Categories
энтертаймент-ертөнц

“Jurassic World”-ийн ашиг орлого рекорд тогтоолоо

“Jurassic Park” киноны дөрөв дэх цуврал болох “Jurassic World” нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 500 сая доллараас дээш орлого олсон анхны кино боллоо. Түүнчлэн “Jurassic World” нь дэлхийн 66 орны хувьд дэлгэцийн хамгийн алдартай бүтээл хэмээн нэрлэгдэж байгаа юм.

Тус кино нь АНУ-ын зах зээлд 204.6 сая долларын ашиг олсон тухай
Exhibitor Relations пүүс мэдэгджээ. Мөн Хятад, Их Британи болон Ирландад
100 сая доллар гээд нийт дэлхийн зах зээлээс 511.8 сая долларын орлого
олоод байна. Энэ нь АНУ-д нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо ашиг
орлогороо рекорд тогтоосон Universal Pictures кино компанийн хоёр дахь
бүтээл болж байгаа юм. Universal-ийн Marvel-ийн “The Avengers” кино 2012
онд 207.4 сая долларын орлогоор рекорд тогтоож байжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Балетын наадам энэ сарын 18, 19-нд болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд МУГЖ Д.Алтанхуягийн
удирдлагаар “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадмыг 2 дахь
жилдээ энэ сарын 18, 19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах
гэж байна. Үүнтэй холбогдуулан МУГЖ Д.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл
өглөө.

Монгол Улсыг олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах зорилго
бүхий “Welcome to Mongolia – 2015” олон улсын балетын наадамд АНУ, Куба,
Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа
шилдэг балетчид оролцох бөгөөд Монгол Улсад тоглосныхоо дараа Япон
Улсад тоглох юм.

Уг наадамд дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж”, “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулна.

Categories
энтертаймент-ертөнц

“Камертон” 20 жилийн ойгоороо фенүүдтэйгээ уулзана


“Камертон” хамтлаг энэ сарын 24-нд 20 нас хүрнэ. Тэгвэл тэд 20 жилийн
ойн баяраараа “Crocus Event hall”-д тоглолтоо хийхээр болжээ. Ингэхдээ
бие даасан тоглолт бус “VIBE 105.5 Fm”-ийн нээлтийн “Black & White
party”-нд оролцох аж.

1995 оны зургаадугаар сарын 24-нд хөгжим бүжгийн коллежийн оюутан
Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах
санал тавьснаар “Камертон” хамтлаг анх байгуулагдсан түүхтэй. Тэд Монгол
хүн бүрийн дуулж өсдөг алдарт “Маамуу нааш ир” дууг хөгжимгүй дөрвөн
хоолой салган дуулж хит болгож байсан бөгөөд рок, попын ертөнцөд
өөрсдийн байр суурийг хэдийнэ эзлэн олон хит дууг эгшиглүүлсэн билээ.
Тэдний анхны уран бүтээлийн нэг “18 нас” дуу өнөөдрийг хүртэл залуусын
дунд дуулагдсаар байгаа юм.

Categories
энтертаймент-ертөнц

Зуны халуунд яаж гоё харагдах вэ?

Энэ долоо хоногт 30 хэм хүртэл халах юм байна лээ. Зуны халуун өдрүүдэд бүсгүйчүүд гэлтгүй залуус хэрхэн гоё харагдах, энэ зуны хувцас загварт ямар өнгөтэй, ямар загварын хувцас моодонд орохыг танилцуулъя.

ОДРИ ХЭПБУРН МАЛГАЙ МООДОНД ОРЖ БАЙНА


Зуны аагим халуунд малгай өмсөх нь олон талын ач тустай. Нэгдүгээрт, нарны хэт ягаан туяанаас арьсыг тань хамгаална. Нарны тос түрхээгүй байсан ч малгайтай явбал арьс өнгөө алдах нь харьцангуй бага. Хэт халуунд малгайгүй явбал үс амархан хуурайшдаг, хугарамтгай болдог ажээ. Үүний зэрэгцээ халуун наранд малгайгүй явснаар хүзүү борлох талтай. Учир нь ихэнх хүүхнүүд нарны тосыг зөвхөн нүүрэндээ түрхдэгээс болж зуны улиралд хүзүү, нүүрний арьс хоёр өөр өнгөтэй харагдах гээд байдаг байна. Дээрхээс сэргийлж малгай өмсөхийг зөвлөе. Холливудын алдарт жүжигчин Одри Хэпбурн загварын буюу том биш мөртлөө бөөрөнхий саравчтай малгай худалдан аваарай. Хэрэв саравчтай малгай өмсөх дуртай бол богино саравчтайг сонгох хэрэгтэй.

НҮҮР БУДАЛТЫН ЧИГ ХАНДЛАГА

Сүүлийн үед нүүрэндээ гэрэл, сүүдэр тавих моод дэлгэрсэн. Зуны улиралд сүүдрээ бага, гэрлээ илүү тод тавихыг мэргэжилтнүүд сануулж байна лээ. Сүүдэр нүүрийг бараан харагдуулах хандлагатай байдаг болохоор намраас илүү тод тавьж болох юм. Харин зуны нартай өдөр сүүдрээ тод тавьж будвал өнгөлөг харагдах юм. Мэргэжлийн гоо сайханчид энэ зуны нүүр будалтыг bare face буюу огт будаагүй юм шиг байлгахыг хүсчээ. Цэвэрхэн харагдах энэхүү будалтын гол анхаарах зүйл нь теньний уусалт гэсэн. Бүдэг өнгийн тенийг маш бага хэмжээтэй тавихдаа уусалттай будаарай. Ямар ч тод өнгө байхгүй энэхүү будалт нь хүнийг натурал харагдуулдаг онцлогтой. Хэрэв үдэшлэгт явах гэж байгаа бол 1960-аад оны оддын будаж байсан “Cat eyes”-ыг санаарай. Уруулын тухайд бүсгүйчүүдийн хэзээ ч уйдаж байгаагүй час улаан өнгө ноёлсон хэвээр байх гэнэ. Харин хацар өнгөлөгчөө хэдхэн сар мартахыг зөвлөе. Учир нь зуны халуунд хацар өнгөлөгч тийм ч таатай харагдуулдаггүй. Хэрэв хацраа өнгөлөхгүй байж чадахгүй байгаа бол бүдэг ягаан өнгийг сонгоорой.

Хөмсөг гэвэл өтгөн, өргөн хөмсөг моодонд оржээ. Ийм хөмсөг бүсгүйчүүдийг илүү залуухан харагдуулдаг. Хэрэв хөмсөг багатай бол нэг халбага ургамлын тос, хоёр ширхэг нүүр цэвэрлэгч хөвөн ашиглан хөмсгөө ургуулаарай. Хөвөнгөө ургамлын тосонд дүрж хөмсгөн дээрээ хагас цаг хэртэй хугацаанд байлгаснаар ургалт нь түргэсдэг байна.

БҮСГҮЙЧҮҮД УУТАН ЦҮНХЭЭР ГАНГАРААРАЙ

Цүнх бол бүсгүйчүүдийн өдөр тутмын хэрэглээ. Энэ зун 1980-аад оны цүнхний загвар эргэн ирж байгаа гэнэ. Хайрцган хэлбэрийн цүнх зэргийг загварын мэргэжилтнүүд онцолж байгаа юм байна. Өнгөрсөн хавар “Chanel”, “Valentino”, “Louis Vuitton”, “Christian Dior” зэрэг дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч, тэргүүлэгч брэндүүд бүсгүйчүүдийн гар цүнхний чиг хандлагыг тодорхойлохоор шилдэг дизайнеруудынхаа дахин давтагдашгүй, өвөрмөц загваруудаа дэлгэн, Парис хотноо чуулжээ. Энэ үеэр хайрцаг хэлбэрийн дөрвөлжин цүнхнүүд моодонд орсон гэнэ. Бас урт түрийтэй гутал зонхилж байгаатай холбогдуулан уутан цүнхийг санал болгож байгаа юм байна. Тод өнгийн, элдэв чамин зурагтай даавуун уутан цүнх намхан өсгийтэй гуталтай хоршдог. Даавуун цүнхний тухайд гонзгойдуу хэлбэртэй байх ажээ.

УРТ ЦАГААН ДААШИНЗ БҮСГҮЙЧҮҮДИЙН ГОЁО

Цагаан, хар өнгө моодноос гарч байсан эсэхийг мэдэхгүй юм. Энэ зуны тухайд аль ч төрлийн хувцсан дээр цагаан өнгө ноёлох ажээ. Даашинзны тухайд урт, шулуун загвартай цагаан өнгийн даашинзаар гангарахыг бүсгүйчүүдэд зөвлөе. Бас цагаан суурьтай, цэцгэн хээтэй даашинз, цамц өмсөөрэй. Гэхдээ жижиг цэцгэн хээ үеэ өнгөрөөсөн гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүний оронд том цэцгэн хээтэй хувцсыг санал болгож байна. Цэцгэн хээ хүмүүсийг ерөнхийдөө махлаг харагдуулах гээд байдаг хэдий ч хувцасныхаа хэлбэр, материалыг зөв сонгож чадвал биеийн галбирыг төгс харагдуулах гэнэ. Цэцгэн хээ хүч түрэн орж ирж буйтай зэрэгцээд шатрын нүүдэл шиг том шоотой цамц трэнд болжээ. Хэрэв амралт чөлөөт цагаараа гадуур гарах гэж байгаа бол поло поп буюу захтай цамцыг дэрвэгэр хормойтой юбкатай хослуулж болох юм байна. Ингэж хослуулж өмссөнөөр залуухан харагдах ажээ. Даашинз болон цамц, зуны орой өмсөх нимгэн хүрэм дээр унжлагатай зүүлт зүүгээрэй.

ЭНЭ ЗУНЫ ГУТЛЫН ТРЭНДТЭЙ ТАНИЛЦ


Хурц тод өнгөтэй, этгээд сонин хэлбэртэй гутал энэ зун моодонд орох нь. Нарийн, шөвгөр хоншоортой гадсан өсгийтөөс илүүтэй өргөн бүдүүн өсгийтэй болон индүүн ултай гутал худалдаанд зонхилж байгаа. Хэрэв сандаал өмсөх гэж байгаа бол цулгүй биш, элдэв тоног ихтэй, олон өнгийн оруулгатайг өмсөх хэрэгтэй. Зуны халуунд цоглог харагдах ийм төрлийн гутлаа богино өмдтэй хослуулан өмсөж болох юм. Энэ зуны бас нэгэн онцлог бол өвдөг шүргэсэн урт түрийтэй гутал байх нь. Гэхдээ мэдээж хэрэг зуны халуунд өмсөх болохоор нимгэн материалтай, торон байж болно. Хэрээстэй, үдээстэй гутал өмсвөл дээгүүрээ чөлөөт загварын цамц өмсөөрэй.

ӨНДӨГ БОРЛОСОН АРЬСЫГ ХАМГИЙН ХУРДАН ЦАЙРУУЛДАГ

Зун хөдөө явж амраад ирэхээр хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол борлосон арьс. Ялангуяа цайвар, шаргал царайтай хүмүүс борлочихоор тийм ч сайхан харагддаггүй. Хэрэв богино хугацаанд хурдан цайрахыг хүсэж байвал юун түрүүнд нүүрээ гуужуулж сураарай. Зориулалтын гуужуулагч бэлэн байхгүй бол гэртээ зөгийн бал, бор сахар хоёрыг ижил хэмжээтэй холин сайтар хутгаж байгаад борлосон арьсаа гуужуулж болно. Гуужуулахдаа долоо хоногт хоёроос илүү хэрэглээд хэрэггүй. Учир нь нүүрний арьс дөрвөөс тав хоногт төлждөг гэнэ. Гуужуулж цэвэрлэсэн нүүрэн дээрээ өндөгний цагаан, шарыг тусад нь аваад маск тавьж болно. Бас өглөө бүр лимонтой ус уувал арьс мэдэгдэхүйц цайрдаг. Мөн лимоны хальсыг хуулаад хөргөгчнийхөө мөс хөлдөөдөг хэсэгт дэвсэн буцалсан ус хийж хөлдөөгөөрэй. Түүгээрээ оройд нүүрээ арчвал арьс цайрахаас гадна чангардаг юм байна.

С.АЛТАНЦЭЦЭГ


Categories
энтертаймент-ертөнц

Дагина мэндэллээ

Одоогоос 24 жилийн өмнө “Дагина” нэртэй эмэгтэйчүүдэд зориулсан сонин уншигчдын хүртээл болж байсан билээ. Харамсалтай нь тодорхой шалтгааны улмаас хоёрхон жил гараад хаалгаа барьсан байдаг.Уг сониныг үүсгэн байгуулагч нь гэрэл зургийн сурвалжлагч Ш.Гэрэлсайхан юм.Тэрбээр“Дагина” сониноо сэтгүүл болгож, уншигчдын гарт дахин хүргэж байна.Будаг нь ханхалсан шинэ сэтгүүл анхны дугаараа олны хүртээл болголоо. Сэтгүүлийн хувьд анхны гэх тодотголтой боловч“Дагина” нэр нь аль хэдийнэ Монголын хэвлэлийн зах зээлд нэвтэрсэн юм. Уг сэтгүүлийн анхны дугаартнэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэг тэргүүтэй салбартаа манлайлагч бүсгүйчүүдийн сонирхолтой ярилцлагыг нийтэлжээ. Сар бүр шинэ дугаараа танд барих “Дагина” сэтгүүл 10 мянган төгрөгийн үнэтэй аж.

Г.ЛХАГВА

Categories
энтертаймент-ертөнц

Америкийн домог болсон “STETSON” брэндийг албан ёсоор Монголд борлуулах эрх олголоо

Загвар дизайн, чанараараа дэлхийд аль хэдийнэ танигдсан Америкийн алдартай брэндүүдийн бүх төрлийн малгайг Монголоосоо худалдан авах боломжтой боллоо. АНУ-ын “Dorfman-Pacific” компани энэхүү онцгой эрхээ “CCS-MGL” ХХК-д олгосон байна. Домог болсон “STETSON” брэндийн малгайны төрөлжсөн дэлгүүр “Гранд плаза” төвд байрлах “Tonak” дэлгүүрт тун удахгүй нээлтээ хийнэ. Энэхүү албан ёсны үйл ажиллагаатай холбогдуулан АНУ-ын “Dorfman-Pacific” компанийн борлуулалт хариуцсан Ерөнхийлөгч Деннис Марксен Монголд хүрэлцэн ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө танай компанийн брэнд бүтээгдэхүүнүүд Монгол Улсын зах зээлд үйлдвэрээсээ шуудорж ирж байгаад таатай байна. Та манай уншигчдад “Dorfman-Pacific” компани ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай компани 1865 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. АНУ дахь малгайны төрөлжсөн хамгийн том компани. Бид өөрсдөө загвар дизайнаа зохион бүтээж, үйлдвэрлэдэг. Бас сурталчилгааны ажлаа ч гардан зохион байгуулж, дэлхий даяар худалдаалдаг. Толгой компани маань АНУ-ын Калифорни мужид байдаг. Бүтээгдэхүүнээ өндөр хөгжилтэй 35 оронд экспортолж байгаа. Өнөө жилээс эхлээд Монголын “CCS-MGL” ХХК-д борлуулалтын онцгой эрхээ өгч байна. Тус компани Улаанбаатар хот дахь “Гранд плаза” үйлчилгээний төвд байрлах өөрийн дэлгүүртээ зөвхөн малгайнд зориулсан 120 метр квадрат талбай гаргасан байна. Ер нь бид борлуулалтын тусгай эрхээ өгөхдөө тодорхой шалгуур тавьдаг. Энэ шалгуурыг “CCS-MGL” ХХК бүрэн хангаж байгаа болохоор бид Монголд бүтээгдэхүүнээ борлуулахаар шийдсэн.

-“Dorfman Pacific компани олон брэнд гаргадаг гэл үү. Тэдгээрээс сонирхуулвал?

-Бид ноосон малгайнаас авахуулаад эсгий, туулайн ноолуур, коббей, сийрсэн, бүрх зэрэг бүх төрлийн загвар, хэмжээтэй малгай үйлдвэрлэдэг. Насны ангилал харгалзахгүй. Балчир хүүхдүүдээс хөгшид хүртэл өнгө, загварын өргөн сонголттой малгай бий. Манай малгайг АНУ-ын Ерөнхийлөгчөөс авахуулаад нийгмийг бүх давхаргынхан худалдан авдаг. Мөн“Dorfman-Pacific” компани нь “STETSON” брэндийн малгайг үйлдвэрлэдэгээс гадна “Scala”, “DPC”, “Mossy” зэрэг брэндүүдийг борлуулах онцгой эрхтэйгээр дэлхий даяар борлуулж, худалдаалдаг. Мөн Грекчүүдийн үйлдвэрлэдэг загасчны “Капитан” малгайг өөрсдөдөө нэгтгэсэн.

-Малгайнуудын чанар, баталгаанд хэр итгэж болох вэ. Яг АНУ-аас бидэнд ирж чадах уу?

-Манай компанийн зах зээлд үйлдвэрлэж, нийлүүлж буй брэндүүдийн малгай танд 100 хувь сэтгэл ханамжийн баталгаа өгнө гэдгийг бардам хэлье. Бидний зах зээлд нийлүүлдэг өвөл, зуны, ноосон, бүрх гээд төрөл бүрийн өнгө загварын малгайнууд бүгд АНУ-д үйлдвэрлэгддэг. Тиймээс Монголд худалдаалах малгайнуудын тухайд ч АНУ-д үйлдвэрлэсэн жинхэнэ оргиналь гэж ойлгож болно. Тэгэхээр “CCS-MGL” компаниар дамжаад ямар ч хуурамч бүтээгдэхүүн оржирэхгүй гэдэгт бүрэн итгэж болно.

-Танайх жилдээ хичнээн төгрөгийн борлуулалт хийж, хэдий хэмжээний малгай үйлдвэрлэдэг юм бол?

-Жилд 100 гаруй сая ам.долларын борлуулалт хийж, 18 сая малгай үйлдвэрлэдэг. Калифорнид байдаг төв маань 40 мянган метр квадрат талбай бүхий агуулахтай. Тэнд дүүрэн малгай байдаг.

-Монголд орж ирж байгаа зарим брэндүүд загвар нь хуучирсан, агуулахад удаан хадгалаад чанар нь алдагдсан байх нь элбэг. Харин танайх шинэ гаргасан загваруудаа Монголд борлуулна биз дээ?

-Тэгэлгүй яахав. Энэ бол асуудал биш. Бүх загварыг оруулж ирэх боломжтой. Хэрэв та цорын ганц загварыг өөртөө зориулж урлуулмаар байгаа бол тэрийг нь ч захиалгаар нийлүүлнэ. Энэ тал дээр санаа зоволтгүй.

-Танай брэндүүдийн малгайг алдартай ямар хүмүүс өмсч байна вэ?

-“STETSON” брэндийн нүүр царайгаар Холливуудын од жүжигчин Жонни Депп ажилладаг. Энэхүү брэнд нь 150 жилийн өмнө “Coca Cola”, “Live’s” зэрэг брэндүүдтэй зэрэгцэн үүсч байсан. Хамгийн алдартай домог болсон брэнд юм. АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нар тангараг өргөх ёслолдоо “STETSON” брэндийн малгайг өмсдөг. Маш чанартай. Холливуудын одууд байнга рекламддаг. Материалын хувьд туулайн ноолуур бөгөөд 20 жилийн настай. Тодруулбал, багаар бодоход 20 жилийн хугацаанд таны малгай анх худалдаж авахад ямар байсан, яг тийм өнгө, хэлбэрээ алдахгүй, чанартай гэсэн үг. Индиана Жонст зориулаад цорын ганц малгай хийж өгч байсан. Энэ мэтчилэн Холливуудын одод өөрсдөдөө зориулж цорын ганц малгайг хийлгэдэг. Бидний зүгээс ч кино, албан ёсны арга хэмжээнд зориулж шинэ, содон загварын малгай урлаж өгөхдөө таатай байдаг даа.

-Туулайн ноолууран малгайныхаа гол түүхий эдийг хаанаас авдаг вэ?

-Бидэнд дээд зэрэглэлийн ноолуур нийлүүлдэг фирмүүд байдаг. Нэг малгайг хийхэд маш их ажил болно. Загвар гаргана. Түүхий эдээ боловсруулахаас өгсүүлээд хугацаа их шаарддаг юм.

-Хамгийн эрэлттэй нь ямар загварын малгай байдаг юм бэ. Азийн хичнээн улсад малгайгаа нийлүүлж байна?

-“Whippet” загварын малгай бол хамгийн эрэлттэй. Түүхэн загвар болохоор хүмүүс өмсөх их дуртай л даа. Бид Азид Япон, Хятад, Веьтнам, Сингапур, Тайвань зэрэг 10 гаруй улсад албан ёсоор малгайгаа борлуулж байна. Мөн Төвдэд хоёр жилийн өмнөөс малгай нийлүүлж эхэлсэн. Тус улс жилд хоёр сая ам.долларын 10 мянган ширхэг малгай авдаг. Азийн хамгийн гоё дэлгүүр нь Японы Токио хотод байдаг. Харин хамгийн үнэтэй “STETSON” брэндийн малгай гэвэл 5000 ам.долларын үнэтэй байдаг. Энэ малгайны бүслүүрт 18 краттын цагаан алт, алмаазан шигтгээ хийсэн. Чанарын тэмдэг нь 1000 “х”-тэй байдаг. “STETSON” брэндийн малгайнд чанарын үзүүлэлтүүд байдаг. 50 “х”, 100″х”, 1000″х” гэх мэт. “х” ихсэх тусам малгайны чанар, үнэ нь нэмэгддэг л дээ. 50 “х”-тэй малгай чанаргүй гэсэн үг биш шүү. Бүгд л дээд зэргийн материалаар чанарын өндөр түвшинд хийгддэг. Миний өмссөн байгаа “STETSON” брэндийн “Whippet” загварын малгай 50″х” гэсэн чанарын тэмдэгтэй хэр нь сайн байгаа биз дээ. /инээв/

-Энэ үнэтэй малгайг захиалвал Монголд авчирах уу?

-Ямар ч асуудалгүй явуулна. Бүр өөрийн гэсэн дархчуудын урласан гоёмсог модон хайрцагтай нь илгээнэ.

-Малгайнуудыг яаж цэвэрлэж, арчилах вэ?

-Зориулалтын цэвэрлэдэг, өнгийг нь сэргээх арчилдаг бүтээгдэхүүн байдаг. Мөн малгайны хэлбэр баригч гэж байна. Хадгалах сав ч бий. Яаж малгайгаа шинэ юм шиг хэвээр нь байлгах вэ гэвэл арчилах нь чухал. Эдгээр арчилгааны бүтээгдэхүүнүүд нь ч тун удахгүй Монголд орж ирнэ.

-Үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Жич: АНУ-ын алдарт “STETSON” брэндийн малгайг энэ зунаас эхлээд “Гранд плаза”-д байрлах “Tonak” дэлгүүрээр борлуулах юм байна. Тус дэлгүүрийн гурван салбар Улаанбаатар хотод, мөн Замын-Үүдэд нэг салбараа нээжээ. Хэрэв Дархан, Эрдэнэтэд борлуулах хүсэлтэй компани болон хувь хүмүүс байвал үйлдвэрийн үнээр нийлүүлж болно гэсэн.

Categories
энтертаймент-ертөнц

Нэрт загвар өмсөгч агсам тавьжээ

Их Британийн нэрт загвар өмсөгч Кейт Мосс Туркийн Бодрум хотоос нутаг руугаа нисч явахдаа онгоцонд агсам тавьсан байна. “EasyJet” компанийнүйлчүүлэгчид аргагүйн эрхэнд цагдаа дуудан түүнийг онгоцноос буулгажээ. Хууль сахиулах байгууллагынхан түүнийг онгоцноос гаргахад Кейт Мосс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй гэнэ.

Кейт Мосс Туркт жүжигчин Сэди Фростын 50насны ойд зориулсан баяр арга хэмжээнд оролцоод буцаж явсан байна.

Categories
энтертаймент-ертөнц

Хунтайж, гүнж хоёрын зургийг анх удаа нийтлэв

Их Британийн хунтайж Уильям, гүнж Кейт нар охинтой болоод удаагүй байгаа билээ. Кенсингтоны ордныхон хунтайж Георг болон түүний дүү гүнж Шарлотта нарын зургийг анх удаа олонд дэлгэлээ. Зургийг хүүхдүүдийн ээж, гүнж Кейт авсан бөгөөд доор нь “Хунтайж Георг, гүнж Шарлотта нар гэртээ байгаа нь” хэмээн бичсэн байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Welcome to Mongolia” наадамд дэлхийн шилдэг балетчид бүжинэ

“Welcome to Mongolia” наадмын продюсерээр ажиллах Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирж, олон улсын балетын наадмыг эх орондоо зохион байгуулах ажлын бэлтгэлдээ ороод байна. Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдох “Welcome to Mongolia” наадамд АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчид урилгаар оролцох юм байна. Дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авьяасаараа номер нэгд тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэнэ. Мөн олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулна.

Монгол улсаа олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах “Welcome Mongolia–2015” наадмын тоглолтын тасалбарыг ДБЭТ-ын кассаар худалдаалж байгаа ба үнэ 30 000 төгрөгөөс эхэлж байгаа юм байна. МУГЖ Д.Алтанхуягийн продюсерээр ажиллаж буй энэхүү наадмын бүрэлдэхүүн Монгол Улсад тоглосныхоо дараа Япон Улсыг зорихоор төлөвлөжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Жүжигчин А.Цэгмэд ”Марко Поло” кинонд тоглоно

“Өндөр ээж” киноны ичимхий эмч бүсгүйн дүрээр олонд танигдсан ахмад жүжигчин А.Цэгмэд “Марко Поло” кинонд тоглохоор болжээ. Тэрбээр өчигдөр болсон “Mongolian Academy awards” наадмаас шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн юм. Шагнал авах үеэрээ тэрбээр “Та бүхэнд нэг баяртай мэдээ дуулгахад гуравхан хоногийн өмнө Холливудын “Марко Поло” кинонд тэнцсэн гэсэн мэдээ ирлээ. Хэдхэн хоногийн дараа би та бүхнийгээ орхиод олон хоногоор тэр кинонд дэм болохоор явах нь ээ. Баярлалаа та бүхэндээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Ийнхүү тэрбээр энэ сарын 20-доор Холливудыг зорих аж.