Инфляцын 38.9 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.3 хувиар, харин өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүний 5.2 нэгж хувь буюу 46.0 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 12.5 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувиар, харин тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэрэглээний үнийн индексэд 38.9 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байгааг статистик мэдээлэлд дурдсан байна.
2022 оны тавдугаар сард инфляц 16.2 хувьтай гарсантай харьцуулбал өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.9 нэгж хувиар буурлаа. Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үед 18.3 хувиар өсөж байсантай харьцуулбал өсөлтийн хурдац 0.3 нэгж хувиар саарсныг онцолж болохоор байгаа юм.
Монгол Улсын инфляцын дундаж түвшин 2023 оны туршид 12 орчим хувьд хадгалагдаж, 2024 оноос есөн хувьд тогтворжино гэж “Fitch Ratings” таамаглаж байгаагаа мэдээлж байв. БНХАУ-тай хийх худалдаа бүрэн тогтворжиж, дэлхийн зах зээлд түүхий эдүүдийн үнэ буурах нь инфляц саарахад нөлөөлнө гэж үзжээ. Хэдий тийм боловч ОХУ-д тавьж буй хоригууд зарим импортын бараануудын үнэ урт хугацаанд өндөр байхад нөлөөлнө гэж мэдээлсэн юм.
Эх сурвалж: BloombergTV