Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг баталлаа. Тогтоолын төслийн үзэл баримтлалд, “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төмс, байцаа, манжин, лууван, сонгины импортын хүнсний ногооны татварын хувь хэмжээг жил бүр нэмнэ” хэмээн дурджээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах гишүүн байгаагүй тул Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. Тухайлбал, “Энэ тогтоолын гурав дахь заалтад заасан барааны үндэсний кодыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний дотор батлах”, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03-ны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтаар Монгол Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу мөн тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт заасан хязгаарт багтаан барааны гаалийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох”, “Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрт нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээний тухай журмыг батлан хэлэлцээрийн хүрээнд үйлчлэх импортын тоо хэмжээний хязгаар болох гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох” гэж тус тус өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон олонх нь дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Инфографик:Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/ соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зах зээлийн хүрээгээ тэлэх, үйдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд байгуулсан Бангкокийн хэлэлцээрийг 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр болгон өөрчилсөн. Тус хэлэлцээрт одоогоор Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 улс гишүүнээр нэгдэн орсон.

Хэлэлцээр нь 3 хавсралтаас бүрдэх бөгөөд 1 дүгээр хавсралтад Үндэсний хөнгөлөлтийн жагсаалт, 2 дугаар хавсралтад гарал үүслийн дүрэм, 3 дугаар хавсралтад гишүүн улс хооронд үйлчилгээний болон барааны худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих тухай ерөнхий хэлэлцээрүүд тус тус багтсан. 2017 оны 01 дүгээр сард Хэлэлцээрийн 4 дэх үе шатыг эцэслэж, үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг шинэчлэн баталж, гарал үүслийн шалгуурын тухай журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Дээр дурдсан хавсралтууд болон нэмэлт, өөрчлөлт нь АНДХХ-ийн гишүүн улс хоорондын экспорт, импортын бараанд тусгай хөнгөлөлтийг олгож, барааны болон үйлчилгээний худалдаан дахь саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны механизмыг бий болгох чухал ач холбогдолтой юм. Одоогоор хэлэлцээрийн оролцогч улсууд нийт 4 удаагийн тарифын хэлэлцээрээр 10.000 гаруй бараа бүтээгдэхүүний татварыг харилцан бууруулах үүргийг хүлээгээд байна.

Монгол Улс АНДХХ-т нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж, Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээрт нэгдэн орох хэлцлийг эхлүүлэх шийдвэр гарсан. Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 65 хувь, экспортын 90 хувь, импортын 30 хувийг АНДХХ-ийн гишүүн орнууд тус тус эзэлдэг. Хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа, бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм.

Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй. Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байна. Шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нийслэлийн зургаан дүүрэгт махны өргөтгөсөн худалдаа гарна

Улаанбаатар хотод махны өргөтгөсөн худалдааг V сарын 2-ноос эхлэн 7 хоногийн турш зохион байгуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нөөцийн махны нийлүүлэлт болон бусад асуудлаарх ажлын хэсгийн хурлыг хийжээ. Мах бэлтгэн нийлүүлэгч 16 аж ахуйн нэгжийн сүүлийн 14 хоногт нийлүүлсэн махны хэмжээ, хөдөө орон нутгаас махаа татсан 14 аж ахуйн нэгжийн төрөл хэмжээ, жижиглэн савлалтын цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахтай холбоотойгоор дүүргүүдийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс /ХХҮХ/ тус бүр нутаг дэвсгэрийнхээ хүрээнд худалдааны төвүүдтэй уулзалт хийх үүргийг өгсний дагуу 6 дүүргийн 16 байршилд худалдаа зохион байгуулах саналыг хэлэлцээд нийт 21 байршилд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ХНХ-ын сайд С.Чинзориг: Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчийг НДШ-ээс чөлөөлнө

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам - Home | FacebookХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтран Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл өглөө.

ХНХ-ын сайд С.Чинзориг,

НДШ-ээс чөлөөлөхөд

  • Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Төрийн бус байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч нар бүрэн хамрагдана.

Хууль болоод Засгийн газрын журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой хоёр зүйл дээр ойлголтоо нэгтгэж, байр сууриа илэрхийлж байна. Үүнд:

  • Коронавируст халдвар /СОVID-19/-ын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцно.
  • Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж тус тус үзнэ.

Мөн Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56,700 төгрөг байна. Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно. Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн cap бүрийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монгол Улсад анхны томоохон хэмжээний цэнэг хураагуурын систем байгуулахад АХБ-наас $100 саяын зээл олгохоор боллоо

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров | site8

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх анхны томоохон хэмжээний цэнэг хураагуурын систем (ЦХС) байгуулахад зориулж Азийн хөгжлийн банк (АХБ)-аас 100 сая ам.долларын зээл олгохоор боллоо. 2024 оны 9 дүгээр сард хэрэгжиж дуусах энэхүү төслийн нийт өртөг 114.95 сая ам.доллар бөгөөд үүнээс 3 сая ам.долларыг Японы Засгийн газрын санхүүжилттай АХБ-ны Дэвшилтэт Технологийн сангийн буцалтгүй тусламжаас, үлдсэн 11.95 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх юм.

“АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудын дунд Монгол Улс нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд тус улсын нийт хүлэмжийн хийн гуравны хоёрыг эрчим хүчний салбар ялгаруулж байна” хэмээн АХБ-ны Зүүн Азийн газрын Ерөнхий захирал Жэймс Линч мэдэгдээд “Энэхүү төслийн үр дүнд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, улмаар эрчим хүчний салбараас үүдэлтэй нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгахад томоохон хувь нэмэр оруулна” хэмээн онцлон тэмдэглэв.

ЦХС нь Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй

Төслийн хүрээнд дэлхийд томоохонд тооцогдохуйц 125 мВт-ын хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий ЦХС суурилуулах бөгөөд уг ЦХС нь хуримтлуулсан цэвэр эрчим хүчийг Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлнэ. Энэхүү ЦХС нь Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй байх бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн цэнэглэгдэх боломжтой эрчим хүчний удирдлагын системээр тоноглогдох юм. Түүнчлэн уг төсөл нь ирээдүйд цахилгаан дамжуулах сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр холбоход шаардагдах тохируулгын нөөцийг мөн бүрдүүлэх болно.

Төслийг хэрэгжүүлснээр жилд 44 гВт-цаг хүртэлх цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх юм. Мөн энэхүү төсөл нь цахилгааны төвлөрсөн сүлжээнд нэмж 859 гВт-цагийн сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлэх бөгөөд ингэснээр 2025 он гэхэд 842,039 тонн нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтаас сэргийлж чадна.

Түүнчлэн төслийн үр дүнд Диспетчерийн Үндэсний Төв ХХК-ийн эрчим хүчний зохицуулалт, нэгдсэн сүлжээний удирдлагын чадавх сайжирч, Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК-д ЦХС ажиллуулах, засвар үйлчилгээ хийх чадавх бүрэлдэнэ.

Монгол Улс нь нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй хэдий ч эдгээр байгалийн нөөц баялгийг төдийлөн ашигладаггүй. Тухайлбал, 2018 оны байдлаар Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 93 хувийг зөвхөн нүүрс хэрэглэдэг дулааны цахилгааны станцууд бүрдүүлж байсан. Гэтэл дээр дурдсан байгалийн сэргээгдэх эх үүсвэрийг ашиглаж чадвал 2,600 гВт хүртэлх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой ба энэ нь ирээдүйд шинээр бий болох цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэхүйц юм. Монгол Улсын Засгийн газар нь Төрөөс эрчим хүчний талаар 2015-2030 онд баримтлах бодлогод нийцүүлэн, эрчим хүчний системийн нийт сууриулагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 2018 онд 12 хувь байсныг 2023 онд 20 хувь, 2030 онд 30 хувь болгон нэмэгдүүлэхийг зорьж байна.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

НДЕГ: Бүх ААН, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого буурсанд тооцно

Нийгмийн даатгалын ерөнхий газраас дахин мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд

Дараах аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч-Монгол Улсын иргэн 2020 оны 4-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө:
  • Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч;
  • Төрийн бус байгууллага, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч.

Коронавируст халдвар /СОVID-19/-ын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцно.

– Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, холсоор ажиллах гэрэзгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж тус тус үзнэ.

– Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56,700 төгрөг байна.

-Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно.

– Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн cap бүрийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

– Холбогдох мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлах утас 77771289 болон “Нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө” Facebook хаягаар хандаж авна уу.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан бүх ААН, байгууллага болон түүнд ажиллаж байгаа ажиллагчид хамрагдах бөгөөд цар тахлын онцгой нөхцөлд бүх ААН, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого буурсанд тооцно хэмээн тодотгожээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гашуунсухайт боомтод ажиллажээ

Гашуун сухайт” боомтыг шинэчлэх ажил өнөөдрөөс эхэллээ | Eyreg.MN

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гадаад худалдааг дэмжиж, Монгол, Хятад хоёр улсын худалдааны гол бүрэлдэхүүн хэсэг болох нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйн хамт энэ сарын 24-25-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод ажиллажээ.

Тэрээр нүүрс тээвэрлэлтийн байдалтай танилцав. Түүнчлэн БНХАУ-ын Баяннуур хотын удирдлага болон хятадын талын Ганцмод боомтын удирдлагуудтай цахим хурал хийж, нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмод нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, шаардлагатай зохицуулалтыг шуурхай хийж, худалдааг дэмжих талаар ярилцаж, санал солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн Банк 53 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа

Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төсөл ба Тогтвортой Амьжиргаа – III Төслийн нэмэлт санхүүжилтэд зориулан Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын Зөвлөл өнөөдөр $53 сая америк долларын санхүүжилтийг батлав.

Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төсөлд 41 сая америк долларын санхүүжилт хийх бөгөөд тус тус санхүүжилтээр өсөн нэмэгдэж буй дулаан хангамжийн эрэлт хэрэгцээ, агаарын чанарыг сайжруулах хэрэгцээ шаардлагыг харгалзан дулаан дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, төвлөрсөн дулааны шугам сүлжээний үр ашгийг дээшлүүлэхэд чухал шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийнэ юм.

Энэхүү төслийн хүрээнд төвлөрсөн дулааны шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх, дулаалга муутай, дулаан алдаж буй шугам хоолой, компенсаторыг солих, шахах станцуудыг орчин үеийн нөхцөлд тохируулан шинэчлэх зэрэг үйл ажиллагаанд туслах юм. Мөн дунд болон урт хугацаанд бодлогын болон институтын шинэчлэлийг дэмжиж, дулаан дамжуулах шугам сүлжээг хариуцдаг төрийн өмчит хувьцаат компани болох Улаанбаатар Дулааны Сүлжээний чадавхийг бэхжүүлэх болно.

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотод найдвартай, цэвэр дулаан хангамжийн үйлчилгээг түгээх нь зайлшгүй чухал хэдий ч уг эдүгээ энэ чиглэлд шийдвэрлэх шаардлагатай олон сорилт бэрхшээл тулгарсаар байна. Өдгөө хүн амын тэн хагас орчим нь төвлөрсөн дулаан хангамжинд холбогдсон байгаа бөгөөд хотжилт нэмэгдэж, эдийн засаг хөгжихийн хэрээр дулаан хангамжийн эрэлт хэрэглээ нэмэгдэж, ойрын 10 жилийн хугацаанд жилд 5 гаруй хувиар өсөх төлөвтэй байна.

Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт дутагдалтай байснаас шугам сүлжээнд техникийн алдагдал ихэсчээ. Төвлөрсөн дулааны шугам хоолойны тал хувийг богино болон дунд хугацаанд солих шаардлагатай байна. Цаашилбал дамжуулах сүлжээний хүчин чадал дээд цэгтээ хүрч буй учраас дулааны эх үүсвэр дээр ашиглаж болох нэмэлт хүчин чадал байгаа хэдий ч шинэ хэрэглэгчдийг тэрхүү эх үүсвэрт холбох боломжгүй болоод байна.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михнев “Төвлөрсөн дулааны үйлчилгээний найдвартай, тогтвортой хангамжийг бий болгож, гэр хорооллоос гарч буй утааг бууруулахад туслах зорилгоор хот суурин газрын дулаан, хангамжийг шинэчлэх, өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж шинэчлэх үйл явцыг Дэлхийн Банк идэвхтэй дэмжиж ирсэн билээ. Бидний зүгээс төвлөрсөн дулааны сүлжээнд тулгарч буй гол бэрхшээлийг шийдвэрлэх, дулаан хангамжийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг тогтвортой хангахад туслах уг төслийг хэрэгжүүлэх замаар энэ чиглэлд дэмжлэг туслалцаагаа үргэлжлүүлж байгаадаа баяртай байна” гэв.

Монгол Улсын Тогтвортой амьжиргаа – III төсөлд 12 сая ам. долларын нэмэлт санхүүжилт хийхээр болсон бөгөөд тус санхүүжилтийг Монгол Улсын бүх 330 сумдад нэн шаардлагатай орон нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэлийг сайжруулах үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхэд зарцуулах юм.

Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн өмнөх хоёр шатны туршлагад тулгуурлан хэрэгжүүлж буй гурав дахь шатны тус хөтөлбөр нь аймаг, сумдын түвшний хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гол эх үүсвэр болох Орон нутгийн хөгжлийн сангаар (ОНХС) дамжуулан хөдөөгийн хөгжилд иргэдийн оролцоог дэмжихэд тусалж байгаа юм. ОНХС-ийн Хэрэгжилт гүйцэтгэлийн хөндлөнгийн үнэлгээгээр тодорхой болзол хангасан сумдад ОНХС-аас хуваарилагдсан тогтмол санхүүжилтээс гадна гүйцэтгэлд суурилсан нэмэлт урамшуулал олгодог бөгөөд Дэлхийн Банкнаас шинээр батлагдсан нэмэлт санхүүжилтийг гүйцэтгэлд суурилсан энэхүү урамшууллыг санхүүжүүлэх замаар сумын түвшинд ОНХС-гийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих юм. ОНХС-ийн төсөв, санхүүжилтийг төлөвлөх, ашиглахад иргэд, олон нийтийн оролцоог хангасан байх үндсэн шаардлага бүхий ОНХС-ийн тогтсон дүрэм, жумын дагуу энэхүү санхүүжилтийг захиран зарцуулна.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер Андрей Михнев “Орон нутгийн хөгжлийн сан нь төвлөрлийг сааруулах чухал хэрэгсэл болж байгаа бөгөөд ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд аймаг, сумын түвшинд иргэд болон орон нутгийн засаг захиргаа тухайн аймаг суманд нэн шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг эрэмбэлэн шийдвэрлэх боломжийг олгодог. Тус нэмэлт санхүүжилтийг сумын түвшинд олон нийтийн оролцоо, ил тод байдал, эгэх хариуцлагыг дээшлүүлэхэд илүү ач холбогдол өгч шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалтын цар хүрээг нэмэгдүүлэхэд зориулах юм” гэв.

Энэхүү нэмэлт санхүүжилт нь тодорхой шалгуур хангасан сумдад дахин хоёр удаа гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгохоос гадна сумын албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх замаар ОНХС-ийн хэрэгжилтийг сайжруулах боломжийг Засгийн газарт олгож байгаа юм.

Түүнчлэн ОНХС-ийн үйл ажиллагааны талаарх иргэдийн мэдлэг, олон нийтийн оролцоог дээшлүүлэхэд тусална. Төслийн хүрээнд олон нийтийн оролцоо, чиглүүллийг хангах арга хэрэгслийг бэхжүүлэх болон хөдөөгийн хүн ам тархай бутархай, алслагдмал суурьшин амьдардгаас үүдэлтэй сорилтыг даван туулахын тулд технологийн дэвшлийг ашиглана.

Мөн ОНХС-ийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүд, үндэстний цөөнх болон бусад эмзэг бүлгийн хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг өргөжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам

Нийгмийн даатгалын шимтгэл 2019 онд 1 хувиар нэмэгдэнэ

Засгийн газрын 2020 оны 140 дүгээр тогтоолын хавсралт

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ, АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь дэлхий дахинд үүсээд байгаа цар тахал буюу коронавируст халдвар тархсан онцгой нөхцөл байдлын улмаас улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, аж ахуйн нэгж, байгууллагын орлого буурч, үйл ажиллагаа нь доголдож байгаатай холбогдуулан нийт аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийг дэмжихэд оршино.

1.2. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага болон даатгуулагч-Монгол Улсын иргэн (цаашид “даатгуулагч” гэх)-ий тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл (цаашид “нийгмийн даатгалын шимтгэл” гэх)-ийг чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх (цаашид “дэмжлэг” гэх) болон нийгмийн даатгалын сан хооронд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг баримтална.

1.3. Энэ журмын 2.1.1-2.1.4-т заасан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, их, дээд сургууль (цаашид “аж ахуйн нэгж, байгууллага” гэх) тэдгээртэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа даатгуулагч, сайн дураар даатгуулагч 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.

1.4. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 2020 оны 4-9 дүгээр саруудын аль нэг сард өмнөх оны мөн үеэс буурсан нь татварын тайлан, татварын төлбөрийн баримтаар баталгаажсан бол “үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан” гэж үзнэ.

1.5. Хууль хэрэгжих хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа тухайн сарын ажилтны тоогоор “ажлын байрыг хадгалж байгаа” гэж үзнэ.

1.6. Хуулийн 3 дугаар зүйлд заасан төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрт улс, аймаг, нийслэлийн онцгой комиссын тогтоол, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж тус тус хамаарна.

Хоёр. Хамрах хүрээ

2.1. Хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан дор дурдсан аж ахуйн нэгж, байгууллага, түүнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа даатгуулагч, сайн дураар даатгуулагчийг шимтгэлээс чөлөөлнө:
2.1.1. энэ журмын 1.4, 1.5-д заасан нөхцөл хангасан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, түүнд ажиллаж байгаа даатгуулагч;

2.1.2. төрийн бус байгууллага, түүнд ажиллаж байгаа даатгуулагч;

2.1.3. их, дээд сургууль, түүнд ажиллаж байгаа даатгуулагч;

2.1.4. сайн дураар даатгуулагч.

2.2. Нийгмийн даатгалд даатгуулах гэрээний хугацаа нь дууссан сайн дураар даатгуулагч хүсэлт гаргасан бол энэ журмын 3.8, 3.9-д заасан хэмжээгээр шимтгэлээс чөлөөлөгдөнө.

2.3. Хуулийн 3 дугаар зүйлд заасан нөхцөлийн аль нэгийг хангасан төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжтэй энэ журмын 2.1-д заасан гэрээгээр ажиллаж байгаа даатгуулагч ажилгүйдлийн даатгалын сангаас олгох дэмжлэгт хамрагдана.

2.4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагаас шимтгэлийг нь хариуцан төлсөн даатгуулагчийг ажилгүйдлийн даатгалын сангаас олгох дэмжлэгт хамруулахгүй.

Гурав. Чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг тодорхойлох

3.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг Нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

3.2. Энэ журмын 3.1-д заасан тайланг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг тодорхойлно.

3.3. Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн чөлөөлөгдөх сарын шимтгэлийн хэмжээ нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын 2020 оны 1, 2, 3 сарын бүрэн олгосон хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан шимтгэлийн дундаж хэмжээнээс илүүгүй байна.

3.4. Хуулийн 1 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангасан улирлын шинжтэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад энэ журмын 3.3-т заасан ногдуулах шимтгэлийн хэмжээ хамаарахгүй.

3.5. Аж ахуйн нэгж, байгууллагын 2020 оны 4-9 сард нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх даатгуулагчийн тоо нь 2019 оны 4-9 сар, 2020 оны 1-3 саруудын аль өндөр тайлагнасан сарын даатгуулагчийн тооноос ихгүй байна.

3.6. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн аж ахуйн нэгж, байгууллага нь хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн бол уг шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагад, аж ахуйн нэгж, байгууллага нь даатгуулагчид тус тус буцаан олгоно.
3.7. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх аж ахуйн нэгж, байгууллага нь хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг хүлээнэ.

3.8. Сайн дураар даатгуулагчийн хувьд чөлөөлөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ 56 700 (тавин зургаан мянга долоон зуун) төгрөг байна.

3.9. Хүүхдээ 3 нас хүртэл нь асарч байгаа сайн дураар даатгуулагч эхийн хувьд чөлөөлөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ 26 250 (хорин зургаан мянга хоёр зуун тавин) төгрөг байна.

3.10. Сайн дураар даатгуулагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420 000 төгрөг)-нээс дээш орлогоос шимтгэл төлөхөөр мэдүүлсэн бол уг орлогоос тооцсон шимтгэлийн, энэ журмын 3.8, 3.9-д заасан чөлөөлөх шимтгэлийн зөрүүгээр өөрөө хариуцан төлж болно.

3.11. 2020 оны 4-9 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг урьдчилан төлсөн сайн дураар даатгуулагчийн хүсэлтийг үндэслэн энэ журмын 3.8, 3.9-д заасан хэмжээгээр төлсөн шимтгэлийг буцаан олгоно.

Дөрөв. Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх

4.1. Хуулийн 3 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгж нь дэмжлэг авах даатгуулагчийн жагсаалт, төлбөрийн нэхэмжлэлийг энэ журмын 3.1-д заасан тайлангийн хамт нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

4.2. Аж ахуйн нэгжийн дэмжлэг авах даатгуулагчийн тоо нь 2020 оны 2, 3 дугаар сард тайлагнасан даатгуулагчийн тооноос ихгүй байна.

4.3. Нийгмийн даатгалын байгууллага нь энэ журмын 4.1-д заасан жагсаалт, төлбөрийн нэхэмжлэлийг энэ журмын 3.1-д заасан тайланд үндэслэн нийт дэмжлэгийн хэмжээг хянан баталгаажуулж дараа сарын 20-ны өдрийн дотор аж ахуйн нэгжийн харилцах дансанд шилжүүлнэ.

4.4. Аж ахуй нэгж нь энэ журмын 4.3-т заасны дагуу дэмжлэгийг харилцах дансандаа шилжин орсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор ажилтны харилцах дансанд шилжүүлнэ.

4.5. Аж ахуйн нэгж нь энэ журмын 4.4-т заасны дагуу шилжүүлснийг нотлох харилцах дансны хуулгыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хамт нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

4.6. Даатгуулагч 2 ба түүнээс дээш аж ахуйн нэгжид ажилладаг бол дэмжлэгийг давхардуулан олгохгүй.

Тав.Төрийн байгууллагууд мэдээлэл солилцох

5.1. Татварын байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, улсын бүртгэлийн дугаараар дараахь мэдээлэл бүхий тусгай өгөгдлийн санг үүсгэж, нийгмийн даатгалын байгууллагыг ашиглах боломжоор хангана:
5.1.1. Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан төлбөрийн баримтын мэдээлэлд үндэслэн 2020 оны 2 болон 3 дугаар сард борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 болон түүнээс дээш хувиар буурсан аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор;

5.1.2. татвар төлөгчийн 2020 оны татварын тайлан, төлбөрийн баримтын мэдээлэлд үндэслэн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс буураагүй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг албан татвар тайлагнах хуулийн хугацаа дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор.

5.2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар бүхий мэдээллийг гаргаж 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Нийгмийн даатгалын ерөнхий газарт цахим хэлбэрээр хүргүүлнэ.

5.3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь энэ журмын 1.6-д заасан улс, аймаг, нийслэлийн онцгой комиссын тогтоол, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн үйл ажиллагаа нь түр зогссон аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар бүхий мэдээллийг гаргаж 2020 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 30-ны өдрийн дотор, цаашид сар бүр Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Татварын ерөнхий газарт цахим хэлбэрээр хүргүүлнэ.

5.4. Сангийн яам нь гадаад улс орны зээл, тусламжаар бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэж буй хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар бүхий мэдээллийг гаргаж сар бүрийн 25-ны дотор Нийгмийн даатгалын ерөнхий газарт цахимаар хүргүүлнэ.

Зургаа. Чөлөөлөх нийгмийн даатгалын шимтгэл, дэмжлэгийн хэмжээг бүртгэх, тайлагнах, тооцоо нийлэх

6.1. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь энэ журмын 5.1-5.4-т заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх, дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийг тодорхойлж холбогдох жагсаалтыг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлнэ.

6.2. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь аж ахуйн нэгж, байгууллага болон даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэл, дэмжлэгийн хэмжээг нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, холбогдох тайланг сар бүр гаргаж, дараа сарын 10-ны өдрийн дотор цахим болон хэвлэмэл хэлбэрээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлнэ.

6.3. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь энэ журмын 6.2-т заасан тайланг сар бүр гаргаж, дараа сарын 20-ны өдрийн дотор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлнэ.

6.4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэл, дэмжлэгт шаардагдах хөрөнгийн тухайн сарын хэмжээг Сангийн яамтай дараа сарын 25-ны өдрийн дотор тооцоо нийлж, баталгаажуулна.

6.5. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч, тухайн сард ажил олгогчийн болон даатгуулагчийн төлбөл зохих буюу чөлөөлөгдөх шимтгэлийн дүнг тооцон хянан баталгаажуулна.

6.6. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь сайн дураар даатгуулсан даатгуулагчийн чөлөөлөх нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог сар бүр хийж бүртгэл хөтөлнө.

Долоо. Нийгмийн даатгалын сан хооронд хөрөнгө шилжүүлэх

7.1. Хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийгмийн даатгалын сан хооронд шилжүүлэн зарцуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн нарийвчилсан хуваарийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, сар, улирлын хуваарийг Сангийн сайд тус тус батална.

Найм. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн хугацааг баталгаажуулах

8.1. Хуулийн 1, 2 дугаар зүйлд заасны дагуу шимтгэлээс чөлөөлөгдсөн хугацааг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанд оруулан тооцно.

8.2. Аж ахуйн нэгж, байгууллага нь хуулийн 1 дүгээр зүйлд заасан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэлийн хэмжээг төлснөөр бүртгэнэ.

8.3. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (байцаагч) нь хуулийн 2 дугаар зүйлд заасан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэлийн хэмжээг төлснөөр тооцож баталгаажуулна.

8.4. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (байцаагч) нь энэ журмын 8.2-т заасны дагуу хянан баталгаажуулснаар тухайн даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсөнд оруулан тооцно.

Ес. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих

9.1. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын хяналт, шалгалтын чиг үүрэг бүхий нэгж нь аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, бүртгэх, ногдуулалт хийх, тайлагнах, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоох, олгох үйл ажиллагаанд хяналт тавина.

9.2. Нийгмийн даатгалын байгууллага нь холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах бөгөөд худал мэдээлэх, хуурамч баримт бүрдүүлэх зэргээр даатгуулагчийн тоо, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг зохиомлоор өсгөсөн аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт явуулна.

Арав. Бусад

10.1. Энэ журмыг хэрэгжүүлэх заавар, түр хэрэглэх маягтын загварыг Нийгмийн даатгалын ерөнхий газар баталж болно.

10.2. Худал мэдээлэх, хуурамч баримт бүрдүүлэх зэргээр даатгуулагчийн тоо, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг зохиомлоор өсгөн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн, дэмжлэг авсан нь нотлогдсон тохиолдолд гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

“Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриан доор 2020 оны хаврын тариалалт эхэллээ

Дэлхий нийтийг хамарсан “Covid -19” цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, хаврын тариалалтын дэмжлэгийг бодитой байлгах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мөн улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тос, тэжээлийн болон хүлэмжийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138-р тогтоолыг Монгол улсын Засгийн газраас батлан гаргасан.

Уг тогтоолд 2020 онд 360.0 мянган га-д улаанбуудай, 16.0 мянган га-д төмс, 11.6 мянган га-д хүнсний ногоо, 45.0 мянган га-д тосны, 38.2 мянган га-д тэжээлийн ургамал, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалах ажлыг технологийн хугацаа, зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулах тухай тусгагдсан юм. “Хүнсээ бэлтгэх нь бүх нийтийн үйлс” аяныг орон даяар “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриалга дор эхлүүлж буй 2020 оны хаврын тариалалтад баримтлах агрозөвлөмжийг Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс гаргажээ. 2020 оны хаврын тариалалт хөрс,цаг агаарын ямар нөхцөлд хийгдэх гэж байгааг ус цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгээс гаргасан 5-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, дулааны улирлын төлөв дээр тулгуурлан тарилтын ерөнхий агро зөвлөмжийг бүсүүдээр боловсруулсныг нийт тариаланчид, ногоочид, газар тариалангийн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчиддээ хүргэж байна.

2020 ОНЫ ХАВРЫН ТАРИАЛАЛТАД БАРИМТЛАХ АГРОЗӨВЛӨМЖ

Б.Дорж, доктор Sc, профессор, ХААИС Ж.Намбар, доктор Ph, дэд профессор, УГТХ

Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд гаргасан ололт амжилт, алдаа оноогоо дүгнэж газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг зарласан нь тариаланчдын урам зоригийг сэргээсэн, цаашид улам илүү үр дүнтэй ажиллах боломжийг бий болгосон сайхан арга хэмжээ хэмээн бид баяртай байна. Уур амьсгалын хувьсал эрчимтэй явагдаж байгаа өнөө үед тариалангийн технологийг цаг агаарын нөхцлөөс салангид ойлгож болохгүй нь улам тодорхой болсоор байна.

Манай орон өндөр уул нурууд,өргөн уудам хээр тал хосолсон нутагтай болохоор газар тариалангийн бүсүүд нь хөрс, уур амьсгалын нөхцлөөр эрс ялгаатайгаар барахгүй бүс дотроо цаг агаарын нөхцөл жил жилд харилцан адилгүй байдагаараа онцлогтой. 2020 оны хаврын тариалалт хөрс,цаг агаарын ямар нөхцөлд хийгдэх гэж байгааг ус цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгээс гаргасан 5-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, дулааны улирлын төлөв дээр тулгуурлан тарилтын ерөнхий агро зөвлөмжийг бүсүүдээр боловсрууллаа. Энэ зөвлөмжид тулгуурлан тухайн орон нутаг, нугын хэмжээнд талбай бүрээр нарийвчилсан агро зөвлөмж боловсруулж мөрдөж ажиллавал зохино.

Монгол орны уур амьсгалын горимд хуурайшилт нэмэгдэж, дулааны улирал уртассан, хавар эрт дулаарч, намар орой хүйтэрч байгаа, аагим халуун өдрийн тоо нэмэгдэж хахир хүйтэн нөхцөл зөөлөрч байгаа, агаарын 5°С;10°С-аас дээшхи ашигтай болоод идэвхтэй дулааны нийлбэр, хур тунадасны эрчим болон аадар бороо орох тохиолдол нэмэгдэж байгаа, хур тунадасны улирлын хувиарлалт өөрчлөгдөн гамшигт үзэгдлийн давтагдал ихсэж, эрчим нь нэмэгдэж байгаа зэрэг олон сөрөг үр дагаварууд бодитой бий болоод байна. Хуурай гандуу уур амьсгалтай манай орны нөхцөлд таримлаас тогтвортой арвин ургац авах боломжийг хязгаарлаж байгаа гол хүчин зүйл нь хөрсний чийгийн хангамж юм. Иймээс хөрсний чийгийн нөөц, хангамжийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр нь орсон хур тундасыг хөрсөнд бүрэн шингээн хуримтлуулж авах уриншийн боловсруулалтын тоо, төрлийг хөрсний онцлогт тохируулан зөв сонгох явдал чухал болно.

1.Төвийн бүс. Манай орны газар тариалангийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг энэ бүсэд 5-р сарын дундаж температур Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 5-10 градус буюу олон жилийн дундаж орчим, бусад нутагт олон жилийн дундажаас 1.5-2.0 градусаар дулаан байх урьдчилсан төлөв гарчээ. Энэ нь үр суултын гүний дулааны хангамж сайжрах боловч нөгөө талдаа хөрс эрт халж чийг ууршилт нэмэгдэх сөрөг нөлөөтэй.

Тариалангийн төв бүсэд энэ хавар хөрсний чийг, ялангуяа хойд хэсэгтээ чамлахааргүй хэмжээнд байна. Угтвар (өнгөрсөн намар газар хөлдөхөд байсан) чийгээр Булганы Хутаг, Сэлэнгийн Ерөө, Баруунбүрэн, Номгон, Алтанбулаг, Зүүнбүрэн, Дархан-уулын ихэнх талбай, Төв аймгийн Жаргалант, Хөвсгөлийн Тариалан, Эрдэнэбулганд хангалттай, Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Зэлтэр, Цагааннуур, Орхон, Хушаат, Зүүнхараа,Төв аймгийн Угтаал, Баянчандмань, Хэнтийн Яргайт,Орхон-Уулын Улаантолгойд дунд зэрэг, Архангайн Түвширүүлэх, Булганы Тэшиг, Бүрэгхангай, Сэлэнгийн Баруунхараа, Дархан-Уулын Цайдмын талбай,Төв аймгийн Эрдэнэсант, Борнуур, Цээл сумдад хангалтгүй байгаа дүн гарчээ. Угтвар чийгийн хэмжээ ийнхүү бүс дотроо мэдэгдэхүйц ялгаатай байгаагаар барахгүй нэг сумын бараг зэргэлдээ байрлалтай талбайнуудад харилцан адилгүй байгаа тохиолдол цөөнгүй байна. Энэ бол тарилтын технологид зайлшгүй харгалзах ёстой үзүүлэлт бөгөөд газар дээр нь зохицуулж шийдвэрлэх асуудал юм. Угтвар чийг хичнээн хангалттай байсан ч буудайн ургалтад зарцуулагдсаар бутлалтаас хойш газрын дээрхи масс нь ихсээд ирэх үед ус дутагдан ургамал гандаж эхэлдэг. Иймээс гандалт эхлэхээс өмнө хур бороо орох нөхцлийг бүрдүүлэх ёстой, өөрөөр хэлбэл угтвар чийгийг хадгалж анхны бороотой залгуулна гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэх хөшүүрэг нь тарих хугацаа,үрийн норм,үр суулгах гүн,сортын болц юм.

Өнөө жил 6-р сард төв бүсэд мөн л олон жилийн дунджаас 1.5-2.00 С дулаан байх төлөв гарсан нь хөрснөөс ууршиж алдагдах чийгийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Энэ сөрөг нөлөөг багасгаж ургацыг хамгаалдаг тунадасны хэмжээ олон жилийн дунджаасаа бага байх төлөвтэй. Ийм нөхцөлд хэт эрт таривал буудай бутлалтаас гол хатгалтын шатандаа ганд нэрвэгдэх аюултай. 6-р сарын хур тунадас ургацад шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэмжээний хувьд олон жилийн дунджаас бага хур тунадас орохоор байгаа ч үр дүн нь хэдийд ямар хэмжээтэй орохоос шууд хамаардаг. Хэрэв унах тунадас нь сарынхаа 2-р хагаст багтаж ашигтай (1удаагийн оролтоор 5 мм-ээс дээш) хэмжээгээр орвол хөрсний угтвар чийг хангалттай юмуу дунд зэрэг хэмжээтэй байгаа газруудад 3.5 сая ширхэг, хангалтгүй чийгтэй талбайд 3.0 сая ширхэг соёолох чадалтай үрээр тухайн нутагт тариалах тохиромжтой хугацаанд тарина.

Энэ жилийн цаг уурын гандуу нөхцөлд тухайн орон нутагт зохицсон эх орны нутагшсан сортуудыг тариалах, нэн ялангуяа ганд тэсвэртэй сортыг сонгож тариалах чиглэл баримталбал зохино. Тухайлбал тариалангийн төв бүсэд буудайн Дархан-144, Дархан-181, Бурятская-34, Сэлэнгэ, Алтайская-530 зэрэг дунд оройн болцтой сортуудыг тариалалтын эхний хугацаанд, дунд болцтой Дархан-34, Дархан-74, Арвин /Дархан-166/, Бурятская-79, Бурятская остистая, Алтайская-100, Алтайская-325 зэрэг сортуудыг тариалалтын тохиромжтой хугацаанд, эрт болцтой Халх гол-1, Дархан-131, Дархан-160 сортуудыг тохиромжтой хугацааны сүүл рүү тариалах шаардлагатай.

Харин тарихын өмнө үрийг нарлуулах, фракцлах, ариутгах ажлыг заавал хийнэ. Гуурстай талбайд тарих эсэхээ орон нутгийн хэмжээнд өөрсдөө шийдэх бөгөөд хэрэв тарих бол үртэй хамт азотын бордоог 20 кг-аас (үйлчлэх бодист шилжүүлснээр) багагүй хэмжээгээр хийж өгвөл сайн. Хог ургамал бага,тэгш гадаргуутай талбайд СЗС маягийн суман хошуутай үрлүүрээр 6-7 см гүнд эхний ээлжинд шууд тарина.

Чийг хангалтгүй, хог ургамалтай юмуу ховил шан ихтэй, гадаргуу нь тэгш биш талбайг сийрүүлж тэгшлээд бул явуулж тарилтад сайтар бэлдсэний дараа цаг агаарын мэдээг харгалзан бороо угтуулж 5-р сарын сүүлчээр үрийн нормыг бага зэрэг нэмэгдүүлээд 3-5 см гүнд эрт болцтой сортоор тариална.

2019 онд хураалтын үед хур тунадас ихтэй байснаас тариа түрүүн дээрээ ургаж соёолох, болц гүйцээгүй ногоон тариа нэлээд хэмжээгээр хураагдсан бөгөөд хэрэв тэр тарианаас тарих үрээ хадгалсан бол лабораторийн соёололтыг сайн шалгаж тариалах шаардлагатай.

Үе үе бага зэргийн бороо орох нь хог ургамлыг ургуулах нэг нөхцөл болдог тул хог ургамал ихтэй талбайд буудайн бутлалтаас гол хатгалтын үе шатанд гербицид цацна. Мөн гантай буюу гандуу жилүүдэд хортон шавж, өвчин гарах магадлалтай тул гарсан тохиолдол бүрт тохирсон ургамал хамгааллын бодисыг шүршиж тэмцэнэ.

2. Зүүн бүс. Энд хүйтэнгүй хоног үргэлжлэх хугацаа харьцангуй урт, 5,6 сард салхи ихтэй, анхны бороо нилээд хожуу ордогоороо төвийн бүсээс ялгаатай. Өнөө жилийн хөрсний угтвар чийгээр энэ бүсэд багтдаг Хэнтий,Дорнод, Сүхбаатар аймгийн тариалан бүхий сумуудад хангалтгүй, дулааны хэмжээ төвийн бүстэй адил олон жилийн дунджаас их байна. Ийм нөхцөлд тарих хугацааг тохируулах, сортыг зөв сонгоход онцгой анхаарвал зохино,тэгэхдээ агротехникийн бусад элементүүд (үрийн норм, үр суултын гүн, сорт, ариутгал, талбайн тэгшилгээ)- эд нягт нямбай хандах хэрэгтэй. Зүүн бүсэд 6-р сард орох тунадас олон жилийн дундаж орчимд, 7-р сард дунджаас ахиу хэмжээтэй байгаа нь нааштай үзүүлэлт юм. Энэ бүсэд хөрсний угтвар чийгийн зарцуулалтыг зуны түрүүчийн бороотой залгуулахын тулд агротехникийн тохиромжтой хугацааныхаа эхний хагаст дундын болон дунд оройн сортуудыг, хугацааны сүүлч рүү эртийн сортыг сонгож, үрийн нормыг хуучин мөрддөг хэмжээнээсээ ялимгүй нэмэгдүүлээд таривал зохино. Тарилтыг өөртөө булгүй үрлүүрээр хийсэн тохиолдолд араас нь заавал булдаж хөрсийг нягтруулж өгвөл зохино.

3.Баруун бүс. Баруун ба говийн бүс нь хөрс уур амьсгалын хувьд усалгаатай тарихад тохиромжтой боловч Увс,Завхан аймгуудад үр тариа,тэжээлийн зарим ургамлыг услахгүйгээр ургуулдаг 60 шахам мянган га газар байгаа,үүний ихэнх нь Увсын Баруунтуруун суманд байдаг. Услахгүйгээр ургац авдаг газар бол байгалиас бидэнд зориулж бүтээсэн үнэлж баршгүй баялаг учраас алга дарам хэмжээтэй байсан ч чамлалгүй ашиглах хэрэгтэй. Өнөө жил гуурстай талбайн хагалгааны давхаргад 16 мм, 0-50 см гүнд 47 мм чийгтэй байгаа нь дунд хангалттай үзүүлэлт, гэхдээ энд хавар цас оройтож хайлдаг болохоор тарилтын үед хөрс өнгөндөө голдуу чийгтэй байдаг онцлогтой. Энэ нь 6-р сард олон жилийн дунджаас бага байх тунадасны хомсдлыг ямар нэгэн хэмжээгээр нөхөх бололцоотой.

Үрийн норм бага 2.5 сая буюу 100 кг орчим соёолох чадвартай үрээр агротехникийн тохиромжтой хугацааны сүүлийн хагаст тариалах талбайн 80 хүртэл хувьд нь эрт болцтой сортыг, 20 орчим хувьд нь дундын болцтой сортыг хугацааны сүүлчээр тариална. Мөн тарих талбайгаа азотын бордоо бордох, тарилтын дараа булдах шаардлагатай.

Газар тариалангийн салбарын эзэд, тариаланчид хөрсний үржил шимийг хамгаалсан, хөрсний чийгийн алдагдлыг бууруулсан, механик боловсруулалтыг цөөлж цомхотгосон, бордоо, ургамал хамгааллын арга хэмжээг зохистой хэмжээгээр хэрэглэж хэвшсэн, байгаль экологид сөрөг нөлөөгүй дэвшилтэт техник, технологиор тариаланг хөтлөн явуулахаас гадна

  • Тариалангийн технологийн ажлыг зөвхөн мэргэжлийн агрономичийн удирдлага заавраар хэрэгжүүлэх,
  • Тарилтын өмнөх хөрсний чийг, 5-6-р сарын цаг уурын мэдээг харгалзан тариалах технологио талбай бүрээр тогтоож байх,
  • Чанарын шаардлага хангасан тэгшрэлт сайтай уриншид тариалах,
  • Цэвэрлэж, дугаарлаж шинжилгээ хийлгэж стандартад тэнцсэн нутагшсан сортын нарлуулж , ариутгал хийсэн үрээр тариалах,
  • Усалгаагүй тариалангийн үр тарианы /бууц, ногоон бордуур хэрэглэснээс бусад/ талбайн хөрсийг хагалж элдэншүүлэхээс бүрэн татгалзах,
  • Дараа жил нь уриншлах талбайг заавал сүрэл цацагчтай комбайнаар хурааж сүрлийг талбайд цацах,
  • Сүрэл цацсан болон уриншилсан талбайд мал оруулахгүй байх,
  • Механик элдэншүүлэлттэй уриншийг намар сайн тэгшлээд дараа хавар нь аль болохоор хөдөлгөхгүй шууд тарих

Монголын тариаланд 3-4 жил тутмын 1- 2 жилд нь ган хуурайшил тохиолдож ургац алдах нь ихэсч байгаа өнөөгийн нөхцөлд тариалангийн технологид заавал мөрдөх технологийн үйлдлийг цаг хугацаанд нь зөв мөрдөж ажиллавал ургац авах боломж бүрэн бий.

Цаг агаарын өөрчлөлт, ган хуурайшилт нь ургацын хэмжээ чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч бид цаг агаарын эрсдэлтэй нөхцөлд ч гэсэн өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг өөрөөр хэлбэл тариалах технологийн горимыг мөрдөж ажиллах шаардлагатай байна.