Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

БНСВУ-аас цагаан будаа импортлоно

Монгол Улсын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа нь 100 хувь импортоос хамааралтай. Манай улс жилд дунджаар 50 000 тонн цагаан будааг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд үүний 50 орчим хувийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас импортолдог. Гэвч Ковид – 19 цар тахлын нөлөөгөөр улс, орнууд эдийн засгийн онцлогтоо тохируулан зарим хүнсний бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах арга хэмжээг авч эхэлсэн. Тухайлбал БНСВУ-ын Засгийн газраас энэ оны 06 дугаар сарыг дуустал цагаан будааны экспортод хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч Монгол Улсад цагаан будааны хомстол бий болж цаашлаад зах зээлд үнэ өсөх бодит эрсдэл үүсээд байсан юм.

Энэ асуудлаар ХХААХҮ-ийн сайд бөгөөд Монгол, Вьетнамын ЗГХК-ын монголын хэсгийн дарга Ч.Улаан, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдтай харилцан Вьетнам Улсаас импортлох цагаан будааны нийлүүлэлтийг тогтвортой байлгах хүсэлтийг уламжилж, импортлогч ААН-үүдтэй хамтран ажилласан юм. Үүний үр дүнд худалдааны Гэрээний дагуу цагаан будааг Монгол Улсад нийлүүлэх асуудал шийдэгдэж, экспортын хязгаарлалтын арга хэмжээнд орохгүй болсон тухай тус улсын Элчин сайд, хадагтай Доан Тхи Хыөнг өнөөдөр мэдэгдэж, Вьетнамын ХААХХ-ийн сайд Нгуен Суан Гыөнг-өөс хаягласан албан захидлыг гардуулав.

ХХААХҮЯ-наас цаашид Ковид-19 цар тахлын үеэр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхэд шуурхай анхаарч ажиллах болно.

Мөн БНСВУ руу экспортлох дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспортын зөвлөмж боловсруулах, гүн хөлдөөсөн махны олон улсын мал эмнэлгийн Гэрчилгээг цахим хэлбэрээр тохирохоор харилцан тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байгаа юм.

“Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд ахуйн хэрэглээний анхан шатны дэд бүтэцгүй нөхцөлд амьдарч байгаа бөгөөд гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын яндангийн утаа, сул шорооноос үүдэлтэй байна. Хот төлөвлөлтийн эмх замбараагүй төлөвлөлт нь нийтийн хэрэгцээнд зориулсан дэд бүтэц, барилга байгууламж барих орон зайн хомсдол үүссэн, төрийн үйлчилгээ, ажлын байр, бизнес эрхлэх зах зээлийн орчин хязгаарлагдмал зэрэг асуудлыг шийдэх төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлж байна. Батлагдсан барилгажилтын төслийн дагуу шаардлагатай техникийн нөхцөлүүдийг гаргуулах, газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт хийх зэрэг ажилд төслийн 1 дүгээр үе шатанд баримталж ажилласан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №198 дугаар тогтоолтой ижил баримт бичиг шаардлагатай байна” гэж Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тогтлоо.

Дараа нь хуралдаанд Нийслэлийн нутаг дэвсгэр дэх цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, баталгаажуулах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Хотын Захирагчийн зүгээс газартай холбоотой асуудалд нухацтай хандах шаардлагатай. Ажлын хэсэг судалгаа, тооцооллоо сайн нягталж, зөвлөлийн хуралд дахин танилцуулах нь зүйтэй гэж үзлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болсон юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Д.ОЮУНХОРОЛ: “Алдарт эх”-ийн одонгийн босгыг бууруулснаар жилд дунджаар 4500 ээж шинээр одон авч байна

Д.Оюунхорол: Цалин тэтгэврийг нэмэх боломжтой

Алдарт эхийн одонгийн босгыг намсгаж дөрөв ба зургаан хүүхэдтэй эхчүүд алдарт эхийн одон авдаг болсон нь төрөөс төрөлт, хүн амын өсөлтийг дэмжсэн том алхам болсон. Энэ бол зүгээр нэг одон медаль, урамшуулап төдий зүйл биш цаана нь айл өрхийн амьдрал, өнөөгийн нийгэмд дутагдаад байсан хууль байсан юм. Тэгвэл энэхүү хуулийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол 2010 онд санаачлан батлуулсан байдаг.

Яагаад ?

Тав болон найман хүүхэдтэй эхчүүд авдаг байсан Алдарт эхийн одонгийн босгыг намсгаж, дөрөв ба зургаан хүүхэдтэй эхчүүд авдаг болсон нь төрөөс төрөлт, хүн амын өсөлтийг дэмжсэн том алхам болсон. Харин энэ хуулийг санаачлан, батлуулсан хүн нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш Алдарт эхийн I, II-р одон шинээр авах эхчүүдийн тоо жилд дунджаар 4,500 орчим хүнээр нэмэгдэж байгаа аж.

Эх үрсийн баяраар шинэхэн дээлээ одонгоороо чимсэн олон залуу ээжүүд Алдарт эхийн эгнээнд шилжиж, ах дүү, амраг садангаараа хүрээлүүлэн баярлаж байгааг харах үнэхээр сайхан. Хэрэв энэ босго өөрчлөгдөөгүй байсан бол өнөөдөр залуу гэр бүл гурван хүүхэдтэй л байх байсан болов уу. “Дөрвөн хүүхэдтэй одон авдаг болохоор тэр лүү л тэмүүлээд байдаг болсон” гэх залуу ээж ярихыг сонсоод урам авах хүн олон байх. Манай улсын хамгийн тулгамдсан асуудлын нэг болох хүн амын тоог нэмэгдүүлэхэд энэ хууль яах аргагүй чухал нөлөө үзүүлж байна.

“Алдарт эх” одонгийн түүхээс

Одоогоос 62 жилийн өмнө буюу 1957 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр “Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулиар Алдарт эх I, II одонг анх бий болгосон байна.

Энэ хуулийн дагуу найм ба түүнээс дээш хүүхэд төрүүлэн өсгөсөн эхэд Алдарт эх I одон, 5-8 хүртэл хүүхдэд төрүүлж өсгөсөн бол Алдарт эх II одонг, шагнал /100-200 төгрөг/-ын хамт олгож байхаар тогтоож, хүүхдийн тоо, наснаас хамааруулан тэдгээр эхчүүдэд улирал тутам 300-800 төгрөгийн тэтгэвэр олгодог байсан.

1990 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигаар “БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм”-ийг батлан, уг дүрмийн 3.17-д Алдарт эхийн I, II одонгоор шагнагдсан эхчүүдэд дагалдах мөнгөн шагнал олгож байсан. Энэ мөнгөн шагналын хэмжээг УИХ-ын 1996 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Алдарт эхийн I одон 40,000 төгрөг, Алдарт эхийн II одон 20,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлж байсан байна.

Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэвлэлд өгсөн ярилцлагандаа “…Жил бүрийн зургадугаар сарын 1-нд маш олон залуу гэр бүлүүд алдарт эхийн одонгоо аваад баярлаж байгааг харах үнэхээр сайхан. Хэрвээ хуучин шигээ таван хүүхэдтэй одон авдаг бол өнөөдөр залуу гэр бүл гурван хүүхэдтэй л байх байсан. Дөрвөн хүүхэдтэй одон авдаг болохоор тэр лүү л тэмүүлээд байдаг болсон гэж залуу ээж ярихыг сонсоод их л урамшиж байлаа. Энэ хууль бол яах аргагүй хүн амаа өсгөхийг бодлогоор оруулж өгч байгаа хэрэг. Нэг үе төрөлт багасч алдарт эхийн одон авах эхчүүдийн тоо мэдэгдэхүйц буурсан. Олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа эхчүүдийг дэмжих, урамшуулах, алдаршуулахыг хуулиар баталгаажуулж өгсөн нь ирээдүй хойчдоо оруулж буй хувь нэмэр юм” хэмээн онцолжээ.

Дашрамд дурдахад Д.Оюунхорол нь эмэгтэй гишүүнийхээ хувьд нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж нийгмийн хамгаалал, халамжийн цэгцтэй бодлого боловсруулахад гар бие оролцож, нийгмийн оршин тогтнох, хөгжих язгуур үндэс болсон гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалах, нийгэм, эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө 20 орчим жилийг зориулан ажиллаж байгаа нэр цэвэр, туршлагатай улстөрчийн нэг юм.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурлаа

“Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс Метан” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсвэр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой төслийг Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна. 2019 оны тавдугаар сард талууд төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд нэг жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэжээ.Нийт 5,205 тууш метр буюу 500-900 метр гүн бүхий найман цооног өрөмдөж, хийн илэрцийг баталгаажуулан холбогдох судалгааг хийн хүлээлгэж өгсөн байна. Харин Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр “Эрдэнэс Метан” компанид Тавантолгойн бүлэг ордод Нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг олгосон. Ингэснээр цаашид метан хийн хайгуулын ажлыг эхлүүлж, нөөцийг тогтоон, ТЭЗҮ боловсруулах ажлыг гүйцэтгэх эхлэл тавигдаж байна.

нөөдөр (2020.05.06) Тавантолгойн XXXIII хайгуулын талбайд метан хийн хайгуул ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх Бүтээгдэхүүн худалдан авах гэрээг байгуулж, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, “Эрдэнэс метан” ХХК-ийн захирал Д.Амар нар гарын үсэг зурав.

Тавантолгойн XXXIII хайгуулын талбай нь урьдчилсан тооцооллоор нийт 100 гаруй тэрбум тоннын нүүрсний нөөцтэй бөгөөд тухайн ордоос метан хийн илэрц гарсан. Тиймээс бодит хүлээлт үүсч, эдийн засагт хувь нэмэр оруулж, агаарын бохирдлыг бууруулахад чухал шийдэл бий болно гэдэгт итгэж буйгаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү тодотгосон. Өмнө нь “Коргаз” болон “Голден Хорд” компанитай хамтарч метан хийн нөөц тогтоох судалгааны ажлууд хийж байсан ч, тодорхой үр дүнд хүрээгүй.

Харин 2019 онд хөрөнгө оруулагч “Жейд метан” компани төслийн эхэн үед гарч болзошгүй эрсдэлийг дангаараа үүрч, Монгол Улсын төсвөөс нэг ч төгрөгийн зардал гаргалгүйгээр Тавантолгойн нүүрсний бүлэг ордын гүн дэх метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэсэн гэдгийг дурдав. Метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг анх удаа төрийн өмчит компанид олгосон нь “Эрдэнэс Метан” ХХК аж. Мөн шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын дэгдэлттэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч компанийн инженер техникийн ажилтнуудыг хил, гаалиар нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт үүсч буй ч, төсөл хэвийн үргэлжилнэ гэдгийг талууд онцолсон.

Дашрамд дурдахад, метан хийн нөөцийг судалж тогтоосноор өндөр хөгжсөн орнуудын метан хий ашиглах технологийг Монголд нутагшуулж, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх томоохон алхмууд тавигдана гэж үзэж байна.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр соёрхон баталсан. Уг хэлэлцээрээр Сонгино дахь “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газрын шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд төслийн төсөвт өртөг 25 сая ам.доллар байжээ.

Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх “25 сая ам.доллар”-ын өртөгийг “57 сая ам.доллар” болгон нэмэгдүүлэхээр тохирсон байна.

Унгар Улсын Засгийн газрын зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 жил чөлөөлөгдөнө. Зээл нь хүүгүй. Олон улсын валютын сангийн аргачлалаар хөнгөлөлтийн түвшин 40.47 хувь байгаа нь Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хуулиар “нэн хөнгөлөлттэй” зээлийн ангилалд хамаарч байна. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, Унгар Улсын Засгийн газрыг төлөөлж Унгарын Эксим банк тусгайлсан зээлийн гэрээг байгуулах юм.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Байгалийн хийн хоолой барих төслийн хүрээнд маршрут болон боловсон хүчин бэлтгэх асуудлаар санал солилцов

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов болон гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын гол сэдэв Монголын Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн талаар байв. Уулзалтаар байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааны хүрээнд маршрут болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар хоёр тал санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруй жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийн албан ёсны эхлэлийг тавьсан.

Улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн юм. ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойг 2019 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. Хийн хоолой татах хоёр дахь төсөл нь ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дайруулан жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолой төслийн ажил юм.

Ташрамд дурдахад, ОХУ-ын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн нь нэгдүгээрт нефть, хоёрдугаарт байгалийн хий ордог байна. Экспортынхоо дийлэнхийг нь Европын орнууд руу гаргадаг юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк IV сард 1.4 тн үнэт металл худалдан авчээ

Монголбанк бодлогын хүүг 1 пунктээр бууруулж, 10 хувьд хүргэх ...

Монголбанк 2020 оны 4 дүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3 дахин өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5.0 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 4 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15,9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74,5 кг үнэт металл худалдан аваад байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 4 дүгээр сард 149,986.18 төгрөг байлаа.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Инфографик: Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг баталснаар Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник, хэрэгслийн хангалтыг стандартын түвшинд хүргэх, агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ач холбогдолтой юм.

Францын төрийн Сангийн зээлийн хэмжээ 57,985,000 евро бөгөөд зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөнө. Зээлийн хүү жилийн 0,08 хувь байна. Үндсэн зээлийг хагас жил тутам ижил хэмжээтэй, дараалсан 40 удаагийн төлбөрөөр эргүүлэн төлнө. Олон улсын валютын Сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байгаа бөгөөд Өрийн удирдлагын тухай хуулиар “нэн хөнгөлөлттэй” зээлийн ангилалд хамаарч байна.

Төслийн хүрээнд 2 үндсэн төрлийн үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Үүнд:

1 дүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, олон зориулалт бүхий (нефтийн бүтээгдэхүүн хадгалдаг агуулах болон онц чухал обьектын гал түймэр унтраах) 42 нэгж тусгай зориулалтын шинэ автомашинууд нийлүүлэгдэнэ.

2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 загварын 3 нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлэгдэнэ.

Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй.

Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байна. Шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Салхитын мөнгө, алтны ордын одоогийн нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр /2020.05.03/ Дундговь аймгийн Гурвансайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгө, алтны ордын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 12 дугаар сард тус ордыг төрийн мэдэлд авч, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулсан юм. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг байгуулж, Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлсэн билээ. Тус орд нийт 2887,85 га талбайг хамардаг бөгөөд ил уурхайн Хүдэр баяжуулах үйлдвэрийг бүрэн ажиллуулж эхэлснээр анхны баяжмалаа гарган авчээ. Тус үйлдвэр нь жилийн дөрвөн улиралд 24 цагийн тасралтгүй ажиллагаатай. Хоногт 1000 тонн хүдэр боловсруулж, 30-40 тонн баяжмал гарган авах хүчин чадалтай. Нэг тонн баяжмалд ойролцоогоор нэг кг мөнгө, гурван гр алт, нэг кг гаруй зэс, цайр агуулагддаг. Баяжуулах үйлдвэр нь 5 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд хүдрийг хөвүүлэн баяжуулах аргаар боловсруулдаг байна.

Усан хангамжийг уурхайн бүсээс 2000-3500 метрийн зайтай 4 гүний худгаас хангадаг бөгөөд үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангах нөөцийн 3 усан санг байгуулжээ. Баяжуулах үйлдвэр хуурай хаягдал гаргадаг. Байгаль орчинд ээлтэй технологид суурилан, хэрэглэсэн усны 85 хувийг дахин ашигладаг байна. Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Жаргалсайхан, “Одоогоор манай ордод 220 орчим хүн ажиллаж байна. Цаашид ажлын байрыг 350 хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах үүднээс сургалт явуулж байна. Ажилчдын дундаж цалин 2 сая орчим төгрөг байдаг. Ажил үүргийн холбоотой 40 гаруй компанитай хамтран ажиллаж байгаагаас 15 орчим нь туслан гүйцэтгэх ажлыг тогтмол хийдэг. Нийтдээ 1000 гаруй өрхийн амьжиргааг сайжруулахад нөлөөлж байна гэсэн судалгаа гарч байгаа” хэмээн танилцуулав. Өнгөрөгч оны 12 дугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс силвер ресурс” ХХК Монголбанктай Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээг байгуулж, Салхитын мөнгө, алтны ордоос олборлож, цэвэршүүлсэн мөнгөний дээжийг Эрдэнэсийн санд тушаасан. Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд, “Эрдэнэс силвер ресурс” компани Монголбанкинд 850-980 хувиас доошгүй сорьцтой алт, мөнгө болох үнэт металлын агууламж бүхий гулдмайг нийлүүлж, гэрээнд тусгасны дагуу төлбөр авахаар тусгасан билээ.

“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, “Ордыг анх төрийн мэдэлд авахад балгас шиг байсан. Одоогийн байдлаар үйлдвэрийн 80 хувийг монгол инженерүүдийн ур ухаанаар 30 хоногийн дотор шинэчилж, бүрэн автоматжуулаад байна. Зарим тоног төхөөрөмжийг өөрсдөө хийж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Тавдугаар сарын 1-ний өдөр үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн эхлүүлнэ гэсэн амлалтаа биелүүллээ. Үйлдвэрийнхээ анхны баяжмалыг гаргаад авчихсан. Монгол Улсын нийт иргэд, үр хүүхдүүддээ ирээдүйн баялаг болгон үлдээх ажил эхэлсэн. Энэ ажлыг хийхэд дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд, нийт инженер техникийн ажилтнууддаа талархал илэрхийлмээр байна. Энэ бол хамтын хүч. Баялгийн сангийн эхлэл Салхит ордоор эхэлж байна гэж ойлгож болно.

Төлөвлөгөө ёсоор таван жилийн хугацаанд 1.2 их наяд төгрөгийн тэтгэврийн зээлийн өр төлбөрийг төлөх даалгавартай байгаа. Өмнө хийгдсэн ТЭЗҮ болон нөөцийн судалгаагаар Салхитын мөнгө, алтны орд нь ашиглалтын талбайнхаа гуравны хоёрт нөөцтогтоолгосон. Уг судалгаагаар 808.3 тонн мөнгө 1117.1 тонн алтны нөөцтэй байсан. Хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлснээр дээрх нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтойг тогтоосон. Энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд нээлттэйгээр мэдээлнэ” гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ ордыг төрийн мэдэлд шилжүүлэхэд их удсан. Жил гаруйн хугацаанд газар дээр нь ирж ажиллагаа явуулсны дүнд иргэдийн хяналт дор төрийн мэдэлд шилжүүлсэн. Ард түмэнд шууд өгөөжөө өгсөн баялаг ашиглалтын анхны жишиг орд боллоо. Иргэдийн амьжиргаа, улсын эдийн засаг, бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтой юм. Баялгийн өгөөжийг ард иргэдэд хүртээх зарчмыг баримталж 228 орчим мянган ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 770 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. Хямралын үед эрчимтэй ажиллаж, үр ашиг бүтээж байгаа шинэ бүтээн байгуулалтын ажлын тод жишээ болж байна.

Төсвөөс ямар ч санхүүжилт авалгүй, банкны зээлийн барьцаанд тавилгүйгээр зөвхөн өөрийн нөөц боломжоор нь ордын үйл ажиллагааг явуулж, бүтээн байгуулалт, баялгаа үйлдвэрлэж байна. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлнэ. Олон залуучууд ажлын байртай болж байна. Ингэж ард түмэн, улс орондоо өгөөжтэй сайн жишиг тогтоосноор цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр орд газруудаа зөв менежменттэй ашиглахболомж байгааг харууллаа.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд заасан “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэнтэй нийцэж байгаа юм” гээд богино хугацаанд үр дүнтэй, сэтгэл зүтгэлтэй ажиллаж байгаа нийт хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Энэ үеэр үйлдвэрийн хамт олон монгол инженерүүдийн өөрсдийн технологид суурилан гаргаж авсан мөнгөний баяжмалын дээжийг УИХ-ын дарга Г.Занданшатарт, хоёр дахийг тус ордын анхны эзэмшигч Ш.Мөнгөншагайд гардуулан өгөв. Ш.Мөнгөншагай, “Гурван жил гацсан ажил эхэлж байгааг харах сайхан байна. Монгол Улсад маань баялаг ихтэй, олон сайхан уурхай, орд байна. Шууд үр шимийг нь ингэж хүртсэн уурхай хэд байгаа билээ. Энэ орд анхных нь болж байна. Цаашид жишиг болоод явбал ард түмэнд хэрэгтэй. Энэ их хямралын үед өндөр настнууд өр зээлтэй байсан бол маш хүнд байх байсан. УИХ-ын дарга Г.Занданшатар болон төр засаг, миний бие ч гэсэн энэ ажлыг дэмжиж, гар бие оролцсондоо баяртай байна” хэмээн талархал илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Данс нь баталгаажсан иргэдийн дансанд ногдол ашгийг нь шилжүүлжээ

Та 1072 ширхэг хувьцааны талаар юу мэдэх вэ? заавал мэдэх 10 ...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлж эхэлсэн байна. Үнэт цаасны данс нь баталгаажсан 300 гаруй мянган иргэний дансанд өчигдөр ногдол ашгийг нь шилжүүлжээ. Баталгаажсан данс гэдэг нь брокерын компанид нээлгэсэн данс бөгөөд иргэдийн данс руу Монголбанкнаас багц гүйлгээ хийж, хувьцаа эзэмшигчдийн харилцдаг банканд шилжих юм байна. Ногдол ашиг тараах ажил тавдугаар сарын 4-ний өдөр бүрэн дуусна. Нийт хоёр сая 512 мянган хүн тус компанийн хувьцааг эзэмшдэгээс 300 мянган хүн л банкин дахь дансаа хувьцааны данстайгаа холбожээ. Иймээс банкин дахь дансаа хувьцааны данстай холбоогүй иргэдийн ногдол ашгийг НӨАТ-ын мөнгө буцаан авдаг дансанд нь шилжүүлэхээр ажээ.