Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Нийслэлийн ИТХ “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажилд хамтран ажиллана

Нийслэлийн ИТХ “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажилд хамтран ажиллана

Нийслэлийн ИТХ “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ болон “Сократус Студиа” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд “Ухаалаг хотын ерөнхий жишиг загвар”-ыг гаргах ажлыг талууд хамтарч гүйцэтгэнэ. Тодруулбал “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-аас “Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа аж. Судалгааны үр дүнд зорилгоо тууштай хэрэгжүүлэх чадвартай, хэвийн үйл ажиллагаатай ухаалаг хотод шаардлагатай суурь ойлголтуудын тайлбар, хэв шинжүүд, оролцогч талууд, тэдгээрийн үүргүүд, ухаалаг хотын үйл ажиллагааны хэмжүүр үзүүлэлтүүд, чанартай өгөгдлийн сан гэх мэт системийн шийдлүүдийг боловсруулан гаргасан байна. Ухаалаг хот гэдэг нь техникжиж, технологижсон хот биш бөгөөд асуудлаа тухай бүр шуурхай танин мэдэж, шийдвэрлэх чадвартай байх асуудал юм. Үүний тулд өгөгдлүүдийг бүрэн, тасралтгүй цуглуулан инженерчилсэн сан бүрдүүлж боловсруулдаг, тулгарсан асуудлуудынхаа суурь шалтгаануудыг тухай бүр шуурхай танин мэдэж үр дүнтэй шийдвэрлэдэг байх, хотын оршин суугчид суурь хэрэгцээгээ харилцан тогтвортой хангахад шаардлагатай хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэйг судлаачид хэлж байгаа юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба энэ үеэр “Улаанбаатарчуудын өмнө хороо, дүүрэг, хотын хэмжээнд шийдэл шаардсан олон асуудал гардаг. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулдаг ч зарим асуудлыг шийдвэрлэж чаддаггүй тохиолдол байдаг. Тиймээс аливаа асуудлыг богино хугацаанд, бага зардлаар шийдвэрлэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах шаардлагатай болж байна. Энэ ч үүднээс “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажилд хамтран ажиллана” гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээнд хамрагдах иргэдийг маргаашнаас бүртгэж эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн, шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж, иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ”-г 2020 оны 3, 4 дүгээр улиралд үе шаттайгаар хүргэх гэж байна.

Тус үйлчилгээнд хамрагдах иргэдийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д бүртгэнэ.

Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, хөдөлмөр эрхлэлтийн бусад мэргэжлийн байгууллагууд болон ажил олгогчид хамтран зохион байгуулж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлэх
  • Хувь хүний хөгжил, ажлын байран дахь хандлага, ур чадварыг тодорхойлох /цахим болон цаасан суурьт тест/
  • Хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх /бүлгийн сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл/
  • Ажилд зуучлах

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Цар тахалтай тэмцэхэд зориулан Европын холбооноос Монгол Улсад 37 сая евро олгоно

Цар тахалтай тэмцэхэд зориулан Европын холбооноос Монголд 37 сая евро олгоно

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Траян Христеа Монгол Улсыг Европын Холбооны санхүүгийн тогтолцоонд аюул занал учруулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалтад оруулсан явдал нь хоёр талын харилцаанд, тэр дундаа хөгжлийн хамтын ажиллагаанд нөлөөлөхгүй гэдгийг хэлжээ.

Түүнчлэн Европын Холбооноос Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулан 37.5 сая еврог богино, дунд, урт хугацааны төслүүдээр дамжуулан олгохоор болжээ. Гадаад харилцааны сайд Европын Холбооны тарифын хөнгөлөлттэй системийг бүрэн ашиглах хүрээнд Монгол Улсаас Европын Холбооны стандарт, шаардлагад нийцсэн бараа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах санал тавьсныг Элчин сайд судалж үзэхээ илэрхийлсэн байна. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Элчин сайд Ёорн Розенберг ХБНГУ-аас Монгол Улсад шинэ коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулан 1 сая евро олгож буйг хэлсэн байна.

Талууд хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Европын Холбооны тарифын хөнгөлөлттэй систем зэрэг Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрэн ашиглах хүрээнд Германы дэвшилтэт технологи бүхий хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монгол Улсад COVID-19-ийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааны дүн гарчээ

Image

Монгол Улс улс коронавирусийн халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс шуурхай, шийдэмгий авч ирсэний үр дүнд тус улсад коронавирусийн батлагдсан тохиолдол цөөн байна. Гэсэн хэдий ч энэ цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэл удаан үргэлжилж, улмаар ядуу болон эмзэг бүлгийн хүмүүст хүндээр нөлөөлж магадгүй учраас нийгэм, эдийн засгийн байдлыг хянах цаг үеээ олсон мэдээлэл цуглуулах зайлшгүй шаардлага тулгарав.

Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ), Дэлхийн Банк коронавирусын өрхөд үзүүлж буй нөлөөг “цаг тухайд нь” судлах, хяналт шинжилгээ хийх зорилгоор үндэсний хэмжээний түүвэр болох 1334 өрхөөс COVID-19-ийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааг утсаар авав. Энэхүү судалгаанд 2018 оны Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны дэд түүврийг ашигласан бөгөөд асуумж нь (i) эдийн засгийн дамжих сувгууд, (ii) мэдээллийн хүртээмж, зан үйлийн өөрчлөлт, (iii) боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, (iv) бэрхшээлийг хэрхэн даван туулж буй байдал, (v) нийгмийн халамж, тусламж дэмжлэгийн үзүүлж буй нөлөө зэрэг чиглэлээр судлав.

Энэхүү илтгэл COVID-19-ийн нөлөөллийг даван туулах өрхүүдийн арга хэмжээний судалгааны 2020 оны 5-р сарын 22-29-ний өдрүүдэд явуулсан эхний шатны үр дүнг дүгнэж байгаа юм. Дараагийн шатны судалгааг 2020 оны 8-р сарын сүүл, 9-р сарын эхээр хийхээр төлөвлөсөн.

Гол үр дүн

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хөдөө аж ахуй эрхлэгч өрхүүд мэдэгдэхүйц өртөж байна.
    • Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь тэг орлоготой, 73 хувь нь 1 сарын сүүлээс хойш орлого алдсан байна. Энэ нь COVID-19-ийн улмаас худалдан авагч цөөрсөн, ажлын байр хаагдсан, ложистик тасалдсантай холбоотой.
    • Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг өрхүүдийн 70 хувь нь орлого нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан гэж мэдэгдсэн.
  • Цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн байдал COVID-19-ийн нөлөөлөлд харьцангуй бага өртсөн хэдий ч гурван өрх тутмын нэг нь цалингийн орлого буурсан гэж мэдээлсэн.
  • Өрхүүдийн дөрөвний гурав, тэр дундаа ядуу өрхүүдийн (2018 оны Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үеэр ядууд багтаж байсан) 85 хувь нь 1-р сарын сүүлчээс хойш тодорхой хэмжээнд цочролд өртсөн байна
    • Өрхүүдийн 12 хувь ажлын байргүй болсон
    • Өрхүүдийн 7 хувь нь ХАА-н бус бизнесээ хаахад хүрсэн
    • Өрхүүдийн 64 хувь нь хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэнийг дурдсан.
  • Ядуу давхаргын хувьд хүнсний баталгаат байдал ноцтой асуудал болж байна
    • Ядуу өрхүүдийн тэн хагас шахам хувь нь мөнгөгүй, эсвэл үнийн өсөлтийн улмаас сүүлийн 30 хоногт хүнс хоолтой золгох эсэхдээ эргэлзэнгүй байсан байна. Дөрвөн өрх тутмын гурав нь хүнсний үндсэн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөнд автсан байна.
    • Дөрвөн ядуу өрх тутмын нэг нь (23 хувь) дараа долоо хоногийн хүнсний олдцын талаар зовнил илэрхийлсэн.
  • Өрхийн санхүүгийн асуудал түгшүүр дэлдэж байгааг мэдэгдсэн
    • Өрхүүдийн 40 хувь, ялангуяа ядуу өрхүүд (53 хувь) дараагийн сарын санхүүгийн байдалдаа зовниж байна
  • Сургуулийн хүүхэдтэй дөрвөн өрх тутмын гурвых нь хүүхдүүд зайн сургалтад хамрагдсан байна. Энэхүү сургалтын үйл ажиллагааны тухайд ерөнхий сэтгэл ханамж өндөр байгаа боловч ихэнх хүүхдэд өрхийн гишүүдийн тусламж хэрэгтэй байна.
  • Цар тахлын үеэр эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээнд ноцтой тасалдал ажиглагдаагүй.
Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 42 километрийн дээд бүтцийг угсарчээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замын ажлыг энэ онд эрчимжүүлсэн. Одоогоор, газар шорооны ажил 87.15 хувь, ус өнгөрүүлэх хоолой, мал амьтны гарцын ажил 97.44 хувь, гүүрийн ажил 37.62 хувьтай байгаа бөгөөд замын дээд бүтцийн 42 километрийг угсарчээ.

Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам.доллар байдаг. Харин энэхүү төмөр зам ашиглалтад орсноор дээрх өртөг хоёр дахин буурах боломжтой аж. Мөн төслийн хүрээнд нийт хоёр өртөө, зургаан зөрлөг баригдах бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгаар дайран өнгөрч, жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн, экспортлох боломжтой гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зарлагдлаа

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 10 байршилд дахин зарлаж байна. Цахим дуудлага худалдаа 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем www.mle.mn албан ёсны вэб хуудсаар зохион байгуулагдана. Энэ удаагийн дуудлага худалдаанд хөдөө аж ахуй болон аялал жуулчлал, орон сууцны зориулалтаар ашиглах газрууд зонхилж байна. Дуудлага худалдаанд оролцогч:

  • mle.mn вэб хуудаст хандан хэрэглэгчээр бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ Иргэн бол иргэний үнэмлэх, ААН гэрчилгээний хуулбараа хавсаргана.
  • Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээхдээ дэнчин болон тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа хавсаргана.
  • Систем илгээсэн хүсэлтийг хүлээн авч, баталгаажуулах эсвэл татгалзах хариуг бүртгүүлсэн гар утсанд мессеж болон имэйлээр мэдэгдэнэ.
  • Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх эрх нээгдэнэ.

Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн зэрэг оролцох боломжтой бөгөөд улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг, дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг Нийслэлийн Төрийн сангийн 100200051049 тоот дансанд тус бүрд нь тушааж оролцоно. Дуудлага худалдааны үнийн саналыг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 09:00-15:00 минут хүртэл энгийн горимоор авч, 15 цаг 00 минутаас эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжинэ.Энэ хугацаанд үнийн санал ирээгүй тохиолдолд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдан, хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ. Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 08 дугаар сарын 11-ний өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна. Газрын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.MLE.MN болон WWW.LAND.UB.GOV.MN цахим хуудсанд хандан үзнэ үү.

Дүүрэг

Хороо

Газрын байршил

Зориулалт

Газрын хэмжээ /га/

Дуудлага худалдааны анхны үнэ нийт /төг/

Дэнчингийн үнэ /төг/

1

Сонгинохайрхан

21

Рашаант өртөөний зүүн талд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

1

26 330 752

2 633 075

2

Сонгинохайрхан

21

Нарийны эх, Хөшигт уулын урд

Аялал жуулчлал

1

44 560 000

4 456 000

3

Сонгинохайрхан

21

Нарийны эх, Хөшигт уулын урд

Аялал жуулчлал

1

44 560 000

4 456 000

4

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

13 648 000

1 364 800

5

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

0.5

13 648 000

1 364 800

6

Сонгинохайрхан

21

Батсүмбэрийн зам дагуу, 347-р зөрлөг

Худалдаа, үйлчилгээ

2

90 896 000

9 089 600

7

Хан-Уул

21

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

0.95

107 059 350

10 705 935

8

Багануур

3

Мянганы зам дагуу, Хилчин хэсгийн зүүн талд

Худалдаа, үйлчилгээ

2

132 400 000

13 240 000

9

Налайх

3

Төв аймаг орох зам дагуу

Худалдаа, үйлчилгээ

0.5

23 500 000

2 350 000

10

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

0.5

9 650 000

965 000

НИЙТ

9.95

506 252 102

50 625 210

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

“Ногоон зээл” хөтөлбөрөөр 40 тэрбумыг олгоно

MASS.mn - НОГООН ЗЭЭЛИЙГ БАНКУУД ХЭРХЭН ДЭМЖИЖ БУЙ ТУХАЙ ТОГТМОЛ ...

Гэр хорооллын айл өрхийн иргэд цахилгаан халаагуур худалдан авах, гэр, байшин сууцаа дулаалах, жорлонгоо эко болгон шийдэхэд дэмжих зорилготой “Ногоон зээл” хөтөлбөр үргэлжилж байна. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос иргэдийн ногоон зээлийн худалдан авалтыг дэмжих зорилгоор зээлийн хүүгийн 50 хувийг тэглэх хэлбэрээр энэхүү хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжүүлж, энэ онд 40 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй олгохоор төлөвлөжээ.

Ногоон зээлийн хүүгийн татаас нь байгаль орчинд ээлтэй технологи руу буюу иргэд рүү, тэдний хэрэглээ рүү чиглэсэн бүтээгдэхүүн болон гарч байна. Тус зээлийн бүтээгдэхүүний санхүүжилтийг арилжааны банкууд өөрсдийн хөрөнгөөр гаргаж байгаа юм. Эхний 2 жил Төрийн банк болон ХААН, Хас гэсэн арилжааны 3 банкаар дамжин зээлийн хүүгийн татаасыг гарган олгосон. Эдгээр банкийг салбар олон, харилцагч ихтэй хэмээн сонгожээ. Иргэдийн ногоон зээлийн бүтээгдэхүүнд:

  • эрчим хүч хэмнэсэн цахилгаан халаагуур,
  • стандартын шаардлага хангасан гэрийн сайжруулсан зуухнууд,
  • гэр хорооллын бие засах газар, жорлонг шинэчлэх,
  • гэр, байшингийн дулаалга,
  • амины орон сууцны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл,
  • мөн 100 хувийн цахилгаан хөдөлгүүртэй машин, бусад техник хэрэгсэл,
  • цахилгаан дугуй, унадаг дугуй орж байна.

Тэгвэл компани, ААН-үүдэд зориулсан бизнесийн “Ногоон зээл”-д:

  • байшин, гэр дулаалах материал үйлдвэрлэх юм уу худалдан нийлүүлж буй төсөл хөтөлбөрийг дэмжинэ
  • нүүрсээр ажилладаг халаалалтын уурын зуухыг шинэчилж, цахилгаан болон хийн зуухаар солих, технологи, горимд нь өөрчлөлт оруулах,
  • мөн халаалалтын зуухыг буулгаж сэргээгдэх эрчим хүчээр буюу газрын гүний дулаан, дулааны насос, нарны хавтан зэргээр халаах техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах, үйлдвэрлэхэд зориулан “Ногоон зээл”-ийг олгож байна.

Эдгээр нь хэдийгээр бизнесийн чиглэлийн боловч эргээд л иргэдэд очих үр өгөөжтэй юм. “Ногоон зээл”-ийн хөтөлбөр иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг хангах хэтийн зорилготой учир хөтөлбөрийг цаашид иргэдэд илүү хүртээмжтэй хүргэхийн тулд “Ногоон зээл”-ийн хүүг 100 хувь бүрэн тэглэж чөлөөлөх талаар судалж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Нөөцийн махны 10 орчим тонныг борлуулаад байна

Ирэх сараас нөөцийн мах худалдана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, малын махны бэлтгэл, бэлчээрийн усан хангамжийн талаарх ХХААХҮЯ-ны танилцуулгыг сонсов. Өнөөдрийн байдлаар, ноднин нөөцөлсөн 11 мянга гаруй тонн нөөцийн махны 10 орчим тонныг нь худалдан борлуулжээ. Манай улсын нийт хүн амын 2020 оны хүнсний хэрэгцээнд 116 мянга гаруй тонн мах шаардлагатай. Хүн амын бодит хэрэглээ, хүнсний зориулалтаар төхөөрөх малын тоонд үндэслэн тооцоход 354 мянга гаруй тонн мах дотоодын зах зээлд нийлүүлэх нөөцтэй гэж тус яам үзжээ. Мөн 21 аймгийн 241 суманд 582 худаг шинээр, 184 худаг сэргээн засварлах, 126 булаг, шанд тохижуулах, 9 хөв цөөрөм, 10 худагт сэргээгдэх эрчим хүчээр ажиллах ус өргүүр суурилуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Үүнд улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрөөс 10 тэрбум гаруй төгрөг зарцуулж байна.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Энэтхэгт зарим бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлтийг хийхэд үргэлжлүүлэн хамтрахаар тогтов

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг долдугаар сарын 21-нд хүлээн авч уулзав. Элчин сайд М.П.Сингх Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсад элэгсэг дотно ханддаг Элчин сайдтай уулзаж буйдаа баяртай буйгаа тэмдэглээд Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкараас халуун дотно үгтэй захидал ирүүлсэнд талархал илэрхийлж, Элчин сайд М.П.Сингхээр дамжуулан хариу мэндчилгээ дэвшүүлэв.

Талууд Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, Энэтхэг Улсад зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлтийг хийх чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тогтов.

Мөн дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудыг “COVID-19” цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа хэрэгжүүлэхээр ярилцав. Энэ онд тохиож буй Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд онцгой ач холбогдол өгч байгаагаа мэдэгдээд Энэтхэгт саатаад буй монгол иргэдийг эх оронд нь буцаан авч ирэхэд дэмжлэг хүсэв.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Залилах гэмт хэрэг буурчээ

Монголбанк, ХААН банк, ЦЕГ-тай хамтран санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Нягтлах тусам аюулгүй” аяныг 4 дүгээр сарын 20-ноос 6 дугаар сарын 20-нд орон даяар зохион байгууллаа.

Энэ оны I сард Монголбанк, Монголын банкны холбоо, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтарч залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг нэг сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд уг аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг зохион байгуулсан юм.

Монгол Улсын хэмжээнд эрүүгийн хуулийн 17.3-д заасан “Залилах” гэмт хэрэг 2018 онд 5372 удаа бүртгэгдэж байсан бол 2019 онд энэ тоо 7821 болж өссөн бөгөөд гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 165.6 тэрбум төгрөгт хүрч өсөөд байсан юм.

Иймд Цагдаагийн байгууллагаас Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран олон нийтэд нөлөөлөх цуврал аяныг хэрэгжүүлснээр гэмт хэргийн тоо 2020 оны эхний 6 сарын байдлаар 2598 болж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 52.8 тэрбум төгрөг болж тус тус буурчээ.