Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

НӨАТ-ын баримтаа бүртгүүлэн урамшуулалд хамрагдаарай

ИРГЭДИЙН АНХААРАЛД: НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо

2020 оны 2-р улирлын цахим төлбөрийн баримтаа 2020.07.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн #НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна уу. Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:

1. Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;

2. Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;

3. Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;

4. Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор Цахим татварын системд бүртгүүлсэн байна. /НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын 4.6/

Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана. /НӨАТ-ын тухай хуулийн 15-ийн 4,7,8/

Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Лавлах утас 1800-1288, 75777507

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОГДДОГ ТҮГЭЭМЭЛ 30 ХЭЛБЭР

ХХ зууны эхэнд АНУ-ын Сан Франциско хотын нэгэн зочид буудлын эзэн халтар мөнгө үйлчлүүлэгчдийн ганган бээлийг бохирдуулж байгааг анзааран угаасан мөнгөөр үйлчилж эхэлснээр “мөнгө угаах” гэдэг үг хэллэг анх үүссэн байдаг. Харин түүний дараагаар гэмт хэрэгт хууль бус мөнгө дагалдах болсныг “мөнгө угаах” хэмээн нэрлэх болжээ. Мөнгө угаах гэмт хэрэг далд санхүүжилтийн эх үүсвэрийг зорилгоо болгон ашиглаж, гурван үе шаттайгаар үйлдэгддэг. Нэгдүгээр үе шат байршуулах буюу placement (зорилготойгоор санхүүгийн системд оруулах), хоёрдугаар үе шат тараах буюу layering (зорилготойгоор өөр хэлбэрт шилжүүлэх), гуравдугаар үе шат нэгтгэх буюу integration (хууль бус замаар бий болгосон хөрөнгөө хууль ёсны хөрөнгө болгон эдийн засгийн системд нэвтрүүлэх) болно. Өөрөөр хэлбэл, эхлээд ямар нэгэн нэршил, хэлбэрийн дор мөнгө хадгалж, цогц арилжаагаар эсвэл шилжүүлгийн аргаар хууль ёсны болгох юм.

Мөнгө угаах нь маш олон янзаар үйлдэгддэг тул энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд нэн хүндрэлтэй байдаг. Ингээд дэлхийн дахинд харьцангуй түгээмэл тохиолддог мөнгө угаах 30 хэлбэрийг танилцуулвал:

  1. Бэлэн мөнгийг хууль бусаар угаах. Өнөөгийн байдлаар бэлэн мөнгөний гүйлгээний тайлангийн тогтолцоо олон улс оронд байдаггүй. Тиймээс гэмт хэргээс олсон мөнгийг дээрх тогтолцоо бүрдээгүй улсад нэвтрүүлж, банк санхүүгийн байгууллагад хадгалснаар мөнгө угаах нөхцөл бүрдэх болжээ. Иймээс улс орнууд хилээр нэвтрүүлэх бэлэн мөнгөний хэмжээг хязгаарлаж, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг.
  2. Их хэмжээний бэлэн мөнгийг банкинд хуваан байршуулан хадгалах замаар мөнгө угаах. Зарим улс бэлэн мөнгөний гүйлгээг хянах хатуу тогтолцоотой бөгөөд тодорхой босгоноос дээш дүнтэй гүйлгээг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий байгууллагад зайлшгүй тайлагнах шаардлагатай байдаг. Иймээс мөнгө угаагч их хэмжээний бэлэн мөнгийг тайлагнах ёстой хэмжээнээс доогуур дүнгээр банкид үе шаттайгаар хуваан байршуулж, хяналтаас зайлсхийж байна.
  3. Бэлэн мөнгөний төвлөрөл ихтэй салбарыг ашиглан мөнгө угаах. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж буй этгээд нь бэлэн мөнгөний төвлөрөл ихтэй мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн газар, үнэт эдлэлийн дэлгүүр зэргээр халхавчилж, хуурамч гүйлгээ хийн хууль бусаар олсон мөнгийг хууль ёсны орлого болгон харагдуулах тохиолдол байна.
  4. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг шууд худалдан авах замаар мөнгө угаах. Барилга байгууламж, тансаг зэрэглэлийн машин, эртний эдлэл, урлагийн бүтээл болон бүх төрлийн хувьцаа зэргийг худалдан авч, дамжуулан борлуулж, олсон орлогыг банкинд хадгалснаар хууль ёсны худалдаа болгон харагдуулдаг.
  5. Хувьцаа болон даатгалын салбарын нэргүй өрийн бичиг, фьючерс гэрээг ашиглан мөнгө угаах. Хувьцааны зах зээлийн гүйлгээ өндөр дүнтэй байдаг бөгөөд санхүүгийн арга хэрэгсэл, гүйлгээний төрөл олон янз байдаг тул ихээхэн ярвигтай. Мөнгө угаагч гэмт этгээдүүд дэлхийн хөрөнгийн зах зээлийн хөгжлийг овжиноор ашиглаж, олон улсын санхүүгийн системийг гажуудуулах болсон нь харамсалтай. Мөнгө угаах гэмт хэрэг хувьцаа, өрийн бичиг, фьючерс гэрээний гүйлгээ хэлбэрээр явагдах нь элбэг бөгөөд мөн даатгалын зах зээлээс өндөр дүнтэй даатгал худалдан авч дараа нь буцааснаар бохир мөнгийг хууль ёсны мэт болгож харагдуулдаг байна.
  6. Хилийн чанад дахь санхүүгийн төв, банкны нууц хадгаламж зэргийг ашиглан хувь хүний хөрөнгийн нууцыг хамгаалах нэрийдлээр мөнгө угаах. Зарим улс орон, бүс нутагт нэргүй компани болон хувь хүний хөрөнгийг өндөр нууцлалтай хадгалахыг зөвшөөрдөг. Хууль бусаар олсон орлогыг эдгээр улс болон бүс нутагт нэвтрүүлснээр эх сурвалжийг замхруулахад хялбар болдог.
  7. Үйл ажиллагаа нь тогтворгүй экспорт, импортын компаниар мөнгө угаах. Санхүүгийн бололцоогүй, нэр төдий компанийг ашиглан экспорт, импортын худалдаа хийж буй мэт харагдуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлддэг явдал түгээмэл байна.
  8. Авлигаар олсон мөнгөө угаах. Зарим этгээд албан тушаалаа хаших явцдаа эрх мэдлээ ашиглан авлига, хээл хахуулиар хөрөнгөжиж, улсын хөгжилд ихээхэн хохирол учруулдаг. Дараа нь олсон мөнгөөрөө бизнес эрхлэх нэрийдлээр компани байгуулж, хууль бусаар олсон мөнгөө угаадаг байна. Энэ төрлийн мөнгө угаах хэлбэр нэг онцлогтой. Ямар ч бизнес эрхэлсэн эсвэл фьючерс гэрээ, хувьцааны арилжаа нь “ашигтай” байх бөгөөд ашиг олсон ч, алдагдал хүлээсэн ч, “ашигтай ажиллаж” байгаа мэт харагдуулж, бохир мөнгөө тайлбарлах арга хэрэгслээ болгон хяналтаас зугтахыг оролддог.
  9. Ураг төрлөө ашиглан авлигаар олсон мөнгөө угаах. Зарим этгээд албан тушаал хаших явцдаа эрх мэдлээ ашиглан хээл хахуул авч, ураг төрлийн холбоотой этгээдийн нэр дээр бизнес эрхэлдэг. Энэ нь харьцангуй түгээмэл тохиолддог мөнгө угаах арга бөгөөд төрөл садангийн хүнээр зугаа цэнгэлийн газар, ресторан, бизнес эрхлүүлж гэмт хэргээ халхавчилдаг.
  10. Бусдыг ашиглан авлигаар олсон мөнгөө угаах. Бусдын компанид өөрөө давуу эрх мэдэлтэй байх эсвэл компани байгуулан бусдаар удирдуулан ажиллах боловч, бодит эрх мэдэл өөрт нь байна. Ингэснээр эдийн засгийн харилцаанаас олох бохир мөнгийг өөрийн ААН-ийн дансанд оруулж, хууль ёсны дагуу татвар төлөн тодорхой хэмжээний мөнгийг өөрийн болгоно.
  11. Хил дамнан мөнгө угаах. Одоогоор хамгийн өргөнөөр ашиглагддаг мөнгө угаах хэлбэр бөгөөд бохир мөнгийг хилийн чанадад гаргаж, хууль бусаар олсон мөнгөө угаадаг байна. Нэгдүгээр төрөл: Худалдааны бус аргаар тухайлбал, албан тушаалтан өөрийн хүүхдийг гадаад сургуульд сургах нэрийдлээр сургалтын төлбөр, даатгалын төлбөр, амьжиргааны зардал зэрэг хэлбэрээр гадаад шилжүүлэг хийнэ. Хоёрдугаар төрөл: Худалдааны арга буюу импортын хэмжээг өндөр, экспортын хэмжээг багаар мэдүүлэх хэлбэр. Тухайлбал, мөнгө угаагч этгээд гадны компанитай хамтран импортоор авах тоног төхөөрөмж болон эд материалыг өндөр дүнгээр мэдүүлж, энэ дундаас “унагасан” мөнгөө гадаадад байршуулна. Гуравдугаар төрөл: Гадаадад компани байгуулж, хөрөнгө оруулалт хэлбэрээр гадагш шилжүүлнэ. Дөрөвдүгээр төрөл: Хууль бусаар гадаад гүйлгээ хийдэг этгээдийг ашиглан гадаад шилжүүлэг хийнэ.
  12. Санхүүгийн салбарын өндөр албан тушаалтанд авлига хээл хахуул өгч, гадаад шилжүүлгээр мөнгө угаах. Хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг тухайлбал, хар тамхи мансууруулах бодис худалддаг гэмт бүлэг санхүүгийн салбарын өндөр албан тушаалтанд хээл хахууль өгч, хяналт шалгалтыг сулруулан бохир мөнгөө гадагш шилжүүлдэг.
  13. Хууль ёсны санхүүгийн системийг ашиглан мөнгө угаах. Банк болон банк бус санхүүгийн байгууллагыг ашиглан бохир мөнгөө угаана. Гэмт этгээд хуурамч баримт бичиг ашиглан банкинд олон данс нээлгээд хууль бусаар олсон орлогоо хадгалах эсхүл бусдад шилжүүлдэг.
  14. Цахим сүлжээгээр мөнгө угаах. Гэмт хэрэгтэн интернэт банкаар дамжуулан шилжүүлэг хийн мөнгө угаадаг. Тухайлбал, цахим сүлжээгээр мөрийтэй тоглож, хар мөнгөө “цагаан” болгодог байна.
  15. Хөрөнгө оруулалтаар дамжуулан мөнгө угаах. Гэмт этгээд хөрөнгө оруулалт нэрийдлээр зочид буудал барих, компани байгуулах, дэлгүүр худалдан авах, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийх зэрэг хэлбэрээр мөнгө угаана. Мөн хилийн чанадад компани байгуулж, хөрөнгө оруулалт хийн хууль бусаар олсон ашгийг хуулийн дагуу болгож харагдуулна.
  16. Экспорт, импортыг ашиглан мөнгө угаах. Сэжигтэн экспорт, импортын үнийн дүнг худал мэдүүлэх эсвэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хил дамнуулан бохир мөнгийг шилжүүлдэг.
  17. Аялалын чек ашиглан мөнгө угаах. Гаалийн байгууллага хилээр нэвтрэх иргэдэд тодорхой хэмжээнээс дээш бэлэн мөнгийг мэдүүлэх шаардлага тавьдаг бөгөөд мэдүүлээгүй этгээдийн зөвшөөрөгдсөн хязгаараас давсан мөнгийг хураан авдаг. Харин аялалын чект мөнгөн дүнгийн хязгаар тавьдаггүй бөгөөд гуравдагч этгээдэд шилжүүлэн хэрэглэх боломжтойгоос гадна банкинд бэлэн мөнгө болгон солиулж болдог байна.
  18. Казиногийн чип шууд бусаар солилцож мөнгө угаах. Казиногоос чип авч, мөнгө угаагчид дамжуулна. Ингэснээр чипийг бэлэн мөнгө болгон солих (дийлэнхдээ 5 хувь орчмын шимтгэлтэй) бөгөөд казиногоос мөнгө хожсон болгон харагдуулна. Ингэснээр мөнгөн тэмдэгт дээрх дугаараар мөнгө угаагч этгээдийг шалган тогтоох боломжгүй болдог.
  19. Үнэт эдлэлийг “бага үнээр худалдан авч, өндөр үнээр худалдах” зэргээр хуурамчаар наймаалцаж, мөнгө угаах. Эртний болон үнэт эдлэл, үнэ бүхий хадгалсан эд зүйлийг “бага үнээр худалдан авч, өндөр дүнгээр үнэлэн худалдах” хэлбэрээр мөнгийг хууль ёсны дагуу солилцоо болгон дансанд хийн мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх болсон. Энэ төрлийн мөнгө угаах арга дийлэнхдээ авлигын шинжтэй байдаг.
  20. Сангаар дамжуулан мөнгө угаах. Цөөнгүй улс төрч, аж ахуйн нэгж, консорциум сан байгуулан хуурамчаар хандив өгөн татвараас зайлсхийдэг. Эсвэл гамшиг тохиолдсон нэрийдлээр өөрийн сан болон хувь хүний дансанд хандив цуглуулан хувьдаа ашигладаг. Мөнгө угаагч буяны сангуудыг ашиглан харилцан мөнгө шилжүүлэн улс дамнан мөнгө угаах тохиолдол их гардаг.
  21. Олон улсын шилжүүлэг байнга хийх (хуучин дансаа устгадаг), шууд улс дамнуулан зөөвөрлөх хэлбэрийн мөнгө угаах. Тодорхой хугацаанд хадгалж болдог шилжүүлгийн баримтыг ашиглан мөнгө угаана. Транзит хийх эсвэл гаалийн байгууллагад шалгуулахгүй нэвтрэх эрх бүхий этгээдийг ашиглан мөнгийг гадагш зөөвөрлөнө. Ингэхдээ ихэвчлэн 100-тын ам.долларын дэвсгэртийг ашигладаг.
  22. Бусдын хувийн мэдээллийг ашиглан мөнгө угаах. Мөнгө угаагч бусдын хувийн мэдээллийг ашиглан нууцаар данс нээн бохир мөнгийг тараан байршуулж, бусдын хараанд өртөхгүй байх боломжоо бүрдүүлдэг. Гэхдээ хувийн мэдээллээ алдсан этгээд банкны үйлчилгээ авахдаа данстай гэдгээ мэдэх эрсдэлтэй тул мөнгө угаагч бусдын хувийн мэдээллийг ашиглан дансаа гадаад улсад нээлгэдэг. Иймд хувь хүн өөрийн хувийн нууцыг алдагдахаас сэргийлж байх хэрэгтэй.
  23. Валютын харилцах данс ашиглан мөнгө угаах. Бага мөнгөн дүнгээр олон удаа хадгаламжид орлого хийж, гадаад улсад очин валютаар зарлагадан авна. Үүнийг “шоргоолжоор тоосго зөөлгөх” хэмээн нэрлэдэг бөгөөд бусдын хувийн мэдээллийг ашиглан данс нээлгэх аргатай хослуулан үйлддэг.
  24. Улс дамнасан гүйлгээгээр мөнгө угаах. Бодит бүтээгдэхүүнгүй үйлдвэрлэл үйлчилгээнд ихэвчлэн үйлдэгдэнэ. Гүйлгээний мөнгөн дүнг хуурамчаар үйлдэн хууль ёсны дагуу гадаад дахь брокерын дансанд шилжүүлнэ. Гадаад дахь дансаар мөнгөө хуваарилан анхны гүйлгээний мөнгөн дүнгээ засах, брокерын хөлс болон угаах мөнгөө гарган авна.
  25. Зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлж мөнгө угаах. Үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар валютын арилжаа эрхлэхээс гадна, бэлэн мөнгөөр нэр тэмдэглэдэггүй гадаадын чек авч хэрэглэгчдэд тараан, гадаадын дансанд хадгалуулна.
  26. Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжийн санхүүжилтийг ашиглан мөнгө угаах. Ихэвчлэн банк санхүү, даатгалын салбарт үйлдэгдэх бөгөөд их хэмжээний бэлэн мөнгийг гадагш зөөвөрлөдөг.
  27. Бусдын нэрийг ашиглан үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар мөнгө угаах. Бусдын нэрийг ашиглан үл хөдлөх хөрөнгө худалдан авна. Гүйцэтгэгч зах зээлийн үнээс 30-50 хувийн хөнгөлөлттэйгээр худалдан авч, бэлнээр тооцоог хийсэн болгон харагдуулна. Барилга ашиглалтад орохоос өмнө зах зээлийн үнийг 100 хувиар тооцон буцаалт хийнэ.
  28. Хуурамч зээлээр мөнгө угаах. Авлига, хээл хахуулиар үйлдэгдэнэ. Урт хугацааны вексель болон чекийг ашиглан зээлийн хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэн өгөх болон банкинд бэлэн мөнгө болгон хөрвүүлэн авна.
  29. Хуурамч дэвсгэртээр мөнгө угаах. Хуурамч дэвсгэрт ашиглан олон удаа бага дүнтэй худалдан авалт хийнэ.
  30. Дэлгүүрийн бэлгийн картыг ашиглан мөнгө угаах. Танил талаа ашиглан ямар нэгэн их дэлгүүрийн бэлгийн картыг их хэмжээгээр худалдан авч, аль нэг компанийн ажилчдад баяр болон тэмдэглэлт өдрөөр хангамж болгон тараах замаар үйлддэг. Бэлгийн картыг бэлэн мөнгөөр сольж болдоггүй онцлогтой.

Үүнээс гадна хууль ёсны орлоготой нийлүүлэх, давхар нэхэмжлэх болон зээлийн карт ашиглах, валютын арилжаа, цахим сүлжээ, итгэлцлийн хэлбэрээр мөнгө угаах зэрэг энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх тохиолдол элбэг байна. Үүнээс гадна хуульч, нотариат, нягтлан болон бусад мэргэжлийн хүнийг ашиглан мөнгө угаах, мөн санхүүгийн байгууллагыг ашиглах, ядуу буурай орны засгийн газрын төслөөр мөнгө угаах гэмт хэрэг дэлхий дахинд түгээмэл үйлдэгдэж, санхүүгийн дэг журмыг алдагдуулан улс орны хөгжилд ихээхэн хохирол учруулж байна.

Мөнгө угаах гэмт хэрэг дэлхий нийтийг хамарсан, улам нарийн зохион байгуулалтын шинжтэй болж байгаа хэдий ч нөгөө талдаа олон улсын хууль сахиулах байгууллага, холбоодын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны уялдаа холбоо сайжирч энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, тодорхойлох арга техник мөн хөгжиж байна.

Иймд аливаа иргэн, аж ахуйн нэгж санаатай болон санамсаргүй байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр байгааг анхаарч, санхүүгийн үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу, мэргэжлийн ёс зүйтэй явуулах нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

ТЕГ

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хүнсний дэлгүүрүүд шөнийн 00:00 цаг хүртэл ажиллана

Чингэлтэйд 8 нэрийн хүнсний дэлгүүр зарна

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616 дугаар захирамжид өөрчлөлт орж байгаа тухай зарим эх сурвалж мэдээлжээ. 07:00-22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ААН-ийн цагийн хуваарийг энэ сарын 26-наас эхлэн 00:00 цаг болгон сунгаж өмнө нь ажиллаж байсан ердийн цагийн хуваарьт оруулахаар болжээ. Уг шийдвэр гарснаар хүнсний дэлгүүрүүд шөнийн 00:00 цаг хүртэл ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТОЙМ

Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлт – NewsWall

COVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх долоо хоног тутмын гадаад орчны тойм мэдээллийн 13 дахь дугаарыг хүргэж байна.

Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд 6-р сарын 4-өөс 6-р сарын 11-ний байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыг эндээс татаж авна уу.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ДУРСГАЛЫН ЗООСНЫ ҮНЭ ШИНЭЧЛЭГДЭЖ, ОНЛАЙНААР ХУДАЛДААЛЖ БАЙНА

Монголбанк төлбөрийн хэрэгсэл, дурсгалын зоос судлаач, цуглуулагч, сонирхогчдын цуглуулгыг дэмжиж, бэлэг дурсгалын зориулалтаар худалдаалж байгаа дурсгалын алтан зоос, мөнгөн зоос, алтан гулдмайн үнийг шинэчлэн тогтоогоод байна. Иймд Монголбанкнаас гаргаж буй дурсгалын зооснуудыг онлайнаар худалдаж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудсанд байршууллаа.

Алтан зоос, алтан гулдмайн талаарх нэмэлт мэдээллийг Эрдэнэсийн сангийн 11-329677 дугаарын утсанд хандаж авна уу.

Мөн худалдаанд шинээр 3 унцийн 999 сорьцтой “Хот Мандал” алтаар бүрсэн мөнгөн зоос, 1 унцийн 999 сорьцтой “Мажестик Бүргэд” мөнгөн зоосыг гаргалаа.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Зарим үйлчилгээний газрыг нээх талаар албаныхан ажиллаж байна

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед тогтоосон зарим хязгаарлалтыг сулруулна

УОК-оос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж буй зарим хязгаарлалтыг сулруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж эхэлжээ. Тухайлбал, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд 22 цаг хүртэл ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг 24 цаг буюу 00.00 цаг хүртэл ажиллуулах, зарим үйлчилгээний газрыг нээх талаар холбогдох газрууд ажиллаж байгаа аж. Тухайлбал, Номын сан, музей, кинотеатрын үйл ажиллагааг нээх тухай яригдаж байгаа аж. Түүнчлэн УОК-оос хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд төрийн байгууллагуудын шалгалт нэрийдлээр ажилд нь саад учруулахгүй байх чиглэлийг мэргэжлийн байгууллагуудад өгсөн билээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Дурсгалын зоосыг онлайнаар худалдаалж байна

Монголбанк төлбөрийн хэрэгсэл, дурсгалын зоос судлаач, цуглуулагч, сонирхогчдын цуглуулгыг дэмжиж, бэлэг дурсгалын зориулалтаар худалдаалж байгаа дурсгалын алтан зоос, мөнгөн зоос, алтан гулдмайн үнийг шинэчлэн тогтоожээ. Монголбанкнаас гаргаж буй дурсгалын зооснуудыг онлайнаар худалдаж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудсанд байршууллаа. Худалдаанд шинээр гурван унцийн 999 сорьцтой “Хот мандал” алтаар бүрсэн мөнгөн зоос, нэг унцийн 999 сорьцтой “Мажестик бүргэд” мөнгөн зоосыг гаргажээ.

Мөн алтан зоос, алтан гулдмайн талаарх нэмэлт мэдээллийг Эрдэнэсийн сангаас авч болох юм байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

370 орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр өмчлүүлнэ

370 орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр өмчлүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд Орон сууц хуваарилах ажил зохион байгуулах тухай хэлэлцлээ.
Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байрлах халамжийн түрээсийн “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байрын 300 орон сууц болон Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутагт байрлах энгийн түрээсийн 63-1, 63-2 дугаар байрны 70 орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд хуваарилах танилцуулгыг Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар танилцууллаа.
НОСК-иас иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах ажлуудыг үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээндээ “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд дээрх гурван байрыг түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлэх асуудлыг судлажээ. Судалгааны дүнг танилцуулбал, “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаарны 120 өрхийн 112 нь түрээслээд өмчлөх хэлбэрийг зөвшөөрсөн байна. Тиймээс холбогдох албаныхан нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан түрээсийн орон сууцуудыг түрээслээд өмчлөх хэлбэрт оруулснаар зорилтод бүлгийн иргэдийг өөрийн өмчлөлийн хямд өртөгтэй орон сууцаар хангах боломжтой гэж үзжээ.
Орон сууцуудыг 15 жил хүртэлх хугацаатайгаар түрээслээд өмчлөх зохицуулалт НОСК-иас хийжээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн орлогодоо нийцүүлэн төлөх хугацаагаа сонгох боломжтой. Тодруулбал, “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байранд амьдарч буй иргэд түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлснээр иргэд байрныхаа талбайгаас хамаараад таван жилийн хугацаанд сард 410-710 мянган төгрөг төлөөд байраа өмчлөх боломжтой аж. Эсвэл 10 жилийн хугацаанд сар бүр 280-410 мянган төгрөг төлж, өмчлөх боломж мөн бий ажээ. Харин Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутагт байрлах энгийн түрээсийн 63-1, 63-2 дугаар байрны оршин суугчид сард 632-996 мянган төгрөг төлөөд таван жилийн дараа байраа өмчлөх боломжтой. Өрхийн орлогодоо нийцүүлэн хугацааг 10 жил болговол сард 365-576 мянган төгрөг төлж болно. Эсвэл иргэд төлбөрөө урьдчилан төлөх боломжтой гэдгийг НОСК-ийн захирал Б.Сүхбаатар хэллээ. Тэрбээр “Дээрх байрнуудыг төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан учраас төлбөрт хүү бодохгүй. Төвлөрч буй хөрөнгөөр эргүүлээд түрээсийн орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Цаашид иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах ажлыг үе шаттай зохион байгуулна” гэсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “НОСК-иас танилцуулж байна, түрээсийн орон сууцанд айлууд дамжин өнгөрөх зарчмаар амьдардаг учраас ашиглалт муудаж байгаа гэж. Эдгээр айлуудад байрыг 2013, 2014 онд олгосон байдаг. Нэг талдаа байрны ашиглалтыг сайжруулах хүрээнд, мөн иргэдийн хүсэлтийн дагуу түрээсийн байрыг өмчлүүлэх нь зөв ажил юм. Түрээсийн байрыг өмчлүүлснээр цаашид энэ мэт байрны эрэлт нэмэгдэнэ. Тиймээс та бүхэн тодорхой ажлыг зохион байгуулаарай” гэсэн юм.
Тэргүүлэгчид хэлэлцээд 370 орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлэхийг дэмжиж, тогтоол батлав. Ингэснээр 370 өрх орон сууцтай болох боломж бүрдэв.
Ташрамд, Нийслэлийн орон сууцны санд 1900 орон сууц байгаа аж. Өнгөрсөн онд түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцтай болгох ажлыг эхлүүлж, 300 өрхийг орон сууцтай болгосон. Тэгвэл өнөөдөр нэмж 370 өрхийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд оруулах ажлыг эхлүүллээ.

Categories
гадаад мэдээ эдийн-засаг

Мөнгө угаахтай холбоотойгоор биткойны АТМ-ууд чанга зохицуулалттай болно

Шинжээчдийн үзэж байгаагаар биткойны АТМ-уудын эрх зүйн зохицуулалт дэлхийн дахинд улам бүр чанга болох бөгөөд Канад, Герман улсууд мөнгө угаахтай тэмцэх зорилгоор аль хэдийнээ холбогдох зохицуулалтыг улам бүр чангаруулаад байна.

“CipherTrace” компаниас 6 дугаар сарын 2-нд гаргасан тайланд дурдсанаар 2019 онд АНУ дахь биткойн АТМ-уудаас хийгдсэн гүйлгээний 74 хувь нь тус улсаас гадагш хийгдсэн байна. Мөн АНУ дахь крипто АТМ-уудаас виртуал валютын арилжаа солилцоонд орсон мөнгөний 88 хувь нь гадаадад шилжсэн болохыг тайланд дурдсан байна. Энэхүү дүн нь сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд 2017 оны жилийн дүнгээс хоёр дахин нэмэгдсэн байна.

“CipherTrace” компанийн технологийн ахлах ажилтан Жон Жеффригийн үзэж байгаагаар биткойны АТМ-ууд нь “илүү зохицуулалт шаардах” бөгөөд цаашид крипто АТМ-уудтай холбоотой “жигд зохицуулалт болон хяналтыг бий болгох шаардлагатай” байгааг онцолсон байна.

Канад Улс биткойны АТМ-уудтай холбоотой зохицуулалтаа чангаруулав. Канад Улс виртуал валюттай холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа компаниудынхаа талаар шинэ зохицуулалт гаргаснаас хоёр өдрийн дараа “CipherTrace”-ийн тайлан гарсан юм.

Канадын биткойны холбооны ажилтан Фрэнцис Пулиот болон орон нутгийн криптовалют арилжааны “BullBitcoin” компанийн үзэж байгаагаар дээрх шинэ зохицуулалт нь криптог бэлэн мөнгө болгож буй компаниудад голлон нөлөөлөх бөгөөд ялангуяа биткойн АТМ-ны операторуудад ихээр нөлөөлөх аж. Биткойн АТМ-ны операторууд 10000 болон түүнээс дээш дүн бүхий канад доллартай тэнцэх бүх гүйлгээг мэдээлэх ёстой болсон.

Мөнгө угаах асуудалтай холбоотойгоор биткойны АТМ-уудыг хотын хэмжээнд хориглох тухай Ванкувер хотын захирагчийн уриалгатай зэрэгцэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 6 дугаар сард баталсан билээ.

“CoinATMradar”-ийн үзэж байгаагаар одоогийн байдлаар Канад Улсад 778 крипто АТМ ажиллаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт 7958 АТМ-уудын бараг 10 хувьтай тэнцүү байгаа юм.

Бусад улсын зохицуулалт

2019 оны 7 дугаар сард Испанийн цагдаа нар орон нутгийн нэгэн гэмт бүлэг Биткойны АТМ-уудыг ашиглан 10 орчим сая ам. доллар угаасны илрүүлсний дараа Европын мөнгө угаахтай тэмцэх зохицуулалтад крипто АТМ-ууд нь сул цэг болж байгааг онцолсон байдаг.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Дотоод орлогын албанаас криптовалютын хууль бус ашиглалтад шалгалт хийсэн нь Биткойн АТМ-уудыг ашигласнаас үүдэлтэй татварын асуудал байгааг харуулсан.

Германы Санхүүгийн зах зээлийн байгууллага (BaFin) энэ оны 3 дугаар сард зөвшөөрөлгүй Биткойны АТМ-уудын эсрэг арга хэмжээ авсан. Тус улсад өмнө нь хэрэгжиж байсан криптовалютын зохицуулалт дахь сул орон зайг арилгах зорилгоор мөнгө угаахтай тэмцэх шинэ зохицуулалтыг бий болгосны дараа уг арга хэмжээг авсан байдаг.

АТГ

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Гарсан төлийн 95.9 хувь буюу 21.7 сая төл бойжиж байна

Төл бойжилт 99.7 хувьтай байна

Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний таван сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулав. Улсын хэмжээнд 2019 оны эцэст төллөх насны нийт 31 сая хээлтэгч мал тоолжээ. Хээлтэгч малын 22.6 сая буюу 72.9 хувь нь энэ оны эхний таван сард төллөсөн байна. Эм хонины 78.4 хувь, эм ямааны 71.6 хувь, үнээний 60 хувь, гүүний 48.8 хувь, ингэний 43.6 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 95.9 хувь буюу 21.7 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 159.1 мянгаар буурсан аж. Том малын зүй бус хорогдол энэ оны эхний таван сард 1.2 сая болж, өмнөх оны мөн үеэс 590 мянгаар нэмэгдсэн байна.