Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монгол Улс төсвийн нээлттэй байдлын үнэлгээгээр 41 дүгээрт жагслаа

Төсвийн нээлттэй хамтын ажиллагаа (Open Budget Partnership) олон улсын байгууллагын судалгаагаар манай улс төсвийн индексээр 15 орноор урагшилж, 41-р байранд жагслаа.

Үүнд “Иргэдийн төсөв товхимол”, төсвийн гүйцэтгэлийн сар, улирлын мэдээ, жилийн эцсийн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хамрах хүрээ, агуулга сайжирсан нь нөлөөлжээ. Сангийн яам, Монголбанк, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагууд сар, улирал бүр улсын төсвийн орлого, зардал, алдагдлын дүн, эдгээрт нөлөөлсөн хүчин зүйлсийг мэдээлдэг. Мөн эдгээр байгууллагын удирдлагууд хэвлэлийн хурал хийхээс гадна цахим хуудас, олон нийтийн сүлжээн дэх хаягаараа дамжуулан инфографик бүхий, ойлгоход хялбар болгосон мэдээллийг тогтмол түгээх болсон юм.

Мөн нийслэлийн төсвийн мэдээллийг зурагжуулсан “Хотын төсөв” товхимлыг хэвлэх болсон.

Манай улс 2017 онд төсвийн индексээр 46 оноо авч байсан бол 2019 онд 56 оноо авч, 41 дүгээрт жагсжээ. Улс орнуудын дундаж оноо 45 байна. Төсвийн ил тод байдал, төсөв батлах явцад олон нийт оролцсон эсэх, төсвийн хяналт гэсэн үзүүлэлтүүдийг нэгтгэн, төсвийн индексийг тогтоодог байна.

Хамгийн өндөр оноо авсан буюу төсвийн мэдээллээ ил тод байршуулан, олон нийтийн дунд төсвийн тоон үзүүлэлтүүдийг амжилттай хэлэлцүүлсэн орнууд:

  • Шинэ Зеланд 87
  • Өмнөд Африк 87
  • Швед 86
  • Мексик 82
  • Гүрж 81
  • Бразил 81

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Өнөө жилийг өөдрөгөөр төсөөлсөн Монголбанкны таамагтай эдийн засагчид санал нийлэхгүй байна

Энэ жил эдийн засаг зургаан хувийн өсөлт үзүүлнэ гэсэн өөдрөг таамгийг Монголбанк, Сангийн яамнаас хэлж буй. Гэвч цар тахлын давлагаа дэлхийг нөмөрсөн өнөөдрийн таагүй нөхцөлд эдийн засаг өндөр өсөлт үзүүлэхгүй гэж болгоомжлох эдийн засагч цөөнгүй байна. Тэдний нэг нь эдийн засагч Н.Энхбаяр. Тэрээр “Эдийн засгийн өнөө жилийн өсөлт дөрвөн хувиас илүү гарахгүй байх” гэж тодотгосон бол Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.лакшми “Эдийн засгийн хамгийн том асуудал бол ковид, ковидоос үүдэлтэй хөл хорио болчихоод байна л даа. Манай улсын эдийн засаг түүхий эдийн экспортоосоо шууд хамааралтай. Өнгөрсөн жилийн хавар ковид эхэлж байхад дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ огцом доошилсон тохиолдол бийг мартаж болохгүй. Түүхий эдийн экспортоос гадна гадаадын хөрөнгө оруулалт эдийн засагт маш чухал нөлөө үзүүлдэг. Харамсалтай нь дэлхий даяар гадаадын хөрөнгө оруулалт тааруу болчихлоо. Үүнээс гадна гадны хөрөнгө оруулагчид Монголд итгэж мөнгөө оруулах эсэх нь эргэлзээтэй. Эдийн засгийн өсөлтийг шууд таамаглахад хэцүү. Олон улсын байгууллагууд гэхэд л эдийн засгийн таамгаа ойр ойрхон өөрчлөөд байна шүү дээ. Болгоомжлонгуй хэлэхэд эдийн засаг гурван хувийн өсөлттэй байх болов уу” хэмээн байр сууриа илэрхийллээ. Харин СЭЗИС-ийн багш, эдийн засагч ж.Дэлгэрсайхан “Монголбанк, Сангийн яам цар тахлын халдварыг дотооддоо алдахаас өмнө бүр найман хувийн өсөлт үзүүлнэ гэж өөдрөгөөр таамаглаж байсан удаатай. Цар тахлыг дотооддоо алдсанаас хойших таамгаа яаж гаргахыг хэлж мэдэхгүй юм. Бидний хамгийн том эрсдэл бол цар тахал хэдий болтол үргэлжлэх вэ гэсэн асуулт. Тахлын хөл хорионоос болж эдийн засгийн өсөлтийн боломж хумигдаж байна. Эдийн засгийн өсөлт 4-5 хувьд хэлбэлзэх болов уу” гэсэн юм.

Эдийн засагчдын хувьд өнөө жилийн ганц найдвар уул уурхайн салбар, тэр дундаа коксжих нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт түүхий эдийн экспорт гэж ам нийлүүлж байна. Нүүрсний зах зээл ямархуу өнгөтэй байхыг “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалаас тодруулахад “Хятадын эдийн засаг энэ жил өсөлттэй гарах учраас коксжих нүүрсний хэрэглээ өндөр хэвээр байна. Австралиас нүүрс авахгүй байгаа. Энэ утгаараа Монголын коксжих нүүрсний эрэлт, үнэ боломжийн байна. Хоёрдугаарт, эрчим хүчний нүүрсний эрэлт өсөж байгаа. Энэ түр зуурын өсөлт байх магадлалтай ч бидний хувьд боломж. Боломжийг аль болох бүрэн дүүрэн ашиглаж чадвал нүүрсний экспорт мэдээж эдийн засагт гол үүргээ 2021 онд ч гүйцэтгэнэ. Нүүрсний зах зээлийн эрсдэлийг бас тооцох хэрэгтэй. Хятадад эрэлт өндөр байхад Австралиас авахаа зогсоосон ч Монголоос олигтой авахгүй байна. Шалтгаан нь ковидын хяналт шалтгалт. Хэрэв ийм байдлаар цааш үргэлжилбэл эрэлт өслөө ч бид олигтой нүүрс гаргаж чадахгүй байх эрсдэлтэй. Тэгэхээр хоёр улсын хоорондын гадаад худалдааны харилцаа их чухал байна. Оросын хувьд ирэх жилүүдэд коксжих нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх мэдээлэл давтамжтай сонсогдож байгаа. Гэхдээ 2020 онд тэдний нийлүүлэлт бас л буурсан дүнтэй гарсан. Хятад Австралиас аваагүй, Монголоос багахан авсан. Дээр нь Оросоос буурсан дүнтэй авсан. Дотоодын уурхайнуудынхаа хүчин чадлыг шавхаж ажиллаж, зарим томоохон компанид үнээ хэт өсгөхгүй байх талаар чиглэл өгсөн зэрэг мэдээ бий. Тэгсэн хэрнээ сүүлийн сард гаднаас нүүрс бараг авсангүй. Бидний хувьд цорын ганц том хэрэглэгч БНХАУ-ыг сайн ойлгож, хамтарч ажиллах хэрэгтэй. Болж өгвөл нийлүүлэлтийн хэмжээгээ жил, улирлаар нь багцаагаар тохиролцож сурах л чухал байна” гэлээ.

Эдийн засагч Н.Энхбаяраас “Монголын Засгийн газар яг ямар шийдэл хэрэгжүүлбэл энэ оныг эрсдэл багатай давах вэ” гэж тодруулахад “Вакцин, хөл хорио гэх мэт байгаа бүх боломжоо дайчлаад вирусээ дарж авах нь л номер нэг асуудал. Европын олон сая хүнтэй улс орнууд хөл хорио тогтоочихлоо. Манайд тэднээс ялгарах нэг онцлог бий. Хүн ам сийрэг гэсэн давуу талтай. Бидний хувьд багшралдаж шамбааралдсан асуудал нийслэлийн тав, зургаахан дүүрэгт л хамаатай. Гарч явж ажил төрөл хийж байгаа нь 500-хан мянга. Энэ хэсгийнхээ хөдөлгөөнийг хянахад асуудал байхгүй. 500-хан мянган хүний байршлыг мэдэх боломж гар утас шүү дээ. Жишээ нь, Энхсаран сувилал дээр халдвар илэрлээ гэхэд тухайн хугацаанд тэр орчим ямар дугаартай утаснууд холбогдож байв гээд хайхад л шийдчих асуудал. Тэр дэлгүүрт орсон хүн очиж шинжилгээ өгөөрэй гэж араас нь хөөх шаардлагагүй. Тэгэхээр халдварыг барих ганц арга бол хурд ба технологи. Технологи дээрээ суурилаад математик загвараар бодож олох асуудал шүү дээ. Засгийн газар санаачилгыг гартаа авч, Мэдээллийн технологийн газар, их дээд сургуулийн эрдэмтдэдээ үүрэг өгөөд ажиллахад халдварын тархалтыг бууруулах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл тэд шийдлийг нь гаргаж ирж, УОК-т үүрэг өгч ажиллах хэрэгтэй. Түүнээс биш өнөөдрийнх шиг УОК дангаараа зүтгээд асуудлыг шийдэж чадахгүй” гэсэн хариу өгсөн юм. Түүний онцолсон дараагийн шийдэл бол төсөв. Сум бүрд барих соёлын төв, хөшөө,музейн бүтээн байгуулалт гэх мэт үр ашиггүй зардлуудаа хугацаа алдахгүй танах эрэлт хоолой дээр тулсан асуудал болсныг Н.Энхбаяраас гадна олон эдийн засагч онцолж буй.

Н.ЭНХБАЯР: МАНАЙ ГАНЦ НАЙДЛАГА КОКСЖИХ НҮҮРС Л БАЙНА

Эдийн засагч Н.Энхбаяртай энэ оны дэлхийн болон Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцсанаа хүргэе.

-Манайх шиг хөгжиж байгаа зах зээлүүдэд дэлхийн эдийн засаг том нөлөөтэй. дэлхийн эдийн засгийн өсөлт өнөө жил ямархуу байх бол, олон улсын байгууллагуудын таван хувь гэсэн таамаг доошлох эрсдэл үүсчихэв үү?

-Он гараад дэлхий нийтийн халдварын тархалт идэвхжиж 84 саяд хүрчихлээ. ОУВС гэх мэт байгууллагууд өнгөрсөн онд гаргасан таамгаа бууруулахуйц нөхцөл үүслээ л дээ. ОУВС энэ сарын сүүлээр таамгаа шинэчилнэ. Тав гэсэн тооноос нэлээд доошлох байх. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2021онд 4.5 хавьцаа болж буух болов уу.

-Цар тахал багагүй хугацаанд үргэлжлэхээр байна уу?

-Европын улс орнууд цар тахлын гуравдугаар давлагаа руу түрүүчээсээ орж байна. Их Британи, Франц гэх мэт хэд хэдэн улс хөл хорио тогтоочихсон. Вакцинжуулалт эхэлж байгаа боловч тухайн улс орны хүн амынх нь дор хаяж 40 50 хувь хүрч байж эрсдэл нь багасдаг. Жишээ нь, Америкт эхнийхээ вакциныг хийлгэчихээд долоо хоночихоод халдвар авсан тохиолдол их гарсан. ОХУ гэхэд л долоо, наймдугаар сард хүн амынхаа 60, 70 хувийг вакцинжуулж хүчирнэ гээд мэдэгдчихсэн. Хөгжлийн гол хөдөлгөгч хүч болж буй Хойд Америк, Европ аль аль нь хүндрэлтэй байгаа. Харин Азийн улс орнуудын нөхцөл байдал харьцангуй сайн байна. Хятадын эдийн засаг найман хувь өснө гэсэн найдлага бий. Энэтхэг, Вьетнамын эдийн засаг ч бас тэр хавьцаа өсөх таамаг бий. Гэхдээ Энэтхэг тэвдэж байгаа, вакцинжуулалтаа дөнгөж эхлэх гэж байна.

-Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засагт хэр нөлөөлөх дүр зурагтай байна вэ?

-Дэлхийн эдийн засаг гээд аваад үзвэл Ази, Европ, Хойд Америк гэсэн гурван төв бий. Хоёрт нь аялал жуулчлал, худалдаа тасалдалтай хэвээр байх нь тодорхой болчихсон. Үүнийг дагаад хөрөнгө оруулалт огцом багасах эрсдэл байгаа. Гангийн болон өнгөт металлын эрэлт хэрэгцээ төдийлөн сайн өсөхгүй. Ингээд харахаар гангийн үйлдвэрлэл тийм ч их өсөхгүй болов уу. Хятадын саяхны судалгаан дээр гангийн үйлдвэрлэлээ бууруулах төсөөлөл гаргасан байна лээ. Товчхондоо энэ бүх шалтгааныг тоймлоод харвал Хятадын эдийн засаг наймаас дээш гарах нь юу л бол.

-Та түрүүн оны эхний хагаст болох гол гол үйл явдлуудаас дэлхийн эдийн засаг яах нь хамаарна гэж ярьсан даа. Яг ямар үйл явдлуудыг онцолж байна вэ?

-Нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно. Хоёрдугаар сарын 10-ны орчим Конгресст АНУ-ын шинэ Ерөнхийлөгч ирэх дөрвөн жилд баримтлах гадаад, дотоод бодлогын асуудлаар үндсэн бодлогоо танилцуулна. Гуравдугаар сард багтаж Хятадын хоёр их хурал болно. Дөрөвдүгээр сард НАТО-гийн уулзалттай. Тав, зургадугаар сард их долоогийн уулзалт өрнөнө. G-7-гийн энэ жилийн уулзалтыг зохион байгуулагч нь Их Британи. Их Британийн Ерөнхий сайд сарын өмнө Австрали, Өмнөд Солонгос, Энэтхэгийн төрийн тэргүүн нарыг их долоогийн уулзалтад урьсан. Өөрөөр хэлбэл, их долоо дээр нэмэх нь гурав гэсэн форматтай хурал болно. Яагаад энэ гурвыг урих болов гэдэг нь өөрөө сонирхол татахаар том асуудал. Өнгөрсөн аравдугаар сард Токиод дөрвөлийн уулзалт гэж болсон. Тодруулж хэлбэл АНУ, Австрали, Энэтхэг, Японы Гадаад хэргийн сайд нар уулзсан юм. Тэр уулзалтын үеэр Энэтхэг, Номхон далайн бодлого гэдэг асуудлыг голчилж ярьсан. Тухайн үед Хятадын Гадаад хэргийн сайд “Хятад Номхон далай гэж ярьдаг болохоос Энэтхэг, Номхон далайн бодлого гэж байж таарахгүй” гээд Австралийн эсрэг хориг тавьчихсан. Жо Байден Хятад, Оросын эсрэг хатуу бодлогыг хэвээр үргэлжлүүлнэ гэсэн таамгийг судлаачид онцолж байгаа. Хоёрдугаар сард Конгресс асуудлыг хэлэлцэх үеэр Байдены бодлого тодорхой болно.

-хятад, америкийн худалдааны дайн өргөжинө гэсэн таамаг дээр та ямар байр суурь хэлэх вэ?

-Дөнгөж сая өнгөрсөн долоо хоногт гэхэд л Нью-Йоркийн Хөрөнгийн бирж Хятадын гурван том компанийг жагсаалтаасаа хасна гэчихлээ. Хятадын хувьд хориг арга хэмжээ авна гэсэн хариу өгсөн. Худалдааны дайн үргэлжлээд өргөжөөд явж байгаагийн илрэл л дээ. Шилжилтийн Засгийн газрын үед ийм хариу арга хэмжээ авч байгаа юм чинь Жо Байден бодлогоо хэрэгжүүлээд эхлэхээр Орос, Хятадын эсрэг илүү хатуу арга хэмжээ үргэлжилж таарах байх. Тэгэхээр ирэх онд дэлхийн эдийн засгийн гадаад худалдааны таатай нөхцөл бас л ажиглагдахгүй гэсэн үг. Нэг талаас ковид, нөгөө талаас улс хоорондын геополитикийн зөрчилдөөн, худалдааны маргаантай байдал гээд дэлхийн эдийн засгийг доош нь чангаах хүчин зүйл маш их байна.

-Сая таны дурдсан эрсдэлүүд хөгжиж байгаа орнуудад яаж буух бол?

-Дэлхий нийт ингэчихээр хөгжиж байгаа орнууд өрөнд орж төлбөрийн чадваргүй болно. Ийм байдалд орсон улс орнууд олон улсын байгууллагуудаас тусламж хүсч таарна. Өнгөрсөн оны аравдугаар сард Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч Блүүмбэргт ярилцлага өгөхдөө “Дэлхийн банк, Валютын сан бол зөвхөн донор орнуудаас бүрдүүлсэн мөнгөөр л хөгжлийн бодлого, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Дэлхийн банк мөнгө хэвлэдэг газар биш” гэчихсэн. Өөрөөр хэлбэл, манайх шиг хөгжиж байгаа улс орнууд их хэмжээгээр мөнгө хүссэн байлаа ч хүсэлт бүрийг хэрэгжүүлэх боломж олон улсын байгууллагуудад байхгүй гэсэн үг. Тэгэхээр хөгжиж буй улс орнууд өндөр хөгжилтэй орнуудаас зээл мөнгө хүсч дарамт нэмэхээс өөр гарц харагдахгүй байна. Товчхондоо манайх шиг улсуудын эдийн засгийг дэмжих эх үүсвэр улам багасна.

-Ирэх жилийн зун гэхэд дэлхийд ковидын тархалт буурна гэсэн өөдрөг таамаг хэр бодитой бол?

-Вирусийн халдварын тархалтын нөхцөл байдал 2021 онд дуусахгүй. Дэлхий даяар 2022 онд л эрсдэл багаслаа гэж ярих боломж гарна. Өөрөөр хэлбэл, ирэх жил л дэлхийн худалдаа эдийн засаг, аялал жуулчлал сэргэх тухай асуудал яригдах болов уу.

-Хятадын эдийн засаг дажгүй юм чинь бид алзахгүй гэсэн тайлбарыг Сангийн яам, Монгол банк тавьсаар ирсэн. одоо ч тийм тайлбар хэлэх байх. Бидэнд ийм найдлага бий юу?

-Нийт эдийн засагт түгээмэл ойлгодог алдаа энэ л дээ. Хятадын эдийн засаг найм болчихоор манайх дагаад өсөх боломж гарна гэж харах аргагүй. Нэгдүгээрт, шууд хамаарлыг нь судалсан судалгаа байхгүй. Хоёрдугаарт, Хятадын эдийн засагт энэ жил ажиглагдах өсөлт шууд утгаараа манай эдийн засагт нөлөөлнө гэдэг өрөөсгөл дүгнэлт. Хятадын өсөлтийн дийлэнх нь эдийн засгийнх нь том төвүүд болох Шанхай, Гуанжоуд хамаарна. Манайтай ойролцоо зах зээл гэвэл Ганьсу, Өвөр Монголын раойн гэдгийг бүгд мэднэ. Тэнд айхтар өндөр өсөлт ажиглагдахгүй. Хил залгаа хэсэгт маань ажиглагдах өсөлтөөс Монголд оногдож байгаа боломж нь маш өчүүхэн. Бидний нийлүүлэх юм өнөө л хэдэн түүхий эд маань. Зэс Хятадын эдийн засагтай шууд хамааралгүй. Дэлхийн эдийн засгийн цахилгааны хэрэглээ гэх мэтээс хамаарна. Хятадтай хамааралтай боломж гэвэл ерөөсөө л нүүрс, төмрийн хүдэр, газрын тос гурав.

-Тэгвэл нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны үнийн таамаг хэр өөдрөг байна?

-Тийм өөдрөг биш байна. Хамгийн осолтой нь ирэх гуравдугаар сард хуралдах Хятадын хоёр их хурлын үеэр яригдах 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын коммунист намын төв хороо энэ төлөвлөгөөг хэлэлцсэн. Төлөвлөгөөг хэлэлцэх үеэр дотоодын эдийн засгаа онцгойлж дэмжинэ гэчихлээ. Сүүлийн 11, 12 дугаар сарын тоон мэдээллийг харахаар Өвөр Монголын раойнуудын нүүрсний олборлолт нийлүүлэлт эрс нэмэгдэж байна. Австралиас авах байсан нүүрснийхээ орон зайг дотоодын олборлолтоор нөхсөн зураг харагдлаа л даа. Манай ганц найдвар коксжих нүүрс л байна. Харамсалтай нь боломжоо ашиглая гэхээр дэд бүтэц нь бахь байдгаараа. Сүүлийн хоёр гурван жилийн их сайн амжилтаа харахад л бид урд хөрш рүү 30 сая тонн коксжих нүүрс л гаргасан. Өнөө жил 30 саядаа ч хүрээгүй. Ирэх жил өнөө жилийнхээс нэмэгдэх нөхцөл харагдахгүй байна. Тэгэхээр манай зэс, нүүрсний экспорт таван тэрбум ам.доллароосоо давахгүй. Гэхдээ нөхцөл байдал сайн байвал шүү дээ.

Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи эдийн-засаг

Д.Рэгдэл: Эдийн засгийг солонгоруулахад хувь нэмэр оруулах төслийг Эрдэнэт үйлдвэртэй хамтарч хэрэгжүүлнэ

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа.


-ШУА-ийн ерөнхийлөгчийн хувьд 2020 онд монгол эрдэмтдийн ямар бүтээлээр “гоёв”. Өнгөрсөн онд хийж бүтээсэн ямар ажлаа онцлох вэ?

-2020 он Шинжлэх ухааны академийн түүхэнд онцлог он болсон. Энэ онцлогийг хоёр зүйлээр хэлье. Нэгдүгээрт, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага бий болоод 99 дэх жилдээ анх удаа томоохон бүтээн байгуулалт хийгдсэн. Шинжлэх ухаан инновацийн төвийн цогцолбор барилга байгууламжийн ажил эхэлсэн. Хоёрдугаарт нь, ШУА-ийн өргөтгөлийн барилга 2020 онд ашиглалтад орлоо. Үүгээрээ томоохон амжилттай жил байлаа. “Ковид-19” цар тахлаас болоод дэлхий даяараа саад бэрхшээлтэй учирсан боловч шинжлэх ухааны салбарын хэмжээнд доривтой үр дүн гарсан. Бүгдийг нь нэрлэх аргагүй боловч заримыг нь онцолмоор байна.

Монгол эрдэмтэд шинэ төрлийн коронавирус буюу SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган авлаа. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээсэн юм. Эрдэмтэд Шинжлэх ухаан академи болон Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган авсан билээ. Энэхүү эсрэг биеийн оношлуур ашиглаад өнөөдөр Монголд шинэ төрлийн коронавирусээр өвчилж эдгэсэн хүмүүст дархлаа тогтсон эсэхийг тогтоох боломжтой. Энэ бол дэлхийн түвшинд хийгдсэн мундаг ажил болсон. Манай эрүүл мэндийн салбарынхан удахгүй үүнийг авч ашиглах байх гэж найдаж байна. Химийн хүрээлэнгийн судлаачид маань олон жилийн судалгааныхаа үр дүнд Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг үнэргүй болгох ажил хийсэн.

Эрдэнэт ТӨУҮГ-тай манай ШУА хамтын ажиллагааны гэрээ байгуулсны үндсэн дээр энэ ажлыг 2020 онд эхлээд, нийт лагийн 3-ны 1-ийг үнэргүй болгоод байна. Энэ жил Эрдэнэт хот үндсэндээ лагийн үнэрээс бүрэн ангижирна. Мөн Эрдэнэтийн орон нутгийн удирдлагатай ярьж тохироод, Эрдэнэтийн нүхэн жорлонгуудыг үнэргүй болгох ажлыг эхлэх төлөвлөгөөтэй байгаа.

Гадаад хамтын ажиллагааны ганцхан жишээ хэлье. Манай Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Өмнөд Монголын Багшийн их сургууль, Тариалан, мал аж ахуйн хүрээлэн, манай Булган аймгийн орон нутгийн удирдлагатай хамтраад, Хэт талхлагдсан бэлчээрийг судалж, нөхөн сэргээх, туршилт судалгааны төв байгууллаа. Мал өсч, цаг уурын нөхцөл муудаж байгаагаас бэлчээр талхлагдах нь нэмэгдсэн. Бэлчээрийн ургамлын төрөл зүйлийн бүрдэл өөрчлөгдөж, шим тэжээлтэй ургамал багасч байна. Тийм учраас талхлагдсан бэлчээрийг сэргээх төвийг Булган аймгийн Гурванбулаг суманд байгуулсан. Энэ төвд Гурванбулагтай адил нөхцөлтэй нутагт тариалах нэг наст болон олон наст ургамлыг сонгон үржүүлж байгаа. Энэ туршлагыг Монголын бусад газар нутагт түгээн дэлгэрүүлэх боломжтой. Бэлчээрийн доройтлыг сайжруулах шинжлэх ухааны амжилттай томоохон ажлын суурь ингэж тавигдаж байгаа юм.

-Цар тахлаас болоод эрдэм шинжилгээний ажлын төсөв хумигдсан гэсэн. Хөл хорио болон бага төсөв эрдэмтэн, судлаачдын маань ажиллах урам зоригийг царцаачихаагүй байгаа?

-Коронавирусийн үеийн хөл хорионоос шалтгаалаад ялангуяа гадаадын өндөр хүчин чадалтай лабораториудад хийдэг хамтарсан судалгааны ажил үндсэндээ зогсоод байна. Санхүүжилт танагдсан нь үнэн. Монгол Улсад шинжлэх ухааны салбараа санхүүжүүлдэг ганцхан эх үүсвэр байдаг. Энэ нь Шинжлэх ухаан технологийн сан. Эрдэм шинжилгээний ажлын зориулалттай бүх мөнгө энэ санд төвлөрч, эндээс хуваарилагддаг хууль, журамтай. 2020 оны байдлаар энэ санд 12,4 тэрбум төгрөг эрдэм шинжилгээний зардалд тавигдаад байсан. Арванхоёрдугаар сарын эхээр бидэнд өгсөн мэдээллээр бол энэ мөнгөнөөс 9,6 тэрбум нь эргэж татагдсан. Цаана нь 2,9 тэрбум төгрөгөөр Монгол орон даяар эрдэм шинжилгээний ажил хийсэн гэсэн үг. Нийт санхүүжилтийнхээ бараг гуравны нэгийг ч авч чадаагүй хэмжээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулсан. Гэхдээ бид 2020 оны ажлынхаа үр дүнгийн тайланг гаргаж үзэхэд эрдэм шинжилгээний ажлаас гардаг гол үр дүнгүүд өмнөх оныхоосоо дутуугүй гарч ирсэн. Шинжлэх ухааны ажлын үр дүн урьд жилүүдээсээ хойд жилүүддээ хуримтлагдах замаар гардаг учраас 2020 онд бага мөнгө авсан ч өмнөх жилүүдтэй адил үр дүн гаргаж чадлаа. Харин төсөв танагдсан нь дараагийн жилүүдэд хүчтэй нөлөөлнө. Эрдэмтэд маань боломжоороо хүрээлэнд ирж ажиллаж байгаа. Ялангуяа өндөржүүлсэн бэлэн байдлын үед 70-75 хувийн ирцтэй ажилласан. Онцгой комиссоос өгч байгаа зөвлөмжийн дагуу зай бариад, маскаа зүүгээд ажилласан. Бүх нийтийн бэлэн байдал зарласны дараа бол нөхцөл өөр болсон. Эрдэм шинжилгээний салбарын онцлогоос болоод янз бүрээр тусч байна. Ялангуяа лабораторид ажилладаг хүмүүсийн ажил тодорхой хэмжээгээр зогссон. Манайд 1700 орчим хүн шинжлэх ухааны салбарт бүтэн орон тоогоор ажилладаг гэж үзвэл яг лабораторид зогсож ажилладаг мянга гаруй хүн бий. Энэ хүмүүсийг бид өмнө хийсэн туршилтын материал, гадаад орнуудад хийгдэж байгаа мэдээ материалыг авдаг линк холбоос, тэр бүгдээ аваад, гэр орондоо судалгааныхаа үр дүнг боловсруулах ажилдаа төвлөрч ажиллах чиглэл өгсөн. Нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн эрдэмтэд, математик тоон технологийн судлаачид хэвийн байдалтай гэрээр ажиллаж байна. Үр дүн онцгой муудах юм байхгүй. Энэ хоёрын дундуур хээрийн судалгаа гэж том ажил байдаг. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хээрийн судалгааны хоёр салбар дэлхийд байр сууриа эзэлсэн, энэ бол палеонтологийн болон археологийн салбар. Палеонтологийн салбар өнгөрсөн жил маш бага хэмжээгээр хээрийн судалгаандаа явсан. Гэхдээ дэлхийн бүх оронд ийм байдалтай байгаа учраас эзэлсэн байр суурь маань хуучнаараа хадгалагдах болов уу. Хавар, зуны зааг дээр ШУА-аас зориуд зардал тусгаж өгсөн, үүний хүчинд археологичид маань ойр зуур судалгаагаар явсан боловч судалгааны томоохон ангиудыг гаргаж чадаагүй. Сарьдагийн хийдийн судалгаа Улаанбаатар хотын санхүүжилтээр нэлээд гайгүй явсан. Хөвсгөл аймаг руу авран хамгаалах судалгааг Монголд ажиллаж байгаа археологийн хамгийн боломжтой судлаачдыг хамруулан хийлээ.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрдэмтдийнхээ үгийг сонсоно гэсэн. Харин цахилгааны үнийг төрөөс даах гэх мэт огцом шийдвэр гаргахынхаа өмнө тэр эрдэмтдийн үгийг сонссон болов уу. Эрчим хүчний дутагдалд орж байгаа нь тодорхой болсон энэ үед өвлийг эрсдэл багатай даван туулахын тулд эрдэмтэд түүнд юуг чухалчлан сануулж байгаа вэ?

-2019 оны есдүгээр сарын сүүлээр Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал болсон. Монголд орчин цагийн шинжлэх ухаан үүсэн бий болсоноос хойш 98 дахь жил дээрээ болсон анхны их хурал л даа. Энэ их хурал дээр манай төрийн гурван өндөрлөг Шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчлөх тухай ярьсан юм. Энэ нь эрдэмтдэд урам зориг өгсөн. Нэг хэсэг нь бас “Одоо л нэг шинжлэх ухаанд хандах хандлага өөрчлөгдөх нь” гэж гайхсан. Хараад байтал үүний дараа төр засгийн зүгээс шинжлэх ухаанд хандах хандлага үнэхээр өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдэж байгаа. Анхдугаар их хурлын дараа Засгийн газрын тогтоол гарсан. Уг тогтоолд Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж,, эрдэм шинжилгээний ажилтнуудыг орчин үеийн лабораторийн зориулалтын барилга байгууламжаар хангах талаар заасан. Энэ нь Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын барилга байгуулах, нийтдээ 94 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт юм. 2020 онд гурван тэрбум төгрөгөөр эхний ажлуудаа хийсэн. Зураг төслийнхөө ажлуудыг гүйцээж хийлээ. Дэд бүтцийн газар шорооны ажил, цахилгааны холболтын ажлууд, газар дээр байсан зарим нэг актлагдсан байгууламжуудыг зөөж, тээвэрлэх ажлууд бүгд хийгдсэн. 2021-2022 онд үргэлжлээд, 2023 онд ашиглалтад орох барилга байгууламжийн ажил эхлээд явж байна. Үүний хүчинд өнөөдөр Монгол Улсад байгаа төрийн өмчийн эрдэм шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж шаарддаг бүх хүрээлэнгүүд багтаж орох хэмжээний лабораторийн цогцолбор баригдаж байгаа юм. Бидний олон жил яриад байгаа Шинжлэх ухааны парк, технологийн инкубаторууд бий болгох боломжтой болно. Энэ бол төр засаг үнэхээр шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилж буйн илрэл.

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Шинжлэх ухааны салбарт зарцуулах төсвийн зардлыг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэж заасан. Анх удаа тоо зааж, мөрийн хөтөлбөрт орсон. Ингэж нэмэгдүүлэхэд шинжлэх ухаанд зарцуулж байгаа нийт зардал ДНБ-ний нэг хувьд ойртож очих юм. Олон улсын шинжлэх ухааны байгууллагууд, төвлөрсөн холбоодын гаргасан судалгаагаар “Аливаа улс шинжлэх ухааныхаа салбарт ДНБ-ний нэг хувь болон түүнээс дээш хэмжээгээр зарцуулж эхлэхэд шинжлэх ухааны салбар нь эдийн засаг, улсын хөгжилд мэдэгдэхүйц хэмжээгээр хувь нэмрээ оруулдаг” гэж үздэг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шинжлэх ухааны салбарынхны дуу хоолойг төр засаг сонсож ажиллана“ гэж хэлсэн. “Төрийн чих нь онгойж байна” гэж манай судлаачид, эрдэмтэд үүнийг баяртай хүлээж авсан юм. Эхний алхам нь 2020 оны аравдугаар сарын 1-нээс эхлээд ШУА-ын ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд суудаг болсон. Энэ олон талын ач холбогдолтой. Миний хувьд асуудлыг танилцуулж байгаа сайд нар, албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авч, саналаа хэлэх боломжтой болсон. Энэ бол яах аргагүй эрдэмтэн, судлаачдын дуу хоолойг сонсох суваг нээсэн.

Засгийн газрын хуралдааны үеэр цахилгааны төлбөрийг тэглэхэд хэрэглээ аль хэр нэмэгдэх талаар яригдсан. Манай эрчим хүчний салбарын эрдэмтдийн энэ асуудлаар хэвлэлд өгсөн ярилцлагууд ч сайтуудаар бий. Ажил хийж байхад алдаа гарна. Ямар ч байсан эрчим хүчний сүлжээ тогтвортой ажиллаж байгаа. Хэт хүйтрэхгүй бол ачааллаа даагаад явна гэж Эрчим хүчний сайд маш тодорхой тайлбар өгч байсан. Эхний хэд хоногт ачаалал нэмэгдсэн ч одоо жигдэрч байгаа талаар холбогдох албан тушаалтнууд ярьсан болохоор тайван л байна.

-Гадаадад сурч ажиллаж байгаа монгол залуус, эрдэмтэд судлаачид олон байна. Эднийхээ хүчийг ашиглах, цахимаар ч болтугай хэлхээ холбоо тогтоох талаар ажиллаж байгаа юу. Та ерөнхийлөгчөөр дахин сонгогдохдоо гадаадад байгаа эрдэмтэдтэйгээ хамтарч ажиллахад анхаарна гэсэн санагдаж байна?

-Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад, манай хоёр том хөршид олон монгол эрдэмтэн судлаачид ажиллаж байгаа. Судалгааны орчин үеийн маш нарийн чиглэлээр ажилладаг, багшилдаг улсууд ч зөндөө байна. Энэ хүмүүсийн мэдлэг, чадварыг Монгол Улсын хөгжилд ашиглах нь яах аргагүй төр засгийн бодлогын нэг чухал хэсэг байх учиртай. Урд хөршийн бэлэн жишээ бий. 2001 онд би Хятадын Шинжлэх ухааны академийн удирдлагын урилгаар ШУА-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд очсон юм. Тэгэхэд тэд гадаадад байгаа хятад эрдэмтдээ эх орондоо татаж авчрах, тэдэнтэй хамтарсан судалгаа явуулах ажлыг хүчтэй зохион байгуулж эхэлж байсан. Гадаадад байгаа өндөр түвшний эрдэмтдээ Хятадад авчрахдаа хамгийн түрүүнд судалгаа явуулах лаборатори бий болгоход анхаарч байв. Дараа нь Хятадад ирж ажиллахад тухайн оронд авч байсан хэмжээний цалинг авах нөхцөл тавьж байсан. Арван жилийн дараа Хятадад очиход “Бид гадаадад байгаа том эрдэмтдээ авчрах ажлаа үргэлжлүүлж байгаа. Гадаадад байгаа эрдэмтэн бүртэйгээ хамтарч ажиллах, эх оронд нь ирүүлэх зорилго тавьж байсан бол одоо хамгийн амжилттай яваа эрдэмтдээ сонгож авчрах, урьж ажиллуулах арга замыг сонгож байна” гэж байсан юм. Хятад бол гадагшаа урссан тархины урсгалаа буцаагаад авчирсан орон.

Манай гадаадад байгаа эрдэмтэд Монголдоо ирж ажиллах хувийн нөхцөл бас тавьдаг. Судалгааны чиглэлийн лабораторитой байх ёстой. Хоёрдугаарт, амьдралд хүрэлцэх хэмжээний цалин хангамжтай байх тухай ярьдаг. Түүнээс биш тухайн орондоо авч байгаа шигээ цалин авна гэхгүй шүү дээ. Монголчууд эх оронч улсууд. Нэг хэсэг төр засгаас санаачилга гаргаад, “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжүүлж байсан ч хоёр жил орчим үргэлжлээд гацсан. ШУА-ийн зүгээс гадаадад байгаа эрдэмтдийнхээ бүртгэлийг сүүлийн тав, зургаан сарын хугацаанд гаргаад байна. Хамгийн сүүлийн үеийн чиглэлээр гадаадад ажиллаж байгаа 120 орчим судлаач олж бүртгэсэн. Заримтай нь холбоо тогтоолоо. Тэднийг өнөөдөр Монголд авчраад ажиллуулна гэхээсээ эхний ээлжинд хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг хөрөнгө мөнгө шаарддаг учраас цаг хугацаа орно. Яваандаа харилцаа холбоогоо улам сайжруулаад, гадаадад байгаа эрдэмтэдтэйгээ холбогдоод, тэднийхээ хүчин чадлыг Монгол Улсынхаа хөгжилд ашигладаг болно гэж мөрөөдөөд л явна. Гадаадад байгаа эрдэмтэдтэй холбоотой их, бага санхүүжилттэй олон төсөл хэрэгжүүлдэг. Жишээлбэл, 2020 онд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд гадныхантай хамтарсан 100 шахам судалгааны төсөл хэрэгжүүлсэн. Гадаадад ажиллаж байгаа хүн маань өөрөө төслийн мөнгө татах түвшинд байгаа бол өргөжүүлээд явах боломжтой гэдэг нь харагдсан.

-2021 онд ШУА юунд илүү төвлөрч ажиллах вэ?

-Монгол Улсад шинжлэх ухаандаа тавьж байгаа хүсэлт, шаардлага бол судлаачдын олон жил хийж байгаа шинэ мэдлэг түүн дээр бий болсон технологийг хэрэглээнд нэвтрүүлэхэд илүү анхаарч ажиллаач гэдэг. Энэ бол зүй ёсны асуудал. Монгол Улсад шинжлэх ухаанаас гарч байгаа хоёр төрлийн үр дүн байдаг гэж би дандаа ярьдаг л даа. Нэг нь судалгааныхаа үр дүнд шинэ мэдлэг мэдээллийг олон улсын төрөлжсөн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлэх юм. Ингэснээрээ дэлхийн шинжлэх ухааны эргэлтэд монголчуудын хувь нэмрийг оруулж, дэлхийн оюуны баялагийг бүтээхэд оролцоно.

Нөгөө нэг бүлэг үр дүн бол судалгааны үр дүнд бий болсон мэдлэг технологийг хэрэглээнд оруулж, хүний гар дээр бүтээгдэхүүн үйлчилгээ болгож тавих. Төр засгаас бидэнд тавьж байгаа шаардлага бол энэ хоёрдугаар хэсэгт илүү анхаараач гэдэг. Нэгдүгээр хэсэг үр дүн бол монгол эрдэмтдийн хувьд харьцангуй сайн яваа. Нэгж судлаачид ногдох хэмжээгээрээ, гадаадаас авч байгаа эрдэмтдийн эшлэлийн тоогоороо бид дэлхийн дундажаар яваа.

Хүний гар дээр бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх тухайд бид харьцангуй сул байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх учиртай. Шалтаг, шалтгаан олон. Хамгийн гол нь үйлдвэрлэл гэж том салбар бий. Үйлдвэрлэл, бизнесийн салбар Монголын ДНБ-ий 80 гаруй хувийг нийлүүлдэг том салбар. Нөгөө талд нь мэдлэг бүтээдэг академик салбар харьцангуй жижиг ч чадамжтай салбар. Энэ хоёр салбарыг холбодог механизм манайд бий болоогүй. Манай үйлдвэрлэгчид гаднаас бэлэн технологи, техниктэй нь оруулж ирэх нь харьцангуй эрсдэл багатай гэж үздэг. Гэтэл үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан үүнд бий. Энэ хоёрыг холбодог механизм бий болгоход анхаарч ажиллана. Манай 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэ чиглэлийн том ажлууд туссан. Энд юуны өмнө Эрдэнэт үйлдвэрээ нэрлэх нь зүйтэй. Эрдэнэт үйлдвэртэй том төсөл эхлүүлэхээр оны өмнөхөн гарын үсэг зурлаа. Эдийн засгийг солонгоруулахад доривтой хувь нэмэр оруулах төсөл эхэлнэ. Эрдэс түүхий эдийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулах, хүний нөөцийг бэлтгэх төсөл юм.

Манай судлаачид гадаадын мэдээллийн асар том сангууд руу улсын төсвийн хөрөнгөөр орох эрхтэй болоод хэдэн жил болж байна. Энэ эрхийг эдлэхийн тулд маш сайн англи хэл шаардлагатай. ШУА-д байнгын ажиллагаатай англи хэлний институтыг 2020 оны намар эхлүүлсэн. Судлаачдынхаа хэлийг сайжруулах замаар гадаадын мэдээллийн том баазын ашиглалтыг сайжруулна. Эрдэмтэд оюуны өмч бий болгоод патент авдаг. Оюуны өмчийн менежер, төлөөлөгч нарыг хүрээлэн болгонд бий болгохоор ажиллаж байна. 2021 онд энэ чиглэлийн хүчтэй баг бий болж, оюуны өмчийн хэрэглээ, үнэлэмж сайжирна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Л.Амар: Банкууд өмнөхөөсөө илүү хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж байна

Коронавирусийн халдвар дотоодод тархаж, хатуу хөл хорио үргэлжилж байгаа энэ үед бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, компаниудын хувьд том сорилттой нүүр тулж байна. Үүнийг дагаад иргэдийн цалин орлого хумигдаж хямралын давлагаа бий боллоо. Тэгвэл эдийн засгийн тулгуур баганы нэг банкны салбарт ямар хүндрэл үүссэн, хямралыг даван туулахад Засгийн газар, бизнес эрхлэгчид, банкууд хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амартай ярилцлаа.


-Сүүлд буюу энэ оны гуравдугаар улирлын тайлангаар банкны салбарын нийт зээлийн 40 хувь асуудалтай болсон тухай дурдсан байсан. Зээлийн чанар муудах нь нийт эдийн засагт хүндрэл гүнзгийрч байгааг илтгэдэг. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Нийт 100 төгрөгийн зээл байлаа гэхэд 18 нь ямар нэг асуудалтай зээл байна. Өөрөөр хэлбэл, чанаргүй, хугацаа хэтэрсэн гэх мэт зээлүүд энэ ангилалд хамаарч, эргэн төлөлт дээр асуудал үүссэн гэсэн үг. Харин 22 төгрөг дээр нь цар тахлын нөлөөнд автсан. Бас л төлөгдөхгүй байна гэсэн үг л дээ. Эдгээр тоо олон нийтэд танилцуулсан гуравдугаар улирлын тайланд бий. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн есдүгээр сарын 30-наас өмнөх үеийн тоо юм. Үүнээс хойш арваннэгдүгээр сард хөл хорио чангарсныг бид бүхэн мэднэ. Энэ хугацаанд нөлөөллийн хэмжээ маш ихээр нэмэгдсэн байгаа. Хөл хорио хэсэг суларсан хэдий ч энэ сараас үргэлжлүүлээд дахин чангарууллаа. Иймэрхүү нөхцөл байдал банкны салбарт хүчтэй цохилт авчирч, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байна. Төв банкны мөчлөг сөрсөн бодлогын хүрээнд эдийн засаг сэргэж байхад банкны салбарыг чадавхжуулах, бэхжүүлэх ажлыг нэлээн сайн хийсний хүчинд банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр гүйцэтгэх чадвар зэрэг нь өндөр хувьтай байна. Гэхдээ огцом өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлаас харахад 2021 онд бид том сорилтын өмнө нүүр тулах нь гарцаагүй юм. Гуравдугаар улирлаас хойш шинээр 2.2 их наяд төгрөг буюу нийт зээлийн 13 хувийг ковидын нөлөөнд өртөж хойшлуулсан. Ингэхээр дээрх 40 хувь дээр нэмэгдэж, нийт зээлийн 53 хувь нь ямар нэг асуудалтай болоод байна.

-Нэг хэсэг зээлийн хүү, хугацаатай хадгаламжийн хүүг тэглэх асуудал хөндөгдсөн. Үүнд банкны салбарынхан “Ямар ч боломжгүй” гэсэн тодорхой ганц хариулт хэлж байгаа. Хамгийн гол нь ажлын байрыг хамгаалах чиглэлд хүч бололцоогоо дайчлах ёстойг онцолсон. Эдгээр гарц шийдлүүдийн тухай дэлгэрүүлэхгүй юү?

-Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр нөлөө бодит сектор дээр шууд очиж байна. Хүмүүс гадуур явахгүй, бараа үйлчилгээ авахгүй болохоор эдийн засаг зогсонги байдалд орчихож байгаа юм. Бодит эдийн засаг муудаад ирэхээр компани, иргэдийн орлого мууддаг. Орлого муудахаар зээлийн эргэн төлөлт муудна. Зээлийн эргэн төлөлт муудахад банкууд хүндэрч, буцаад зээл гаргахаа больдог. Буцаад бодит эдийн засгаа дэмжиж чадахаа болиод ужгирсан хямрал руу орох юм. Энэ нь нийгмийн хямрал руу түлхдэг. Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл, ядуурал руу түлхэх юм. Тэгэхээр ажилгүйдлээс хамгаалах шаардлагатай байна.

Бодит эдийн засаг хямарчихаад байна. Санхүүгийн салбар бодит эдийн засаг руу зээл гаргаж чадахгүй байна. Нэгдүгээрт, болгоомжилж байна. Хоёрдугаарт, энэ үед улсын бүртгэл нь ажиллахгүй болохоор зээл гаргаж чадахгүй байлаа. Дээрээс нь бараа, үйлчилгээ нь борлуулагдахгүй, гацчихсан учир зээлийн эрэлт буураад ирдэг. Ийм нөхцөл байдалд ямар дүр зураг харагдах вэ гэхээр бизнес эрхлэгчид хамгийн эхэнд цалингийн зардлаа хэмнэхэд анхаардаг. Татвар бол хойшлуулаад төлж болж байна. Зээлээ бас хойшлуулаад төлчихөөр байна. Тэгэхээр шууд гарч байгаа зардал нь түрээс, цалин юм. Түрээс дээр засгаас дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авлаа. Одоо үлдсэн нь буюу цалингийн хэсэг байгаа юм. Цалин бол сар болгон гардаг зардал. Компаниудын зүгээс ихэнхдээ цалингүй чөлөө өгөөд явуулж байгаа. Халсан гэсэн тушаал гараагүй боловч үнэндээ тухайн хүн нь цалингүй, орлогогүй болчихож байгаа юм. Энэ нь давхар хохиролтой. Нийгмийн даатгалаас очоод ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй. Тэгсэн мөртлөө цалин орлогогүй. Мөн ирээдүй нь тодорхойгүй. Тухайн компанид дахиж ажиллах уу, үгүй юү. Компани хэвийн байдалдаа орж чадах уу. Ийм нөхцөл байдал үүсч байгаа учир нийт хүн амын гуравны нэг нь ядууралд автсан байна. Үүнээс гадна ядуурал руу халтирч ороход амархан хэсэг байдаг. Энэ бүхнээс харахад одоо бол ажлын байрыг хадгалах нь хамгийн чухал.

Ажлын байрыг хадгалах талаас Засгийн газруудаас авч байгаа сайн туршлагууд бий. Жишээ нь, Герман байна. Засгийн газар гуравны нэг, ажил олгогч нь гуравны нэг цалинг нь гаргах зэргээр яг хүндрэлийн үед ажиллагсдыг дэмжиж байна. Манайд төсөв санхүү талаас хүндрэлтэй байна. 2000 оны эхээр манай улсад голланд өвчний шинж тэмдэг илэрч төсвийн орлого гэнэт ихэссэнтэй холбоотойгоор зарлагаа тэлээд явсан. Ийм үйл явц сүүлийн 20 жил явж ирлээ. Эдийн засаг сайн байх үед төсөв алдагдалтай явсаар байгаад одоо эдийн засаг унах үед буцаагаад эдийн засгаа дэмжих хангалттай нөөц хөрөнгө хуримтлуулаагүй байна. Нөөц хөрөнгөгүй, төсөв нь мөнгө муутай ийм нөхцөлд авч болох хамгийн эвтэй арга хэмжээ бол Засгийн газрын баталгаа буюу ажлын байраа хадгалж байгаа жижиг дунд бизнес эрхлэгч, компаниудад маш хөнгөлөлттэй санхүүжилт олгох явдал юм. Энэ нь Монголын нөхцөлд яагаад тохиромжтой арга хэрэгсэл вэ гэхээр банкуудын чөлөөт эх үүсвэр харьцангуй өндөр байна. Одоо бол 7 орчим их наяд төгрөгийн чөлөөт эх үүсвэр байна. Зах зээл рүү оруулж болохоор хангалттай их нөөц бололцоо байна гэсэн үг. Банкууд өөрсдөө зээл гаргаж чадахгүй байгаа энэ үед нь төр засгаас нь баталгаа гаргаад ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдэд зориулаад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах юм бол зээлийн эргэн төлөлт ч дараа нь сайн байдаг. Яагаад гэвэл аж ахуйн нэгжүүдийг хамгийн хүнд үед нь тусалж чадсан учир цагаа олсон бодит дэмжлэг байдаг.

Монголбанкны зүгээс жижиг, дунд бизнесүүдийг дэмжих чиглэлээр дахин санхүүжилтийг олгож байна. Дахин санхүүжилт гэдэг нь өмнөх өндөр зардалтай зээлийг хямдруулах боломжийг олгож өгч байгаа хэлбэр. Тэгвэл шинээр зээлийн хэрэгцээ өндөр байгаа, бэлэн мөнгөний дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд шинэ зээл олгох тал дээр одоо Засгийн газрын дэмжлэг шаардлагатай гэж харж байна. Азийн хөгжлийн банкны судалгаа гарсан байсан. Үүнд бичил бизнес эрхлэгчдэд хамгийн их хэрэгцээ шаардлага өндөртэй зүйл юу байна гэвэл яг эргэлтийн хөрөнгө гэсэн байна. Тэгэхээр хамгийн их ажлын байрыг бий болгодог энэ салбарт Засгийн газрын дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

-Хатуу хөл хорионы үед банкууд ямар ч төрлийн зээлийг олгохгүй байгаа юу. Тухайлбал, хүнсний салбар хэвийн ажиллаж байгаа. Тэдний зээлийн хэрэгцээг хэрхэн хангах вэ?

-Эхний хөл хорионы үед улсын бүртгэл ажиллахгүй байсан учир барьцаатай зээлүүд гарахгүй байсан. Харин барьцаагүй зээлүүд гарч байсан. Хөл хорио суларсан саяхны хэд хоногт зээл шинээр олголтууд эрчимжиж байсан. Харамсалтай нь буцаад хөл хорионд орчихсон. Одоо улсын бүртгэл цагийн хязгаартай ажиллаж байгаа. Тэгэхээр зээл олголт бага хэмжээгээр үргэлжлэх боломж байгаа.

-Засгийн газраас ажлын байраа хадгалж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчид, компаниудад зээл олгоход баталгаа гаргах асуудлыг хөндлөө. Тэгвэл банкуудын хувьд бизнесийг дэмжихэд ямар санаачилга гаргаж байна вэ. Хатуу хөл хорионы үед зээлийн эрэлтгүй байна. Гэхдээ коронавирусийн халдварыг хяналтад оруулж, хумьж, улмаар даван гарах болно. Энэ үед сульдсан олон бизнес эрхлэгчийг хэрхэн дэмжих вэ?

-Банкууд санаачилгаараа хамгийн их хүндэрч байгаа салбаруудын зээлдэгчдийн зээлийг хойшлуулж өгөх, хугацаа хоцроосон торгууль, нэмэгдүүлсэн хүү зэргээс нь чөлөөлж байгаа. Аль болох дэмжлэгт хамруулах чиглэлээр банкууд ажиллаж байна.Хөл хорио буцаад сулраад эдийн засгийг дэмжих үед банкны салбар ямар дэмжлэг үзүүлж чадах вэ гэхээр зээл олголтоо л нэмэгдүүлж чадна. Юуны өмнө Монголбанкнаас жижиг, дунд бизнесүүдэд 300 сая төгрөг, экспортын чиглэлийн компаниудад нэг тэрбум төгрөг хүртэлх зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр олгох боломжийг олгож байна. Жилийн 10.5 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай. 2021 оны нэгдүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн зээл дээр ийм дэмжлэг үзүүлэх боломжтой байна. Ер нь банкны салбар илүү урт хугацаатай, илүү хөнгөлөлттэй зээл олгох, хүү бууруулахад эрчимтэй ажиллаж байна. Жишээ нь, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор олон улсын Уур амьсгалын ногоон сангаас хөнгөлөлттэй эх үүсвэрийг татан оролцуулах боломж нээгдэж байна. Энэ мэтээр санхүүжилтийн бүх л бололцоог эрэлхийлж байгаа. Ялангуяа, сүүлийн үед хүүгийн түвшин харьцангуй доошилж ирж байна. Ийм үед өмнөхөөсөө илүү хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Г.БАТ

Categories
мэдээ эдийн-засаг

Татварын орлого 14,3 хувиар багасжээ

Татварын нийт орлого энэ оны эхний 11 сард 7.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (14.3 хувь) их наяд төгрөгөөр багасав.

Үүнд орлогын албан татвар 406.2 (17.7 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 378.0 (21.7 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 187.0 (8.4 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 167.2 (19.9 хувь) тэрбум, онцгой албан татвар 84.6 (10.7 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 33.0 (4.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Татварын орлогод 2020 оны эхний 11 сард нэмэгдсэн өртгийн албан татвар 27.1, орлогын албан татвар 25.2, нийгмийн даатгалын орлого 18.2, бусад татвар 10.9, онцгой албан татвар 9.5, гадаад үйл ажиллагааны орлого 9.1 хувийг эзэлж байна.

Татварын нийт орлогод орлогын албан татварын эзлэх хувь 1.0 пункт, нийгмийн даатгалын орлогын эзлэх хувь 1.7 пункт, бусад татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 0.3 пунктээр буурч, нэмэгдсэн өртгийн албан татварынх 1.7 пунктээр, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.9 пункт, онцгой албан татварынх 0.4 пунктээр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Дэлхийн зах зээл дэх газрын тосны ханшийн өсөлт ирэх сараас шатахууны үнэд нөлөөлөх нь

Ковидын вакцин тойрсон эерэг мэдээнээс хойш дэлхийн эрдсийн зах сэргэж эхэлснийг алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны ханшаас харж болохоор байна. “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсээс уул уурхайн бүтээгдэхүүний үнийн таамаглал, судалгаа, тоймыг долоо хоног бүр шинэчлэн хүргэж эхлээд буй. Өнгөрсөн долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 14-20-ны хооронд таваарын зах зээл ямархуу байсныг сонирхуулъя.


Өнгөрсөн долоо хоногт “West Texas Intermediate (WTI)” газрын тосны ханш нэг баррель нь 46.66 ам.доллараас эхэлж, оргил үедээ 49.16 ам.долларт хүрч эцэстээ 47.66 ам.доллар дээр тогтжээ. “Brent” газрын тосны ханшийн хувьд нэг баррель нь 50.09 ам.доллараас эхэлж, оргил үедээ 52.32 ам. долларт хүрч эцэстээ 50.47 ам. доллар дээр тогтсон байна. ОПЕК болон бусад газрын тос олборлогч орнууд 2021 оны нэгдүгээр сараас нийлүүлэлтийн хэмжээгээ өдрийн 500 мянган баррелиар нэмэгдүүлж, цаашид сар бүрийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман сар бүр зохион байгуулагдах уулзалт нь олборлогч орнуудад зах зээлийг ажиглах биш идэвхтэй удирдах боломж олгож байгааг онцлоод буй. ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Александр Новак саявтар хийсэн мэдэгдэлдээ дэлхийн газрын тосны эрэлт цар тахлын өмнөх үетэй харьцуулахад өдрийн 6-7 сая баррелиар доогуур хэвээр байгаа учир зах зээлд хүчтэй хариу нөлөө үзүүлэх ажлыг идэвхжүүлнэ гээдэхсэн. Өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдээр АНУ-ын Засгийн газар 900 тэрбум ам.долларыг эдийн засгийг тэтгэх хөтөлбөрт зарцуулахаар баталж, өрх бүрт 600 ам.доллар олгож, ажилгүйдлийн тэтгэмжийг 300 ам.доллараар нэмэгдүүлэхээр зориод эхэлчихсэн. Энэ арга хэмжээ эдийн засгийг дэмжиж, иргэдийн худалдан авах чадварыг дэмжих зорилгод чиглэсэн гэж “Голомт капитал”-аас гаргасан таваарын үнийн таамаглал, судалгаанд онцолжээ. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн сэргэлтийн нөгөө талд шатахуунаа 100 хувь гаднаас импортолж хэрэглэдэг манайх шиг улсуудад шатахууны үнэ нэмэгдэх бодит үнэн бий.

“Блүүмбэрг” саяхны мэдээлэлдээ газрын тосны үнийн сэргэлтэд вакцин, Байдены ялалт, Хятад тэргүүтэй Азийн улсуудын эдийн засгийн хурдтай сэргэлт, ОПЕК-ийн үйлдвэрлэлээ нэмэх тохироо нөлөөлсөн гээд коронагийн идэвхтэй тархалт газрын тосны үнэд хазаар болж магадгүйг ч онцолжээ. Хэрвээ газрын тосны үнэ одоогийн түвшиндээ үргэлжилбэл 2021 оны нэгдүгээр сарын бензиний үнэ 59 ам.доллараар, өвлийн дизелийн түлшний үнэ мөн 59 ам.доллараар өсөх тоооцоо гарч байна. Харин газрын тосны үнэ энэ түвшиндээ хадгалагдвал хоёрдугаар сарын бензиний үнэ 12 ам.доллараар, өвлийн дизель түлшний үнэ 10 ам.доллараар өсөх зураг харагдаж байгаа юм. Товчхондоо сүүлийн үед дэлхийн зах зээлд ажиглагдсан газрын тосны үнийн сэргэлт манай улсын хувьд шатахууны үнийн өсөлтөөр илрэх нь тодорхой болчихлоо. Өөрөөр хэлбэл ирэх сараас шатахууны үнэ нэмэгдэх нь. Онцолж хэлэхэд газрын тосны үнэ хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сарын 3-нд 50 ам.доллар давж байсан юм. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээс харахад тухайн үед шатахууны жижиглэнгийн үнэ Улаанбаатарт 1650-1750 төгрөг байж.

ТӨМРИЙН ХҮДРИЙН ХАНШ “ЯВАН ЧАНГАРНА”

Баасан гаригт буюу арванхоёрдугаар сарын 18-нд төмрийн хүдрийн ханш сүүлийн есөн жилийн хамгийн өндөр цэгт хүрчээ. Төмрийн хүдрийн арилжаа 2011 оны аравдугаар сараас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрч, 2020 онд 78 хувь өссөн зурагтай харагдаж байна гэж “Голомт капитал”-ын шинжээчид онцолжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт төмрийн хүдрийн ханш өссөнд цаг агаарын хүнд нөхцөлөөс үүдэлтэйгээр Бразилийн төмрийн хүдрийн экспорт зогссон нь нөлөөлж. Өөр нэг том нөлөө нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн өсөлт. Урд хөршийн ган үйлдвэрлэлийн сэргэлт Австрали, Бразилийн төмрийн хүдрийн импортыг нэг тэрбум тонноор өсгөжээ. Хятадын гангийн арилжаачид барилгын салбарын ган төмрийн бүтээгдэхүүнүүд тэр дундаа арматурын ханш арванхоёрдугаар сарын 21-25 нд чангарах төлөвтөй байгаа хэмээж. Гангийн ханш цаашид ч өсөх таамаг давамгайлж байгаа аж. Товчхондоо коронагийн дараахь дэлхийн эдийн засгийн сэргэлт төмрийн хүдрийн үнийг “яван чангарахад” нөлөөлөх нь тодорхой болжээ.

ГАНГИЙН ӨССӨН ХЭРЭГЛЭЭ КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛД ӨНГӨ НЭМНЭ

Гангийн хэрэглээний өсөлт гангийн үйлдвэрийн гол түүхий эд коксжих нүүрсний зах зээлд ч өнгө нэмэх нь. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр тогтвортой байна. “Голомт капитал”-ын шинжээчид БНХАУ Австралид тавьсан импортын хоригоо цуцлах ямар нэгэн арга хэмжээ авахгүй хэвээр байгаа хэмээн тодотгожээ. Австралийн Аж үйлдвэрийн сайдын мэдэгдэж байгаагаар энэ онд тус улсын металлургийн нүүрсний экспортын орлого 35 хувиар унаж 22 тэрбум австрали долларт хүрэх төлөвтэй байгаа гэнэ. БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн комиссоос дотоодын нүүрсний нийлүүлэлтийн хомсдолыг арилгах зорилгоор гадаадын 10 томоохон эрчим хүчний байгууллагуудад нүүрс экспортлох зөвшөөрөл олгожээ. Тус зөвшөөрөлд Австралийг оруулаагүй аж. Монголд “Ковид-19” эрчимжиж байгаатай холбоотой Ганц модны боомтоор өдөрт дунджаар 170 гаруй машин нүүрс тээвэрлэж байгаа гэх мэдээллийг SxCoal онцолжээ.

АНУ, ЕВРОП, ХЯТАДЫН СЭРГЭЛТ ЗЭСИЙН ХАНШИЙГ ӨСГӨЖ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт аж үйлдвэрийн салбарын металлуудын эрэлтийн өсөлт болон агуулахын нөөцүүдийн бууралттай холбоотойгоор LME зэсийн ханш 8000 ам.доллар давжээ. Түрүү долоо хоногт DXY индекс унаж 90 ам.доллараас доош орсон буюу ам.долларын ханш сул байгаа нь зэсийн ханш өсөхөд томоохон нөлөө үзүүлсэн хэмээн “Голомт капитал”-ын шинжээчид онцолж байна. АНУ-ын конгресс эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөртөө 900 тэрбум ам.долларыг зарцуулахаар болоод буй. Тус хөтөлбөрийн 600 тэрбум ам.доллар нь шууд дэмжлэг хэлбэрээр зарцуулагдах бол үлдсэн 300 тэрбум ам.доллар нь ажилгүйдлийг бууруулах хэлбэрээр олгогдох төлөвтөй байгаа. Тус мэдээлэлтэй холбоотойгоор зэсийн ханш цаашид өсөх хандлагатайг олон улсын байгууллагууд мэдэгджээ. АНУ, Европ, БНХАУ зэрэг орнуудын аж үйлдвэрийн салбарын сэргэлт нь цаашид зэсийн ханш өсөх суурь нөхцөл болж байгааг dailyfx-аас мэдэгджээ. Бүр тодруулж хэлбэл, Хятадын аж үйлдвэрийн салбар дахь зэсийн эрэлт өндөр байх төлөв тод анзаарагдаж байгаа юм. Ханшийн өсөлттэй холбоотойгоор зэс олборлогч компаниудын үнэлгээ, ашиг ч өсөөд эхэлчихэж. Дэлхийн томоохон зэс олборлогчдын нэг Freeport- McMoRan Inc NYSE:FCX-н ханш гэхэд л гуравдугаар сараас хойш 350 хувь өсчээ. Төгсгөлд нь онцлоход, Newmont Corp-ийн Richard Adkerson 2021 онд хүү татварын өмнөх ашгаа хоёр нугалах боломжтой болсноо мэдэгдэж, 2016 оноос хойших хамгийн ээлтэй жил болно гэж мэдэгджээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Ангар: Иргэд орлогогүй болж байгаа энэ үед ломбардны зээлийн хүүнд дээд хязгаар тогтоож байгаа нь зөв

УИХ-ын нэр бүхий гишүүд барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны хүүг сарын 3 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. Энэ талаар болон ломбардны зах зээлийн зохицуулалттай холбогдуулж эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-Бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан үед эд зүйлээ барьцаалж хялбархан зээл авах боломжтой тул хүмүүс ломбардад ханддаг. Гэвч энэ салбарт зохицуулалт сул, зээлийн хүү нь харилцан адилгүй байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна. Ломбардуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг нэг шугаманд оруулах гэсэн хуулийн төслийг хэрхэн харж байна вэ?

-Зөв зүйтэй хуулийн зохицуулалт гэж харсан. Яагаад гэхээр хөл хорионы үед иргэдийн орлого тасалдаж байна. Ингээд ирэхээр зээлийн хүүгээ төлөх эх үүсвэр нь тасалдаж эхэлж байгаа юм. Тэгэхээр үүнд төр оролцохоос өөр аргагүй. Ломбардны зээлийн хүү дунджаар сарын 16 хувь байдаг. Тэгвэл үүнийг гурван хувь руу оруулах нь иргэдээ бодсон шийдвэр мөн.

Ер нь ломбардууд одоо хүртэл тогтсон нэг стандартгүй явж байна шүү дээ. Зээлдүүлэгч талын эрх ашгийг харахаас гадна одоо зээл авагч талын эрх ашгийг харахаас өөр аргагүй болсон. Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар гишүүн огт байдаггүй хуулийн зохицуулалтыг санаачлаад өргөн барьсан зүйл биш. Энэ бол бусад улсад хэрэгждэг хуулийн зохицуулалт юм. Харин үүн дээр нэг зүйл нэмж хэлэх байна. Ломбардны хүүг цэгцэлж, зохицуулалт оруулж байгаа нь зөв. Гэхдээ энэ бол санхүүгийн зах зээлийн нэг хувьд ч хүрэхгүй сегмент юм. Үлдсэн 99 хувь нь зохицуулалтгүй үлдчихээд байна шүү дээ. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо байна. Сарын гурван хувиас дээш хүүтэй зээл өгч байгаа ББСБ байгаа. Үүнд давхар хуулийн зохицуулалт хийхгүй бол том гажуудал гарна. Санхүүгийн зах зээлийн эрэмбэ дараагаар яривал хамгийн том нь банк, дараа нь банк бус, хадгаламж зээлийн хоршоо, хамгийн доод талд нь ломбард орж байна. Гэтэл ломбардны хүүг 3 хувь болгочихоор 3-аас дээш хувийн хүүтэй банк бусууд яах вэ. Шударга бус гэсэн үг. Тэгэхээр хоёр гишүүний барьсан хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэнэ. Энэ шатанд нь УИХ-ын гишүүд банк, банк бусын зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох заалтыг нэмэх нь зүйтэй гэж харж байна. Ломбард 3 хувь бол банк бусынх 2, банк 1.5 гэх зэргээр бүгдэд нь хүүгийн зохицуулалт хийх ёстой.

-Ломбард дээр зөвхөн хүү гэлтгүй бусад чиглэлд ч зохицуулалт сул, хяналт багатай байгааг шүүмжилдэг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бүх улсад манайхтай ижил ийм санхүүгийн харилцаа байсан. Тодруулбал, 1960-1970 оны үед илүү хүчтэй байсан. Япон гэхэд маш өндөр зээлийн хүүтэй байлаа. Зайлшгүй зээл авах хэрэгцээ байгаад байдаг. Гэвч хэт өндөр хүүтэй авсан зээлээ төлж чадахгүй эргээд асуудалд ордог. Улам өрөнд орно гэсэн үг. Сүүлдээ эд хөрөнгийг нь хураан авдаг. Японы бодит жишээн дээр эд эрхтнийг нь үнэлээд авдаг систем рүү явж байсан. Ингээд 1980 оноос эхлээд ихэнх улс орнууд нарийн зохицуулалтууд хийж үзсэн. Мэдээж зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын хувьд гэрээндээ ямар заалт оруулахаа хоёр талаас тохирно. Тэр болгон дээр нь төр оролцох боломжгүй. Харин төр зээлийн хүүгийнх нь дээд хязгаарыг л тогтоодог. Японд банк, ломбард, хадгаламж зээлийн хоршоо гэх зэргээр ямар төрлийнх байхаас үл хамаарч зээлийн хүү жилийн 20 хувиас хэтрэхгүй байхаар зарлачихсан.

Энэ нь сарын 1.6 хувь байна. Америкт муж мужаараа дээд хязгаарыг тогтоосон байдаг. Нью-Йоркт жилийн зээлийн хүүг 8 хувиас хэтэрч болохгүй гэдэг. Англи, Австрали ч мөн ижил. Монголд харин зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоодог төрийн оролцоо сүүлийн 30 жил хийгээгүй учир иргэд нь мөнгө хүүлэлтэд нэрвэгдчихсэн. Өдрийн нэг хувийн хүүтэй зээл ч байна. Жилийн 365 хувь гэсэн үг. Энэ бүхнийг цэгцэлж ломбардаас эхэлж байгаа нь зөв. Цаашид нийт санхүүгийн зах зээлээ энэ зохицуулалтад оруулж, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоохоос өөр аргагүй. Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл гурван жилийн өмнө УИХ-д өргөн баригдсан. Үүгээр банкны зээлийн хүүг жилийн 18, банк бусыг 35 хувиар хязгаарлая гэх зэргээр санал гаргасан ч хэлэлцэхгүй байсаар сонгууль болоод буцаагдсан.

-Ломбардуудын хүү буурснаар энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч нарын ашиг буурч, зээл олгохоос татгалзах эрсдэл үүсэх үү. Үүнээс болж богино хугацаанд бэлэн мөнгөний хэрэгцээ үүссэн иргэдэд хүндрэл үүсэх юм биш үү?

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тавья гэхээр дэмжихгүй гэсэн хүмүүс ийм тайлбар хэлээд, үүн дээр нь дөрөөлөөд асуудлыг удаасан. Монголд мөнгөний илүүдэл байна. Нийт системээр нь аваад үзвэл бараг 10 их наяд төгрөг зээл болж чадахгүй зах зээл дээрээ байгаад байна. Тэгэхээр зээлийн хүү буурснаар ломбард, банк бус, банкууд зээл гаргахаа зогсооно, эсвэл зээлийн хэмжээгээ бууруулна гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Хэрэв зээл олголтоо зогсоовол тэр байгууллага өөрсдөө орлогогүй болно гэсэн үг. Дээр нь ломбардны зээл маш эрсдэлгүй. Яагаад гэхээр сая төгрөгийн үнэтэй эд зүйлсийг нь 400-500 мянган төгрөгөөр барьцаалж аваад, эсвэл хэзээч үнэ цэнээ алдахгүй алт, мөнгөн эдлэл, газар, байшинг нь барьцаалж авч байна. Хэрэв зээлээ төлөхгүй бол буцаагаад борлуулаад хохиролгүй болчихно. Маш эрсдэлгүй зээлийн салбар юм. Зээлийн хүү буурснаар харин ч зээлдүүлэгч нарт ашигтай хувилбар юм. Эргэн төлөгдөх боломжууд нэмэгдэнэ шүү дээ. Жилийн 70 хувийн хүүтэй, эсвэл 36 хувийн хүүтэй зээл олголоо гэхэд бага хүүтэй нь иргэдэд дарамт бага учруулж, эргүүлж төлнө биз дээ. Мөн хүү буурснаар хувь хүмүүс хоорондоо хар захын хэлбэрт орж, нууц байдлаар мөнгө өгөлцөж авалцана, эргээд асуудал тарина гэж ярьдаг. Энэ маш буруу, худал тайлбар. Бусад улсын санхүүгийн зах зээл дээр хэрэглэгддэг нийтлэг зохицуулалт л юм.

-Хэдийгээр ломбардын зээлийг хүүг 3 хувь болгож байгаа ч энэ сигмент санхүүгийн зах зээлийн ердөө 1 хувийг бүрдүүлж байна. Тэгэхээр нийт иргэдийг хамарсан зохицуулалт болж чадахгүй нь ээ?

-Нэг хувьд хүрэхгүй ломбардыг зохицуулж байгаа нь зөв. Гэхдээ 99 хувьд байгаа банк бус, банкнаас айгаад байна. Үүнд ашиг сонирхлын зөрчил байж магадгүй. УИХ-ын гишүүд өөрсдөө олноор ББСБ ажиллуулдаг. Мөн төрийн албаны том дарга нарын ХОМ-ийг харахад ихэнх нь ББСБ-тай. Зарим нь дүү, эхнэр, хамаатныхаа нэр дээр байгуулаад ХОМ-т гарч ирэхгүй ажиллуулж байна. Хүч нөлөө багатай ломбардуудынхаа зээлийн хүүг хязгаарлаад, банк, банк бус руугаа халдаж чадахгүй байгаа нь Монголын төр муу муудаа дээрэлхүүгийн нэг жишээ.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Цар тахал Монголын эдийн засагт яаж нөлөөлөв?

Энэ жилийн эдийн засаг тахлын үеийн гэдэг тодотголоороо урьд жилүүдийнхээс эрс ялгарч байна. Засгийн газар оны эхнээс л тахлын голомт болсон Хятад руу хийх нүүрс тээвэртээ хориг тавьсан юм. Нүүрс тээвэр удаан хугацаанд зогссоноос үүдэлтэй орлогын тасалдал санасныг бодоход өндөр биш гарсан нь нүүрсний үнэтэй холбоотой.

Австралид Хятадын зүгээс тавьсан хориг, ковидын вакцин тойрсон эерэг мэдээллээс үүдэлтэй том улсуудын эдийн засгийн сэргэлт гэх мэт хэд хэдэн шалтгаан нүүрс төдийгүй зэс, төмрийн хүдрийн үнэд эерэгээр нөлөөлөөд багагүй хугацаа өнгөрч байна. Товчхондоо тахлын үеийн эдийн засгийг авч яваа ганц салбар нь уул уурхай болсныг өнгөрсөн саруудад улсаараа илүү тод мэдэрлээ.

Засгийн газраас хувийн хэвшилд хандсан даацтай дэмжлэг үзүүлээгүй учраас ажлын байр олноороо хумигдсан гэсэн шүүмжлэлийг хувийн хэвшлийг төлөөлсөн төрийн бус байгууллагууд хэлж байна. Гүйцэтгэх засаглал нэг талаас ийм шүүмжлэлтэй тулгарсан ч нөгөө талаас иргэд рүү хандсан хүүхдийн 100 мянган төгрөг, тэтгэврийн зээлийн тэглэлт, цахилгаан, дулааны үнийн тэглэлт гэх мэт шийдлүүдийг ажил болгосон юм.

Эдгээр шийдлүүдийг эдийн засагчид УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж буй. Мөн тахлын хэцүү цагт орлогоо алдсан иргэд рүүгээ хандсан бодитой дэмжлэг гэсэн тайлбарыг ч эдийн засагчид хэлж буй. Гэхдээ хувийн хэвшил рүү хандсан ямар ч дэмжлэгийг Засгийн газраас үзүүлээгүй гэвэл хэтрүүлсэн дүгнэлт болно. Засгийн газраас уул уурхай гэх мэт цөөн салбараас бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлээд байна. Саарал жагсаалтаас гарсан, алтны ханш өсөлтөө алдаагүй гэх мэт гэгээлэг мэдээ ч цөөнгүй дуулдсан жил байв. Гүний уурхайн бүтээн байгуулалт нь саадгүй үргэлжилж буй Оюу толгойг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт гэж онцлохоор зүйлгүй бас нэгэн жилийг үдэх гэж байна. Төсвийн хувьд долоон их наядын алдагдал бий болгосон гэх шүүмжлэл Монгол Улсын 29, 30 дахь Ерөнхий сайдад ирж байгааг дашрамд тодотгоё. Сум бүрд улаан булан, музей, хөшөө, цогцолборт зарцуулах яаралтай биш зардлуудаа хэмнэвэл дор хаяж хоёр их наяд төгрөгийг төсвөөс хэмнэх боломжтой гэж үзэх эдийн засагчид цөөнгүй байна.

Цар тахал эдийн засагт яаж нөлөөлснийг тоон үзүүлэлтүүдээр тодотгоё. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар ДНБ -7.3 хувийн бууралттай гарсан юм. Олон салбаруудад уналт газар авч, үйлдвэрлэлийн түүхий эд, материал, сэлбэг, эд ангиа гаднаас импортолдог компаниудын хувьд хэцүүхэн сорилттой нүүр тулсан жил болов. Цаас, цаасан бүтээгдэхүүн, мод, модон эдлэл, резин болон хуванцар бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, тамхи, тавилга, нэхмэлийн үйлдвэрлэл, хувцас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын борлуулалт 2020 оны эхнийдөрвөн сард 2.5-58.9 хувиар буурсныг статистикаас харж болно. Аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийсэн жил байсныг мөн онцлох ёстой. Аялал жуулчлал дагасан зочид буудал гэх мэт үйлчилгээний салбаруудын хувьд ч орлого ашиг нь огцом хумигдсан сарууд үргэлжиллээ. Гэхдээ ирэх жил ч аялал жуулчлалын салбар сэргэхгүй гэж эдийн засагчид онцолж байна. Аялал жуулчлал дагасан үйлчилгээний салбарууд ч ирэх оны намар хүртэл сэхээ авахгүй гэх гутранги таамаглалыг ч тэд хэлж байгаа юм.

Зочид буудлуудын тухайд цар тахлын хөл хорионд орсон хүмүүст үйлчлээгүй бол орлого ашиггүй таг суухаар байсан юм. Зочид буудлын салбарын нийт орлого 2020 оны эхний есөн сард 101.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 105.9 тэрбум төгрөгөөр сох дутсан гэх тоог Үндэсний статистикийн хорооныхон хэлж байв. Нийтийн хоолны салбарын орлого ч мэдрэгдэхүйцээр буураад буй. Нийтийн хоолныхон оны эхний есөн сарын байдлаар 328.9 тэрбум төгрөг олж, орлого нь өмнөх оны мөн үеэс 28.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт оны эхний есөн сард 15.2 их наяд төгрөг гэж гарчээ. Өмнөх онтой нь харьцуулбал 1.7 их наяд төгрөгөөр буурч. Банкны системийн хэмжээгээр хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 33.5 хувиар өссөн дүнтэй гарсан юм. Гэхдээ нэг, хоёрдугаар улиралд ДНБ -10.7 хувийн бууралттай байсныг үзвэл, эдийн засгийн уналтын хурд намрын улиралд тодорхой хэмжээгээр саарсан зурагтай гарсныг онцолъё. Оны эцсээр -5, -6 хувь орчимд хэлбэлзэх болов уу гэсэн таамгийг эдийн засагчид хэлж байна. Эдийн засгийн байдал огцом муудахад уналтын эсрэг хэрэгжүүлсэн шийдлүүд тодорхой хэмжээгээр уналтыг зөөлрүүлж, эмзэг бүлэг, үйлдвэрлэл, нийт бизнест чиглэсэн арга хэмжээнүүд тодорхой үр дүнгээ өгсөн гэж үзэх эдийн засагч ч байгаа юм. Энэ онд эдийн засаг ямар байсан талаар эдийн засагчдын байр суурийг сонссоноо хүргэе.

Ч.ХАШЧУЛУУН: ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ БИЗНЕСТ ТОМ ДЭМЖЛЭГ БОЛСОН

Эдийн засагч Ч.Хашчулуун:

-Засгийн газар эдийн засагт чиглэсэн хэд хэдэн чухал шийдлийг ажил болгосныг онцолмоор байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс хувь хүмүүс, ААН-үүдийн орлогын татвар, НДШ-ийг бууруулсан нь том дэмжлэг болсон. Үүнээс гадна бензиний үнийг бууруулсан, ноолуурын салбарыг, малчдыг дэмжсэн шат дараалалтай арга хэмжээ ч тусаа өгсөн. Хоёрдугаарт, мөнгөний бодлогын хүрээнд Төв банк бодлогын хүүг түүхэндээ доод хэмжээнд бууруулж, намраас үйлдвэрүүдэд зориулсан 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилтийг гаргаж, ирэх улиралд дахиад 250 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийхээр шийдэж, энэ улиралд 82 тэрбумын зээлийг уул уурхайн бус экспорт, ЖДҮ-ийн зээлийн асуудлыг шийдвэрлэж, дахиад 400 гаруй үйлдвэрүүдийн зээл удахгүй шийдэгдэх шатанд орсон. Цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөх хүрээнд үйлдвэрүүд, өрхүүд 650 тэрбум төгрөгийн дэмжлэгийг авсан нь бизнест том дэмжлэг болсон. Мөн түрээсийн төлбөрийг бууруулах арга хэмжээ авсан байгаа. Экспортыг дэмжих үүднээс олон улсын гэрээ хэлэлцээрийг идэвхтэй хийж, боомтуудын тасралтгүй ажиллагааг хангасан нь эдийн засгийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр сэргэхэд эерэгээр нөлөөлсөн. Цаашид жижиг, дунд үйлдвэрлэлд анхаарах, боловсрол, аялал жуулчлал гэх мэт хүчтэй цохилт авсан салбаруудын бодлого хэрэгтэй болж байна. Эцэст нь хэлэхэд манай эдийн засаг Япон, АНУ шиг том биш. Хөгжиж буй орон гэхэд зохих хэмжээнд арга хэмжээ авч, уналтыг зогсоох, иргэдийн ачааллыг бууруулах талд бодитой анхаарч чадсан.

Д.ЭНХБОЛД: ТАХЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ АЧААГ УУЛ УУРХАЙ Л ҮҮРЧ ГАРЛАА

Монголын уул уурхайн Үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд:

-Монголын хувьд уул уурхайн салбар эдийн засгийн хөдөлгөх хүч болдог. Оны эхэнд цар тахлын голомт урд хөрш байсан гэдэг утгаар нүүрсний экспорт зогссон гэх мэт асуудал гарсан. Тахлын хөл хорио үргэлжилсэн өдрүүдэд улсын эдийн засгийн гол ачааг уул уурхай үүрч явдаг нь илүү тод харагдлаа л даа. Уул уурхайн экспортын орлого макро хэмжээндээ эдийн засагт гол үүрэг гүйцэтгэж байгаа ч том зургаар нь харвал нийт эдийн засгийн ихээхэн хэмжээг хэрэглээний эдийн засаг эзэлдэг нь харагдлаа. Тахлын онцгой нөхцөлд хэрэглээний эдийн засаг ямар хүчтэй цохилтод орсныг бултаараа мэдэрлээ. Шуудхан хэлэхэд, одоогийн байдлаар уул уурхайгаас өөр үйлдвэрлэлийн, нийлүүлэлтийн, хэрэглээний салбарт нөлөөлдөг эдийн засгийн салбар Монгол Улсад алга. Нөгөө талаас Монголын уул уурхайн хэмжээ жижгэвтэртээ орж байгаа нь мэдрэгдлээ. Ойрын ирээдүйд “Ковид-19”-өөс салах боломж харагдахгүй байна. Энэ утгаараа ойрын хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт шинээр орж ирж, өөр ордуудыг нээнэ гэх магадлал маш бага. Олзуурхууштай нь бидэнд олон жил уйгагүй хэрэгжсэний эцэст ашиглахад бэлэн болчихсон төслүүд бий. Эдгээр төслийг урагшлуулж, орон нутагт ажлын байр олноор бий болгож, төсвийн орлогоо ахиулах, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжууд ирэх жилүүдэд харагдаж байна. Хятадын хэрэглээ өссөн, зарим улсаас авах уул уурхайн бүтээгдэхүүнд хориг тавьсан гэх мэт шалтгаан дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийг өсгөсөн, ирэх жил ч өсөлт үргэлжилнэ гэж байна. Ийм таатай цонх үеийг ашиглаад бэлэн болчихсон төслүүдээ дэмжээд эхлүүлэх шаардлагатай.

О.АМАРТҮВШИН: ХУВИЙН ХЭВШЛИЙН 96 ХУВЬД ЦАР ТАХАЛ ХҮЧТЭЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:

-2020 он бүхэлдээ Монголын эдийн засгийн орчин хувийн хэвшлийнхэнд халгаатай хүндхэн жил болж өнгөрч байна. Тахлын хөл хорио бизнесийг бүхэлд нь зогсонги байдалд оруулчихлаа. Танхимын таван удаагийн үе шаттай судалгаанаас харахад компаниудын нөхцөл хүндэрсээр байгаа. Өнгөрсөн сард хийсэн судалгаагаар хувийн хэвшлийн 96 хувьд цар тахлын нөхцөл байдал хүчтэй нөлөөлсөн зураг харагдлаа. Монголын эдийн засаг үндсэндээ уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа гэсэн гурван зүйл дээр л тогтдог. Хөдөө аж ахуйн бүтээмж маш бага. Тэгэхээр ийм хэцүү цагт худалдаа болон уул уурхайн салбараа л түшихээс аргагүй. Дэлхийн томоохон институтууд ирэх оны гуравдугаар улирлаас л байдал хэвийн болно гэж үзэж байна. Гэхдээ дэлхий даяар цөөн хэдэн улсын эдийн засаг өсөлттэй яваа. Тэдний нэг нь Хятад. Хятад улсыг дагаж уул уурхайн эцсийн боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээж урд хөршид экспортлох гэх мэт ажлыг зохион байгуулж чадвал эдийн засгийн эрсдэлээс сэргийлж чадна. Хамгийн гол хүчин зүйл гэвэл УОК-ын гаргаж буй шийдвэрүүд. Улс орнууд эрүүл мэнддээ анхаарахаас гадна эдийн засагтаа анхаарч байгаа. Хатуу хөл хорио, хэсэгчилсэн хөл хорио бизнесийг хүнд байдалд оруулж байна. Ирэх он бүхэлдээ хүндхэн сорилтуудыг давсан өдрүүд байх болов уу. Хувийн хэвшлийн ажлын байрыг хамгаалахгүйгээр улс орон эдийн засгаа хэвээр хадгалж өсгөх ямар ч боломжгүй. Судалгаагаар ядуурлын түвшин 50-60 хувь руу орохоор байна. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтыг царцаах хэрэгтэй. Хоёр их наядыг хэмнэж ажлын байраа сэргээх чиглэлд хөнгөлөлттэй зээл болгож өгвөл хувийн хэвшлийнхэн эдийн засгаа сэргээж чадна.

Ч.ОТГОЧУЛУУ: ХУВИЙН ХЭВШИЛДЭЭ “БИ ҮХЭХЭЭР ЧИ ҮХ” ГЭДЭГ БОДЛОГО ТУЛГАСАН ЖИЛ БАЙЛАА

Эдийн засагч Ч.Отгочулуу: -2020 онд гадаад орчин эмзэг байсан нь үнэн. Гэхдээ манай гол худалдан авагч Хятадын эдийн засаг харьцангуй тогтвортой байлаа. Сүүлийн саруудад экспорт нь эрс өсч эдийн засаг хурдтай сэргэж байна. Дэлхийн эдийн засаг хасах 4.5 хувьтай буюу агшихаар байхад Хятадын эерэг өсөлттэй гарахаар байгаа. Манай эдийн засгийн бодлогын удирдлага маш буруу байсан. Аргентин, Венесуэл, Грекийн эдийн засгийг дампууруулсан зүүний популизм оргилдоо хүрсэн жил болж өнгөрлөө. Сонгуулийн төсвүүд баталдаг мөчлөг дагасан буруу жишиг гүнзгийрсэн. Сонгуульжсан төсвийн алдагдлаас болж гадаад өр өссөнийг онцолж хэлмээр байна. ОУВС-аас таван тэрбум долларын төсөл хөтөлбөр амжилтгүй хэрэгжиж манай нэр хүнд ч унасан. Коронаг ирэх Ерөнхийлөгчийн сонгууль угтсан пиар болгож ашигласан нь зах зээлийн хуулийг эвдэж, урт хугацааны хувьд засагдашгүй том алдаа гаргах эрсдэлийг бодитоор бий болгочихлоо л доо. Өмнөх 30 жил арайхийж биежиж байсан орчин үеийн тогтолцооны сүйрлийн эхлэлийг тавьчихлаа. Цахилгааны үнийг хэрэглэгчийн хувьд төрөөс нь даана гэж эрчим хүч дулааны эх үүсвэрээ эрсдэлд оруулсан гэж харж байна. Эрдэнэтээс мөнгө гаргуулснаар давхар төсөвтэй болж, олон төсөвтэй болох эхлэл тавигдлаа. Ер нь төрийн том өмчийн компани эрсдэлд өртөмтгий эмзэг байдаг, гэтэл энэ буруу загварыг тахин шүтүүлж байна. Эдгээр зүүний популист бодлогоос болж манай жижиг эдийн засаг маань ямаан дээр тэмээний гарз үзлээ. Эдийн засгийн ноён нуруу нь ЖДҮ, дунд давхарга байдаг. Гэтэл энэ салбарыг боомилсон, “би үхэхээр чи үх” гэдэг бодлогыг эрх баригчид хувийн хэвшилдээ тулгачихлаа, 2020 онд. Төсвийн алдагдал ба төлбөрийн тэнцлийн алдагдлууд эдийн засгийн 10-14 хувьд хүрч өсчихлөө. Ингэснээр ажилгүйдэл ядуурлын хувь өсөөд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 22 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк өчигдрийн байдлаар 22 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 тонноор нэмэгдсэн байна. Монголбанк сүүлийн таван жилд 100 орчим тонн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллароор нэмэгдүүлжээ.

Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд Алт-2 хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилт олгосон юм. Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч алтны салбарын экспортын хэмжээ өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс тав дахин өсөж, 1.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

О.Батжаргал: Дорноговь аймаг ирэх онд Улсын төсөвт 2.4 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

-ДОРНОГОВИЙН СУМД ТӨВИЙН ШУГАМАНД ХОЛБОГДОЖ, БҮХ ХАШАА НЭГДСЭН ДЭД БҮТЭЦТЭЙ БОЛСОН-


Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай ярилцлаа.


-Дорноговь аймгийн төсвийн орлого, хөрөнгө оруулалтуудын талаар ярилцахаар таныг урилаа. Төсвөө өөрөө бүрдүүлдэг цөөхөн аймгийн нэг бол Дорноговь аймаг шүү дээ?

-Дорноговь аймаг бол Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаггүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг цөөхөн аймгийн нэг. Төсвөө өөрсдөө бүрдүүлээд зогсохгүй, манай аймаг 2021 оны төсвийн тухай хуулиар Улсын төсөвт 2.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байгаа. Төсвийн орлогын гүйцэтгэлийн сүүлийн дөрвөн жил тогтмол нэмэгдэж, 2017 онд 18.4 тэрбум, 2018 онд 28.2 тэрбум, 2019 онд 32.7 тэрбум, 2020 онд (хүлээгдэж буй гүйцэтгэл) 33.4 тэрбум төгрөг болж 2016 онтой харьцуулахад даруй 66.2 хувиар өссөн амжилт харагдаж байна.

Аймгийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалтууд ч сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн байгаа.

Тухайлбал, сүүлийн хоёр жилд нийтдээ 214 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

-Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр нийгэм, эдийн засагт нэлээдгүй өөрчлөлтүүд гарсан байх. Мөн аймгийн хэмжээнд олон сургууль, цэцэрлэг, бүтээн байгуулалтууд ашиглалтад орсон байсан?

-Аймгийн эдийн засаг, нийгмийн өсөлтөд сүүлийн жилүүдэд багагүй өөрчлөлт гарч, хөгжин цэцэглэж байна. Хүн бүр нутагтаа сайхан амьдрах тэмүүлэлтэй болж, нийслэлийг зорьдог байсан хүн амын шилжилт хөдөлгөөн мэдэгдэхүйц багасч, орон нутагтаа суурьшиж, ажиллаж амьдрах хүсэлтэй иргэдийн тоо жилээс жилд өссөөр байна.

2019 оны жилийн эцэст 2.4 сая толгой мал тоологдсон нь сүүлийн дөрвөн жилд манай малчин түмэн малаа 651.2 мянган толгойгоор өссгөсөн, төрийн бодлогоор малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр малчидтайгаа хамтран ажиллаж, малын зүй бус хорогдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний үр дүнг юм. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт нэлээд хөрөнгө оруулалтууд хийгдэж, үр дүн нь эхнээсээ гарч эхэлсэн. Боловсролын салбарт шинээр 12 цэцэрлэг ашиглалтад орж, 960 хүүхдийн сургууль, 320 хүүхдийн бага сургууль, хоёр дотуур байр шинээр ашиглалтад орж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 98 хувь болсон нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлт. Мөн боловсролын чанарт анхаарах чиглэлд хөрөнгө оруулалтууд хийсэн нь үр дүнгээ өгч нийт төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 2020 онд манай аймаг улсын хэмжээнд гуравдугаар байранд эрэмбэлэгдэж сурагчдын сурлагын чанар жилээс жилд ахисан үзүүлэлттэй байна.

Эрүүл мэндийн салбарын хувьд 2020 онд гэхэд Замын-Үүд суманд 100 ортой эмнэлэг, Сайншанд суманд 50 ортой төрөх эмнэлгийн барилга ашиглалтад орууллаа гээд дурдаад байвал цөөнгүй ажил, бүтээн байгуулалтууд өнгөрсөн хугацаанд хийгджээ.

-Төсвөө өөрсдөө бүрдүүлдэг аймаг орон нутгийн ихэнх нь уул уурхайтай холбоотой хөгжиж байна. Дорноговь аймгийн уул уурхай, ашигт малтмалын орд газрууд, тэдгээрийн ашиглалт, орон нутагт ашиг шимээ хэрхэн өгч байна вэ?

-Дорноговь аймаг байгалийн баялгаараа нөөц ихтэй аймгуудын нэг юм. Аймгийн эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх гурван чиглэлийн нэгээр уул уурхайн салбарыг онцолсон. Сүүлийн жилүүдэд Дорноговь аймгийн орон нутгийн төсөвт уул уурхайгаас орж ирэх орлого тогтмол өсч байна. Өнөөдрийн байдлаар ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 68 компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн аймгийн нутаг дэвсгэрт ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын чадавх нэмэгдэхээс гадна уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд шинээр ашиглалтад орж, бас баригдаж эхлээд байгаа юм.

Уул уурхайн компаниудаас 2017 онд 8.1 тэрбум, 2018 онд 11.3 тэрбум, 2019 онд 9.8 тэрбум төгрөг, 2020 оны 10 сарын байдлаар 4.1 тэрбум төгрөгийн татварын орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн нь аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсаар ирлээ. Түүнчлэн аймгийн хэмжээнд боловсруулах, баяжуулах нийт 13 үйлдвэр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй уул уурхайн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүд болох Газрын тос боловсруулах үйлдвэр, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам мөн л Дорноговь аймагт хэрэгжиж буй.Уул уурхайг дагасан олон асуудал байдаг. Тиймээс хариуцлагатай уул уурхайг хэрхэн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг бий болгох вэ, орон нутгийн эдийн засагт түлхэц өгөх салбаруудыг яаж уул уурхайг дагуулан төрөлжүүлэх вэ гэдэгт цаашдаа ч анхаарч ажиллах юм. Уул уурхайн салбарын компаниудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор 2016 оноос орон нутгаас “Хариуцлагатай уул уурхай-Хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг төрийн байгууллага, уул уурхайн компани, иргэд, ТББ-ын төлөөлөл зэрэг тал бүрийн оролцоог ханган зохион байгуулж, энэ ч үр дүнгээ өгч, гарц, шийдэл, хөжглийн боломжийг хайдаг болоод даруй дөрвөн жил болжээ.

-Уул уурхайгаас гадна хилийн боомтууд, хойд, урд хоёр улсыг холбосон төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг төмөр зам дайран өнгөрдөг онцлогтой бүс нутаг. Энэ онцлог давуу талууд аймгийн эдийн засагт авчирч байгаа үр нөлөөний тухай?

-Орон нутгийн төсвийн орлогын гол эх үүсвэр нь Монгол Улс, БНХАУ-ын хил хоорондын зорчигч болон ачаа тээвэрийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн аж ахуйн нэгжийн төлсөн татвараас бүрддэг. Замын-Үүд, Ханги хилийн боомт нь аймгийн төсвийн орлогын 13,96 хувийг бүрдүүлж жил бүр орон нутгийн төсөвт 2-4 тэрбум төгрөгийн зарлагаас давсан орлогыг төвлөрүүлж бусад 13 суманд санхүүгийн дэмжлэг хэлбэрээр дахин хуваарилалт хийдгээрээ онцлогтой.

Мөн Азийн хөгжлийн банкны 75,0 сая долларын хөрөнгөөр Замын-Үүд суманд логистик терминал байгуулах ажил хийгдэж, ашиглалтад оруулсан нь том дэвшил юм.Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 6200 чингэлэг ачаа, 155 галт тэргийг шилжүүлэн ачих ажил хийгдсэн байна.

-Аж үйлдвэрлэлийн салбарын нийт үйлдвэрлэлийн өсөлтийн талаар?

-Манай аймгийн аж үйлдвэрийн салбар оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар нийт 174 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 263 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлууллаа.

Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 7,6 хувиар буурсан байна. Энэ нь коронавируст нөхцөл байдал уул уурхайн олборлох салбарын үйлдвэрлэлт нөлөөлж, өмнөх оноос 19 тэрбум төгрөгөөр буурсантай холбоотой. Ер нь цар тахал гарсантай холбоотойгоор сүүлийн үед хилийн боомтуудын бараа эргэлт зогссон буурсан байгаа шүү дээ. Бусад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өнгөрсөн оноос өссөн. Тухайлбал, дулаан, ус түгээлт, сувагжуулалт өссөнөөс гадна, талх, нарийн боов, хиам, хэрчсэн гурил зэрэг хүнсний бүтээгдэхүүний үйлдэрлэл нэмэгджээ. Мөн барилгын салбарын цемент шохой зэргийн үйлдвэрлэл нэлээдгүй хувиар өссөн дүнтэй байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 4.5 хувийг төрийн, 95.5 хувийг хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэсэн статистик мэдээлэл байна.

-Цаашид аймаг орон нутагт хийгдэх бүтээн байгуулалт болон бусад салбаруудад оруулахаар төлөвлөж байгаа хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөөч?

-Олон ажлууд байна. Онцлоод дурдахад, өнгөрсөн хугацаанд сумандаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр Эрдэнэ, Алтанширээ, Хатанбулаг, Даланжаргалан сумдыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон. Энэ ажил 2021 онд ч үргэлжилж, нэмж дөрвөн сумыг нэгдсэн шугам сүлжээнд холбоно.Энэ ажил Улаанбадрах 75 хувь, Хөвсгөл 50 хувь, Дэлгэрэх 60 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Мөн ирэх онд Боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтууд үргэлжилнэ. 640 хүүхдийн сургууль, халдвартын эмнэлэг, шинэ театрын барилга зэрэг бусад хөрөнгө оруулалтыг хийнэ.

-Ажлын байр, ард иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэхэд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Аймгийн Засаг даргын 2020 оны А/01 дүгээр захирамжаар 2020 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж ажилгүй иргэдийн судалгаа гаргаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр найман хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж 444 иргэнийг хамруулснаар өрхийн орлого нь 805.5 мянган төгрөгөөр нэмэгдсэн.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн хөгжлийн төвд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг Швейцарийн хөгжлийн агентлагаас 20.0 сая төгрөгийн тохижилтын санхүүжилтийг олгож, орон нутгаас хүний нөөцийг шийдвэрлэлээ. Мөн ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлж буй ажил олгогчдыг урамшуулж ажилласан. 2020 онд ажлын байрны захиалга өнгөрсөн оны мөн үеэс 21 хувь, ажилд зуучлал 3 хувь, өссөн байна. Ажилгүйдлийн түвшин 3.9 хувь байгаа нь өмнөх онтой адил түвшинд байна.

-Эцэст нь дүгнээд хэлэхэд, Дорноговь аймгийн хөгжлийн хэтийн төлөвийг та хэрхэн харж байна вэ?

-2016-2020 он нь аймгийн эдийн засаг, нийгмийн үзүүлэлт сайжирсан, их бүтээн байгуулалт, хүний хөгжил, гэр бүл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн амжилт бүтээлээр дүүрэн он жилүүд байлаа. Төсвийн орлого, хөрөнгө оруулалтын хэмжээ жил бүр өсч аймаг, улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтууд хийгдлээ.

• 2018, 2019 онд Монгол Улсын “Шилдэг аймаг”

• Аймгуудын Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 2018 онд 4 дүгээр, 2019 онд 3 дугаар байранд орсон.

• 2018, 2019 онд Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор улсын хэмжээнд 3 дугаар байранд орсон

• 2019 онд Шударга байдлын үнэлгээгээр 5 дугаар байранд орсон амжилт дүүрэн он жилүүд байсан.

Дээрх үзүүлэлтүүдийг бууруулахгүй дээшлүүлэх эрхэм зорилгыг дэвшүүлж ажиллах болно. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжлийг түргэтгэх томоохон бүтээн байгуулалтууд болох газрын тос боловсруулах үйлдвэр, Зүүнбаян-Ханги, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг дагасан уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд, бүс нутгийн логистикийн төв, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс гэх мэт томоохон мега төслүүд манай аймагт хэрэгжсэнээр олон зуун ажлын байр бий болж хүн ам ихээр төвлөрч орон нутагт минь илүү их хөгжил дэвшил ирж, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт өргөжин дээшилнэ гэдэгт итгэлтэй байна.