Categories
мэдээ эдийн-засаг

“Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь” хэвлэгдлээ

Академич, эрдэмтдийн баг “Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь” номыг туурвин хэвлүүлснээ ШУА-ийн тэргүүлэгчдэд гардуулжээ.

ШУА-ийн захиалгаар хэвлэсэн уг тайлбар толийг академич Т.Доржоор ахлуулсан эрдэмтдийн баг бичиж гүйцэтгэсэн бөгөөд тус багт академич, эдийн засгийн шинжлэх ухааны доктор А.Бакей, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Батхишиг, А.Даваасүрэн нарын эрдэмтэд ажиллажээ.

“Эдийн засгийн шинжлэх ухааны хүрээд мөнгө, санхүү, төсөв, татвар, гааль, гадаад худалдаа, зээл тусламж, хөрөнгө оруулалт, өмч хөрөнгө, үнэ тариф, хөрөнгийн зах зээл, нягтлан бодох бүртгэл, менежмент, маркетинг зэрэг эдийн засгийн салбар шинжлэх ухааныг системтэй ойлгоход тус толь бичиг чухал ач холбогдолтой”-г ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл онцоллоо. Монгол улсад зах зээлийн эдийн засагтай холбогдолтой сурах бичиг, тайлбар толь, гарын авлага цөөнгүй гарч байгаа боловч орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааны талаар нэгдсэн цэгцтэй, ойлголт хараахан бүрэлдэж чадаагүй л байна. Энэ ном нь их, дээд сургуулийн оюутан, багш, магистр, доктрант, эрдэм шинжилгээний ажилтан, төр засгийн болон сэтгүүл зүйн салбарт ажиллагч, бизнес эрхлэгч болон эдийн засгийн мэдлэгтэй болохыг хүсэгч хэн бүхэнд зориулсныг тэрээр тодотголоо.

Categories
мэдээ эдийн-засаг

АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 8.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олголоо

Америкийн Нэгдсэн Улс өөрийн Олон Улсын Хөгжлийн Агентлагаар (ОУХА) дамжуулан Монгол Улсын Сангийн яамтай хийсэн хоёр талын хамтарсан гэрээндээ 8.5 тэрбум төгрөгийн (3 сая ам. доллар) өргөтгөл хийж гарын үсэг зуржээ. Энэхүү өргөтгөл нь Монгол Улсад эдийн засгийн сайн засаглал, найдвартай, үр ашигтай, хямд эрчим хүч болон тогтвортой, хувийн хэвшил тэргүүлсэн өсөлтийг дэмжих зорилготой юм.

Нэмэлт санхүүжилт нь 17 жилийн түүхтэй гэрээнд оруулсан АНУ-ын хувь нэмрийн нийт дүнг 360 тэрбум орчим төгрөгт (126 сая ам. доллар) хүргэж байна.

Элчин сайд Майкл Клечески АНУ болон Монгол Улс хүртээмжтэй ардчилсан засаглал, жижиг, дунд үйлдвэрлэлийн өсөлт, тогтвортой санхүүжилт бүхий эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хамтын зорилготой. Хоёр талын өргөтгөсөн гэрээ нь жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийг өсгөх, төрөлжүүлэхэд туслах болно

ЖДҮ-г санхүүжилт авахад дөт байлгах болон компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдал ба хариуцлагын чадавхийг бэхжүүлэх сургалт явуулах, эмзэг бүлгийн аж ахуйн нэгжүүдэд бага хэмжээний тусламж үзүүлэх зэргээр ЖДҮ-ийн өсөлтөд таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн төлөө ОУХА төр болон хувийн хэвшилтэй хамтран ажиллах болно. Түүнчлэн ОУХА нь чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэхэд чиглэсэн тогтвортой эрчим хүчний шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.

Монгол Улсыг эрчим хүчний хараат бус байдалд хүргэхэд дөхөм болох өрсөлдөх чадвартай, төрөлжсөн, орчин үеийн бөгөөд санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг бий болгоход энэ хөтөлбөр туслах юм. АНУ-ын ОУХА нь өмнөх хөтөлбөрүүдийн амжилтад тулгуурлан авлигыг бууруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, захиргааны шинэтгэлийг сайжруулах, боловсрол, иргэний оролцооны соёлыг сурталчлах чиглэлээр явуулж буй Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж, хувийн хэвшлийн өсөн дэвжих орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулах болно” гэжээ.

Эх сурвалж: Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дахин зогсох эрсдэл үүсэв үү?

“Туркойз хилл” компанийн уржигдар хийсэн албан ёсны мэдээллийг олон улсын mining.com, Financial review зэрэг сайтууд онцолж “Монгол Рио Тинтогийн Оюу толгой төслийг зогсоох уу” гэсэн утгатай гарчиг бүхий нийтлэл цацсан нь өчигдөр олны анхааралд байлаа. Mining.com “Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн зэс алтны уурхайн хөгжлийн төлөвлөгөө болон санхүүгийн төлөвлөгөөг цуцлах, эсвэл өөрчилж болзошгүй байгаа талаар Туркойз хилл мэдэгдлээ” хэмээн онцолсон юм. Дашрамд сонирхуулахад Туркойз хилл мэдээлэлдээ “Монголын Засгийн газар Оюу толгой төсөл улс орных нь хувьд эдийн засгийн үр ашиггүй болвол төслийг үргэлжлүүлэх эсэхийг дахин хэлэлцэж, эргэн харах ёстой гэж үзсэн” хэмээн дурджээ.

Дэлхийн зэс, алтны том төслүүдийн нэг Оюутолгой Монголын хувьд гурав дахь хөршийн хөрөнгө оруулалттай цорын ганц мега төсөл, тахлын үед эдийн засгийг авч яваа гэж эдийн засагчид тодотгодог. Канадын “Туркойз хилл” компани Монголын эрх баригчид компанийн үйл ажиллагаа, төлөвлөгөөнд сэтгэл ханамжгүй байгаа тухай мэдэгдэлдээ онцолжээ. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь агуулагдаж буй гүний уурхайн бүтээн байгуулалтад одоогоор 6.75 тэрбум буюу долоон тэрбум орчим ам.долларыг зарцуулаад байгаа юм. Засгийн газар уг хэмжээг 2016 онд төлөвлөснөөс 1.5 тэрбум ам.доллараар илүү байна, төслийн алдагдал нэмэгдэх нь эдийн засгийн үр ашгийг бууруулах сөрөг талтай гэх мэт байр суурийг илэрхийлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.

“Туркойз хилл” мэдэгдэлдээ энэ талаар ч онцолжээ. “Туркойз хилл”-ийн мэдээллийн дараа компанийн хувьцаа хөрөнгийн бирж дээр хорь гаруй хувиар унажээ. Тус компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 21.4 хувиар буурч 11.38 ам.доллараар үнэлэгдсэн бол Торонтогийн хөрөнгийн бирж дээр 24 хувиар буурч 13.88 канад доллар болжээ.

Хэлэлцээрийн ширээний ард суусан хувь нийлүүлэгчид буюу Монгол Улсын Засгийн газар, Рио тинто-гийн хувьд татварын маргаан, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын нэмэгдэлт том асуудал болж буй. Татварын ерөнхий газар оны өмнөхөн “Оюу толгой” компанид татварын акт шинээр тавьсан. Татварын акт тавихын өмнө Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй засгийн төлөөллүүд хөрөнгө оруулагч талтай цахим хурал хийж байв. Уг хурлын үеэр Засгийн газар Оюу толгой төслөөс хүртэх Монгол Улсын үр ашгийг эрс нэмэгдүүлэх санал тавьж, тохиролцоонд хүрэхгүй бол Дубайн төлөвлөгөөг цуцлах хэрэгтэй гэсэн утгатай хатуу байр суурь илэрхийлсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байлаа. Тодруулж хэлбэл, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Рио тинто”-д ийм санал тавьсан тухай мэдээллийг зарим хэвлэл онцолж байсан юм.

Засгийн газар энэ сарын эхээр “Рио”-д илгээсэн албан бичигтээ ч уг байр сууриа илэрхийлсэн гэнэ. Тус албан бичигт Монгол Улс хэзээ ч ногдол ашиг авахгүйгээр барахгүй өртэй хоцрох нь, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт Монголын талд ашиггүй байна, Оюу толгой компани ашгийн татварыг хуулийн дагуу зайлшгүй төлөх ёстой, Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлыг Засгийн газар УИХ-д танилцуулна гэх мэт агуулга бүхий байр сууриуд багтсан тухай мэдээлэл ч хэвлэлээр хөвөрч байна. Юутай ч Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр амжилт олохгүй бол Дубайн төлөвлөгөөг цуцалж, гүний уурхайн бүтээн байгуулалт зогсох эрсдэл бий гэсэн дүгнэлтийг Засгийн газрын удаа дараагийн байр суурь, Туркойз хилл-ийн мэдэгдлээс төвөггүй харчихаж болохоор байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт Н.Алтанхуягийн Засгийн газрын үед тасалдаж, хоёр жилийн турш зогсч, Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн түүх өнгөрсөнд бий. Тэр үед Татварын ерөнхий газар Оюу толгойд 130 сая ам.долларын татварын актыг хүргүүлж байсан юм. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хувь нийлүүлэгчид татварын маргаан дээр шийдэлд хүрч, Дубайд гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байв. Гэвч энэ шийдвэр гарснаас хойш хоёр жилийн дараа УИХ ажлын хэсэг байгуулж татварын асуудлыг ахин сөхөж, 2018 онд 155 сая ам.долларын татварын актыг тус компанид тавьсан юм.

Оюу толгойтой холбоотой сүүлийн гурван шийдвэрийн нэгийг нь шүүхээс гаргасан. Шүүхээс Дубайн төлөвлөгөөг хууль зөрчин байгуулсан гэх шийдвэр гараад байгаа юм. Хоёр дахь шийдвэр нь УИХ-ын өнгөрсөн жилийн сүүлээр гаргасан тогтоол. Тогтоолд Оюу толгойн гэрээг Монголын хууль тогтоомжид нийцүүлэх сайжруулахыг онцлоод буй. Харин гурав дахь шийдвэр нь өмнө тодотгосончлон Татварын ерөнхий газрын Оюу толгойд тавьсан татварын акт. “Туркойз хилл” Монголын талаас гаргасан эдгээр шийдвэрүүдийг онцолж, Монголын Засгийн газар энэ бүх шийдлээрээ Оюу толгой төсөлд хэрхэн хандаж буйгаа харууллаа гэсэн утгатай мэдэгдэл хийгээд байгаа юм.

Талуудын хооронд үүссэн татварын маргааны асуудал өдгөө арбитрын шүүх дээр очоод буй. Дашрамд дурдахад, хувь нийлүүлэгчийн өмнөх татварын маргаан арбитр дээр шийдэгдээгүй байхад Монголын Татварын ерөнхий газраас дахин акт ногдуулаад байгаа юм. Ийм шалтгаанаар хөрөнгө оруулагч тал арбитрт нэмж материал бүрдүүлж өгөхөөр ажиллаж эхэлжээ. Арбитрын шүүхийн процесс нэг жилээс нэг жил хагасын хугацаанд үргэлжлэх зураг харагдаж байна.

Татварын маргаанаас гадна шийдэх учиртай өөр нэг том асуудал бол гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал. Төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ээр гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа. Засгийн газар, хөрөнгө оруулагч талын энэ маргаан, зөрчлийн гол шалтгаан нь улс төр, бүр тодруулж хэлбэл ирэх зун болох Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн тайлбарыг учир мэдэх улс хэлж буй. Эдийн засагчдын хувьд хэрвээ байдал муугаар эргэж Засгийн газар Дубайн төлөвлөгөөг цуцалж, “Рио тинто” Монголыг орхихдоо тулбал Оюу толгой төслийг үргэлжлүүлэх боломжтой ганц улс нь Хятад гэсэн тайлбар хэлдэг. Оюу толгойн гүний уурхайн санхүүжилт зогсвол тахлаас болж нэгэнт хэцүүдсэн эдийн засагт өнөөгийнхөөс ч илүү том эрсдэлүүд үүснэ, хамгийн түрүүнд ам.долларын ханш хяналтаас гарна гэж эдийн засагчид онцолж байна.

Төгсгөлд нь онцлоход, “Оюу толгой” ХХК 2010 оноос хойш нийт 5.8 их наяд гаруй төгрөг буюу ойролцоогоор 2.8 тэрбум ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр Засгийн газарт төлжээ. 2010 оноос хойш нийт 11.3 тэрбум гаруй ам.долларыг дотоодод зарцуулсан, 12300 гаруй хүн ажиллаж байгаагийн 94 хувь нь монголчууд, 2020 онд ойролцоогоор 290 сая ам.долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бусад төлбөр хураамж төлсөн гэх мэт статистикийг “Оюу толгой” компани цахим хуудсандаа байршуулжээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Прокурорын газраас 558 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ

Прокурорын газраас төр, нийтийн эрх ашгийг хамгаалах нийт 504 иргэний хэрэгт оролцож, 558.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.

Прокурор цагаатгалын нөхөх олговор, түүнтэй холбоотой садан төрлийн холбоо тогтоолгох нэхэмжлэлтэй 932 иргэний хэрэгт төрийг төлөөлөн оролцжээ. Мөрдөн шалгах ажиллагааны улмаас учирсан 40.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй 19 хэрэгт прокурор оролцож, шүүх 1.6 тэрбум төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц сангаас гаргуулж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 60 хэрэгт 376.3 тэрбум төгрөгийн, зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 21 хэрэгт 12 сая төгрөгийг, бусад төрлийн иргэний 423 хэрэгт 182.4 тэрбум төгрөгийг, нийт 504 хэрэгт прокурор оролцож, 558.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хүнсний бүтээгдэхүүний импорт 93 хувиар өсчээ

Өнгөрсөн долоо хоногт манай улсын нийт импорт 109.3 сая ам.долларт хүрчээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 29.4 сая ам.доллароор буюу 21.2 хувиар буурсан үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.

Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл хүнсний бүтээгдэхүүний импорт 10.1 сая ам.доллар буюу 93.5 хувиар, бусад барааны импорт 4.3 сая ам.доллар буюу 15.4 хувиар өссөн байна.

Харин ачааны автомашины тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 290 ширхэг буюу 61.6 хувиар өссөн бол суудлын автомашины тоо хэмжээ 401 ширхэг буюу 21.5 хувиар буурсан байна.

Түүнчлэн дизелийн түлшний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,363.2 тонноор буюу 8.6 хувь, автобензиний импорт 2,760.4 тонноор буюу 26.2 хувиар тус тус өсчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банк Монгол Улсын нийт өр гурав дахин өссөнийг анхааруулжээ

Covid-19 цар тахал Монгол Улсын эдийн засагт нэгдүгээрт, төлбөрийн тэнцлийн сувгаар, хоёрдугаарт, орлогын сувгаар, гуравдугаарт, зээлийн сувгаар тус тус нөлөөлсөөр байна.

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.2 хувиар агшсан гэж таамагласан нь өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан таамгаас 4.7 нэгж хувиар доошлуулсан үзүүлэлт юм. Энэ онд манай улсын эдийн засгийг 4.3 хувиар өснө гэж таамагласан нь өмнөх таамгаас 0.6 нэгж хувиар доошлуулсан дүн болов.

Эдийн засгийн идэвхжил буурч, нийгмийн халамжийн зарцуулалт нэмэгдсэнээр бүс нутгийн Засгийн газруудын өрийн хэмжээ өсч буйг онцлон тэмдэглэсэн байна. Тухайлбал: Монгол, Малайз, Лаос зэрэг орнуудын Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 60 хувь давжээ.

Дэлхийн банкнаас Монгол Улс, БНХАУ-д төр, хувийн хэвшлийг багтаасан нийт өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнээс бараг гурав дахин өндөр болсныг анхааруулсан байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ж.Золжаргал: Төмөр замтай бол Австралийн коксжих нүүрсэнд тавьсан Хятадын хориг бидэнд ашигтай тусах байсан

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.


-Нүүрсний зах зээл өнгөрсөн жил ямар байв гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Өнгөрсөн жилийн тухайд ур хөршид нүүрсний эрэлт сайн байлаа. Ковидоос болж үйлдвэрлэл багасч, эрэлт унах нь гэсэн яриа байсан л даа. Гэхдээ эрэлт унаагүй. Манай улсын нүүрсний экспорт чамгүй өндөр амжилт үзүүлж чадлаа.

-Өнгөрсөн оны эхээр ковид дөнгөж эхлэнгүүт нүүрсний экспортоо өөрсдөө зогсоогоогүй бол бүр ч ихийг экспортлох байсан байх…?

-Эхний улиралд нь бид өөрсдөө алдаа гаргачихсан нь үнэн л дээ. Экспортоо өөрсдөө зогсоож сэтгэл хөдлөлөөсөө болж орлогоо алдсан. Харин өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас ногоон гарцын журмыг хэрэгжүүлээд дажгүй ажиллачихлаа. Нүүрс бол мөнгө олох гол суваг гэдгийг засаг төр ч ойлгосон байх. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ч бүх л чадлаараа ажилласан. Ийм хүнд хэцүү цагт 28 сая гаруй тонныг экспортолно гэдэг чамлах хэмжээ биш. Шинээр бүрдсэн засаг, Гадаад харилцаа болон Уул уурхайн яамны удирдлага идэвх санаачилгатай ажилласныг бас онцолмоор байна.

-Түрүү жил коксжих нүүрсний үнэ ханш ямархуу байв?

-Оны төгсгөл хавьцаа Хятадын зах зээлд сонирхолтой зүйлс өрнөсөн. Нүүрсний эрэлт бол өндөр хэвээрээ байсан. Гэтэл Австралийн нүүрсэнд хориг тавьсан, Оросоос нийлүүлж буй нүүрсний хэмжээ буурсан. Монголоос арваннэгдүгээр сард дажгүй хэмжээгээр аваад арванхоёрдугаар сард экспортын хэмжээ илт муудсан.

Эрэлт өндөр байхад импорт яагаад буурав гэдэг нь сонирхолтой байлаа. Урд хөршийн байгаль орчны байгууллагуудынх нь нэг төлөвлөгөө байдаг шиг байгаа юм. Энэ жил төчнөөн хэмжээний кокс үйлдвэрлэнэ гээд хэмжээг нь заачихдаг юм байна гэж ойлгосон. Ийм шалтгаанаар төлөвлөгөөгөө барихын тулд оны эцсээр коксын үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг тодорхой хэмжээнд дарах, үүний тулд нүүрсний импортын нийлүүлэлтийг хязгаарлах оролдлого хийсэн гэх мэдээ бас авсан л даа. Гэхдээ гадаадаас нийлүүлж буй эх үүсвэр илт багассан хэрнээ дотоодын хэрэглээ нь буураагүй. Оны төгсгөл рүү коксжих нүүрсний үнэ жилийн нийт дүнгээрээ өнгөрсөн жилийнхээс арван хувиар бага гарна гэсэн таамгууд явж байтал эсрэгээрээ үнэ арван хувиар өсчихсөн. Үнэ огцом өсөхөөс сэргийлж Хятадын үндэсний нүүрсний ассоциацийн зөвлөмжөөр “Шаньси коксжих нүүрсний корпораци” арванхоёрдугаар сарын дундуур үнээ тодорхой хэмжээнд бууруулсан мэдээ байна. Өөр хоёр ч том компани нийлж байгаад нийлүүлэлтийнхээ хэмжээг нэмэгдүүлсэн. Эндээс харахад эрэлт ихтэй, үнэ өндөр байх үед импортоо багасгаж дотоодын уурхайнуудаа дэмжиж байж бас болох юм. Эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт хангалтгүй болоод ирэхээр зарим томоохон газрууд цахилгааны хязгаарлалтууд хийсэн гэх мэдээлэл ч бий. Хойноосоо Шаньсигаас урагшаа явдаг төмөр замын нүүрсний тээвэр долоо, найман хувиар өссөн. Энэ сонирхолтой үзэгдэл л дээ. Нэг талаас эрэлт их үнэ нь өсөөд байдаг, гэсэн хэрнээ гадаадаас авдаг хэмжээгээ бууруулаад байдаг. Яагаад гэдэг асуулт гарч ирж байгаа.

-Эцсийн хариу нь тэгээд юу бол?

-Яг таг шалтгаан хэлж мэдэхгүй байна. Цар тахал, байгаль орчны хязгаарлалтаас гадна дотоодын уурхайнуудынхаа олборлолтыг нэмж дотоод зах зээлээ дэмжсэн бодлого байж магадгүй юм.

-Коксжих нүүрсний эрэлт энэ жил яахаар байна?

-Өнөө жилийн таамгийг янз бүрээр л хэлж байна. Ерөнхий хандлага дажгүй байгаа. Ковидын вакцин гарчихсан учраас урд хөршийн эдийн засаг сэргэх нь тодорхой, Нэг, хоёрдугаар улирлын алин болохыг мэдэхгүй. Товчхондоо коксжих нүүрсний зах зээл нэлээд өндөр эрэлттэй байх зураг харагдаж байна.

-Манайх багахан хэмжээний эрчим хүчний нүүрс урд хөрш рүү экспортолдог. Эрчим хүчний нүүрсний экспорт өнгөрсөн жил ямархуу байв?

-Хятадад эрчим хүчний нүүрсний эрэлт өссөн учраас манайхаас экспортолдог нүүрсний хэмжээ ч тодорхой хэмжээгээр өссөн. Замын-Үүдээс Эрээн рүү гардаг эрчим хүчний нүүрсний хэмжээ вагон байхгүй гэдэг шалтгаанаас болоод нэмэгдэж чаддаггүй зовлон бий. Тэгэхээр вагоныг нэмэгдүүлэх талд анхаармаар байгаа юм. Учир нь энэ бол Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэрэг төдийхөн биш. Монгол Улсын олох валютын асуудал учраас Засгийн газар онцгойлж анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, засаг бодлогоор вагоны тоог нэмэх шаардлагатай. Эрчим хүчний нүүрсний эрэлт урд хөршид өндөр байгаа ийм үед аль болох ахиу хэмжээгээр экспортлоход анхаарах учиртай.

-Коксжих нүүрсний эрэлт өндөрсөөд үнэ нэмэгдэх хэрээр бидний хүртэх үр ашиг нэмэгдэж чадаж байна уу?

-Чадахгүй байгаа. Хятадууд Австралиас коксжих нүүрс авахаа больчихоор Монголд яаж нөлөөлөх вэ гэж маш их асуудаг. Гэтэл бодит байдал дээр сүрхий нөлөө байдаггүй. Австралиас авахаа больчихсон юм чинь Монголоос авсан нь нэмэгдсэн байх гээд харахаар эсрэгээрээ багасчихсан байх жишээний. Гол шалтгаан нь тээврийн дэд бүтэц. Тодруулж хэлбэл, өнөө л төмөр зам. Таван толгойгоос урагшаа төмөр замын ажил эхэлсэн нь олзуурхууштай. Энэ жилдээ багтаагаад бариад дуусгачихвал тун сайн.

-Нүүрсний зах зээлийн тухайд урд хөрштэйгөө урт хугацаанд тогтвортой үнээр тогтмол нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийх хэрэгтэй гэсэн санааг салбарынхан хэлсээр ирсэн ч өнөөг хүртэл ажил шийдэл болоогүй яваа. Энэ тал дээр засгаас хэр анхаарч байгаа бол?

-Өнгөрсөн жил Хятадын Гадаад хэргийн сайдыг ирэхэд салбарын сайдын зүгээс аман хэлбэрээр яриа хүсэлт тавьсан юм билээ. Хоёр тал жил, улирлынхаа нүүрсний квотоо тохирчихъё гэсэн агуулгатай санал. Манай талаас тавьсан энэ саналыг тэр том гүрэн хурдан хугацаанд шийдчихгүй байх л даа. Хэрвээ энэ санал шийдлээ олбол маш сайн. Тэгвэл нүүрсэн дээр тодорхой, тогтвортой үнээр урт хугацааны гэрээ хийх боломж нээгдэнэ.

-Өнөө жил 42 сая тонн нүүрс экспортолно гээд төлөвлөчихсөн. Энэ хэмжээндээ хүрэх боломж бий юү?

-Эхлээд нэг зүйлийг онцолмоор байна. Гашуунсухайтын боомтоос гадна Нарийн сухайтаас Шивээхүрэнгээр гардаг нүүрсний ач холбогдол өнгөрсөн оны арваннэг, арванхоёрдугаар сард их тод харагдлаа. Гашуунсухайтын машины тоо 100 хүрчихээд байхад Шивээхүрэнгийн хувьд 400, 500 гарсан. Давхар гарах ямар чухал вэ гэдгийг харуулсан харьцуулалт л даа. 42 сая тонн гэдэг бол техникийн хувьд боломжтой тоо. Өнгөрсөн онд компаниудаас мэдээ аваад тооцож үзэхэд 50 сая тонн хүртэлх хэмжээний нүүрсийг дэд бүтэц сул ч гэлээ боомтуудаа ашиглаад гаргах боломжтой юм билээ. Гэхдээ тийм хэмжээний нүүрсийг тээвэрлэхэд шороо тоос, байгаль орчин гээд өчнөөн асуудал байгаа. Мэдээж цар тахал хамгийн том асуудал. Мөн хилээр нэвтрэх асуудал бий. Энэ жил яг хичнээн тонн нүүрс экспортлохыг урьдчилж хэлэх боломж өнөөхөндөө алга, Ямартаа ч энэ жилээс дээр байх нь тодорхой.

-Цар тахлын тархалт дэлхий даяар хэцүүхэн байгаа учраас коксжих нүүрс 40 сая бүү хэл, өнгөрсөн жилийнхээ хэмжээнд хүрвэл их юм гэсэн таамаглалыг зарим эдийн засагч хэлж байгаа…?

-Бас байх л санаа. 42 саяын тухайд техникийн хувьд боломжтой, гэхдээ өчнөөн асуудал бий тухай сая хоёулаа ярьсан.

-Австралид тавьсан хориг удаан хугацаанд үргэлжиллээ ч урд хөршид коксжих нүүрсний хомсдол үүсэн үнэ нь айхавтар хэмжээгээр өсөх шалтгаан байхгүй гэсэн тайлбар бас бий…?

-Хятадын тухайд дэлхийн тэрбум тонн нүүрсний хэрэглээний талыг нь ашиглаад, талыг нь олборлочихдог том гүрэн л дээ. Коксжих нүүрсний хомсдол үүснэ гэсэн ойлголт угаасаа байхгүй. Австралийн нүүрс далайгаар орж ирдэг. Тэр орон зайг нь ОХУ, Индонез нөхчихнө. Гэхдээ арван хувийн үнийн өсөлт гэдэг бол Монголын хувьд том нөлөө. Үнэ ингэж өссөн үед ахиу боломж хүртэхийн тулд бүх чадлаараа хөдлөх хэрэгтэй. Боломжийг ахиу ашиглахын тулд урд хөрштэйгөө илүү ойлголцох, хил боомтоо сайн ажиллуулах хэрэгтэй.

-Цар тахлын үед уул уурхайн төслийн талбай дээр ковидын халдвар илэрлээ гэхэд үйл ажиллагааг нь зогсоох эрсдэл бий. Эдийн засгийн голлох салбар гэдэг утгаар арай өөр арга шийдлээр хандах ёстой байх, тийм үү?

-Уул уурхайн компаниуд маш өндөр зохион байгуулалттай ажиллаж байгаа. Онолын хувьд цар тахлын тархалт үргэлжилбэл хэзээ нэгэн цагт төслийн талбайд илрэхийг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд зохион байгуулалт, тусгаарлалтаа сайтар хийгээд экспортын гол орлогыг олж ирж байгаа уул уурхайн салбарынхаа үйл ажиллагааг зогсоож болохгүй. Нэг хүнээс халдвар илэрлээ гээд зогсоочихвол улсаараа хэцүүднэ. Дотоодын үйлчилгээний салбар нь тэр чигтээ зогссон, дан ганц экспортын орлогоороо амьдарч байгаа улс уул уурхайн салбараа зогсоож огт болохгүй.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

1,657,359 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн808,610,503.04 төгрөгийн үнийн дүн бүхий 1,657,359 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол алт” ХК (ERS +14.95%) болон “Хай би ойл” ХК (HBO +9.05%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Глобал монголиа холдингс” ХК (HML -15.00%) болон “Шарын гол” ХК (SHG -15.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 15,963 ширхэг нэгж эрхийг нийт 1,718,713 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.2 хувиар өсөж, 19063.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,010,269,983,540.92 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм эдийн-засаг

80 сая төгрөгийн тэтгэлэгт төслүүд шалгарлаа

Ковид -19 цар тахал хүн төрөлхтний эрүүл мэнд, аж амьдралд сөргөөр нөлөөлж байгаагийн дотор охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд илүү эрсдэлд орж байна. Монгол Улсад хот хөдөөгийн эмэгтэйчүүдийн өрхийн болон бичил үйлдвэрлэл зогсож, ажлаа алдан орлого тасалдах, гэр орны хөлсгүй хөдөлмөр, асран хамгаалах ажлын ачаалал ихсэх байдал ажиглагдаж, охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна.

Тиймээс Жендэрийн Үндэсний Хороо, Азийн сангаас Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран ТББ-уудад зориулсан тэтгэлэгт төсөл улс даяар нээлттэй зарласан билээ. Энэхүү “Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг даван туулахад эмэгтэйчүүд, охидод туслах төрийн бус байгууллагуудын шинэ санаа, санаачлагыг дэмжих” тэтгэлэгт хамрагдахаар нийслэлийн 8 дүүргийн 56, 17 аймгийн 39, нийт 95 төрийн бус байгууллага төсөл ирүүллээ.

КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөнд өртөөд буй охид, эмэгтэйчүүдэд туслах хамгийн оновчтой арга хэмжээг санал болгон шалгарсан арван ТББ нийслэлд долоо, Баян-Өлгий, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудад тус бүр нэг төсөл хэрэгжүүлж эхэллээ. Тус бүр 8 сая төгрөгийн тэтгэлгээр 4 сарын хугацаанд хэрэгжих эдгээр төсөл нь сайн туршлага болж, цаашид Ковид-19 цар тахлын үед эмэгтэйчүүд, охидод тулгамдсан бэрхшээлийг шийдэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно

Categories
мэдээ эдийн-засаг

Нефтийн үнэ өсжээ

ОПЕК+” бүлэг хоёрдугаар сард олборлох нефтийн хэмжээгээ тодорхойлох гэж буйтай холбоотойгоор шинэ оны ажлын эхний өдөр нефтийн үнэ өслөө.

Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх хэлцлийн үнэ нэг торх нь 52.5 ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх өдрийн арилжаа хаагдах үеийн үнээс 0.7 ам.доллароор /1.35 хувь/ өссөн үзүүлэлт юм.

Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр (NYMEX) “WTI” маркийн нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь өмнөх арилжааны түвшнээс 0.63 ам.доллароор (1.3 хувь) өсөж, 49.15 ам.доллар болжээ.

2021 оны эхний хагаст зах зээлийн төлөв байдал тодорхойгүй хэвээр байна гэж Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо ням гарагт мэдэгджээ. Тэрбээр болзошгүй эрсдэлүүдийг анхааралдаа авах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.

“ОПЕК+” буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 орон олборлолтынхоо хэмжээг 2021 оны нэгдүгээр сараас хоногт 500 мянган торхоор нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн оны 12 дугаар сард уулзахдаа гаргасан билээ. Түүнчлэн дараагийн сарын олборлолтын хэмжээг тодорхойлох зорилгоор “ОПЕК+” бүлгийн уулзалтыг сар тутам зохион байгуулахаар тохиролцсон юм.

Хоёрдугаар сарын олборлолтын хэмжээтэй холбоотой шийдвэрийг “ОПЕК+” бүлэг өнөөдөр гаргана. Ням гарагт болсон урьдчилсан уулзалтын үеэр Саудын Араб зэрэг хэд хэдэн орны төлөөлөгчид хоёрдугаар сард олборлолтоо дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн гэж “Bloomberg” агентлаг уулзалтад оролцогчдын мэдээллээс иш татан уламжилжээ