Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Д.Гансүх: Америк, Монголын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол өргөн утгаараа эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхэд түлхэц болно

Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүхтэй ярилцлаа.


-АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим “АНУ-монгол Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол”-ыг баталлаа. ингэснээр стратегийн түншлэлийг албан ёсоор эхлүүлж илүү бодит болгож байна гэж ойлгож болох уу?

-2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж, айлчлалын үр дүнгээр Монгол, Америкийн хооронд стратегийн түншлэл тогтоосноо зарласныг Та мэдэж байгаа. Стратегийн түншлэлийг албан ёсоор эхлүүлж байгаа юу гэж асуусан тухайд хэлэхэд стратегийн түншлэл гэдгийг бид үйл явц, аливаа харилцааны түвшин гэж ойлгох хэрэгтэй болов уу.

Манай хоёр орны хувьд талуудын улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн, талууд харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг, харилцан итгэлцэл бий болсон, ардчилсан орнууд, нийтлэг үнэт зүйлстэй зэрэг олон хүчин зүйл байгаа нь стратегийн түншлэлтэй болох үндэс юм.

Нэгэнт тунхагласан стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх, бодитой болгох чиглэлээр хоёр улсын Засгийн газар ажиллаж байна. Юуны өмнө бид Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдыг АНУ-д айлчлахад мөн хоёр тал эдийн засгийн харилцаагаа өргөжүүлье, түншлэлээ бататгая гэж ярилцан тохиролцоод замын зураглалыг гаргасан. Замын зураглалд ямар, ямар чиглэлд хамтын ажиллагаагаа чиглүүлэх вэ гэдгийг ярилцаж тохиролцсон. Бид одоо замын зураглалаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнгөрсөн сард ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хоорондын эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтыг онлайнаар зохион байгуулсан.

Хоёр талаас 24 байгууллагын 50 гаруй төлөөлөгч оролцож, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө тууштай байгаагаа харилцан илэрхийлсэн. Тэгэхээр АНУын Конгрессын Төлөөлөгчдийн танхимаар сая баталсан тогтоол бол стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой тогтоол.

-Тэр талаар тодорхой дурдвал…

-Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоогоод 37 жил болж байна. Тогтоолд энэ 40 шахам жилийн хугацаанд Монголын ардчилал, шинэчлэлийн ололт амжилт, Монгол, Америкийн харилцаанд гарсан ололтууд, ахиц дэвшлийг тусгасан. Эдгээрийг ийнхүү дүгнээд, ололт амжилтуудаа бататгаад цаашид хэрхэн яаж ажиллаж болох вэ гэдэг ерөнхий дүр зураг, зорилтыг тогтоолд оруулсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, анхаарах ёстой арга хэмжээнүүд. Тухайлбал, тогтоолд хоёр улс 2019 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Замын зураглалыг тохиролцсон, МСКын Хоёрдугаар компакт гэрээ, Ил тод байдлын хэлэлцээр, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэргийг онцолсон. Жишээ нь, бид АНУтай Ил тод байдлын гэрээ хэлэлцээр байгуулсан. Худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин гээд бүхий л хамтын ажиллагаа ил тод байх үүргийг аль аль талдаа хүлээсэн хэлэлцээр. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд амаргүй. Харин АНУын талаас техникийн тусламж үзүүлж, хуулийн төслийг олон нийтэд хүртээмжтэй болгох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор дата баазыг өргөжүүлэх, хуулийн төслийг англи хэл рүү орчуулж нийтэд танилцуулах боломжийг бий болгох зэрэг ажил техникийн туслалцаа үзүүлж байна.

-Энэхүү тогтоол батлагдсанаар Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль урагшлах болов уу гэсэн хүлээлт байна л даа.

-Манай Ерөнхийлөгч АНУд айлчлахдаа тавьсан санал санаачилгуудын нэг бол Гуравдагч хөршийн худалдааг дэмжих хуулийг АНУын Конгрессоор батлуулах тухай байсан. Энэхүү хуулийг батлуулснаар гарах үр дүнг бид сайн ойлгож байгаа. Энэ хууль батлагдсанаар Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУын зах зээлд татваргүй гаргах боломж бүрдэнэ. Хэрвээ Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн АНУ руу татваргүй гарвал 50 000 гаруй ажлын байр бий болно. Энэ салбарт олон мянган эмэгтэйчүүд ажилладаг. Монголын жижиг, дунд үйлдвэрүүд сэргэнэ, дээрээс нь бид өөрсдийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг АНУ-д зарах боломжтой болох юм. Монгол, АНУын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоолын төслийг Конгресст батлуулах нэгдсэн хуралдаан дээр Конгресс дахь Америк-Монголын Бүлгийн гишүүн Тэд Ёохо Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн ач холбогдлын талаар тодорхой дурдаж ярьсан. Тогтоолд Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчид, түүний дотор бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ёстой тухай заалт бий. Энэ заалт Монголын ноос ноолуурын салбарт хамаатай, Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг урагшлуулахад ч нөлөөтэй.

Энэхүү хуулийн төслийг өмнө нь Конгресст хоёр удаа өргөн бариад байна. АНУ-ын Конгресс буюу парламент нь хоёр жил тутамд сонгуулийн үр дүнгээр өөрчлөгддөг. Өмнөх хугацааных нь үед өргөн баригдсан хууль хэлэлцэгдэж дуусаагүй бол дараагийн Конгресст өргөн барих хэрэгтэй болдог. Одоо өргөн баригдаад байгаа төслийг Конгрессын 100 шахам гишүүн дэмжиж байгаагаа мэдэгдсэн.Одоо гурав дахь удаагаа өргөн барих боломж бий болж байна гэж бид харж байгаа. Тийм учраас “АНУМонгол Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тогтоол” бол өргөн утгаараа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хуулийг урагшлуулахад хөшүүрэг болно гэж үзэж байна. Тогтоолд Монголын эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн дэмжлэгийг авах, Монгол, Америкийн худалдааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэмжиж хамтран ажиллахыг Төрийн департамент, Олон улсын хөгжлийн агентлаг, Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпораци зэрэг байгууллагад уриалсан.

-Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулиас гадна өөр ямар эерэг, өөрчлөлт авчрах заалтууд тогтоолд туссан бол?

-Америкийн зүгээс Монгол Улсыг ардчиллаа бэхжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, төрийн байгууллага, институцийн чадавхаа нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх чадавхаа сайжруулах зэрэгт онцгой анхаарч, цаашид тууштай үргэлжлүүлж ажиллах хэрэгтэй гэдгийг уриалсан. Энэ талаараа тогтоолд тусгасан гэсэн үг.

-АНУ-ын шинэ Ерөнхийлөгч он гараад тангараг өргөнө. Манай улсын тухайд АНУ-ын шинэ ерөнхийлөгч хэр ээлтэй байх бол?

-Том гүрний төрийн тэргүүн солигдоход дэлхийн бүхий л улс орнууд анхаарч байдаг. Энэ нь ч байх ёстой асуудал. Монгол Улсын хувьд АНУ-тай нэгэнт стратегийн түншлэлийн харилцаатай, энэ харилцааг л улам өргөжүүлж явах нөхцөл бүрдэнэ гэж бодож байна. Манай хоёр орны харилцааны суурь зарчмууд байгаа учраас харилцаа улам гүнзгийрэх боломж бүрдэнэ л гэж ойлгож байгаа.

Сонирхуулж хэлбэл, Жо Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хамтран ажиллах өндөр албан тушаалын хүмүүсийнхээ нэрийг дэвшүүлж байгаа. Тэдний дотор өндөр албан тушаал хашиж байхдаа манай улсад айлчилж байсан хүн хэд хэд бий. Тухайлбал, Жо Байден өөрөө 2011 онд дэд ерөнхийлөгч байхдаа манай улсад айлчилж байсан. Түүний Төрийн нарийн бичгийн даргаар нэр дэвшүүлээд байгаа Тони Блинкен Цагаан ордны ҮАБЗд ажиллаж байхдаа манай оронд айлчилж байсан. Жон Керри гуайг Жо Байден Уур амьсгалын асуудал хариуцсан элчээр томилсноо зарласан. Жон Керри бол АНУын Сенатад олон ажил ажилласан. Ажиллаж байхдаа Сенатаар батлагдсан Монгол Америкийн харилцааны тухай, Монгол Улсыг дэмжсэн тогтоолуудыг байнга дэмжиж, хамтран зохиогчоор оролцож байсан эрхэм хүн. Мөн тэрээр Төрийн нарийн бичгийн дарга байхдаа Монгол Улсад айлчилж байсан. Ингээд харвал Монголыг мэддэг, Монголтой харилцаж байсан хүмүүстэй ажиллана гэдэг нь тун аятай. Ер нь ч хуучны танилтайгаа уулзах ямар сайхан байдаг билээ дээ.

-Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байх үедээ БНХАУ Монгол зэрэг орнуудаас нүүрс авч, дэлхий даяар муу нүүрс тараадаг, Ерөнхийлөгч болсон даруйдаа би үүнийг таслан зогсооно гэх зүйлийг ярьсан. Энэ нь монголчуудад бага зэргийн айдас төрүүлсэн нь нууц биш. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч?

-Яг тийм биш юм. Сонгуулийн өмнөх сунгааны үед дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн тухай ярьж байсан. Тэгэхдээ Хятадыг шүүмжилсэн, тэр үеэрээ л Монголоос түүхий нүүрс авч ашиглаад байгаль орчныг бохирдуулж байна гэсэн утгатай зүйл хэлж байсан юм. Тэгэхээр манай нүүрсний худалдааг зогсоох тухай асуудал биш.

-Манай улс өнөөдрийн байдлаар АНУ-аас хичнээн иргэдээ чартер нислэгээр аваад байна вэ. Мөн эх орондоо ирэхээр хүсэлтээ өгсөн хичнээн иргэд байгаа бол?

Манай улс АНУаас иргэдээ маш сайн татаж авсан. Өнгөрсөн долдугаар сараас эхлээд нийт дөрвөн удаагийн тусгай үүргийн шууд нислэгээр 1000 гаруй иргэнээ авчирсан. Мөн транзит нислэгээр 1500 гаруй иргэн эх орондоо ирсэн. Одоогийн байдлаар 1500гаад хүн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Үүнээс 300 орчим нь нэн яаралтай ирэх хүсэлтээ гаргасан гэсэн мэдээ байна. Тусгай үүргийн шууд нислэг үйлдэж байгаа нь цар тахлын үед бие биедээ үзүүлж буй томоохон дэмжлэг. Мөн стратегийн түншлэлийн чухал илрэл.

-Тэдгээр иргэдээ хэдийгээр авчрах вэ?

-Манай улс дотоодод цар тахал гарсантай холбоотойгоор 11 дүгээр сард төлөвлөсөн байсан хэд хэдэн нислэгийг цуцалсан. Өнөөдөр Улсын Онцгой комиссоос гурван удаагийн нислэг үйлдэж, 600 шахам иргэнээ авах шийдвэр гаргасан байна. Ингээд нөхцөл байдалтайгаа уялдуулаад шийдвэрээ гаргаад явах болов уу гэж харж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Вакцин тойрсон эерэг мэдээ зэсийн ханшийн өсөлтөд нөлөөлөв

– ЗЭСИЙН ҮНЭ 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ 2011 ОНД ТОГТООСОН 10170 АМ.ДОЛЛАРЫН РЕКОРДЫГ ДАВЖ МЭДЭХ НЬ –

Коксжих нүүрс, зэс, алтны үнэ өсөлттэй яваа энэ өдрүүдэд зэсийн үнэ мэдрэгдэхүйц өссөн мэдээ анхаарал татаж байна.

Тодруулж хэлбэл, Хятадын эдийн засгийн сэргэлт, ковидын вакцин тойрсон эерэг мэдээ зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн тухай дэлхийн хэвлэл мэдээллийнхэн онцолж эхэллээ.

“Pfizer” вакцины эхний шатны туршилт 90 хувийн үр дүнтэй гарсан нь зах зээлд оролцогчдын хүлээлтэд эерэгээр нөлөөлж зэсийн үнэ сэргэлээ гэх мэт зэсийн үнийн өсөлтийг вакцинтай холбосон мэдээлэл хөвөрсөөр байна. Онцолж хэлэхэд, зэсийн үнэ 7750 ам.долларт хүрсэн нь 2013 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм.

Эдийн засагч Ч.отгочулуу зэсийн үнэ өссөн шалтгааныг “Зэсийн үнэ өсөх хандлагатай анзаарагдаад эхэлчихлээ. Зэсийн үнэ өссөн хэд хэдэн шалтгаан байгаа.

Нэгдүгээрт Чили, Перуд коронатай холбоотойгоор үйлдвэрлэлүүдийг хаалттай горимд шилжүүлсэн. Ийм шалтгаанаар нийлүүлэлт багассан тал байна. Хоёрдугаарт, Хятадын эрэлт эргээд сайжирч байна. Ялангуяа өнгөрсөн сард Хятадын экспорт 22 хувийн өсөлттэй гарлаа. Урьд хөршийн экспорт санаснаас маш хурдан эргэж сэргэж байгаа нь сайнаар нөлөөлнө. Америк, Японы эдийн засгууд сэргээд эхэлсэн. Тийм учраас эрэлтийн шалтгаантайгаар зэсийн үнэ өсөх хандлага тод ажиглагдаж байна. Зэсийн үнийн энэ өсөлт манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлнө” хэмээн онцлов.

Ирэх хоёр, гурван жилд ч зэсийн ханш өсөлтөө хадгална, огцом өсөх магадлал ч бий гэсэн таамаг бий. Блүүмбэрг Лондонд зэсийн үнэ сүүлийн долоон жил хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ гэж онцлоод энэ өсөлтийг Хятадын эдийн засгийн өсөлттэй холбон тайлбарлажээ. Блүүмбэрг “Зэсийн үнэ одоогийн байдлаар тав дахь долоо хоногтоо өсч байна. Дараа жилээс Хятадыг дагаад өөр бусад өндөр хөгжилтэй орнуудын эрэлт ч нэмэгдэнэ. Коронавирусийн вакцины туршилт амжилттай байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлж эхэллээ. Ингэснээр металлын хэрэглээнд эерэгээр нөлөөлөх нь тодорхой болж байна. Зэс бол ногоон дэд бүтцэд шаардлагатай металл. Тийм учраас хөрөнгө оруулалт татах тал дээр ч эерэг өнгө анзаарагдаж байгаа” хэмээн онцолжээ. Өөрөөр хэлбэл, зэсийн эрэлт ирэх жилээс огцом өсөлт үзүүлж мэдэхээр өнгө аяс дэлхийн зах зээлд анзаарагдаж эхэлсэн аж. Чилийн Antofagasta уурхайн Ivan Arriagada “Зэсийн үнэ өсч байгаа нь сайн хэрэг. Хятадын зэсийн эрэлт тогтвортой байна. Дараа жил дэлхийн зэсийн зах зээлд хомсдол үүсэх эрсдэл анзаарагдаж байгаа” хэмээн “Блүүмбэрг”-т ярьжээ. Дашрамд сонирхуулахад Чили, Перу улсад цар тахлын хөл хорионоос болж уурхайнуудын үйл ажиллагаа тасалдаад байгаа юм. Чилийн Antofagasta уурхайн зэсийн олборлолт одооноос л аажмаар хэвийн голдиролдоо ороод байгаа аж. Тус уурхайн уурхайчдын гуравны хоёр нь ажилдаа эргэн оржээ.

“Citigroup”-ийн шинжээчид ч эерэг таамаг хэлж байна. Тэд таваарын зах зээл ирэх жил өсөлттэй байна, ирэх оны эцсээр зэс, хөнгөн цагааны үнэ өснө гэж тооцоолжээ. Үнэт металлуудын тухайд алтны үнэ 2021 оны эхээр өсөх хандлагатай гэсэн таамаг гаргажээ.“Citigroup”-ийн шинжээчид ч металлуудын үнийн өсөлтийг вакцины эерэг мэдээлэлтэй холбон тайлбарласан байна. Онцолж хэлэхэд ирэх оны сүүлээр металлуудын үнэ оргил түвшиндээ хүрнэ гэсэн өөдрөг таамгийг тэд гаргаад байгаа аж.

CNBC “Голдмен сакс”-ийн таамгийг онцолжээ. Зэсийн үнэ ойрын хугацаанд оргилдоо хүрнэ гэсэн өөдрөг таамгийг “Голдман сакс”-ийн шинжээчид онцолжээ. Шалтгааныг нь Хятад болон Өмнөд Солонгосын үйлдвэржилт эрчимжсэнтэй холбон тайлбарласан байна.Мөн зэсийн нийлүүлэлт багасч, доголдсон, ногоон эдийн засгийн өсөлт, Хятад улс коронавирусийн хөл хориогоо сулласан гэх мэт шалтгааныг ч дурджээ. “Голдман сакс”-ийн шинжээчид “Энэ удаагийн зэсийн үнийн өсөлт гэнэтийн үйл явдал биш. Зэсийн зах зээлийн өөдрөг ирээдүйн дөнгөж эхлэл” гэж байгаа бол Уолстрийт банк “2021, 2022 онд ч зэсийн үнийн өсөлт тогтвортой өндөр байна. Дараа жилийн дундаж үнэ нь 8625 ам.доллар, 2022 онд 9175 ам.доллар болно. 2022 оны эхний хагаст 2011 онд тогтоосон 10170 ам.долларын рекордыг давах өндөр магадлалтай” хэмээн тодотгож байна.

2022 онд зэсийн үнийн өсөлт рекордоо эвдэж 10 мянган ам.доллар давбал манайд эерэг нөлөөгөө үзүүлнэ гэж эдийн засагчид онцолж байна. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувийг агуулж буй гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацааг 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд гэж таамаглаж байгаа юм.

Улс орнууд иргэдээ вакцинжуулаад эхэлбэл зэсийн эрэлт улам өснө гэсэн таамаг голлож байгаа аж. Вакцин тойрсон эерэг мэдээллээс гадна ам.долларын хүч суларсан нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн гэнэ. Бүр тодруулж хэлбэл АНУ-ын Холбооны нөөцийн сан мөнгөний зөөлөн бодлого явуулснаар долларын ханш суларч, доллартай харьцах юанийн ханш чангарах үзэгдэл ажиглагдаж 2018 оны зунаас хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Энэ нь Хятадын зэс худалдан авагчдад таатай боломж болоод байгаа аж.

Зэсийг ирэх жилүүдэд моодонд оруулах гол шалтгаан нь ногоон эдийн засаг гэж буй. Хөгжингүй улсууд ногоон эдийн засгийг онцолж, энэ хандлагыг дагасан үйлдвэрлэл эрчимжиж байгаа. Наад захын жишээ нь бензин дизелийн түлшээр ажилладаг автомашинаас татгалзах хандлага хүчээ авч байна. Ирэх жилүүдэд цахилгаан машины үйлдвэрлэл огцом нэмэгдэнэ гэсэн таамаглал бий. Цахилгаан машинд зэсийг их хэмжээгээр ашигладаг юм. Нэг цахилгаан автобусанд гэхэд л 300 кг зэс ордог гэх мэдээлэл дуулддаг.

Зэснээс гадна коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ ч өсөлттэй байх таамаг давтамжтай дуулдаж байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Л.Амар: Засгийн газраас баталгаа гарган чөлөөт эх үүсвэрийг ашиглаж жижиг, дунд бизнесээ дэмжих боломжтой

Л.Амар: Банкууд ХҮҮГЭЭ буулгах, Зээлээ царцаах боломжгүй

Цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг давах, иргэдэд ирэх санхүүгийн дарамт үзүүлэхгүй байх зорилгын хүрээнд ипотекийн зээлийн төлөлтийг ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Харин бизнесийн болон хэрэглээний зээлийн төлөлтийг хэрхэх талаар Монголбанкны Ерөнхиийлөгч Б.Лхагвасүрэн “Бизнесийн болон хэрэглээний зээлийг арилжааны банк олгодог тул төв банк үүнд оролцох боломжгүй. Учир нь бизнесийн болон хэрэглээний зээлийн зээлдэгч, банк хоорондын гэрээгээр зохицуулагддаг” гэлээ.

Арилжааны банкуудыг төлөөлөн Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар “Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаа нь хязгаарлагдсан зээлдэгчид бий. Тэдэнд ямар байдлаар хөнгөлөлт үзүүлж болох талаар Монголын Банкны холбооны Удирдах зөвлөл тогтмол хуралдаж байгаа. Банк бүр үйл ажиллагааны хувьд адилгүй тул нэгдсэн шийдэл гаргахад хүндрэлтэй байна. Зарим нь иргэдэд үйлчилдэг бол зарим банк нь бизнесийн томоохон банкуудад үйлчилгээ үзүүлдэг тул банкууд өөр өөр бүтээгдэхүүнтэй.

Энэ нөхцөл байдалд төр, засгийн дэмжлэгтэйгээр банкууд тодорхой сегментэд дэмжлэг үзүүлэх боломжтой гэж харагдаж байгаа. Олон улсад жижиг, дунд бизнесээ дэмжих арга хэмжээ авагдаж байна. Тухайлбал, зээлийн баталгаа, батлан даалт гаргаж, хүндрэлд орсон ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгох арга хэмжээг олон улс авч байгаа. Энэ нь манай улсад хэрэгжүүлэх хамгийн боломжтой хувилбар. 7.3 хувийн уналттай, таг зогссон байгаа энэ эдийн засагт мөнгө хийх нь банкуудыг гал руу үсэр гэж байгаатай адил болно. Иймд төрөөс баталгаа гаргаж өгвөл банкин дээр чөлөөт эх үүсвэрийн хэмжээ хангалттай бий.

Өөрөө хэлбэл, бэлэн байгаа чөлөөт эх үүсвэрийг ашиглан, Засгийн газраас баталгаа гаргаж жижиг дунд бизнесээ дэмжих боломж харагдаж байгаа. Хязгаарлалтад өртсөн бичил зээлдэгчид төр, засгаас хөнгөлөлттэй эх үүсвэрээр, баталгаатай зээл олгоход эргэн төлөлт нь бараг 100 хувь байдаг нь олон улсын туршлагаас харагддаг. ОУВС-гаас төр, засгийн газар нь төсвийн хүрэлцээ муудаж байгаа үед засгийн газрын баталгаа гаргах, эсвэл тусгай зориулалтын компани байгуулах замаар ажлын байраа хадгалж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгждээ зээл олгох зөвлөмжийг гаргаад байгаа” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Лхагвасүрэн: Банкууд уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнд санхүүжилт олгох боломжтой

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй эдийн засгийн арга хэмжээ, бодлогын талаарх тайлбар мэдээллийг Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран хийж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Сая бодлогын хүүг 6% болгосон нь Монголбанкнаас гаргаж байгаа мөнгөний бодлогоо зөөлрүүлж буй хэрэг. Өөрөөр хэлбэл зах зээлд буюу бодит секторт мөнгө гаргах боломжтой. Үүнд Монголбанк бэлэн. Хүү багассанаар бодлогын хүүний санхүүжилт буурах дохио болох юм. Банк 6.5%-ийн хүүтэй санхүүжилт аваад цааш нь дахин санхүүжилт хийж болно.

Өөр нэг шийдвэр болох эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж хугацааг сунгах арга хэмжээг 2020.07.01-н хүртэл үргэлжлэхээр болсон. Энэ шийдвэр гарснаар өрхийн зээлийн дарамт буурна. Банкны салбарын тогтвортой байдлыг дэмжиж, өрхийн ирээдүйд зээлжих боломжийг хангана гэж үзсэн. Банкинд зээлтэй иргэд зээл төлөхөд нь ачаалалтай байвал хугацааг нь сунгаж болно.

Мөн ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацааны дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гарсан.

Монголбанк дөрөвдүгээр улиралд 230 тэрбум төгрөгийг санхүүжилтийн хэлбэрээр ашиглахаар төлөвлөсөн байсан. Үүнийг гаргаснаар банкууд уг эх үүсвэрийг бодлогын хүүний орчинд үзэж, зээлээ дахин санхүүжүүлэх, шинээр зээл гаргах зэрэг боломж бүрдэж байгаа юм” гэв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нефтийн үнэ өсчээ

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөөр байгаа бөгөөд “WTI” маркийн нефтийн үнэ гуравдугаар сарын 6-наас хойш анх удаа 45 ам.доллароос давсан бол “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 48 гаруй ам.долларт хүрчээ.

Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 3.84 хувиар өсөж, нэг торх нь 47.81 ам.доллар болсон байна. Энэхүү сортын нефтийн нэгдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 4.06 хувиар өсөж, нэг торх нь 47.93 ам.долларт хүрчээ. “WTI” маркийн нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх хэлцлийн үнэ нэг торх нь 45 ам.доллар болж, 4.51 хувиар өссөн байна.

“Коронавирустэй хийж буй тэмцэл улам бүр эрчимжиж, улам амжилттай болж байна. Ирэх жил нефтийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байна” гэж PVM-ийн брокер Тамаш Варга “Reuters” агентлагт ярьжээ

Коронавирусний вакцинуудын туршилт амжилттай болсон тухай мэдэгдсэний дараа болон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотойгоор нефтийн үнэ 11 дүгээр сараас хойш өссөөр байгаа юм. Их Британийн “AstraZeneca” компани коронавирусний вакцин нь 70-90 хувийн үр дүн үзүүлсэн тухай даваа гарагт мэдэгдсэн билээ. Тус компаниас өмнө Германы “BioNTech”, Америкийн “Pfizer” компаниуд вакциных нь туршилт амжилттай болсныг мэдээлсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

ББСБ-аас зээл авсан иргэдийн анхааралд


УИХ-аас баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх, төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн билээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-д Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг цахимаар болон холбоо харилцааны бусад хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэхийг үүрэг болгосон. Иймд зээлдэгч Та бүхэн харилцагч ББСБ-д эргэн төлөлтөд хүндрэл үүссэн талаарх холбогдох баримтын хамт зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтээ цахимаар гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийг хамгаалах чиг үүргийн хүрээнд дээрх хууль болон Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт тавьж ажиллаж байна. Иймд иргэд Та бүхэн энэ талаарх өргөдөл, гомдол, хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хорооны http://www.frc.mn/i/Feedback цахим хаягаар эсвэл 51-262608 тоот утсаар хандан гаргах боломжтой.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж, 6 хувь болголоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хорио цээрийн дэглэм эдийн засгийн бодит сектор, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч байна. Цаашид тогтвортой байдлыг хангахын тулд ямар бодлогын зохицуулалт хийх талаар өнөөдөр Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдлаа. Өнөөдрийн хурлаар

-Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувь болгох,
-банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2,5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох,
-зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 7 сарын 1 хүртэл хойшлуулах
-ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэр гаргалаа.” гэлээ.

“Монгол Улсад анхны хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш буюу 2020 оны нэгдүгээр сараас Монголбанк бүхий л журмаа зөөллөж, иргэд, ААН-д ирж байгаа дарамтыг зөөллөж ирсэн. Зээлд эрсдэлийн сан байгуулах журмын зохицуулалтыг суллаж өгсөн. ААН-үүд, иргэдийн зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргасан.

Он гарснаар 125 мянган харилцагч 5,3 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулах хүсэлтийг банканд гаргасан. Банк хүсэлтийг авч үзээд 3,7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэ зохицуулалт үргэлжилж байна.
Анх энэ оныг дуустал гэсэн шийдвэр гаргаж байсан. Засгийн газрын хурлаар ирэх оны 7 сарын 1 хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Бизнест нь хүндрэл учирсан ААН, иргэд зээл төлбөрөө хойшлуулах арга хэмжээ авч болно” гэлээ.

“Цар тахлыг хяналтандаа авсны дараа эргээд эдийн засаг сэргэнэ. Эрүүл мэндийн салбарт үүссэн асуудал дуусахад өөр бусад салбарт дарамт үүсгэхгүйн тулд Монголбанк зохицуулалтыг зэрэг хийж байна. Банкуудыг хүндрэлд оруулахгүйн тулд зохицуулалт мөн хийж байна” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Банкууд маргаашнаас ажиллаж эхэлнэ

Коронавируст цар тахал дотоодод тархаж эхэлснээс хойш арилжааны банкууд салбарын үйл ажиллагааг түр зогсоогоод байсан.

Тэгвэл арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс буюу маргаашнаас эхлэн Хас банк, Хаан банк, Төрийн банкууд 09:00-16:00 цагийн хооронд ажиллаж эхлэхээр болжээ.

Өнгөрөгч лхагвал гарагт Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн арилжааны банкууд халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллах боломжтой гэж мэдэгдэж байсан юм.

Харин Худалдаа хөгжлийн банк болон Голомт банк Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллахгүй байх хуваарьтай байна.

Уншигч та бүхэн банкуудын ажиллах хуваарьтай танилцана уу..

Categories
мэдээ эдийн-засаг

Германы Засгийн газар Монголд хэрэгжүүлж буй төслүүдэд 22 сая еврогийн тусламж олгохоор боллоо

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд цахим хэлбэрээр явагдлаа.

Хоёр орны холбогдох яамд, агентлагууд оролцсон тус хэлэлцээний үр дүнд хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болох эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах төслүүдэд 22 сая еврогийн тусламжийг германы талаас олгохоор тохиролцжээ.

Протоколд Монголын талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Азийн бүс нутгийг хариуцсан захирал, хатагтай Хаммершмидт нар гарын үсэг зурлаа. Монгол Улсын хувьд хүний хөгжлийн индекс сайжирч бага-дунд орлоготой орнуудын эгнээнд шилжсэн тул Холбооны Бүгд Найрамдах Герман Улс албан ёсны хөгжлийн хамтын ажиллагаагаа зайлшгүй туслалцаа шаардлагатай байгаа бусад улс орнууд руу чиглүүлэхээр болсноо мэдэгдэв. Ингэснээр хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ 2025 он хүртэл хэрэгжүүлж 30 орчим жил үргэлжилсэн Монгол-Германы албан ёсны хөгжлийн хамтын ажиллагаа өндөрлөх юм. Цаашид иргэний нийгэм, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зэрэг хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцсэн салбаруудад хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилнэ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

Өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхэллээ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Монгол Улсын хэмжээнд энэ оны 11 дүгээр сард нийт 1.199.570 хүүхдэд 119.5 тэрбум төгрөг олгоно.

Иргэн Таны хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансанд шууд орох тул та гэрээсээ гарах шаардлагагүй. Хэрэв банкинд өөрийн биеэр очиж үйлчлүүлдэг бол Ковид-19 цар тахлын үед банк оролгүй харилцдаг банкруугаа утсаар холбогдож ебанк болон картын үйлчилгээг сонгоорой.