Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Хуурамч шатахууны түүхий эд болдог бодисыг онцгой албан татварт хамруулах хуулийн төсөл өргөн барьжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. Хуулийн төсөлд керосин, нафта хэмээх хуурамч шатахууны гол түүхий эд болдог бодисыг импортлоход онцгой албан татвар ногдуулах зохицуулалтыг тусгасан байна. “Хуурамч шатахууны асуудал 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөг болгож тогтоосон үеэс эхтэй бөгөөд түүнээс хойш дээрх төрлийн завсрын бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдэж, урьд нь 20, 30 мянган тонн орж ирдэг байсан бол 2016 онд 100 мянга, 2017 онд 150 мянган тонн болж өссөн мэдээ байна” гэж хууль санаачлагч төслийн танилцуулгадаа дурджээ.

Дээрх бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд онцгой албан татвар ногдуулдаггүй, ямар нэг тусгай зөвшөөрөл шаардлагагүй байдаг ажээ. Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани манай улсад хуурамч шатахуун үйлдвэрлэн, шатахуун түгээх станцуудад нийлүүлж, иргэдийг хохироосоор байгаа нь хяналт шалгалтаар тогтоогдож байсан бөгөөд энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахууны нөлөөгөөр автомашин, тээврийн хэрэгсэл эвдэрч, иргэд, аж ахуйн нэгжид жилд 50-60 тэрбум төгрөгийн хохирол учирч байгаа аж.

Хуурамч шатахууныг үйлдвэрлэж, борлуулснаар:

-Хольцтой шатахуун хэрэглэсэн автомашины карбюратор, поршин амархан муудаж, иргэдэд эдийн засгийн хохирол учруулах;

-Газрын тосны дайвар бүтээгдэхүүнийг онцгой татваргүй оруулж ирээд онцгой татвартай бүтээгдэхүүнд хольж татвараас зугтах;

-Нийтийн тээврийн хэрэгсэлд хэрэглэснээр утаа их гарч, байгаль орчны бохирдолд нөлөөлөх;

-Бизнесийн шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулах зэрэг олон төрлийн сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Иймд дээрх бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулснаар татварын бааз суурь тэлж, хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хумих, иргэд, байгууллага, улс орны эдийн засагт учирч буй хохирлоос сэргийлэх чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагч үзсэн байна.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх зорилго бүхий 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн төслийн санхүүжилтийг дэмжихэд чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Зээлийн болон төслийн гэрээг соёрхон баталснаар ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр дараах 4 үндсэн үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Үүнд:

•220, 110 кВ-ын 20 дэд станцын насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан, хуучирч муудсан тоног төхөөрөмжийг шинэчлэх,

•220, 110 кВ-ын 17 дэд станцын насжилт өндөртэй тосон таслуур, 153 ш гүйдлийн трансформаторын реле хамгаалалт, автоматикийн хамт шинэчлэх,

•220/110/35 кВ-ын “Улаанбаатар”, “Дархан”, “ИХБ-4” болон “Эрдэнэт” дэд станцуудын хуучирсан, ашиглалтын хугацаа хэтэрсэн реле хамгаалалт, автоматик, хяналт, удирдлагын системийг шинэчлэх,

•220/110/35 кВ-ын ИХБ 4-ийн автотрансформатор 1, 2-ыг зэрэгцээ ажиллагаанд оруулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

Зээлийн хугацаа нь 30 жил, зээлийн жилийн хүү нь 2 хувь бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс 10 жилийн хугацаанд чөлөөлөгдөнө.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн англи, монгол эхийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зээлийн II ээлжийн санхүүжилтийн мөнгөн дүн 10,450,000.00 еврог нэг 0 алдаж 10,450,00.00 евро гэж, хуулийн төслийн монгол эхийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт дурдсан зээл эргүүлэн төлөх хугацаа болон зээлийн төлбөр хийх мөнгөн дүн англи эхээс зөрүүтэй орчуулагдаж, гэрээнд гарын үсэг зурсан байсан.

Сангийн яам “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг татан авч Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын засгийн газар, Франкфурт хот дахь Сэргээн босголт зээлийн банктай хамтран зээлийн болон төслийн гэрээний санхүүжилтийн мөнгөн дүнгийн алдааг залруулсан тухай 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/7573 тоот албан бичгийг ирүүлж Гэрээний төслийн монгол хэлээрх орчуулгын зөрүүтэй байдлыг арилгаж, хянан баталгаажуулсан тул Байнгын хорооны болон Нэгдсэн чуулганаар хуулийн төслийг хэлэлцэж баталсан.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ХХААХҮЯамтай бодлогын гэрээгээ хийсэн аж ахуй нэгжүүд ноолуураа худалдан авч эхэллээ

Шинэ төрлийн коронавирус ( Covid 19)-ийн халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Монгол Улсын Засгийн Газрынтогтоолыг хэрэгжүүлэх үүднээс МУХБ-ны эх үүсвэрээр олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд малчдаас ноолуур бэлтгэх ажил орон даяар эхэлж байна. Бодлогын гэрээгээр ноолуур бэлтгэх хөнгөлөлттэй зээлд хамрагдаж буй Аж ахуйн нэгж нь Малчдын орлогыг бууруулахгүй, стандартын шаардлага хангасан, сайн чанарын ноолуур бэлтгэх, “Бодлогын гэрээ”-нд тусгасан ноолуурын чанараас хамааран ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээж байгаа юм. Энэ удаагийн ноолуур бэлтгэх ажилд малчин, сумын Хөдөө аж ахуйн тасаг, арилжааны банкууд хамтран ажиллаж байна. Ноолуур бэлтгэлд зориулсан зээлийн санхүүжилтийг зарцуулахад малчидтай Ноолуур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ноолуур худалдан авсан Санхүүгийн баримтаа үйлдэн, Ноолуур бэлтгэн нийлүүлсэн малчдын жагсаалтыг хөтөлж жагсаалтын дагуу санхүүжилт шууд малчдын данс руу шилжих юм. Өөрөөр хэлбэл ХХААХҮЯамтай бодлогын гэрээ байгуулсан, банкны шалгуурыг хангаж зээлд хамрагдсан аж ахуйн нэгж нь дээрх баримтуудыг бүрдүүлэн сумын ХААТ-ийн мэргэжилтнээр тулган баталгаажуулж, баталгаажуулсан баримтын бүрдлийг зээлдүүлэгч банкинд хүргэснээр ноолуурын төлбөрийг малчдын дансанд шилжүүлэх зарчмаар ноолуур бэлтгэл явагдах юм. ХХААХҮЯамтай бодлогын гэрээ хийж хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зарим ААН-үүд ноолуур бэлтгэлээ эхэлж байна. Тухайлбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумаас бэлтгэх аж ахуй нэгж өнөөдөр \2020.04.19\ ноолуур бэлтгэлийн ажлаа эхэлжээ. Дорнод аймгийн тухайд 2,6 сая толгой мал бүхий 5400 орчим малчин өрхтэй, 790 мянга орчим ямаанаас 235,9 тонн ноолуур бэлтгэх боломжтой юм байна. Аймаг, бүсийн газар зүйн байршил, цаг агаар, ноолуур бэлтгэлийн хугацаа, ямааны үүлдэр угсаа зэргийн ялгаатай байдлаас шалтгаалан ноолуурын өнгө, чанар өөр өөр байдаг. Иймээс ноолуурын үнэ аймаг, сумдад харилцан адилгүй тогтдог. Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнийг тогтоохдоо дээрх онцлог, өнгөрсөн оны ноолуур бэлтгэлийн дундаж үнэ, энэ жилийн дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдалтай холбоотой дэлхий зах зээл дэх ноолуурын үнэ, ханшийн уналт зэргийг харгалзан үзээд тус аймгаас бэлтгэх ноолуурын худалдан авахад баримтлах үнийг 105 мянган төгрөгөөр тогтоосон. Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумын малчид ноолуурынхаа чанараас хамаарч бэлтгэж буй аж ахуй нэгжид дунджаар 105 мянган төгрөгөөр ноолуураа нийлүүлж худалдах, худалдан авах гэрээ байгууллаа. Тус сумдын малчид ХХААХҮЯам, Аймгийн ХААГ-ын өгсөн чиглэлийн дагуу ноолуураа чанартай бэлтгэхэд анхаарсан тухай ярьж байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

НӨАТ-ын сугалааны 30 сая төгрөгийн азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын 2020 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 19-ний ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Супер шагналын эзэн 30 сая төгрөг хожно.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 1,1 сая хүүхэд авч эхэллээ

Хүүхдийн мөнгө орсон эсэхийг онлайнаар шалгах боломжтой

Засгийн газраас зургаан сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасаныг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэн баталсан. Нэмэгдсэн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 16-наас олгож эхэлсэн бөгөөд улсын хэмжээнд 1.1 сая хүүхэд сар бүр 30,000 төгрөг авах тооцоо гарчээ. Өмнө нь 18 нас хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 20,000 төгрөг олгож байсан бол Засгийн газраас “COVID-19” цар тахлын эсрэг авах эдийн засгийн багц арга хэмжээний хүрээнд 4 сарын 1-нээс 10 сарын 1 хүртэлх хугацаанд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Б.Пүрэвдорж: Шатахууны үнэ 600 төгрөгөөр буурах нөхцөл бий болсон

Б.Пүрэвдорж: ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг өргөн ...

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. Тэрээр “Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хангалттай буусан. 2020 оны эхэнд 70 ам.доллар байсан бол өнөөдөр 22 ам.доллар руу буурлаа. Иран, Иракт 10 ам.доллар болсон. Монголд өнөөдөр газрын тосны үнэ 300-400 төгрөгөөр буурсан. Зарим газраа хангалттай буухгүй байна. 2018-2019 онд хилээр орж ирж байсан газрын тосны дундаж ханш нэг тонн нь 650 ам.доллар байсан бол өнөөдөр 370 ам.доллар болсон. Энэ нь нэг литр тутамд 930 төгрөгийн зөрүү гарч байгаа гэсэн үг. Шатахууны үнэ 600 төгрөгөөр буурах нөхцөл бий болсон гэсэн үг. Керосин, нафта гэсэн бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоодоггүй. Хоёр жилийн дотор нийтдээ 110 тэрбум төгрөгийн ашиг хийсэн. Эдийн засгийн гэмт хэрэг хийж байна, иргэдийн автомашиныг сүйтгэж байна. Керосин нафта зэрэг бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоох хуулийн төслийг миний бие өргөн барьсан. Хуулийн төсөл батлагдсанаар ард иргэд маань чанартай газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг болно” гэв.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

АН-ын зөвлөлөөс УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

Д.Эрдэнэбат: Ирэх саруудад хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэлд ...

Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийх шаардлагыг УИХ дахь АН-ын зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүргүүллээ. Монгол Улсын бүх салбарын орлого 30 болон түүнээс дээш хувиар буурах төлөвтэй байна хэмээгээд төсөвт тодотгол хийж, эдийн засгийн 7 багц ажил хэрэгжүүлэхийг шаарджээ. Эрүүл мэндийн салбарын зардлын төсвийг тусгайлан баталж, уушиг, амьсгалын өвчинг эмчлэх эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэх, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, гадаадад амьдарч буй оюутнуудад санхүүгийн дэмжлэг олгох эх үүсвэрийг шийдвэрлэх, “COVID-19”-ийн улмаас ажилгүй болсон иргэдэд сар бүр санхүүгийн дэмжлэг олгох, аж ахуй нэгжид гурван хувийн хүүтэй зээл олгох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн ажлыг төрөөс дэмжих, хяналт тавих хэрэгтэй гэдгийг шаардлагад дурдсан байна. Мөн төсөвт тусгасан үр ашиггүй урсгал зардал, хөрөнгө оруулалтыг танахыг шаарджээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр эдийн-засаг

УИХ: Хүнсний ногооны импортын татварыг нэмэх тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган цахимаар хуралдаж ...

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод буудай, төмс, хүнсний ногоо, тосны ургамлыг дотоодоос бүрэн хангах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхээр тусгасан. Монгол Улс 2019 онд улсын хэмжээнд 94 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Энэ нь дотоодын хэрэглээний 40 орчим хувийг бүрдүүлж буй үзүүлэлт юм. Үлдсэн хувийг импортоор хангаж байгаа ч баталгаагүй импортын хүнсний ногоо иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав.

Тэрбээр, “Хүнсний ногоо тариалалтыг дэмжих зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан. Хүнсний ногооны импортын татвар 10 хувь байгааг 30 хувь, тэжээлийн болон тосны ургамлын үрийг татваргүй байхаар тусгасан. Төслийг баталснаар дотооддоо хүнсний ногоо тариалалтыг дэмжих, хүн амыг чанартай бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэнэ” гэлээ. Тогтоолыг баталсан тохиолдолд энэ оны 8 дугаар сарын 1-нээс хэрэгжих юм. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа

Ирэх хаврын тариалалтад зориулан 335.7 мянган га талбайд уринш ...

Биеийн тамир, спортын салбарын барилга байгууламж, үйл ажиллагааны өнөөгийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулга хийв. Улсын хэмжээнд тус салбарт төрийн 40, төрийн бус 910 нийт 950 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны статистик мэдээгээр улсын хэмжээнд 17818 спортын цол зэрэгтэй тамирчин, 2565 дасгалжуулагч, багш ажиллаж, 1017 спортын заал, 765 спортын гадаа талбай байгаа нь тоологджээ.

– Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа. Тогтоолын хүрээнд үр тариа, тос тэжээлийн таримал, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх хүн амын хүнсний үйлдвэрлэл нөөцийг нэмэгдүүлэх, хангамж үнийг тогтворжуулах зорилгоор 150 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгохоор шийдвэрлэлээ. Зээлийг нэг жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй олгох бөгөөд зээлийн хүүгийн 13,5 тэрбум төгрөгийн зөрүүг төсөвт тусгахаар болов.

– Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Үндэсний геологийн албыг байгуулав. Алба нь 6 хэлтэстэй байх ба түүний гадаад нэгж болох Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах хадгалах үйлчлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр эдийн-засаг

​“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-уудад онцгой дэглэм үргэлжилнэ

Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК-иудыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор 100 хувь ТӨҮГ болгон өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталж, Засгийн газар шууд хяналтадаа авч зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган УИХ-ын тогтоолоор онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа билээ.

Онцгой дэглэмийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсныг Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн нэгдүгээр зүйлийг үндэслэн өнөөдрөөс дахин зургаан сараар сунгаж Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ТӨҮГ-уудын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй бөгөөд ашигтай ажиллаж байгаа хэдий ч тус компаниудын 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй Эрдэнэт үйлдвэрийн эрх ашигт нийцээгүй гэрээг хүчингүй болгох асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй, уг хэрэг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй хугацаа шаардагдаж байгаа нь онцгой дэглэмийг сунгах шалтгаан болжээ.

Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ болгон өөрчилж, онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2019 онд үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт зорилтуудыг давуулан биелүүлж, 516.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар улс, орон нутгийн төсөвт 961.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн жил болсон байна. Мөн үйлдвэрийн газруудын үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагаа хангагдаж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам сайжирч, үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтууд биелэж цэвэр ашиг нь нэмэгдсэн байна.

Иймд шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажилласан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголросцветмет ТӨҮГ болон холбогдох бусад байгууллагын ажлыг сайшаан мөн өдрийн хуралдаанаар Засгийн газрын тэмдэглэлд тусгалаа.