Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

МОНГОЛБАНК ЕСДҮГЭЭР САРД 2.3 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ

Монголбанк 2020 оны 9 дүгээр сард 2.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17.1 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.0 тн-р өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 17.1 тн үнэт металлын 15.4 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 9 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 154.5 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.4 тн үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 9 дүгээр сард 176,494.48 төгрөг байлаа.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.02) нэгдсэн хуралдаан 09 цаг 05 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлтийг сонсов. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад “… Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… прокурорын дүгнэлтээр … прокурорын эсэргүүцлээр …”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “… прокурорын дүгнэлтээр …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар оролцсон байна.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад “… Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “… прокурорын дүгнэлтээр … прокурорын эсэргүүцлээр …”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “… прокурорын дүгнэлтээр …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэснийг тус тус зөрчөөгүй байна хэмээн үзэж, 06 дугаар дүгнэлт гаргасан байна. Иймээс уг дүгнэлтийг Улсын Их Хурал сонсож танилцав.

Тогтоолын төслийг Байнгын хороонд буцааж, дахин хэлэлцүүлэхээр болов

Дараа нь “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул тогтоолын хавсралтад дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шидйвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгажээ. Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн нийт 90 гаруй хууль тогтоомжийн төслүүдийн талаар Засгийн газар, холбогдох Байнгын хороодоос санал авсны үндсэн дээр тогтоолын хавсралтад тусгасан 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар төсөлд тусгасан байна.

Тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд жагсаалтад заасан нийт 38 хууль тогтоомжийн төслөөс нэг хуулийн төсөл, Улсын Их Хурлын нэг тогтоолын төслийг хасаж, бусад хууль тогтоомжийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахыг дэмжсэн байна. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хавсралтаас хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Нямбаатар, Б.Баттөмөр, Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, Ж.Бат-Эрдэнэ нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан тогтоолын төслийн хавсралтад дурдагдсан төслүүдээс зарим хууль тогтоомжийн төслийг хасах саналтайгаа хэлсэн юм.

Иймээс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гишүүдийн саналыг харгалзан тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93.3-т “Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцааж болно” гэж заасны дагуу санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувь нь дэмжсэн тул төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэхүүлэхээр тогтов.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хийлээ.

Дэлхий нийтээр цар тахлын нөлөөнд автаж, дэлхийн эдийн засаг 2020 онд 5 орчим хувиар агших хүлээлттэй байна. Энэ нь их хямралаас хойшхи хамгийн огцом уналт болж, улс орон бүрд алагчлалгүйгээр сорилт тулгаж байна. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар агшаад байна. Экспортын орлого буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь валютын нөөц дээр дарамт учрууллаа. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсэж, зээлийн чанар муудах эрсдэл өндөр байгаа нь банк, санхүүгийн байгууллагын зээлийн нөхцөлийг чангаруулахаар байна. Энэ үед санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийн санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогын багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Монголбанкны ерөнхийлөгч эхлээд онцлов.

Цар тахлын хүндрэлтэй үед Монголбанкнаас 3 багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нэгд, бодлогын хүү болон төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах, төв банкны санхүүжилтийн хэрэгслийн нөхцөлийг зөөлрүүлэх, барьцаа хөрөнгийн жагсаалтыг нэмэгдүүлэх, хугацааг уртасгах зэрэг арга хэмжээг авлаа. Энэ нь банкны системийн хөрвөх чадварыг хадгалах, банкуудын зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой. Бодлогын хүүг 3 нэгж хувиар бууруулахын зэрэгцээ төгрөгийн заавал байлгах нөөцөөс 320 орчим тэрбум төгрөгийн нөөцийг чөлөөллөө. Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах зорилгоор богино хугацаат репо санхүүжилтээр 2.4 их наяд төгрөг, гадаад валютын своп хэлцлээр 1.7 их наяд төгрөгийн нөөцийг банк хоорондын захад нийлүүлээд байна.

Хоёрт, банкны системийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банкны хяналт шалгалтын журам, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд түр өөрчлөлт оруулж, зээлд бүтцийн өөрчлөлт хийх, актив ангиллын журамд тохиргоо хийлээ. Энэхүү зохицуулалтын хүрээнд 3.8 их наяд төгрөгийн бизнесийн зээлд ангилал өөрчлөлгүйгээр бүтцийн өөрчлөлт хийлээ.

Гуравт, өрхийн гар дээр үлдэх орлогыг нэмэгдүүлэн хэрэглээг тэтгэж, санхүүгийн хүндрэлийг нь хөнгөвчлөх, төлбөр тооцоог хялбарчлах зорилгоор хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах арга хэмжээг авлаа. Энэ хүрээнд 728 тэрбум төгрөгийн 82,868 зээлдэгчийн хэрэглээний зээл, 2.0 их наяд төгрөгийн 38,270 зээлдэгчийн ипотекийн зээлд ангилал өөрчлөлгүйгээр бүтцийн өөрчлөлт хийгээд байна. Монголбанкны зүгээс авсан эдгээр арга хэмжээ нь цар тахлын улмаас эдийн засагт үүссэн уналтаас иргэд, аж ахуйн нэгж, банкны системийг хамгаалах, үүссэн шокыг зөөлрүүлэх, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах замаар сэргэлтийн боломжийг хадгалахад чиглэж байгааг дурдав.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа эдийн засгийг хямралаас гаргаж, дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зарчмыг баримталсан. Инфляцыг нэмэх, хасах 2 нэгж хувийн интервалтай 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтод шилжиж буй нь мөнгөний бодлогын онцлог болж байна. Инфляцын хэлбэлзлийг бууруулж, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөлтэй уялдсан бага түвшинд тууштай бууруулах бодлогыг хэрэгжүүлэх нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндэс болно. Энэхүү бодлогын дунд хуагцааны үр дүн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзэл, санхүүгийн зах зээл дээрх хүү буурах байдлаар илэрнэ гэж үзэж буйгаа онцлов.

Коронавируст цар тахал /Ковид-19/ олон улсын эдийн засагт түүхэнд байгаагүй огцом уналтыг бий болгож, зарим түүхий эд экспортлогч орны мөнгөн тэмдэгт 10-30 хувь хүртэл суларлаа. Харин төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 4 орчим хувь суларсан нь экспортын орлого 40-50 хувь хүртэл тасарсан хүнд үед тойрох аргагүй, шаардлагатай бодлогын тохиргоо байсныг Монголбанкны ерөнхийлөгч онцоллоо. Монгол Улсын экспортын үнэ, хэмжээ оны эхний хагас жилтэй харьцуулахад нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагууд, хөгжлийн түнш орнуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилж байгаа нь валютын урсгалыг тэтгэж байна. Түүнчлэн Монгол Улс 2021 онд төлөгдөх 500 сая ам.долларын “Мазаалай” бонд, 2022 онд төлөгдөх 1 тэрбум ам.долларын “Чингис” бондыг хэсэгчлэн амжилттай дахин санхүүжүүлсэн, ХХБ-ны 500 сая ам.долларын бонд амжилттай төлөгдсөн зэрэг нь богино хугацааны гадаад төлбөрийн дарамтыг буурууллаа.

Гадаад валютын нөөцийн хүрэлцээ импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хадгалагдаж байна. Төгрөгийн харьцангуй уян хатан ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээг алдагдуулахгүй байх, гадаад шокын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх үүргийг гүйцэтгэж байгааг тэмдэглэлээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд Мөнгөний бодлогын хүрээнд:

Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тулгуурлана.

Банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.

Төв банкны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж, зах зээлд оролцогчдын хүлээлтийг удирдах зорилгоор олон нийтийг мэдээллээр хангаж ажиллана.

Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:

Санхүүгийн мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарт учирч болзошгүй сөрөг нөлөөг бууруулж, банкны эрсдэл даах чадварыг хадгална.

Банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандарт, зөвлөмжид нийцүүлэн сайжруулж, банкны хяналт шалгалт, зохицуулалтын орчинг боловсронгуй болгоно.

Банк, санхүүгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах зорилгоор хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлнэ.

Санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд:

Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Төв банкны суурь бүртгэлийн болон дотоод удирдлагын цогц системийг нэвтрүүлж, бүртгэл, удирдлага, хяналт, тайлагналд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлнэ.

Санхүүгийн хүртээмжийг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүллэх зорилгоор иргэд, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлнэ хэмээн тодорхойлжээ.

Улсын Их Хурлаас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад төр, хувийн хэвшлийн түншлэл, байгууллага хоорондын ажлын уялдаа нэн чухал байна. Мөн олон жил яригдаж байгаа ч, тодорхой ахиц гарахгүй байгаа нэг асуудал нь чанаргүй зээлийн асуудал юм. Дотоодын болон олон улсын байгууллагын судалгаагаар зээлийн гэрээний шаардах эрхийг шүүхээр баталгаажуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн өнөөгийн зохицуулалт нь чанаргүй зээл үүсэхэд нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Иймд зээлийн хүүг бууруулах, санхүүгийн зуучлалд дэмжлэг үзүүлэхэд зээлийн гэрээний маргааныг түргэн шуурхай, зөв зохистой шийдвэрлэхэд холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг Засгийн газар, тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр эрчимжүүлэх шаардлага нэн чухал болоод байна гэдгийг онцолж байв.

“Зээлийн хүүг бууруулах стратеги”-д тусгасан олон талт арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд төсөв, мөнгөний бодлогын уялдаа маш чухал. Бодлогын хүү, хадгаламж, зээлийн хүү сүүлийн 20 гаруй жил өндөр түвшинд тогтож ирсэн нь Монгол Улсын эдийн засгийн савалгааны тусгал юм. Энэ савалгааг бууруулахгүйгээр хүү тогтвортой буурахгүй. Иймд Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого нь эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг бууруулж, бизнест таатай макро орчныг бүрдүүлэх нь чухал байна гэдгийг дурдав.

Монгол Улс 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр чамгүй ажил амжууллаа. ФАТФ-аас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангаснаар стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах бололцоог бүрдүүллээ. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны дараагийн явцын үнэлгээ 2023 онд хийгдэх бөгөөд үүний бэлтгэл ажлыг ирэх оноос эхлүүлж, үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөөг Засгийн газраас баталж, хэрэгжүүлж эхлэх шаардлагатайг онцоллоо.

Макро эдийн засгийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл 2020 онд цар тахал болон гадаад орчны бусад таагүй нөлөөгөөр гадаад худалдаа удааширч, хөрөнгө оруулалт саарч, дотоод эдийн засаг агшин инфляцын дарамт харьцангуй бага байх төлөвтэй байна. Ирэх онд гадаад, дотоод эдийн засаг аажмаар сэргэх хүлээлттэй байгаа ч Ковид-19 цар тахлын эсрэг үр дүнтэй эмчилгээ, вакцин гараагүй цагт тодорхой бус байдал өндөр хэвээр хадгалагдаж, эдийн засгийн суурь эрсдэл хэвээр байна. Гэвч цар тахлаас үүдэлтэй энэ хүнд үед санхүүгийн нөөцийг аль болох үр ашигтай зарцуулах нь туйлын чухал байгааг Монголбанкны ерөнхийлөгч тэмдэглээд Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн төсөв, мөнгө, санхүүүгийн зохицуулалтын арга хэмжээ үр дүнтэй байгаа бөгөөд ирэх жилийн эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг болно гэж үзэж буйгаа дурдлаа.

Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд төсийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Тогтоолын төслийн талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, С.Одонтуяа, Т.Аюурсайхан, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, С.Чинзориг, Г.Амартүвшин, О.Цогтгэрэл, А.Адъяасүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Б.Баттөмөр нар Монголбанкы ерөнхийлөгч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авав.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдийн засгийн идэвхжлийг дагаад үнийн түвшний өсөлт сүүлийн 2 жил гаруй хугацаанд Төв банкны зорилтот түвшний орчимд хадгалагдаж байна. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц 2020 оны 6 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2.8 хувь, Улаанбаатар хотод 2.4 хувь байна Өрхийн бодит орлого өсөж, тэтгэврийн зээл тэглэсэн зэрэг нь хувийн хэрэглээг тэтгэх нөлөөтэй байсан хэдий ч Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлан, дотоодын идэвхжил огцом суларч, эрэлтийн гаралтай үнийн өсөлт саарах хандлагатай байна. Харин өмнөх жилүүдэд үнийн савлагааг голлож байсан нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн үнийн өсөлт тогтворжиж, өмнөх жилийн үнийн суурь нөлөө нь арилж байна гэдгийг хэллээ.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Коронавируст халдварын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээ”-нд заасны дагуу төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 6 хүртэл сараар хойшлуулах ажлын хүрээнд ипотекийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлт гаргасан нийт 2.35 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 46,115 зээлдэгч байгаа бөгөөд үүнээс 2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,270 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 6 сараар хойшлуулжээ. Энэ нь хөтөлбөрийн зээлтэй нийт зээлдэгчийн 53 хувь, ипотекийн зээлийн багцын 60 хувийг эзэлж байна. Ипотекийн зээлийн хугацаагаа хойшлуулаагүй зээлдэгчдэд 2 нэгж хувийн хүүгийн хөнгөлөлтийг 3 сарын хугацаанд олгох үүргийг Засгийн газарт өгсний дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 34 мянган зээлдэгчид 3 сарын хугацаанд 7 тэрбум гаруй төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх урьдчилсан тооцоо гараад байгааг дурдав.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 9 хувьд хүргэх, эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар 1 удаа сунгаж зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах бодлогын багц шийдвэрийг гаргасан. Дэлхий нийтэд Ковид-19 цар тахлын дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжлийг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлийн эргэн төлөлт хүндрэх нөлөөг үзүүлж байна. Иймээс цар тахлаас үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгалах, цаашид эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэсэн хариултыг Монголбанкны ерөнхийлөгч хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Т.Аюурсайхан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр эдийн-засаг

Монгол Улс саарал жагсаалтаас гарах эсэхийг шийдэх шалгалтыг АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-аас ирсэн шинжээчид хийж байна

ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг Монгол Улсад ирээд байна. Харин ФАТФ-ын бусад гишүүн улсын төлөөлөгчид уг газар дээрх хяналт, шалгалтад цахимаар оролцоно.

Энэ шалгалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэсэн тохиолдолд энэ оны 10 дугаар сарын сүүлээр Парис хотноо болох ФАТФ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан тухай албан ёсоор зарлах юм. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/ өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулсан.

Ингэснээр 6 нэмэлт ажил бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг даалгасан юм. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг манай улс энэ оны 1, 5 дугаар сард ФАТФ-ын Хамтарсан бүлгийн хурлаар хэлэлцүүлж, амжилттай хамгаалж чадсан.

2020 оны 6 дугаар сард ФАТФ-аас Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнгийн хэрэгжилтийг үнэлэх, цаашид хэрэгжилтийг тогтвортой хангахын тулд улс төрөөс шаардагдах хүчин чармайлт байгаа эсэхийг нарийвчлан тодорхойлох зорилгоор Монгол Улсад газар дээрх хяналт, шалгалт хийхээр шийдвэр гаргаад байсан юм гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монгол Улсад $1.5 саяын буцалтгүй тусламж нэмж олгохоор болов

Азийн хөгжлийн банк (АХБ) шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих зорилгоор 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг нэмж олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү буцалтгүй тусламжийг Япон улсын Засгийн газрын санхүүжилттэй Ази Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас олгох юм.

“Монгол Улс COVID-19 цар тахлын эсрэг цогц арга хэмжээ авч ажилласны үр дүнд дэлхий нийтэд тохиолдсон нийгмийн эрүүл мэндийн хямралаас харьцангуй ангид байна” гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран онцлоод “Гэвч эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа нөөц дутагдаж байгаа тул АХБ-наас үзүүлж буй энэхүү дэмжлэг нь эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, оношилгоо, эмчилгээний хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай нөөцөөр хангахад зориулагдах болно” хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол Улс COVID-19 цар тахлыг дотооддоо тархаахгүй байхад чиглэсэн тандалт судалгаа болон карантины арга хэмжээг сайтар хэрэгжүүлсэн. Гэвч эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэлтэй тулгараад байна. Тухайлбал, 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 9.7 хувиар огцом агшсан бөгөөд судалгаа шинжилгээний голлох байгууллагуудын төсөөллөөр оны эцэст эдийн засгийн өсөлт сөрөг утгатай гарахаар байна.

COVID-19-ын халдвар авсан өвчтнүүдэд тусгаарлалтын дэглэм сахиулах, эмчилгээ, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нь нэн чухал хэдий ч, холбогдох нөөц бололцоо дутмаг хэвээр байна. Ийм үед дэлхий дахины нөхцөл байдал улам хүндэрсэн тохиолдолд эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэж, цар тахлын эсрэг бэлэн байдлыг хангаж чадахгүйд хүрч болзошгүй.

Тиймээс АХБ-наас үзүүлж буй энэхүү буцалтгүй тусламж нь цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх Монгол Улсын үйл ажиллагааг дэмжихэд чухал нөлөөтэй юм. АХБ нь Мөчлөг Сөрсөн Дэмжлэг Үзүүлэх Хэрэгсэл (МСХСХ)-ийн хүрээнд цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй ноцтой сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлсэн. Энэхүү МСХСХ нь АХБ-наас энэ оны 4-р сард зарласан COVID-19 цар тахлын эсрэг хөгжиж буй гишүүн орнуудад хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг дэмжих зорилготой 20 тэрбум ам.долларын өргөжүүлсэн санхүүжилтийн нэг хэсэг юм.

Түүнчлэн АХБ нь “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-5 төслийн хүрээнд эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулах, хоёр болон гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн тасгуудыг шинэчлэх зэрэгт зориулан 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт болон “Хүнсний талон”, “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр 26.4 сая ам.долларын “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг тус тус батлаад байна.

АХБ-наас Монгол Улсад үзүүлэх тусламж, дэмжлэгийн хүрээ үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд зориулсан 70 сая ам.долларын санхүүжилт болон төсвийн дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн салбарын үр ашигт байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 100 сая ам.долларын нэмэлт санхүүжилтүүдийг батлахаар ажиллаж байна.

АХБ нь мөн энэ оны 3-р сард Ази Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийг амьсгалын замын өвчний оношилгоо, эмчилгээний зориулалттай тоног төхөөрөмж худалдан авах болон тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг шаардлагатай хэрэгслээр хангахад зориулан олгосон юм. Мөн онцгой байдлын үед шуурхай арга хэмжээ авах болон оношилгоо эмчилгээний чадавхыг сайжруулах; хүнсний аюулгүй байдлыг хангах; гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилго бүхий нийт 3 техник туслалцааны төслийг тус тус батлаад байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хүүхэд бүрт он дуустал 100 мянган төгрөг олгоно

Ч.Хүрэлбаатар: Арилжааны банкууд зээлийн хүүг буулгах талаар ...

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх талаар танилцууллаа. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг 2020 онд 5-6 хувиар буурахаар байгааг судалгааны байгууллагууд танилцуулсан. Гэсэн хэдий ч 2021 онд 5-7% өснө гэж таамаглаж байгаа. Үүнтэй уялдуулаад Хятадын эдийн засгийн хөгжлийн хандлага, эдийн засгийн өсөлтийн байдалтай уялдуулаад Монгол Улсын эдийн засгийн төлөвийг харж, төсвийн тодотголыг хийлээ. Баримталсан зарчим ард иргэд, ААН-ийн хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэлээдийг үргэлжүүлнэ. Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг нэмнэ. Мөн хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох арга хэмжээ аравдугаар сарын 1-нд буурах байсан ч он дуустал үргэлжлүүлэхээр шийдсэн. Нийгмийн халамжаас тэтгэмж авдаг хүмүүст олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн нэмэгдэл он дуустал үргэлжилнэ. Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал үргэлжлүүлэн олгоно. Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч тав, даатгуулагч 5 хувь төлж байхаар зохицуулалт хийлээ. Ингэснээр дарамт 50-60 хувь буурна. Жилийн борлуулалтын орлого нь 1 тэрбумаас дотогш ААНОАТ-ыг тэглэх арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ. Түрээсийн төлбөрөө хөнгөлж байгаа аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдох татварыг тэглэнэ. Ингэснээр 25 мянган орчим бизнес эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ” гэв.

Categories
гадаад мэдээ эдийн-засаг

ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ БА НААШТАЙ ТӨЛӨВ

Олон улсын валютын сангийн таамгаар 2020 онд дэлхийн эдийн засгийн өсөлт цар тахлын улмаас -4.9 хувьтай гарахаар байна. Эхний хагас жилийн байдлаар цар тахлын үзүүлсэн эдийн засаг дахь нөлөөлөл таамаглаж байснаас хүнд туссан, буцаж сэргэх явц ч таамагласнаас удаан байна гэжээ.[1]

Энэ жил дэлхийн хөгжингүй болон шинээр сэргэж буй томоохон эдийн засгууд бүгд хасахтай гарч байгаа бөгөөд ганцхан улсын эдийн засаг нэмэх өсөлттэй байгаа нь Хятад аж. Хятадын эдийн засаг 2020 онд 1 хувиар өсөх төлөвтэй гэж Олон улсын валютын сан 6 дугаар сард гаргасан тайландаа дурджээ (Хүснэгт 1-ийг үзнэ үү).

Эх сурвалж: Олон улсын валютын сан

Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян энэ оны 5 дугаар сард тавьсан Засгийн газрын тайлан илтгэлдээ энэ жил ковид-19 гарсантай холбоотой нийгэм эдийн засгийн тодорхой бус хүчин зүйлс их байгаа тул улсынхаа эдийн засгийн өсөлтийг тоон хувиар илэрхийлэх зорилт тавихгүй гэдгээ зарласан юм. Өнгөрсөн жил буюу 2019 онд Хятадын ДНБ 6.1 хувиар өссөн, ажилгүйдэл 5.3 хувьтай, инфляц 2.9 хувьтай, олон улс дахь орлого зарлага тэнцвэртэй, эдийн засгийн ерөнхий дүн нуруу тогтвортой байжээ. Харин 2021 онд дэлхий даяар эдийн засаг аажмаар сэргэнэ гэж таамаглаж байгаа ба Хятадын эдийн засгийг хамгийн өндөр буюу 8.2 хувиар өснө гэсэн таамаг ОУВС гаргасан.

Ковид-19-ийн эсрэг Хятадын авч буй арга хэмжээ

2020 оны цар тахал улс орнуудад асар хүнд цохилт учруулж байгаа ч Хятад улс эдийн засгийн аливаа сорилтод бусад орныг бодвол харьцангуй сайн бэлтгэлтэй байсан гэж хэлж болно. Учир нь 2018 оноос эхэлсэн Хятад, АНУ-ын худалдааны дайн аль хэдийн Хятадын эдийн засагт ковид 19-өөс өмнө сорилт учруулаад байсан юм. Үүний хариу арга хэмжээ болгож Хятадын засгийн газар 2018 оны 7 дугаар сард “Зургаан тогтворжилт”-ийн бодлого дэвшүүлсэн. Үүнд: ажлын байр, санхүү, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, төлөвлөгөөт ажлууд гэсэн зургаан зүйлийг тогтвортой хадгалан барих бодлого хэрэгжүүлэв. Уг бодлогын үр дүнд худалдааны дайнтай байсан ч 2019 онд эдийн засгаа 6.1 хувиар өсгөж чаджээ.

Гэвч хоёр дахь том цохилт 2020 онд ковид 19-ийн нөлөөнөөс ирж Хятадын эдийн засаг нэлээд хүндрэн агшиснаар эхний улиралд гэхэд ДНБ-ий өсөлт өмнөх оны мөн үеийнхээс 6.8 хувиар буурсан аж.[2] Ингээд эдийн засагт авах дараагийн арга хэмжээг төлөвлөж, энэ оны 4 дүгээр сард “Зургаан хадгалалт”-ын бодлого дэвшүүлэв. Үүнд: ажлын байрыг, иргэдийн амьжиргааг, зах зээлийн гол голдирлыг, хүнс эрчим хүчний аюулгүй байдлыг, үйлдвэрлэлийн тогтвортой гинжин хэлхээг, суурь шатны дотоод эргэлтийг тус тус тогтвортой хадгалах явдал бөгөөд энэ хүрээнд арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхээр болжээ.

Эдгээр бодлоготой уялдаж буй гол субьект нь жижиг дунд ААН-үүд болж байна. Учир нь ДНБ-ий өсөлтийн 60 хувийг жижиг дунд ААН-үүд бий болгодог, ажлын байрны 80-аас илүү хувийг тэд бүтээдэг. Гэтэл цар тахлын үеийн нийгмийн тусгаарлалт зэрэг нь жижиг дунд ААН-үүдэд хамгийн хүндээр тусаж, орлого тасалдан хаалгаа барихад хүргэж байгаа тул үүнд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа нь дээрх “зургаан тогтворжилт”, “зургаан хадгалалт” бодлогоос харагдаж байна.

Хятадын эдийн засгийн талаарх цаашдын таамаг

Ковид 19-ийн үед явуулж буй дээрх бодлогын нөлөөгөөр Хятадын эдийн засаг аажим өсөх хандлагатай байгаа гэж эдийн засгийн шинжээчид үзжээ. Азийн хөгжлийн банкнаас гаргасан Хятадын эдийн засгийн талаарх таамаг Олон улсын валютын сангийнхыг бодвол илүү өөдрөг дүр зурагтай байна. 2020 онд Хятадын эдийн засаг ковид 19-ийн улмаас унаж 2.3 хувиар л өсөх боловч 2021 онд буцан сэргэж 7.3 хувиар өснө гэж таамаглажээ.[3] Үүнтэй ойролцоо гарсан бас нэг таамаг нь Ройтерс агентлагийн судалгаа бөгөөд Хятадын эдийн засаг сая хоёрдугаар улиралд 2.2 хувиар өссөн, гуравдугаар улиралд 5.2 хувь, дөрөвдүгээр улиралд 6.1 хувиар өсөж магадгүй гэжээ.[4] Гэхдээ энэ нь Хятад АНУ-ын консулын газруудын хэрэг дэгдэхээс өмнө хийсэн судалгаа аж. Ер нь эдүгээ олон улсын нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж, тодорхойгүй хүчин зүйлсийн нөлөө хэтэрхий их байгаа нь аливаа судалгаа таамаг дэвшүүлэхэд бэрхшээлтэй, эсвэл таамгууд хоорондоо зөрөхөд хүргэж байна. Гэсэн ч аль ч судалгаагаар Хятадын эдийн засаг 1 хувиас дээш өсөлттэй байж ирэх жил сэргэнэ гэсэн нийтлэг дүр төрхтэй байна.

Эрсдэл: Хятадын эдийн засаг дахь хамгийн том эрсдлийг мэдээж ковид-19 цар тахлын дахин дэгдэлт гэж үзэж байна. Түүнчлэн Хятад, АНУ-ын харилцаа хурцдах, ААН-үүдийн ашиг буурах зэрэг хүчин зүйлс нь ААН-үүдийн хөрөнгийн зардлыг нэмэгдүүлснээр худалдаа, үйлдвэрлэлд дарамт урчуулж болзошгүй гэж эдийн засагчид үзжээ.[5] 2020 оны сүүлийн хагас жилд таагүй хүчин зүйлсийн нөлөө ар араасаа гарч ирснээр Хятадын эдийн засаг сэргэх явц удааширж ч магадгүй. Үүнд цар тахлын тусгаарлалт нь зах зээл дэх эрэлт сэргэхэд таагүй нөлөөлнө. Эдийн засаг буцаж сэргэх явцыг удаашруулж буй өөр нэг гол шалтгаан нь экспортыг сэргээхэд асар хүндрэлтэй байх болно, өмнөх жилүүдийнх шиг эдийн засаг сэргэхэд дагаад экспорт шууд өсдөг шиг байдал бий болохгүй. Мөн үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт өмнөх жилүүдийнх шиг өндөр байхгүй гэж Бээжингийн их сургуулийн профессор Хуан Үйпин дүгнэжээ.[6]

Цаашид Хятадын эдийн засгийн хөгжилд сайнаар нөлөөлж болох хоёр зүйл байгаа нь нэгд дотооддоо эрэлтийг сайтар бий болгосноор өсөлтийг дэмжих гол хүч болно, хоёрт дижитал эдийн засаг цаашид ихээхэн үүрэг гүйцэтгэх хандлагатай, энэ нь магадгүй хөгжлийн шинэ түлхэх хүч болох болно гэжээ.

Эдийн засгийн байдал ба Хятадын нүүрсний импорт

Эдийн засгийн өсөлт эрс саарсныг дагаад Хятадын нүүрсний хэрэглээ эхний дөрвөн сарын байдлаар 6.8 хувиар буурчээ. Ингээд Хятадын нүүрсний том компаниуд үйлдвэрлэлээ 4 сая тонноор бууруулсан байна. Хятадын Нүүрсний нийгэмлэгээс гаргасан “2019 оны нүүрсний салбарын жилийн тайлан”-д 2020 оны төлөвийн талаар таван зүйлийг тодотгожээ. Нэгд нүүрсний эрэлт буурч байна, хоёрт нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж байна, гуравт нүүрсний нөөцлөлт нэмэгдэж байна, нүүрсний үнэ буурч байна, нүүрсний эдийн засгийн үр ашиг буурч байна гэсэн таван хандлагыг 2020 оны онцлогоор тодорхойлсон байна.[7]

Хятадын дотоодын нүүрсний үйлдвэрлэл буурч байгаа хэдий ч гадаадаас авах импорт буураагүй аж. 2020 оны эхийн хагас жилд нүүрсний импорт өсөж, 174 сая тонн нүүрс импортлосон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 12.7 хувиар өссөн дүн бөгөөд голлон Индонез, Австратли, ОХУ, Монгол, Филлипин зэрэг улсаас импортлосон байна. 2019 оныхтой харьцуулахад импорт хийсэн орнуудын бүтэцэд ОХУ Монголыг гүйцэж гурвдугаарт орох болсон өөрчлөлт гарчээ.

Эхний хагас жилийг бодвол энэ оны сүүлийн хагас жилд аж үйлдвэр, эдийн засгийн аажим сэргэх дээрх таамгийн дагуу нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ бага зэрэг өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна Хятадын нүүрсний нийгэмлэг.[8]

Гэвч энд анхаарууштай нь эдийн засаг хэвийн өсөлттэй байсан 2019 онд 300 сая тонн нүүрс импортлосон гэдгийг тооцвол энэ жил хэдийнээ 174 сая тонныг импортлочихоод байгаа. Тэгэхээр сүүлийн хагас жилд импортыг 100 гаруй сая тонноос хэтрүүлэхгүй, мөн нүүрс импортолж буй боомтуудын хяналт нэвтрэлтийг сулруулах найдвар бага гэж үзэж болно. Цаашид Хятад улс нэмэгдэж буй нүүрсний эрэлтээ дотоодын үйлдвэрлэлээр хангах бололтой.

Эдгээрийг нэгтгээд харвал хэдийгээр цар тахал дэгдэж эдийн засаг агшиж байсан ч Хятадын нүүрсний импорт нэмэгдсэн шалтгаан нь үнэ хямдарсантай холбоотой бөгөөд сүүлийн хагас жилд эдийн засаг сэргэж нүүрсний үнэ нэмэгдэх үеэр дотоодын үйлдвэрлэлдээ түшиглэх гэсэн бодлого барьж байж магадгүй юм.

Аюулгүй байдал судлалын хүрээлэн

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Мал, мах бэлтгэх ажилд хамрагдах хүсэлтэй махны үйлдвэрүүдэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд хамрагдах хүсэлтэй махны үйлдвэрүүдэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг танилцуулж байна.

Арилжааны банкны эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажилд оролцох хүсэлтэй махны үйлдвэрүүд доор дурдсан баримт бичгийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны 6 давхрын 611 тоот өрөө, утас 11-315349/ битүүмжлэн ирүүлнэ үү.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Аж ахуйн нэгжийн хүсэлт; /бэлтгэх махны хэмжээг тусгах/
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Стандартын шаардлага хангасан агуулахтай мах боловсруулах үйлдвэр нь мал төхөөрөх үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэрээ;
  4. Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр нь стандартын шаардлага хангасан агуулах бүхий аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ;
  5. Үйлдвэрийн танилцуулга;
  6. Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналтын байгууллагаас гаргасан Улсын байцаагчийн дүгнэлт;
  7. “Хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага. MNS 5343:2011 стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй байх; /Фото зураг хавсаргах/
  8. Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг ангилан ялгаж хадгалах зориулалтын талбай, байр, сав, бункертэй байх; /Фото зураг хавсаргах/
  9. Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, төвлөрсөн цэгт дарж булшлах үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан байх;
Categories
мэдээ эдийн-засаг

Банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцлоо

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нарын зэрэг хүмүүс оролцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас манай эдийн засаг амаргүй нөхцөлд байна. Сонгуулийн үеэр болон сонгуулийн дараа иргэдтэй уулзаж явахад хөндөж буй асуудлуудын эхэнд банкны зээлийн хүүг бууруулах тухай асуудал байна.

Бид ирэх жилүүдэд өр төлнө. Өрөө төлөхийн тулд төлбөрийн баланс сайжрах ёстой. Төлбөрийн баланс сайжрах нөхцөл нь экспортын хэмжээ, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх явдал юм. Гэтэл ийм боломж тэр бүр бүрдэхгүй байна.

Манай банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 16 хувь байгаа. Гэтэл шинээр үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнесийнхэн эхний 5 жилдээ 5 хувиас дээш ашигтай ажиллах ямар ч боломжгүй байна. Үйлдвэрлэл хумигдаж, эдийн засаг агшиж байна. Тиймээс зээлийн хүүг бууруулах, экспортын болон жижиг дунд үйлдвэрлэлийг хүүгийн татаас, зээлийн шугамаар дэмжих шаардлагатай боллоо.

Бидэнд боломж бололцоо бий. Гэтэл түүнийгээ ашиглаж чадахгүй, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахгүй байна. Хэд хоногийн өмнө би өмнийн говийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Ядаж 4 жилийн өмнө ашиглалтад оруулчихгүй яав даа гэж харамссан. Зөвхөн өнгөрсөн 4 жилд л гэхэд бид эндээс олж болох 5.0 тэрбум ам.долларын орлогоо алджээ. Одоо ингэж боломжоо үгүй хийж суумгүй байна.

Банкуудын нэр хүнд олон нийтийн дунд муу байгаа, нуугаад яахав. Манай банк санхүүгийн тогтолцоонд арилжаа, мөнгө хүүлэлтийг дэмжсэн орчин бий болчихжээ. Тиймээс үүнээс татгалзаж, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаагаа эрхлэх эрх зүйн шинэ орчин, салбарын реформ хийх нь хойшлуулшгүй зорилт боллоо. Ингэж байж бид банкуудынхаа унасан нэр хүндийг сэргээж, итгэлцлийг бэхжүүлнэ.

Удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган чуулна. Энэ чуулганаар мөнгөний бодлого, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Тиймээс зээлийн хүүг бууруулах замаар эдийн засгаа дэмжих, “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар та бүхний бодол, саналыг сонсож, ярилцахаар энэ уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.

Эдгээр асуудлуудтай холбогдуулан банкны удирдлагууд саналаа илэрхийлэв. Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Зээлийн хүүг бууруулах нь бидний ч сонирхол мөн. Эрсдэл багасна. Зээлийн хэмжээ, хүртээмж нэмэгдэнэ. 8 хувийн ипотекийн зээлийн эргэн төлөлт маш сайн байхад 16 хувийн хүүтэй арилжааны зээлд л асуудал үүсдэг. Харамсалтай нь олон хүчин зүйлээс болоод хүү олигтой буурахгүй байна. Тиймээс юуны өмнө асуудал юундаа байгааг, алийг нь яаж, хэрхэн шийдвэрлэх нь зохистой болох талаар маш сайн судалгаа, шинжилгээ хийх ёстой. Үүндээ үндэслэж, зөв оновчтой, зоримог үйл ажиллагаа өрнүүлэх нь чухал боллоо. Тухайлбал, УИХ-аас банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай” гэлээ. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч актив удирдлагын компани байгуулах, төрөөс банкуудаа бодлогоор дэмжих, үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, Хөгжлийн банктай арилжааны банкуудыг хамтарч ажиллуулах, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа томоохон төсөл, үйлдвэрлэлийг дэмжих хамтын зээлийн хэлбэрийг ашиглах, тухайн төслийг барьцаалж зээл олгох, Монголбанкнаас зээлийн хүүг тогтворжуулах бодлого гаргаж хэрэгжүүлэх, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал М.Отгонбаяр чанаргүй активыг бууруулахад чиглэсэн багц хуулийн төслүүдийг ойрын үед батлан гаргах, банкууд үйл ажиллагааны зардлаа бууруулахын тулд олон төрлийн АТМ, POS төхөөрөмжүүдээс татгалзаж, нэгдсэн нэг төхөөрөмжтэй болох, Монголбанкны заавал байлгах нөөцийн хэмжээг буулгах зэрэг саналуудыг хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд “Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя. Энэхүү тогтоолд чанаргүй активыг бууруулах, эрх зүйн шинэчлэл хийх, эх үүсвэрийн хүүг бууруулах, Хөгжлийн банктай хамтарч ажиллах болон бусад асуудлаар Та бүхэн 8-р сарын 10 гэхэд саналаа өгөх хэрэгтэй байна. Банкуудын холбоо, арилжааны банкууд УИХ-д шинээр байгуулагдсан Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон бусад байнгын хороод, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нараар ахлуулан байгуулсан төсөв, санхүү, банкны шинэчлэлийн асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгүүдтэй хамтарч ажиллах, өөр өөрийн биш, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах нь чухал байна” гэв. УИХ-ын даргын энэхүү саналыг банкуудын удирдлагууд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төмөрбетон гүүр барих ажил 52 хувийн гүйцэтгэлтэй байна

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн туслан гүйцэтгэгч компаниудын нэг “Туулын гүүр далай” ХХК өчигдөр 132.38 метр урт төмөрбетон гүүрийн дам нурууг угсарч дуусгажээ. Тус компанийн хариуцсан энэ гүүр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км трассын 369 дүгээр цэг дээр байршдаг. Төслийн хүрээнд нийт 27 төмөрбетон гүүр барьж байгуулахаас өчигдрийн байдлаар 52 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм. Төсөл хэрэгжүүлэгч “Монголын төмөр зам” ТӨХК, хяналтын зөвлөх “Тавантолгой төмөр зам” ХХК, доод бүтцийн гүйцэтгэгч “Зэвсэгт хүчний жанжин штаб”, дээд бүтцийн гүйцэтгэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийнхэн болон бусад аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр эдийн-засаг

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж байна

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж эхэллээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж байгаа хэлэлцүүлэгт бүх сайд, холбогдох агентлагууд болон нийслэлийн удирдлага оролцож байна. Үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлэг нь дэлхий нийтийг хамарсан КОВИД-19-тэй холбоотой. Цар тахлаас үүдэн гарч байгаа болон цаашид учрах хүндрэлийг хэрхэн эдийн засгийн хохирол багатай даван гарах талаар хэлэлцэж тусгах юм.

“Үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа-2050, тэр дундаа тус бүр 10 жилээр хэрэгжих дунд хугацааны хөтөлбөр болон таван жилээр хэрэгжих үйл ажиллагааны үндсэн чиглэлд суурилна. Ирэх жилүүдэд бондын өр төлбөрийг барагдуулж, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, усан цахилгаан станц, боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгана. Мөн иргэн бүр жил бүр эрүүл мэндийн оношлогоонд хамрагддаг байх, саарал ус ашиглах, нийслэлийн инженерийн шугам, сүлжээг шинэчлэх зэрэг олон жил яригдсан асуудлыг цогцоор нь шийднэ” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

“УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдаж бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулах учир төсвийн тодотгол хийх учиртай. Цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого энэ оны эхний зургаан сарын байдлаар 2,1 их наяд төгрөгөөр тасарсан. Энэ хэвээр байвал оны эцэст гурван их наяд төгрөг хүрэх төлөвтэй. Иймээс Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлэхээр БНХАУ-тай тохиролцсоны зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг 08 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д өргөн барина гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.