Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Нийслэл хотыг хөгжлийн дараагийн шатанд гаргах бодлогын баримт бичгийг Засгийн газраар батлууллаа

Энэ сард ипотекийн зээлд 48 тэрбум төгрөг зарцуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” үзэл баримтлал, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг болон авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны төлөвлөгөө, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түрээсийн орон сууцанд орж буй иргэдэд тавьдаг байсан шаардлагуудыг хөнгөвчилжээ. Ингэснээр иргэдэд түрээсийн орон сууцтай болох таатай боломж нэмэгдэж байна.

Төрөлжсөн хөгжилтэй хотуудыг бий болгоно

УИХ Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичигт “Улаанбаатар ба дагуул хот”-ын асуудлыг тусгахдаа Х.О.Т буюу Хүн төвтэй хотын бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил, Сайн засаглал, Дагуул хот бодлогыг баримталжээ.

Ирэх жилүүдэд Налайх, Багануур, Багахангай, Гачуурт, Хонхор, Майдар, Аэросити зэрэг хотуудыг бий болгох байдлаар төрөлжсөн хөгжилтэй хотуудыг хөгжүүлнэ. Харин Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хотын төв, дэд төв, төрөлжсөн төв, олон нийтийн төвүүдийг шинээр байгуулж олон төвт хотын тогтолцоог бүрдүүлэх аж. Орон сууцны бодлогын тухайд гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцны хороолол, тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлж, орон сууцны хангамжийг төвлөрсөн шугам сүлжээнд 70 хувь, инженерийн бие даасан эх үүсвэрт 30 хувийг холбон хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэл хотын хувьд хамгийн чухал асуудал болох нийтийн тээврийг хөгжүүлэх асуудлыг ч үүнд тусгасан. Олон төрөлт ухаалаг тээврийн сүлжээг бий болгож, тусгай замын автобус, агаарын дүүжин тээвэр, цахилгаан соронзон тээвэр, газар доорх тээвэр зэргээр төрөлжүүлэн хөгжүүлнэ.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх баримт бичгийг Засгийн газраар батлууллаа

Нийслэлийг төрөлжсөн эдийн засаг, дагуул хот, дэд төвүүдтэй, хүн амьдрахад таатай орчин бүхий хот болгон хөгжүүлэх урт хугацааны үзэл баримтлалыг Засгийн газраар батлууллаа. Энэхүү баримт бичгийг Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх бодлоготой уялдуулан боловсруулсан юм. 2013 онд боловсруулсан нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд 29.6 хувьтай гарчээ. Биелэлтэд улс төр, эдийн засгийн гээд олон хүчин зүйл нөлөөлсөн хэдий ч цаашид энэ алдааг давтахгүй байх үүднээс нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх баримт бичгийг боловсруулан ажиллажээ. 2040 оны төсөөллөөр нийслэлийн хүн амыг 2.2 сая байх аж. Шинээр 495 мянган орон сууц ашиглалтад орж, нэг сая 50 мянган ажлын байр бий болно гэсэн төсөөллийг гаргасан байна. Энэхүү төсөөллийн дагуу амьдрах таатай орчноор хүрээлэгдсэн, өндөр боловсрол, идэвхтэй амьдралын хэв маягтай, улсын ирээдүйн цөм болсон иргэнийг хөгжүүлэх юм. Байгаль орчны чиглэлээр экологийн коридорыг бий болгох бөгөөд Улаанбаатар хотын суурьшлын хилийг дагуулан 50 метр өргөнтэй суурьшлыг хязгаарлах ногоон бүсийг байгуулна. Мөн одоогийн байгалийн унаган төрхөөрөө байгаа газруудад болон төлөвлөлтийн дэд төвүүдэд цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулах аж.

Улаанбаатарыг 2040 он хүртэл хөгжүүлэх энэхүү баримт бичигт инженерийн хангамж, зам тээврийн сүлжээ, орон зайн төлөвлөлт зэргийг тусгаж өгчээ.

Орон сууцны санг бүрдүүлж эхэллээ

Нийслэл хот иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг боловсруулсан. Орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхдээ үнэт цаас гаргаж, түрээслээд өмчлөх хэлбэрээр зах зээлд бэлэн байгаа орон сууцыг худалдан авах замаар иргэдээ орон сууцжуулж, нөгөө талаар аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна. Нийслэлд 5301 айлын орон сууц бэлэн байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, иргэдээ орон сууцжуулах боломж бүрэн байна. Одоогийн байдлаар орон сууцны сангаа бүрдүүлж байгаа аж. Орон сууцны сан бүрдүүлэлтэд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулах байдлаар зохион байгуулах юм байна.

Засгийн газар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Өмнө нь иргэн орон сууцаа тав хүртэлх жилийн дотор түрээслээд энэ хугацаандаа үлдсэн төлбөрөө гүйцээн төлж өмчлөлдөө авдаг байсан бол хугацааг 15 хүртэлх жил болгон сунгажээ. Мөн өмнө нь зөвхөн улс, орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнаас сонголт хийх болзол тавьдаг байсан. Харин одоо гадаад, дотоодын зээл, тусламж болон хувийн аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр барьсан 100 хувь ашиглалтад орсон байрнуудаас сонгох өргөн сонголтыг боломж бүрджээ. Түүнчлэн 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, урьдчилгаагүй шууд орон сууцандаа орох зохицуулалтыг хийжээ. Ингэснээр иргэдийг орон сууцжуулах, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих боломж бүрдэж байна.

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө болон иргэдийг орон сууцжуулах бодлого төлөвлөлтийн талаар мэдээлсэн юм. Өнөөдрийн байдлаар авто замын сүлжээний нягтрал 2.1 км байгаа бол 2030 он гэхэд 3.6 км байхаар төлөвлөжээ. Хүн амын нягтралтай уялдуулан авто замын сүлжээний ирэх жилүүдийн төлөвлөгөөг гаргасан байна. Авто замын сүлжээний төлөвлөгөөнд Улаанбаатар хотод энэ онд 52 км дугуйн замыг барих ажлыг эхлүүлээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

СЗХ ‘КОВИД-19’ АРГА ХЭМЖЭЭГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Санхүүгийн байгууллага, холбоод СЗХ-г дэмжиж байгааг илэрхийллээ ...

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны ээлжит 11 дүгээр хуралдаан болж нийт 70 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Коронавирусын халдварт (КОВИД-19) цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” 32 дугаар тогтоолд тусгагдсан Хорооны хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэж, эрчимжүүлэх хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчаас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “тэглэх”, зээлийн батлан даалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, батлан даалтын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай зохицуулалтын бодлого, журамд өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэлээ.

Мөн хуралдаанаар “Лэндмн ББСБ” ХК-ийн зах зээлд нээлттэй санал болгох 5 тэрбум төгрөгийн “Лэнд бонд”-ыг үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн нь 2018 оноос хойш, түүнчлэн КОВИД-19 вирусын цар тахлын дэгдэлт манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж буй энэ үед хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулагчид сорилтыг боломж болгох, компанийн бондын зах зээл хөгжих бололцоо буйг харуулсан үйл явдал боллоо.

“Ард менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэж, олон нийтээс хөрөнгө татах зөвшөөрлийг олголоо. “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай сангийн хувьд “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан 5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 6 сарын дотор татан төвлөрүүлэх юм. 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар хөрөнгө оруулалтын сан нь хамтын болон хувийн хэлбэртэй байх ба нээлттэй, хаалттай гэсэн төрөлтэй байхаар тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд Хороо хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох чиглэлээр 27 компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, хувийн 17 хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах мэдүүлгийг бүртгэлээ.

Үүний зэрэгцээ Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, батлан даалтын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-д нэг зээлдэгчид гаргах батлан даалтын хэмжээг өөрийн хөрөнгийн 3%, нийт батлан даалтын хэмжээг өөрийн хөрөнгийн хэмжээнээс 20 дахин нэмэгдүүлэхээр тогтоолоо. Энэ шийдвэр нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн батлан даалт авах боломжийг нэмэгдүүлэх, өрийн дарамтыг багасгах, зээлийн батлан даалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Хуралдаанаар зарим нэр бүхий компаниудад итгэлцлийн үйлчилгээ болон цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн бол даатгалын хохирол үнэлэгч 1 компани болон нэр бүхий 6 хадгаламж зээлийн хоршоодын тусгай зөвшөөрлийг сэргээсний зэрэгцээ, 1 даатгалын хохирол үнэлэгч, 1 үнэт цаасны компанийн брокер, дилер, андеррайтер, нэр бүхий 3 хөрөнгө оруулалтын менежментийн компани, 4 хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Categories
мэдээ эдийн-засаг

“Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иений буцалтгүй тусламж үзүүлнэ

Монгол, Японы гадаад харилцааныхан уулзана

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавирусын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иений буцалтгүй тусламжийг тус тус олгохоор шийдвэрлээд байна. Иймд Солилцох ноот бичгүүдэд гарын үсэг зурах эрхийг ГХ-ны сайдад зөвшөөрсөн байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Албан хаагчид түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчилж авна

Албан хаагчид  түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчлөх боломжтой

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 12-ны Баасан гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Дэлхий даяар КОВИД19 халдварт цар тахал дэгдэж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд хагас жил орчим болж байна. Дотооддоо халдвар алдаагүй, зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлуудыг эмчилж, хяналтдаа барьж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд тэргүүн эгнээнд хүнд нөхцөлд, өргөсөн тангарагтаа үнэнч үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ дагуу ажлын хэсэг томилогдон ажиллаж буй. Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад эмч, сувилагч, асрагч, жолооч, үйлчлэгч, онцгой байдлын аврагчид, хил, гаалийн байцаагч нар, цэвэршүүлэх байгууламжийн засварчин, техникчид, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нарыг хамруулж байна. Галын шугамд ажиллаж буй албан хаагчдын амьдралын орчин нөхцлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг бий болгох, гэр бүлийнхнийх нь ая тухыг хангах, цаашдын амьдралын чанарыг сайжруулах нь тус хөтөлбөрийн зорилго.

Хөтөлбөрт хамрагдах албан хаагчдыг тухай тухайн байгууллагууд нь хамт олныхоо саналаар ил тод шударгаар сонгох зарчим баримталж ажиллахыг УОК-оос үүрэг болгосон. Одоогоор ХӨСҮТ-ийн 10 албан хаагч орон сууцны батламжаа хүлээж аваад байна. Хөтөлбөрийг маш богино хугацаанд үр дүнтэй, албан хаагчиддаа хүндрэлгүй шууд түлхүүрээ авч, орон сууцандаа нүүж орохоор зохион байгуулахаар зорьж байна.

Иймд түрээсийн орон сууцанд орж буй иргэдэд тавьдаг байсан шаардлагуудыг хасч, хөнгөвчлөн, Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам” –ыг өөрчлөн 2.2.2-т нэмэлт өөрчлөлт оруулж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар батлав.

Ингэснээр түрээслэгчдэд дараах хэд хэдэн нэмэлт боломж олгогдож байна. Өмнө нь иргэн орон сууцаа 5 хүртэлх жилийн дотор түрээслээд энэ хугацаандаа үлдсэн төлбөрөө гүйцээн төлж өмчлөлдөө авдаг байсан бол хугацааг 15 хүртэлх жил болгон сунгав. Тодруулвал иргэн улсын төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнаас сонговол 5 хүртэлх жил, бусад хувилбарын санхүүжилтээр баригдсан барилгаас сонговол 15 хүртэлх жил түрээслээд түрээслэх явцдаа сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлсөөр түрээсийн орон сууцаа худалдан авч, өмчлөх боломжтой байхаар тусгаж өгчээ.

Мөн сонголтын хүрээг нэмэгдүүлсэн байна. Зөвхөн улс, орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнуудаас сонголт хийх болзол тавьдаг байсан бол одоо гадаад, дотоодын зээл буцалтгүй тусламжаар болон хувийн аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр барьсан 100 хувь ашиглалтад орсон байрнуудаас сонгох өргөн сонголтыг олгож байна. Түүнчлэн зай талбайн дээд доод хязгаар заахаа больсон. Албан хаагч өөрийн орлогодоо тулгуурлан, хүссэн байраа сонгоно. Бас нэг чухал боломж нь 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, урьдчилгаагүй шууд орон сууцандаа орох боломжоор хангаж байгаагаараа энэ удаагийн хөтөлбөрийн давуу тал оршиж байна. Уг тогтоолыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөнө.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк тавдугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авжээ

Монголбанк 2020 оны 5 дугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.5 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.3 тн-оор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 8.5 тн үнэт металлын 6.8 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 5 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 36.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 418.9 кг үнэт металл худалдан авжээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 5 дугаар сард 154,048.51 төгрөг байв.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Дэлгэрсайхан: Валютын ханш тасралтгүй өсөөд байгаа нь сүүлийн 30 жил эдийн засгийн бүтцээ сайжруулж чадаагүйнх

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Сүүлийн үед долларын ханш тогтмол өсч байна. Ханш өссөөр 2814 төгрөг хүрлээ. Энэ өсөлтийн шалтгаан нь юу вэ?

-Монгол Улсад валютын ханш яагаад өсч байгааг ерөнхийд нь тайлбарлах гэвэл нэлээд холоос эхлэх хэрэгтэй болно. Валютын ханш нь улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал, түүнд суурилсан валютын орох, гарах урсгалаас шалтгаалж тогтдог, өөрчлөгддөг. Бидний хувьд эдийн засгийн бодлого, бүтэц муугаас шалтгаалж валютын орох урсгал нь эмзэг, үүн дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах салбар ховор, бодлого тогтворгүй зэргээс шалтгаалж валютын ханш өсдөг. Товчхондоо бид Монгол Улсад үндэсний валютын ханш сайн байх эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг бүрдүүлж чадсангүй. Үүн дээр өрийн зөв удирдлага мөн гол нөлөөтэй. Энэ байдлаас болоод сүүлийн жилүүдэд валютын ханш тогтмол өсч байна. Энэ нь их урт хугацааны асуудал гэдгийг дурдах нь зүйтэй. Үүн дээр нэмэгдээд цар тахалтай холбоотой эдийн засгийн хямрал сүүлийн үед нөлөөлж байна. Монгол Улсын эдийн засаг эхний улиралд 10.7 хувиар саарч, валютын гол урсгал болох экспорт 40 гаруй хувиар буурсан, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь үүний гол шалтгаан.

-Доллар өсөөд л байвал монгол төгрөг үнэгүйдэж монголчуудын амьжиргааны түвшин дордоно. Тэгэхээр энэ өсөлтийг хэрхэн хазаарлаж барих вэ?

-Үүнийг шийдвэрлэхийн тулд дээр дурдсан урт болон богино хугацааны хүрээнд харах учиртай. Бид төгрөгөө, үнэ цэнэтэй байлгахыг хүсч байвал эдийн засгийн сайн бодлоготой, тэр нь хэрэгждэг байх хэрэгтэй. Тухайн улсын эдийн засаг сайн байхын хэрээр үндэсний валют нь үнэ цэнэтэй байдаг гэсэн үг. Харин өнөөдөр эдийн засгийн хямралын үед бид валютын орох урсгалыг нэмэгдүүлэх боломжуудыг эрэлхийлэх нь чухал. Харамсалтай нь энэ хязгаарлагдмал байна. Энэхүү хүрээнд ханшийн уналтын эсрэг Сангийн яам, Монголбанк гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, валютын эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх тал дээр боломжоороо ажиллаж байна. Гадаад зах зээлээс санхүүжилт татах оролдлого, валютын интервенц хийх зэрэг нь бидэнд байгаа боломжит хувилбарууд мөн. Үүн дээр экспортын гарцыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь чухал.

-Дотоод нөөц боломж юу байна вэ?

-Валютын ханш урт хугацаанд тасралтгүй өсөөд байгаа нь бид эдийн засгийн суурь боломж, дотоод нөөц бололцоогоо муу ашигласан гэсэн үг. Сүүлийн 30 жилийн дотор бид эдийн засгийн бүтцээ сайжруулж чадаагүйн илрэл. Өнөөгийн нөхцөл байдалд бид дотоод нөөц бололцоогоо харин боломжоороо ашиглаж байна. Монголбанкны зүгээс валютын нийлүүлэлт хийх, валют худалдан авах, алтны салбарт хэрэгжүүлж байгаа ажлууд нь үүний илрэл юм. Миний мэдэж байгаагаар Монголбанк энэ он гарсаар тэрбум гаруй долларыг валютын захад нийлүүлээд байна.

-Сонгуулийн дараа ханш өснө гэсэн таамаглалтай хүн олон байна. Сонгуулийн дараа ханш өсч болзошгүй. Үүнийг хэрхэн тогтворжуулах боломжтой вэ?

-Валютын ханшид нөлөөлж байгаа өөр нэг хүчин зүйл өөрөө энэ. Нийгмийн сэтгэл зүй. Өмнө бидэнд сонгуулийн дараа ханш өсч байсан удаа бий. Мөн эрх баригчдыг сонгуулийн өмнө валютын ханшийг чадлаараа барьж байгаа гэсэн хардлага. Энэ нь өөрөө эргээд валютын ханшаа өсгөдөг талтай. Валютын ханш нь урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч байгаа нь нийгмийг цочроогоод байгаа боловч яг он гарснаас хойш өссөн өсөлт нь гурав орчим хувьтай байгаа. Иймд эрх баригчдын зүгээс эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, үүнийг хэрхэн даван туулах тал дээр тодорхой мэдээлэл хийж нийгмийн сэтгэл зүйг тогтворжуулах нь бас нэг үүрэг юм. Харамсалтай нь одоо сонгууль дөхөөд энэ тал дээр анхаарал хандуулж байгаа талууд бага байх шиг. Сонгуулийн дараа валютын ханш хэрхэх вэ гэдэг нь өнөөдөр эргэлзээтэй зүйл. Үүнийг урьчилан таадаг хүн болж нийгмийн сэтгэл зүйг эвдэх нь мөн утгагүй зүйл. Ямартаа ч валютын ханшид нөлөөлж болох суурь нөхцөлүүд цар тахалтай холбоотойгоор муудсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн эдийн засгийн уналт, сэргэлтийн үргэлжлэх хугацаа ихээхэн нөлөөтэй. Эерэг тал нь бидний гол түнш БНХАУ-д нөхцөл байдал сайжирч байгаа явдал. Гэх мэт олон хүчин зүйлсээс валютын ханш хамаардаг гэдгийг ойлгоосой гэж хүсэх байна. Харин сонгууль валютын ханшийг тодорхойлдог гол хүчин зүйл биш. Цаг зуурын нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй.

-Одоо ер нь хилээ нээх цаг болсон уу. Зарим улсууд хорио цээрийн дэглэмээ сулруулж байна?

-Цар тахал бидний эдийн засагт хүндээр тусч, тэр нь үргэлжилж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь эрүүл мэндийн шалтгаантай эдийн засгийн хямралт байдал тул үүнийг эдийн засагчид бус эрүүл мэндийн салбарын эрдэмтэд, голомттой тулж ажиллаж байгаа мэргэжилтнүүд хэлэх нь илүү зохимжтой байх. Бид тэднийгээ сонсож түүнд нь нийцүүлж бусад шийдвэр гаргалтаа хийх нь чухал. Эдийн засаг талаас нь харвал онцгой нөхцөл байдлыг сулруулах нь зүйтэй мэт харагдана. Гэхдээ эрүүл мэндийн нөхцөл байдал ямар байгаа, бидэнд учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх шаардлагатай. Би хувьдаа бид монгол хүний амь нас, эрүүл мэндийг ямагт нэгдүгээрт тавих нь зүйтэй гэж үзнэ. Бид иргэдийнхээ эрүүл мэндийг сайн хамгаалж, гарз багатай давж чадвал энэ том ялалт мөн. Түүний дараа эдийн засгийн асуудал тавигдах учиртай.

-Засгийн газраас эдийн засаг сайжруулах, тогтвортой байлгах багц арга хэмжээ аваад, хууль хүртэл баталсан. Гэтэл тэдгээр нь яг эзэддээ хүрч чадахгүй байна гэж гомдоллож байна.Энэ яг юундаа байгаа юм бэ?

-Хэдийгээр эрүүл мэндийн асуудал нэгдүгээрт гэсэн боловч энэ нь эдийн засгаа орхино гэсэн үг огт биш гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. ЗГ-аас хэрэгжүүлэх хөтөлбөр санаачилж, УИХ хууль батлан түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж ойлгож байгаа. Үүний дагуу зургаа орчим их наяд төгрөгийн хөтөлбөр зарласан. Үүний тал нь иргэдэд, тал нь эдийн засгийн уналтаас хамгаалах, сэргээх чиглэлд зарцуулагдана гэж ойлгогдож байгаа. Эхний хэсэг нь нэлээд сайн хэрэгжиж байх шиг байна. Орлогын албан татвар, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд иргэдийн амьдралын чанар доройтохоос тодорхой хэмжээнд хамгаалж байгаа гэдэг нь ойлгомжтой. Харин бизнесийг дэмжих ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх тал дээр бид сайн ажиллаж чадахгүй байна. Мөн дээрх хөтөлбөр арга хэмжээ нь нийгэмд жигд хүрэхгүй байгаа нь байж болох. Энэ нь иргэд, ААН-ийг гомдоллоход хүргэж байж болзошгүй юм.

-Ажилгүй хүмүүс нэмэгдээд байна. Тэгэхээр яаж ажилтай, орлоготой байлгах вэ. Ямар арга хэмжээ авбал зүгээр бол?

-Бидний гол асуудал таны асуулт дотор байна. Өнөөдөр яг хэдэн хүн ажилгүй болчихов, аль салбарт эдийн засгийн хүндрэл хүчтэй нөлөөлж байна гэдэг тоо судалгаа муу, цаг хугацааны хувьд үйл явцын өрнөлийг гүйцэхгүй байна. Өндөр хөгжилтэй орнуудад долоо хоногт хэдэн хүн ажилгүй болж байгааг хугацаа алдалгүй гаргаж байна. Гэтэл бид өнөөдөр яг хэдэн хүн ажилгүй, орлогогүй болчихоод байгааг, тэр нь аль салбар, нийгмийн аль хэсэгт хүчтэй нөлөөлөөд байгааг мэдэхгүй, зөвхөн баримжаалаад сууж байна. Ийм мэдээлэлтэй байхад эдийн засаг нийгэмд чиглэсэн хөтөлбөр арга хэмжээ байгаа онох, иргэд, ААН-үүд гомдоллохгүй байх боломж бага. Зүй нь бид эдгээр тоонуудыг зөв гаргаж түүнд нийцсэн эдийн засаг, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж чадвал энэ нь зөв арга хэмжээ байх боломжтой.

-Компаниуд үүдээ барьж хүмүүсээ цомхотгож байна. Үүнийг хэвийн голдиролд нь оруулахын тулд яах ёстой юм бэ?

-Эдийн засаг 10.7 хувиар агшиж, гол салбарууд уналтад орсон байхад компаниуд хүндэрч байгаа гэдэг нь хэнд ч тодорхой юм.

Бид өнөөдөр нийт иргэдийн эрүүл мэнд, амьжиргаа, эдийн засгийг яаж зөв удирдаж бага хохиролтой хурдан сэргээх гэсэн үндсэн гурван асуудлыг оновчтой удирдах шаардлагатай тулгарч байна. Эрүүл мэндийг хамгаалах тал дээр бид хангалттай сайн ажиллаж байна гэж дотоод, гадаадад үнэлж байна. Нөгөө хоёр асуудал дээр бид тодорхой үнэлэлт өгөх нь чухал. Иргэдийн амьжиргааг бид халамжийн бодлогоор, зээл төлөлтийг хойшлуулах аргаар удаан барьж чадах уу. Бид тийм хэмжээний нөөц, хуримтлалтай улс мөн үү гэвэл биш. Гэтэл бид одоо бараг боломжоосоо хэтэрсэн татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт, нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжүүлээд байна. Харин ч 2017-2019 оны хооронд эдийн засаг, төсвийн байдал сайжирсан тулдаа бид энэ хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх түвшинд хүрсэн. Энэ хугацаанд 12 улирал дараалан эдийн засаг өндөр өсөлттэй, төсвийн болон худалдааны тэнцэл эерэг байсан, өв санд тодорхой хэмжээний хуримтлал бий болсон зэрэг нь бидэнд хямралын эсрэг тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Иймд бид бизнесийн салбарыг дэмжих арга хэмжээнд оновчтой, төлөвлөгөөтэй анхаарах шаардлагатай. Одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өргөтгөж зөв салбарыг хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэрээр дэмжих нь бидний эдийн засгаа хамгаалах гол арга зам байх болов уу. Онцгой нөхцөл байдал биднээс түүнд нийцсэн онцгой арга хэмжээ хамгаалалтыг шаардана. Тиймээс бид нөхцөл байдлаа зөв үнэлж, уян хатан, хурдтай оновчтой шийдвэрүүдийг гаргах нь чухал.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Нийслэлийн төсөвт хорин тэрбум төгрөг төвлөрүүллээ

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар нь нийслэлийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, барилга байгууламжийг үнэлэх, түрээслэх, дахин үнэлгээ хийх, болон нийслэлийн харьяа байгууллагын өмч ашиглалтад хяналт тавих, зохицуулалт хийдэг. Өмчийг хамгаалахын зэрэгцээ менежмент хийх, орлого төвлөрүүлэх, хувьчлан борлуулах үүрэг хүлээдэг. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд байр талбайн түрээсийн болон акталсан хөрөнгийн дуудлага худалдааны орлогоор нийслэлийн төсвийг бүрдүүлдэг байна.

Нийслэлд жил бүр хэдэн тэрбум төгрөгийн өртөгтэй байшин барилга нийслэлийн өмчид бүртгэхийн зэрэгцээ мөн жил бүр мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг акталж, нураахыг нь нурааж, хувьчлахыг нь хувьчилдаг. Акталсан барилгын хувьчлал нь хувийн хэвшилд шилжүүлэн, төсөв бүрдүүлэх замаар хувьчлах объектыг нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг байна. Саяхан буюу 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурал болсон.

Тус хурлаар хуучнаар “Автобус-3” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын барилга байгууламжийг хувьчлахаар шийдвэрлэсэн. Тус барилга байгууламж нь 1969 онд ашиглалтад орж байсан. Хурлын шийдвэрийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Нийслэлийн өмч хувьчлал-2020” дуудлага худалдааг зохион байгуулав. Тус дуудлага худалдаанд гурван аж ахуй нэгж байгууллага оролцсон бөгөөд дуудлага худалдааны доод үнэ 15.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж, эхэлсэн. Дуудлага худалдаа дүрэм журмынхаа дагуу амжилттай зохион байгуулагдаж 20.02 тэрбум төгрөгөөр үнэ өсгөж “Камдер ХХК” дуудлага худалдааны ялагч болсон. Харин өнөөдөр “Камдер ХХК” нь нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай худалдах, худалдан авах гэрээгээ байгуулж гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

21.6 сая төл бойжиж байна

2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 79,3% буюу 22,5 сая эх мал төллөөд байна. Бод малын нийт хээлтэгчийн 58,4%, бог малын нийт хээлтэгчийн 81.0% нь тус тус төллөсөн. Өмнөговь, Дундговь аймгуудын хувьд эх малын сувайралт их байгаа тул мал төллөлт 46.2-59.3% явагдаж байна.

Улсын хэмжээнд нийт 22.6 сая төл хүлээн авч, үүний 97.0% буюу 21.6 сая төл бойжиж байна. Малын төрлөөр авч үзвэл 72.5 мянган ботго, 634.7 мянган унага, 1.08 сая тугал, 11.6 сая хурга, 9.2 сая ишиг улсын хэмжээнд бойжиж байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

21.1 сая төл бойжиж байна

2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 77,1% буюу 21,9 сая эх мал төллөөд байна. Бод малын нийт хээлтэгчийн 52,1%, бог малын нийт хээлтэгчийн 78.8% нь тус тус төллөжээ. Мал төллөлтийн явц Баян-Өлгий аймаг 97.3%, Ховд аймаг 93% хамгийн өндөр хувьтай байгаа бол Өмнөговь аймаг 44.4% байна. Улсын хэмжээнд 21.9 сая төл хүлээн авч, 21.1 сая төл бойжиж, төл бойжилт 97%-тай байна. (67,4 мянган ботго, 514.6 мянган унага, 986.7 мянган тугал, 10.8 сая хурга, 8.6 сая ишиг)

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

АНУ-д нэг сая ам. доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж хүргэнэ

Захиалгат нислэгээр Энэтхэг Улсаас 219 лам хүүхдийг эх орондоо авч ирнэ

– Ердийн хэв шинжтэй цэцэрлэг, ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, туслах багшид хүүхдийн хөгжил ахиц, багшийн ачааллыг харгалзан түүний үндсэн цалингийн 10 хувиар нэмэгдэл хөлс олгохоор журамлав

– “Эрхэм чанар” протезийн үйлдвэрлэлийг дэмжих талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай төлөвлөгөөтэй танилцаж, цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлэхэд шаардагдах 1,5 тэрбум төгрөгийн өр, зээлийн төлбөрийг татаас хэлбэрээр 2021 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг ХНХ-ын сайдад даалгаж, Засгийн газрын тэмдэглэл гаргав. Тус үйлдвэр жилд 1500 хиймэл гар хөл, нүд, гажиг засах гутал 500 гаруй, 120 мянган ширхэг таяг, хөтөвч үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Эмнэлэг, сувилал ажиллуулдаг бөгөөд 18 хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд 25 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй аж. Энэхүү үйлдвэрийн үйл ажиллагаа доголдвол хиймэл эрхтэн, тусгай хэрэгсэл шаардлагатай нийт иргэдийн 50–ээс дээш хувийн эрх ашиг хохирох аж. Иймд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

– УОК-ын шийдвэрийн дагуу тусгай дэглэмд шилжиж үндсэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосноос болж БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэг 1.2 тэрбум гаруй төгрөгийн алдагдалд оржээ. Иймд тус хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, санхүүгийн алдагдлыг нөхөж олгохыг Сангийн сайдад зөвшөөрөв.

– АНУ-д коронавируст халдварын цар тахлын улмаас нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болон хүмүүнлэгийн тусламж хүргэхэд зориулж, нэг сая ам. доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв

– Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт бизнес эрхлэгч залуусын төлөөллийг хүлээн авч уулзан технологийн дэвшил, инновацийг ашиглан гарааны бизнес эрхэлж буй иргэдээ дэмжихээ илэрхийлж, ГХ-ны сайдад зарим үүрэг даалгаврыг өгсөн. Энэ хүрээнд ГХ-ны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас зарим гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтанд мэдээллийн технологи, инновацийн асуудал хариуцуулахаар төсөл боловсруулж, танилцуулсныг дэмжин зөвшөөрөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.