Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Зураач Р.Гал-Од: Далд ухамсар ямар хариу үйлдэл үзүүлдгийг бүтээлүүдээрээ харуулахыг зорьсон байдаг DNN.mn

Зураач Р.Гал-Одын бие даасан үзэсгэлэн Инээдмийн баярын өдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нд нээгдэх нь. Түүнтэй ярилцлаа.


-Үзэсгэлэнгийнхээ талаар мэдээлэл өгөөч…?

-Би Дүрслэх урлагийн дээд сургуулийн Уран зургийн ангийг 2013 онд төгссөн. 2009 оноос сонирхлоороо шог зургийн чиглэлээр дагнаад 10 гаруй жил уран бүтээлээ туурвиад явж байна. 2012 онд анхны үзэсгэлэнгээ Парк дээр гаргаж байсан. Тухайн үеийн алдар нэртэй хүмүүсийн төрхийг зурсан шог зургийн үзэсгэлэн. Одоо бол хоёр дахь томхон хэмжээний бие даасан үзэсгэлэнгээ Хаан банкны галерейд дөрөвдүгээр сарын 1-нд нээхээр бэлтгэж байна.Шог зураг бол аж байдал, ахуй амьдрал, дотоод сэтгэлийг илэрхийлсэн гэх мэтээр уран зургийн бүхий л төрөл рүү орж чаддаг өвөрмөц онцгой төрөл. Түүгээрээ миний сонирхлыг маш их татсан. Үзэсгэлэнд шог зургийн бүхий л төрлөөр зурсан бүтээлүүд маань тавигдана.

-Та голчлон алдартай хүмүүсийг зурдаг. Захиалгаар зурдаг уу?

-Захиалга ирвэл хүлээж авдаг. Захиалгаар зурахыг хүмүүс халтуур хийлээ гэж ойлгох гээд байдаг. Үнэндээ үгүй юм. Нэг найзыгаа зуруулаад өөрт нь бэлэглэлээ гэж бодоход дотоод сэтгэлийн гоо сайхан, гэр бүлийн амьдралыг харуулсан сэдэвт зургууд нь тухайн хүндээ аз жаргал, таашаал, баяр баяслыг өгч байдаг болохоор урлагийн бүтээл юм даа.

-Танай багш нар гэвэл…?

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр миний багш. Багшийг маань мэдэхгүй хүн ховор байх. Урчуудын эвлэлийн хорооны нэрэмжит зураач О.Энхтайван багш маань байна. Намайг чиглүүлж, мэргэжлийн суурийг маань сайн тавьж өгсөн багш нартаа талархаж явдаг.

-Зураач хүний нэг өдөр яаж өнгөрдөг вэ. Хэр завтай байдаг вэ?

-Уран бүтээлч хүн байнгын эрэл хайгуул хийж байдаг. Дотогшоогоо их өнгийнө. Зарим өдөр зургаа ширтээд, илэрхийлэмжээ төгс гаргах талаар бодсоор байгаад өнгөрдөг. Эсвэл маш их үйлдэл хийж, үр бүтээлтэй өнгөрүүлдэг ч үе байна. Янз бүр. Бүхий л ажлаа амжуулна гээд хүмүүс яаж амьдардаг, тэгж л амьдарч байна.

-Цогтбаяр багш чинь “овоо доо” гэж үнэлсэн зургаасаа нэрлээч…?

-2014 онд маршал Х.Чойбалсан гуайн хөргийг зурахад багш маань их үнэлж магтаж байсан. Одоо гарах үзэсгэлэнд тавигдах гол бүтээлүүдийн нэг. Нийгмийн бухимдал стресс шог зургаар хамгийн сайн илэрдэг. Болохгүй байгаа бүхнийг л шог зургаар шүүмжилж болно. 2021 оны арваннэгдүгээр сард би доктор профессор Моломжамц ахын тэргүүлдэг Монголын шог зураачдын холбооны гишүүн болсон. Холбооны зүгээс Монголын шог зураачдын үзэсгэлэнг байнга гаргаж, нийтийн хүртээл болгож байдаг. Хөрөг шог зураг зурж эхэлсэн 2009 оноос хойш би судалгаа хийж эхэлсэн. Хүний нүүр царайны донж төрхөн дээр юуг олж авч, анзаарч чадсан юм гэхээр тухайн хүний төрх донж өөрийнх нь сөрөг сэтгэл хөдлөлтэй маш холбоотой байдаг. Тэр нь цаашаа сэтгэл судлал, хүний далд ухамсартай холбогдоно. Энэ нь шог зураг бүхий л зүйлтэй нарийн нягт холбоотой байдгийн илэрхийлэл. Үүнийг юугаар баталж харуулах вэ гэхээр Шотланд гаралтай Америкийн гүн ухаантан Гэрри Жон Бишофийн хувь хүний хөгжил, сэтгэл хөдлөл, философийн талаар хийсэн 30 гаруй жилийн судалгааны үр дүнгээр тайлбарладаг. Энэ хүн судалгааныхаа үндсэн дээр Урбом философийн урсгалыг хүртэл гаргаж ирсэн. Бишофийн хэлсэн ярьсан зүйлс, эшлэл дүгнэлтүүд нь надад төсөөлөгдсөн шог зургийн ойлголтуудыг 100 хувь баталж өгсөн. Одоогийн гарах үзэсгэлэн маань ч энэ үзэл дээр тулгуурлагдсан. Хүн төрөлхтөн бүгд адилхан. Хүн бүхий л амьдралынхаа турш 97 хувиа огт мэдэлгүй өнгөрөөдөг. Үүнийг нь далд ухамсар гэдэг. Хүн өсч торнин, ажиллаж амьдарч, үр хүүхдээ өсгөн нийгмийн амьдралд оролцоно. Өөрийнхөө хэлбэр дүрсийг мэднэ, юунд дуртай, дургүйгээ мэддэг. Энэ бүх амьдрал бол бидний мэдэх гуравхан хувь. Гурван хувиа л хүн мэддэг гэсэн үг.

Зүүн гар талаас эхний хүн нь зураач Р.Гал-Од


-Тийм бага уу?

-Тийм бага. Мэдэхгүй түвшин нь маш их. Энэ үлдсэн 97 хувийн далд ухамсар бидний бүх амьдралыг шийдэж байдаг. Хүн гэдэг амьтан бусад руу хараад “энэ ямар амьтан юм бол” гэж бодож судалдаг болохоос өөрийгөө хэзээ ч судалдаггүй. Харамсалтай нь, далд ухамсарын түвшинд бид юу ч бодож, ямар ч шийдвэр гаргадаггүй. Бидний сөрөг сэтгэл хөдлөл, таагүй эмоциуд уран сайхны хэтрүүлэг донжоор шог зурагт бууж байгаа нь бидний үл ухамсарлахуй буюу далд ухамсар л царайн дээр нь илэрч байна гэсэн үг. Үүгээрээ асар гүн гүнзгий ач холбогдолтой.

-Хүн хөрөг шог зургаа зурууллаа гэхэд өөрийнхөө далд байгаа мэдэхгүй зүйлийг зургаасаа мэдрэх боломжтой гэсэн үг үү?

-Маш зөв. Өөрийнхөө тухай, өөрийнхөө анзаарч хараагүй зүйлүүдээ л харна гэсэн үг. Та бодоод үз л дээ, хүн төрөлхтөн өөрийнхөө 100 хувийн дөнгөж гурван хувийг л мэдэж амьдарч байгаа. Харин таны мэдэхгүй тэр далд ухамсар шог зургаар таны царай төрхөнд илэрч байдаг. Эндээс харахад хүн өөрийгөө насан туршдаа хуурч амьдардаг юм байна. Үнэнийг нь хэлэхээр хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. “Үгүй, би тийм биш. Би өөрийгөө хэзээ ч хуурдаггүй. Би өөрийгөө мэддэг” гэдэг ч эсрэгээрээ байдаг.

-Яагаад хүн өөрийгөө хуурдаг гэж…

-Хүний өөрийгөө мэддэг гэх энэ гурван хувийн хүсэл эрмэлзэл, бодол мөрөөдөл нь далд ухамсрын хүсэл эрмэлзлийнхээ яг эсрэг нь байдаг. Түүнийг л хэлж байгаа юм. Хүн далд ухамсраа удирдаж чадаж байвал өөрийгөө жинхэнээр нь мэдэж удирдаж байна гэсэн үг.

-Хүний хөрөг шог зургийг зурахдаа хэт хэтрүүлбэл доромжилсон болох уу?

-Харин ч хэтрүүлэх ёстой. Доромжлол болохгүй. Доромжлол гэж хүмүүс хараад байдаг нь өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Тэр хүний зургийг хичнээн ч хэтрүүлсэн байсан хүлээн зөвшөөрч инээж байвал далд ухамсраа таньж мэдэж байгаа нэг хэлбэр. Өөрийгөө хуурч байгаа нэг жижигхэн хэлбэр бол шог зургаа хараад “би ийм биш” гэж уурлах.

-Гэхдээ та хөрөг шог зураг зурахдаа хүмүүсийг уурлатал нь хэтрүүлж зурдаггүй биз дээ?

-Уурлуулъя гэж бодож зурдаггүй. Үнэнийг л зурахыг хичээдэг.

-Танаар хөрөг шог зургаа зуруулсан хүмүүсийн хэдэн хувь нь уурладаг вэ?

-99,9 хувь нь уурлах маягтай байдаг.

-Тэгвэл хүнийг дургүйцүүлэн дургүйцүүлэн ингэж зурах хэрэг байна уу?

-Харин ч хэрэгтэй, шаардлагатай. Урлаг заавал хүнд таалагдаж таашаал өгч байх зүйл биш. Үнэнийг нь хэлж өгч байх ёстой. Урлагийн гоо сайхныг энэ өнцгөөс нь мэдрэх ёстой. Гоо зүй, гоо сайхан гэдэг өөрөө ямар асуудал юм. Тэр бол заавал гоё юм үзэж таашаал авахын нэр биш.

-Таны үзэсгэлэнг очиж үзээд хүмүүс юу мэдрэх вэ?

-Яг л миний саяын хэлснийг үзнэ. Далд ухамсар ямар хариу үйлдэлтэй байдаг вэ гэдгийг шог зургийн бүхий л бүтээлүүдээрээ харуулахыг зорьсон. Үзэсгэлэн маань 22 хоног үргэлжилнэ.

-Таны пэйж хуудасны эхэнд “Шог зургаас та бүхэн өөр хаанаас ч авч чадамгүй баяр баяслыг мэдрэх болно” гэж бичсэн байсан…?

-Мэдэрнэ. Хүн өөрийнхөө хөрөг шог зургийг хүлээн зөвшөөрөхгүй хэрнээ инээгээд байдаг. Хүний дотоод сэтгэлд хоёр өөр төрлийн туйлшрал зөрчил явагддаг. Гэхдээ үүнийгээ анзаарч мэддэггүй. Сонирхолтой байгаа биз.

О.Туяа


Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Номын баяр тавдугаар сарын 19-21-нд болно DNN.mn

Уламжлал болон зохион байгуулагддаг Номын баяр 2023 оны тавдугаар сарын 19-21-нд 33 дахь удаагаа Сүхбаатарын талбайд болно. 32 дахь удаагийн номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болсон юм. Уг баярыг улс даяар зохион байгуулж, 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч зэрэг уран бүтээлчид оролцож байсан. Мөн шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор нандин номуудыг олон нийтэд дэлгэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Тамгагүй төр” жүжгийг арваннэгдүгээр сард Англид тоглоно DNN.mn

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулдаг “Мөнгөн мод” өчигдөр болж өндөрлөсөн. Эл наадмын оны шилдэг тайзны уран бүтээлээр “Херо” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг тодорсон. Тус физикл драмын ерөнхий продюсер М.Есөнмөнх мөн оны шилдэг продюсероор шалгарсан юм.

М.Есөнмөнх “Тамгагүй төр” жүжгийг дахин шинээр тавьж, өөр техник, өнцгөөр бүтээсэн. Энэ нь шилдэг бүтээл болоход нөлөөлсөн гэж үзэж болно. Энэхүү бүтээлийг өнгөрсөн жил 117 удаа тоглож, 67 мянга гаруй үзэгч үзсэн. Түүнчлэн 2023 онд гадаадын тайзнаа тавихаар гэрээ хийсэн. Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сарын 13-наас Английн Лондон хотноо байрладаг “West end” театрт нийт 20 удаа тоглохоор болсон” гэв.

“Тамгагүй төр” жүжгийг гадаадад тоглохдоо “Монгол хаан” нэртэйгээр хүргэх бөгөөд англи хэлээр тоглохоор бэлтгэж буй аж.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Мөнгөн мод-2022” наадмын шилдгүүд тодорлоо DNN.mn

Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай.

“Мөнгөн мод-2022” наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг тодрууллаа.

Харин шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач гэсэн 12 төрлөөр шалгаруулж, мөнгөн мод цом, мөнгөн шагналаар урамшуулсан юм.

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг судлаач – Бат-Өлзийн Баатархүү

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг хөгжимчин – Энхтөрийн Цэндсүрэн

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг бүжигчин – Өлзийжаргалын Мөнхжин

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг дуучин – Түмэндэмбэрэлийн Баатархүү

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг хөгжмийн зохиолч – Хишигтогтохын Алтангэрэл

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг зохиолч – Цолмонжаргалын Бат-Оргил

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг бүжиг дэглээч – Ёндоны Дамчаабадгар

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг зураач – Энхболдын Эрдэнэболд

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг удирдаач – Дэлгэрсайханы Түвшинсайхан

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг продюсер – Мягмарын Есөнмөнх

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг жүжигчин – Ойдовжамцын Энхтуул

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг найруулагч – Энхбатын Ёндоншарав

“Мөнгөн мод 2022” наадмын Соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээл – Чингис хаан музейн үзэсгэлэн, үзүүлэг дэглэлт

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг ном хэвлэл – Нүүдэлчдийн агсарга бүс

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг нийтлэл, нэвтрүүлэг – “Нүүдэлчин Зөн” арт медиа төслийн “Ухамсар” бүтээл

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг дуу хөгжмийн бүтээл – “Монгол аялгуу” хос пянз

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг зар сурталчилгаа – “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”

“Мөнгөн мод 2022” наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээл – “Их эзэн Чингис хаан” реалист уран зураг

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Эргэж ирэхгүй намар” кино олон улсын наадмаас шагнал хүртлээ DNN.mn

Эргэж ирэхгүй намар” уран сайхны киноны уран бүтээлчид ганзага дүүрэн эх орондоо ирлээ. Киноны хамт олон Швейцар улсын “Festival International du Film de Fribourg” буюу “Фрибургийн Олон Улсын кино наадам”-д оролцсон.

Тус наадамд “Эргэж ирэхгүй намар” кинонд Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ “Special mention-Best Actor” буюу “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд ялалт байгуулж шагнал хүртсэн байна.

“Эргэж ирэхгүй намар” кино дэлхийн хамгийн том “Оскар” кино наадмын урьдчилсан шатанд оролцохоор шалгарсан билээ.

Мөн тус кино Италийн Милан хотын FESCAAAL олон улсын кино фестивалиас “Audience awards” буюу “Үзэгчидийн нэрэмжит шагнал”, MiWorld Young Film Festival-с “BIG ZEBRA” шилдэг киноны шагналыг тус тус хүртжээ.

Эх сурвалж: Монголын үндэсний кино урлагийн зөвлөл

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Мөнгөн мод-2022” хүндэтгэлийн ёслол энэ сарын 27-нд болно DNN.mn

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2022” хүндэтгэлийн ёслол УДБЭТ-т энэ сарын 27-нд болно.

14 дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй тус наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа гэсэн төрлөөр шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач төрлөөр тодруулах юм.

2008 оноос соёл урлагийн салбарын шилдгүүдийг шалгаруулан ирсэн тус үйл ажиллагааны он оны шилдэг болон бичигдсэн тайз, дэлгэцийн шилдэг найруулагч шагнал хүртсэн найруулагчдыг танилцуулж байна.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн хамгийн аз жаргалтай орон DNN.mn

АНУ-ын судлаачид Дэлхийн аз жаргалын тайлангаа “Gallup” хүрээлэнгийн явуулсан санал асуулгын дүнд үндэслэн гаргажээ. Санал асуулгын үеэр олон үндэстний төлөөлөл болсон хүмүүсээс амьдралдаа хэр сэтгэл хангалуун байгааг нь тодруулан асуусан байна. Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг Финланд, Дани, Исланд тэргүүлжээ. Израил улс энэ онд өмнөх жилийнхээс таван байр ахиж дөрөвдүгээрт бичигдсэн бол Нидерланд тавдугаарт жагссан байна. Улмаар эхний 10 байрт Швед, Норвег, Швейцар, Люксембург, Шинэ Зеланд бичигджээ. Харин Герман улсын хувьд өмнөх жилийнхээс хоёр байр ухарч 16 дугаарт жагслаа. АНУ, Их Британи, Франц улсуудын хувьд тус тус 15, 19, 21 дүгээрт бичигдсэн байна. Эцэст нь, Афганистан, Ливан жагсаалтын сүүлийг мушгижээ.

Дэлхийн аз жаргалын тайланд улс орнуудын иргэдийн аз жаргалын түвшинг тодорхойлохдоо нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалт, иргэний эрх чөлөө, авлигын түвшин, ажлын байрны баталгаа, мөн олон нийтийн санал асуулгын дүн зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг харгалздаг байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Мөнгөн мод” наадам энэ сарын 27-нд болно DNN.mn

“Мөнгөн мод” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслол энэ сарын 27-нд 14 дэх жилдээ Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. 2008 оноос хойш соёл урлагийн салбарын оны шилдгүүдийг тодруулж ирсэн тус наадамд Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 төрлөөр тайз дэлгэцийн шилдэг 12 бүтээл, шилдэг 12 уран бүтээлч шалгарах бөгөөд тус бүрд нь “Мөнгөн мод” цом, мөнгөн шагнал олгох юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Монголын балет гадаадад ч, дотооддоо ч хүчтэйгээ харуулсан DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Отгоннямын ярилцлагыг хүргэе. Тэрбээр сар шинийн өмнөхөн энэхүү эрхэм хүндэт цолыг хүртсэн юм.


-Балетын бүжигчид дотор ихээхэн зөрчилтэй дүрийг бүтээдэг, драматичны бүжигчид гэж байдаг. Энэ талаасаа та ямар жанрын бүжигчин бэ?

-Би дандаа эсрэг дүрд тоглодог л доо. Эсрэг дүр хүний сэтгэлд их тод үлддэг юм. Э.Чойдог гуайн “Шарилжин дундах цэцэг” балетын Ёмбын дүрд би бүжиглэлээ. Энэ маань нэг бүсгүйд дурласан цэргийн дарга хоёр залуугийн дунд хов зөөдөг тийм дүр л дээ. Бүжиглэчихээд сүүлд гудамжинд явж байхдаа хэдэн залуу “тэр муу Ёмбо хов зөөсөөр байгаад салгачихлаа” гэх мэтээр яриад явж байхтай тааралдаж байсан. Тэр үед хүмүүс балет их үздэг байлаа шүү дээ. Энд тэнд явж байхад тоглосон дүрээр минь хүмүүс таниад байдаг юм. Нэг удаа гудамжинд явж байтал араас танихгүй хүн “Хөөе, Балгаан” гээд дуудаад байх юм. Эргээд харсан чинь “Чи чинь Балган билүү” гэж билээ. Ж.МэндАмар гуайн “Үйлийн гурван толгой” бүжгэн жүжгийн Балганы дүрээр минь таньсан юм билээ л дээ

-К.Караевын “Аянгын жимээр” гэж балет байдаг юм. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн тухай өгүүлдэг жүжиг. 1982 онд би энэ балетын цагаан арьстны дүрд тоглосон. Энэ миний анхны том дүр. Тэр жилээ урлагийн байгууллагуудын шинэ жилийн баярт оролцох гээд Драмын театрын үүдэнд зогсч байтал П.Цэрэндагва гуай тааралдаад “Аянгын жимээр” балетад тоглодог залуу чи мөн үү” гэж байна. П.Цэрэндагва гэж гайхамшигтай жүжигчинтэй анх тэгж танилцаж байсан. Ер нь эсрэг дүр бүтээх нь эерэг дүр бүтээхээс нэлээн их ялгаатай шүү. Асар их юм уншиж судалж, боловсорч, өөрийгөө ихээхэн дайчилж байж эсрэг дүрийг бүтээдэг. Тэгэхээр дүр гэдэг агуу юм шүү.

Эерэг дүр бол харагдах талаасаа их сайхан харагдаад, юмаа сайхан хийчихэд л болчихдог. Гэхдээ тухайн дүрд тохирох тохирохгүй жүжигчин гэж байна л даа. Би бол эерэг дүрд тоглож чаддагг үй юм. 1990 онд манайх Х.Билигжаргалын “Бөртэ чоно” балетыг тавилаа. Жамьяндагва багш намайг дуудаад “Чи ерөөсөө Жамухад тогло. Жамуха чи яг мөн” гэж байна. Би ч тэгье ээ л гэлээ. Энэ балетыг анх тавиад цөө- хөөн удаа тоглогдсон. Харамсалтай нь дахиж тоглоогүй.

-Танай театрын урын санд байдаг ч тоглогдохоо болиод удаж байгаа нэлээн хэдэн балет байна л даа. Жишээ нь, “Спартак” гэж ритм, сүр жавхлан төгс маш гоё балетыг сэргээн тоглоосой гэсэн үзэгч нэлээн олон шүү. Одоо энэ жүжгийг сэргээн тоглох боломжтой юу?

-Харамсалтай нь тоглох бүрэлдэхүүн байхгүй учраас сэргээх боломжгүй. Наад зах нь жар, далан хүн тайзан дээр гарах хэрэгтэй болно. Нэг талаас гучин хүн, нөгөө талаас бас гучин хүн гарах ёстой болно. Гэтэл ийм олон бүжигчин манайд алга. Өнгөрсөн хугацаанд боловсон хүчний бодлого алдагдсан, чадалтай сайн бүжигчид гадаадад гарчихаж байгаа гэх мэт олон шалтгаанаар бүрэлдэхүүн цөөрөөд байгаа юм. Өнгөрсөн зун гэхэд л манайхаас таван бүжигчин гадаадад уригдаад явчихлаа. Хамгийн сүүлд оны өмнөхөн нэг хүн явлаа.

-Балетынхан одоо хэд үүлээ байгаа юм бэ. Одоо байгаа бүрэлдэхүүндээ тааруулаад сэргээн тавьж болохгүй гэж үү?

-Болохгүй л дээ. Ядаж л сүргүй болчихно. Одоо манай театрт ердөө гучаад бүжигчин байна. Заримдаа Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүү- дээс оролцуулсан тохиолдолд дөчөөд хүн тайзан дээр гарч байна. “Спартак”-ийг тоглож байх үедээ манайх дал гаруй хүнтэй байлаа. 1988 оныг хүртэл.

-Та ДБЭТ-ын урын сангийн бүх балетад бүжиглэсэн хүн. Энэ жүжгийн ямар дүрийг бүтээсэн бэ?

-Ромын цэргийн жанжин Крассын дүрд тоглосон. Бас л эсрэг дүр. Эзэнт гүрний цэргийн маш балмад, харгис хэрцгий жанжин л даа.

-ДБЭТ-ын урын санд өөр бас том асуудал анзаарагддаг. Хүүхдийн балет бараг байхгүй бол модерн балет огт байхгүй гэж болно. Г.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй”, дөнгөж саяхан сэргээн тоглосон Ж.Чулууны “Уран Хас” энэ хоёрыг эс тооцвол шүү дээ?

-Манай театрын хөгжмийн редактор А.Батдэлгэр “Улаан- Үдэд ажиллаж байхдаа “12 жил” нэртэй богино хэмжээний балет хийсэн юм. Түү- нийгээ ерэн хэдэн онд энд хэдэн удаа тоглуулсан. “Цэнхэр нүдэн бүсгүй” балет одоо тоглогдсоор байгаа. Харин модерн балетын орон зай хоосон байгаа нь үнэн.

-Ерэн оны эхээр “Сүйрлийн дараах амьдрал” нэртэй маш гоё модерн балет тавьсныг санаж байна. Гэхдээ олон тоглоогүй тэгсгээд алга болчихсон. Тэр юу болсон бэ?

-Тэр чинь Б.Жамьяндагва багшийн дэглэсэн, манай “Балет холл” театрын бүтээл л дээ. Багш ерэн нэгэн онд театраас тусдаа гараад “Балет холл” нэртэй балетын сургууль, театр байгуулсан юм. Намайг очих уу гэхэд нь би багшийгаа дагасан. Манай театрын дарга Б.Сэргэлэн бид хоёр тэнд нэлээн бүжиглэсэн дээ. “Балет холл” нэг хэсэг бүр хүчтэй болж, албан ёсоор балетын үндэсний театр болсон. Тэгээд тав зургаан жил болоод тарсан даа. -Саяхан хөгжмийн зохиолч УГЗ Баттөмөр хүүхдийн балет бичсэн, түүнийгээ хөдөөгийн театрт тавихаар боллоо гэж байсан. Тэндэхийн театр халаалт дулааны асуудалтай юм уу даа, цаг дулаарахаар тавина гээд хүлээгээд байгаа гэнэ. Танай театрт энэ олз биш гэж үү? -Байгаа бол аваад ир л дээ. Ерөнхийдөө балетыг балетместртэйгээ ярьж байж хийдэг юм.

-ДБЭТ хөгжмийн зохиолчидтой харьцдаггүй юм уу. Жишээ нь, менежмент хийж, бичсэн жүжигт нь ивээн тэтгэгч олох ч юм уу, балет захиалах гэх мэтээр?

-Б.Жамъяндагва багш бүх хөгжмийн зохиолчдод жүжиг захиалж байсан. Гэвч юу ч гараагүй.

-Тэгээд яагаад нэг нь ч бичээгүй юм бол. Чаддагг үй юм уу?

-Балет бичиж чаддаггүй л байхгүй юу. Ганцхан Х.Билигжаргал л “Бөртэ Чоно” -ыг бичсэн юм. Тэр ч бүү хэл Жамьяндагва багшийн яг хажууд нь сууж ярилцаж байгаад бичсэн балет. -Хэр жүжиг вэ? -”Бөртэ Чоно” гоё шүү дээ.

-Тоглохоо больчихсон бил үү?

-Тийм ээ. Одоо байхгүй. Бас л тоглох бүрэлдэхүүн байхгүйгээс. Ер нь балетын хөгжим их онцлогтой.

-Тэгэхээр Монголын хөгжмийн зохиолчид хө- дөлгөөнийг мэдэрч чадахг үй байна гэсэн үг үү?

-Мэдэхгүй юм даа. Магадг үй тийм л юм байлгүй. Ер нь энэ зовлонг Жамьяндагва багш маш сайн мэднэ. Багш “Үйлийн гурван толгой” балетыг бичүүлэх гэж олон ч хөгжмийн зохиолч авчраад чадааг үй юм. Сүүлд нь Ж.МэндАмар гуайг авчирч бичүүлсэн. Ж.Мэнд-Амар гуай энэ балетыг бичихдээ гурван том зохиол бичиж ирж байсан юм.

Тэр дундаас энэ зохиол нь шилэгдэж гарсан юм шүү. Би энэ жүжгийн Балганы дүрд хорин жил бүжиглэсэн. Орос, Унгар, Энэтхэг гэхчилэн тав, зургаан оронд очиж энэ балетыг тоглолоо.

-Та Монголын балетын урлагт хэдэн жил хөдөлм өрлөв .Энэ их урлагтай анх хэдэн настайдаа танилцсан бэ?

-Би арван настайдаа Ленинградын А.Вагановын нэрэмжит Балетын сургуульд явсан юм. Их олон жилийн түүхтэй сургууль даа. Энэ жил 270 жилийнх нь ой болж байгаа. Тэр жил манайд хоёр орос багш ирж Улаанбаатарын бүх дунд сургуулиудаар явж хүүхэд шалгаж авсан. Тухайн үед миний сонссоноор 1500 хүүхэд шалгуулсан гэж байсан юм. Тэгээд арван хүүхэд шалгарч тэнцээд Ленинград явж байлаа. Тэр чинь 1964 он юм. Тэнд найман жил сураад 1972 онд төгсч ирсэн. Ирээд П.И.Чайковскийн “Золушка” бүжгэн жүжгийн алиа салбадайн дүрд бүжиглэж анхны гараагаа эхэлсэн дээ. Энэ бол балетын эрэгтэй жүжигчний ур чадвар, боломжийг шалгасан хэцүү дүр. Биднийг Орост төгсч ирсэн даруйд Ж.Чулуун гуайн “Уран хас” балет анх тавигдсан юм. Түүнээс хойш би энэ театрт 36 жил ажиллаж байна даа.

-Одоо та тайзан дээр гарч байгаа юу?

-Одоо бүжиглэж байгаа. Гэхдээ олуул хэсэгт гарна шүү дээ. Юу гэж үсэрч харайхав.

-Далаас наяад оны сүүл хүртэл Монголын балетад хүчтэй залуус олон байсан. Олуулаа бас хүчтэй. Тэр дундаас гоцлол бүжиглэх эрх олж авна гэдэг амаргүй байсан биз?

-Тэр бол бараг боломжгүй зүйл. Би л хувьдаа арван жил нухлуулж байж гарч ирсэн. Одоо шинэ боловсон хүчнүүд тэр цагийнх шиг их өндөр шаардлагыг сайн хангаж чадахгүй л байгаа.

-Гадаадад бүжигчин бэлтгэхээ больсноос хойш ХБК энэ үүргийг гүйцэтгэж байна. Харин эднийх балетын бүжигчин олноор бэлтгэж гаргаж байгаа юу?

-Олноор бэлтгэж чадаж байгаа. Онцлог нь эднийхийг төгсч театрт ирээд юм сурч аваад гадагшаа гараад явчихаж байна. Миний хүү хүртэлХБК-ийг төгсч манай театрт ирээд Япон Улсад гэрээгээр ажиллахаар явсан. Японы “Асама Маки” гэж балетын нэр хүндтэй том компани бий. Дандаа гадаадаас чадалтай бүжигчдийг урьж ажиллуулдаг юм. Миний хүү тэнд гэрээтэй. Хааяа энд ирж бүжиглэчихээд явж байна. Сая шинэ жилээр ирж “Шелкунчик”-т бүжиглээд буцлаа. Хүүтэй цуг төгссөн гурван залуу бас л гадаадад бүжиглэж байна. Хорин тавхан насандаа гавьяат авсан Д.Алтанхуяг АНУ-д бүжиглэж байгаа. Үнэхээр бахархаж, баярламаар.

Ганцхан Монголын нэр л гарч байвал хаана бүжиглэх нь хамаа байж уу. Гадаадад тэд чинь зүгээр нэг олуул бүжигт гарахгүй байгаа шүү дээ. Заавал гоцлол бүжигт гарч байгаа. Тийм учраас хаана ч бай дандаа Монголын нэр гарч байна шүү дээ.

Энэ залуус Б.Жамьяндагва багшийн дэглэсэн балетад тоглоод асар их туршлага олж авч мэргэжил дээшлүүлээд дараа нь гадаадад гарч байгаа. Түүнээс биш зүгээр нэг дурын хүнийг гадаадаас ирээд аваад явахгүй шүү дээ. Энэ бүхэн Монголын балет гадаадад ч, дотоодод ч хүчтэй байгааг харуулж байна. Сая Японы бүжигчин манай театрт ирээд юм заалгаж гуравхан хоноод буцлаа. Монголын театрт ирж гуравхан хоног бэлтгэл хийхийн тулд бүх зардлаа өөрөө гаргаад ирж байгаа юм.

-Балетыг дал наяад оныхны та нарын дэг сургуулиар сургаж байгаа хувийн сургууль бий юу?

-Ч.Батгэрэл, Ц.Хонгорзул нар балетын сургууль ажиллуулж байгаа. Би “Мишээл балет школ” нэртэй балетын анхан шатны сургалтын төвийн албан ёсны эрхээ саяхнаас авлаа. Өөр хувийн балетын сургалт явагдахгүй байгаа.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Монгол тэмээг аяллын брэнд болгох ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯРААС DNN.mn

Бэлчээрийн даац хэтрэхийн зэрэгцээ усны хомстолын аюул нүүрлэсэн ийм цаг үед малчид тэмээн сүргийг түлхүү өсгөх сонирхолтой болжээ. Говийн малчид гол төлөв тэмээн сүргийг өсгөж амьжаргаагаа залгуулж байна. Цаг уурын эрс тэс уур амьсгалыг дасан зохицож даван туулах дархлаатай тэмээн сүрэг жилийн дөрвөн улиралд ашиг шимээ өгдөг. Тэмээний тоо толгойг өсгөх уриатай Монголын аялал жуулчлалын салбарын ууган эвент болох “Түмэн Тэмээний Баяр” 24 дэх жилдээ энэ сарын 5-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болов.

Говьчуудын тэмээнд түшиглэсэн соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, тэмээн аялал, тэмээн спортыг хөгжүүлэх, тэмээчид малчдаа алдаршуулах, тэмээн сүргийг өсгөн хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлж орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн зорилготой эл үйл ажиллагаа “Нээлттэй Өмнөговь” Монголд зочлох жилийн хүрээнд өргөн дэлгэр зохион байгуулагдсан юм.

1997 оноос эхлэн зохион байгуулагдсан “Түмэн тэмээний баяр” өвлийн наадам нь 2016 онд Монгол орны тэмээчид, уралдаанчдыг хамарсан “Монгол тэмээ-999” тэмээний уралдаанд 1108 тэмээ барианд оруулж Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.Тус арга хэмжээнд энэ жил Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь зэрэг таван аймгийн 400 гаруй тэмээ, 200 гаруй тэмээчид, 3000 гаруй зочид төлөөлөгч, аялагч, жуулчид оролцлоо. Тэдний 100 гаруй нь гадаадын жуулчин, 500 гаруй нь Улаанбаатар хот, бусад аймаг, 2500 гаруй нь орон нутгийн иргэд байсан юм. Өмнөговь аймагт өнгөрсөн жил хур бороо багатай, гантай байснаас шалтгаалан 6000 гаруй малчин өрхийн 1500 орчим нь алсын оторт явсан тул энэ жилийн “Түмэн тэмээний баяр”-ын оролцогчид шингэн байгааг наадмын зохион байгуулагчид хэлж байлаа.Монгол Улс нийт 460 мянган хоёр бөхт тэмээтэй, тэдний 164 мянга гаруй нь Өмнөговь аймагт байдаг. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймаг бол тэмээний эх орон. Өмнөговь аймгийн 15 сум тус бүр тэмээгээ өсгөж, уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг байна.

“Түмэн тэмээний баяр-2023” арга хэмжээг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа болох “Түмэн тэмээний баяр”-ыг олон жил тогтвортой зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа дөрвөн яамны эрхлэх асуудалд хамрагддаг, өргөн цар хүрээтэй. Соёлын өв талаасаа Соёлын яам, спорт талаасаа Спортын сайдын эрхлэх асуудал гээд дөрвөн яамны төлөөлөл ач холбогдол өгч, хүрэлцэн ирсэнд баяртай байна. Мөн энэ өдрийн үйл ажиллагааг Польш улсын Элчин сайдын яамнаас дэмжин оролцож, хүрэлцэн ирсэн эрхэм сайдад талархал илэрхийллээ.

Тэмээ уяж, уралдуулж байгаа хүмүүсийг улсын цолтой болгох асуудлыг гурван ч Ерөнхийлөгчид илэрхийлсэн. Энэ асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нааштай шийднэ гэдэгт итгэлтэй байгаа. Тэмээн уралдаан, соёлыг төр дэмжиж байж тоо толгой нэмэгдэнэ. Тэр хэрээр дэлхий дахинд тэмээний соёлоо сурталчлах юм. Цаашид “Түмэн тэмээний баяр”-ыг жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр зохион байгуулах талаар ярилцаж байна. Ингэснээр гадаад, дотоодын жуулчид илүү их ирэх боломж бүрдэхийг онцолсон юм.

Монголыг дэлхийд сурталчлах, Монголд зочлох жил буюу “Welсome to Mon­golia” хөтөлбөрт энэхүү аялал жуулчлалын эвент албан ёсоор багтсан гэдгийг Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга Б.Сэргэлэн хэллээ.

Алтай нурууны үргэлжлэл Говьгурвансайхан уулын зүүн хормойд алаг майхан дэрвэж, танан гэр эгнүүлэн барьсан нь түмэн тэмээний баярын үйл ажиллагаа аль хэдийнэ эхэлснийг илтгэнэ. Хар шил зүүж том камер барьсан жуулчид энд олуулаа цуглажээ. Тэмээний бөхнөөс тас зуурчихаад хоёр хөлөөрөө давирч, ташуураар ороолгож ухасхийх жаахан хүүгийн зүг зургийн аппаратны хурц гэрэл тал талаас нь гялсхийх аж. Жуулчид ийм агшныг л дэргэдээс нь харж, зургийн хальснаа буулгахаар хэдэн мянган бээрийг туулж энд чуулжээ. Хүссэн зургаа буулгасан тэд говийн шороотой ширүүн салхийг тоож байгаа шинж алга. Дараагийн зургаа буулгахаар тэмээн полоны тэмцээний зүг гүйлдлээ.

Тэмээн пологын нэг баг 4-5 хүнтэй. Тэмээн дээрээс бөмбөг цохиж эсрэг багийнхаа хаалганд оруулахын төлөө хоорондоо тэмцэлддэг энэ тэмцээн гадна, дотны жуулчдын анхаарлыг гойд татах юм билээ. Тэмцээн зохион байгуулагчдад нэмэлт мөнгө төлж мандат авсан гэрэл зурагчид тэмээ унаж ширүүн тэмцэлдэх залуусын хажуухан талд нь л тайван суугаад зургаа дарж байна лээ. Монгол гэрийн багана шиг урт хөлтэй атнаас айж байгаа шинж тэдэнд алга. Өмнөхөн талаар нь амнаасаа хөөс сахруулсан тэмээ эрчээрээ давхиж өнгөрөхөд ч тэд суун тусаад зургаа л дарж байх. Гишгүүлчих вий гэж өмнөөс нь санаа зовохоор.

Анзаарахад жуулчдын олонх нь АНУ, Голланд, Франц зэрэг улсаас иржээ. Тэдний ойлголтоор бол улсын хөгжлийн түүхэн явцад тэмээний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их гэнэ. Жуулчид Хонгорын элс, Ёлын ам зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахдаа тэмээ хөлөглөх сонирхолтой байгаагаа хэлж байна лээ. Малчид тэмээгээ жуулчдад унуулж таван төгрөгийг нь аваад байж болох нь.

Энэ жилийн “Түмэн тэмээний баяр”-ын поло тэмцээнд арван баг оролцсоноос хамгийн өрсөлдөөнтэй “гал гарсан” тоглолт Өмнөговь аймгийн Манлай сумын баг, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн I баг хооронд өрнөлөө. Туршлага, чадварын хувьд эн тэнцүү хоёр багийн тоглолтын үеэр үзэгчдийн дуу ч чангарч, хашхирч, цовхорч, үглэж өөр өөрийнхөөрөө тамирчдадаа хүч өгөн дэмжиж байлаа. Тухайн өдрийн цаг агаар дулаан ч шороо хийссэн, салхитай байсан юм. Хүчтэй салхитай үед тэмээн дээрээс бөмбөг онож цохино гэдэг амаргүй ажил шиг харагдана. Гэсэн хэдий ч баг тамирчид хурд, хүч, ур чадвараа уралдуулан үд гэхэд поло тэмцээн өндөрлөв.

Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тэмээн полог олон хүн сонирхдогийг хэлж байв. Энэ тэмцээн удахгүй олимпийн их наадмын нэг төрөл болж нэмэгдэх талаар хэлсэн нь анхаарал татлаа. Лавлаж асуувал тэмээн полоны спорт Арабад өндөр хөгжсөн гэнэ. Тэд тэмээн полоны спортыг олимпийн төрөл болгох талаараа олон улсын чуулгануудын үеэр тогтмол ярих болсон гэнэ. Олон улсын олимпийн хорооны гол санхүүжүүлэгч нь мөнгө үрэх аргаа олж ядсан баян арабууд билээ. Энэ ч утгаараа ойрын хэдэн жилд олимпийн дэвжээнд хоёр бөхт монгол тэмээний мөр гарна гэдгийг полоны спортын шүүгчид ярьж байв.Баян арабууд хүслээ гүйцэлдүүлэх нь цаг хугацааны асуудал биз.

Тэмээн полоны тэмцээний тэргүүн байрын эзэн Манлай сумын багийн ахлагч Н.Доржчулуун хоёр сарын хугацаанд эрчимтэй бэлтгэл хийсэн гэнэ. Поло тэмцээнд унах тэмээгээ харин гурван сарын өмнөөс сойж хөнгөрүүлсэн талаараа хэлж байна лээ. Тэмээн пологоор олон улсын тэмцээнд оролцоод үзчих хүсэл түүний дотор байдаг аж. Хар багаасаа л тэмээний бөхөнд зүүгдэж өссөн Доржчулуун пологоор бол хаанахын хэний ч өмнө амар боорцог биш гэдгээ ам бардам хэлж байна лээ. Өмнөд Монголд болсон тэмээн полоны тэмцээнд түрүүлж хэдэн юань халааслаад ирсэн нь бүр ч хорхойг нь хүргэсэн бололтой. Полоны тэмцээний сураг л дуулбал очиж байж л сая нэг санаа нь амардаг болсон гэнэ. Говийн малчид энэ жишгээр тэмээний соёлоо тээж сэтгэлийн цэнгэл эдэлж хатуу хаврыг давах сэтгэлийн дархлаагаа тогтоож явна.

Түмэн тэмээний баярын бас нэг чимэг нь тэмээний уралдаан. Ат, тором, тайлагны ангиллын уралдаанууд энэ үеэр болдог. Атан тэмээг насанд хүрсэн хүн унадаг бол тормыг 16 нас хүрсэн хүүхэд даатгал хийлгээд унаж болно. Энд харин хүүхдийн эрх зөрчиж байгаа тухай хэрүүл гардаггүй юм байна. Өвөл, хаврын цагт морьны уралдаан гэхээс илүү малчид тэмээгээ уралдуулж цэнгэдэг болоод удаж байгаа гэнэ. Энэ нь өвөл, хаврын цагт хурдан морины уралдааныг хориглосон Засгийн газрын шийдвэртэй холбоотой юм байна. Түмэн тэмээний баярын тэмээний уралдаан ч онц сонирхолтой юм. Хоёр метр хэрийн өндөр тэмээг нас биед хүрсэн хүн унахад уртдаад байх нь гайгүй. Их насны дээр дэрвэх жаахан хүү шиг л харагдана. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн зүгээс тэмээний уяачдад төрийн цол олгох хүсэлтийг Ерөнхийлөгчид уламжлаад байгаа гэнэ. Нааштай хариу хүлээж байгаа талаараа ч хэлж байна.

Ингээд тайлаг тэмээний уралдааны тэргүүн магнайд Гурвантэс сумын уяач Батзаяагийн хөх, аман хүзүүнд мөн сумын тэргүүн уяач Т.Амарбаярын хар, гуравдугаар байрт Баян-Овоо сумын тэргүүн уяач Б.Бат-Оршихийн бор, дөрөвдүгээр байрт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын тэргүүн уяач У.Мөнхжаргалын хонгор, тавдугаар байрт Баян-Овоо сумын уяач Д.Буянхишигийн хүрэн оров.

Баяндалай сумын тэмээчин М.Мөнхбаян: Уул уурхайн бүснутагтөсгөхөд хамгийн тохиромжтой мал нь тэмээ


Энэ үеэр Баяндалай сумын тэмээчин М.Мөнхбаянтай ярилцлаа.

-Түмэн тэмээний баярт хаанаас зорьж ирэв, хэд дэх жилдээ оролцож байна вэ?

-Би Өмнөговь аймгийн Баяндалай сумаас ирлээ. 2003 оноос хойш энэ баярт оролцож байна. Энэ том баярт тэмээгээ тогтмол уралдуулдаг юм. Ижил сонирхолтой тэмээчидтэйгээ уулзалдаж буу халаад буцах сайхан шүү. Тэмээ өсгөж байгаа туршлагаа хоорондоо солилцоно. За тэгээд тэмээ айрагдвал бүр гоё.

-Баяндалай сумаар хаваржилт ямар болж байна?

-Говь талаараа гандуу байсан болохоор амар биш байна. Бусдаар бол дажгүй. Тэгж их цаг муудсан нь гайгүй, ядруухан мал цөөн байна.

-Тэмээний баярын ач холбогдлын тухайд тодруулахгүй юу?

-Баярын үйл ажиллагаа тэмээн сүргийг өсгөж үржүүлэхэд чиглэдэг нь чухал. Жилээс жилд цар хүрээ нь өргөжиж баярыг улсын хэмжээнд зохион байгуулдаг болсон байна. Монгол орны өнцөг булан бүрээс л хүмүүс ирдэг болж. Жил ирэх бүр цаг хэцүү болж байгаа, ийм үед тэмээн сүрэг өсгөхөд хамгийн тохиромжтой гэж боддог. Баргийн цас зудтай өвөлд тэмээ дасан зохицоод л даваад гардаг тэвчээртэй амьтан.

-Тэмээний ашиг шим их биз?

-Хэлээд юу гэх вэ. Тэмээг жилийн дөрвөн улиралд саадаг. Ингэний хоормог одоогоор хамгийн эрэлттэй ундаа болоод байна. Өнөөдөр тэмээгээ саагаад литр хоормогийг л арван мянган төгрөгөөр борлуулж байх жишээний.Тэмээний мах ч арвин, шимтэй байдаг. Гол нь тэмээ тийм их арчилгаа шаардахгүй, ашиг шимээ өгдөг амьтан.

-Говийн бүс нутаг, тэр дундаа уул уурхайн бүсэд үржүүлэхэд хэр тохиромжтой юм бэ?

-Уул уурхайн бүс нутагт өсгөхөд хамгийн тохиромжтой амьтан бол тэмээ. Бэлчээр нь хол. Эдийн засаг талаасаа уул уурхай ашигтай ч ус татрахаас авахуулаад сөрөг үр дагавар бий. Ийм орчинд тэмээ л өсгөхөд тохиромжтой мал. Малчид уурхайчдадаа хоормогоо гар дээрээсээ борлуулчихна. Ийм жишгээр бие биеэ түшээд хөгжих боломж говь нутагт бий. Гол нь тэмээний тоо толгойг өсгөх хэрэгтэй. Амьдын үнэлэмж нь цаг ирэх тусам өсч байна.

Тэмээний баярын үеэр малчидтай уузахад мал өсгөхөд тулгамдаж байгаа гол хүндрэл нь уул уурхайтай холбоотойгоор усны гарц татарч буй явдал гэнэ. Уул уурхай эдийн засагт ач холбогдолтой ч нөгөө талдаа хариуцлагатай байх шаардлагатайг малчид онцолж байна. Хариуцлагагүй уул уурхайтай холбоотойгоор Гурвантэс сумын орчимд бог мал цөөрснийг ч малчид хэлж байлаа. Цаашид хангайгаас говийн бүс рүү ус татах ажлыг зохион байгуулах зайлшгүй хэрэгтэйг ярьж байв.

Тэмээний баярын үеэр явагддаг бас нэг арга хэмжээ нь сайхан хос шалгаруулах үйл ажиллагаа. Торго тонжоор гоёсон хосууд ат унаад өдөржин зогсох нь жуулчдын сонирхлыг хачин ихээр татна. Тэмээтэй хосуудын зарим нь нялх хүүхдээ өмнөө суулгасныг хараад жуулчдын зарим нь алмайрч зогсоно лээ.

Сайхан хос Б.Баянсүх: Тэмээ бол говийн бидний амьжиргааны гол эх үүсвэр


-Та бүхэн хаанаас ирэв?

-Би Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багаас ирлээ. Сайхан хосын тэмцээнд анх удаа оролцож байна. Эхнэр маань энэ тэмцээнд зориулж дээл урласан юм. Урласан дээлээр нь гоёод том наадамд орж байгаадаа сэтгэл өндөр байна. Өв уламжлалаа хойч үедээ таниулж үлдээхэд чухал ач холбогдолтой тэмцээн болж байна. Энэ ч утгаараа сайхан хосын тэмцээнийг зорьж ирлээ. Энэ соёлоороо бид ондоошдог улс. Алга болгочихгүйн тулд л өөрийн хувь нэмрээ оруулж байгаа минь энэ.

-Тэмээ өсгөж байна уу. Таны хувьд тэмээний ашиг шим нь юу байна?

-Ашиг шим их шүү. Хамгийн наад зах нь нь мах, ноос байна. Жилийн дөрвөн улиралд саагаад хоормог зараад байж болно. Ер нь говийн айлуудын амьжиргааны гол эх үүсвэр нь тэмээ гэж хэлж болно доо. Энэ бүс нутагт өсгөхөд хамгийн тохиромжтой мал.

-Тэмээний баярын ач холбогдлыг та яаж харж байна вэ?

-Тэмээчдийн амьжиргаанд хэрэгтэй л дээ. Жуулчдад тэмээгээ унуулаад мөнгө авчихна. Гар урлалын эд зүйлсээ ч энэ үеэр борлуулдаг. Манай говьд гарын уртай хүмүүс олон бий. Тэдний бүтээлийг жуулчид ч өргөнөөр сонирхдог. Тэмээний баяр жуулчдыг татаж байгаа нь бидэнд том боломж нээж байна. Энэ баяраа аялал жуулчлалын замаар хөгжүүлэх нь бидэнд л хэрэгтэй. Говийн бүс нутагт тэмээтэй яваад үзэх газар олон бий. Өдөржин тэмээ унаж явах чинь жуулчдад сонин шүү дээ. Тэдэнд сонирхолтой адал явдал байх нь ойлгомжтой. Уул уурхайгаас бусдаар хөрөнгө оруулалт татах боломж тэмээн сүрэгт байна гэж хувьдаа харж байгаа.

Энд цугласан жуулчид бүгд номхон тэмээ унаж зориулалтын замаар явж зургаа даруулна. Ингэхдээ 5000 төгрөг төлнө. Жуулчид унахад зориулсан номхон тэмээг малчид ч бэлдээд ирдэг юм билээ. Говийн тэмээчид энэ мэтээр л жуулчдаас хөөрхөн хэдэн төгрөг зулгаачихдаг юм байна. Дотоодын жуулчдад зориулж Өмнөговьд үйлдвэрлэсэн гар урлалын бүтээгдэхүүний худалдааг явуулж байна лээ. Түмэн тэмээний баярын үеэр орон нутагт 500 орчим сая төгрөгийн орлого ордог талаар аймгийн Засаг дарга Р.Сэддорж онцолж байна лээ. Ирсэн жуулчид хонох буудал, шатахууны мөнгөнөөс авахуулаад тэр бүгд Өмнөговь аймагт л орлого болж үлдэнэ. Цаашид энэ арга хэмжээ цар хүрээгээ тэлэх тусам орон нутагт л илүү ашигтай.

Ц.Оюунбаатар: Монгол тэмээгаяллын брэнд болгон хөгжүүлнэ

Тэмээний баярыг илүү дэлгэрүүлэх, аялал жуулчлалын байдлаар хөгжүүлэхэд Соёлын яам, Байгаль орчин аялалжуулчлалын яам хамтарч оролцож байгаа юм байна. Энэ үеэр “Монголын тэмээн поло уралдаан, аяллын холбоо”-ны тэргүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Түмэн тэмээний баяр говийн зон олонд эдийн засаг талаасаа ихээхэн ач холбогдолтой байх шиг?

-Хоёр бөхт тэмээ бол өндөр ашиг шимтэй заан шиг амьтан. Хоёр жилд нэг удаа төллөдөг. Спорт, уналга эдэлгээний зориулалтаар ашиглах боломжтой. Хоёр бөхтэй тэмээг өсгөх, аялал жуулчлалын брэнд болгох үйл ажиллагаа говьчуудын анхаарлын төвд байх ёстой. Эдийн засгийн ач холбогдол талаас хэлэхэд тэмээний фестивалийн үр дүнд аялал жуулчлал Монголд татагдана.

-Энэ талаараа жаахан тодруулахгүй юу. Яаж татах юм бэ?

-Говьд айл болгоны гадаа тэмээ бий. Айл бүр л жуулчдыг хүлээн авч тэмээний ундаа хийж борлуулж болно. Жуулчид тэмээ унаад л говийн үзэсгэлэнт газруудаар аялах боломж байна. Цаашлаад тэмээний сүүг дэлхийн зах зээлд гаргаж болно. Тэмээний сүүгээр хийсэн кофений сүү олон улсын зах зээлд маш эрэлттэй байдаг. Бид энэ зах зээлд гол өрсөлдөгч байх боломжтой.Үүнээс гадна тэмээний ноосыг олон улсын зах зээлд гаргах боломжтой. Энэ мэтээр тэмээний ашиг шимийг үнэлж баршгүй.

-Тэмээн полог олимпийн спортын төрөлд оруулах талаар та онцолж байсан. Энэ хэр боломжтой юм бэ?

-Би 2016 онд Рио Де жанейрогийн олимпийн үеэр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзах үеэрээ тэмээн полог олимпийн хөтөлбөрт оруулах талаар ярьсан юм. Тэмээн поло бол элитүүдийн спорт. Энэ талаараа боломжтой гэж харж байгаа. Морин спорт ч олимпийн төрөлд багтсан байдаг. Тэмээ багтах нь цаг хугацааны асуудал байх. Энэ утгаараа тэмээг аялал жуулчлалын гол брэнд болгохын тулд цаашид хийх ажил их байна. Ирэх жил Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын заагт тэмээний их наадмыг хийхээр төлөвлөсөн. Бүр хэтдээ тэмээний цэнгэлдэх хүрээлэн барих төлөвлөгөө бий.

Олон улсын жуулчдыг нүүр бардам хүлээж авах газар бол Өмнөговь аймаг юм билээ. Байгалийн түүхийн музей, Хөгжимт жүжгийн театр гээд үзүүлж харуулах бүтээн байгуулалтаас авахуулаад тансаг зочид буудал, амтат хоол, худалдаа үйлчилгээний төвүүдтэй. Жил бүр улсад төсөв бүрдүүлэхээс гадна орон нутгийн төсвөөрөө өргөжин тэлсээр байна.

Эл аймаг өнгөрсөн оны байдлаар гэхэд боловсролын салбартаа сургууль, цэцэрлэгийн засвар, өргөтгөлд нийт 7,3 тэрбум төгрөгийн ажил хийжээ. Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн салбар Технологийн дээд сургуулийг ч аймгийн төвдөө байгуулсан байна. Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 405 оюутан хамрагджээ. Эрүүл мэндийн салбартаа 10.2 тэрбум төгрөг, 10 суманд өрхийн үйлдвэр байгуулсан, 232 хүлэмжийг хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгосон, 40-өөс дээш насны 76 иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орон нутгийн төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр авто замын нөхөөс, хүчитгэл, хурд сааруулагч, авто зогсоол,замыг сайжруулах ажлыг хийжээ. Мөн энэ оны эхээс иргэдийнхээ цалин хөлсийг 100 хувь нэмсэн билээ. Өмнөговь аймгийг хөдөөгийн хөгжлийн загвар хэмээх нь ч бий.