Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​Монголбанк: Зээлийн хүү буурах хандлага үргэлжилж, 2.1 нэгж хувиар буурлаа


“Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг 2020 оны 8 дугаар сард Улсын Их Хурал (УИХ)-аар хэлэлцүүлэн батлууллаа.
Энэхүү стратегийг нэгдүгээрт зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро тогтвортой орчныг бүрдүүлэх, хоёрдугаарт зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах, гуравдугаарт банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, дөрөвдүгээрт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлээр боловсруулав. Энэ хүрээнд Монголбанк, Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтуудыг тодорхой тусгав.

Энэхүү зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны эцэст сарын 1 хувьд хүргэхээр зорилт тавьсан.

2020 онд зээлийн дундаж хүү 2.1 нэгж хувиар буурсан нь дунд хугацааны зорилттой нийцтэй байна. Банкуудын шинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 2020 оны 11-р сард 15.8%-д хүрсэн нь сүүлийн 9 жилийн хамгийн бага үзүүлэлт юм.

Эх сурвалж: Монголбанк

Categories
мэдээ эдийн-засаг

Арилжаа эрхлэгчид 451.2 тэрбум төгрөгийн үнэт металл худалдав

Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр 2020 онд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 429 хувь хүн, хуулийн этгээд нийт 451.2 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдаж, 16.9 их наяд төгрөгийн үнэт металл худалдан авчээ.

Түүнчлэн, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын 167 байгууллага өнгөрсөн онд нийт 313.7 мянган м.кв талбай, 232.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлуулан худалдан, худалдан авч, шилжүүлэв.

Нийт 72.5 мянган м.кв талбай, 7.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр эдийн-засаг

Хаврын улс төр, хаврын эдийн засагт бэлэн үү?

Энэ хаврын улс төр нэлээн нүргээнтэй, дуулиан шуугиантай болно. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуультай, тиймээс хүссэн хүсээгүй улс төр пижигнэж эхэлнэ. Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох ээлжит сонгууль цар тахлын шуурган дундуур, өвчин зовлон үхэл хагацал нүүрлэсэн хүнд хэцүү, маш эгзэгтэй амаргүй цаг үед болох нь ойлгомжтой. Өвчин тахал, улс төр, эдийн засаг хосолсон ёстой л нөгөө “хаврын синдром” гэж хэлэхүйц байдлаар улс төр өрнөх байлгүй.

Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд хуулийн дагуу нэр дэвшүүлэн өрсөлдөнө. Одооны УИХ-д дөрвөн улс төрийн нам сонгогдсон. Тэгэхлээр ямар ч байсан дөрвөн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Улс төрийн хоёр гол хүчин болох Ардчилсан нам, Ардын намын хооронд тулаан болдгоороо болох байх. Тэгэхээр ийм эгзэгтэй цаг үед хамгийн түрүүнд ард түмнээ бодож өрсөлдөгч намуудын аль аль нь бодолтойхон шиг улс төрөө хийх хэрэгтэй. Дөрвөн жилийн өмнөх сонгуулийн дүр зургийг эргэн харахад хар пиар гэгч нь хэрээс хэтэрч ёстой дайн дажин шиг юм болж байсан.

Цар тахлын үеийн сонгуульд ард түмнээ эхлээд бодоорой гэдэг нь сонгуулиас өмнө айл өрх бүрийг, хүн бүрийг вакцинд хамруулаарай гэсэн үг юм. Үндсэндээ эрх баригчид, улс төрийн хүчнүүд ард түмэн, сонгогч олноо вакцинжуулж, эрүүл мэнд амь насыг нь хамгаалж аваад дараа нь өөрсдийгөө бодох нь хамгийн зөв. Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан оны эхнээс л дуулдаж эхэлсэн. Одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхтэй, эрхгүй тухай хуульчид болоод улстөрчид өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Их хурлын дарга байсан Р.Гончигдорж шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгууль 2023 онд болох ёстой гэж хүртэл үзэж байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Фронтоо хаяад зугтсан хурандаа маань одоо төрийн тэргүүний сэнтийг сэрүүн зүүдэлж яваа. Хэн нь ч дэвшсэн хамаагүй. Вакцинд хамрагдаж амь нас нь баталгаатай болсон ард түмэн аль нэгийг нь сонгоод л өгнө. Хамгийн гол нь улстөрчид минь сонгуулиас өмнө ард түмнээ вакцинд хамруулж Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал гэдгийг дахин сануулъя. Тэгэхгүй саяны жагсаал цуглаан шиг юмыг зохион байгуулж ард түмнээ нүцгэн гараар нь халуун чулуу атгуулах гэсний хэрэггүй шүү. Сүүлд дуулж байхад том улстөрчид энэ жагсаалыг зориудаар ард түмнээ турхиран гаргаж ирсэн гэлцэх боллоо. Одоо үүний үр дүнг нь бид бүгдээрээ өглөө бүр 11 цагаас сонсож сууна. Жар далаараа л тахалтай хүн илэрч тахлаар нас барсан хүн дөрөв болсон. Цаашид хэд болохыг хэн мэдлээ.

Гуравхан хоногийн дараа хаврын тэргүүн сар гарах нь ээ. Монгол Улсын хувьд хавар ирнэ гэдэг нь эдийн засаг ирлээ гэсэн үг. Яагаад гэвэл Монголын хахир хүйтэн өвлөөр эдийн засаг явах байтугай амьдрал тэр чигтээ зогсдог гэхэд хилсдэхгүй. Энэ удаад цар тахлын нөхцөл байдлын улмаас эдийн засагт маш хүнд хаврын улирал эхэлж байна. Азийн хөгжлийн банкнаас Монголын эдийн засаг 2020 онд 2.6 хувиар буурсныг хэлсэн. Өнгөрөгч оны эхний хагаст эдийн засаг -9.7 хувь болтлоо буурсан. Төсвийн алдагдал ДНБ-ий -11.5 хувь болсон. Банкны салбарын актив зургаан сарын дотор гэхэд -4.2 хувиар агшсан. Энэ бол өнгөрсөн жил Засгийн газрыг тэргүүлж, төр засгийг удирдаж байсан нөхдийн улс орноо сүйрүүлсний бодит үр дүн юм.

Коронавирусийн халдвар дотооддоо гараагүй байхад Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ямар ч тооцоо судалгаагүй, шинжлэх ухаанч бусаар хий хоосон сүржин мэдэгдлүүд хийж бүх аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон. Ёстой нөгөө сохор нохой дүйвээнээр гэгчээр юм болсон.

Аж ахуйн нэгж, албан газрууд бүтэн арван сар шахам түгжээтэй байсны гороор Монголын эдийн засаг туйлдаа хүрч, тамир тэнхээгээ барж, арайтай л өлбөрчилгүй ард түмэн нөөцөө шавхсаар 10 сартай золгосон. Гэтэл тэгэхээс тэгэх гэсэн юм шиг өнгөрөгч оны 11 дүгээр сарын эхээр коронавирусийн халдварыг дотооддоо алдаж, жинхэнэ ёсоор цар тахалтай нүүр тулж хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Ингэж улс орны эдийн засаг элгээрээ харуулдсан. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн холбоо, хувиараа аж ахуй эрхлэгчдийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо мөн эдийн засагчид Хүрэлсүхийн Засгийн газарт ээлж дараалан шаардлага хүргүүлж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барин дампуурахад хүрлээ гэдгийг өдөр бүр сануулж, жагсаал цуглаан хийж, сүүлдээ тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлж байсан ч хүний урманд тоогоогүй. Бүхнийг хорьсон, хаалга үүдийг нь түгжсэн хэвээр байсан. Харин энэ хугацаанд УИХ-ын ээлжит сонгууль болж эрх баригч Ардын нам дахин ялалт байгуулж, үнэмлэхүй олон суудал авав. Эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн хүмүүсээ бид Засгын газарт эргүүлэн сонгосон. Ганц гялтайх юм нь өвчин алдаагүй юм даа гэж ирээд л ийм сонголт хийчих шиг болсон. Тэгээд одоо хар даа, тахал дунд яаж амьдарч байгаагаа. Олон хүн яах гэж энэ намыг дахин сонгов доо гэж амаа барьж байна.

Л.Оюун-Эрдэнэ хатуухан сорилтой нүүр тулж таарна. Шинэ залуу Ерөнхий сайд хүүхэд шиг хөөрхөн хөөрхөн юм яриад яваа. Гааль, шүүх, татвар, газрын харилцаа гээд бүх зүйл цахимд шилжинэ, эмнэлэгт хэвтэх, эсвэл ажил бүтээхийн тулд албан тушаалтантай уулзах хэрэггүй, хэн нэгэн даргын нөлөөгүйгээр тендерт цахимаар оролцдог болно, орой эрт унтаж өглөө эрт босно, өглөө нийтээрээ гүйдэг болно гээд ярьж байна. Ойрын үед дарга нараас ингэж ярьсан хүн ховор учир сонин содон сонстож байгаа ч ачир дээрээ амьдралаас жаахан тасархай л санагдаад байгаа.

Мөн Ерөнхий сайд юм л болбол “Миний амнаас сайн сайхан үг сонсохгүй шүү” гэж дахин дахин хэлээд байгаа. Цаад санаа нь гашуун ч гэсэн үнэн үгийг хэлнэ гээд байгаа юм уу даа. Гэхдээ засгийг удирдаж байгаа хүн “Надаас та нар сайн үг сонсохгүй” гэж хөмхийгөө зууж байгаа юм шиг хэлэх нь ёр билгээ бодсон ч эвгүй юм. Дээрээс нь бас жадныхаа үзүүрийг айхавтар гүн суулгана гэж айлгаад байгаа. Улс орноо жадлах гээд байгаа юм уу, улс төр, эдийн засаг, ард түмнээ жадлах гээд байгаа юм уу. Энэ нэг жад сэлэм гэх зэрэг дэмий зүйрлэл хэлдгээ төр засгийн удирдлага одоо болих хэрэгтэй. Ер нь удирдагч хүн хувийн ааш авираа олон түмэнд гаргах шиг бүдүүлэг юм байдаггүй.

Ер нь түүнийг өглөө эрт босч, цахим үндэстэн боллоо хэмээн гар утсаа барьж гүйхээс өөр шидгүй хүн болчих вий гэж зовниж байна. Одоо нэн түрүүнд тендерээ хурдан зарлаж уул уурхай, барилга байгууламж, зам харилцаа, газар тариалан, мал аж ахуй гээд бүхий л салбар бүрт царцсан эдийн засгийг яаралтай хөдөлгөх хэрэгтэй. Уул уурхайд гэхэд “Өнөө цаг үед эдийн засгийг авч гарах том боломж” гэж Ерөнхийлөгчийн хэлээд байгаа 100-гаас дээш тонн алтны нөөцтэй “Хармагтай” ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, за тэгээд Оюу толгой, Таван толгой болоод өнөө олон цахилгаан станцууд, нефьтийн үйлдвэр байна. “Оюу толгой” төслийг үргэлжлүүлнэ, У.Хүрэлсүхийн Засгийн газрын гаргасан шийдвэрийг дагана, Ч.Сайханбилэгийн “Дубайн гэрээ”-г цуцална гэдгийг Л.Оюун-Эрдэнэ ам ангайх бүртээ хэлж байгаа.

Зэсийн үнэ оны эхээр 8000 ам.доллараас дээш гарсан, ирэх 3-5 жилд энэ байдлаар байх боломжтойг олон улсын зах зээлийн шинжээчид дүгнэж байгаа. Уг зурвас үеийг Монголын Засгийн газар ашиглаж асуудалд улстөржилгүйгээр, манай танай гэлгүйгээр хандаж эдийн засгаа тэлэх нь чухал.

Дарханы зам гэж үхлийн тамыг хүн бүр мэдэж байгаа. 6.5 тэрбумаар түр зам барина гэцгээж ард түмнээ хуураад, засварын ажил явах үед нь хичнээн хүн амиа алдав. Энэ бүхнийг цэгцлэх цаг нь болсон. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 240 километр төмөр замын ажилд Ерөнхий сайд бүх анхаарлаа хандуулж, энэ том бүтээн байгуулалтын ард гарах хэрэгтэй. Уг төмөр замын ажилтай Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа очиж танилцаж байсан. Зүүнбаянгийн төмөр зам тавигдвал “Манлай”, “Хараат уул”, “Дулаан уул” зэрэг ашигт малтмалын олон орд газар эдийн засгийн эргэлтэд орно гэдгийг эрдэмтэд тооцож гаргасан.

Уул уурхай, төмөр зам, барилга байгууламжаас гадна газар тариалан мал аж ахуйгаа анхаарах нь зүйн хэрэг. Сүүлийн үед газар тариалан, хөдөө аж ахуй хамгийн дампуу салбар болсон. Тариалан эрхлэгчдийг дэмжих сан гэдэг нь тариаланчдаа дэмжиж биш, дээрэмдэн мөлждөг сан болсон, мөн тариаланчид нь тариагаа газарт бус цаасан дээр тарьдаг болсон. Хаврын хаварт улаанбуудай, үр тарианы хэрүүл зарга гардаг ийм л ажил нь явдаггүй алхайсан хэрүүлийн талбар болсон. Тэгэхээр энэ бүгдийг Ерөнхий сайд, Засгийн газар анхаарч, хаврын улс төр, хаврын эдийн засагт бэлэн байгаа юу.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Жавхлан: 1.9 сая иргэнээ вакцинд хамруулах санхүүгийн эх үүсвэр бүрэн шийдэгдсэн

Сангийн сайд Б.Жавхлан коронавирусийн эсрэг вакцины санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дэлхийн банкны Ковакс хөтөлбөрт хамрагдсанаар санхүүжилтүүд дээр хөнгөлттэй хэлбэрийн боломжууд нээгдэж байгаа. Үүний нэг нь 50.7 сая долларын хөнгөлттэй зээл юм. Үүнийг намрын чуулганы сүүлийн өдрүүдэд УИХ соёрхон баталсан. Яг өнөөдөр Дэлхийн банкнаас уг зээлийг олгох шийдвэр гарч байгаа. Монголын цагаар өнөө шөнө бид хариугаа авна.

Шийдвэр нааштай гарах болов уу гэж бодож байна. Уг 50.7 сая доллар нь Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин худалдаж авах тээвэрлэх дотооддоо вакцинаа эцсийн хэрэглэгчдэд хүргэх замыг санхүүжүүлнэ.

1,981,000 иргэнээ вакцинд хамруулах төлөвлөгөө гарсан. Үүнийг санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр бүрэн шийдэгдсэн. 226 тэрбум дээр бусад эх үүсвэр нэмэгдэж байгаа. Сангийн яам мөнгөө бэлэн болгосон” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Л.Наранбаатар: Төмөр замаа тавьсан бол өрх бүрт 32 сая төгрөг өгөх боломж бүрдэх байсан

Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр/2021.02.10/ хамгийн олон хохирогчтой залилангийн гэх хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Эдийн засагч Л.Наранбаатар “3.3 сая хохирогчтой залилангийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгье. Зөвхөн баримт судалгаа, факт яригдана. Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 270 км төмөр замыг 2010 онд “Энержи ресурс” барих гэж байхад тухайн үеийн Барилга, зам тээврийн сайд Х.Баттулга гацаасан. Үүний улмаас 10 тэрбум ам.долларын хохирол учирсан. 698.8 сая ам.доллараар барих гэж байсан төмөр замын өртөг одоо нэг тэрбум 281 сая ам.доллар болчихсон. Нэг сая тонн нүүрс гаргах гэж 1-2 хүний амь насыг золиосолж байна. Жолоочид өвөл машиндаа халаагч тавьж шатаж үхэж байна. 2013 онд төмөр зам ашиглалтанд орох байсан. 17 тэрбум 442 сая ам.долларын борлуулалтын ашиг олох боломжтой байлаа. Ам.долларын ханшийг өнөөдөр 1500 төгрөгь байлгах боломж байлаа. Цэвэр ашиг 7 тэрбум 402 сая ам.доллар олох байсан. Засгийн газар үүнийхээ 85 хувийг буюу 6 тэрбум 306 сая ам.долларыг хүртэх байлаа. Үүн дээр “Эрдэнэс Тавантолгой”-гоос улсад төлөх татвар 3 тэрбум 715 сая ам.доллар байсан. Ингээд нийтдээ 10 тэрбум ам.долларын цэвэр ашгийг бид алдсан. Энэ мөнгийг нэг өрхөд хуваавал 11,130 ам.доллар буюу 32 сая төгрөгийг төр нэг өрхөд өгөх байжээ. Хэрэв Ерөнхийлөгч төмөр замыг гацаагаагүй байсан бол бид нэг сая төгрөг биш энэ их мөнгийг иргэддээ өгөх байв. Мөн энэ мөнгөөр гэр хорооллын 250 мянган өрхийг 70 мкв бүхийн орон сууцанд үнэгүй оруулах боломж байлаа. Ингээд бид утаа, хөрсний бохирдлын асуудлаас салах байсан юм. Эсвэл 10 тэрбум ам.доллараар эсвэл 14 мянган цэцэрлэг барих байлаа. Төмөр замаа ашиглалтад оруулсан бол монголчууд 100 хувь Оюутолгойгоо ажиллуулах байв. 60-70 сая тонн зарсаны эцэст арай хийж 1072 ширхэг хувьцааны 96,480 төгрөгний ногдол ашиг хүртлээ. Үнэн хэрэгтээ 1,884,503 төгрөгийн ногдол ашиг авах боломжийг бид алдсан. Төмөр замыг гацаасан нь хамгийн том хэрэг. Үүний хамгийн том хохирогч нь Монголын ард түмэн. Төмөр зам баривал танк орж ирж, монголчууд эзлэгдэнэ гэж Ерөнхийлөгч хэлж байлаа. Майдар хот, Аж үйлдвэрийн парк гээд баахан макет хийгээд бурхан болчихсон. Гэвч биднээс 10 тэрбум ам.долларын боломжийг хулгайлчихаад байна. Үүнээс хэн хожсон бэ гэвэл хоёр хөрш Хятад болон ОХУ, “Голомт”-ын Д.Баясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга.

Энэ хугацаанд ОХУ 32 сая тонн коксжих нүүрсийг Хятадад зарсан. Якутад нэг тэрбум тонн нүүрсний нөөц байна. Энэ нүүрсийг Владивостокоор Хятадад зарж байна. Элегест хэмээх хоёр тэрбум тонн нөөцтэй нүүрсний уурхай бий. ОХУ-ын зэс, нүүрс Монголын төмөр замаар дамжиж Хятад руу зөөвөрлөгдөнө. ОХУ-ын төслүүдийг явуулахын тулд Монголд төмөр зам бариагүй. ОХУ ингэж хожсон. ОХУ-ын Хятадын нүүрсний зах зээлийг эзлэх хэмжээ жил бүр өснө. Харин Монголын зах зээл шахагдана. Удахгүй Австрали мөн эргэн орж ирнэ. Төмөр замаа бариад ч хэрэггүй болно. Харин Хятад Монголоос хямд нүүрс авч хожсон. Гурав дахин бага үнээр бид Хятадад нүүрсээ зарсан. “Голомт”-ын Д.Баясгалан болон “Бодь” групп долоон ам.доллараар буюу бага өртгөөр нүүрс авч байна. “Бодь” групп 2.770 сая тонн нүүрсийг зарсан. Энэ хүн 1 тэрбум ам.долларыг ашгийг ганцаараа хүртсэн. Монголоос долларын тэрбумтан төрж байна. Х.Баттулга Оросын даалгаврыг амжилттай биелүүлсэн. Д.Баясгалан найздаа төмөр зам авч өгсөн. Магадгүй би энэ бүхнийг мэдээлснийхээ төлөө шоронд орж магадгүй. Төмөр замын тендерийн талаарх мэдээллийг улсын нууцад хамааруулсан. Хэрэв энэ хэргийг сөхвөл эрүүгийн гэмт хэрэгтэн болно. Ийнхүү 3.3 сая хохирогчтой хэргийн ялагч нар нь эдгээр хүмүүс. Монгол ялагдчихсан. Монголд баяжуулах үйлдвэр байхгүй Хятад ялсан байна. Оросууд баяжуулах үйлдвэрээ барьж байна. “Голомт”-ын Д.Баясгалан тендергүйгээр төмөр зам барих эрхийг авсан. Найздаа Гавьяат эдийн засагч цол өгчихсөн учир би энэ хоёрыг найзууд гэж хардаж байгаа юм. Хэрэв 2013 онд төмөр зам баригдчихсан бол бид сая гаруй төгрөгийн ногдол ашиг авах байлаа. “Голомт”-ын угшилтай шүүгчийг Ерөнхийлөгчийн институц дээд шүүхэд томилох гэж үзлээ. Харин Монголын заяа түшиж ийм зүйл болсонгүй. Энэ алдсан 10 тэрбум ам.долларыг нөхөх боломжгүй. 100 мянган залуучуудад 100 мянган ам.доллар өгөөд дэлхийн топ сургуулиуд руу явуулах боломж байлаа. Бид алдчихсан. 2023 онд Оросууд 65 сая тонн коксжих нүүрс тээвэрлэх маш том терминаль барьж Монголчуудыг зах зээлээс шахах гэж байна. Би тооцоо судалгаагаа та бүхэнд нээлттэй болгоно” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид өнөөдөр 8.4 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 9-нд энгийн арилжаагаар 30 ХК-ийн 1,787,750,369.83 төгрөгийн үнийн дүн бүхий 8.4 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Мөн өдөр “Сонсголон бармат” (SSG+14.98%) болон “Эрдэнэс сольюшинс” ХК (AMT+14.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Глобал монголиа холдингс” (HML-13.79%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID-7.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 10,580 ширхэг нэгж эрхийг нийт 1,141,915 төгрөгөөр арилжив. Мөн өдөр багцын арилжаанд нийт 52,925 ширхэг үнэт цаасыг 115,323,575 төгрөгөөр арилжсан байна.

ТOP-20 индекс 0.53 хувиар буурч, 22446.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,080,029,782,988.70 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

2020 онд ББСБ-уудын зээлийн нийт үлдэгдэл 7.6 хувиар өсөж 1.3 их наяд төгрөгт хүрчээ

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2020 оны жилийн эцсийн тойм мэдээллийг танилцууллаа.

СЗХ нь зохицуулалт хяналтынхаа чиг үүргийн хүрээнд 2020 оны жилийн эцсийн байдлаар 3,260 зохицуулалттай этгээд, 2,473 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан байна.

Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 315 ХК, 276 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 319 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 532 банк бус санхүүгийн байгууллага, 249 хадгаламж зээлийн хоршоо, 167 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 429 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 973 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Хөрөнгийн зах зээл: Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онтой харьцуулахад 12.5 хувиар өсөж 3,029.7 тэрбум төгрөгт хүрч, 2019 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 8.1 хувьтай тэнцэж байна. Харин хувьцааны хөрвөх чадвар 3.2 нэгжээр буурч 1.8 хувьд хүрсэн ба ТОП-20 индекс өмнөх оноос 336 нэгжээр буурч 19,285.8 нэгжид хүрсэн. 2020 онд нийт 65.4 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба нийт арилжааны 0.9 хувийг Засгийн газрын үнэт цаас, 7.8 хувийг хөрөнгө оруулалтын сан, 8.9 хувийг компанийн бонд, 82.5 хувийг хувьцаа тус тус эзэлж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оноос 30.7 хувиар буурч 5 төрлийн 488.7 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагдсан байна.

Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 4.5 хувиар өсөж 382.1 тэрбум төгрөгт, нөөц сан 4.8 хувиар өсөж 173.5 тэрбум төгрөгт хүрлээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оноос 2.5 хувиар өсөж 201.5 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оноос 16.5 хувиар өсөж 66.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тайлант онд өмнөх оноос даатгалын зүйлийн тоо 25.3 хувиар буурч 4.1 саяд хүрчээ. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оноос 8.6 хувиар буурч 59.8 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 30.0 хувийг эзэлж байна.

Банк бус санхүүгийн байгууллага: 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 532 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 2.0 их наяд төгрөг хүрч, өмнөх оноос 16 хувиар өслөө. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оноос 7.6 хувиар өсөж 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн үлдэгдлийн 46.8 хувь нь хэрэглээний зээлийн үлдэгдэл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 85.2 хувийг иргэдийн зээл, 14.8 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 1.9 дахин нэмэгдэж 788.0 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.8 сая байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин өмнөх оноос 0.2 пунктээр буурч 2.8 хувьтай байна.

Хадгаламж, зээлийн хоршоо: 2020 оны байдлаар ХЗХ-дын тоо өмнөх оноос 4.6 хувиар буурч 249-д хүрсэн бөгөөд 72,651 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оноос 14.9 хувиар өсөж 256.0 тэрбум төгрөгт хүрсэн ба хадгаламжийн хэмжээ 182.2 тэрбум төгрөг буюу 71.2 хувийг эзэлж байна. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оноос 6.9 хувиар өсөж 167.6 тэрбум төгрөгт хүрснээс 4.4 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 35,870 байгаа бол зээлдэгчдийн тоо 35,827 байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага: Энэхүү салбарт 2020 оны байдлаар нийт 313.7 мянган м.кв талбай, 232.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлуулан худалдан, худалдан авч, шилжүүлсэн бол нийт 72.5 мянган м.кв талбай, 7.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлжээ.

Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа: Тайлант онд нийт 451.2 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдаж, 16.9 их наяд төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Худалдааны тэнцэл 2,2 сая ам.долларын ашигтай гарлаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 2020 оны эхний 12 сарын гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеийнхээс 6 хувиар буюу 877 сая ам.доллараар буурч 12,870 сая ам.доллар байв.

Үүнд экспорт нэг хувиар буюу 43 сая, импорт 14 хувиар буюу 834 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 790 сая ам.доллараар өсөж 2,282 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээллээ.

Хөрш орнуудтай хийсэн худалдааны нийт бараа эргэлтийн 57 хувь буюу 7,383 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 11 хувь буюу 1,457 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. ОХУ-тай хийсэн худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 19, БНХАУ-тай хийсэн худалдаа 16 хувиар буурав.

Гадаад худалдааны нөхцөлийн индекс өнгөрсөн оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 32 хувиар, өмнөх сарынхаас 3 хувиар өсөж 2.106-д хүрлээ. Үүнд зэсийн баяжмал, чулуун нүүрс, алтны экспортын үнэ өссөн нь нөлөөллөө. Харин өмнөх сарынхаас өсөхөд зэс, хэрэглээний барааны импортын үнийн өсөлт голлон шалтгаан болжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Золжаргал: Оюу толгойн төсөлд Монголын талыг төлөөлөх мэргэжлийн удирдлагатай болгож, үйл ажиллагаанд нь оролцож, хянадаг болгоё

ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, инженер Ж.Золжаргалтай ярилцлаа.


-“Оюу толгой” төслийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Рио Тинто” компанитай хийх хэлцэлд зориулсан санхүүгийн загварыг Хөдөлмөрийн үндэсний нам боловсруулж Засгийн газарт танилцуулахаа мэдэгдсэн. Энэхүү санхүүгийн загвар танилцуулах шаардлага юунаас үүсэв?

-2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-аас Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол гарсан. Энэ тогтоолын утга нь манайд өгөх үр өгөөжийг бууруулахгүйн тулд 34 хувийн ногдол ашиг авах хэмжээг бүтээгдэхүүн хуваах гэрээ болгоё, эсвэл нөөцийн төлбөрөө таван хувь дээрээ нэмье, шижлүүлье ийм боломжийг судлаад УИХ-д танилцуул гэсэн үүргийг тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт үүрэг өгсөн. Одоогоор энэ ажил хийгдээд УИХ-д танилцуулагдсан зүйл байхгүй. Ямар шатандаа яваа нь тодорхой бус. 2019 оны төгсгөлд ийм тогтоол гараад 2020 онд сонгууль болоод юун Оюу толгой манатай. Засгийн газар олон зүйл дээр сайнтай, муутай ажилласан байх. Гэхдээ энэ тал дээр хангалтгүй ажилласан. Зөвхөн энэ Засгийн газар ч биш, 2009 оноос хойш өдийг хүртэл бүх Засгийн газар муу ажилласан. Хувь хүн гуравны нэгийг эзэмшдэг компанийнхаа тайлан баланс зардал шийдвэр гаргалтад огт оролцохгүй байна гэдэг утгагүй биз дээ. Тэгвэл Оюу толгойн гуравны нэгийг эзэмшиж байгаа байхад манай бүх Засгийн газар хангалтгүй ажилласан. Рио Тинто хөрөнгө оруулагчийн зүгээс бизнес яриад байдаг. Ийм шалтгаанаар ТЭЗҮ-д өөрчлөлт орж байна, газрын гүний геологийн нөхцөл ингэж өөрчлөгдөж байна, хөрөнгө оруулалт нэмэгдэх нь гээд тоо яриад байдаг. Гэтэл бид өөдөөс нь улс төр ярьдаг. Ингэхээр хоорондоо ойлголцохгүй. Тиймээс тэдэнтэй адилхан хэлээр ярьж, тэдний ярьж байгаа зүйл үнэн худлыг нь шалгаж чаддаг хүмүүс Оюу толгой компанийн удирдлагад байх ёстой. Тэдний дор шалгаж чаддаг томоохон мэргэжлийн баг ажиллах ёстой. Энэ ажлаа манайх огт хийгээгүй. Зөвхөн улс төр ярьсаар байгаад л таарсан. Үүний үр дүнд арга барил, хандлага нь буруу байна л даа.

-Засгийн газраас ямар нэгэн тоо баримт танилцуулаагүй биз дээ. Тэгэхээр бидний зүгээс өөрсдийн тоон судалгаагаа гаргаж ирэх ёстой юм байна, тийм үү?

-Тийм. УИХ-аас гарсан тогтоолын дагуу ажиллаад 34 хувийг шилжүүлбэл ийм байх нь, бүтээгдэхүүн хуваах гэрээ болговол ийм байна гэж тоо гаргаж ирж танилцуулах ёстой байсан. Тэр ажил нь хийгдээгүй байхад саяхан хүмүүсийг цочирдуулсан Монгол Улс хэзээ ч ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өрөнд орох юм байна гэх мэдээллийг томоохон албан тушаалтнууд хийлээ. Энэ тоо хаанаас гараад ирсэн гэхээр хөрөнгө оруулагч тал ТЭЗҮ-гээ шинэчлээд манай УУХҮЯ-ны зөвлөлд хүргүүлсэн. Тэнд үндэслээд тооцохоор ашиг авахгүй 22 тэрбум ам.долларын өрөнд орох юм байна. Байрны зээлтэй хүн боддогтой ойролцоо гээд ойлгочихож болно. Анхны авсан зээл 34 хувиа түүн дээр нэмэх нь авсан одоогийн байдлаар төлөөгүй хуримтлагдсан хүүний нийлбэр тооцсон 22 тэрбум ам.долларын өртэй болчихож байгаа юм. Энэ бол цаад талаас ирсэн ТЭЗҮ дээр үндэслэж гарсан тоо. Өөрсдийнх нь тоо хаана байгаа юм. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг нь үнэн юм уу, бодитой юм уу. Энэ тооцооллын монгол талын загвар нь хаана байна гээд Засгийн газраас асуухаар хэлдэг хүн байхгүй. Хэрвээ бид Рио Тинтотой хэлэлцээр хийнэ гэж байгаа бол өөрсдөө суурь зүйлтэй байх хэрэгтэй. Ийм зүйл алга. Үүнийг нь гаргаж ирье гээд “open oil” компанийн нээлттэй загварыг ашиглаад хурдан тооцоо хийсэн. 2016 оны мэдээлэлд үндэслээд тооцохоор 34 хувиас бидний авч болох үр өгөөжийг нөөцийн төлбөр рүү шилжүүлбэл одоо байгаа таван хувь дээр 1.5 хувийг нэмэхэд тэр дүн нь тэнцүү байна гэсэн тоо гарч байгаа юм. Гэхдээ түүнийг сольё гэсэн үг биш. Ийм бага хэмжээгээр нэмэхэд солих хэрэгтэй юү, үгүй юү гэдэг тусдаа асуудал.

-“Оюу толгой” төслийн суурь судалгаа хангалтгүй явагдсан юм байна гэж ойлгоод байна л даа?

-Тийм. Оюу толгой бол асар том мега төсөл. Дэлхийн хамгийн том орд төслүүдтэй эн тэнцэнэ. Ийм том төслийг дэлхийн хэмжээнд супер компаниуд хийгээд 60-70 хувь нь амжилтгүй болсон байдаг. Ямар тохиолдолд амжилтгүй гэж дийлэнхдээ үздэг вэ гэхээр хөрөнгө оруулалт нь 30 хувиас илүү нэмэгдчихвэл, хүлээгдэж байсан ашиг үнэ цэнэ нь сөрөг болдог. Эсхүл хэрэгжүүлэх хугацаа нь сунаад 30 хувиас урт болвол амжилтгүй болдог. Оюу толгойн хөрөнгө оруулалт анх дөрвөн тэрбум ам.доллар орчим ярьдаг байсан бол одоо сүүлийн ТЭЗҮ-ээр 16 тэрбум ам.доллар болох магадлалтай гэж байна. Энэ утгаараа амжилтгүй төсөл. Яагаад ийм том төслүүд амжилтгүй болдог вэ гэхээр олон шалтгаан бий. Улстөржилт үүнд орчихсон явж байдаг. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь нэгдүгээрт, суурь судалгаа техникийн хувьд хангалттай сайн хийгдээгүй. Бүх зүйлийг урьдчилж харах боломжгүй л дээ. Газрын гүнд геологийн нөхцөл яаж ч өөрчлөгдөж болно. Нэг чулуулгийн хатуулаг нь өөрчлөгдөхөөр түүнд шаардлагатай бэхэлгээнээс эхлээд хэрэглэх арга технологи нь өөр болно. Үнэ нь ч өснө. Хоёрдугаарт, эзний оролцоо хангалтгүй бол мега төслүүд амжилтгүй болдог. Ийм шийдвэр гаргахад эзэн оролцохгүй, хүний хүнд хамаг зүйлээ даатгаад орхичихсон бол том төслүүд амжилтгүй болох эрсдэл өндөр байдаг.

-Өнөөдөр төслийн хөрөнгө оруулалт дөрөв дахин нэмэгдэх шалтгаан юу байсан юм бэ?

-Барууны тоглоом дунд бид орчихсон явж байгаа. Дөрөв дахин хөрөнгө оруулалт нэмэгдэх хүртэл асуудал яригдаж байна гэхээр энэ төслийг удирдаж байсан хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Төслийн хөрөнгө оруулалт дөрөв дахин нэмэгдчихлээ. Рио Тинто давуу байдлаа ашиглаад удирдлагын багийг одоо хүртэл авч явж эхэлсэн. Манай талд тэнд нь оролцох гэрээний боломжууд байгаа. Түүнийг ашиглаагүй явж ирсэн. Рио Тинто (TH)-ийн давуу оролцоотой томилсон удирдлагын баг гол буруутан. Дээрээс нь Монголын талын хянах ажлаа хийгээгүй Засгийн Газар жинхэнэ том буруутан. Жишээ дурдахад, зөвхөн баяжуулах үйлдвэрт 15.6 сая хүн-цаг зарцуулсан байна. Инженерийн хөлс нэг цагт 50-250 ам.доллар байдаг гэвэл 1-2 тэрбум ам.доллар болно. “Тийм инженер тийм зураг төсөл, угсралтын ажил дээр тэдэн цаг зарцуулсан нь үндэслэлтэй” гэдгийг Засгийн газраас улс төрийн шалгуураар томилогдсон ТУЗ хянах чадамжгүй, мэдлэггүй, хүчгүй, бүр зөнд нь хаячихсан явж ирсэн. Тиймээс зардал хэтрэлтэд 2009-2021 Засгийн газрууд бүгд буруутай. Ганцхан баяжуулах үйлдвэрийн инженерийн хүн-цаг ийм байна. Цаана нь тоног төхөөрөмж, барилга угсралт, материал бий. Ил уурхай, далд уурхай, дэд бүтэц бий. Тэр бүгдийг манай хэдэн улстөрчид хяналаа юу. Улстөрчдийг зайлуулж дотоод гадаадын экспертүүд нийлсэн мэргэжлийн удирдлагатай болгохгүй бол Оюу толгой хэзээ ч өөдлөхгүй. Нэг бол Рио гар гээд, эсвэл Рио ёстой Монголыг аврагч гээд байх хэрэг байхгүй. Рио бол зүгээр л ашиг хийх гэж ирсэн этгээд, Монголын эрх ашиг тэдэнд хамаагүй. Тэд дайсан ч биш, нөхөр ч биш, наймааны хамтрагч. Монголын Засгийн газар, түүний томилсон компанийн удирдлага өөрсдөө ажлаа хийхгүй, мэдэхгүй бол тэд ашиглах нь мэдээж. Оюу толгойн төсөлд Монголын талыг төлөөлөх мэргэжлийн удирдлагатай болгож, үйл ажиллагаанд оролцож, хянадаг болгоё. Урьдчилсан тооцооллоор 34 хувиас хүртэх үр өгөөжөө нөөцийн төлбөр рүү шилжүүлэх юм бол 1.5 хувьтай тэнцэх нь. 1.5 хувиар Монголын талын 34 хувийг өг гэж байна гэж хүмүүс яриад байгаа юм. Тийм зүйл байхгүй. Хөрөнгө оруулагч талаас танайх ашиг авахгүй нь гэх ТЭЗҮ үзүүлчихсэн. Өрөнд орно, 34 хувь үнэ цэнэгүй шүү гэх мессэж өгөөд байна. Үнэ цэнэгүй гэвэл бид болиод оронд нь нөөцийн төлбөр өг гэвэл хүлээн зөвшөөрөх үү гэдгийг бодох хэрэгтэй. Ашигт малтмалын хууль дээр АМНАТ-ыг 5-10 хувь нэмэх боломжтой. Оюу толгой мөнхийн таван хувийн ш дээ. Эндээс АМНАТ ямар чухал гэдэг нь харагдаж байгаа биз дээ.

-34 хувийг хөрөнгө оруулагч талд өгөх, эсвэл манайх өөртөө үлдээх тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үүнийг солих уу, үгүй юү гэдэг тооцоог Засгийн газарт хийх үүрэг өгсөн. Сууриар нь харахаар дэлхий 22 сая тонн хэрэглэдэг. Хятад 12 сая тонн, талаас илүүг нь хэрэглэдэг. Гурван саяг нь гадаадаас аваад 9 саяыг нь өөрсдөө үйлдвэрлэдэг. 9 сая зэс үйлдвэрлэхийн тулд ойролцоогоор 36 сая тонн баяжмал хэрэгтэй. 36 сая тонн баяжмалын 12 саяыг нь гадаадаас аваад бусдыг нь өөрсдөө олборлодог. Үүний 10-20 хувийг Монгол Улс нийлүүлэх боломжтой. Хятад Австралиас зэс авахгүй болчихсон. Тэгэхээр зэсийн хэрэглээ улам үнэ цэнэтэй болно. Тиймээс Оюу толгойн үнэ цэнэ, ач холбогдол нь буурахгүй. Хөрөнгө оруулалт нь өндөр болчихсон учраас та нар алдагдал хүлээгээд байна гээд байна. Ер нь өр гээд байгаа зүйл нь үндэслэлтэй юм уу. Хөрөнгө оруулалт нь дөрөв дахин өсөх нь үндэслэлтэй эсэхийг батлах хэрэгтэй. Тэгэхээр мэргэжлийн инженерийн зөвлөх компаниуд, дотоодын экспертүүдийг ажиллуулна. Санхүүгийн зөвлөх чиглэлийн хүмүүс ажиллана. Чадлынхаа хэрээр хөрөнгө оруулалтыг бууруулаад түүнийгээ зөвшөөрүүлж чаддаг юм бол манай талын олох ашиг нэмэгдэнэ. Тэр нь боломжийн хэмжээнд нэмэхээр байвал бид 34 хувиа өгөх шаардлагагүй. Ирээдүйд гарах хөрөнгө оруулалт яаж нэмэгдэх вэ гэдэг дээр бид оролцоотой ажиллах ёстой. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 7.2 дээр менежмэнтийн багийг Монголын тал санал оруулаад өөрчилж болно. Хоёрдугаарт, Дубайн гэрээний 2.4 дээр жил бүр Монголын тал аудит оруулж болно. Шаардлагатай үед нэмэлт аудит оруулж болно. 7.3 дээр Эрдэнэс Оюу толгой компани мэргэжлийн үйлчилгээ үзүүлж болно гэж байгаа. Энэ нь өөрсдөөс нь мөнгийг нь аваад олон улсын инженерийн фирмээр үйлчилгээ үзүүлж болно. 34 хувиа хямдхан өгчихвөл бидэнд бас эрсдэлтэй. Нэгдүгээрт, дэлхийн зэсийн хэрэглээ нэмэгдэж байна. Талыг нь хятад улс хэрэглэж байна. Үнэ цэнэ нь улам өснө. Хөрөнгө оруулалт нь өндөр болчихсон учраас 34 хувиасаа хэзээ ч ашиг авахгүй гэж байгаа тохиолдолд өгчихөж болно. Гэхдээ тэгж үнэхээр нэмэгдэж байна уу гэдэг үндэслэлийг бид маш өндөр түвшинд батлах хэрэгтэй. Батлаад бууруулж чадвал 34 хувиа авч үлдэх нь ашигтай. Энэ ажлыг Засгийн газар нь манлайлаад мэргэжлийн хүмүүсийг томилоод хийлгэх ёстой. Цаанаас нь ТЭЗҮ яриад бид наанаас нь улс төр яриад байхаар амжилтад хүрэхгүй.

-Монголд ашигтай болгох ямар хувилбарууд байна?

-Үндэслэл гаргаж ирээд, улстөрчид зайгаа аваад мэргэжлийн хүмүүсийг оруулах хэрэгтэй. Хууль шүүхийн хөшүүрэг байж болно. Татварын маргаантай хоёр асуудал байгаа. Үүнийг хөрөнгө оруулагч талаас хүлээн зөвшөөрөхгүй Арбитарт хандчихсан. Бидний хувьд ялагдчих вий гэж айх хэрэггүй. Тултал нь явах хэрэгтэй. Ялах юм бол их хэмжээний татвар авна. Нөгөө талын хулхи нь бууна. Хөрөнгө оруулагчдыг үргээх гэж байна гэж бодох хэрэггүй юм. Татвар гэрээ цуцлахад ямар ч хамаагүй. Татвараа төлөөгүй бол Монголын хуулиар торгуулиа төлнө. Татвараа төлчихсөн байхад нэхэмжлэх гаргасан бол түүнтэй холбоотой зардлыг бид төлнө. Гэрээнд өөрчлөлт орохгүй. Өнгөрсөн жил өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг авлига албан тушаалын хэргээр хорилоо. Ерөнхийдөө олон нийтэд эдгээр хүмүүс Рио тинтогоос авлига авсан гэсэн мессэж өгөөд байдаг. Тэр компани хэдэн төгрөгийн авлига өгсөн гэх зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар холбоотой учраас яаж ийгээд холбогдох зүйлийг нь олоод суулга гэх даалгавар юм шиг харагддаг. Дан байдлаар авлига албан тушаалын хэрэг гаргаж ирээд суулгачихсан. Тэрнээс Рио Тинтогоос хэдэн төгрөгийн авлига авсан гэх зүйл нэг ч байхгүй. Аль нэг тохиолдолд Рио Тинто авлигатай холбогдсон нь батлагдчихвал өөрөөр ярьж болно. Бидэнд хүслийн нэлээд жагсаалт бий. 34 хувийг 10 хувь хүртэл АМНАТ болгох, удирдлагын баг үйл ажиллагаанд нэвт орох, анх өөрийнхөө зээлээр авсан 6.5 хувийг бууруулах, хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх хэмжээний орлогын албан татвараас чөлөөлнө гэсэн заалтыг алга болгох. Энэ бүхэн тоон дээр суурилж хэлэлцээр хийх ёстой учраас ХҮН анхны санхүүгийн загварыг гаргасан гэж ойлгож болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Амгалан: Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай

“Шинэтгэлийн гарц” судалгааны хүрээлэнгийн захирал, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалантай ярилцлаа.


-Эдийн засагч хүний хувьд өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Эдийн засгийн хямрал, цар тахлын нөхцөл байдал хавсарч манай улсын эдийн засагт хүндрэл учруулаад байна. Дээрээс нь экспортын нөхцөл байдал тааламжгүй болж ирж байна. Импортын бараа бүтээгдэхүүн тодорхой хүрээнд хязгаарлагдмал болж ирсэн. Бусад улс оронд ч цар тахал үүссэнтэй холбоотойгоор эдийн засгийн хүндрэл үүсч байна. Цар тахлын асуудалд эдийн засгийн шийдлүүд шиг арга механизм хэрэглээд шууд тогтворжуулчихдаггүй, тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж, энэ нь эдийн засагт аюул авчирч байна. Хорио цээртэй холбоотойгоор өдөр ирэх тусам л эдийн засаг агшиж байна.

Манай эдийн засаг хэврэг, бид импортоос хамааралтай, орж ирсэн орлогоо тухайн жилдээ алдагдалтай зарцуулаад дуусчихдаг. Тиймдээ ч хуримтлалгүй улс, айл өрхөд энэ хорио цээрийн дэглэм маш хүнд тусаад байгаа юм. Аж ахуйн нэгж, айл өрхүүдийн амьдрал улам л зогсонги байдал руу орж эхэлж байна. Энэ байдлаас гаргах шийдлүүдийг хараад байхад цаг үе, нөхцөл байдлаа мэдэрсэн, хөрөнгө санхүүгээ зөв оновчтой хуваарилсан шийдвэрүүд үнэндээ харагдахгүй байна. Хорио цээр нь тахлаа хумих бус эдийн засгаа улам л унагахад хүргэж байгаа. Ядуурлын хэмжээ 30-аад хувьтай байсан бол өнөөдөр 50 гаруй хувь болж өссөн. Нийт хүн амын 50 хувь нь өнөөдөр хоногийн хоолоо яая даа гэж байна гэсэн үг. Энэ байдлаараа иргэд утга учиргүй, тооцоололгүй хорио цээрийг давахад үнэндээ бэрх.

-Одоо тэгэхээр яах хэрэгтэй гэсэн үг вэ?

-Төр засгийн зүгээс шийдвэртэй бодлого л хэрэгтэй байна. Цар тахалтай зэрэгцээд хэтэрхий улстөржөөд байна уу гэсэн зүйл л ажиглагдаж байгаа.

-Хөл хориог суллавал эдийн засаг сэргэчих нь гээд байгаа.

-Хөл хориог цуцалснаар эдийн засаг сайжирна гэсэн буруу ойлголтыг их түгээж байгаа. Богино, дунд, урт хугацааны тодорхой хэмжээ авах хэрэгтэй. Орлогогүй, хоол хүнсгүй болсон иргэдээ, ажлын байраа алдаад байгаа хувийн секторуудаа яаж хамгаалах вэ гэдэг дээрээ анхаарах ёстой. Энэ бүхэнд тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэр шаардлагатай. Бидэнд боломж бий.

-Энэ оны төсвийг дотоодод цар тахал алдагдахаас өмнө баталсан. Энэ ч утгаараа цар тахлын нөхцөл байдалд чиглэсэн төсөв болж чадаагүй. Нэгэнт эдийн засгийн нөхцөл байдал ийм хүнд байдалд орчихсон юм чинь төсвөө тодотгочихож болдоггүй юм уу?

-Би төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, шинжлэх ухаанч байдлаасаа төсөв зохиох төлөвлөлт, хэлэлцүүлэг, батлах горим зэрэгт ямар агуулга байх ёстой яг түүгээрээ байсангүй. Хэтэрхий улстөржсөн төсөв зохиосон. Манай улсын төсөв сүүлийн жилүүдэд хэт өндөр өртөг шингэсэн концесс, эрэмбэлэгдээгүй төсвийн хөрөнгө оруулалт, эрх мэдлийн шагнал болсон төсвийн гадуурх сан, ашиггүй төрийн өмчит компанийг санхүүжүүлэх хэрэгсэл болсон. 2021 оны төсөв ч ийм байсан. Үндсэн чиг үүрэг алдагдсан. Тухайлбал, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг эрэмбэлэх ёстой байтал хэтэрхий үрэлгэн төсвийг баталсан. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг мэдэрч болохуйц хэмжээнд байсан шүү дээ.

Цар тахал бидэнд дохио өгчихсөн байсан. Тийм байхад л тайван цагт зориулсан төсөв болсон. 2020 оныхоо төсвийг тэр чигт нь хуулбарлаж, ард олныхоо амьдралд, ажлын байрыг дэмжихэд дэм болох бус ашиггүй барилга байшинд зориулсан л төсөв болсон. Эдийн засгийн шийдэлд бус тодорхой эрх ямба, албан тушаалтанд зориулагдсан төсөв болсон гэсэн үг. Төсөв батлахдаа хөгжлийн бодлого, эрх зүйн шугамаа барих ёстой байсан ч чадаагүй.

Хоёрдугаарт, төсөв батлахдаа эдийн засгийн гадаад, дотоод шок, түүний одоо ба ирээдүйн төлөвийг судалж түүнд үндэслэх ёстой. Гадаад өр, цар тахлаас үүдсэн эдийн засгийн агшилт зэргийг харгалзан үзэж байж төсвөө хийх ёстой байлаа.

Гуравдугаарт, нийгэм эдийн засгийн харилцаан дахь асуудлыг эрэмбэлээгүй. Соёлын төвийн байшин, барилга хөшөө дурсгал зэрэг нь тулгамдсан хэрэгцээтэй зүйл биш шүү дээ. Эрэмбэлээд үзвэл 10, 20 дугаарт очих байх. Хэрэгцээт бус зүйлийг улс төрийн ашиг сонирхол, амлалтдаа үндэслээд нэгдүгээрт зүтгүүлж байгаа нь төсвийн болж бүтэхгүй зүйлийн нэг юм. Үүнийг анхаарах ёстой байсан. Дөрөвдүгээрт, төсвийг үр ашигтай орлого олох зүйлд чиглүүлэх ёстой байдаг. Бусад улс орны жишиг ч ийм байдаг. Төсөвт дэм болох үндэсний болоод экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого барих хэрэгтэй.

Энэ нь дунд, урт хугацаандаа эргээд төсвөө тэтгэх хэрэгсэл болдог. Дээрээс нь Засгийн газар, Монголбанк хоорондын мөнгө санхүүгийн бодлогын уялдаа, залгамж байдал байхгүй. Өр, ханш, үнийн өсөлт зэргээ тооцоололгүйгээр төсөв хийгээд байна л даа.

-Төсөвт тодотгол хийх өөр ямар шалтгаан байна вэ?

-Монгол Улсын өрийн хэмжээ хэрээс хэтэрсэн. Монгол Улсын өр 2010 онд л гэхэд 5.9 тэрбум ам.доллар байсан. 2015 онд 21.8 тэрбум ам.доллар болсон. 2019 онд 29.8 тэрбум ам.доллар хүрсэн бол өнөөдөр 30 тэрбум ам.долларыг давчихсан явж байна. Өрийн асуудал бидэнд маш хүнд нөхцөл байдлыг үүсгэж байна. Сүүлийн жилүүдэд бондын өрийг дарлаа л гээд байгаа. Үнэндээ өрийг зээлээр л хааж байгаа үзэгдэл юм. Жишээ нь, Хөгжлийн банкны бондыг Хуралдай, Чингис, Димсам бондуудыг Гэрэгэ, Мазаалай бондыг Номад бондоор тус тус хаасан. Энэ бол өр төлөлт биш. Өрийг хааж байгаа л асуудал. Бид 2022 онд л гэхэд Чингис бондын нэг тэрбум ам.долларын, Гэрэгэ бондын 800 сая ам.долларын өрийг төлөх шаардлагатай. Үүн дээр нэмэгдээд жижиг өрүүд ч бий. Бид жижиг байшин барилга, улс төрийн сонгуулийн зорилттой зүйлүүдэд мөнгө өгч байхын оронд энэ өрийг хаах орлого олох зүйлд төсвөө хуваарилж чиглүүлэх хэрэгтэй.

Түүнчлэн цар тахлын үед хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэтэрхий туйлширсан, хааж боосон, эдийн засгаа хэтэрхий хүнд байдал руу түлхсэн байдалтай байна. Өнөөдөр өдрийн хоолоо аргацаах гэж ядаж байгаа олон өрх айл, орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд хэдэн арван мянгаараа байна. Нэгэнт л цар тахал гарч цаг үеийн нөхцөл байдал ийм байгаагаас хойш төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй.

-Тэгвэл төсөвт тодотгол хийхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд яах ёстой вэ?

-Төсөвт тодотгол хийхдээ үйлдвэрлэл эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдээ урт хугацааны бага хүүтэй санхүүгийн эх үүсвэрээр дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байна. Ийм боломж төсөвт бий. Зээлийн хүүг бууруулах замаар мөнгөний бодлогоороо дамжуулаад хийх боломж бидэнд бий. Бид огт байхгүй боломжгүй зүйлийн талаар яриагүй. Хамгийн гол нь дотоод нөөц боломж нь байгаа учраас цаг алдалгүйгээр хувийн сектороо хамгаалах, ажлын байраа хадгалах тал дээр анхаарах шаардлагатай. Орж ирж байгаа орлогыг улс төрийн хэлбэрээр, үрэлгэн байдлаар зарцуулдгаа одоо болих хэрэгтэй. Нийлүүлэлтээ зөв онилох ёстой. Нийлүүлэлтээрээ дамжуулаад эрэлтээ дэмжих хэрэгцээтэй байна.

Ер нь бусад улс оронд ч аж ахуйн нэгжүүддээ буцалтгүй тусламж үзүүлж байгаа. Бага хүүтэй зээлийн эх үүсвэрүүдээр хангаж байна. Манай улсад энэ тал дээр бодлогын алхмууд огт хийгдээгүй. Энэ чиглэлийн бодлогуудыг хийхгүй бол бидэнд эрэлт талд байсан боломжууд үндсэндээ байхгүй болж байна. Үндсэндээ бараа бүтээгдэхүүний хомсдолтой, үйлдвэрлэл зогсчих ийм үед шууд бэлэн мөнгө тараагаад эхлэх юм бол үнийн хөөрөгдлийг бий болгоно. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээрээ дамжуулж, тэдгээрийг санхүүгийн хямд эх үүсвэрээр дэмжих арга хэлбэрээр эдийн засгаа босгох хэрэгтэй. Энэ бол дунд, урт хугацааны арга хэмжээ. Богино хугацаанд энэ аргыг хэрэглэх гэхээр мөн л боломжгүй болоод эхэлчихлээ шүү дээ. Аж ахуйн нэгжүүд, айл өрхүүд ч тэсэхэд хэцүү болж байна. Шийдэл гаргахгүй л бол байдал улам дордож байна шүү.