авах үед мэдээж маш их баярлаж догдолсон. Тайзан дээр ялагчийг зарлахын өмнө надтай өрсөлдөж байсан найз маань “Чи ялах нь тодорхой, солонгосчууд чиний сонгосон дуу, хоолойнд чинь үнэхээр дуртай” гэж хэлж байсан. Тэр үедээ өөртөө тийм ч итгэлтэй биш байсан л даа. Ялагч болох нь гол биш үзүүлбэрээ алдаагүй сайн үзүүлэх нь бид бүгдийн хувьд хамгийн чухал байсан даа.
-Сонгосон дуунд нь солонгосчууд их дуртай гэж найз нь хэлсэн байна. Тэмцээндээ ямар дуу дуулж оролцсон бэ?
-Тэмцээнд Солонгосын алдарт дуучин IU-гийн “You and I” дууг дуулсан. Энэ дуу нь IU дуучны анх нэр алдарт хүрч олонд танигдаж байх үеийнх нь дуу бөгөөд өсвөр насны үерхэл, анхны хайрын сэдэвтэй дуу юм. Үлгэрийн оронд буй мэт сэтгэгдэл төрүүлэм хөгжилтэй, уянгалаг аятай дуучны дээд өнгө, хоолойны чадлыг харуулсан дуу. Би IU-гийн бүх дуунд нь дуртай. Гэртээ ганцаараа байхдаа тоглолтоо хийж байна гэж төсөөлж дуунуудыг нь их дуулдаг байсан. Миний дуулсан “You and I” дуу бусад орны оролцогчдын үзүүлбэрийг бодвол эмэгтэйлэг эгдүүтэй зохиомжтой байсан. Тус тэмцээн нь “Alice in wonderland” шиг үлгэрийн орон мэт зохиомжтой байсан учраас үүндээ ч нийцсэн дуу сонгож дуулсан гэж бодож байна.
-“The Changwon K-Pop World Festival 2022” тэмцээний талаар тодруулаач. Оролцоход бэрхшээлтэй зүйл нь юу байсан бол?
-Тус тэмцээнд жил бүр нийт 100 гаруй улсаас хүүхдүүд бичлэгээ илгээж, шалгарсан улсын хүүхдүүд өрсөлддөг. Энэ жилийн тэмцээнд найман улс шалгарсан. Миний хувьд NTV телевизийн “K-pop festival in Mongolia 2022” тэмцээнд дууны төрлийн ялагч болсноор Монгол Улс дахь Солонгосын элчин сайдын яамнаас холбогдон уг тэмцээнд бүртгүүлж оролцох эрхтэй болсон. Жил бүр улс улсдаа тэргүүн байрт шалгарсан хүүхдүүд бичлэгээ илгээж тэр дундаас шилдэг нь шалгардаг юм билээ. Анх 2014 онд Монголоос н.Очирбат гэдэг ах тэмцээнд явж оролцож дууны төрөлд хоёрдугаар байр эзэлсэн байдаг. Солонгосын Элчин сайдын яамнаас намайг анх дуудаж ярилцлага, бичлэг авч, энд түрүүлсэн дууныхаа бичлэгээ илгээн бүртгүүлж байсан. Тэмцээний эхний шатанд тэнцсэн гэдгээ сарын дараа мэдсэн. Дараагаар нь ковер дууны бичлэг, дуртай дуучин, зорилго, K-pop чиний хувьд юу вэ зэрэг асуулт и-мэйлээр ирсэн. Түүнд би K-pop бол миний ертөнцөд гэрэл гэгээ юм, k-pop-оор дамжуулж мөрөөдөл минь илүү өнгөлөг, гэрэл гэгээтэй болдог. Үргэлж зөв замд минь хөтөлдөг гэж хариулсан. Энэ асуулт нь тэмцээнд их чухал нөлөө үзүүлсэн байх гэж бодож байна.
Энэ жилийн тэмцээний өнгөрсөн жилүүдээс ялгаатай зүйл нь оролцогчиддоо түлхүү анхаарал хандуулж, тусад нь интро бичлэг хийж өгч, Idol-той цуг үзүүлбэр үзүүлэх боломжтой болсон байсан. Биднийг хоёр долоо хоногийн турш хэрхэн бэлтгэлээ хийж байсан, ямар хэмжээнд ахиц дэвшил гаргасан болон хөгжилтэй тоглоом зэргийг зохион байгуулж зураг авалтыг хийж байсан. Тэмцээний үеэр нэвтрүүлэг, баримтат кино шиг зүйл давхар хийгдсэн байгаа. Энэ нь аравдугаар сарын 28-ны өдөр KBS телевизээр гарах болно.
-Анх урлагт хэрхэн дурлах болсон бэ, дурлах болсон шалтгаан түүхээсээ хуваалцаач?
-Аавынхаа студид багаасаа л олон хамтлаг дуучдыг харж, сонсож үлгэр дуурайллыг авдаг байсан. Тийм ч учраас урлагт дурлах гол шалтгаан аав маань байсан юм болов уу. Багаасаа л ямар нэгэн байдлаар үргэлж урлагтай холбоотой дугуйланд их хамрагдаж, хичээллэдэг байсан даа. Ээж маань ч латин америк болон Монгол бүжиг их сайхан бүжиглэдэг, урлагт хайртай хүн л дээ. Магадгүй гендээ байдаг юм болов уу.
-Солонгосын онгоцны буудалд буусан цагаас нэвтрүүлгийн багийнхан яриа авч, дүрс бичлэг хийж байсан гэсэн?
-Очсон цагаас эхлээд л дандаа зураг авалт явагдсанд нь анх жаахан гайхаж байсан. Гэхдээ өмнө нь аяллын нэвтрүүлэгт орж үзсэн туршлагатай учраас миний хувьд харьцангуй гайгүй байсан. Нэг хэцүү зүйл нь сэтгэл хөдлөлөө жирийн үеийнхээсээ хэтрүүлэгтэйгээр илэрхийлэх хэрэгтэй болдог юм билээ. Миний хувьд тийм зүйлдээ жаахан тааруу. Гэсэн хэдий ч зурагтаар л үздэг байсан тийм том телевизээр гарах боломж олдсонд баяртай байсан.
-Дууг нь сонсож, үздэг алдартай уран бүтээлчдээ ойроос харах мэдрэмж ямар байсан бэ?
-Дуучидтай нэг тайзан дээр гарах нь маш сонирхолтой байсан. Ялангуяа “Kard” хамтлагийнхантай нэг тайзан дээр зогссон нь нэр төрийн хэрэг байсан. Мөн тайз руу гарах үед өөр дуучид хажуугаар зөрөх үеийн догдлол одоо ч мэдрэгдэж байна.
-Дэлхийд алдартай “YG” энтертайнментийн дууны багш хичээл заасан гэж сонссон. Хичээл, сургалтууд нь ямар байсан бэ?
-Дууны төрлийн оролцогчдод нийт дөрвөн багш ирж хичээл заасан. Бид хоёрыг дуулуулж үзээд өөрсдийнх нь хоолойны онцлог сул талуудад тааруулж хоолойны дасгалуудыг заасан. Бүх багш нар өөр өөрийн арга барилаар өөр өөр дасгал зааж байсан. Их зүйл сурч авсан.
-Өөр олон улсын оролцогчидтой тэмцээний бэлтгэл хийх ямар байсан бэ?
-Тэмцээнд тив тивээс хүүхдүүд ирж оролцсон. Япон, Монгол Чили улсаас бусад нь бүгд унаган англи хэлтэй орны хүүхдүүд байсан. Би өөрийнхөө хэмжээнд хүүхдүүдтэй ойлголцон англи хэлний ярианы чадвар маань ч тодорхой хэмжээгээр сайжирсан гэж бодож байна. Тэд бүгд маш найрсаг харилцаатай байсан. Би Монголоос авчирсан “Зөв аарцны ундаа”-наас хүүхдүүдэд амсуулахад эхлээд жаахан гашуун мөртлөө чихэрлэг юм байна гэцгээж байсан.
-“Cherry Bomb” бүжгийн хамтлагтай байсан гэсэн. Энэ талаар тодруулаач?
-“Cherry bomb” хамтлаг миний мэдэхийн анх 2020 онд үүсгэн байгуулагдсан байх. Би сүүлд 2021 онд хамтлагийн ахлагч н.Ариунзаяа эгчтэй танилцан дуулж буй бичлэгээ явуулснаар намайг хамтлагтаа авч байлаа. Дандаа дуулдаг байсан хүүхэд бүжгийн хамтлагт анх ороод чадвараараа гологдсон. Гэвч Ариунзаяа эгч маань намайг хурцалж өгснөөр илүү хичээх ёстойгоо мэдэж авсан. Тэр хэрээрээ ковер бүжиг гарах болгонд чадвар минь бага багаар сайжирч байсан. Хамтлагтаа байхдаа К-попд дуртай авьяас чадвартай олон хүүхдүүдтэй найзууд болж их ч зүйлийг сурсан