Categories
мэдээ эдийн-засаг

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн данс руу орж эхэлжээ

НӨАТ-ын буцаан олголтын баримт бүртгэл нэгдүгээр сарын 8-ны 23:59 ...

НӨАТ-ын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрт олгож байгаа. Тэгвэл хоёрдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн данс руу орж эхэлсэн байна. Татварын ерөнхий газраас мэдээлснээр 2020 оны долдугаар сард багтаан хоёрдугаар улирлын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлэхээ мэдэгдэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

30 сая төгрөгийн азтан тодров

Худалдаа үйлчилгээний газруудын дийлэнх нь “и-баримт“ олгохгүй байна

НӨАТ-ын сугалааны тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд VI сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30 087 473 баримт хамрагдан, 30 сая төгрөгийн эзэн тодорчээ. Сугалааны 84204283 дугаартай иргэн 30 сая төгрөгийн эзэн болсон байна. Мөн 5 сая төгрөгийн 4, 3 сая төгрөгийн 29, 1 сая төгрөгийн 286, 100 мянган төгрөгийн 2711, 30 мянган төгрөгийн 26 926 азтан тодорлоо.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

НӨАТ: Тохирлын супер шагнал 30 сая төгрөг

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. 2020 оны 6 дугаар сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Энэ намар 3000 гаруй тонн жимс жимсгэнэ хурааж авна

Засгийн газраас “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөр баталлаа

Засгийн газар 2017 онд “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” хөтөлбөрүүд баталснаас “Жимс, жимсгэнэ хөтөлбөр”-өөр 2022 онд тариалах 12 мянган га-гаас 10 мянгад нь чацаргана, 2 мянган га-д бусад жимс тариална. Энэ онд тариалалтыг 8 мянган га-д хүргэхээс өнөөдрийн байдлаар зорилтот хөтөлбөр 80 гаруй хувьтай байгаа талаар ХХААХҮЯ мэдээллээ. Энэ жил 6.7 мянган га-д жимс жимсгэнэ тариалахаас 5.5 мянган га-д чацаргана, 500 га-д бусад жимс жимсгэнэ тариална.

Энэ намар 3 мянга гаруй тонн жимс жимсгэнэ хурааж авах урьдчилсан тооцоо гарчээ. Энэ жил жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх хүрээнд тариалах хүсэлт гаргасан ААН, иргэдэд 10.4 мянган ширхэг чацарганы суулгацыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоод байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ЖДҮ-ийн зээлийн төсөл шалгаруулах эхний шат дуусчээ

ЖДҮ-ийн хөнгөлттэй зээл олгох ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА дуусахад ...

ЖДҮХС-гаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл авах нийт 1579 төслийн 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт тус сангийн цахим системд бүртгэгджээ. Ингэснээр ЖДҮ-ийн зээлийн шалгуур хангасан эсэх болон хавсралт материалын иж бүрдлийг шалгах ажил хийгдэж дууссан талаар ХХААХҮЯ мэдээллээ.

ЖДҮХС-гаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 20 хүртэл нийслэлд цахим системээр дамжуулан, орон нутагт цаасан хэлбэрээр хүлээн авсан юм.

Санд цахимаар 769 ААН хүсэлтээ ирүүлснээс холбогдох журмын дагуу зээлийн шалгуур хангаагүй 293 ААН, материалын бүрдлийн шалгуур хангаагүй 131 аж ахуйн нэгжийн төсөл дараагийн шатанд тэнцээгүй байна. Харин зээлийн болон иж бүрдлийн шалгуур хангаж дараагийн шат буюу урьдчилсан судалгааны шатанд 99 тэрбум төгрөгийн зээл хүссэн 345 ААН тэнцжээ. Өнгөрсөн онд зээлийн хүсэлт, баталсан төсвийн харьцаа 10 дахин их байсан бол энэ оны зээлийн хүсэлтийн хэмжээ баталсан төсвийн хэмжээнээс 4.7 дахин их байна.

Хүсэлт ирүүлсэн ААН https://smefund.gov.mn/ холбоосоор нэвтэрч бүртгэгдсэн утасны дугаар болон тусгайлан олгосон зээлийн өргөдлийн дугаар SME кодоор нэвтэрч тэнцээгүй төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

Categories
мэдээ эдийн-засаг

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гаригт явагдана

ИРГЭДИЙН АНХААРАЛД: НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо

НӨАТ-ын урамшууллын 2020 оны VII сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 19-ний ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны VI сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Тохирлын супер шагнал 30 сая төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх түр журмыг хэлэлцэн тохирчээ

Замын-Үүд-Эрээний хоорондын эдийн засгийн бүс байгуулна

Цар тахлын аюул арилаагүй энэ цаг үед хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн солилцоо, бараа тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар Монгол Улс, БНХАУ-тай зөвшилцөж, цар тахлын үед хэрэгжүүлэх “Ногоон гарц”-ын түр журмыг хэлэлцэн тохирчээ.

Ингэснээр хоёр талын худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон бүтээн байгуулалтын төслийн ажилд оролцох инженер, техникийн ажилтан, мөн зайлшгүй зорчих шаардлагатай иргэдийг хил нэвтрүүлэх боломж нээгдэх юм.

Түр журмын бүрэн эхтэй танилцна уу.

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТЫН “НОГООН ГАРЦ”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ

Нэгдүгээр зүйл. Зорчигчийн хөдөлгөөний талаар

  • “Ногоон гарц”-аар зорчигч
  • Монгол, Хятад хоёр улсын хилийн авто замын боомтоор тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолооч;
  • Монгол, Хятад хоёр улсын худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд зайлшгүй оролцох инженер техникийн ажилтан, хоёр улсын Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүд.

Хэрэгжүүлэх бүс нутаг

  • Монгол, Хятадын хилийн хуурай замын заасан боомтууд.

Хүсэлт гаргах

  • Тээврийн машины жолоочийг талуудын холбогдох байгууллагын зөвшөөрлөөр тэдгээрийн нэрсийг хоёр талын орон нутгийн засаг захиргааны байгууллага харилцан солилцсоны үндсэн дээр шуурхай нэвтрүүлнэ. Олон улсын ачаа тээврийн жолооч нарт визийн зөвшөөрөл олгож, хилийн боомтоор нэвтрэхэд нь таатай нөхцлийг бүрдүүлнэ.
  • Тээврийн жолоочоос бусад Монгол Улсын иргэд улсын хилээр зорчихоосоо өмнө өөрийн улсын Гадаад харилцааны яаманд хүсэлт гаргаж, Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан хятадын талын боомт байрлах орон нутгийн Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх удирдлагын төвд бичгээр хүсэлт хүргүүлж асуудлыг шийдвэрлэнэ. Хятадын талын тээврийн жолоочоос бусад иргэдийг илгээх байгууллага болон аж ахуйн нэгж тухайн боомт байрлах орон нутгийн Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх удирдлагын төвд бичгээр хүсэлт гаргаж, ажилтнуудын нэрсийг мэдүүлж, улмаар өөрийн улсын Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан Монгол Улсын Онцгой комисст бичгээр хүсэлт хүргүүлж асуудлыг шийдвэрлэнэ. Хоёр талын холбогдох байгууллага зөвшөөрөл олгосны үндсэн дээр заасан боомтоор нэгдсэн зохион байгуулалттайгаар хилээр нэвтрүүлнэ.

Хил нэвтрэхээс өмнөх эрүүл мэндийн шинжилгээ

  • Зөвшөөрөл бүхий иргэд хил нэвтрэхээс 72 цагийн дотор талууд харилцан хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн байгууллагад КОВИД-19-ийн нуклейн хүчлийн түргэвчилсэн шинжилгээ хийлгэж, өвчний халдваргүй гэдгээ нотолсон тодорхойлолт авах бөгөөд шинжилгээний бичиг 7 хоног хүчинтэй байна.

Хилээр нэвтрэх үеийн хорио цээр болон тусгаарлалт

  • Тээврийн жолооч хилээр нэвтэрсний дараа тухайн орон нутгийн халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх байгууллагын хяналт тогтоосон бүсэд заасан маршрутаар зорчиж, бусадтай аль болох бага харьцана. Ачаа бараагаа буулгаж дууссаны дараа буцаж шуурхай хил гарах бөгөөд тогтоосон бүсэд заасан маршрутаар зорчсон тээврийн жолооч нуклейн хүчлийн түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Замын-Үүд–Эрээн, Баянхошуу–Өвдөг, Гашуунсухайт–Ганцмод, Шивээхүрэн–Сэхээ, Бичигт–Зүүнхатавч, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн боомтын бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах ажлыг тухайн орон нутгийн захиргаа хариуцах бөгөөд биеийн байдал хэвийн байгааг тогтоосны дараа шинжилгээ авахгүй байж болно. Орон нутгийн захиргаа тээврийн жолоочоос тогтмол хугацаанд нуклейн хүчлийн шинжилгээ авч, хүчинтэй хугацааг тодорхой зааж өгнө.
  • Холбогдох зорчигчийг хилээр нэвтрүүлэхдээ хоёр талын холбогдох байгууллага /монголын талаас хилийн мэргэжлийн хяналтын байгууллага, хятадын талаас гаалийн байгууллага/ эрүүл мэндийн мэдүүлгийн хуудас бөглүүлэх, биеийн халуун хэмжих, нуклейн хүчлийн түргэвчилсэн шинжилгээ хийх болон эмнэлзүйн тандалт, халдварт өвчний судалгаа, эмнэлгийн үзлэг шалгалт зэрэг хилийн хорио цээрийн хяналт шалгалтыг чанд хэрэгжүүлж, хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрүүлнэ. Зорчигч хилээр нэвтэрсний дараа тухайн улсын халдварт өвчинтэй тэмцэх холбогдох хууль журмыг дагаж мөрдөнө.

Хоёрдугаар зүйл. Ачаа тээврийн хөдөлгөөний талаар

  • Талууд монголын талын аж ахуйн нэгж, хувь хүн Хятад улсаас хүнсний бүтээгдэхүүн /Замын-Үүд–Эрээн, Гашуунсухайт–Ганцмод, Шивээхүрэн–Сэхээ/ өргөн хэрэглээний бараа, барилгын материал /Замын-Үүд–Эрээн, Гашуунсухайт–Ганцмод, Шивээхүрэн–Сэхээ, Баянхошуу–Өвдөг, Бичигт–Зүүнхатавч, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн/ авах ажиллагааг улам хялбаршуулах, хил дамнасан цахим худалдааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж, цахимаар захиалга өгөх, боомтын заасан газарт ачаа бараа хүлээлгэж өгөх зэргээр эрсдэлийг бууруулж, хил нэвтрэх хэмжээг нэмэгдүүлнэ.

2.2 Монголын талаас экспортлох хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг тухайн өдрийн 11:00 цагаас өмнө хилээр нэвтрүүлж, гааль, мал эмнэлэг болон бусад шаардлагатай бичиг баримт үнэн зөв, бүрэн гүйцэд, хүчинтэй тохиолдолд хяналт шалгалтыг түргэвчилсэн горимоор хийж, хорио цээрийн шаардлагыг хангасны дараа гаалийн бүрдүүлэлт хийж явуулна.

2.3 Холбогдох боомт /Замын-Үүд–Эрээн, Гашуунсухайт–Ганцмод, Шивээхүрэн–Сэхэ, Ханги–Мандал, Булган–Такашикэн/-ын тогтоосон бүсэд нүүрс тээвэрлэж буй монголын талын тээврийн хэрэгсэл хятадын хилээр нэвтэрсний дараа бусад хүнтэй харьцахгүйгээр ачаагаа буулгана.

Энэхүү журмыг КОВИД-19 цар тахлын онцгой дэглэмийн үед түр хугацаанд баримтлан ажиллана. Хоёр тал дипломат шугамаар харилцан мэдэгдсэнээр энэхүү журам нь хүчин төгөлдөр болно. Энэхүү түр журмыг хүчингүй болгох асуудлыг талууд дипломат шугамаар тохиролцоно.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОГДОХ ТҮГЭЭМЭЛ 30 ХЭЛБЭР

ХХ зууны эхэнд АНУ-ын Сан Франциско хотын нэгэн зочид буудлын эзэн халтар мөнгө үйлчлүүлэгчдийн ганган бээлийг бохирдуулж байгааг анзааран угаасан мөнгөөр үйлчилж эхэлснээр “мөнгө угаах” гэдэг үг хэллэг анх үүссэн байдаг. Харин түүний дараагаар гэмт хэрэгт хууль бус мөнгө дагалдах болсныг “мөнгө угаах” хэмээн нэрлэх болжээ. Мөнгө угаах гэмт хэрэг далд санхүүжилтийн эх үүсвэрийг зорилгоо болгон ашиглаж, гурван үе шаттайгаар үйлдэгддэг. Нэгдүгээр үе шат байршуулах буюу placement (зорилготойгоор санхүүгийн системд оруулах), хоёрдугаар үе шат тараах буюу layering (зорилготойгоор өөр хэлбэрт шилжүүлэх), гуравдугаар үе шат нэгтгэх буюу integration (хууль бус замаар бий болгосон хөрөнгөө хууль ёсны хөрөнгө болгон эдийн засгийн системд нэвтрүүлэх) болно. Өөрөөр хэлбэл, эхлээд ямар нэгэн нэршил, хэлбэрийн дор мөнгө хадгалж, цогц арилжаагаар эсвэл шилжүүлгийн аргаар хууль ёсны болгох юм.

Мөнгө угаах нь маш олон янзаар үйлдэгддэг тул энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд нэн хүндрэлтэй байдаг. Ингээд дэлхийн дахинд харьцангуй түгээмэл тохиолддог мөнгө угаах 30 хэлбэрийг танилцуулвал:

  1. Бэлэн мөнгийг хууль бусаар угаах. Өнөөгийн байдлаар бэлэн мөнгөний гүйлгээний тайлангийн тогтолцоо олон улс оронд байдаггүй. Тиймээс гэмт хэргээс олсон мөнгийг дээрх тогтолцоо бүрдээгүй улсад нэвтрүүлж, банк санхүүгийн байгууллагад хадгалснаар мөнгө угаах нөхцөл бүрдэх болжээ. Иймээс улс орнууд хилээр нэвтрүүлэх бэлэн мөнгөний хэмжээг хязгаарлаж, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг.
  2. Их хэмжээний бэлэн мөнгийг банкинд хуваан байршуулан хадгалах замаар мөнгө угаах. Зарим улс бэлэн мөнгөний гүйлгээг хянах хатуу тогтолцоотой бөгөөд тодорхой босгоноос дээш дүнтэй гүйлгээг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий байгууллагад зайлшгүй тайлагнах шаардлагатай байдаг. Иймээс мөнгө угаагч их хэмжээний бэлэн мөнгийг тайлагнах ёстой хэмжээнээс доогуур дүнгээр банкид үе шаттайгаар хуваан байршуулж, хяналтаас зайлсхийж байна.
  3. Бэлэн мөнгөний төвлөрөл ихтэй салбарыг ашиглан мөнгө угаах. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж буй этгээд нь бэлэн мөнгөний төвлөрөл ихтэй мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн газар, үнэт эдлэлийн дэлгүүр зэргээр халхавчилж, хуурамч гүйлгээ хийн хууль бусаар олсон мөнгийг хууль ёсны орлого болгон харагдуулах тохиолдол байна.
  4. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг шууд худалдан авах замаар мөнгө угаах. Барилга байгууламж, тансаг зэрэглэлийн машин, эртний эдлэл, урлагийн бүтээл болон бүх төрлийн хувьцаа зэргийг худалдан авч, дамжуулан борлуулж, олсон орлогыг банкинд хадгалснаар хууль ёсны худалдаа болгон харагдуулдаг.
  5. Хувьцаа болон даатгалын салбарын нэргүй өрийн бичиг, фьючерс гэрээг ашиглан мөнгө угаах. Хувьцааны зах зээлийн гүйлгээ өндөр дүнтэй байдаг бөгөөд санхүүгийн арга хэрэгсэл, гүйлгээний төрөл олон янз байдаг тул ихээхэн ярвигтай. Мөнгө угаагч гэмт этгээдүүд дэлхийн хөрөнгийн зах зээлийн хөгжлийг овжиноор ашиглаж, олон улсын санхүүгийн системийг гажуудуулах болсон нь харамсалтай. Мөнгө угаах гэмт хэрэг хувьцаа, өрийн бичиг, фьючерс гэрээний гүйлгээ хэлбэрээр явагдах нь элбэг бөгөөд мөн даатгалын зах зээлээс өндөр дүнтэй даатгал худалдан авч дараа нь буцааснаар бохир мөнгийг хууль ёсны мэт болгож харагдуулдаг байна.
  6. Хилийн чанад дахь санхүүгийн төв, банкны нууц хадгаламж зэргийг ашиглан хувь хүний хөрөнгийн нууцыг хамгаалах нэрийдлээр мөнгө угаах. Зарим улс орон, бүс нутагт нэргүй компани болон хувь хүний хөрөнгийг өндөр нууцлалтай хадгалахыг зөвшөөрдөг. Хууль бусаар олсон орлогыг эдгээр улс болон бүс нутагт нэвтрүүлснээр эх сурвалжийг замхруулахад хялбар болдог.
  7. Үйл ажиллагаа нь тогтворгүй экспорт, импортын компаниар мөнгө угаах. Санхүүгийн бололцоогүй, нэр төдий компанийг ашиглан экспорт, импортын худалдаа хийж буй мэт харагдуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлддэг явдал түгээмэл байна.
  8. Авлигаар олсон мөнгөө угаах. Зарим этгээд албан тушаалаа хаших явцдаа эрх мэдлээ ашиглан авлига, хээл хахуулиар хөрөнгөжиж, улсын хөгжилд ихээхэн хохирол учруулдаг. Дараа нь олсон мөнгөөрөө бизнес эрхлэх нэрийдлээр компани байгуулж, хууль бусаар олсон мөнгөө угаадаг байна. Энэ төрлийн мөнгө угаах хэлбэр нэг онцлогтой. Ямар ч бизнес эрхэлсэн эсвэл фьючерс гэрээ, хувьцааны арилжаа нь “ашигтай” байх бөгөөд ашиг олсон ч, алдагдал хүлээсэн ч, “ашигтай ажиллаж” байгаа мэт харагдуулж, бохир мөнгөө тайлбарлах арга хэрэгслээ болгон хяналтаас зугтахыг оролддог.
  9. Ураг төрлөө ашиглан авлигаар олсон мөнгөө угаах. Зарим этгээд албан тушаал хаших явцдаа эрх мэдлээ ашиглан хээл хахуул авч, ураг төрлийн холбоотой этгээдийн нэр дээр бизнес эрхэлдэг. Энэ нь харьцангуй түгээмэл тохиолддог мөнгө угаах арга бөгөөд төрөл садангийн хүнээр зугаа цэнгэлийн газар, ресторан, бизнес эрхлүүлж гэмт хэргээ халхавчилдаг.
  10. Бусдыг ашиглан авлигаар олсон мөнгөө угаах. Бусдын компанид өөрөө давуу эрх мэдэлтэй байх эсвэл компани байгуулан бусдаар удирдуулан ажиллах боловч, бодит эрх мэдэл өөрт нь байна. Ингэснээр эдийн засгийн харилцаанаас олох бохир мөнгийг өөрийн ААН-ийн дансанд оруулж, хууль ёсны дагуу татвар төлөн тодорхой хэмжээний мөнгийг өөрийн болгоно.
  11. Хил дамнан мөнгө угаах. Одоогоор хамгийн өргөнөөр ашиглагддаг мөнгө угаах хэлбэр бөгөөд бохир мөнгийг хилийн чанадад гаргаж, хууль бусаар олсон мөнгөө угаадаг байна. Нэгдүгээр төрөл: Худалдааны бус аргаар тухайлбал, албан тушаалтан өөрийн хүүхдийг гадаад сургуульд сургах нэрийдлээр сургалтын төлбөр, даатгалын төлбөр, амьжиргааны зардал зэрэг хэлбэрээр гадаад шилжүүлэг хийнэ. Хоёрдугаар төрөл: Худалдааны арга буюу импортын хэмжээг өндөр, экспортын хэмжээг багаар мэдүүлэх хэлбэр. Тухайлбал, мөнгө угаагч этгээд гадны компанитай хамтран импортоор авах тоног төхөөрөмж болон эд материалыг өндөр дүнгээр мэдүүлж, энэ дундаас “унагасан” мөнгөө гадаадад байршуулна. Гуравдугаар төрөл: Гадаадад компани байгуулж, хөрөнгө оруулалт хэлбэрээр гадагш шилжүүлнэ. Дөрөвдүгээр төрөл: Хууль бусаар гадаад гүйлгээ хийдэг этгээдийг ашиглан гадаад шилжүүлэг хийнэ.
  12. Санхүүгийн салбарын өндөр албан тушаалтанд авлига хээл хахуул өгч, гадаад шилжүүлгээр мөнгө угаах. Хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг тухайлбал, хар тамхи мансууруулах бодис худалддаг гэмт бүлэг санхүүгийн салбарын өндөр албан тушаалтанд хээл хахууль өгч, хяналт шалгалтыг сулруулан бохир мөнгөө гадагш шилжүүлдэг.
  13. Хууль ёсны санхүүгийн системийг ашиглан мөнгө угаах. Банк болон банк бус санхүүгийн байгууллагыг ашиглан бохир мөнгөө угаана. Гэмт этгээд хуурамч баримт бичиг ашиглан банкинд олон данс нээлгээд хууль бусаар олсон орлогоо хадгалах эсхүл бусдад шилжүүлдэг.
  14. Цахим сүлжээгээр мөнгө угаах. Гэмт хэрэгтэн интернэт банкаар дамжуулан шилжүүлэг хийн мөнгө угаадаг. Тухайлбал, цахим сүлжээгээр мөрийтэй тоглож, хар мөнгөө “цагаан” болгодог байна.
  15. Хөрөнгө оруулалтаар дамжуулан мөнгө угаах. Гэмт этгээд хөрөнгө оруулалт нэрийдлээр зочид буудал барих, компани байгуулах, дэлгүүр худалдан авах, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийх зэрэг хэлбэрээр мөнгө угаана. Мөн хилийн чанадад компани байгуулж, хөрөнгө оруулалт хийн хууль бусаар олсон ашгийг хуулийн дагуу болгож харагдуулна.
  16. Экспорт, импортыг ашиглан мөнгө угаах. Сэжигтэн экспорт, импортын үнийн дүнг худал мэдүүлэх эсвэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хил дамнуулан бохир мөнгийг шилжүүлдэг.
  17. Аялалын чек ашиглан мөнгө угаах. Гаалийн байгууллага хилээр нэвтрэх иргэдэд тодорхой хэмжээнээс дээш бэлэн мөнгийг мэдүүлэх шаардлага тавьдаг бөгөөд мэдүүлээгүй этгээдийн зөвшөөрөгдсөн хязгаараас давсан мөнгийг хураан авдаг. Харин аялалын чект мөнгөн дүнгийн хязгаар тавьдаггүй бөгөөд гуравдагч этгээдэд шилжүүлэн хэрэглэх боломжтойгоос гадна банкинд бэлэн мөнгө болгон солиулж болдог байна.
  18. Казиногийн чип шууд бусаар солилцож мөнгө угаах. Казиногоос чип авч, мөнгө угаагчид дамжуулна. Ингэснээр чипийг бэлэн мөнгө болгон солих (дийлэнхдээ 5 хувь орчмын шимтгэлтэй) бөгөөд казиногоос мөнгө хожсон болгон харагдуулна. Ингэснээр мөнгөн тэмдэгт дээрх дугаараар мөнгө угаагч этгээдийг шалган тогтоох боломжгүй болдог.
  19. Үнэт эдлэлийг “бага үнээр худалдан авч, өндөр үнээр худалдах” зэргээр хуурамчаар наймаалцаж, мөнгө угаах. Эртний болон үнэт эдлэл, үнэ бүхий хадгалсан эд зүйлийг “бага үнээр худалдан авч, өндөр дүнгээр үнэлэн худалдах” хэлбэрээр мөнгийг хууль ёсны дагуу солилцоо болгон дансанд хийн мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх болсон. Энэ төрлийн мөнгө угаах арга дийлэнхдээ авлигын шинжтэй байдаг.
  20. Сангаар дамжуулан мөнгө угаах. Цөөнгүй улс төрч, аж ахуйн нэгж, консорциум сан байгуулан хуурамчаар хандив өгөн татвараас зайлсхийдэг. Эсвэл гамшиг тохиолдсон нэрийдлээр өөрийн сан болон хувь хүний дансанд хандив цуглуулан хувьдаа ашигладаг. Мөнгө угаагч буяны сангуудыг ашиглан харилцан мөнгө шилжүүлэн улс дамнан мөнгө угаах тохиолдол их гардаг.
  21. Олон улсын шилжүүлэг байнга хийх (хуучин дансаа устгадаг), шууд улс дамнуулан зөөвөрлөх хэлбэрийн мөнгө угаах. Тодорхой хугацаанд хадгалж болдог шилжүүлгийн баримтыг ашиглан мөнгө угаана. Транзит хийх эсвэл гаалийн байгууллагад шалгуулахгүй нэвтрэх эрх бүхий этгээдийг ашиглан мөнгийг гадагш зөөвөрлөнө. Ингэхдээ ихэвчлэн 100-тын ам.долларын дэвсгэртийг ашигладаг.
  22. Бусдын хувийн мэдээллийг ашиглан мөнгө угаах. Мөнгө угаагч бусдын хувийн мэдээллийг ашиглан нууцаар данс нээн бохир мөнгийг тараан байршуулж, бусдын хараанд өртөхгүй байх боломжоо бүрдүүлдэг. Гэхдээ хувийн мэдээллээ алдсан этгээд банкны үйлчилгээ авахдаа данстай гэдгээ мэдэх эрсдэлтэй тул мөнгө угаагч бусдын хувийн мэдээллийг ашиглан дансаа гадаад улсад нээлгэдэг. Иймд хувь хүн өөрийн хувийн нууцыг алдагдахаас сэргийлж байх хэрэгтэй.
  23. Валютын харилцах данс ашиглан мөнгө угаах. Бага мөнгөн дүнгээр олон удаа хадгаламжид орлого хийж, гадаад улсад очин валютаар зарлагадан авна. Үүнийг “шоргоолжоор тоосго зөөлгөх” хэмээн нэрлэдэг бөгөөд бусдын хувийн мэдээллийг ашиглан данс нээлгэх аргатай хослуулан үйлддэг.
  24. Улс дамнасан гүйлгээгээр мөнгө угаах. Бодит бүтээгдэхүүнгүй үйлдвэрлэл үйлчилгээнд ихэвчлэн үйлдэгдэнэ. Гүйлгээний мөнгөн дүнг хуурамчаар үйлдэн хууль ёсны дагуу гадаад дахь брокерын дансанд шилжүүлнэ. Гадаад дахь дансаар мөнгөө хуваарилан анхны гүйлгээний мөнгөн дүнгээ засах, брокерын хөлс болон угаах мөнгөө гарган авна.
  25. Зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлж мөнгө угаах. Үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар валютын арилжаа эрхлэхээс гадна, бэлэн мөнгөөр нэр тэмдэглэдэггүй гадаадын чек авч хэрэглэгчдэд тараан, гадаадын дансанд хадгалуулна.
  26. Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжийн санхүүжилтийг ашиглан мөнгө угаах. Ихэвчлэн банк санхүү, даатгалын салбарт үйлдэгдэх бөгөөд их хэмжээний бэлэн мөнгийг гадагш зөөвөрлөдөг.
  27. Бусдын нэрийг ашиглан үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар мөнгө угаах. Бусдын нэрийг ашиглан үл хөдлөх хөрөнгө худалдан авна. Гүйцэтгэгч зах зээлийн үнээс 30-50 хувийн хөнгөлөлттэйгээр худалдан авч, бэлнээр тооцоог хийсэн болгон харагдуулна. Барилга ашиглалтад орохоос өмнө зах зээлийн үнийг 100 хувиар тооцон буцаалт хийнэ.
  28. Хуурамч зээлээр мөнгө угаах. Авлига, хээл хахуулиар үйлдэгдэнэ. Урт хугацааны вексель болон чекийг ашиглан зээлийн хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэн өгөх болон банкинд бэлэн мөнгө болгон хөрвүүлэн авна.
  29. Хуурамч дэвсгэртээр мөнгө угаах. Хуурамч дэвсгэрт ашиглан олон удаа бага дүнтэй худалдан авалт хийнэ.
  30. Дэлгүүрийн бэлгийн картыг ашиглан мөнгө угаах. Танил талаа ашиглан ямар нэгэн их дэлгүүрийн бэлгийн картыг их хэмжээгээр худалдан авч, аль нэг компанийн ажилчдад баяр болон тэмдэглэлт өдрөөр хангамж болгон тараах замаар үйлддэг. Бэлгийн картыг бэлэн мөнгөөр сольж болдоггүй онцлогтой.

Үүнээс гадна хууль ёсны орлоготой нийлүүлэх, давхар нэхэмжлэх болон зээлийн карт ашиглах, валютын арилжаа, цахим сүлжээ, итгэлцлийн хэлбэрээр мөнгө угаах зэрэг энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх тохиолдол элбэг байна. Үүнээс гадна хуульч, нотариат, нягтлан болон бусад мэргэжлийн хүнийг ашиглан мөнгө угаах, мөн санхүүгийн байгууллагыг ашиглах, ядуу буурай орны засгийн газрын төслөөр мөнгө угаах гэмт хэрэг дэлхий дахинд түгээмэл үйлдэгдэж, санхүүгийн дэг журмыг алдагдуулан улс орны хөгжилд ихээхэн хохирол учруулж байна.

Мөнгө угаах гэмт хэрэг дэлхий нийтийг хамарсан, улам нарийн зохион байгуулалтын шинжтэй болж байгаа хэдий ч нөгөө талдаа олон улсын хууль сахиулах байгууллага, холбоодын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны уялдаа холбоо сайжирч энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, тодорхойлох арга техник мөн хөгжиж байна.

Иймд аливаа иргэн, аж ахуйн нэгж санаатай болон санамсаргүй байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр байгааг анхаарч, санхүүгийн үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу, мэргэжлийн ёс зүйтэй явуулах нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

ТЕГ

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Наадмаар худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

Зах, худалдааны төвүүд хэзээнээс ажиллаж эхлэх вэ?

Наадмаар тав хоног амардаг. Энэ жил “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ” зэрэг худалдааны төв 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана. Харин “Бөмбөгөр” худалдааны төв 11-20-нд амрах аж. Харин наадмын өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваариар ажиллах юм.

Сүлжээ дэлгүүрүүдийн цагийн хуваарь

“Номин” супермаркетын салбар дэлгүүрүүд: Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарь буюу 08:45-22:00 цаг хүртэл ажиллана.

“Имарт” сүлжээ дэлгүүр: Бүх салбар долдугаар сарын 9-10-нд 09:00-23:00 цагт ажиллахаар болжээ. Харин долдугаар сарын 11-нээс эхлэн энгийн цагийн хуваарь буюу 09:00-22:00 цагт ажиллана.

“Оргил” худалдааны төвийн салбарууд: Долдугаар сарын сарын 15-ныг дуустал

  • Тусгаар тогтнолын ордон дахь Оргил худалдааны төв 09:00-22:00 цаг
  • Хороолол болон Амгалан дахь салбар 09:00-22:30 цаг
  • Энканто шилтгээн ба Зургаан буудал дахь салбар 09:00-23:00 цаг
  • Яармаг, Сонголонгийн салбар 08:00-22:00 цаг
  • Зунжин, Налайх, Дархан дахь Оргил худалдааны төвийн салбар 09:00-23:00 цагт ажиллана.

Оргил худалдааны төвийн бүх салбар долдугаар сарын 16-наас эхлэн тухайн салбарынхаа цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

“Сансар” сүлжээ дэлгүүр: Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд тус сүлжээ дэлгүүрийн салбарууд ердийн цагийн хуваарь буюу 08:00-00:00 цагт ажиллана.

“Миний” сүлжээ дэлгүүр: Баяр наадмын амралтын өдрүүдэд 09:00-22:00 цаг буюу ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Худалдааны төвүүдийн цагийн хуваарь

“Нарантуул” олон улсын худалдааны төв: Долдугаар сарын 11-16-нд амарна. Долдугаар сарын 17-ноос эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.

“Хархорин” худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 09:30-20:00 цагт ажиллана.

“Дүнжингарав” худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 10:00-20:00 цаг.

“Бөмбөгөр” худалдааны төв: Долдугаар сарын 11-20-нд амарна. Долдугаар сарын 21-нээс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 09:00-20:00 цаг.

“Содон Бөмбөгөр” худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллах юм.

“Барс” худалдааны төв: Долдугаар сарын 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-19:00 цагт ажиллаж эхэлнэ.

“Хүчит Шонхор” худалдааны төв: Долдугаар сарын 11-13-нд амарна. Долдугаар сарын 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05:00-18:00 цагт ажиллаж эхэлнэ.

“Да хүрээ” авто худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн энгийн цагийн хуваариар ажиллана. Да хүрээ захын ердийн цагийн хуваарь: 08:30-18:30 цаг.

Categories
мэдээ эдийн-засаг

МОНГОЛБАНК VI САРД 2.3 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ

МОНГОЛБАНК 14.4 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВЛАА | newslive

Монголбанк 2020 оны 6 дугаар сард 2.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тн-р өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тн үнэт металлын 9.1 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 6 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 6 дугаар сард 156,422.38 төгрөг байлаа.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)


График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)


График 3. 2020 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)