Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Д.Ангар: 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Төв банкны үнэт цаасны хүүг буулгах ёстой

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө боловсруулж баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инфляци өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргий-лэхийг Ерөнхий сайд хэлж байсан.Энэ талаарх таны байр суурь ямар байна вэ?

-Монголбанкаар дамжуулж эдийн засаг руу 10 их наяд төгрөг оруулахыг 110 хувь дэмжиж байгаа. Өнөөдрийн хувьд эдийн засаг маш хүнд нөхцөл байдалтай байгаа. Хуучин эдийн засаг сэхээний байдалтай байна гэж ярьдаг байсан бол өнөөдөр бүр үхлүүт байдалтай байна. Үхлүүт байдалд орсны нэг том шалтгаан нь сүүлийн гурван жил Монголбанкнаас хэт хатуу мөнгөний бодлого явуулж, эдийн засагт байсан бүх мөнгийг Төв банкны үнэт цаасаар өөр лүүгээ татсан. Төв банкны үнэт цаас дээр найман их наяд төгрөг байгаа. Мөнгө гэдэг зүйл чинь эдийн засаг дотроо эргэлдэж байж эдийн засаг тэжээгдэнэ.

Гэтэл Монголбанк Төв банкны үнэт цаас буюу иргэн, ААН-ийн гар дээр байсан мөнгийг банкны системээр дамжуулаад өөр лүүгээ татаад авчихаар эдийн засаг бэлэн мөнгөгүй болчихож байгаа юм. Эдийн засаг дээрээ эргэлдэж байх ёстой найман их наяд төгрөгийг төр нь өөр лүүгээ татаад авчихаар эдийн засагт нь газар тариалангийн талбайгаар жишиж яривал бороо орохгүй гурван жил болсон гэсэн үг. Үр дүнд нь эдийн засаг “борцлогдсон”. Ажилгүйдэл нэмэгдэж, компаниуд дампуурсан. Эдийн засаг дахь цусны эргэлт буюу мөнгөний эргэлтийг нь хав дарснаар эдийн засаг “хатангиршсан”. Сангийн сайд Б.Жавхлан 10 их наядын хөтөлбөр зарлах болсон шалтгаанаа хэлэхдээ эдийн засаг хүнд байна. Энэ чигээрээ байвал ойрын хугацаанд эрүүл мэндээ ч санхүүжүүлж чадахгүй байдалд хүрэхээр байна гэсэн.

Улс орны нэн тэргүүнд санхүүжүүлэх ёстой салбарууд байдаг. Үүний эхэнд байх эрүүл мэндийн салбараа санхүүжүүлж чадахгүй байдалд орсон байна гэдэг улс орны эдийн засаг маш хүнд байдалд орсон гэсэн үг. Ямартаа ч Монгол төр сүүлийн гурван жил буруу бодлого явуулснаа хүлээн зөвшөөрлөө, олоод харчихлаа. Үнэндээ огт олж харахгүй байсан юм. Төв банкны үнэт цаас гаргаад эдийн засгаасаа мөнгийг нь татаад байсан. Түүнийгээ инфляциа онилж байна, нам дор байлгах бодлогоо хэрэгжүүлж байна гээд байдаг. Инфляциа барьсан нь зөв. Гэтэл нөгөө талд нь эдийн засагт эргэлт байхгүй болчихоор ААН-үүд нь дампуураад эхэлсэн. Төрийн бодлого гэдэг нэг муйхар зорилго тавьчихаад дөргүй бух шиг зүтгээд байж болохгүй. Нийт эдийн засаг, ААН, иргэдээ харах ёстой. Зөвхөн инфляциа онилоод эдийн засаг дээр байсан бүх мөнгийг өөр лүүгээ татчихаар инфляци буух нь мэдээж ойлгомжтой. Хүмүүс мөнгөгүй юм чинь юугаа худалдаж авах вэ. ААН-үүд мөнгөгүй болохоор яаж үйл ажиллагаагаа явуулах вэ. ААН-үүд дампуураад ажилгүйдэл бий болоод эхлэхээр хожуу ч гэсэн Монголын төр алдаагаа олж харлаа. Одоо эдийн засгаасаа мөнгө татах биш,эдийн засаг руугаа мөнгө оруулъя гэсэн шинэ бодлогоо зарлалаа. Зөв. Ингэхээс өөр аргагүй.

-Мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэхээр эдийн засаг сэргэх үү?

-Мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж байж л эдийн засаг бүр сэргэдэггүй юм аа гэхэд ядаж бага зэрэг засал авна. Төр өөрөө эхлээд эдийн засгийг мөнгөгүй болгосон. Эдийн засгаасаа маш их мөнгө татсан. ААН, иргэдээ хүнд байдалд оруулсан. Энэ алдаагаа засах шийдэл гаргаж байгаа нь зөв. Мөнгөгүй эдийн засаг бол өдөр ирэх тусам нэг компани дампуураад, ажлын байр алга болж байдаг. Ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр ядуурал нэмэгдэнэ. Монголын төрийн мөнгөний бодлого ажилгүйдлийг бий болгоод, цаашаа ядуурлыг бий болгодог байж болохгүй биз дээ.

-Энэ цогц төлөвлөгөөгөөр Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл өгөхөөр туссан байна лээ.Ямар ААН-үүд энэ зээлийг авах эрх үүсэх юм бол?

-Хөтөлбөрийг нь дэлгэрэнгүй хараагүй байна. Ямартаа ч Ерөнхий сайд, Сангийн сайдын хэлсэн үгнээс харахад ААН-үүдэд гурван хувийн хүүтэй зээл өгнө гэж ойлгосон. Энэ зөв. Гэхдээ нэг асуудал байна. Энэ процессыг ил тод, хүртээмжтэй болгох ёстой. Тэгэхгүй бол бидэнд ЖДҮХС гээд гашуун туршлага бий. Эзнээ олсон зээл олгогдоогүй, УИХ-ын гишүүд хуваагаад авчихсан. Энэ хөтөлбөр ч гэсэн ил тод байдал хүртээмжийг нь бий болгохгүй бол өмнөх алдаагаа давтах эрсдэлтэй. Гурван хувийн хүүтэй мөнгө Монголд байтугай дэлхийн хэмжээнд бага хүүтэй мөнгөнд орно. Мэдээж ААН-үүд энэ зээлийг авахыг зорихоос өөр аргагүй. Эхнээсээ ямар компанид, ямар шалгуураар зээл өгснөө ил тод болгох хэрэгтэй. Сүрхий нэртэй хөтөлбөр зарладаг, түүнийг нь хэдхэн улстөрчдийн компани хуваагаад авчихвал нийтдээ ашиггүй.

-Ерөнхий сайд Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгаа гэсэн. 10 их наядын зургаан их наяд төгрөгийг мөнгөний нийлүүлэлт хийх байдлаар бүрдүүлнэ гэж салбарын сайд хэлсэн. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэхээр мөнгө хэвлэж тараах болж байна уу?

-Мэдээж мөнгө хэвлэнэ. Засгийн газарт мөнгө байхгүй. ААН-үүдэд мөнгө өгөх байтугай, төсөв нь дөрөв, таван тэрбумын алдагдалтай болчихсон. Засгийн газар өөрөө хүнд байдалд байна. Удахгүй төрийн албан хаагчийн цалингаа авч чадахгүй хэмжээнд хүрэх эрсдэлтэй. Засгийн газарт 10 их наяд төгрөг байхгүй. Мөнгөний бодлогоор санхүүжүүлнэ гэдэг цаад утгаараа мөнгө хэвлэх л зүйл. Эхлээд мөнгө хэвлэхгүйгээр Төвбанк үнэт цаасныхаа хүүг буулгах хэрэгтэй. Найман их наяд төгрөгийнхөө ядаж 50 хувийг нь зах зээл рүү нийлүүлэх ёстой. Үр дүнг нь харж байгаад мөнгө хэвлэх тухай ярьж болно. Арилжааны банкуудаас найман их наяд төгрөгөө Төв банк бүхэл бүтэн зургаан хувийн хүү төлж авч байна. Тэгээд буцаагаад эдийн засаг руу мөнгө гаргана гэдэг ойлгомжгүй асуудал. Дээрх бодлогыг хэрэгжүүлэхийн өмнө Монголбанк Төв банкны үнэт цаасны хүүг буулгах ёстой. Болж өгвөл тэглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол эдийн засаг руугаа мөнгө орууллаа ч тэр мөнгө нь аж ахуйн нэгжүүд дээрээ очихгүй буцаад л ТБҮЦ-руу очно. Үүнийг хүүгийн арбитраж гэдэг юм. Бүр ямар ч эрсдэлгүй арбитраж үүсч үр дүнд нь хэдхэн хүн л завшаад өнгөрөх юм. Үнэт цаасны хүүгээ бууруулсан нь ковидын үед улс орнуудын бүгдийнх нь хийсэн алхам. Зарим нь үнэт цаасны хүүгээ тэглэсэн бол зарим нь 80-90 хувь бууруулсан.Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр төр нь эдийн засгаасаа мөнгө авахгүй. Мөнгө нь зах зээлийн зарчмаараа эргэлд гэх боломжийг өгч байгаа юм. Манайх баруун гараараа мөнгө тараагаад, зүүн гараараа татна гэж байж болохгүй биз дээ.

-Ямар ч эрсдэлгүй арбитраж үүсч үр дүнд нь хэдхэн хүн л завшаад өнгөрнө гэж байна. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч?

-Хүүгийн арбитраж гэж зүйл бий. Тодорхой жишээгээр тайлбарлая. Хөтөлбөрийн хүрээнд компаниуд гурван хувийн хүүтэй зээл авна. Тэр компанид хоёр сонголт үүснэ. Эрсдэл хүлээж бизнесээ эхлүүлэх үү, эсвэл ямар ч эрсдэлгүйгээр тэр мөнгөө аль нэг банкинд 3.5-5.5 хувийн хүүтэйгээр хадгалуулах уу гэж. Банкууд тэр мөнгийг ямар ч асуудалгүй авна. Учир нь банкуудад ямар ч эрсдэл байхгүй. Тэд цааш нь дамжуулаад Монголбанкинд зургаан хувийн хүүтэйгээр өгчихнө. Монголбанк эдийн засагт байгаа ямар ч мөнгийг зургаан хувийн хүүтэйгээр авна. Ингээд эцсийн үр дүнд нь улс хохироод дуусна. Дунд нь цөөхөн хэдэн хүн хэдэн зуун тэрбумаар нь арбитражийн ашиг хийнэ.

-Бүх санхүүжилтээ ямар нэгэн сангаар дамжуулахгүй зөвхөн арилжааны банкуудаар дамжуулахаа Засгийн газар илэрхийлсэн. Тэгсэн ч хүүгийн арбитраж гэх зүйл яригдах уу?

-Банкаар дамжсан ч бай, үгүй ч бай ямар нэг байдлаар хүүгийн арбитраж үүснэ. Яагаад гэхээр төр өөрөө баруун гараараа гурван хувийн хүүтэй мөнгө авчихаад зүүн гараараа зургаан хувийн хүүтэй мөнгө зээлээд байхаар энэ хооронд сэргэлэн хүн төрийн баруун гараас нь аваад зүүн гарт өгчихнө биз дээ. Төр өөрөө гурван хувийн алдагдал хүлээж байгаа юм. Арай ч ийм зүйлийг санаатай зохион байгуулалттай хийгээгүй байх гэж найдаж байна. Хүүгийн арбитраж 2012 оны Засгийн газар, Монголбанкны хамгийн том алдаа. Тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал бага хүүтэй ипотек, ААН-үүд рүү үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд баахан мөнгө хэвлээд өгчихсөн. Ингээд мөнгөө буцааж Төв банк 12-15 хувийн татаад байхаар тэр мөнгө угаагдчихаж байгаа юм. Үр дүнд нь цөөн хэдэн банк, цөөн хэдэн хүмүүс хожоод улс хохироод байна. 2012 оны Төв банкны бодлогын алдааг битгий давтаач ээ гэж хэлмээр байгаа юм. Давтахгүй ганцхан нөхцөл нь Төв банк үнэт цаасны хүүгээ буулгах юм.

-Монголбанкны дахин санхүүжүүлэх зээлд хоёр их наяд төгрөгийг зарцуулахаар хөтөлбөрт туссан байна лээ. Дахин санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зөв үү?

-Харин ч дахин санжүүжилт рүү илүү мөнгө тусгах ёстой. Дахин санхүүжилт рүү төр заавал мөнгө гаргах албагүй. Төв банк үнэт цаасны хүүг бууруулахад банкууд өөрсдөө эх үүсвэрээрээ энэ зах зээл рүү ороод явчихна. Эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсан гол зүйл чинь ердөө Төв банкны үнэт цаас. Үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын дунд эдийн засаг эргэлдэж байж нэг нь бараатай, нөгөө нь мөнгөтэй байна. Энэ хоёрын дунд гуравдагч хүн гарч ирээд хооронд нь дамжих ёстой бүх мөнгийг татаад явчихаар борлуулалт, худалдан авалт байхгүй болно. Өнөөдрийн байдал ердөө энэ. Эдийн засагт эргэлдэж байх ёстой мөнгийг Төв банк инфляци гэдэг нэрийдлээр аваад байгаа юм. Зүйрлэвэл төр баруун гараараа зодож байснаа зүүн гараараа аргадах гээд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Брент” маркийн түүхий нефтийн ханш 1.2 хувиар өсчээ

“Брент” маркийн түүхий нефт-н зурган илэрц

Брент маркийн түүхий нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 1.2 хувиар өсч, нэг торх нь 65 ам.долларт хүрээд байна.

2020 оны нэгдүгээр сараас хойш Брент түүхий нефтийн ханш анх удаагаа 65 ам.долларт хүрч буй нь энэ юм. Энэ хооронд Америкийн Баруун Техас ангилалын түүхийн нефтийн үнэ 1.7 хувиар нэмэгдэж, нэг торх нь 62 ам.доллар болоод байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржийн арилжаанд өдөрт дунджаар 2000-2500 иргэн оролцож байна

2021 оны хоёрдугаар сарын байдлаар Монголын хөрөнгийн бирж/МХБ/-ийн арилжаанд өдөрт дунджаар 2000-2500 иргэн, ААН оролцож байна. Үүний 85-90 хувь нь МХБ-ийн гишүүн үнэт цаасны 9 компаниар зуучлуулан онлайнаар арилжаанд оролцож байгаа юм.

Монголын хөрөнгийн зах зээлд “Миллениум Ай Ти” систем 2012 онд нэвтэрснээр хөрөнгө оруулагчид гар утас, компьютер, таблет гэх мэт дурын цахим төхөөрөмж ашиглан онлайнаар арилжаанд шууд оролцох боломжтой болсон.

Улмаар жил ирэх тусам онлайнаар арилжаанд оролцогчдын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, 2019 онд МХБ-ийн арилжаанд оролцож буй хөрөнгө оруулагчдын 33 хувь, 2020 онд 70 хувь нь онлайнаар оролцсон гэсэн судалгаа байна.

Ийнхүү Ковид-19 цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэд, аж ахуй нэгжүүд цахим хэрэглээнд шилжиж, үнэт цаасны арилжаанд оролцож байгаа нь цаашид хөрөнгийн зах зээл тэлэх, хөгжих явцад эерэгээр нөлөөлж, иргэдийн идэвх оролцоо, сонирхол нэмэгдэх чухал хөшүүрэг болж байна гэж МХБ-ээс мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Зэсийн үнэ огцом өсөхөд нөлөөлсөн шалтгаануудын нэг нь Хятадын эдийн засгийн хурдтай сэргэлт

-ЗЭСИЙН ҮНЭ ЭНЭ ЖИЛ 7000-8000 АМ.ДОЛЛАР ОРЧИМД ХАДГАЛАГДАНА ГЭСЭН ХҮЛЭЭЛТ БИЙ-


“Голомт” банкны ахлах эдийн засагч Г.Батзоригтой зэсийн зах зээлийн талаар ярилцлаа.


-Зэсийн үнэ 8400 ам.доллар давчихлаа. Ханш өссөн шалтгааныг сонирхуулаач?

-Зэсийн үнийн өсөлтөд нөлөөлсөн гурван шалтгаан бий. эхний шалтгаан нь Хятадын эдийн засагтай холбоотой. Урд хөршийн эдийн засаг хурдтай сэргэж яваа. Энэ өсөлтийг дагаад гангийн үйлдвэрлэл нэлээд нэмэгдэж байна л даа. дараагийн шалтгаан нь нийлүүлэлттэй хамаатай. Зэсийн гол нийлүүлэгч Чилид цар тахал гарсан, цар тахлын тархалт нэлээд өндөр идэвхжилтэй байгаа. ийм шалтгаанаар нийлүүлэлт талдаа доголдол үүсчихлээ. Өөрөөр хэлбэл, нэг талдаа эрэлт өсөөд, нөгөө талдаа нийлүүлэлт буурсан зураг харагдаж байна. Зэсийн үнэ өсөөд байгаа нь цаанаа ийм учиртай. үнэ өссөн гурав дахь шалтгаан нь вакцинтай холбоотой. хөгжингүй орнуудад вакцинжуулалт хийгдчихлээ. Вакцинжуулалт тойрсон энэ мэт эерэг мэдээ эдийн засагт эерэг хүлээлтийг хаа сайгүй бий болгож байна. Гадны томоохон банкуудын хүлээлт нэлээд өндөр байна.

-Зэсийн үнийн өсөлтөд Хятадын зах зээлийн сэргэлт, Чилийн нийлүүлэлтийн доголдол, ковидын вакцинжуулалт эерэгээр нөлөөлсөн юм байна. Ер нь зэсийн үнэ ханш өнөө жилийн хувьд хэр байх бол, ямархуу таамаг голлож байна вэ?

-Зэсийг эдийн засгийн доктор гэж тодотгодог. Эдийн засаг унавал зэсийн ханш урьдчилж унадаг, эдийн засаг сэргэх нөхцөл бүрдвэл урьдчилж өсдөг онцлогтой учраас ингэж тодотгодгийг та мэднэ. дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагын таамгаар бол зэсийн үнэ тогтвортой байх зураг харагдаж байна. Бүр тодруулж хэлбэл, 7000-8000 ам.доллар орчимд хадгалагдчих болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

-Өнөө жил зэсийн ханш өндөр байна гэдэг манай эдийн засагт эерэг мэдээ л дээ. Төсөвт зэсийн ханшийг хамаагүй багаар төсөөлсөн байгаа. Тэгэхээр манай улс зэсийн баяжмалын экспортоосоо төсөөлснөөс их хэмжээний орлого олох нь ээ?

-Төсөвт зэсийн үнийг 6500 ам.доллараар тооцсон гэхээр манай улс зэсийн баяжмалын экспортоос төлөвлөснөөсөө их хэмжээний орлого олох нь тодорхой харагдаж байна.

-Цахилгаан машины үйлдвэрлэлийн огцом өсөлт гэх мэт цөөнгүй шалтгаан урт хугацаанд зэсийн хэрэглээг өсгөнө, тэр хэрээр ханш нь өснө гэсэн таамаг голлож байна л даа. Зэсийн эрэлт нь нийлүүлэлтээ давах тэр үед Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орох багцаа бий. Ингээд харахаар зэс урт хугацаандаа Монголын эдийн засагт аврагч хэвээр байх нь ээ?

-Таны хэлж байгаачлан цахилгаан машин болон цахилгаан бүтээгдэхүүний хэрэглээ, үйлдвэрлэл огцом өснө, тэр хэрээр зэсийн эрэлт өндөр өсөлттэй байна гэсэн таамаглал бий. Үүнээс гадна өөр нэг том шалтгаан байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Парисын хэлэлцээрт дахиж нэгдэхээ зарлаж, дулаарлын эсрэг том бодлогууд хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Энэ бүх бодлого зэсийн хэрэглээг нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байгаа. Товчхондоо ойрын гурав, дөрвөн жил, цаашдаа арав, хорин жилийн хугацаанд зэсийн хэрэглээ өсөхөөр харагдаж байна. Оюу толгой төслийн тухайд өнөө жил зэсийн баяжмал дахь алтны агууламж хоёр дахин нэмэгдсэн. Тэгэхээр энэ жилийн орлого нь өндөр байх болов уу.

-Хятадын эдийн засгийн сэргэлт нүүрсний үнэд ч эерэгээр нөлөөлөх нь тодорхой болчихлоо. Гэхдээ нүүрсний хувьд цаг алдахгүй ашиглахгүй бол урд хөршийн, ер нь дэлхийн том гүрнүүдийн ногоон бодлого эрчимжих хэрээр үнэ цэнээ алдаж магадгүй гэсэн болгоомжлол сонсогддог…?

-Тийм л дээ. Дотоод эдийн засгийн хувьд зэс нүүрс хоёрыг сөргүүлж тавих нь зүйтэй болов уу. Нэг талд нүүрсээ даруйхан ашиглахгүй бол хэрэглээ нь хумигдах нь цаг хугацааны асуудал болчихсон. Гэтэл нөгөө талд зэсийн эрэлт урт хугацаандаа улам өсөх зураг харагдаж байгаа.

-Зэсийн зах зээл урт хугацаандаа улам гялалзана гэснээс Оюу толгойн хувьд томоохон гэрээ хэлцэл тойрсон хэлэлцээрүүд улс төрийн түвшинд ид өрнөж яваа. Мега төсөл тойрсон хэлэлцээртээ ухаалаг хандвал урт хугацаандаа эдийн засаг огцом тэлэх боломжтой гэж хэлэх эдийн засагч цөөнгүй байна…?

-Таны хэлсэнтэй санал нэг байна. Зэсийн зах зээлийн ирээдүйг шинжээчид өөдрөгөөр таамаглаж байгаа. Бидний хувьд ийм нөхцөлд өмнөө тулгарсан асуудлаа шийдээд явчихвал эдийн засаг тэлэх том боломж бий.

-Зэс, нүүрс энэ жил эдийн засгийн гол аврал байх нь гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Хямралын үед сөрөг хөдөлдөг бүтээгдэхүүнийг бүрдүүлчихсэн байна л даа, манай улс. Санаатай ч биш санаандгүйгээр. Зэс нүүрс хоёр нэг чиглэлд хөдөлдөг. Алт эсрэг чиглэлд хөдөлдөг. Түрүү жил буюу өнгөрсөн хугацаанд биднийг аварч гарсан зүйл бол алт. Хямралын үед алт аврал болдог. Харин одоо алтны ээлж дуусч зэс, нүүрсний аврах цаг эхэлж байна.

-Алтны ханш өнгөрсөн жил хэдэн зуун хувиар өссөн. Яг хэчнээн хувийн өсөлт үзүүлсэн бол?

-Алтны үнэ ханшийн хувьд түрүү жил нийт дүнгээрээ 324 хувиар өссөн . Харин зэсийнх хасах нэг хувь, нүүрснийх хасах 15-20 орчим хувийн бууралттай байсан. Дахиад хэлэхэд зэс, нүүрсний аврах цаг одооноос эхэлж байх шиг байна.

-Тэгэхээр алтны ханш унана гэсэн үг үү?

-Алтны ханш мөддөө унахгүй байх. Төв банкууд бодлогын хүүгээ бууруулчихсан учраас валютаас авч буй өгөөж бага байгаа. Ийм учраас хөрөнгө оруулагчид алтаа барьчихсан хэвээр байна л даа.

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн үнэ 2012 оноос хойш дээд түвшиндээ хүрчээ

Зэсийн үнэ-н зурган илэрц

Лондоны металлын биржид өчигдрийн /2021.02.16/ байдлаар зэсийн фьючерс үнэ өсч, тонн нь 8400 ам.доллар давав. Шинжээчид зэсийн үнэ 2012 оноос хойш ийнхүү дээд түвшинд хүрч өссөнийг дэлхий дахинд вакцинжуулалт эхэлж, эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг болно гэсэн өөдрөг хүлээлт үүссэнтэй холбон тайлбарлаж байна. Мөн компаниудын хувьцааны ханш өсч, ам.долларын ханш суларсан нь зэсийн үнийн өсөлтөд нөлөөлжээ.

“Bloomberg Intelligence”-ийн шинжээчид, зэс олборлогч “Топ 25” компанийн олборлолтын төлөвлөгөөнөөс харахад энэ онд зэсийн зах зээлд хомсдол үүсч магадгүй гэж онцолж байна.

Америкийн “Goldman Sachs” группийн шинжээчид өнгөрсөн оны сүүлээр Зэсийн үнэ тун удахгүй түүхэн дээд үзүүлэлтэд хүрч магадгүй хэмээн таамаглаж байснаа мэдэгдсэн билээ.

Нийлүүлэлт тасалдаж, “ногоон” эдийн засгийн хөшүүрэг болох төлөвтэй байгаагийн зэрэгцээ БНХАУ Covid-19-өөс үүдэлтэй хямралаас хурдан сэргэж буйтай холбоотойгоор зэсийн үнэ өсч байна хэмээн шинжээчид тайлбарлаж буй юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 2.8 их наяд, валютынх 1 их наядаар өссөн байна

төгрөгийн хадгаламж-н зурган илэрц

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2021 оны нэгдүгээр сарын эцэст 24.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 (17.7 хувь) их наяд төгрөгөөр өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн мэдээллийг хүргэхдээ онцлов. Ийнхүү өсөхөд,

  • Валютын хадгаламж нэг (28.9 хувь) их наяд төгрөгөөр,
  • Төгрөгийн хадгаламж 2.8 (25.6хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Харин бага мөнгө (M1) 2021 оны нэгдүгээр сарын эцэст 3.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 322.4 (7.7хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 216.5 (5.9хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Бага мөнгөний задаргааг харвал,

  • 3.1 (80.8хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах,
  • 0.7 (19.2хувь) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байгаа аж.

Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө нэгдүгээр сарын эцэст нэг их наяд төгрөг болж, өмнөх сараас 15.2 (1.5хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 168.9 (20.2хувь) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ.

Төгрөгийн хадгаламж энэ оны нэгдүгээр сарын эцэст 13.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 218.1 (1.6хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.8 (25.6хувь) их наяд төгрөгөөр өсчээ.

Төгрөгийн хадгаламжийг ангилан харвал:

  • 89.4 хувь (12.2 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж,
  • 10.6 хувь (1.4 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж эзэлж байна.

Харин валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 58.2 (1.3хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс нэг (28.9хувь) их наяд төгрөгөөр өсчээ.

Бага мөнгө /М1/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлно.

Мөнгөний нийлүүлэлт /М2/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, төгрөгийн болон валютын харилцах, хадгаламж, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл, бага мөнгө болон бараг мөнгөний нийлбэрээр тодорхойлно. Зөвхөн цэвэршүүлсэн алтны харилцах дансны үлдэгдлийг хамруулах бөгөөд бусад үнэт металлын харилцах дансны үлдэгдлийг хамруулахгүй.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгоно

Монголбанк, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа “Бичил жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох” сургагч багш бэлтгэх сургалтыг цахимаар зохион байгуулжээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн 3.3-т “иргэд, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлнэ” гэж заасныг үндэслэн Монголбанкнаас бусад байгууллагуудтай хамтран дэд хөтөлбөр боловсруулан батлуулахаар ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд Монголбанк, ХХААХҮЯ, СЗХ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сан, БШУЯ-ны харья Насан туршийн боловсролын үндэсний төв, Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төв, МҮХАҮТ, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагуудын нийт 32 ажилтнууд сургагч багш бэлтгэх сургалтанд хамрагджээ.

Сургалтыг Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч, мастер сургагч багш Маркус Лох, тус сангийн ажилтнууд болон Монгол Улсын эксперт багш нар хамтран оржээ.

Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар нь цаашид БЖДҮ эрхлэгч нарт санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг хийхээс гадна дараагийн сургагч багш нарыг бэлтгэх юм байна.

Эх сурвалж: Монгол банк, Олон нийтийн боловсрол, мэдээллийн
төв

Categories
мэдээ эдийн-засаг

39.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг бүртгэхээр болжээ

Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар 15 асуудал хэлэлцэж, шийдвэрлэжээ. Энэ удаад “Сүү” ХК-ийн нэмж гаргасан хувьцааг олон нийтэд танилцуулж, анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулах хугацааг дахин сунгахын зэрэгцээ “Юнити ассет менежмент ҮЦК” ХХК-ийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэхээр болсон байна.

Коронавируст халдварын цар тахлаас шалтгаалж улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаа цаг үед төрөөс “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аар дамжуулан цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны зээлд хамруулах ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ дагуу хуралдаанаар “НОСК хоёр ТЗК” ХХК-ийн 447 түрээслэгчийн 39.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэжээ.

Хуралдаанаар мөн нэр бүхий нэг аж ахуйн нэгжид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хоёр аж ахуйн нэгжид банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх болон банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нэмж олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн хоёр хуулийн этгээдэд урт хугацааны болон ердийн даатгалын актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх, 6 хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар, хоёр аж ахуйн нэгжийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

ЗГ: 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд багтсан төсөл, хөтөлбөрүүд

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Хурлаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлах тухай хэлэлцэв.

Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээхэд 10 их наяд төгрөг зарцуулахаар болоод байгаа билээ. Тэгвэл “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө“-нд:

– Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл

– Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг

– Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг

– Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг

– Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг

– Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан юм.

Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”. Үүнийг үр дүнтэй хийхгүйгээр төлөвлөгөө хэрэгжих боломжгүй учир онцгой анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад санууллаа. Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Эдийн засгийн Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоор ахлуулан байгуулав.

Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшаад байна. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: zasag.mn

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Отгочулуу: Улстөрчид Оюу толгойн хэлэлцээрт сууж байгаа залууст яг одоо галын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй

-У.ХҮРЭЛСҮХ, Ж.ЭРДЭНЭБАТ ХОЁР ДУБАЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛУУЛАХ ЗОРИЛГООР ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАЖ БАЙСАН-


“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан, эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Та “Дубайн гэрээг цуцлах ёстой юу” гэсэн сэдэвтэй хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Ганбаатартай мэтгэлцсэн. Уг нь гэрээ биш санхүүжилтийн төлөвлөгөө. Д.Жаргалсайхан эдийн засагч олонд танигдсан нэршлийг зориуд сонгосон шиг санагдсан. Хэлэлцүүлгийг сонирхсон хүмүүст таны байр суурь хэтэрхий сул, С.Ганбаатар гишүүн асуудлаа мэддэг юм шиг сэтгэгдэл төрүүлчих шиг болсон…?

-Би тэр мэтгэлцээнд Дубайн төлөвлөгөөг танилцуулах гэж очсон. Харамсалтай нь С.Ганбаатар гишүүн улстөржүүлчихсэн л дээ. Сошиал дээр нэвтрүүлэг дуусахаас ч өмнө дайралтууд ороод ирчихсэн байсан. Тэгэхээр цаанаасаа зохион байгуулалттай, анхнаасаа бэлтгэлтэй байсан юм билээ. Миний хувьд юу ч ярьсан ялагдах нь тодорхой байж гэж харсан. Хоёрдугаарт, мэтгэлцээнийг цаг гучин минут үргэлжлэх болов уу гэж бодож байтал 55 минут л болсон. Гуравны хоёрт нь С.Ганбаатар гишүүн байр сууриа илэрхийлсэн. Ер нь их аархуу хүн байна лээ. Би уг нь таван минутын хугацаагаа бүтэн авсан бол оюу толгойг түүхээр нь ярья гэсэн төлөвлөгөөтэй очсон юм. Бидний яриад байгаа Дубайн гэрээ буюу Дубайд гарын үсэг зурсан гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө 2011 оны гэрээнээс яагаад огт өөр вэ гэдгийг ярих гэж байсан. Макро эдийн засаг, гуравдагч хөрш, Дубайн өгөөжийг ярья гэж очсон.

-Цаг дууссан учраас ярьж амжаагүй юу, эсвэл ярих боломж огт олгосонгүй юу?

-Ярих боломж ч олдсонгүй, цаг ч дуусчихсан. Шуудхан хэлэхэд, өгөөжтэй нэвтрүүлэг болж чадсангүйд харамсаж байна.

С.Ганбаатар гишүүнийг нягтлан бодохын түвшинд санхүүгийн тайлан ярьсаар мэтгэлцээнийг дуусгана гэж бодоогүй. Илүү том түвшинд, макро эдийн засаг, геополитик, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт гэх мэт өргөн хүрээнд ярих болов уу гэж бодсон. Учир нь Дубайн төлөвлөгөө цуцлагдах юм бол макро эдийн засагт маш аюултай байдал үүснэ. Наад захын факт гэхэд л Дубайгаар 40 тэрбум ам.долларын нэмэлт өгөөж бий болсон юм. Дубайг хүчингүй болгочихвол энэ өгөөж алга болно. Үүнийг ойлгоосой гэж бодож очсон юм. Гэхдээ би нэг зүйлд баяртай байгаа. С.Ганбаатар гишүүн 34 хувиас татгалзаж, рояалтигаар сольё гэдгийг дэмжих хандлагатай байна гэж би хувьдаа ойлгосон. Энэ бол байж болох зөв, бүтээлч шийдэл.

-С.Баярын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийг хийж байхдаа өнөөдрийн маргааны гол сэдэв болсон 34 хувийг эзэмшихгүйгээр татвар, хураамжаа тултал аваад явья гэсэн байр суурьтай байсан ч С.Ганбаатар тэргүүтэй улстөрчдийн шахалт, шаардлага Оюу толгойд Монголын засаг хувь эзэмших шалтгаан болсон шиг санагддаг…?

-Би яг наад өнцөг дээр чинь С.Ганбаатар гишүүнийг гайхаад байгаа юм. Байр суурь нь яагаад огцом өөрчлөгдчихөв өө гэж. С.Ганбаатар гишүүн Англид сурч ажиллаж байсан хүн. Англи, Монголын парламентын эмхэтгэлд намтраа бичсэн байна лээ. Англичуудаас маш ихийг сурсан, англичуудыг шүтэж явдаг гэж ирээд бичсэн байсан л даа. Англи бол парламентат ёс үүссэн газар. Парламентын гишүүн хүн парламентаас шийдвэр гарсан л бол үг дуугүй дагадаг жишиг дэлхийд үйлчилдэг. Дубайн төлөвлөгөө бол С.Ганбаатарыг гишүүн байх үед л УИХ-аас батлагдсан шийдэл. Товчхондоо УИХ-ын гишүүн хүн парламентын сонгодог зарчмаа дагах ёстой, монголоор хэлбэл жаахан ёс зүйтэй, хударгатай болмоор байгаа юм. Дахиад хэлэхэд, парламентын гишүүн байсан хүн парламентын шийдвэрийг дагаад явах ёстой. Монгол бол парламентат засаглалтай, төрт ёсны тогтолцоотой улс. Асуудлыг гудамжинд гарч шийддэг жишиг тогтчихсон дарангуйлалтай, дайн самуунтай улс биш. Монголоор дүүрэн асуудал байна. Тэр болгонд гишүүд нь талбай дээр гарч өлсөөд, Хууль зүйн сайд нь очиж аргадаад аж төрвөл УИХ, Засгийн газартай оршихын хэрэг байна уу.

-Мэтгэлцээний сэдэв Дубайд гарын үсэг зурсан гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах уу үгүй юү гэдэгт чиглэсэн. С.Ганбаатар гишүүнийг Дубайн төлөвлөгөөтэй ямар ч холбоогүй нягтлангийн түвшний зүйл ярьсаар мэтгэлцээнийг дуусгасан гэж та сая хэллээ. Уг нь мэтгэлцээнийг хөтлөгч нь асуудлаа мэддэг, мэдэрдэг эдийн засагч хүн. Мань эрд онцолсон сэдэв рүүгээ хөтлөх боломж баймаар санагдах юм, тийм оролдлого хөтлөгчийн зүгээс анзаарагдсан уу?

-Би Германд төгссөн хүн учраас цаг тоологч аппликэйшнтэй очсон. Надад ногдох хугацаа буюу таван минутыг бүрэн гүйцэд өгөөгүй. С.Ганбаатар гишүүн найман минут ярьсан үе ч байсан, гэхдээ яахав би энэ хандлагыг нэг их сүртэй хүлээж аваагүй. УИХ-ын гишүүнд ярих юм илүү бий гэж бодсон байлгүй дээ.

-Мэтгэлцээнд орж байгаа тохиолдолд С.Ганбаатарын УИХ-ын гишүүн байх хэнд ч хамаагүй, оноосон сэдвийн хүрээнд мэтгэлцүүлэх тал руу чиглүүлэх нь хөтлөгчийн мэдлийн хэрэг л дээ…?

-Уг нь тийм. Дөрөвдөгч засаглалын эрх нөлөө гэж бий. УИХ-ын гишүүн чуулганы танхимд юу ч гэж ярьж болно. Хүн рүү яаж ч дайрч доромжилж, аархаж, дээрэлхэж болох байх. Дөрөвдөгч засаглалын хувьд эдийн засагт нөлөөтэй ийм чухал сэдэв дээр мэргэжлийн байх ёстой.

-С.Ганбаатар гишүүний яриаг Дубайн төлөвлөгөө рүү чиглүүлэх оролдлого хийсэн болов уу, тэр энэ гээд онцлоод хэлчих асуултаас нь сонирхуулаач?

-Яг Дубай руу чиглүүлж чадаагүй.

-Та ярианыхаа эхэнд Дубайн санхүүжилтийн төлөвлөгөө, хувь нийлүүлэгчдийн болон хөрөнгө оруулалтын гэрээнүүд хоорондоо ялгаатай, тэс ондоо тусдаа асуудал гэдгийг ойлгуулах гэж мэтгэлцээнд оролцсон ч тийм боломж олдоогүй гэж хэллээ. Энэ хоёр шийдвэр яагаад өөр хоорондоо маш том ялгаатайг манай уншигчидтай хуваалцаач?

-Хувь нийлүүлэгчдийн гэрээг ярихаас өмнө нэг түүхийг зайлшгүй ярих хэрэгтэй болдог. Эрдэнэтийн 50 хувийг хэн, хэрхэн 51 хувь болгосон бэ гэдэг түүхийг. Яг үнэндээ Да.Ганболд 1991 онд Эрдэнэтийн хувийг 51 хувь болгосон юм. Гэтэл Н.Энхбаяр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Эрдэнэтийн 51 хувийг 2003 онд өөрийгөө авчирсан гэж ярина лээ. С.Ганбаатар гишүүн сая мэтгэлцээнд орохдоо ч иймэрхүү утгатай үг унагасан. 1990 онд ЗХУ өөрсдөө хүнд байдалд орж хамтарсан үйлдвэрүүдээ авч явж чадахгүй учраас хувь эзэмшлээ нөгөө улсууддаа өгч байсан юм билээ. Манайхыг Эрдэнэт, төмөр зам хоёрынхоо хувийг ав гэхэд тухайн үед төмөр замыг удирдаж байсан хүнээс болоод төмөр замаа 100 хувь мэдэлдээ авч чадаагүй түүх бий. Тэр бол маш том алдаа байсан. Хэрвээ тэр үед төмөр замаа авчихсан бол өдийд хос замтай, барууны хөрөнгө оруулалт оруулаад ирчихсэн, Европ Азийг холбосон транзит болчих байсан л даа. Тэгсэн бол юун Оюу толгой, өчнөөн долларыг зөвхөн транзит тээврээсээ аваад явах байсан юм. Да.Ганболд тухайн үед Тэргүүн Шадар сайд байхдаа Эрдэнэт дээр хэлэлцээр хийж 49 хувийг 51 хувь болгосон гавьяатай. Эдийн засагч, орос хэлтэй хүн учраас гэрээ хэлэлцээрт идэвхтэй оролцож тэр боломжийг маш овжноор ашиглаж чадсан байдаг юм.

-С.Ганбаатар гишүүн “Н.Энхбаяр Эрдэнэтийн хувь эзэмшлийг 51 болгож нэмэгдүүлж чадсан. Эрдэнэтийн жишгээр Оюу толгойн 51 хувийг авах ёстой” гэсэн утгатай үг хэлчихлүү?

-Харин тийм утгатай үг хэлнэ лээ. Энэ бол маш буруу ойлголт. Эрдэнэт, Оюу толгойн гэрээнүүдийн тухайд нэг нь БНМАУ-ын үед, нөгөө нь Монгол Улсын үед байгуулагдсан. Ашигт малтмалын хуульд маш тодорхой нэг заалт бий. Хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийгээд орд болгож нөөцийг нь тогтоосон бол 34, төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн тохиолдолд 50 хүртэлх хувийг нь төр эзэмшиж болно гэж байгаа. Оюу толгойн гүний уурхайн нөөцийг хувийн хэвшлийн хөрөнгөөр тогтоосон учраас Оюу толгой дээр Монголын Засгийн газар 50 хүртэлх хувь эзэмших боломжгүй. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээн дээр яваандаа 50 хувь хүргэж болно гэсэн тохироо бий. Хувь нийлүүлэгчдийн гэрээ их сонирхолтой. Уг нь хөрөнгө оруулагч компаниудын хоорондын харилцааг зохицуулах гээд байгаа юм шиг. Гэтэл энэ гэрээнд бидний яриад байдаг өр өсдөг асуудлыг 2009 онд тусгачихсан. 2011 онд Сү.Батболдын Засгийн газар үүнийг нь тодорхой хэмжээнд өөрчилсөн. Хүүг нь багасгасан. Гэхдээ хүүг нь багасгасан ч үлдэгдэл өр нь тодорхой хэмжээнд өсөөд яваа.

-Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан хорь гаруй тэрбум ам.долларын өрийн тухай сошиалд хөндсөн байсан. Тэр постыг харсан уу, түүний хөндөөд байгаа энэ өр Дубайтай холбогдох уу?

-Харсан. 22 тэрбум ам.долларын өр гээд байгаа зүйл Дубайтай огт холбоогүй. Э.Баясгалангийн тухайд 34 хувиа хувь нийлүүлэгчдийн гэрээгээр авч байсан анхны өр хүүтэйгээ нийлээд 22 тэрбум болно гэдгийг тайлбарласан харагдсан. Гэхдээ үүн дээр нэг зүйлийг ойлгож харах хэрэгтэй. Гүний уурхай ашиглалтад орохгүй ч юм уу, орлого ашгаасаа ногдол ашгаа хуваарилахгүй тохиолдолд буюу хамгийн муугаар бодоход ийм байна гэсэн төсөөлөл, таамаг шүү дээ. Асуулттай холбоогүй ч гэсэн нэг юм хэлчих үү?

-Тэг тэг.

-ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалангийн хувьд үнэхээр туршлагагүйтсэн. Ингэж өрөөр, ногдол ашгаар айлгадаг тактик аль арван жилийн өмнөөс л явж байсан. Хэрвээ санаж байгаа бол 2015 онд УИХ дээр тусгай хуралдаан болсон. Тэр хурлын үеэр бүгд л энэ янзаараа бол ногдол ашиг хэзээ ч авахгүй нь гэж ярьж байсан. Бодит үнэн нь ийм байхад Э.Баясгалан гэж бүсгүй ногдол ашигтай холбоотой иймэрхүү мэдээллийг анх удаа сонссон мэт шоконд ороод, төрийн ажлыг фэйсбүүкээр хийгээд байх нь утгагүй л дээ. Төрийн ажлыг талбай дээр өлсгөлөн зарлаж хийх нь ч буруу жишиг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гэж бий. Компанийн аливаа төслийн нөөц, ТЭЗҮ-ийг баталгаажуулаад хэрэв стратегийн орд бол Уул уурхайн сайдын тушаалаар бүртгэж авдаг. Тэгж бүртгэж авсны дараа л албан ёсоор ашиглах ёстой болдог юм. Улстөрч байна уу, төрийн өмчийн компанийн ТУЗ-ийн гишүүн байна уу, ер хэн ч байсан албан ёсны мэдээ баримтад тулгуурласан бодит тоог л гаргаж ирэх ёстой. Гэтэл 22 тэрбум ам.долларын асуудал гаргаж ирээд нийгмээр нь талцуулчихлаа л даа. Цар тахлын үед ийм илүү хийрхэл хэрэггүй. Тийм учраас Э.Баясгалан, С.Ганбаатар хоёрт нэг зүйл хэлмээр байна. “Монгол Улс хуультай, төртэй, тогтолцоотой орон. Энэ бүхнээр шүүгдээд гарч ирсэн тоог барьж яриач” гэж уриалмаар байна. Тэгэхгүйгээр үүргэвч үүрч, чөлөөт хувцас өмссөн зургаараа чимсэн хувийн сошиал хуудсаараа дамжуулаад ийм том төслийн талаар тийм мэдэгдэл хийнэ гэдэг хэтэрхий мэргэжлийн бус харагдаад байна. Ганц Э.Баясгалан ч биш төр төлөөлсөн бүх хүнд улсынхаа эдийн засгийн гол нуруу болсон том төслийн талаар хэлэлцээрт орж, мэдэгдэл, байр илэрхийлэхдээ илүү мэргэжлийн байгаач ээ л гэмээр байна.

-Дахиад өнөө мэтгэлцээн рүү оръё. Уул уурхайн эдийн засагч нэг эрхэм С.Ганбаатар гишүүнийг илүү тооцоотой байлаа гэж үнэлээд Ч.Отгочулуу яалт ч үгүй ялагдлаа гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн харагдсан…?

-Мэдээллийн тэгш байдал гэж бий. Би Оюу толгойгоос гараад таван жил болж байна. Одоо ямар ч харилцаа байхгүй. Оюу толгой төсөлтэй холбоотой мэдээллүүдийг хэвлэлээс л авч байгаа. Миний зорилго анхнаасаа С.Ганбаатарынхаас өөр байсан. Би макро эдийн засагч. Тэр утгаараа макро эдийн засагт Оюу толгой ямар нөлөөтэй вэ, геополитикийн түвшинд нөлөө нь ямар болох тухай л ярих гэж очсон юм. С.Ганбаатарын хувьд УИХ-ын гишүүнийхээ давуу эрхийг ашиглаад элдэв тоо гаргаад ирсэн байх шиг анзаарагдсан. Хэлсэн тоонууд нь үнэн худал эсэхийг мэдэхгүй.

-Өлсгөлөн зарлах үедээ огт ач холбогдолгүй, харь хамаагүй баахан цаас хэвлэж барьчихаад улстөржсөн шигээ асуудалд хандсан байж ч магадгүй гэж үү?

-Магадгүй. Яагаад гэвэл Засгийн газар няцаагаад байсан шүү дээ.

-Бодитой тооцоонууд ч байсан байж болох юм…?

-Хэлж мэдэхгүй байна. Тэгсэн байлаа гэхэд УИХ-ын гишүүн гээд байгууллагын нууцад хамаарах тоонуудыг гаргаж ирэх нь зохисгүй үйлдэл. Ингээд байвал цаашдаа хөрөнгө оруулагчид бидэнд яаж итгэх юм. Ил гаргах, гаргахгүй юм гэж байна. Хоёрдугаарт, С.Ганбаатар гишүүний яриад яваа тэр асуудлаар “Эрдэнэс Оюу толгой”-д нягтлан гээд нэг хүн ажиллаж байгаа. Сангийн яаманд мэргэжилтнүүд бий. Эхэлж тэднийгээ дуудаад, тэр түвшиндээ ойлголцох хэрэгтэй. Оюу толгойн ТУЗ-д төсвийг нь батлаад санхүүгийн тайланг нь ажиглаад сууж байгаа хүмүүс бий. Дубайн төлөвлөгөөн дээр хүртэл тодорхой заачихсан. Зардал төсөв дээр Монголын талын хүн ахална гээд. Тэр хүмүүстэйгээ эхлээд уулзах хэрэгтэй. Миний ойлгож харснаар яг тэр үүргийг нь Э.Баясгалан гүйцэтгэж яваа юм шиг байна лээ. С.Ганбаатар гишүүний пүү паа гээд байгаа тооны хувьд санхүүгийн тайланд нь шинжилгээ хийгээд албан ёсоор гаргаж тавих хүн нь Э.Баясгалан. Харамсалтай нь Э.Баясгалан сүүлийн хэдэн жил Монголд амьдраагүй, хоёр жилийн өмнө амралтаараа ирээд буцсан шиг байгаа юм. Тэгэхээр яаж хяналт тавьж, нарийн ширийн тооцоо гаргах вэ дээ. Төгсгөлд нь онцлоход, мэдээллийн тэгш бус байдал байсан ч миний хувьд байр сууриа илэрхийлсэн. Нэгдүгээрт, байхгүй мэдээлэл яриад байна шүү гэдгийг нь сануулсан. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн ингэж яриад байдаг асуудал биш шүү гэж зөвлөсөн. Зүй нь УИХ-ын гишүүн хүн макро эдийн засаг ярьж, төрийн хүн шиг байх хэрэгтэй. “Эрдэнэс Оюу толгой”-н нягтлангийн хэмжээний асуудал яриад байж болохгүй.

-“Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүний тань хувьд асууя. “Оюу толгой”-н хувь нийлүүлэгчдийн гэрээнээс зайлшгүй эргэж харах ёстой заалт тохироо нь юу бэ, онцолж хэлэхээр сайн тохироонууд гэвэл юуг нь онцлох вэ?

-ТУЗ-д ажиллаж эхлээд хувь нийлүүлэгчдийн гэрээг онцгойлж сонирхох үед шоконд оруулах зүйлүүд байсан. Жишээ нь, менежмэнтийн төлбөр гэхэд бүх зардлын зургаан хувь гэж байсныг сүүлд Дубайн төлөвлөгөөгөөр хоёр дахин бууруулж гурван хувь болгож байлаа. Улирал бүр хүү бодох дээр лайбор дээр нэмэх нь 6.5 хувь гэдэг бол өндөр тоо. Хувь нийлүүлэгчдийн гэрээний тухайд засаглалын асуудлаа илүү хөндөх ёстой байтал үр өгөөжийн маш олон асуудлыг тусгасан байсан л даа. Хувь нийлүүлэгчдийн гэрээг өөрчилье гэсэн агуулгатай тулган шаардах бичгийг тухайн үед өгч байсан.

-Та ТУЗ-ийн гишүүнийхээ хувьд өгч байсан гэж үү?

-ТУЗ-ийн гишүүн болоогүй үедээ өгч байсан юм. Тэгэхэд нөгөө талаас “Оюу толгой”-н хувь нийлүүлэгчдийн болон хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-ын тогтоолуудтай нийцсэн гэсэн бичиг гаргаж өгсөн л дөө. Миний хувьд хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой гэж хардаг. Хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоогүй өөр нэг асуудал бий. Борлуулалтын орлогоос хоёр хувийг BHP авна гэж байсныг Дубайн төлөвлөгөөгөөр болиулсан.

-Дубайн төлөвлөгөөгөөр хувь нийлүүлэгчдийн гэрээн дэх асуудлуудаас нэлээдийг нь Монголын талд ашигтайгаар шийдүүлж чадсан гэж дүгнэж болох нь ээ?

-Тэгж дүгнэж болно. Дубайн төлөвлөгөөгөөр Хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотой асуудлуудыг цоожлох гэж үзсэн. Менежмэнтийн төлбөрийг тэглэнэ гэсэн саналыг нөгөө талд тавиад хүчтэй мэтгэлцээн өрнүүлж байж гурван хувь болгосон. Гэхдээ энэ бол маш том алхам. Үүнээс гадна Дубайн төлөвлөгөөнд бас нэг том тохиролцоонд хүрч чадсан. Монголын талын үр өгөөжийг 53 хувиас бууруулахгүй гэсэн тохироог хийсэн.

-Дубайн төлөвлөгөөг хийхээс аргагүйд хүргэсэн улс төрийн шалтгааныг учир мэдэх улс бол тоймлоод харчихдаг. Олон нийтэд энгийнээр тайлбарлаад өгөөч гэвэл та юуг онцлох вэ?

-Дубайн төлөвлөгөөний хувьд удаан хугацаанд яригдсан зүйл. Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс л хэлэцэгдэж эхэлсэн асуудал. Дубайн төлөвлөгөөг батлах болсон нэг том шалтгаан нь Ч.Улаан юм. Энэ хүн гурван сайдын ажлын хэсэгт байсан. Ажилдаа маш хайнга хандсан. Хааяа уулзахаар яг энэ Э.Баясгалан шиг “Улстөржинө шүү, гадагшаа гарч элдэв юм ярина шүү” гэсэн утгатай үг хэлдэг байсан л даа. Хоёрдугаарт, маш хүнд сурталтай журам баталсан. Өнөө компани нь улирал бүр цахимаар тайлангаа явуулна. Үүнээс гадна цаасаар бас өгнө. Цахимаар, цаасаар явуулсныг нь тулган баталгаажуулна. Ийм журам баталчихсан. Үүнийг зургаан улирал дараалж хийгээгүй тохиолдолд тухайн компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хариуцлагатай. Өөрөөр хэлбэл, компанийг татан буулгана гэсэн үг. Ч.Улаан сайдын журмыг биелүүлэх ёстой хэлтсийн дарга нар нь Оюу толгойн санхүүгийн тайланг хүлээж авахгүй яваад байсан асуудал бий. Авахгүй байгаа шалтгаан нь хариултгүй. Төрийн нарийн бичгийн даргаасаа асуу гэж хэлнэ. Төрийн нарийн бичгийн даргаас нь асуухаар сайдаас асуу гээд, сайдаас нь асуухаар Засгийн газрын хуралдаанаар оруулж шийднэ гэсэн хариу өгдөг байсан юм билээ. Тэгээд Засгийн газрын хуралдаанаар гурван удаа оруулж байж Оюу толгойн санхүүгийн тайланг хүлээж авч байсан түүхтэй. Үүнийг Дубай дээр протокол маягаар оруулсан л даа. Дубайн төлөвлөгөө хоёрхон үндсэн хэсэгтэй. Эхний хэсгийнх нь гол агуулгыг базвал “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ингэж маргацгаалаа, 30 гаруй асуудал гарч ирсэн шүү, энэ бүхнийг ингэж тэгж шийдвэрлэсэн” гэсэн протокол маягтай. Хоёр дахь хэсгийн хувьд ирэх долоон жил гүний уурхайг бүхэлд нь биш зөвхөн Хюго Дамметын нэгдүгээр үед ашиглагдахад шаардлагатай бүтээн байгуулалтын санхүүжилтийг л яаж хийх вэ гэдгийг зохицуулсан төлөвлөгөө. Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнээс ялгаатай нь үүн дээр ямар ч сайд суугаагүй. Зөвхөн тухайн компанийн хөрөнгө оруулагч талыг төлөөлсөн захирлууд л гарын үсэг зурсан. Хоёрт Монгол Улсын хууль, Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцүүлнэ гэсэн тов тодорхой заалттай.

-Нөгөө талаас гүний уур-хайн санхүүжилтийн төлөв-лөгөөг яаралтай баталж гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх удаа дараагийн шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргасан, Б.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нар УИХ, Засгийн газрын шийдвэр, шаардлагын дагуу үүрэг гүйцэтгэх маягаар ажилласан…?

-Тэгсэн. Тэр үед МАН-ынхан АН-ыг 17 хувийн өсөлттэй явсан эдийн засгийг хасах нэг рүү оруулчихлаа, Оюу толгой дээр хэт хатуурхлаа гэж баалж шахаж байсан түүх бий. Тухайн үед МАН-ын нэг эмэгтэй гишүүн Уул уурхайн сайдыг хүний амнаас гарахааргүй муухай үгээр доромжилж байсныг санаж байна. Тэгээд МАН-ынхан өөрсдөө гүний уурхайн бүтээн байгуулалтаа үргэлжлүүл гэсэн агуулгатай тогтоол гаргасан юм. Дараа нь дахиад нэг тогтоол гаргасан. Тэр тогтоолыг гаргаж гүний уурхайн бүтээн байгуулалтыг явуулахын тулд У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат хоёр Засгийн газарт орж ажилласан. Тэр хоёр цээжээрээ хамгаалаагүй бол Дубайн төлөвлөгөө хэзээ ч батлагдахгүй байсан. Засгийн газрын хуралдааны үеэр дэмжиж байснаа чуулганы хуралдаан дээр мэдэхгүй болоод явчихсан. Тэр үед үнэхээр гайхаж байсан. Дубайн төлөвлөгөөний тухайд УИХ-ын хоёр тогтоолтой учраас санаа зовох юу ч байхгүй. Тэр тогтоолуудыг сүүлд хүчингүй болгосон л доо. Гэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан.

-“Оюу толгой” дээр шийдэл тохироонд хүрэх нь эдийн засаг талаасаа ч, тусгаар тогтнолын хувьд ч амин хэрэгтэй. Бидэнд яг одоо ямар шийдэл байна вэ?

-92 дугаар тогтоолын дагуу хэлэлцээрээ сайн хийх хэрэгтэй. Сүүлд хэлэлцээрийн мэдээг анзаарахад “Рио тинто”-г төлөөлж гурван монгол залуу хэлэлцээрт орж байгаа юм билээ. Монгол залуус дэлхийд гэж яригддаг том төслийн хэлэлцээрийн ширээний хоёр талд сууж байгаа нь дэвшил шүү дээ. Одоо манай улстөрчид Оюу толгойн асуудлаар хэлэлцээрт сууж байгаа залууст галын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголын төлөө ажиллаж байгаад Б.Бямбасайхан шиг шоронд орохыг үгүйсгэх аргагүй. Би Б.Бямбасайханыг хэлмэгдсэнд харамсаж байгаа. Учир нь би чадварлаг залуусаа гаднаас авчрах зорилготой “Зөгийн үүр” хөтөлбөрийг 2009 онд хэрэгжүүлж, санаачлахад оролцоод явж байсан юм. “Зөгийн үүр”-ээр маш олон залуу ирсний нэг нь Б.Бямбасайхан. Энэ өнцгөөс нь харахаар өөрийгөө буруутгаж, гэмших сэтгэл төрдөг. Б.Бямбасайхан шиг асар их туршлагатай, гал усны гашуун зовлон үзсэн хүмүүсээ хэлмэгдүүлмээргүй байна.

-“Оюу толгой”-н хувьд хэрүүлийн алим болсон гол асуудал нь Монголын засгийн 34 хувь. Энэ хувийг манай тал эзэмшихэд голлох үүрэгтэй оролцсон улстөрчдийг нэрлээч гэвэл та хэнийг онцлох вэ?

-Н.Энхбаяр, С.Ганбаатар хоёрыг онцгой үүрэгтэй оролцож нөлөөлсөн гэж хардаг. Яг үнэндээ мордохын хазгай болгосон хүн бол Намбарын Энхбаяр өөрөө шүү дээ. 2003 оны арванхоёрдугаар сард Оюу толгойн ашиглалтын лицензийг нөөц нь тодорхойгүй, ТЭЗҮ нь байхгүй үед өгчихсөн. “Их өр”-ийг дардаг ардын баатар болох гээд ийм зүйл хийснээ одоо ярихгүй юм. Хамгийн их гай болсон, мордохын хазгай болгоход хамгийн их нөлөөлсөн хүмүүс одоо болохоор хамгийн ихээр дайрч яваад санаа зовж байна. Н.Энхбаярыг Оюу толгойд ашиглалтын лиценз өгснөөс бүр хойно буюу 2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулсан. 2010 онл ТЭЗҮ-ийг нь хүлээж авсан. Яг эрүүл саруул ухаанаар явсан бол эхэлж ТЭЗҮ-ээ батлаад дараа нь гэрээгээ байгуулаад, тэгээд лицензээ өгөх ёстой юм. Процесс анхнаасаа ингэж буруу явсан учраас мөнхийн хэрүүл үүсэх нь ойлгомжтой. Эдийн засгийн хүнд хэцүү үедээ, яах ч аргагүй болсон үедээ Оюу толгой төсөлтэй холбоотой том хэлэлцээр, тохироонуудыг хийсээр ирснийг та мэдэж байгаа. Ийм үед том дуугарахад маш хэцүү байх нь тодорхой. Маргаан тасардаггүйн бас нэг шалтгаан нь энэ л дээ.

-Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөрийн гол сэдэв болчихлоо л доо, Оюу толгой. Оюу толгойн хувьд гуравдагч хөршийн ганц том хөрөнгө оруулалт. Гуравдагч хөршийн гэх тодотголтой бусад компанийг хөөгөөд гаргачихсан түүх өнгөрсөнд хэд хэд бий. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтгүй байлгах бодлого хоёр хөршид байна гэсэн хардлагатай хүмүүс цөөнгүй таардаг л даа. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Оросууд өөрсдөө зарлачихсан шүү дээ. ЗХУ-ын задрал бол геополитикийн хамгийн том сүйрэл, гамшиг байсан учраас тэр үеийн нөлөөгөө сэргээнэ гэдгээ. БНМАУ-ын тухайд ЗХУ-ын колони байсан нь үнэн. БНМАУ-ын хамгийн сүүлчийн хаалтын балансаар жишээлье. Тухайн үед бид 10 тэрбум төгрөгийн эдийн засагтай байсан. Одоогоор багцаалдвал нэг сард худалдаалагддаг жипний л мөнгө. Тэр үед манай гадаад өр 10 тэрбум ам.доллар байсан юм. БНМАУ-аас ардчилсан Монгол улс болж төр солигдоход бид 10 тэрбум ам.долларын өртэй үлдсэн. Энэ бол эрүүл эдийн засаг биш. Колони байсан гээд ойлгочиход хэтрүүлсэн болохгүй. ЗХУ-ын үед бид тэдэнд баялгаа үнэгүй өгдөг байсан. Бүр хэдэн тэрбум ам.доллараар нь шүү. Ганцхан жишээ хэлье. Эрдэнэтийг 300 сая ам.доллараар барьсан гэж оросууд үнэлсэн байдаг юм. Гэтэл Эрдэнэтээс хамаагүй том Грасбергийг яг ижилхэн хугацаанд 70 сая ам.доллараар босгосон түүх бий. Эрдэнэт хотыг 300 сая ам.доллараар барьсан гэдэг. Үнэн хэрэгтээ 8000 ширхэг угсармал л барьсан. 2012-2016 онд бид өөрсдөө 80 мянган айлын орон сууц барьчихсаныг та мэдэж байгаа. Товчхондоо ОХУ ЗХУ-ын үед байсан улстөрийн эрх мэдэл, геополитикийн жин нөлөөгөө алдахыг хүсэхгүй байгаагаа ил тод зарласаар яваа. Хятадын сонирхлын хувьд эдийн засаг талдаа илүү болов уу. Хятадууд стратегиа шууд зарлаад явдаг. Стратегийг нь уншихаар гол сул тал нь зэс гэж харагддаг. Хятад нүүрсээр манайхыг гуйхгүй баялагтай. Газрын ховор элемент ч ялгаагүй, ямар ч асуудалгүй. Ганц асуудал нь зэс болчихсон. Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд нь есөн сая тоннын хүчин чадалтай, баяжуулах үйлдвэрүүд нь 1.2 сая тоннын хүчин чадалтай. Ингээд харахаар 7.8 сая тоннын хомсдолтой байгаа биз. Үүнийхээ тал шахуу хувийг нь баяжмалаар авч байгаа. Далайн замаар авдаг. Гэтэл Энэтхэг, Япон, Америк, Австрали зэрэг дээр далайн замыг нь боогоод эхэлж байна. Товчхондоо Хятадын гол асуудал нь зэсийн найдвартай хангамж болчихсон. Тийм учраас “Бүс ба зам” нь Пакистан, Африк руу явж байна. Тэндхийн эх орончдыг ашиглаж байна. Зэсийн уурхайнууд дээр нь аль болохоор хяналтаа тогтоох сонирхолтой байгаа. Өөрсдөө ч тэрийгээ нуухгүй яваа. Тийм учраас хоёр том хөршийнхөө нэгэнт ил хэлчихсэн сонирхлыг манай улстөрчид алсын бодолтойгоор анзаарах хэрэгтэй. Хоёр том хөрш маань Африкт ч тэр, Афган, Пакистан, Европт ч тэр эх орончдыг маш ихээр дэмжиж байгаа нь нууц биш. Янз бүрийн жагсаал, fake news зэргээс төвөггүй харчихаж болно. Америк, Герман, Австрийн сонгуульд хүртэл нөлөөлөх гэж оролдож байна шүү дээ.

-Оюу толгой дээр гол шийдвэрийг МАН засаглахдаа гаргачихаад одоо эргээд харахаар АН-ын голдуу гишүүдийг шоронд хийчихсэн анзаарагддаг. Дубай руу чиглэж онилоод байдаг нь цаанаа ийм шалтгаантай болов уу гэсэн хардлагыг улстөрчид хэлдэг. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?

-Манай МАН чинь коммунист угшилтай, коминтерн байгуулж явсан нам. Одоо ОХУ, Хятадын ах дүү намууд нь маш их туслалцаа үзүүлдэг. Тэгэхээр МАН-д хоёр давуу тал бий. Нэгдүгээрт дарангуйллын пропоганда хийдэг бэлэн машин өвлөөд авчихсан. Ямар ч тэнэг хүн тэр том аппаратад очсон хамаагүй, маш том нөлөөтэй байж чаддаг. Тийм учраас АН-ын залуус МАН-ынхантай эн зэрэгцэхийн тулд тав дахин их уншиж, тав дахин хүчтэй орилох хэрэгтэй болчихож байгаа юм. Жирийн нэг телевиз МҮОНРТВ-тэй өрсөлдөнө гээд төсөөл дөө. Яг үүнтэй адил зүйл. Хоёрдугаарт тэд либериал, ардчилсан үзэл, чөлөөт зах зээлийг харлуулаад сурчихсан технологитой улс. Тэгэхээр Оюу толгой дээр алдсан алдаагаа Дубай руу чихэх гээд чичирч байж мэднэ. Гэхдээ эд нар бас нэг том алдаа хийгээд байгаа. МАН “Бид хасах нэг хувьтай байсан эдийн засгийн найман хувь болгож өсгөсөн” гэсэн сурталчилгааг сонгуулийн өмнө хийсэн дээ. Гэтэл үнэн хэрэгтээ тэр өсөлт нь Дубай байсан. Гавьяаг нь хүртэх болохоороо Дубайг дурдахгүй хэрнээ АН-ыг буруутгаж харлуулах гэхээрээ Дубайг буруутгаад байгаа юм.

-TRQ саяхан шүүх дээр ялчихлаа. Хөрөнгө оруулагч талын хувьцаа эзэмшигч талуудын маргаан дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Анх гүний уурхайн бүтээн байгуулалтыг 5 тэрбум гаруй доллараар хийнэ гэж байгаад одоо 6.5 болчихсон яваа. Рио Тинто 1.5 тэрбумыг нь хувьцаа гаргаад босгочихъё гэсэн юм. Гэтэл TRQ нэмж хувьцаа гаргахгүй гэчихсэн. Нэмж хувьцаа гаргавал өөрсдийнх нь эзэмших хувьцаа жижигрэх учраас. Тийм шалтгаанаар хувьцаа гаргахаас татгалзаж алтыг нь урьдчилж зарах маягаар санхүүжилт босгоё гэсэн санал гаргасан юм. Алтаа урьдчилж зарах нь бидэнд ашиггүй. Алтаа урьдчилаад зарчихвал зэс хайлуулах үйлдвэр барих асуудал үлгэр болно. Яг энэ өнцөг дээр би “Рио”-гийн талд байсан. Ийм том улс төрд бид өөрсдөө орчихоод илүү ашигтай хувилбар санал болгож яваа “Рио”-гоо балбаад байна л даа.