Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Б.Хүслэн олон улсын миссийн тэмцээнээс 5 шагнал хүртэж, Дэд мисс боллоо DNN.mn

Малайзын Куала Лумпур хотод болсон “Miss Heritage International 2022” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 18 настай мисс Б.Хүслэн таван шагнал хүртжээ. Улмаар энх тайван, байгаль орчин, аялал жуулчлал, дэлхийн улс орнуудын өв соёлыг танилцуулж түгээн дэлгэрүүлэх зорилготой “Miss Heritage International 2022” тэмцээний дэд миссээр шалгарлаа.

Мисс Б.Хүслэн:

  • Best evening gown /Үдшийн шилдэг даашинз/
  • Miss photogenic /Фото модел/
  • Tourism ambassador /Аялал жуулчлалын элч/
  • Miss Best body
  • Дэд байрын мисс хэмээх номинацад тэргүүлжээ.

Тэрбээр “Мисс Монголиа 2022” тэмцээний Дэд миссээр шалгарч “Miss Heritage International 2022” тэмцээнд оролцох эрхээ авч байв.

“Miss Heritage International 2022” оны шилдэг таван байрт:

  • ОХУ,
  • Монгол,
  • Индонез,
  • Латви,
  • Малайзын миссүүд шалгарсан ба Тэргүүн миссийн титмийг ОХУ-ын хөтлөгч, загвар өмсөгч Анна Крилина хүртжээ.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Grammy-2022” шагналд нэр дэвшигчид тодорчээ DNN.mn

АНУ-ын Үндэсний урлаг, дуу бичлэгийн академи 2022 оны “Grammy” хөгжмийн наадмын шагналд нэр дэвшигчдийг зарлажээ. Нэр дэвшигчдийн жагсаалтыг шагналын албан ёсны цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн байна.

Нийтдээ 91 төрөлд нэр дэвшигчдийг танилцуулжээ. Энэ удаагийн наадамд нэр дэвшсэн шагналынхаа тоогоор дуучин Бейонсе тэргүүлж байна. Тэрбээр есөн номинацид нэр дэвшээд байгаа юм. Харин Реппер Кендрик Ламар найм, дуучин Адель долоон номинацид нэр дэвшжээ.

“Grammy” хөгжмийн наадмын 65 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 2023 оны хоёрдугаар сарын 5-нд Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо болно.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Эх дэлхийн мисс” тэмцээнд С.Нандин Монгол Улсаа төлөөлөн оролцож байна DNN.mn

“Эх дэлхийн мисс 2022” буюу “Miss Earth” тэмцээний финалын шат өчигдөр албан ёсоор Филиппин улсын Манила хотод эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн үндэсний ялагч С.Нандин оролцож буй юм.

Дэлхийн дулаарлын эсрэг Монгол эх орноо төлөөлөн өөрийн дуу хоолойгоо өргөж буй С.Нандин нь байгаль дэлхий, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж иржээ. Энэ жилийн тэмцээнд 120 гаруй улсын гоо бүсгүй оролцож байна.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

О.Мөнх-Очир: Эрчүүд гадагшлуулж чаддаггүй стрессээ фитнессээр хичээллэж тайлдаг DNN.mn

-Хосууд дасгал хөдөлгөөнийг хэвшил болгож чадвал сексийн амьдрал нь идэвхжинэ-


“MGL POWER GYM” фитнессийн клубийн багш О.Мөнх-Очиртой ярилцлаа.


-Одоо үед хүн бүхнийг дасгал хөдөлгөөн хий гэж зөвлөдөг болсон. Яг ямар дасгал хийх, тэр нь хүний биед яаж нөлөөлдөг тухай ойлголт тун бүрхэг. Багшийн хувьд энэ талаар уншигчдад мэдээлэл хуваалцахгүй юу?

-Булчин бол хүний биеийг хөдөлгөж, бүх ачааллыг өөр дээрээ төвлөрүүлж ачаалал даах чадварыг нэмэгдүүлдэг үүрэгтэй. Орчин үед хөдөлгөөний дутагдал гэж их ярих болсон. Энэ нь булчинг ажиллуулахгүй, хөдөлгөөн хийхгүй хэтэрхий удаан байснаас булчингийн сулрал үүсдэгтэй холбоотой. Булчингийн сулрал үүссэнээр хөдөлгөөний дутагдалд орно, цаашлаад таргалалт үүснэ. Таргалалтаас үүдэлтэй өвчлөл их болсон. Нойр булчирхай, элэгний өөхлөлт, цусны өтгөрөл, зүрх судасны өвчин, судасны хана хатуурах, харвах гэх мэт. Дээр үед настай ахмад хүмүүс л харвадаг гэж ярьдаг байсан бол залуучууд ч харвадаг болсон. Нэг ёсондоо таргалалт бол залуучуудын өвчин болж хувирлаа. Энэ бүгдээс сэргийлэх гол хүчин зүйл бол дасгал хөдөлгөөн, эрүүл зөв амьдралын хэв маяг буюу зөв хооллолт. Аливаа зүйлийн тунг тааруулах ёстой гэж боддог. Ямар ч зүйлийн тунг хэтрүүлэхэд сайн зүйл ч хор уршигтай болох эрсдэлтэй.

-Хөдөлгөөнтэй ажил хийдэг хүмүүс “Надад дасгал хөдөлгөөн шаардлагагүй” гэж үздэг. Зөв үү?

-Хүмүүс хөдөлгөөнтэй ажил хийдгээ өөрийгөө идэвхтэй хөдөлж, хөдөлгөөний дутагдлаас ангид байлгаж байна гэж ойлгодог. Байнга суудаггүй хүн ч гэсэн нурууны суулттай болдог. Идэвхтэй дасгал хөдөлгөөнийг өдөрт багадаа 30 минут хийснээр өөрийгөө зүрх судасны өвчин бусад өвчний эрсдэлээс хамгаалж чадна.

-Тэгвэл фитнессийн талаар ярихгүй юу. Нэг үеэ бодоход хүмүүс маш их сонирхдог болжээ?

-Фитнесс бол тухайн хүнээс тэсвэр тэвчээр, тууштай байдлыг маш их шаарддаг спорт. Фитнессээр тогтмол хичээллэе гэвэл сэтгэл зүйтэйгээ маш сайн ажиллах шаардлагатай. Орчин үеийн багш нар тухайн хүнийхээ сэтгэл зүй, амьдралын хэв маягтай холбогдуулж дасгал хөдөлгөөнийг хийлгэх нь үр дүнтэй. Хүн хүнд таарах систем, хүн хүний амьдралын хэв маяг өөр байдаг учраас бүх хүн нэг системээр дасгал хийх боломжгүй. Үүнийг багш хүн л зохицуулж явах ёстой гэж боддог. Фитнесс хийснээр хүнд аз жаргалын гормон ялгардаг. Тэр гормоныг байнга ялгаруулаад байвал донтож эхэлдэг. Хүмүүс долоо хоног фитнесст яваад л шантраад больдог. Тэр хугацаанд донтолт явагдаж амжихгүй байх нь. Гурван сарын хугацаанд тасралтгүй дасгал хөдөлгөөн үргэлжлэх юм бол амьдралын хэв маяг болж ирдэг. Өөрийгөө хүчлэхгүйгээр хичээллэдэг болно. Фитнессээр хичээллэж байгаа хүмүүс эхний гурван сар тууштай яваад үзээрэй гэж зөвлөмөөр байна.

Нөгөө талаар фитнессийн холбогдолтой буруу ойлголтууд гадуур тархсан байдаг л даа. Ямар ч хөдөлгөөн хийгээгүй, олон жил явсан хүн фитнесст нэг сар яваад бүх зүйлээ өөрчлөх юм шиг боддог. 10 жил буруу хэв маягтай явсан бол дор хаяж нэг жилийг фитнесст тууштай зориулах ёстой. Тэгж байж эрүүл биетэй болно. Фитнесс бол цаг хугацааны спорт. Хоёрдугаарт, фитнесс бусад спортыг бодвол биеэ хүссэн галбираар урлаж болдог. Гоо зүйн талаасаа хүссэн биеэ сийлбэр хийж байгаа мэт зорж урлах боломжтой нь хамгийн том давуу тал болдог.

-Дасгал хөдөлгөөн, бие бялдрын хөгжил хичээллэсэн хүний сэтгэл зүйд маш хүчтэй байдаг гэдэг. Эрчүүдийн амиа хорлолт өндөр байгаа энэ нийгэмд тэднийг хүчирхэг сэтгэл зүйтэй болгох нэг үндэс спорт, дасгал хөдөлгөөн гэж мэргэжлийн хүмүүс үздэг юм билээ?

-Спортоор хичээллэдэг хүн тэр дундаа фитнессээр хичээллэдэг хүн, стресс уур бухимдал сэтгэл зүйн дарамтыг хурааж явах нь харьцангуй бага байдаг. Дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүс стрессээ гаргаж чадахгүй дотроо хураагаад байдаг. Эрэгтэй хүнд тестостерон даавар гэж байдаг. Тэр нь эрэгтэй хүнийг эрэмгий дайчин, хурц, тэмцэгч чанарыг нь нэмж өгдөг даавар байдаг. Үүнийг дасгал хөдөлгөөн хийж байж л нэмж өгөх боломжтой. Тестостерон даавар их байх тусам эрчүүд шантрахгүй аливаа зүйлд нурж унахгүй байна. Харин буурснаар эрэгтэй хүмүүс тэмцэх чадвараа алдана.

-Нөгөө талаар гэр бүлийн амьдралд ч эрүүл амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөн нөлөөлдөг гэж орчин үед үздэг болсон гэдэг. Үнэн үү?

-Монголын нийгэмд тулгараад байгаа чухал нэг асуудал бол гэр бүл салалт. Энэ асуудалд хүртэл дасгал хөдөлгөөн маш том нөлөө үзүүлж байгаа. Таргалалт, өөртөө итгэлгүй байдал, дааврын уналт зэрэг нь гэр бүлийн хүмүүсийн бэлгийн амьдралд нөлөөлдөг. Товчхондоо эрэгтэй, эмэгтэй хүний өөхлөлт, өөртөө итгэхгүй байдлаас болж сексийн дур хүсэл буурдаг. Хоёрт, гоо зүй талаас ч хандах хүмүүс ихэссэн шүү дээ. Тиймээс идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, өөртөө цаг зав гаргаж эрүүл байснаар бэлгийн амьдрал ч идэвхтэй, эрүүл байх шалтгаан болж өгнө. Эрэгтэй хүний дааврыг дасгал хөдөлгөөн хийж байгалийн аргаар дэмжиж өндөр байлгаснаар сексийн амьдрал нь илүү идэвхжиж, бэлгийн чадавх нэмэгддэг. Түрүү булчирхай, бэлгийн сулрал орчин үед маш залуужсан. Үүнийг дасгал хөдөлгөөнөөр эмчлэх боломжтой. Эмэгтэй хүн ч ялгаагүй. Тиймээс хүмүүс ар гэрийн асуудалдаа хэтэрхий түүртэж гаргуунд нь гаргахгүйгээр өөртөө цаг зав зарцуулж, өөртөө болон хосдоо хайртай байгаарай гэж хэлмээр байна.

-Заавал фитнесс зааланд очихгүйгээр гэрийн нөхцөлд хийж болох дасгал хөдөлгөөний талаар зөвлөхгүй юү?

-Орчин үед заавал зааланд ирж багшаас зөвлөгөө авах шаардлагагүйгээр онлайн хичээл, дасгалууд хангалттай байна. Тэдгээрээс өөрт тохирсон дасгалаа өдөрт 30 минут хийгээд хэвшчихвэл эрүүл мэнддээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт.

-Дасгал хөдөлгөөн хийж байгаа хүний хооллолт бас чухал. Эрүүл хооллолтын талаар үйлчлүүлэгчдэдээ та юуг зөвлөдөг вэ?

-Монголчуудын хооллолтын хувьд тулгарч байгаа гол асуудал бол хэтэрхий их хар махны хэрэглээ. Үүнээс үүдэж цусны улаан эс ихэсдэг. Цаашлаад цус өтгөрөх шалтгаан болдог. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуугүй цус өтгөрөлттэй гэдэг шүү дээ. Дээр үед хүмүүс өвөлдөө махаа идчихээд зундаа цагаан идээгээ идэж хоол хүнсээ тэнцвэржүүлдэг байсан. Орчин цагт тэгэх боломжгүй, зундаа цагаан идээгээ тэр бүр идэж чадахгүй байна. Тиймээс дөрвөн улирал мах идэх нь тодорхой учраас цагаан махыг хоолондоо оруулж өгөх хэрэгтэй. Долоо хоногт гурван өдөр хүнд махан хоол идлээ гэхэд үлдсэн хугацаанд нь цагаан мах буюу тахиа, загас, далайн гаралтай хөнгөн махан хоол идэж хэвших нь эрүүл мэндэд болон дасгал хөдөлгөөн үр дүнтэй байхад тустай.

-Та бодибилдингийн тамирчин хүн. Энэ спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Яагаад сонирхох болов?

-Би анх наймдугаар ангидаа фитнесс зааланд орж үзсэн. Ээж маань фитнесст явдаг, би очиж авдаг байлаа. Тэр үед фитнессийн багш нь намайг “Чи ээжийгээ хүлээж суухаар зааланд ороод сонирхоод үзээч” гэсэн. Тэгээд л заал руу орж булчинтай ах нарыг хараад л энэ спортод дурласан. Ингээд аравдугаар ангиасаа хойш нэлээд эрчимтэй хичээллэж, 2015 оноос тэмцээн уралдаанд орж эхэлсэн. Сүүлийн дөрвөн жил бэртлийн улмаас засварлаад, жилийн өмнөөс бэлтгэл сургуулилтдаа ороод явж байна. Намайг анх фитнессээр хичээллэж эхэлж байсан үеийг одоогийнхтой харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай болсон байна. Өмнө нь хүмүүс фитнессийг тэр бүр мэддэггүй, ойлголт ч муу байсан.

Одоо бол мэдлэгтэй болсоор, фитнесст дурласаар байгааг харахад таатай байна. Клубүүдийн тоо ч нэмэгдсээр байна. Спорт талаасаа яривал фитнесс бодибилдингийн спорт манай улсад хөгжиж байгаа ч дэлхий нийттэй харьцуулахад хоцрогдож яваа. Учир нь манай улс эдийн засгийн байдлаас шалтгаалж зах зээл нь муу байна. Улсаас дэмжлэг туслалцаа байхгүй учир монгол тамчирчид бор зүрхээрээ явдаг шүү дээ. Бүх амьдралаа зориулж маш том эрсдэл үүрч энэ спортыг хөгжүүлэхийн төлөө явж олон тамирчин бий. Миний хувьд жүжигчин мэргэжилтэй. Энэ спортыг сонирхдог, амьдралын хэв маяг болгож явдаг учраас мэргэжлийн тамирчны дайтай явж чадахгүй байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянхонгор аймагт зохиогдсон “Баянхонгор cup”-т оролцоод хүрэл медаль авсан. Ирэх жилийн улсын аваргад оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​УГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржавын гэр бүлийн “Айсуй” тоглолт маргааш болно DNN.mn

“Насны намар”, “Зүүдэн бороо”, “Зүрхний уяа”, “Сүүн далай ээж”, “Хуарангийн шөнө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Монгол омогшил”, “Ээжийн чанасан цай”, “Сүслэн хайрлаж яваарай” зэрэг Монголын ард түмний сэтгэлд хоногшсон, одоо ч дуулагдсаар байгаа сор болсон 500 гаруй дуутай хөгжмийн зохиолч Б.Магсаржавыг монголчууд бүгд танина.

1988 оны “Морин хуур” наадмын тэргүүн байрын шагналт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Магсаржав гэргий Ж.Ганчимэгтэйгээ хамтарсан “Айсуй” тоглолтоо маргааш Монгол бөхийн өргөөнд 19 цагаас ард түмэндээ хүргэх гэж байна. Түүний гэргий Ж.Ганчимэг нь МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч бөгөөд их эмч, клиникийн профессор юм. Мөн “Морин хуур” наадмын шагналт яруу найрагч билээ. Тэд хамтран олон шинэ дуу өлгийдөн авч, Монголын дууны урлагийг чимж явна. Тэдний “Айсуй…MG-2022” уран бүтээлийн тоглолтод, МУГЖ Б.Сарантуяа, Ө.Уянга, С.Жавхлан, Л.Болдбаатар, С.Цогтсайхан, Д.Ширмэнтуяа Б.Батбаатар, Г.Энхбаатар, Д.Амаржаргал, Б.Батмэнд, Ц.Түмэнжаргал, МУСТА П.Баярмагнай, Э.Төрмандах, Ц.Энхтайван, У.Сансар, Л.Сөрөлт, Л.Нарантуяа, С.Сэрчмаа, Ж.Эрдэнэцэцэг, Б.Гүрбадам, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Д.Пэрэнлэйлхагва, Б.Сэрсэндэмид, Б.Анар, Б.Отгончимэг, Б.Уранзаяа, У.Одонтунгалаг нарын дуучид мөн ҮУИТ-ын найрал дуучид, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, АЛТАЙ болон MU­GRA BAND хамтлаг тус тус оролцох юм байна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​УГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржавын гэр бүлийн “Айсуй” тоглолт энэ сарын 15-нд болно DNN.mn

“Насны намар”, “Зүүдэн бороо”, “Зүрхний уяа”, “Сүүн далай ээж”, “Хуарангийн шөнө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Монгол омогшил”, “Ээжийн чанасан цай”, “Сүслэн хайрлаж яваарай” зэрэг Монголын ард түмний сэтгэлд хоногшсон, одоо ч дуулагдсаар байгаа сор болсон 500 гаруй дуутай хөгжмийн зохиолч Б.Магсаржавыг монголчууд бүгд танина.
1988 оны “Морин хуур” наадмын тэргүүн байрын шагналт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Магсаржав гэргий Ж.Ганчимэгтэйгээ хамтарсан “Айсуй” тоглолтоо энэ сарын 15-нд Монгол Бөхийн Өргөөнд 19 цагаас ард түмэндээ хүргэх гэж байна. Түүний гэргий Ж.Ганчимэг нь МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч бөгөөд их эмч, клиникийн профессор юм.

Мөн “Морин хуур” наадмын шагналт яруу найрагч билээ. Тэд хамтран олон шинэ дуу өлгийдөн авч, Монголын дууны урлагийг чимж явна. Тэдний “Айсуй…MG-2022” уран бүтээлийн тоглолтод, МУГЖ Б.Сарантуяа, Ө.Уянга, С.Жавхлан, Л.Болдбаатар, С.Цогтсайхан, Д.Ширмэнтуяа Б.Батбаатар, Г.Энхбаатар, Д.Амаржаргал, Б.Батмэнд, Ц.Түмэнжаргал, МУСТА П.Баярмагнай, Э.Төрмандах, Ц.Энхтайван, У.Сансар, Л.Сөрөлт, Л.Нарантуяа, С.Сэрчмаа, Ж.Эрдэнэцэцэг, Б.Гүрбадам, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Д.Пэрэнлэйлхагва, Б.Сэрсэндэмид, Б.Анар Б.Отгончимэг, Б.Уранзаяа, У.Одонтунгалаг нарын дуучид мөн ҮУИТ-ын найрал дуучид, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, АЛТАЙ болон MUGRA BAND хамтлаг тус тус оролцох юм байна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Чоно” хамтлагийн 20 жилийн ойн тоглолт болно DNN.mn

“Чоно” хамтлагийн 20 жилийн ойн тоглолт өнөөдөр “UG Pаlace”-д 19:00 цагт болно.

2002 онд рок алтернатив урсгалаар “Би рүсээгүй” тоглолтоо хийж байсан тус хамтлаг өдгөө 20 жилийн ойгоороо үзэгч сонсогч фенүүдтэйгээ уулзах гэж байна. Хурц стиль имиж бүрдүүлэн тухайн үеийн залуусын дунд хит болж байсан “Залуу нас”, “Сүүлчийн хичээлийн дараа”, “Чамд таалагдахын тулд” зэрэг дуунуудаараа байлданд дагуулж байсан тус хамтлаг өнөөдөр бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулах гэж байна.

Тоглолтод урилгаар “Харанга”, “Хурд”, “Нисванис” , “Хар Сарнай” зэрэг хамтлаг оролцохоос гадна “Чоно” хамтлагтай уран бүтээл туурвиж байсан үе үеийн уран бүтээлчид оролцох юм байна. Тасалбарыг ticket.mn сайт болон “UG Palace”-н билетын кассаар худалдаалагдах болно.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

С.Нандин: “Эх Дэлхийн Мисс-2022” тэмцээнд амжилттай оролцож улсдаа миссийн титмийг авч ирэх зорилготой DNN.mn

Арваннэгдүгээр сарын 12-29 өдрүүдэд Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдах олон улсын миссийн дөрвөн том тэмцээний нэг “Эх дэлхийн мисс-2022” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж буй мисс С.Нандинтай ярилцлаа.


-“Эх дэлхийн мисс” тэмцээний үндэсний ялагчаар тодорч, эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхийг авсанд баяр хүргэе. Тэмцээний бэлтгэл хангагдаж байна уу?

-Юуны өмнө намайг сэтгэл зүрхээрээ дэмжиж байгаа нийт монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Намайг Сэргэлэнгийн Нандин гэдэг. Би 18 настай. Миний хувьд өнгөрсөн тавдугаар сард Гүрж улсын Тбилиси хотод зохиогдсон Дэлхийн өсвөр үеийн загвар өмсөгчдийн тэмцээнээс “Шилдэг үндэсний хувцас” болон Гран При шагнал хүртсэнээр “Эх дэлхийн Мисс-2022” тэмцээнд оролцох эрх авсан. Тайзнаа Монгол Улсынхаа нэрийг дуудуулахад маш их сэтгэл хөдөлж, бахархалтай гоё мэдрэмж төрдөг юм байна лээ. Мөн намайг энэ тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн ойр дотныхон, богино хугацаанд дээл хувцсыг минь оёж урласан хумүүсийн нөр их хөдөлмөрийг бодохоор огшоод тайзнаас буугаад би уйлж байлаа. “Эх Дэлхийн Мисс-2022” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох болсондоо туйлын баяртай байна. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалахад чиглэсэн энэхүү тэмцээнд оролцож эх орныхоо дуу хоолойг дэлхийд таниулан авьяас чадвар, ухаанаа уралдуулах хариуцлагатай үүрэг ирж байгаад талархалтай хүлээж авсан. “Эх дэлхийн мисс-2022” тэмцээн аравдугаар сарын 24-ний өдрөөс цахим хэлбэрээр эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 12–29-ний өдрүүдэд Филиппин улсад хүрэлцэн очиж тэмцээндээ үргэлжлүүлэн оролцоно. Тэмцээний бэлтгэл ажил нэлээд ихтэй байсан, одоо үндсэндээ хангадаж дуусч байна.

-Тэмцээнд үндэсний ялагчийг шалгаруулахад төсөл их чухал үүрэгтэй байдаг шүү дээ. Өөрийнх нь хувьд ямар төсөл танилцуулсан бэ?

-Байгаль эх бол хүний бие организмтай адил өөрөө өөрийгөө хамгаалж тэнцвэржүүлж байдаг гайхамшигтай зүй тогтолцоотой. Энэ гайхамшигт амьдралын тогтолцоог хүн төрөлхтөн бид хөндлөнгөөс хүчээр өөрчилснөөс үүдэн маш их сөрөг нөлөө үүсээд байгаа нь нууц биш юм. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хотжилт, үйлдвэржүүлэлтийн улмаас манай эх орон төдийгүй дэлхий нийтээрээ экологийн тэнцвэрт байдлыг эвдэхэд хүргэж буй нь харамсалтай. Тиймээс нийтээрээ байгаль орчноо аварцгаая. Үүний тулд бид дуу хоолойгоо нэгтгэж, сайн үйлсийн төлөө улс үндэстнээрээ гар нийлэх ёстой.

-Өөрийнхөө гэр бүлийн гишүүдээ танилцуулахгүй юу?

-Миний аавыг П.Сэргэлэн гэдэг. Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайд, эдийн засагч, багш мэргэжилтэй, дипломатч. Монгол Улсын манлай уяач. ОУХСМастер. Ээжийг минь Б.Байгалмаа гэдэг. Хувцас загварын “Гоёл-94”, Хаврын “Гоёл-95” тэмцээнүүдэд Шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан топ модель. Багш, орчуулагч мэргэжилтэй. Би гурван эгч, нэг ах, нэг эрэгтэй дүүтэй. Мөн Лео нэртэй 10 настай нохойтой.

-“Эх дэлхийн мисс” тэмцээний үндэсний ялагчаар шалгарахад өөрт нь ямар зан чанар тус болсон гэж бодож байна вэ?

-Би зорилгодоо хүрэхийн тулд биеэ дайчилж чаддаг тууштай зан чанартай. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө тал бүрээс нь судалж байж хийхийг эрмэлздэг, хийж бүтээж байгаа бүхэндээ чин сэтгэлээсээ ханддаг.

-Анх хэдэн настайдаа загварын тайзан дээр гарч байсан бэ. Хамгийн дурсамжтай, сэтгэлд тод үлдсэн загварын тайз, шоу гэвэл ямар тайзыг хэлэх вэ?

-2022 оны хавар “Queen model Agency”-н Х.Энхмаа багшийн удирдлага дор загвар өмсөгчийн сургалтаа дүүргээд Гүрж улсын Тбилиси хотод зохион байгуулагдсан Дэлхийн өсвөр үеийн загвар өмсөгчдийн тэмцээн болох “World Teen Model of the Planet” тэмцээний тайзнаа гараагаа эхэлсэн. Миний оролцсон загварын шоу болгон тус бүртээ өөрийн гэсэн онцлогтой бөгөөд бүгд л сэтгэлд минь сайхан дурсамжуудыг үлдээсэн. Хамгийн сүүлд дэлхийд алдартай Филиппиний загвар зохион бүтээгч Майкл Синкогийн загваруудаас Арабын загварын долоо хоногийн үеэр толилуулснаар тус шоунд оролцсон анхны монгол загвар өмсөгч болсоноо онцолмоор байна. Майкл Синко загвараа толилуулахдаа орчноо төгс бүрдүүлсэн байсан нь үзэгч олонд төдийгүй оролцож байгаа хүмүүстээ сэтгэл хөдлөм байсан. Тийм гоё шоунд оролцож Монголынхоо нэрийг гаргасандаа баяртай байна. Энэ дашрамд загвар өмсөгч болох гарааг минь эхлүүлж өгсөн Х.Энхмаа багшдаа болон “Miss Mon­golia Tourism Association”- ний Б.Гантогоо захиралдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

-Одоо аль сургуульд ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Би энэ хичээлийн жилээс Кувейт улсын BSK дунд сургуулийн 12 дугаар ангид суралцаж эхэлсэн. Монголдоо Сант сургуульд 11 дүгээр ангиа дүүргээд гэр бүлээрээ Кувейт улсад нүүж ирсэн. Ирээдүйд Биохимич мэргэжлээр сонгон суралцах сонирхолтой.

-Загварыг ямар учраас сонирхож хичээллэхээр болсон бэ?

-Би бүр бага байхаасаа л загвар өмсөгч болох хүсэлтэй байсан. Ээж минь загвар өмсөгч болохоор надад үлгэрлэж, зааж зөвлөдөг. Мөн чөлөөт цагаараа хуучин хувцас болон даавуу ашиглан гараараа хувцас урлах дуртай, өөрөө моделио хийдэг байсан маань алсдаа загвар өмсөгч болоход нөлөөлсөн гэж бодож байна.

-Амжилтуудаасаа хуваалцахгүй юу?

-Гүрж улсад зохион байгуулагдсан “World Teen Model of The Planet” тэмцээний “Шилдэг Үндэсний Хувцас“ болон Гран При шагнал хүртсэн. Мөн Каннын Кино Фестивалийн хүрээнд зохиогддог улаан хивст загварын шоунд урилгаар оролцсон. Мөн Парисийн загварын долоо хоног, Арабын загварын долоо хоногт урилгаар оролцсон анхны монгол загвар өмсөгч болсон.

-Төгөлдөр хуур дарж, балетаар хичээллэдэг гэсэн үү?

-Тийм ээ, би чөлөөт цагаараа балетаар хичээллэж, төгөлдөр хуур дардаг. Анх таван настайгаасаа төгөлдөр хуур заалгаж сурч эхэлсэн. Энэ ярилцлагаараа дамжуулан Д.Долгоржав, МУГЖ С.Саянцэцэг багш нартаа баярлаж явдгаа илэрхийлье. Балетаар сүүлийн дөрвөн жил хичээллэж байна. Энэхүү урлагт намайг дурлуулсан МУГЖ Х.Манлай багшдаа болон СТА Х.Ганбат багшдаа баярлаж явдгаа илэрхийлье. Мөн волейболын спортоор тавдугаар ангиасаа эхлэн Ирээдүй клубт Б.Уранчимэг багшийн удирдлага дор хичээллэсэн.

-Таны өндөр, биеийн жинг тодруулж болох уу?

-Миний биеийн өндөр 182 см, жин 54 кг.

-Амьдралдаа ямар зан чанарыг, юуг чухалчилдаг вэ?

-Үнэнч зан чанарыг эрхэмлэдэг. Мөн хүнлэг, нинжин сэтгэлтэй байж аливаад зөв хандлагатай байх нь чухал гэж боддог.

-Цаашдын зорилго төлөвлөгөө, мөрөөдлөөсөө хуваалцаач?

-“Эх дэлхийн мисс-2022” тэмцээндээ амжилттай оролцож Монгол Улсдаа миссийн титмийг авч ирэхээр зорьж байна. Би дэлхийн дулаарал болон байгаль экологид тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд хүн бүр өөрийн зүгээс чадах бүхнээ хийж байгаасай гэж хүсдэг. Загвар өмсөгчийнхөө карьерыг өсгөж дэлхийн загварын ертөнцийн тайзнаа алхахыг зорьж байгаа. Дунд сургуулиа амжилттай төгсөөд хүссэн мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж, ирээдүйд эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсдэг дээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Latte” кофены эрэлт өссөнөөр “Starbucks”-ийн борлуулалт шинжээчдийн таамгийг давав DNN.mn

“Starbucks”-ийн борлуулалт энэ онд 9 хувиар, ашиг нь 20 орчим хувиар өсөх төлөвтэй байна

АНУ-д инфляц өндөр байгаа ч хэрэглэгчдийн дунд “Latte” кофены эрэлт нэмэгдсэнээр “Starbucks” компанийн борлуулалт шинжээчдийн таамгаас давлаа.

Тус компанийн борлуулалт аравдугаар сарын хоёрны өдөр хүртэлх санхүүгийн улиралд өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар өссөн нь “Bloomberg”-ийн шинжээчдийн таамаглаж байсан 4.1 хувиас давсан үзүүлэлт болжээ. Олон улсын зах зээлд бүтээгдэхүүний борлуулалт нь буурсан ч шинжээчдийн таамаглаж байсанчлан тийм ч тааруу байгаагүй аж. Үүнтэй холбоотойгоор тус компани ирэх 12 сарын төсөөллөө илүү өөдрөг гаргасан гэдгээ мэдэгдээд байна. “Starbucks”-ийн борлуулалт энэ онд есөн хувиар, ашиг нь 20 орчим хувиар өсөх төлөвтэй байгааг мөн мэдээлжээ.

“Starbucks” компанийн нэрийн хуудас болсон “Latte” болон “Frappuccino”-ийн үнэ нэмэгдсэн ч хэрэглэгчдийн дунд эрэлт өндөртэй хэвээр байсан бөгөөд Хойд Америк дахь борлуулалтын орлогынх нь 11 хувийг эдгээр бүтээгдэхүүний захиалгын нэмэгдсэн үнэ бүрдүүлсэн байна.

Үүнээс гадна тайлант хугацаанд хийгдсэн гүйлгээний тоо бага зэрэг нэмэгдсэн нь кофе шопын хэрэглэгчдийн тоо тогтвортой, харин хэрэглэгчид бүтээгдэхүүнд илүү үнэ төлж байгаа гэдгийг илтгэжээ.

Хэдий тийм боловч “Бид цаашид бүтээдэгдэхүүний үнийг дахин нэмэгдүүлэхгүй” хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ховард Шульц мэргэжилтнүүдэд хандан онцоллоо. Мөн үнэ нэмэгдсэн ч байнгын хэрэглэгчид болон захиалгын тоонд ноцтой өөрчлөлт гараагүй гэдгийг тэрбээр мөн онцолжээ.

Түүнчлэн хэрэглэгчдийн нас улам бүр залуужиж байгаа бөгөөд залуу хэрэглэгчид кофенд зарцуулах нэмэлт орлого харьцангуй өндөртэй байдаг гэдгийг “Starbucks” тодотгосон байна.

Он гарсаар нийтдээ 28 хувиар өсөөд байгаа “Starbucks”-ийн хувьцааны ханш дээрх мэдээллийн дараа 1.3 хувиар өсөж, 85.81 ам.доллар хүрчээ.

Тайлант хугацаанд тус компанийн үйл ажиллагааны алдагдал өмнөх жилийн мөн үеэс буурсан байна. Энэ нь баристануудын цалин болон сургалтыг дэмжиж, тэдний ажлыг хөнгөвчлөх тоног төхөөрөмжүүдээ сайжруулсантай холбоотой аж.

Эх сурвалж: bloombergtv.mn

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“КИВИ“ хамтлаг тоглолтоо хийнэ DNN.mn

2004 онд албан ёсоор байгуулагдаж байсан КИВИ хамтлаг энэ сарын 18-нд ганцхан удаа тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтод Tsetse, AM-C, Uka /solo/ нар оролцоно. Тоглолт Зайсан хиллийн Эвэнт халлд 20.00 цагаас болох юм байна. Тасалбарын үнэ 79-319 мянган төгрөгийн хооронд байна.

Продюсер Б.Ангирмаа нь 2004 онд анх KIWI нэртэйгээр продюсер охидын содон хамтлагийг Д.Уламбаяр Ц.Намуун Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй байгуулж улмаар Dashka studio дэргэд уран бүтээлээ гаргаж эхэлсэн түүхтэй.

KIWI хамтлаг нь энэхүү хугацаанд 60 гаруй клип 9 цомог world tour 2 удаа хийж байсан Монголын рок попд нэгэн тод өнгө болсон охидын хамтлаг билээ.