Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Цар тахлын үед эдийн засгийг дэмжсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд санал нэгдлээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Чай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Чай Вэньруй хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, иж бүрэн стратегийн харилцааг гүнзгийрүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа баяжин хөгжиж байгааг Шадар сайд С.Амарсайхан тодотгон хэлэв.

Ковидын цар тахлын эрсдэлтэй цаг үед эдийн засгийг дэмжсэн бодлого баримталж, хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй 800 айлын орон сууц хөтөлбөр, Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоохгүй тал дээр онцгой анхаарч ажиллахаа тэрбээр онцлон тэмдэглэлээ.

Эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд уул уурхай, мах махан экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтоор дамжих тээвэрлэлтийн хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр хоёр улсын Засгийн газар ариутгал халдваргүйжүүлэлтийн горимд нийцүүлэн ажиллах нэгдмэл байр суурьтай байгаагаа талууд илэрхийлж байв.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Болор-Эрдэнэ: IT компаниуд төртэй хамтрахгүй гэж зугтаахаа болиод хамтарч ажиллая

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзлаа. Энэ үеэр IT компаниудын төлөөллүүд start-up компани бий болж хөгжин, гадаадын зах зээлд гарахад хамгийн их саад болж буй зүйл нь төр болон төртэй холбоотой тендерээр завшдаг компаниуд гэж саналаа хуваалцав.

Харин Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Хувийн байгууллагууд өөрсдөө төрийг гаднаас нь шүүмжилж, төртэй хамтрахгүй гэж зугтаахаа больё. Засгийн газар өнөөдрөөс эхлэн 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулна. Төрийн албан хаагчийн ажлыг 20-35 хувиар багасгана. Төрийн албан хаагч болон иргэдийг цахим системтэй харьцахад нь туслах E-Mongolia Academy-г байгуулна” хэмээв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Ганхуяг: Бидний мөнгийг банкинд байршуулж “ашиг хүртдэг” дарга нар тэтгэврийн шинэчлэл хийлгэх дургүй байна

Тэтгэврийн шинэчлэл тойрсон сэдвээр “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.


-Энэ оноос Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор шимтгэлийг нэмэхээр болсонд иргэд бухимдалтай байна.Өнөөгийн тэтгэврийн тогтолцоон дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Тэтгэврийн шинэчлэл хийх ёстой гээд би 2010 онд Сангийн дэд сайдаар очих үедээ өөрийн хүслээр энэ асуудлыг тохирч очсон шүү дээ.

Бид насан туршдаа ажиллаж, шимтгэл төлчихөөд тэтгэвэрт гарахад улс биднийг ангалаас түлхэн унагаж байна. Тэтгэвэрт гарахад цалингаасаа 3-5 дахин бага мөнгөөр амьдар гээд зөнд нь хаячихдаг. Үүнийг би Сангийн дэд сайд болсноос эхлээд 10 гаруй жил ярьж байна. Түүнээс өмнө 2007 онд “Монголын тэтгэврийн нэгдсэн сан” гээд Монголын анхны сайн дурын, иргэний хуулиар, гэрээний үндсэн дээр эвлэлдэн нэгдээд өөрсдөө хөрөнгө оруулалт хийх зорилгоор мөнгөө нийлүүлдэг зүйлийг “Хас” банкинд байхдаа хийсэн юм. Тэр нь одоо “Ард лайф” гээд явж байгаа.

Энэ жилээс эхлээд нийгмийн даатгалын шимтгэлийг гурван хувиар нэмэгдүүлж байгаа явдал чинь ОУВС-гийн нөхцөлөөр Б.Чойжилсүрэн сайд байхдаа хийсэн хууль юм.

Яг одоо бол Онцгой байдлын тухай хуулийн дагуу гурван хувиар нэмэгдээгүй. Ковидын нөхцөл байдалтай уялдсан алхам юм. Ерөнхийдөө би Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгчийн хувиар, “Ард санхүүгийн нэгдэл” гэж ажил олгогчийн хувиар үүн дээр ямар байр суурьтай байна гэвэл хууль нь буруу гэж үзэж байна.

Нөгөө талаас монгол эрэгтэй хүн дунджаар 67-68 насалдаг байхад тэтгэвэрт гарах насыг 65 гэж нэмэгдүүлэх нь буруу гэсэн байр суурьтай байгаа.

-Нэг сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд энэ дүнгээс шимтгэл тооцож 35-40 жил ажиллахад 144 сая төгрөг, банкны хадгаламжийн хүүгээр тооцвол бараг 500 сая төгрөг болж байна. Гэвч монгол хүний дундаж наслалтаар тооцвол тэтгэвэрт гараад энэ мөнгөнөөсөө ганц, хоёр жил авах, 65 хүрэлгүй нас барвал улсын орлого болж байна гэсэн энгийн тооцооллыг та гаргасан байсан. Харамсалтай дүр зураг юм?

-Энэ бол бодитой тоо. Бидний өмнө нь ярьж байсан тэтгэврийн шинэчлэл хэмээх хөдөлгөөнийг манай компани манлайлаад явж байна. Бодит байдал дээр бидний нийгмийн даатгалын шитмтгэлээр төлж байгаа мөнгийг өнөөдөр тэтгэвэрт байгаа хүмүүс хувааж өгөөд, нэмээд улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө гаргаж байна. Үүнд хүмүүс дургүйцээд байгааюм. Би өнөөдөр мөнгө төлж байгаа бол миний төлөө хадгалагдаад явах ёстой. Мэдээж одоо тэтгэвэр авч байгаа 300 гаруй мянган ахмад настан байна. Тэдний мөнгийг хаанаас олох вэ гэдэг асуудал үүсдэг. Иймээс урд хормойгоо хойд хормойгоороо нөхөөд яваад байдаг. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Надад төлөвлөгөө бий. Тооцооллыг нь гаргаад маш дээрээс танилцуулсан. Гэвч нөхөд маань тэрийг сонсохгүй, ойлгохгүй байгаа учир нийгэм бухимдаж эхэлж байна.

-Нийгмийн даатгалын сан жил бүр 500 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Үүнийг улсын төсвөөс нөхөж тавьдаг асуудал явсаар байна. Энэ сан өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал руу ороход юу нөлөөлсөн бэ?

-Нэг сая хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэдэг. Тэд 20 хувийг төллөө гэхэд хоёр их наяд төгрөг болж байна. Тэр мөнгө 300 гаруй мянган хүний тэтгэвэрт хуваарилагдаж байгаа юм. Гэхдээ ахмадууд дунджаар сарын 400 мянган төгрөг гар дээр авдаг гэвэл энэ мөнгө нь хүрдэггүй. Тиймээс татаасыг нь улсын төсвөөс өгдөг. Үүнийгээ яриад байгаа юм. Хоёрдугаарт, асуудал юу байна гэвэл бидний шимтгэлд төлж байгаа энэ мөнгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам нийлж байгаад банкуудад байршуулчихдаг. Банкууд мөнгийг нь өндөр хүүтэй авна гэж хэлээд дундуур нь дарга нарын “гарыг цайлгачихдаг”. Ингээд муу банкуудад аваачиж байршуулаад зарим нь дампуурчихаар цоорхойнууд үүсээд байдаг. Энэ мөнгийг байршуулж дундаас нь ашиг цохидог дарга нарын арми үүсчихсэн. Тэд тэтгэврийн шинэчлэл хийлгэх дургүй. Мөнгө, эрх мэдэл надад байх ёстой гэж үздэг. Тэрийг нь бид аваад хувийн тэтгэврийн санд хийчихвэл дарга нар баян амьдрах боломжгүй болчихно шүү дээ.Ийм л асуудал байгаа.

-Манайд хүн амын цонхны үе тохиож байгаа. Тиймээс ажиллах хүн олон, тэтгэврийн насныхан цөөн байна. Гэхдээ энэ харьцаа цаашид өөрчлөгдөнө. Үүнээс урьтаж тэтгэврийн шинэчлэлийг хийх ёстой байх?

-Одоо Японд тийм байна. Хөгшид нь өсөөд, төрөлт багасаад залуучууд нь цөөрөөд байдаг. Манай улсын хувьд нэг сая хүн ажиллаад ч 300 мянган хүний тэтгэврийг тавьж чадахгүй байна шүү дээ. Удахгүй 300 мянган хүн ажиллаад нэг сая хүн тэтгэвэрт гарах харьцаа руу явна. Тэгвэл бид сүйрнэ. Хүн ам маань хөгшрөөд, урт наслаад байгаа. Нөгөө талд төрөлт цөөрнө. Тэгэхээр 20-30 жилийн дараа ийм үзэгдэл бий болно. Тэгэхээр ирээдүйгээ одооноос хамгаалъя гэж уриалаад байна.

-Тэтгэврийн шинэчлэл хийх таны хувилбар юу вэ?

-Үүнийг хийхийн тулд бидэнд өгөх 15 их наяд төгрөгийн өр байгаа юм. Би 25-26 жил даатгал төлөөд ажиллачихлаа. Энэ мөнгө тэтгэвэр авч байгаа хүмүүст очоод надад юу үлдэхгүй байна. Тэгэхээр улс энэ өрөө төлчих хэрэгтэй. Тэрийг төлөх мөнгө байхгүй гэдэг. Тэгсэн атал нөгөө талд Баялгийн сан байгуулна гэж яриад байна. Тэгвэл Баялгийн сангаа Тэтгэврийн сан болгоод хувиргачих гэж байгаа юм. Төрд 100 гаруй компани байна шүү дээ. Энэ компаниудаа тэтгэврийн сан гээд нэрлэчих. Тэгээд өргүй болчихъё. Тэр компаниуд хувьцаагаа гаргана, ашиг нь хуримтлагдана. Тэтгэврийг эндээс тавьдаг болъё гэж байгаа юм. Энгийн л асуудал. Энэ бол миний Монгол Улсынхаа төлөө хийж байгаа хувь нэмэр. Надад Чингисийн одон авч өгвөл өгөөрэй. Нобелийн шагналд тодорхойлж ч болно. Яагаад гэвэл энэ шагналыг өгсөн ч надад багадна. Учир нь Оюу толгой, Таван толгой болон “Эрдэнэт” зэрэг улстай холбогдох бүх компани нь Баялгийн санд орчих учир бид хэрэлдэхээ болиод ирээдүй баталгаажина. Улс бидэнд өргүй болж төсвөөс татаас өгдөг бус харин ч улсын төсөв мөнгөтэй болно. Энэ компаниуд татвар сайн төлдөг болно. Дарга нар дээрээ улс төр хийж хэрэлдэхээ болиод,Тэтгэврийн сангийн захирал болохын төлөө өрсөлдөнө. Маш олон асуудлыг шийднэ.

Г.БАТ

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк нэгдүгээр сард 1.35 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2021 оны нэгдүгээр сард 1.35 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулбал 750 кг-аар өсч, 2020 оны мөн үетэй харьцуулвал 2.2 тн-р буурсан үзүүлэлт юм.

2021 оны 1 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2021 оны 1 дүгээр сард 170,985.19 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 1 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Эх сурвалж: Монголбанк

Categories
мэдээ эдийн-засаг

827,445 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 578,904,016.04 төгрөгийн үнийн дүн бүхий 827,445 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мик холдинг” ХК (MIK +5.99%) болон “Түмэн шувуут” ХК (TUM +5.78%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Э-Транс ложистикс” ХК (ETR -13.27%) болон “Дархан хөвөн” ХК (DAH -8.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 33,982 ширхэг нэгж эрхийг нийт 3,669,361 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2 ширхэг үнэт цаас 202,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.82 хувиар өсөж, 21721.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,047,376,061,051.58 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Categories
мэдээ эдийн-засаг

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Сангийн яамны хурлын танхимд боллоо.

Хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Д.Дуулал болон бусад албаныхан оролцлоо.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор тогтолцооны шинжтэй эрсдэлийг илрүүлэх, хянах, бууруулах талаар хэлэлцэж, гишүүдийн үйл ажиллагааг уялдуулах явдал юм.

Тогтвортой байдлын зөвлөлийн энэ удаагийн ээлжит бус хурлаар Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, Монгол Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Монгол Улсын төсвөөс Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр 2020 онд нийт 2.4 их наяд төгрөгийн арга хэмжээг хэрэгжүүлсэн бол 2021 онд энэ чиглэлээр төсвөөс 1.7 их наяд төгрөг зарцуулагдахаар байна.

Мөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгөний бодлогын зорилтод нийцүүлэн мөнгөний бодлогын хүү болон банкуудын заавал байлгах нөөцийн хувийг тус бүр 6% болгон бууруулж, иргэн, аж ахуйн нэгжийн авсан зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах, төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулах, жижиг, дунд үйлдвэрлэл, уул, уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр зээлийн эх үүсвэр олгох арга хэмжээг зохион байгуулж байгаагийн үр дүн, цаашид эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурлаар авч хэлэлцлээ.

Эх сурвалж: Монголбанк

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

2020 онд алтан эдлэлийн эрэлт 34 хувиар буурчээ

2020 онд алтан эдлэлийн эрэлт буурч, түүхэн доод түвшинд хүрсэн байна. Цар тахлын улмаас 2020 оны IV улиралд алтан эдлэлийн эрэлт өмнөх оны мөн үеэс 13 хувиар буурсан байгааг Дэлхийн Алтны зөвлөлийн сүүлд гаргасан тайлан харууллаа.

Харин жилийн дүнгээр эрэлт нь 34 хувиар буурч, 1995 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна. Алтны үнэ өсөж, алт худалдан авалтаар тэргүүлэгч БНХАУ, БНЭУ-д борлуулалт буурсан нь үүнд голлон нөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Bloomberg TV

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Алт, зэсийн ханш өсч, газрын тосны үнэ буурчээ

Монголбанкны статистик мэдээллээс харахад, 12 сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 452.9 сая ам.долларын ашигтай гарч, гадаад валютын албан нөөц (ГВАН) 4,348.6 саяд ам.долларт хүрчээ. Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 5.0%-иар өсч, 17.9 их наяд ам.долларт, М2 мөнгөний жилийн өсөлт 7.0%-д хүрч, 20.8 их наяд төгрөгт тус тус хүрсэн байна.

Нийт зээлийн 11.0%-ийг, иргэдийн зээлийн 1.2%-ийг, хувийн байгууллагын зээлийн 21.4%-ийг гадаад валютын зээл бүрдүүлж байгаа ажээ. Иргэдээс татсан төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү (ЖДХ) 11.3%, хувийн байгууллагаас татсан төгрөгийн хадгаламжийн ЖДХ 9.6%-тай байна. Банкууд 12 сард нийт 1365 зээлдэгчид 111.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 56.3% нь хөтөлбөрийн, 43.7% нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл ажээ. 2020 онд төлбөрийн тэнцэл 700 орчим сая ам.долларын ашигтай гарах хүлээлттэй байна. Үүнд гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн зэрэг үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Зэсийн үнэ 2021 он гарснаас хойш 7900-8000 орчимд тогтвортой байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Төмрийн хүдрийн үнэ 160 орчим доллар байгаа нь жилийн өмнөхтэй харьцуулахад 80 гаруй хувийн өсөлттэйг харуулав.

Алтны үнэ 1800-1850 орчимд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.6 хувийн өсөлттэй байна. Харин газрын тосны үнэ сэргэж, 55 орчим хувьтай байгаа нь өмнөх оноос 12-13 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Хэдийгээр нүүрсний үнэ буурах хандлагатай байгаа ч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сэргэж буй нь ган, төмөр, нүүрсний үнэд эерэг нөлөө үзүүлж байна. ОУВС, Дэлхийн банкны зүгээс 2021 оны сүүлийн хагаст дэлхийн эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 7.9 хувиар өснө гэж таамаглажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

“Рио тинто”-гийн Зэсийн группийн ерөнхий захирал Б.Болд: Засгийн газрын байр суурийг ойлгож хүлээж авч байна

“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм менежмэнтийн бүрэлдэхүүнээ өөрчилснөө зарлалаа. “Рио”-гийн шинэ удирдлага Зэсийн группийн ерөнхий захирлаар Б.Болдыг томилсон нь олны анхааралд байна. Якоб Стаусхолм “Би Рио Тинтог нутгийн ард иргэд, Засгийн газрууд болон бусад гол оролцогч талуудтай харилцан итгэлцсэн түншлэлийг бий болгосон компанийн хувиар дахин бүтээмээр байна” хэмээн онцолжээ. “Блүүмбэрг” түүний энэ мэдэгдлийг “Зөрчилдөөн, маргаан ихтэй байгаа төслүүддээ “Рио Тинто”-ийн нэр хүндийг сэргээхэд анхаарна гэсэн санаа харагдаж байна” гэж тайлбарлажээ. Зэсийн групп Хойд Америк, Өмнөд Америкийн улсууд, Австрали, Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэл явуулж, төслүүд хэрэгжүүлдэг юм.

Хүлээн авч буй шинэ албан үүргийнхээ тухайд Б.Болд “Рио Тинтогийн Зэсийн группийг удирдан ажиллахаар болж байгаадаа туйлын баяртай байна. Миний хувьд энэхүү ажил нь нэр төрийн хэрэг юм. Оюу толгойн хамт олон аюулгүй ажиллагаа, уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээр дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрсэнд монгол хүний хувьд их бахархдаг. Монгол Улсын иргэний хувьд Рио тинто болон Оюу толгой төслийн талаарх ойлголтыг монголчуудад тэр дундаа Засгийн газар, олон нийт, нутгийн иргэд, ханган нийлүүлэгчдэд сайжруулахад нэн тэргүүнд анхаарна. Цаашид бат бэх итгэлцэл дээр суурилсан тогтвортойхарилцаа, түншлэлийг бий болгохыг зорьж байна. Оюу толгой бол Рио Тинто болон Монголын ард түмний хувьд чухал төсөл. УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээрийг урагшлуулж, төслийн үр шимийг бүх талуудад нэмэгдүүлэх боломж бид бүхний өмнө байна” гэж хэллээ. Мөн тэрээр “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г засан сайжруулахыг хүсч буй Засгийн газрын байр суурийг ойлгож, хүлээн авч байна. Ингэхдээ Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгах байдлаар асуудалд хандаж, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн төлөө байна. Бид Монгол Улсын Засгийн газар болон Туркойз Хилл Ресурстай хамтран ажиллаж, Оюу толгойн дэлхийд өрсөлдөх гүнийуурхайн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бодит үнэ цэнийг бүрдүүлэхээр хичээн ажиллана. Шинээр бүрэлдэж буй Засгийн газрын гишүүдтэй ойрын хугацаанд уулзаж, итгэлцэлд суурилсан харилцаагаа бататгах хүсэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэв.

Б.Болдын тухайд одоогоос найман жилийн өмнө “Rио тинто”-ийн Зэсийн группийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр томилогдож байсан билээ. Харин 2015 оноос “Рио Тинто”-ийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг Төмрийн хүдрийн группийн далайн тээвэр, маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар томилогдсон юм. Үүнээс жилийн дараа түүнийг “Рио Тинто”-ийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар томилж байв. Тэрээр “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдийн тоонд багтаж байсан удаатай. Б.Болд “Рио”-д ажиллахынхаа өмнө 1999-2007 онд АНУ-ын хөрөнгө оруулалтын “JP Morgan Chase & Co” банкны Нью-Йорк болон Лондон дахь үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Дараа нь эх орондоо ирж 2009-2011 онд “New­Com” группийн гүйцэтгэх захирал, 2010-2012 оны хооронд Монголын хөрөнгийн биржийн захирал, 2012-2014 онд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүнээр ажиллаж байсан юм.

“Рио Тинто” Хөнгөн цагаан, Зэс, Төмрийн хүдэр болон Эрдсийн групп гэсэн бизнесийн бүтцээ хадгалахаар болжээ. Зэсийн группт харьяалагдаж байсан очир эрдэнийн бизнесийг Эрдсийн групптэй нэгтгэхээр болсноо зарлаад байна. Дашрамд онцлоход, өмнө нь Монголын Засгийн газартай хийх гол яриа хэлэлцээг ахалж явсан Арнауд Суарат “Рио Тинто”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал болжээ.

“Рио”-гийн зүгээс удирдлагын багаа шинэчилснээ “Компанийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, төсөл хөтөлбөрийг боловсруулж, компанийн байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ Австралид итгэх итгэлийг сэргээхэд илүү их анхаарал хандуулахыг зорьж байна” хэмээн тайлбарлажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Х.Батсуурь: У.Хүрэлсүхийн Засгийн газрын 20 шахам их наяд төгрөгийн зарцуулалтад аудит оруулах ёстой

Саяхан бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон Засгийн газар өнгөрсөн арав гаруй сарын хугацаанд ковидтой холбоотойгоор асар их хэмжээний мөнгө төсөвлөж, захиран зарцуулж ирсэн билээ. Тэгвэл уг зарлагын өгөөжийн талаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Өнгөрсөн оны тухайд цар тахлаас сэргийлэх, тэмцэх, хүмүүсийн орлогыг хамгаалах, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд асар их хэмжээний мөнгө зарцуулах эрхийг уг Засгийн газар эдэлсэн. Мөнгөн дүнгийн тухай тодруулахгүй юу?

-Ер нь ковид 1870 оноос хойш байгаагүй тийм хэмжээний нийгэм, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг Монгол төдийгүй олон улсад авчирч байна. Ковид монгол хүний эрүүл мэнд гэхээс илүү эдийн засагт ноцтой хохирол учруулж ирлээ. Эдийн засаг үлэмж хэмжээгээр хүндрэх нь тодорхой байж, шаардлагатай арга хэмжээ авахыг сануулсан боловч хэрэгжүүлээгүй. Энэ нь санаатай байв уу, үгүй юү гэдгийг асуух хэмжээнд хүрч байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас ковидтой холбоотойгоор арга хэмжээ авахгүй явсаар байгаад гуравдугаар сараас анхаарч эхэлсэн. Төсөв батлагдчихсан байсан үе. Ингээд төсвөөс гадуур мөнгө зарцуулах ёстой гэсэн зөвлөмжийг ОУВС, Дэлхийн банкнаас хөгжиж байгаа орнуудад өгсөн. Манайх эндээс гажаагүй. Үүнд хангалттай хөрөнгө төлөвлөсөн. Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх төсвөөр гадуур 5.2-5.5 их наяд төгрөг зарцуулах эх үүсвэр бэлэн боллоо гэсэн. Үүн дээр төсвийн 13 их наяд төгрөгийг нэмэхээр 19 их наяд шахам төгрөг зарцуулагдахаар болсон байсан. Нэмээд олон улсын санхүүгийн байгууллагуудаас янз бүрийн зээл тусламжууд орж ирсэн. Энэ нь хамгийн багадаа 650 сая ам.доллар байгаа. Ингээд үндсэндээ 20 орчим их наяд төгрөг зарцуулагдахаар бэлэн болсон. Бараг хоёр жилийн төсөв болж байгаа юм. Гэтэл энэ их мөнгө хаачсан, юунд орсон нь мэдэгдэхгүй. Дорвитой арга хэмжээ авсан уу гэхээр тэгж харагдахгүй байна. Эдийн засаг сайнгүй байна. Нөгөөтэйгүүр, хил байнга хаагдаагүй. Экспортын орлого давгүй байсан. Ингэж явсны үр дүнд төсвийн орлого анх төлөвлөж байснаас 2.5 их наяд төгрөгөөр л дутсан. Төсвийн тодотголоор 9.7 их наяд төгрөгийн орлоготой байна гэж үзэж байсан. Оны эцсээр 10 орчим их наяд болсон. Тэгэхээр хангалттай хэмжээний мөнгө байсан, түүнийг зарцуулсан болж таарч байгаа юм. Гэсэн өгөөж хөрсөн дээр ямар байдлаар буусан бэ гэдэг ойлгомжгүй. Эдийн засаг хүнд байна.

-Эдийн засгийн хүндрэл ямар салбарт түлхүү байна вэ?

-Ковидын нөлөө хамгийн хүнд туссан хоёр хэсэг байна. Бизнесийн салбар, нөгөө талд хүн ам юм. Бага, дунд орлоготой иргэд ковидын нөлөөнд хамгийн их өртсөн. Нөгөө талаар, жижиг дунд үйлдвэрлэл тэр чигтээ нуран унасан. Манайд жижиг дунд, үйлдвэрлэлийн амиа тээгээд явах нөөц хоёр сар байдаг. Гэтэл олон сараар хориг тавигдсаны улмаас эдгээр бизнесийн 60 орчим хувь нь дампуураад байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эдийн засагт бага хувь эзэлдэг. Гэхдээ хүн амын амьжиргаанд хамгийн их хамааралтай салбар бол жижиг, дунд үйлдвэр. Энэ агуулгаар тооцвол жижиг, дунд үйлдвэрлэл 80 хувь, том бизнесүүд 20 хувийг л эзэлнэ. Олон хүнд үйлчилдэг, олон хүнийг авч явдаг жижиг, дунд бизнесийн салбарыг унаг гэж орхиод хаясан. Үндсэндээ дампуурсан. Үйлдвэрлэл, үйлчилгээ босч ирэхээргүй хэмжээнд хүрчихээд байна. Зориудаар ингэж унагасан юм уу гэмээр. Одоо энэ хүмүүс хүүхдийн мөнгөөр л амьдарч байна. Хүн ам, жижиг, дунд үйлдвэрлэл рүүгээ чиглэсэн бодит үр дүн өгөх арга хэмжээг Засгийн газар авч чадсангүй. Өнгөцхөн, нүд хуурах төдий арга хэмжээ авсан. Компанийн орлогын албан татварыг чөлөөлнө, нийгмийн даатгалыг хөнгөлнө гэх шиг. Тэртэй тэргүй үйл ажиллагаа нь зогссон компаниуд ямар орлогоос татвар төлөх юм.

Би тавдугаар сард хэсэг судлаачийн санал боловсруулаад Засгийн газарт оруулж байсан. Яг бодит үр дүн өгөх арга хэмжээ авъя. Хамгийн их хохирч байгаа салбар руу бодлогоо чиглүүлье гэсэн. 0-1 хувьтай зээл хангалттай хэмжээгээр олгох, зээлийн хүүг бууруулах, онцгой нөхцөлийн зээлийг энэ салбар руу оруулъя гэх зэргээр санал оруулсан. Энэ хамгийн бодит үр дүн өгөх арга байсан. Гэтэл хаанаас эх үүсвэр олох юм гэсэн. Тэгвэл эх үүсвэр нь хангалттай байсан. Төсвөөс гадуур зарцуулагдаж байгаа сангуудын мөнгө байна. Зарим том бүтээн байгуулалт зогслоо. Үүнээс хэмнэгдсэн мөнгийг жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ рүү оруулаагүй. Нийт тооцож үзэхэд 19-20 их наяд төгрөг зарцуулах мөнгө эх үүсвэртэйгээ байсан шүү дээ. Гэтэл энэ их мөнгийг хаашаа оруулсан нь мэдэгдэхгүй алга болсон. Ямар ч тайлбар хийдэггүй.

-Тэгэхээр төсөв болон төсвөөс гадуур зарцуулсан асар их хэмжээний мөнгийг шинэ Засгийн газар шалгаж, тайлагнах шаардлагатай гэсэн үг үү?

-Үүнд дээр бие даасан хяналтын хороо байгуулаад аудитаар оруулах ёстой. Энэ аудит нь хөндлөнгийн шинжээчдийг оролцуулах учиртай. Ингээд ковидтой холбоотой орж ирсэн мөнгө, төсвийн зарцуулалттай холбоотой асуудлыг шалгах ёстой. Урьд хожид байгаагүй асар их хэмжээний мөнгө орж ирсэн. Гадаадын зээл тусламжаар хамгийн багадаа 650 сая ам.доллар орж ирсэн. Үүнээс ч илүү их байх өндөр магадлалтай. Яагаад гэвэл энэ зээл тусламжуудыг мэдээлэхгүй байна шүү дээ. Мөн илүү хөнгөлөлттэй зээл авъя гэвэл боломж нь байсан. Яагаад гэвэл онцгой нөхцөлийн зээлүүдийг дэлхийн санхүүгийн байгууллагууд олгож эхэлсэн. Иймд бие даасан шинжээчдийг оруулж нарийвчлан тогтоох шаардлага байна. Мэдээж үр өгөөжтэй зарцуулсан байж болно. Гэхдээ бид үүнд итгэлтэй баймаар байна.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт бодитой дэмжлэг үзүүлээгүй гэлээ. Тэгэхээр томоохон салбар, компаниуддаа анхаарсан гэсэн үг үү?

-Хөрөнгийн хуваарилалтад асар их ялгаа бий болж байна. Яагаад гэвэл манайд баян, хоосны ялгаа их байсан. Сая ковидын нөлөө энэ ялгааг улам бүр нэмэгдүүлчихлээ. Жижиг, дунд бизнесүүд дампуураад гарахаар том корпорациуд зах зээлийг нь бүр залгиад эзэлчихэж байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрлэлээс 800 гаруй мянган хүн хоолоо олж иддэг. Гэтэл энэ салбарын 60 хувь нь дампуурчихаар энэ хувиар ажилгүйдэл бий болчихож байгаа юм. Нөгөө талаар том компаниудад зах зээлийн сул орон зай үүсч байна. Тэгэхээр бага, дунд орлоготой иргэд асар их нэрвэгдээд нийт хүн амын 80 хувь нь улам хүнд байдалд орж, 20 хувь нь улам баяжсан ийм л үйл явц болсон. Тэгэхээр нэгдүгээрт орлого, хоёрдугаарт бизнесийн боломжийг хуваарилалтыг татвар, төрийн бодлогоор тэгшитгэж өгөх, зохицуулах шаардлага үүсч байна. Энэ нь яван явсаар улс төрийн хувьд тогтворгүй байдал үүсгэж, тусгаар тогтнолд ч эрсдэл дагуулах үр дагавартай байж мэднэ. Хөрөнгийн хуваарилалт, бизнесийн боломжийн хуваарилалтыг зөв шударга болгож, тэгшитгэж өгөх хэрэгтэй. Төрийн бодлого том корпорациудыг дэмжлээ.

-Лобби үйлчилсэн байх магадлалтай юу?

-Тэгж хардаж болно. Хоёрдугаарт, жижиг, дунд бизнес рүү чиглэсэн бодит бодлого явуулахгүй байна гэдэг нь энэ салбарыг үхэл рүү түлхээд том корпорациуд орон зайг нь эзэл гэсэн утгатай бодлого болчихож байгаа юм. Гэтэл үүний эсрэг байж Солонгос, Япон, Хятад жижиг, дунд бизнесээ дэмжсэн. Яагаад гэвэл энэ салбарт хүн амын ихэнх хувь нь ажиллаж байдаг. Тухайлбал, Япон 0-1 хувийн хүүтэй зээл олгож, 50-иас доош ажилтантай байгууллагуудын цалингийн зардалд дэмжлэг үзүүлэх зэргээр явсан. Маш тодорхой бодлого хэрэгжүүлсэн. Монголд тэгээгүй. Шууд дампуур гэж хаясан. Энэ бүхний ард Засгийн газар, сайд нар байгаа. Тэр дундаа энэ бүх будилаан хямралын цаана байгаа гол эзэн нь өмнөх Сангийн сайд, Монголбанк юм. Улс төрийн нөлөөнд хэт автаж эдийн засагт сөрөг бодлого явуулсан.

-Засгийн газар огцорсон шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Эдийн засаг гэхээс илүү улс төрийн шалтаг байна. Ямар ч байсан шинэ Засгийн газар гарч ирээд ямар эх үүсвэрийн мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан гэдгийг тодотгох ёстой.

Г.БАТ