Categories
мэдээ эдийн-засаг

УОК маргааш хуралдана

Улсын онцгой комисс-н зурган илэрц

УОК маргааш хуралдаж, коронавирусээс урьдчилан сэргийлэх ажил, авч буй арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Хурлаар Эрүүл мэндийн яам бодлогын хувьд авч хэрэгжүүлэн үйл ажиллагааны чиглэлээ танилцуулах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

2020 оны нэгдүгээр сард 634 иргэнд ипотекийн зээл олгожээ

Монголбанкны статистик мэдээллээр 2020 оны нэгдүгээр сард банкууд 634 зээлдэгчид 44 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Үүнээс 42.6 хувь нь хөтөлбөрийн зээл байгаа бол 57.4 хувийг нь банкууд өөрийн эх үүсвэрээс олгосон байна.

Банкуудын эх үүсвэрээр олгож буй зээл 14 хувийн хүүтэй байгаа бол хөтөлбөрийн зээл 8%-ийн хүүтэй. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү нэгдүгээр сард 11.5 хувь буюу жилийн өмнөхтэй харьцуулахад 1.0 нэгж хувиар буурчээ.

Зураг. 2020 оны нэгдүгээр сард олгосон ипотекийн зээл

2020 оны нэгдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдлийн
  • 74.1% нь хөтөлбөрийн зээл
  • 20.9% нь банкуудын өөрийн эх үүсвэр
  • 5.0% нь бусад эх үүсвэрээс олгогдсон байна.

Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 95.4% нь хэвийн байгаа бол 2.8% нь хугацаа хэтэрсэн, 1.9% нь чанаргүй зээл байна.

Чанаргүй зээлийн 60 орчим хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл эзэлж байгааг Монголбанкны мэдээлэлд дурджээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянгатын дэвсгэртүүдийг өнөөдрөөс эхлэн гүйлгээнээс татаж байна

Image result for 20 мянгатын дэвсгэрт

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянгатын дэвсгэртүүдийг өнөөдрөөс эхлэн гүйлгээнээс татаж байна. 2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж буй бөгөөд гуравдугаар сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй юм. Тиймээс иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр солиулж болох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөгийн ногдол ашиг олгохоор болов

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хүртэх эрхтэй болов. Тус компани 2019 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараахаар болжээ. Нэгж хувьцаанд 90 төгрөг, нийт 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хурлаар дээрх шийдвэрийг гаргажээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” компани иргэддээ ногдол ашиг олгохоор боллоо. 2016 он хүртэл компани алдагдалтай ажиллаж байсан. Хоёр сая 511 мянган хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгоно.

1072 хувьцаатай нэг сая 80 мянган иргэн байна. 700 хувьцаатай иргэд 63 мянган төгрөгийн ногдол ашиг авна. Эхлээд хувьцаа эзэмшигчидээ бүртгэнэ. Ногдол ашгийг 2020 ондоо багтаан олгоно. Ирэх тавдугаар сараас ногдол ашгаа олгоэ эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 17 хүртэл иргэдээ бүртгэх ба онлайнаар бүх бүртгэл явагдана гэлээ.

Сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Яагаад ашгаа хөрөнгө оруулалтад зарцуулахгүй талхны мөнгөнд явуулж байна вэ?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

-Хөрөнгө оруулалтын ажлаа ч хийж байна. Компанийн ногдол ашгаа ч хуваарилж байна. Иргэн хүндээ хөрөнгө оруулалт хэлбэрээр очиж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

-Энэ шийдвэр мөнгө тарааж байгаа биш. Ногдол ашиг олгож байна. Ашгийн дараах үр ашиг гэж ойлгохыг хүсч байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон иргэн болон аж ахуйн нэгжүүдийг зарлалаа

Image result for нөат баримтаа бүртгүүлэх

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон иргэн, аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд танилцуулж, талархал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон бизнес эрхлэгч иргэнээр:

  1. Ц.Рэгзэдмаа
  2. З.Цогтсүрэн
  3. Н.Энхтунгалаг
  4. А.Ариунбилэг
  5. Т.Цэрэндулам
  6. М.Эрдэнэчимэг
  7. Р.Уранчимэг
  8. Ц.Энхбат
  9. М.Мандахбаяр
  10. Д.Ганболд нар

Аж ахуйн нэгжээр:

  1. Мобиком корпораци ХХК
  2. Номинтав трейд ХХК
  3. Юнител ХХК
  4. Ник ХХК
  5. Петростар ХХК
  6. Монос-Улаанбаатар ХХК
  7. Миний дэлгүүр ХХК
  8. Моннидер ХХК
  9. Алтанжолоо трейд ХХК
  10. Сэнтрал экспресс Си Ви Эс ХХК-иуд тус тус шалгарлаа.

Мөн энэ жилээс үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэсэн “Үндэсний үйлдвэрлэгч” компанийг тусгайлан тодруулахад Сүү ХХК-ийн хамт олон шалгарсан байна. Жагсаалтад 2018 онтой харьцуулахад 2019 онд хэвлэсэн төлбөрийн баримтын өсөлтөөр Сиркл Чейн ХХК-ийн хамт олон тодорчээ.

Уг арга хэмжээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон ТЕГ-ын дарга Б.Заяабал, СЯ-ны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн, ГТСМТТ УҮГ-ын захирал Т.Батбилэг, ТЕГ-ын ТОГ-ын дарга Д.Цогтжаргал нар оролцож талархал гардууллаа гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ

1923 онд “Үхрийн мялзанг эсэргүүцэх станц” нэртэй гадаадын иргэдийн хувийн жижиг үйлдвэрийг Засгийн газраас худалдан авснаар Монголын Хөдөө аж ахуй, мал эмнэлэг, биотехнологийн ууган үйлдвэр, Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрын суурь нь тавигдсан юм.

Энэхүү үйлдвэрт мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 40 гаран нэр төрлийн биобэлдмэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж байна. Монгол Улсад шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэх техникийн чадамжийг буй болгох зорилгоор 2014 оноос Олон улсын атомын энергийн агентлагийн дэмжлэгтэйгээр MON5023 төслийг эхлүүлж, Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран ажиллаж эхэлсэн.

Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш Олон улсын атомын энергийн агентлаг 360 гаруй мянган евро-ийн хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын Засгийн газар уг вакцины технологийг боловсруулахад 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн юм. Төрийн соёрхолт малын эмч Х.Цодойн нэрэмжит Вирусийн вакцины үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийг өнөөдөр \2020.02.04\-өөс эхлэн ашиглалтад оруулж байна.

Энэхүү вирусийн вакцин үйлдвэрлэлийн цех ашиглалтад орсноор шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх болон нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм.

Дэлхийн даяаршил, хүн амын өсөлт, суурьшлын нягтаршил, шилжилт хөдөлгөөн, цаг уурын өөрчлөлт, худалдаа, аялал жуулчлалын эрчимтэй хөгжил зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хүн, малын халдварт өвчний дэгдэлт, тархалтын цар хүрээ тэлэхийн зэрэгцээ дэлхийд жилд дор хаяж нэг шинэ халдвар бүртгэгдэж байна.

Түүнчлэн бүртгэгдсэн халдварын 75 орчим хувь нь мал, амьтнаас гаралтай ба зарим халдвар дахин сэргэх хандлагатай болсон тул эдгээр халдвараас эрт сэрэмжлүүлэх, шуурхай хариу арга хэмжээ, улмаар хяналтанд авах үндэсний чадавхийг бүрдүүлэхэд анхааралаа хандуулах нь улс орон бүрийн тулгамдсан асуудал болоод байгааг вирусийн вакцин үйлдвэрлэлийн цехийг албан ёсоор ашиглалтад оруулах үеэрээ ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцлон хэллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

“Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

“Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Байнгын хорооны 2019 оны 02 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг ТБХ-өөр хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ё.Мөнхбаатар танилцуулав.

өсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төсвийг УИХ-ын төсвийн бүрэлдэхүүнд баталж зарцуулалтыг УИХ-ын төсвийн ерөнхий менежерийн хувьд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргын албан ёсны хүсэлтээр зориулалтын дагуу зарцуулж байгаа билээ. Төсвийн энэхүү харилцааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааны журамд тусгаж эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар УИХ-ын Тамгын газраас хүсэлт гаргасны дагуу тус Зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан байна. Төсөлд “5.З.Улсын Их Хурлын Тамгын газар нь Зөвлөлийн төсвийг батлагдсан төсвийн хүрээнд, зориулалтын дагуу Зөвлөлийн даргаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн зарцуулна. 5.4.3өвлөлийн даргын цалин, гишүүдийн урамшууллыг Зөвлөлийн батлагдсан төсөвт туссан цалингийн сан, урамшууллын дүнд багтаан сар бүр олгоно.” гэж ажиллах журамд өөрчлөлт оруулахаар тусгасныг дурдав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолын хавсралтын 8.2 дахь хэсэгт зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос 2, Засгийн газраас 2, Монголбанкнаас 2 хүний нэрийг дэвшүүлж, хараат бус 3 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар нэр дэвшүүлж, УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилно гэж заасны дагуу Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор зөвлөлийн гишүүдийг томилсоныг онцлон тэмдэглэв.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнд нэг гишүүний сул орон тоо гарсан тул нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох урилгыг өдөр тутмын сонинд нийтлүүлсэн. Сонгон шалгаруулалтад оролцохоор О.Бат-Эрдэнэ, Л.Отгонтуяа, Г.Энхбаяр нар өөрийн нэрээ дэвшүүлж, материалаа Байнгын хороонд ирүүлжээ.Эдгээр гурван нэр дэвшигчээс нэг хүнийг тус зөвлөлийн гишүүнээр томилох байсан ч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлэх нэг гишүүний асуудалтай хамт хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн уг асуудлыг хойшлуулахаар болов гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​Аудитаар 162,384.6 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 75,495.7 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоожээ

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх /2015-2018/”-д хийсэн нийцлийн аудитын тайланг сонсов.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Тус аудитад БОАЖЯ, Чөлөөт бүсүүдийн захиргаа, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Газрын алба, Газрын даамал зэрэг газрын харилцааны чиглэлийн байгууллага, албан тушаалтнуудын 2015-2018 оны байдлаарх газар олголт, ашиглалттай холбогдох үйл ажиллагааг хамруулан, холбогдох шийдвэр, нэгж талбарын хувийн хэрэг, баримт материалыг түүвэрлэн шалгасан. Аудитад Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд хамаарах хилийн зурвас газар, улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалттай газар зэрэг тусгай хэрэгцээний ангиллын газар олголт болонУИХ, Засгийн газрын шийдвэрээр зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах үйл ажиллагааг хамруулаагүй, хязгаарласан гэдгийг онцлов.

Мөн тэрбээр, аудитаар илэрсэн нийтлэг зөрчилд өгсөн дүгнэлтийн талаар танилцуулсан. Тухайлбал, Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг баримт бичгүүд нь хоорондоо уялдаагүй, давхардсан тоогоор 13 аймаг, 2 чөлөөт бүс болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион Байгуулалтын ерөнхий ерөнхий төлөвлөгөөгүй байгаа нь улсын хэмжээнд газрыг үр ашигтай зөв хуваарилан төлөвлөх, зохистой ашиглах, хамгаалахад эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд 2015-2018 оны хугацаанд шинээр олгосон газрын 51 хувь нь Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй зөрчилтэй байгаа нь хот, суурин газрууд төлөвлөлтгүй, эмх замбараагүй тэлэх нөхцөлийг бүрдүүлж, орчны бохирдол, замын түгжрэл ихсэх зэрэгт нөлөөлж байна. 2015-2018 оны хугацаанд олгосон газрын 12.1 хувь буюу 25015 га газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй бусдад давуу байдлаар эзэмшүүлж, ашиглуулснаас үзэхэд төрийн байгууллага, алба тушаалтнууд ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргадаг байх эрсдэлтэй байна. Нийслэлийн болон 19 аймаг, 170 сумын нутаг дэвсгэрт хилийн цэсийн маргааныг шийдвэрлээгүйгээс 24064.4 га газар давхардуулан олгож, улмаар газрын болон өмчийн маргаан үүсэх, төрөөс нөхөн төлбөр олгох зэрэг сөрөг үр дагаврууд гарсныг Тэргүүлэх аудитор тайландаа дурдав.

Түүнчлэн тэрбээр, Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, зориулалтыг өөрчлөх шийдвэр гаргахдаа дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр газрын хэмжээг үнэ төлбөргүй нэмэгдүүлэн шийдвэрлэдэг зөрчил нийтлэг байгаа нь хуульд заасны дагуу шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй байна. Иргэн, хуулийн этгээдэд газар шинээр олгох шийдвэрийг үндэслэн газар эзэмшигч, ашиглагчтай гэрээ байгуулах хугацааг хууль тогтоомжид тодорхой тусгаагүй, газрын гэрчилгээний үнийг зөрүүтэй тогтоосон эрх зүйн зөрчилтэй байгаагаас улс, орон нутгийн төсөвт газрын төлбөр, хураамж бүрэн төлөгдөхгүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байхад нийслэлийн болон 16 аймгийн нутаг дэвсгэрт нийт 110 байршилд газрыг зөвшөөрөлгүй ашиглаж, уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулсан зөрчлийг зохих хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн. БОАЖЯ-ны кадастрын мэдээллийн сангийн бүртгэл мэдээлэлд сансрын зураг ашиглан 1260 нэгж талбарт дүн шинжилгээ хийхэд Богдхан уулын дархан цаазат газарт 195 иргэн, хуулийн этгээд байнга оршин суух зориулалттай амины орон сууц, нийтийн орон сууц, үзвэр, үйлчилгээний барилга байгууламж барьсан зэргээр дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулж байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах зөвшөөрөл олгоход тавих шалгуур, шалгаруулалтын талаар тодорхой зохицуулалтгүйгээс тухайн бүс нутагт газар ашиглуулах үйл ажиллагаанд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчим алдагдахад хүргэж байна. Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа жигдрээгүйгээс газар олголт хийгдсэн хэдий ч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, эзэмшил газрынхаа ашигтай чанарыг гаргаж чадахгүй байна гэж байлаа.


Газрын кадастрын нэгдсэн сан бүрдүүлэх талаар салбар хуулиудад тодорхой зохицуулалтгүйгээс улсын хэмжээнд газрын бүртгэл, зураглалыг нэгдсэн нэг мэдээллийн стандартгүй, өөр өөр солбицлын тогтолцоо, программ хангамж эрхлэн хөтөлж байгаагаас улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн тайлан, тоо, бүртгэл үнэн бодитой гарч чадахгүй байна. Чөлөөт бүсүүд, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн суурин бүсийн газрын кадастрын зураглалын мэдээллийн сангийн төлөвлөлт, хөгжүүлэлт хангалтгүй байгаа нь эрх бүхий албан тушаалтнууд давуу байдлаар ашиглах эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд ойн болон усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тодорхой үйл ажиллагааг хязгаарласан бүс зөрчин газар эзэмшүүлж, ашиглуулдаг зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Аудитаар 162,384.6 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 75,495.7 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 78,093.4 сая төгрөгийн зөрчил бүхий 449 байгууллага албан тушаалтанд хугацаатай албан шаардлага хүргүүлж, зургаан төрлийн зөрчлийн асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, давхардсан тоогоор нийт 237 зөвлөмж холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлсэн гэж тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулгадаа дурдсан.

Тайлан, мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол асуулт асууж, хариулт авсан бөгөөд үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ТБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.29) хуралдаан 12.00 цаг 14 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд онгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.

Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготойгоор Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор гэсэн 5 аймгийн 15 суманд 2013-2017 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн байна. “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр урьдчилан тохирчээ. Энэхүү зээлийн эргэн төлөгдөх хугацааг 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг эхний 5 жил зээлийн хүү 1.25 хувь, бусад шимтгэл 1,25 хувь байхаар төсөлд тусгажээ.

Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Б.Чойжилсүрэн нарасуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс төслийн үр нөлөөг тодруулахын зэрэгцээ ирэх жилийн вакцины үйлдвэрлэл, хүрэлцээ хангамж хэр байгааг тодруулав. Мөн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд Засгийн газраас баримталж буй бодлогын талаар лавласан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хариултдаа, 2020 оны хувьд графикийн дагуу хийдэг дотооддоо үйлдвэрлэдэг вакцинынөөцийг хангалттай бүрдүүлсэн. Ноднин жил вакцин үйлдвэрлэлтэд хугацаа алдсан тал бий. Цаашдаа Биокомбинатыг өргөтгөх төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ хүрээнд шүлхий, мялзангийн вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг болно. Биокомбинат дотоод нөөц бололцоогоо ашиглаад шүлхийн вакцин үйлдвэрлэх шугамыг нээхээр ажиллаж байгааг дурдав.

Мөн тэрбээр, Засгийн газрын зүгээс мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дотоодын боловсруулах үйлдвэрийн хүчин чадалд нь тааруулж түүхий эдийг бэлтгээд, илүү гарсныг экспортлох бүх талын боломжийг нээж өгөх бодлогыг барьж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд хэлэлцэж байгаа төсөл шийдвэрлэх ач холбогдолтой. 14 аймгийн 150 суманд мал эмнэлгийн лабораторийг сайжруулах томоохон арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, энэ төсөл нь малчдын үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын байгууллагын шаардлага, стандартад нийцэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, цаашлаад халдварт өвчнөөс ангид бүс нутгийг баталгаажуулахад чиглэж байна гэж байлаа.

Ингээд Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив.Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан танилцуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ТЕГ: 2019 онд сугалаанд азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгосон

Image result for Татварын ерөнхий газар

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголт, тээврийн хэрэгслийн албан татвар болон цахим татварын шинэ системийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, “ТЕГ нь татвар төлөгчийн худалдан авсан бараа ажил үйлчилгээ шаардлага хангасан эсэхэд эрсдэл тооцож , хяналт тавьдаг. Шаардлага хангаагүй тохиолдолд буцаан олголтыг хүчингүй болгох зохицуулалт байгаа. Сугалаан дээр мөн адил тохирлын дараа шаардлага хангаагүй гэж үзвэл тохирлын урамшууллыг буцаадаг. Урамшуулал олгосноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгосон бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгосон. 2019 онд сугалаанд азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгосон” гэв. Харин ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан, “Буцаан олгохоор төлөвлөсөн 146 тэрбум төгрөгийн ихэнхийг буцааж олгох нөхцөл бүрдсэн. Харин 996 иргэний татварын буцаан олголтын хэмжээг хянаж байгаа. Эрсдэл тооцон хянаж үзээд татварын буцаан олголт хийгдэх эсэхийг шийднэ. Эрсдэл тооцон шалгаж байгаа иргэдийн зарим нэг жишээ нь, үүрэн холбооны компанийн 8 000 гаруй баримт, шатахуун импортлогч компанийн 73 сая төгрөгийн өртөгтэй 16 баримтыг нэг өдөрт бүртгүүлсэн тохиолдол байгаа ажээ.” гэв.