Categories
соёл-урлаг цаг-үе энтертаймент-ертөнц

С.Удвал: Дэлхийн алдартай контент бүтээгчийн видеоны нэг хэсэг нь Монгол байвал маш том реклам болно шүү дээ DNN.mn

Фитнес модель С.Удвалтай ярилцлаа.


-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг С.Удвал гэдэг. Фитнесийн тамирчин.

-Хэдэн жил фитнесээр хичээллэж байгаа вэ?

-Фитнесээр хичээллээд таван жил болж байна. Би өөрийгөө айхавтар том тамирчин гэж бодохгүй байгаа. Одоо зүгээр л фитнесчин. Анх маш туранхай, шим тэжээлийн дутагдалтай, чихрээр л хооллодог буруу хэвшилтэй байсан. Тиймээс л өөрчлөгдөхөөр шийдэж энэ спортоор хичээллэж эхэлсэн.

-Сүүлийн өдрүүдэд таны дэлхийн контент бүтээгч Nussier Yassin-тай авахуулсан зураг сошиалд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Энэ тал дээр тайлбар өгөөч. Яг юу болсон юм бэ?

-Nussier Yassin-ыг Монголд ирсэн байгааг харсан ч уулзаад хамтарч бичлэгт нь орно гэж төсөөлөөгүй. Нэг өдөр найз маань “Бид хөдөө ногоон зүлгэн дээр хөнгөн кардио дасгал хийж байгаагаар бичлэг хийх гэж байна.

Чамаас өөр хүн сайн мэдэхгүй байна. Зөвшөөрвөл өглөө эрт явъя” гэж санал тавьсан юм. Би итгэж чадаагүй баярлаад үсэрч, дэвхэцсэн. Маш их баярласан болохоор шууд л зөвшөөрсөн. Тэгээд өглөө 06:15-д хотоос хөдөлсөн. Очих ёстой газартаа 7:00 цаг өнгөрч байхад очсон. Хотоос очингуутаа л бичлэгээ хийж эхэлсэн.

Өглөөний дасгал болохоор бүгд эрч хүчтэй үнэхээр гоё байсан. Тэр үеийн сэтгэл хөдлөлийг юутай ч зүйрлэмээргүй. Nussier Yassin-ыг хажуугаас нь хараад ямар эмх цэгцтэй яриатай, төлөвлөгөөтэй, эрч хүчтэй, хөдөлмөрч юм бэ гээд л шүтэн биширдэг хүний хувьд маш их хүндэлсэн.

Энэ гайхалтай хүн Монголыг маань сурталчилж өгч байхад би бас хичээх хэрэгтэй шүү дээ. Бид 9:00 цаг өнгөрөөд бичлэгээ дуусгасан. Тэнд байсан хүмүүс өмнө нь танил байсан юм шиг л маш гоё уур амьсгалтай байсан.

Би ер нь сэтгэл хөөрөл ихтэй, үсэрч дэвхэцсэн, жаахан эршүүд охин л доо. Тэгээд гүйж очиж зургаа хамт даруулсан. Миний хувьд контент хийх хүсэлтэй явдаг болохоор зөндөө зүйлийг нь харж үлгэр дууриаллал авсан. Зургаа авахуулаад баярласандаа юу ч бодолгүй инстаграм, пэйждээ оруулчихсан.

-Тухайн үеийн процессыг ойлгоогүй иргэд цахимаар нэлээд шуугьсан. Энэ сөрөг хандлага танд хэрхэн нөлөөлөв?

-Мэдээж хэрэг эерэг сэтгэгдэл хүлээж байсан. Гэхдээ зургийнхаа тайлбар дээр алдаа гаргасан байна лээ. Сэтгэл хөөрлөөр юу бичсэнээ ч мэдэхгүй, зургаа оруулчихаад орхичихсон. Бид 11:00 цагийн үед хотод өглөөний цай ууцгаасан. Тэгээд л утсаа нээсэн чинь намайг үгийн муугаар хэлээд элдэвлээд шэйрлэсэн байсан.

Тухайн үед гайгүй байсан ч бүр ийм муугаар яригдана гэж бодоогүй. Тэр олон сая дагагчтай, нөлөөлөгч хүнийг Монголд танихгүй хүн олон юм байна лээ. 2-3 цагийн дараа фэйсбүүктээ ороход мэдээний сайтууд намайг харлуулж бичээд “сэвсэн” байсан. Хийгээгүй зүйлийнхээ төлөө гүтгэгдэж, үзэн ядагдах үнэхээр хэцүү юм байна. Өмнө нь ийм байдалд орсон хүмүүсийг ойлгодоггүй байсандаа гэмшсэн. Гэхдээ энэ бүхний дараа бусдыг арай илүү хайрлаж, ойлгох юм шиг санагдсан.

-Таны оролцсон энэхүү контент Монголын аялал жуулчлал, тэр тусмаа Монгол Улсыг олон улсад таниулах чухал контент болно гэсэн хүлээлт байгаа шүү дээ. Контентын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Nussier Yassin Монголын онцлогийг харуулсан богино хэмжээний блог хийж байгаа юм билээ.

Би зүгээр л тэр жижигхэн хэсэгт нь оролцсон. Гэсэн ч маш их баяртай байгаа. Очих газар олон байсан ч Монгол Улсыг сонгоод ирсэн. Үнэхээр азтай. Юүтүбдээ 12 сая, фэйсбүүктээ 22 сая, инстаграмдаа 4,5 сая дагагчтай хүний видеонд Монгол нэг хэсэг нь байвал маш том реклам болно шүү дээ.

-Таны хувьд бие дааж контент бүтээх хүсэлтэй гэсэн. Сошиалд ч нэлээд нөлөөтэй. Ер нь залууст ямар зүйлийг илүү ойлгуулахыг хүсдэг вэ?

-Дасгал хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлэх талаас нь залууст нөлөөлөхийг хүсдэг. Тиймээс л хичээдэг.

-Залууст хандаж юу гэж хэлэхийг хүсч байна вэ?

-Хүн ер нь сэтгэлийн амьтан юм байна. Нэг л их өөртөө итгэлтэй байсан хүн ганцхан цагийн дотор сэтгэл санаа шалаар нэг болчихсон. Үүнээс гадна их зүйлийг ухаарлаа. Гэхдээ маш олон эерэг хүмүүс надад сэтгэлийн үгсээ хэлсэн байсан. Сайн хүмүүс нь муугаасаа олон юм байна лээ. Баярлалаа тэр бүхэнд.

 

У.АНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Нүүдэлчин” фестиваль энэ сарын 18-20-ны өдрүүдэд болно DNN.mn

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ны өвөрт зохион байгуулах гэж байна.

Тус фестиваль засгийн газрын 2022 оны “2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлах тухай” 264 дүгээр тогтоолын хүрээнд Соёлын яамнаас санаачилсан зохион байгуулах аж. Мөн салбар дундын уялдааг ханган Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “Монгол үндэсний нэрийн брэнд” олон улсын наадмыг бий болгох зорилтын дагуу хэрэгжих юм байна.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Монголын уламжлалт спорт, наадам, наадгайг хөгжүүлэх, үндэсний баг, тамирчдаа дэмжих, гадаад, дотоодын баг, тамирчдыг урьж оролцуулах тогтолцоог хөгжүүлж, спортын зарим төрлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор салбар дундын уялдааг ханган ажиллаж байна.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн ач холбогдол,

  • Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах түүнийг өвлөн уламжлуулагч, өв тээгчийг алдаршуулах, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх,
  • Аймаг, орон нутаг, ястан, угсаатны онцлогтой уялдан өвлөгдөн уламжилж ирсэн үндэсний уламжлалт спортын төрөл, тоглоом наадгайг гадаад дотоодын аялал жуулчдад сурталчлах,
  • Шинээр сэргэн таниулж буй үндэсний уламжлалт өв төрлүүдийг олон нийтэд таниулахад оршино.

Тус арга хэмжээний үеэр,

  • Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан,
  • “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан,
  • Үндэсний сурын харваа,
  • Буриад сурын харваа,
  • Урианхай сурын харваа,
  • Шагайн харваа,
  • Ширээний шагай,
  • Үндэсний морьт сурын харваа,
  • Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулах,
  • Морин дээрх барилдаан,
  • Тулам булаалдах зэрэг уламжлалт спортын төрлүүдээр үзүүлэх тоглолт Спортын хүрээ отогт болно.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Threads” платформын хэрэглээ эрс буурчээ DNN.mn

Өнгөрсөн долдугаар сарын 5-нд анх зах зээлд гарснаасаа хойш хэдхэн цагийн дотор 5 сая хэрэглэгчтэй болж, долоо хоног хүрэхгүй хугацаанд 100 сая хэрэглэгч элсүүлж хуучнаар “Твиттер” одоо “Х” гэгдэх болсон сошиал платформын зах зээлийг булааж байсан “Мета” компанийн “Threads” платформын хэрэглээ эрс буурав. Энэ сарын 7-ны байдлаар “Threads” платформын өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчийн тоо 576,000 болсон нь оргил үеийн 2.3 саяас 79 орчим хувиар унасан үзүүлэлт болжээ.

Энэхүү судалгааг дижитал тандалтын “Similarweb” компани гаргасан байна. Фэйсбүүкийг эзэмшигч Мета компани Твиттерийн энэхүү тогтворгүй, ороо бусгаа цаг үеийг ашиглан текст суурьтай сошиал платформын зах зээлийг булаахыг оролдсон нь ийнхүү бэрхшээлтэй тулгарч байна гэж “The Guardian” мэдээлжээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Морин хуурын чуулга Сиднейн театрт тоглоно DNN.mn

Монгол Улс, Австрали улсын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга Австрали Улсын Сиднейн дуурийн театрт есдүгээр сарын 14-ний өдөр бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулахаар товлогдлоо.

Уг тоглолтод Морин хуурын чуулга Монгол аялгуу, Уран хас балетын Adagio, Монголын тал нутаг зэрэг бүтээлүүдийг толилуулна.

Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглогдож байсан бөгөөд өнгөрсөн онд Монгол Улс-Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойд зориулан “NHK Hall” танхимд хүндэтгэлийн тоглолтоо хийсэн.

Categories
цаг-үе энтертаймент-ертөнц

​Д.Батзаяа: “Бусдын хайрыг хүндэл” клип биднийг цоо шинэ шатанд гаргасан DNN.mn

“Татар” хамтлагийн гишүүн Д.Батзаяатай ярилцлаа


-Удахгүй “Татар” хамтлагийн 20 жилийн ойн тоглолт болох гэж байна. Энэ удаагийн тоглолтын гол онцлог нь юу вэ?

 

-Гол онцлог гэвэл хамгийн том тайз. 20 жилийн хугацаанд хийгдсэн уран бүтээлүүдээс маань хамгийн шилдгүүд нь тоглогдох болно. Мөн маш их дурсамж агуулж байгаа гэдгээрээ онцлог.

-Олонд хүргэж амжаагүй шинэ уран бүтээл дуулагдах уу?

-Яг шинэ уран бүтээл, шинэ зүйл гэхээсээ илүү өнгөрсөн хугацаанд маш их хүнд хүрсэн, магадгүй манай хамтлагийн дууг сонсоод анх танилцсан, бидэнтэй хамт нэг баг, нэг уран бүтээл дээр ажиллаж байгаад танилцаж гэр бүл болсон түүх маш олон байдаг. Ийм учраас тэр бүх дурсамжийг л дуулна гэж бодож байгаа.

-Сүүлд гаргасан “Сэргэн манд” дууны клип бусад уран бүтээлээсээ шинэлэг байсан. Клипнийхээ талаар яривал…?

-Энэхүү клипийг “Blackeyes” студийн н.Оргилтой хамтарч хийсэн. Сүүлийн үед трэнд болж байгаа AI технологийг ашиглаж хийснээрээ илүү өвөрмөц, шинэлэг болж олон хүнд хүрсэн л дээ.

-Танд маш тод дурсамж үлдээсэн, хайртай уран бүтээл нь юу вэ?

-Бидний хувьд “Бусдын хайрыг хүндэл” гээд дууны клип л гэхэд бүтэн найман сар ажиллаж байж бүтсэн. Тэр хугацаанд маш олон дурсамж бүтээсэн. Хамгийн хөгтэй нь дуу цацагдаад аль хэдийн хит болчихоод байхад бид гурвыг хэн ч танихгүй байсан. Мөн энд тэндээс өөр нөхдүүд гарч ирээд өөрсдийгөө Татар байна гэж зарлах ч юмуу тийм тохиолдлууд их гарсан даа.


“Бусдын хайрыг хүндэл” клип биднийг цоо шинэ шатанд гаргасан


“Бусдын хайрыг хүндэл” клип биднийг цоо шинэ шатанд гаргасан гэж боддог. Тухайн үед хамгийн шилдэг гэгдэх баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа. Маш ихийг сурч мэдсэн дээ.

-Одоо зургаа дахь тоглолтоо хийх гэж байна. Анхны тоглолтын дурсамж, тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?

-Анхны тоглолтоо “Сонор” рекордстой хамтарч UB паласт тоглож байлаа. Тухайн үед UB паласт зөвхөн том дуучид, жинхэнэ одууд л тоглодог байлаа шүү дээ. Бид тэдэн шиг хүн цуглуулаад тийм хэмжээний том тоглолт хийнэ гэсэн төсөөлөлгүй байсан.

Гэсэн хэдий ч нэг өдөр тоглоод, бүр ахиж нэг өдөр нэмж тоглоод ч тэр том танхим дүүрэн хүнтэй байсаар байсан. Энэ бол бидний хувьд төсөөлөөгүй их амжилт байсан. Урьд нь бид гурав ангийнхаа самбар дээр “Татар” гэж биччихээд л дуулахаар ангийнхан “оооё Татарынхан” гээд л шоолдог байлаа. Тэр тоглолтоос хойш ер нь жинхэнэ дуучид болсон гэдгээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн.

-Сайн уран бүтээл хийх, чанартай сайн тогтолт зохион байгуулахад зөвхөн дуучдаас гадна, хамтран ажиллаж байгаа байгууллагууд чухал байх…?

-Тэгэлгүй яахав. Энэ удаагийн тоглолтыг маань орчин үеийн шоу ертөнцийн “акул”-уудын нэг On&off продакшн зохион байгуулж байна. Мэдээж япон улсаас хамгийн сайн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирээд бэлтгэл ажлаа хангаж байна. Бид энэ удаад хамгийн шилдгүүдтэй хамтран ажиллаж байгаа.

– Ярилцлагынхаа төгсгөлд нийт сонсогч фенүүддээ хандаад сэтгэлийн үгээ хэлэхгүй юу.

-Бидэнтэй хамт 20 жил байсан үнэнч сонсогчдодоо өнгөрсөн 20 жилийнх нь дурсамжийг нэгэн орой амьдаар нь бэлэглэх болно. Мэдээж киног кино театрт үзэх, зүгээр гэртээ сууж байгаад үзэх нь асар их ялгаа байдаг шиг дууг машиндаа эсвэл чихэвчээр сонсох, зорьж ирээд хамтдаа, тайзан дээрээс амьдаар нь сонсох маш ялгаатай шүү дээ.

Амьд дуулалт, амьд юм бүхэн чинь өөрөө тухайн цаг үе дурсамжийг бас л амьд болгож эргүүлэн авчирч байдаг. Тэнд зөвхөн бидний дуу биш 20 жилийн дурсамж бас хамт эгшиглэх болно.

 

 

П.ТЭРГЭЛСАРАН

У.АНХЦЭЦЭГ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​”Barbie” киноны орлого нэг тэрбум ам.доллар давжээ DNN.mn

Нээлтээ хийгээд гурван долоо хонож байгаа “Barbie” киноны дэлхийн театрын зах зээлээс олсон орлого 1 тэрбум ам.доллар давжээ.

Тодруулбал, Зохиолч, найруулагч Грета Гервигийн кино дэлгэцнээ гараад гурван долоо хоноход дэлхийн зах зээлээс 1.03 тэрбум ам.долларын ашиг олсон байна.

Ингэснээр Гервиг тэрбум ам.долларын кино бүтээсэн анхны соло эмэгтэй найруулагч байгаа юм.

Өмнө нь “Wonder Woman” кино дэлхийн зах зээлээс 821.8 сая ам.доллар олсон нь эмэгтэй найруулагчдын дээд амжилт байв.

Тус кино дэлхийпд амжилтад хүрсэн нь Их Британи, Мексик, Австрали зэрэг дэлхийн хамгийн том кино зах зээл дэх борлуулалтын орлоготой холбоотой юм.

Харин “Barbie” кинотой цуг нээлтээ хийсэн Кристофер Ноланы “Oppenheimer” гурван долоо хоногийн хугацаанд дэлхийн зах зээлээс 552.9 сая ам.доллар олжээ.

Хятадын кино урлаг, соёлыг судлаач “Барби дэлхий даяар алдартай хэвээр байгаа нь киног олон улсад алдаршуулж байна” хэмээн хэлжээ.

АНУ болон Канадын театруудын тасалбарын борлуулалтыг авч үзвэл​

1. “Barbie,” 53 сая ам.доллар

2. “Meg 2: The Trench,” 30 сая ам.доллар

3. “Oppenheimer,” 28.7 сая ам.доллар

4. “Teenage Mutant Ninja Turtles: Mutant Mayhem,” 28 сая ам.доллар

5. “Haunted Mansion,” 9 сая ам.доллар

6. “Sound of Freedom,” 7 сая ам.доллар

7. “Mission: Impossible — Dead Reckoning Part I,” 6.5 сая ам.доллар

8. “Talk to Me,” 6.3 сая ам.доллар

9. “Rocky Aur Rani Kii Prem Kahaani,” 1.5 сая ам.доллар

10. “Indiana Jones and the Dial of Destiny,” 1.5 сая ам.доллар байна. 

П.ТЭРГЭЛСАР

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Уяхан Замбуу Тивийн Наран” урлагийн наадам энэ сарын 11-12-нд болно DNN.mn

“Уяхан Замбуу Тивийн Наран” урлагийн наадмыг Дундговь аймаг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Дөрвөн жилд нэг удаа “Их газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт газар, байгалийн задгай театрт болдог энэхүү наадам нь наймдугаар сарын 11-12-ны өдрүүдэд болно.

Хоёр өдрийн турш үргэлжлэх урлагийн их наадамд олон арга хэмжээ, хөтөлбөр багтсан бөгөөд дотоодын болон гадаадын жуулчид, үзэгчдийн сонирхлыг татахуйц болдог гэдгээрээ онцлог юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

BLACKPINK-ийн Jisoo, жүжигчин Ahn Bo Hyun нар үерхэж буйгаа зарлалаа DNN.mn

BLACKPINK-ийн Жисү болон жүжигчин  Ан Бо Хён  нар үерхэж буйг YG Entertainment болон FN Entertainment  мэдэгдлээ. YG Entertainment-ын төлөөлөгч  “Тэднийг үерхлийг  халуун дотноор хүлээн авбал талархах болно” гэжээ. Мөн FN Entertainment үүнтэй төстэй мэдэгдлийг гаргасан.  ‘Dispatch’  агентлаг  Жисү, Ан Бо Хён хоёр Ёнсан дах Жисүгийн гэрт байнга цагийг өнгөрөөдөг байсан гэж онцгойлон мэдээлсэн. Ан Бо Хён  одоо 35 настай харин  Жисү түүнээс  7 насаар дүү юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Реппэр Cardi B тоглолтын үеэр ундаа цацсан үзэгч рүү микрофоноо шиджээ DNN.mn

Реппер Карди Би Лас Вегас хотноо тоглолт үзүүлж байх үеэр үзэгчдийн хэсгээс түүн рүү ууж байсан ундаагаа шиджээ. Дуучин бүсгүй зөрүүлж микрофоноо түүн рүү шидсэн ба уг үйл явдлыг харуулсан бичлэг олны анхаарлын төвд байна.

Карди Бигийн төлөөлөгч одоогоор энэ үйл явдлын талаар мэдээлэл өгөөгүй байгаа юм.

SOURCE: NBC

Categories
соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Трио” кино Италийн “Religion Today Film Festival”-д сонгогджээ DNN.mn

Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “Трио” уран сайхны кино 14 дэх навчаа авч, ирэх есдүгээр сард болох 26 дахь удаагийн Италийн “Religion Today Film Festival”-д албан ёсоор сонгогджээ. Уг дэлгэцийн уран бүтээл Америк, Канад, Франц, Итали, Египт, Солонгос, Энэтхэг, Польш, Эстони, Тайланд, Монгол зэрэг дөрвөн тивийн 11 улсаас 14 дэх навчаа хүлээн аваад байна.

“Трио” уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь нээлтээ хийсэн.

Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвүүдийг энэ кинонд хөндсөн.

“Трио” Монголын уран сайхны киноны шагналууд:

•Тайландын олон улсын кино наадмын “Шилдэг кино”

•АНУ-ын “Палм спрингс” олон улсын кино наадмын “Шилдэг зураглаач” шагнал

•Улаанбаатар олон улсын кино наадмын “Шилдэг продюсер” шагнал

•Канадын Монтреалын олон улсын кино наадмын “Шилдэг найруулагч” шагнал

•Польш улс дэлхийн “А”зэрэглэлийн Варшав 38 олон улсын кино наадмын”Үзэгчдийн таашаалд нийцсэн кино”

•Эстони улс мөн л дэлхийн “А” зэрэглэл Таллины хар шөнө 26 олон улсын кино наадмын “Best of fest” шагнал хүртсэн билээ.