Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй

Улсын Их хурлын гишүүн Сүхбаатарын Батболдыг луйварчин дээрэмчнээр нь дуудаад удаж байна. Өнгөрсөн хавраас эхлээд түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэх бор шувуу ниссэн юм. Төд удалгүй МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Сү.Батболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэмээн зарласан. Ингээд л Сү.Батболдыг байж болох бүхий л сэдвээр харлуулж, гутаан доромжлох их үйл хэргийг хэсэг бүлэг хүмүүс эхлүүлсэн. Бараг жил тойруу үргэлжилж байгаа энэ их хар пиар Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам улам “төгсөрч” байгаа. Тусгаар улсын иргэнийг гадны улсын шүүхээр шүүлгэх гэж хүртэл оролдож байна. Энэ хугацаанд үүнийг дагасан үнэн, худал нь мэдэгдэхгүй хичнээн ч их үйл явдал болж өрнөв. Ардчилсан улсын иргэн эх орондоо албан үүргээ гүйцэтгээд сууж байхдаа гадны шүүхийн шийдвэрээр шийтгэгдэх нь л дээ. Хэн нэгний дураар аль нэг улсын шүүхийн шийдвэрээр, тэр шийдвэр нь баталгаа, нотолгоотой эсэх нь тогтоогдоогүй үед ардчилсан улсын иргэнийг шийтгэнэ гэдэг тийм ч амар асуудал биш юм аа. Энэ нь зөвхөн хувь хүний бус улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудал байдаг. Тиймдээ ч энэ асуудал хууль номынхоо дагуу димломат шугамын хүрээнд шийдэгддэг учиртай юм. Харин юу юугүй барьж хорих нь гэж туйлширч, элдэв шар мэдээ цацаж байгаа нь явцгүй улс төр болохыг бэлхэнээ харуулж байна.

Түүгээр ч үл барам гадны сонин, сэтгүүлд Сү.Батболдын талаар элдэв нийтлэл, баримт дэлгэгдлээ гэх өнөөх улиг болсон арга хүртэл явж байгаа харагдана лээ. Гадны сонин, сэтгүүлд гарсан л бол ноцтой хэрэг, үнэн баримт гэж итгэдэг цаг ард хоцорсон. Монголчууд ийм жижиг улс төрд хууртахаа больсон. Эцэст нь Сү.Батболдыг намнах халуурал нь хэтийдэж аймаар баян гэж шүүмжилдэг боллоо. Энэ арай хэтэрч байна. Ухаандаа Хятад шиг хамаг баячуудынхаа хөрөнгийг хураан хоосолж орхиод, эзнийг нь буудах болж байна уу. Коммунист нам удирдаж байгаа болохоор хятадууд л баячууддаа ийм ааш аяг гаргадаг юм. Үүнийг нотлох олон жишээ бий. Саяхан л гэхэд Жек Ма дэлхийн тэргүүлэх баян гэгдэж байсан. Манайхан хөл алдаж, Их аварга Д.Дагвадорж хүртэл хүзүү, нурууг нь бариад гүйж байсан цаг тун саяхан. Гэтэл өнөөдөр тэр хэн болчихов, өнөөх хөрөнгө мөнгө нь юу болж хувирчихав. Байдаг хөрөнгөө улсдаа хураалгачихсан, өөрөө байгаа эсэх нь ч тодорхойгүй л байна шүү дээ.

Бид тэдэн шиг биш. Монгол Улс 30 жилийн өмнө хулганы хамарнаас ч цус гаргалгүйгээр ардчилал, эрх чөлөөг олж авч чадсан. Энэ бол бидэнд байгаа маш том боломж. Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй. Тиймээс одоо монголчууд нэгнээ баян, цатгалан гэж нүд үзүүрлэхээ боль оо. Ардчилсан Монголд энэ хориотой. Энэ нийгэмд чи ч, би ч, хэн ч баяжиж болно. Бид бүгдээрээ баяжих эрхтэй. Тэр хэмжээнээс дээшээ баяжиж болохгүй гэх хязгаар зааг огт байхгүй.

Сү.Батболдыг 300 сая ам.долларын хөрөнгөтэй, аймаар баян гэж цоллоод байгаа юм. Дэлхийн хэмжээнд 300 сая ам.доллартай хүн та бүхний хэлээд байгаа шиг аймаар баянд тооцогдохгүй ээ. Хамгийн багадаа нэг тэрбум ам.доллартай байж гэмээнэ дэлхийн хэмжээний хөрөнгөтөн гэгдэнэ. Ер нь баячуудаа элдвээр баалж, гоочилсон улс хөгждөггүй юм. Ингэж элдвээр чичлээд байгаа учраас л тэр баян гэх цол гуншинтай, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж суугаа нөхдүүд чинь Монголд хийж бүтээхийг урьтал болгохын оронд гадны орныг зорьж, амар жимэр хүсээд байгаа юм. Тиймээс бид хөрөнгө, мөнгөтэй нэгнээ баалж суухын оронд бахархдаг болох хэрэгтэй байна. Бүр тэднээс үлгэрлэж өөрсдөө баяжих хэрэгтэй. Баян болохын төлөө зүтгэдэг, хөдөлмөрлөдөг болох ёстой.

Дэлхийн хэмжээний баянтай буюу тэрбум ам.долларын хөрөнгөтэй таван хүнтэй болоход Монгол Улсын амьдрал их өөрчлөгдөнө дөө. Мэдээж тэд танд зүв зүгээр байхад тань таван цаас сарвайхгүй. Ийм үүрэг ч тэдэнд байхгүй. Гагцхүү тэд эх орондоо ажлын байрыг хэдэн арван мянгаар нь бий болгож, төрийн ачааг үүрэлцэх учиртай юм. Хүсвэл тэр ажлын байранд чи ажиллаж болно. Эс хүсвэл өөрөө баян болохын тулд шинийг эрэлхийлж, бусдаас илүү хөдөлмөрлөж баялаг бүтээгч, бизнес эрхлэгч болж болно. Баян болохын тулд залхуурахгүй, бусдаас илүү ихийг хийж, бүтээх хүсэл, эрмэлзэлтэй байх л чухал. Ердөө л ийм зарчимтай. Ингэсний чинь төлөө Монгол Улс чамд ямар нэгэн хорио, саад тавихгүй. Хөрөнгийг чинь хурааж, “аав”-ын хаалга татуулахгүй. Бид баячуудтай нийгмийг л байгуулах гэж яваа.

Үүнийг бид зөвхөн энэ цаг үед л хүсээд байгаа юм биш ээ. 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Монгол Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг Их жанжин Д.Сүхбаатар 1922 онд харьяат цэргүүддээ явуулсан бичигтээ “Ардын эрхтэй засаг байгуулах нь бурхан шашнаа хүндэтгэж, ард түмнээ амар туйл дор хүргүүлэн тэгш журамт, баян хүчирхэг улс болгох зорилготой” гэсэн утга төгөлдөр үгээ сонордуулж байж. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын Намын анхны дарга, Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч Солийн Данзан “Монгол Улс Швейцарь лугаа хөгжих ёстой” гэж тунхаглажээ.

Мөн Монгол Улсын ес дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан Пэлжидийн Гэндэн “Баяжих тун” хэмээн нийтэд уриалж, лоозон гаргаж байсан нь түүхийн хуудаснаа үлдсэн байна. Ингээд бодохоор бидний өвөг дээдэс 100 жилийн тэртээгээс л баян иргэдтэй, хүчирхэг улс орон болохыг зөгнөн, мөрөөдөж, хүсч тэмүүлж байжээ. Тэдний холыг харсан энэ хүсэл зоригийг тухайн үед үгүйсгэсэн. Бүр хэлмэгдүүлэх шалтгаан болгосон гашуун сургамж энэ намд бий.

Мэдээж Ардчилсан нийгмийн үр дүнд энэ төрийн зүтгэлтнүүдийн үзэл санаа жинхэнэ утгаараа биеллээ олж эхэлсэн. Энэ нийгэм иргэдийг баян, хөрөнгө чинээтэй болгох хөшүүрэг нь болдог. Түүнээс төрөөс сарвайсанд сэтгэл ханаж, хоёр идэхгүй, хоосон хонохгүйхэн шиг өдөр, өдрийг аргацааж явдаг арга ядсан нийгэм биш юм. Харин ч ядуу байгаагаа баалдаг болж, “Тэнгэр угсаат, хөх чоно, гуа маралын удам хөх толбот монгол хүн та хэзээ болтол ийм арчаагаа алдсан ядуу хоосон явах гээд байгаа юм бэ. Хүнээс хоол горьддог, хүнээр тэжээлгэх гэдэг, бүр болохгүй бол хүнээс булааж аваад амьдарна гэдэг зангаа боль” гэж загнадаг нийгэм шүү.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улс нэгдүгээр сард 108 улстай худалдаа хийжээ

Монгол улс энэ оны нэгдүгээр сард 108 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 639.9 сая, импорт 458.8 сая ам.долларыг эзэлж байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 166.4 (17,8 хувь) сая, экспорт 180.9 (39,4 хувь) сая ам.доллароор өссөн бол импорт 14.5 (3,1 хувь) сая ам.доллароор багасжээ. Харин өмнөх сарынхаас экспорт 81.3 (11,3 хувь) сая ам.доллароор багасаж, импорт 51.5 (12,6 хувь) сая ам.доллароор өслөө.

Гадаад худалдааны тэнцэл 2020 оны нэгдүгээр сард 14.3 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 195.3 сая ам.доллароор өсөж, 181.1 сая ам.долларын ашигтай байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

БНХАУ-тай өнгөрсөн нэгдүгээр сард 750.5 сая ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 68,3 хувийг эзэллээ. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 34,3 хувийг чулуун нүүрс, 32,8 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Сингапур улсад экспортолсон барааны 99,0 хувийг чулуун нүүрс, ОХУ-д экспортолсон барааны 92,3 хувийг жонш эзэлж байна.

Экспорт өмнөх оны мөн үеийнхээс 180.9 сая ам.доллароор өсөхөд зэсийн баяжмалын экспорт 80.2 сая, нүүрсний экспорт 17.8 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв.

Импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл, 2021 онд БНХАУ 34,6, ОХУ 29,1, Япон Улс 8,8, БНСУ 3,9, ХБНГУ 3,7 хувийг эзэлж, нийт импортын 80,1 хувийг бүрдүүлж байна.

ОХУ-аас импортоор оруулсан барааны 56,4 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 73,0 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 6,8 хувийг цахилгаан эрчим хүч, 8,2 хувийг ачааны тэрэг, 85,0 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзлэв.

Импорт өмнөх оныхоос 14.5 сая ам.доллароор багасахад автобензиний импорт 15.2 сая, дизелийн түлшний импорт 19.7 сая ам.доллароор багассан нь нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, хүнсний бэлэн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 92,6 хувийг эзэлсэн бол импортын 64,1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Эдийн засаг агшиж, ажлын байр огцом буурсан энэ үед НДШ-ийг нэмнэ гэдэг цагаа олоогүй шийдэл

МҮЭХны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.


Нийгэм, эдийн засаг хэцүү байгаа энэ үед нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, 26 хувь болгосныг иргэд эсэргүүцсээр байна. Энэ нөхцөл байдал хөдөлмөр эрхлэгчдэд ямар дарамт учруулах талаар ярилцлагаа эхэлье?

-Нэгдүгээр сарын 1-нээс төсөв төрийн, орон нутгийн өмчит болон 2020 оны гуравдугаар сараас хойш шимтгэл төлж эхэлсэн хүмүүс дээр хоёр хувь нэмэгдэж байгаа. Мөн долдугаар сарын 1-нээс бусад бүх шимтгэл төлөгч нар нэмэгдсэн дүнгээр төлнө. Эдийн засаг агшсан, ажлын байр огцом буурч, орлого буурсан үед цагаа олоогүй шийдэл гэж харж байна.

-“Тэтгэвэр тогтоолгохоос өмнө нас барж байгаа тохиолдолд тухайн иргэний насаараа төлсөн мөнгө нэгдсэн сангийн өмч болдог. 40 жил төлчихөөд 300 мянган төгрөгний тэтгэвэр авах маш хэцүү. Нийгмийн хамгааллын тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй байнагэж та хэлж байсан. Энэ тухай ярилцлагаа үргэлжлүүлье?

-Манай эрчүүдийн 50 хувь нь хөдөлмөрийн насандаа буюу 16-59 насны хооронд нас барж байна.

Эмэгтэйчүүдийн 24 хувь нь 16-гаас 55 насандаа нас барж байна. Энэ нь тэтгэврийн өгөөжөөсөө нэг ч төгрөг хүртэж чадахгүй байна гэсэн үг. Тэтгэврийг өвлүүлэх нэрийн дансны мөнгийг нь нас барвал үлдэгдлийг нь ар гэрт нь олгох шударга тогтолцоог бид олон жил ярьж байна. Ямар ч байсан өвлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хэрхэн яаж хийх гээд байгаад гол учир байна.

Тэтгэврийн тэтгэмжийг тогтоохдоо дундаж нь таван жил байсныг долоон жил болгож сунгасан. Энэ нь тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдэд хохиролтой байна л даа?

-Нэг юм шийдэх гэж байна гээд нөгөө дийлэнх хэсгийг нь хохироох шийдвэр юм л даа. Сангийн сайдын санаачилга гэж ойлгосон НДҮЗ-тэй зөвшилцөөгүй юм билээ. Долоон жилийн өмнөх үнээр талхаа авч идэхгүй биз дээ. Тэтгэвэр ойролцоогоор арав орчим хувиар бага тогтох эрсдэлтэй.

МҮЭХноос энэ сарын 3-ны өдөр НДШийг хоёр хувиар нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж УИХын дарга Г.занданшатар, Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тус тус мэдэгдэл хүргүүлсэн. Эргээд ямар нэгэн хариу авсан уу?

-Тодорхой хариу ирээгүй байна. Ямар ч байсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тодорхой шийдэл гаргаж хүнд үед нэмэх нь буруу, тэтгэврийн шинэчлэлээ хийж зохицуулах тал дээр уулзалт хийсэн.

Мөн МҮЭХноос нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмснийг эсэргүүцэж хоёрдугаар сарын 22-ны өдөр цахимаар жагсаал хийсэн. Үүнд МҮЭийн холбооны 36 гишүүн байгууллага болох мэргэжлийн 14 салбар, аймаг, нийслэлийн 22 үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид нэгдэж энэхүү цахим жагсаалд оролцсон байна лээ?

-Тийм. Гишүүдийн санал шаардлагыг бид төр засаг, шийдвэр гаргагчдад хүргэх ажлыг хийх үүрэгтэй. Цар тахлын үед хууль дүрмээ хүндэтгээд дуу хоолойгоо хүргэж байгаа хэрэг. Бид анхнаас нь дэмжээгүй. ОУВС-ын хөтөлбөр дууссаны дараа дахин авч үзэж нэмэхгүйгээр тэтгэврийн өгөөжөө нэмэгдүүлье өвлүүлье, алдаануудыг засах байх гэдэг хүлээлт байсан. 2019 онд бид бас тэмцэж байж хойшлуулах шийдвэр гаргуулж байсан. Ер нь УИХ хаврын чуулганаар уг асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ дөрвөн сар болгож хойшлуулмааргүй байна. Ийм хүнд үед УИХ бүтэн сар гаруй амраад баймааргүй юм, онцгой нөхцөлөөр яаралтай шийдэх хэрэгтэй байна.

УИХ ын зарим гишүүд хувийн тэтгэврийн сангийн тухай хууль санаачилсан байсан шүү дээ?

-Боломжтой хуулиудыг нь дэмжиж байгаа. Харин эрсдэлийг нь тооцох гэх мэт сайжруулах хэрэгтэй зүйлүүд байна. Тэтгэврийн шимтгэлийн дөрвөн хувийг нь албан журмаар сайн дураар тусдаа нэмэлт сан хэлбэрээр хуримтлуулах, 100 хувь өвлүүлэх, эрсдэлтэй үед авч болох гэх мэт сонголттой юм билээ. Уг нь хуримтлуулж байгаа бүх сангаа л ийм загвараар хийвэл иргэдэд ээлтэй. ХНХЯ-нд бид тодорхой саналуудаа өгсөн, тэтгэврийн хуримтлалын сангаа иргэд өвлөдөг болохоор зохицуулахаар төсөл бэлдсэн гэж бодож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ө.Ганзориг: Ах нарын 30 жилийн туршид бүтээсэн зэрлэг капитализмыг засах боломж нь бидний үед байна

– МОНГОЛБАНК ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ЧАНГАРУУЛАХ БОДЛОГО БАРИХ ЁСТОЙ, ТЭГЖ БАЙЖ ИРГЭД ТӨРДӨӨ ИТГЭДЭГ БОЛНО –


Эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Ерөнхий сайдад эдийн засагчдаа төлөөлж хандсан захиасыг чинь мэдээллийн сайтаас харсан. санхүү, боловсрол гээд олон салбарт реформ хэрэгтэй гэсэн агуулга анзаарагдана лээ. тийм олон салбарт реформ хийхээс аргагүйд хүрчихсэн хэрэг үү?

-Шууд хэлэхэд тийм. Мэдээж би бүх эдийн засагчийг төлөөлж чадахгүй. Гэхдээ нөлөө бүхий эдийн засагчдыг төлөөлж Ерөнхий сайдад захиас бичсэн. Бидний гол асуудал бол засаг төрийн тогтворгүй байдал. Засгийн тогтворгүй байдал иргэдийг чирэгдүүлээд зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх гол хүчин зүйл болдог. Засаг төр нь, хүн нь солигдоод байхаар бодлого нь байнга өөрчлөгддөг гэмтэй. Есөн сарын хугацаатай бодлого гэж юу байхав. Есөн жилээр ч юм уу урт хугацаанд хэрэгждэг зүйлийг бодлого гэдэг. Ер нь манай улс төрийн намууд ямар ч бодлогогүй, албан тушаал авах гэж УИХ-ын сонгуульд оролцдог, ялалт байгуулдаг гэдэг нь харагдаад байна. Нэг нам засаг барих үед нэг салбарын яаманд гурван өөр сайд томилогдоход гурван өөр бодлого явагддаг нь хэнд ч ил үнэн. Эрүүл мэнд, боловсролын систем, санхүүгийн тогтолцоо баян хоосны ялгааг улам өөгшүүлж байгаа нь ч нууц биш. Ийм асуудлууд жил ирэх тусам ужгирсаар яваа нь эдийн засагчдын санааг зовоож байна. Уг нь бидний байгуулсан ардчилсан тэгш боломж олгодог нийгэм байх ёстой. Өмнө нь Хэнтий аймгийн Бэрх суманд Оюун-Эрдэнэ гэдэг хүүхэд төрөөд Ерөнхий сайдын суудалд хүрч болж байна. Ганзориг гэдэг залуу Батсүмбэр суманд хонь хариулж яваад Монголын хамгийн том даатгалын компани байгуулж болж байсан. Одоо бол тэгэх боломжгүй.

-Жирийн иргэний хүүхэд компанийн захирал, сайд дарга болох боломжгүй нийгмийг бүтээчихсэн гэдэгтэй эрх баригчид лав санал нийлэхгүй байх…?

-Ах нар тийм нийгмийг бүтээчихсэн шүү дээ. Шинэ Ерөнхий сайд маань ийм систем дээр засгаа удирдаад ажиллаж яваа. Үүнийг өөрчлөх эсэх нь манай үеийнхний сонголт. Би Ерөнхий сайдад өгсөн захиасдаа чухал асуудалдаа анхаарлаа хандуулъя л гэсэн. Гучин жилийн туршид ах нарын бий болгосон хэрцгий системийг, зэрлэг капитализмыг засах шанс нь бидний үед байна, засч чадахгүй бол Долоон буудалд, Хэнтий аймгийн Бэрх суманд, Төв аймгийн Батсүмбэрт өсч байгаа хүүхдэд ямар ч боломж байхгүй хэвээр аж төрнө гэдгийг л ойлгуулахыг хүссэн. Төрөхдөө л боол төрж байгаа юм шиг тийм аймшигтай нийгмийг бид бүтээчихсэн.

-Таны хэлж байгаа гашуун ч гэлээ үнэн л дээ. Өнгөрсөн 30 жилд бүтээчихсэн энэ гажуудлыг засахын тулд хамгийн түрүүнд яах ёстой гэж та харж байна?

-Юуны өмнө намаа шинэчлэх хэрэгтэй. АН-ын залуус намынхаа удирдлагыг авна гээд явж байгаа нь зөв. Нам бол ашиг сонирхлын байгууллага биш, итгэл үнэмшлийн байгууллага. МАН-ын удирдлага Л.Оюун-Эрдэнэ гэдэг залуу руу шилжиж байна. Үнэхээр шилжиж байгаа бол МАН-аа итгэл үнэмшлийн байгууллага болгож өөрчлөх хэрэгтэй. Монгол үндэстэн, Монголын төр 2000 жилийн түүхтэй бол МАН 100-хан, АН 30-хан жилийн түүхтэй. Монгол үндэстэн, монгол төр гэдэг юмыг 100-хан жилийн түүхтэй төрийн бус байгууллага дээр цугласан хэсэг хүний ашиг сонирхлоор нураавал яаж аймшигтайгаар сүйрүүлж болдгийг бид өнгөрсөн 30 жилд харлаа. МАН, АН-ын аль нь ч төр барьсан ялгаа алга.

-Төрийн бодлого огт алга гэх гээд байна аа даа…?

-Төрийн бодлого гэж алга, хүний бодол л гэж байна. Хүний бодол нь ашиг сонирхлын л бодол байна. Сайд хийгээд хувьдаа яаж хонжоо хайхаа л бодоод байна л даа. Энэ гажуудлыг МАН, АН-ын залуус өөрчлөх ёстой.

-Нийгмийн даатгалын системийг өөрчлөх ёстой гэсэн санаа Ерөнхий сайдад хаягласан эдийн засагчдын захиас дунд байсан. Ингэхэд төр нь иргэдийнхээ нийгмийн даатгалд тушаадаг мөнгийг хуу хамж аваад үрэн таран хийчихдэг манайх шиг тогтолцоотой улс хуучин соц орнууд дунд бий юү?

-Байхгүй. Манайх л цор ганцаараа социалист хэв маягийн нийгмийн даатгалын тогтолцоотойгоо яваа. Төр нь бүгдийг мэддэг гээд байгаа Орос аль хэдийнэ тэтгэврийн сангаа задалчихсан, диктатуртай, нэг удирдагчтай гэгдэг Казахстан 1997 онд шинэчлэл хийчихсэн. Бид Казахстан, Узбекистан, Оросыг бодвол ардчилсан улс, ардчиллын баянбүрд гэж өөрсдийгөө дөвийлгөдөг хэрнээ ганцаархнаа соц системийг аваад үлдчихсэн. Тэрэнд нь хэн ч халдаж, ойртож чадахгүй яваа нь бодитой үнэн. Ард түмний мөнгийг төр нь аваад арилжааны банкинд хийгээд дампууруулдаг гажуудлыг социалист хэв маягийн нийгмийн даатгалын тогтолцоо гээд байгаа юм. Товчхондоо төр нь иргэдийнхээ мөнгийг аваад устгаад сууж байна. Үүнийг социализм гэдэг. Капиталист нийгэмд бол иргэд нь мөнгөө өөрсдөө мэдэж зарцуулах ёстой. Энэ системийг 1990 он хүртэл бүх капиталист улсууд хийж байсан, одоо ч тэр замаараа яваа. Капиталист улсуудад иргэдийнх нь мөнгө хөрөнгийн зах дээр үржиж өсч байдаг. Гэтэл өнөөдөр НХХЯ-нд Нийгмийн даатгалын санд цугларч байгаа мөнгийг хөрөнгийн зах руу оруулж болохгүй гэж боддог хүмүүс сууж байна. Хар ухаанаар багцаалдвал 1987 оноос цаг хугацааны машинд суугаад 2021 онд ирчихсэн хүн тэнд дарга хийгээд сууж байна.

-Нийгмийн даатгалын системийг орвонгоор нь өөрчилчихөөр НДЕГ гэсэн аварга бүтэц алга болно, нийгмийн даатгалын байцаагчид ажилгүй болчихно гэсэн болгоомжлол дуулддаг…?

-Тийм зүйл болохгүй. Тэд ажил, амьдралтайгаа үлдэнэ. Гол нь иргэдийн нийгмийн даатгалын санд тушаасан мөнгийг төрийн сайд дарга нар үрдэг байдлыг болиулъя, иргэд өөрсдийнхөө мөнгийг мэддэг байя гээд байгаа юм. Сая Банкны тухай хууль батлагдчихлаа. Иргэд өөрсдийнхөө даатгалд төлсөн мөнгөөр банкуудын, MCS, Таван толгойн хувьцааг худалдаж авах боломжийн тухай л ярьж байгаа. Иргэд жилдээ 1.2 их наяд төгрөгийг зөвхөн тэтгэврийн даатгалд төлдөг. Монголын хэдэн том корпорацийн хувьцааг худалдаж авахад хангалттай их мөнгө.

-Манайд компаниудаа, мөнгөтэй хүнийг ад үзэх, муучлах сэтгэлгээ нийтлэг анзаарагддаг. Хувьцааг нь эзэмшээд ирвэл наад зах нь хандлагын том өөрчлөлт гарах байх шүү…?

-Дэлхийн капиталист улсууд иргэдийнхээ тэтгэврийн санд цугларсан мөнгөөр том компаниудаа нийгэмшүүлж авдаг. Америкийн топ 500 компанийн 10 нь л гэр бүлийн эзэмшлийнх. 490-ийг нь тэтгэврийн сангаар дамжуулаад Америкийн ард түмэн эзэмшдэг. Фэйсбүүк, Амазон, Кока кола, Голдман Сакс, Банк оф Америка гэсэн том нэрнүүдийн цаад эзэд нь Америкийн иргэд. Америкчууд баян гэр бүл гэж огт ярьдаггүй нь ийм учиртай. Ямар өндөр цалин авдаг CEO вэ л гэж ярьдаг. Америк яг ийм системээр 150 жил явчихсан. Гэтэл манайд баялаг компаниудад л байна. Ард түмэн ядуу хэвээр аж төрж яваа. Уг нь иргэдийн тэтгэврийн санд төлж байгаа мөнгөөр компаниудын хувьцааг худалдан авах замаар ард түмнийг компанийн эзэн болгож баялгийг хуваарилдаг. НХХЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газарт байгаа үеийнхээ залууст “Та хэд маань битгий саад тээг болооч, наад зах нь Казахстан, Оросын системийг судлаач, тав, зургаахан хүн гурван сая хүний амьдрал хөгжлийг 30 жилээр хойш нь татаж болохгүй” гэж хэлж уриалмаар байна. УИХ-ын гишүүдэд “Та нар бол Монгол гэж 2000 жилийн түүхтэй улсын Их хурлынх нь гишүүд. Гуравхан сая иргэний чинь баян хоосны ялгаа, өдрөөс өдөрт гүнзгийрч байна. Энэ асуудлыг шийдье гэвэл 1.2 их наядын тэтгэврийн даатгалынх нь мөнгийг хөрөнгийн зах руу оруулж үндэсний том корпорациудын хувьцааг авах боломжийг л хангаад өгчих” гэж танай сониноор дамжуулж хэлмээр байна.

-Эрх мэдэлтнүүд “Иргэдийн даатгалын мөнгийг хөрөнгийн зах зээл рүү оруулаад алдчихвал яах юм” гэсэн болгоомжилсон тайлбар хэлдэг л дээ. Ийм эрсдэл үнэхээр бий юү, эсвэл ердөө шалтаг төдий тайлбар уу?

-Мэдээж тухай корпорациуд руу орсон ард түмний мөнгийг хянах тогтолцоонд анхаарах хэрэгтэй. Хянах тогтолцооны хувьд СЗХ, Хөрөнгийн бирж, аудитын компаниудаар дамжиж хийгдэх учиртай. Мөнгөө алдана гэсэн ойлголт бол байхгүй. MCS-ын Оджаргал, Голомтын босс 30 жил бизнес хийлээ. Тэд мөнгөө алдсан уу? Улам баяжаад улам томроод яваа. Ийм амжилттай бизнес рүү ард түмний мөнгийг оруулж хувьцааных нь 30, 40 хувийг авчихъя л гэж байгаа юм. Өнгөрсөн 30 жилд бизнесийн талбарт Ж.Оджаргал, Ц.Баатарсайхан, П.Батсайхан гээд мундаг удирдагчид төрсөн байна. Гэтэл Монголын төрийг гучин жил ингэж мундаг удирдсан нэг ширхэг сайд, нэг ширхэг улстөрч өнөөхөндөө лав алга. Тэгэхээр 30 жилийн турш их мөнгө хийсээр ирсэн хүмүүст ард түмний мөнгийг даатгачих хэрэгтэй. Тэгж чадвал 30 жилийн дараа хэн нэг улстөрч биш ард түмэн л баяжина. Энэ цаг үеийн Монгол үндэстний менежмэнтийн авьяастай залуус ард түмэнд тэр их мөнгийг хийж өгнө гэсэн үг. 800 жилийн өмнөхөөр жишвэл эд чинь Сүбээдэй, Боорчи, Мухулайнууд. Цаг үе бүрд жанжид, баатрууд төрдөг. Тэр баатруудыг ард түмний тусын тулд ашиглах уу, амин хувиа борлуулаа гээд хараад сууж байх уу гэдэг асуудал л бий. 800 жилийн өмнөх залуусыг Чингис хаан нэгтгэсэн, мотивацижуулсан. Битгий хувиа борлуул, улсынхаа төлөө яв гэсэн. Тэгээд л явчихсан. Дахиад хэлэхэд, 1990 оноос хойш өнөөг хүртэл явж байгаа капиталист нийгмийн баатрууд төрчихсөн. MCS-ийн хувьцааг Кока кола, “Юнител”-ийн хувьцааг Америкийн хөрөнгө оруулалтын сан авлаа Америкчууд Ж.Оджаргалын ур чадварт итгээд хөрөнгөө хийж байхад НХХЯ дотор гурван залуу “Болохгүй ээ, иргэдийнхээ мөнгийг алдчихна” гэж яриад суух нь утгагүй л дээ.

-Ингэж болгоомжилдог хэрнээ иргэдийн даатгалын мөнгийг өөрсдөө болохоор байнга алдсаар ирсэн…?

-Харин тийм. Тэгэхээр даатгалын санд жил бүр орж ирдэг 1.2 их наядыг ямар ч эргэлзээгүйгээр эдийн засгийг бүрдүүлдэг топ компаниудын хувьцааг авах зорилгоор хөрөнгийн зах зээл рүү оруулах хэрэгтэй. Оруулж байгаа хэлбэр нь тэтгэврийн сан. Хувь, хувьсгалын аль нь байх нь сонин биш. Хувийн тэтгэврийн сангийн хууль гээд ярьсан чинь өчнөөн УИХ-ын гишүүн хувьдаа тэтгэврийн сан байгуулж мөнгө хийнэ гэчихсэн гүйж яваа сураг дуулдсан. Тэгэхээр энэ бүхнийг бас бодолцох хэрэгтэй.

-Та боловсролын реформ хийх ёстой гээд хөдөлгөөн байгуулж багагүй ажил амжуулчихсан яваа. Боловсролын салбарт хийх ёстой хамгийн том өөрчлөлт гэвэл юуг онцлох вэ?

-Монголын боловсролын систем наяад онд зорилго, чиглэл, стратеги, тактиктай байсан. Ер нь аливаа систем зорилго, чиглэл, стратеги, тактиктай байхаараа л агуу болдог. Манай систем 1990 оноос хойш зорилго, чиглэл, стратеги, тактикгүй болчихсон. Сайд болгон шинээр ном гаргадаг, сургалтын хөтөлбөр өөрчилдөг, сэглэдэг болсон. Монгол хүүхдийг монгол хүн болгоно ч гэх шиг. Монгол айлд төрөөд монгол аав ээжийн гар дээр зургаан нас хүртлээ монгол сэтгэлгээ, монгол ёс, монгол соёлоор хүмүүжсэн хүүхдийг зургаан настайд нь гэнэтхэн монгол хүн болгох тухай ярьж таарахгүй. Энэ мэтчилэнгээр томилогдсон сайд бүр нь амандаа орсноо ярьдаг. Шинжлэх ухааны ямар ч үндэсгүй, дэлхийн боловсролын чиг хандлагын тухай ойлголтгүй юм ярьдаг. Наяад онд шинжлэх ухаанч иргэн бэлдэх нь зөв байсан бол одоо дэлхийд өрсөлдөх монгол иргэн бэлдэх ёстой. Дэлхийд өрсөлдөх монгол иргэн стратегич байх ёстой. Стратегич хүн гэдэг чинь шинжлэх ухаан мэднэ, борлуулалт ч, бизнес ч ойлгоно. Наяад оны шинжлэх ухаанч иргэн бол тухайн үедээ зөв, мундаг. Наян онд борлуулалт, бизнесийн тухай мэдэх шаардлага байхгүй, хүмүүст өөрийгөө зөвөөр тайлбарлаж ойлгуулах ямар ч хэрэгцээ байгаагүй. Социалист эд эсүүд л байсан. Одоо бол монгол хүүхэд Нью-Иоркт очоод Нью-Иоркийн банкиртай хэлцлийн ширээнд сууна. Лондон, Бээжинд очоод англи, хятад бизнесмэнтэй мэтгэлцээд ялах ёстой. Тэгэхийн тулд зөвхөн шинжлэх ухаанаас гадна нийгмийн ухаан, харилцааны чадвар, сэтгэл зүйн төлөвшил, техникүүд хэрэгтэй. Бид ийм л юм ярьж байгаа.

-Боловсролын сайд танай хөдөлгөөнд хандаад хамтаръя гэвэл боловсролын реформыг хийлцэхэд бэлэн гэж ойлгож болох уу?

-Шаардлагатай бол Монгол Улсынхаа төлөө үнэ төлбөргүй ажиллахад бэлэн. Манай “Боловсролын реформ” хөдөлгөөнд олон мянган залуус бий. Олон жил асуудлаа судалсан, “шаналсан”, дэлхийн топ сургуулиудыг нь төгссөн залуус манай хөдөлгөөнд байгаа.

-Эдийн засагчдын Ерөнхий сайдад хаягласан захиасаас санхүүгийн систем барууны загварыг буруу хуулсан, тийм учраас реформ хэрэгтэй гэсэн утгатай өгүүлбэр анхаарал татсан. Бид санхүүгийн системээ анхнаасаа буруу хийчихсэн гэсэн үг үү?

-Манай санхүүгийн систем барууны загварыг буруу хуулсан. Монголбанк, Сангийн яам хоёр 1990-ээд онд Америк, Английн зөвлөхүүдийн зөвлөмжөөр байгуулагдсан институциүд. Англи гэдэг улсын төв банк 1692 онд байгуулагдсан. Америк 1800-гаад оноос Английн загвараар явчихсан. Хөрөнгийн зах нь 1700 онд байгуулагдсан. Английн Сангийн яамны түүх 1300 оноос эхлэлтэй. Америкийнх болохоор 1700, 1800 оноос үүдэлтэй. Америк, Английн эдийн засгийг төр нь биш компаниуд нь авч явдаг. Төр бол араас нь зохицуулах л үүрэг хүлээдэг. АНУ, Английн Сангийн яам, төв банкныхан нь “Компаниудаасаа хоцорчихгүйхэн шиг явахыг хичээдэг” гэж ярьцгаадаг.

200 жил хөгжчихсөн төв банк, Сангийн яам ингэж ажилладаг. Гэтэл бид ингэж хөгжсөн улсын загварыг юу ч бодолгүйгээр шууд хуулсан. Ерэн онд манайд ирсэн америк, англи зөвлөхүүд их л удаж 1950 онд төрсөн хүн байж таараа. 1950 он гэдэг чинь хөрөнгийн зах хөгжөөд супер болчихсон үе. Тийм үед төрсөн хүн чинь хөрөнгийн зах нь дөнгөж хөгжих гэж байгаа улсад яаж зөвлөгөө өгөх вэ дээ. Санхүүгийн системээ өөрчлөх хэрэгтэй гээд байгаа нь ийм учиртай. Төв банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны ажиллах арга барилыг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй.

-Яаж?

-Яг хөгжих гэж байгаа оронд зориулсан бүтцийг гаргах хэрэгтэй. Сингапурын жишээ байж болно. 1960 онд Сингапурчууд яаж байсныг судлахад болохгүй юмгүй. Солонгосчууд 1970 онд яаж ажилласныг эргэж харахад гэмгүй. Японы жишээ байна.

-Аль нь манайд илүү ойрхон бол?

-Аль нь ч ойрхон биш. Бид өөрийн гэсэн жишээ л гаргах хэрэгтэй. Чингис хаан гэхэд л аль нэг улсын системийг хуулаагүй. Яг өөрийнхөө нөхцөл байдал, цаг хугацаандаа тохирсон системээр явсан.

-Өөрсдөө системээ зохиож бүтээнэ гэхээр санаанд буудаггүй ээ, ер нь бид чинь хуулсаар байгаад сурчихсан улс юм байна аа…?

-Өөрсдөө системээ зохиох боломж бүрэн бий. Зүгээр л харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Та бод доо, бид корпорациуд нь түрээд, бульдозердоод явж байхад хоцорчихгүйхэн шиг хараад явж байдаг системийг хуулчихсан. Гэтэл бульдозерын дайтай компани байгаа билүү, манайд. Брокерийн, даатгалын компаниуд, хөрөнгийн зах хаана байна вэ. Хэдэн банкууд нь л олон улсын стандартаар хөгжих гээд ядаж яваа. Гэтэл хамгийн өндөр хөгжсөн ганц системээ хэвлэл мэдээлэл, улстөрч, төв банктайгаа нийлээд балбаж, муу нэртэй луу данстай болгочихсон. Тэгэхээр түрүүн хэлсэн системүүдийг бүтээдэг төв банк хэрэгтэй байна. Төв банк өнөөдөр даатгалын салбарыг хөгжүүлэх үүрэгтэй байх ёстой. Сангийн яамны үүрэг дотор хөрөнгийн захыг хөгжүүлэх үүрэг орох ёстой. Жавхлан сайд өнөөдөр даатгал, хөрөнгийн захыг яаж хөгжүүлэх вэ гэж бодох ёстой. Шуудхан хэлэхэд, манай Сангийн яам зүгээр л төсвийн нягтлан бодохын яам болж хувирсан. Америкийн Сангийн яам ийм байж болно. Харин манай Сангийн яам хөгжүүлдэг, мөнгийг ургуулах модыг тарьдаг яам байхаас өөр ямар ч аргагүй. “Зах зээлд оролцохгүй, ажиглаад сууна, чөлөөт зах зээл өөрийнхөө жамаар явна” гээд суугаад байж болохгүй.

-Өнгөрсөн 30 жил даатгалын зах зээл, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж ярьсаар яваа ч тэгтлээ хөгжсөн юм алга. Гарцаа олохгүй явна уу, эсвэл бүр хөгжүүлэх сонирхолгүй байна уу?

-Энэ асуудал Монголбанк, Сангийн яаманд ямар ч хамаагүй байна л даа. Төрийн санхүүгийн энэ хоёр том бодлогын институцид хөрөнгө, даатгалын зах байна уу, байхгүй юу огт хамаагүй 31 дэх жилдээ явж байна. Уг нь хуульд өөрчлөлт оруулаад л шийдчих асуудал байгаа юм.

-Хоёулаа гарц ярья. Хөрөнгө, даатгалын зах зээлийг хөгжүүлэхийн тулд Сангийн яам, Монголбанк яг яаж ажиллавал бодитой эерэг өөрчлөлт мэдрэгдэх бол?

-Жишээ нь, хөрөнгийн зах дээр Засгийн газрын бонд алга. Сангийн яам нь “Засгийн газрын бонд гаргаж яах юм” гээд сууж байна. Засгийн газрын бондоо гаргах хэрэгтэй. Хүүгийн өгөөжийн муруй гэж байдаг. Эдийн засгийн онолын анхны хуудсан дээр байдаг ойлголт. Өгөөжийн муруй алга. Өгөөжийн муруйгаа бий болгох шаардлагатай. Сангийн яам тэтгэврийн реформ хийх ёстой. Тэтгэврийн реформыг Нийгмийн хамгааллын яам биш, мөнгийг нь авч идчихээд байгаа газар л хийх хэрэгтэй. Монгол банкны хувьд төгрөгийн ханшаа чангаруулах шаардлагатай. Төгрөгийн ханш тасралтгүй сулрах нь зөв гэсэн утгатай ярилцлагыг Монголбанкнаас сүүлийн хориод жилийн турш өгсөөр ирсэн. Дэлхийд ийм жишиг хаана ч байхгүй. Төгрөг гэдэг валютдаа ард түмэн нь итгэхгүй бол төрдөө итгэх талаар ярихад хэцүү. Товчхондоо мөнгө санхүүгийн философийг ойлгомоор байна. Манайхан мөнгө санхүүг тоо гэж бодоод байна л даа. Тооноос илүү агуу юм бий. Тэр нь итгэлцэл. Итгэлцэл гэдэг чинь философийн асуудал. Иргэн төрдөө итгэх тухай асуудал, төрт ёсны философийн тухай ярих ёстой. Манай эдийн засгийн доктор, магиструуд философийн хичээл судалж, философи унших хэрэгтэй санагддаг. Иргэн төрдөө итгэж байгааг баталдаг суурь ойлголт мөнгөн тэмдэгт дээр харагддаг. Төрөөс гаргасан мөнгөн тэмдэгтдээ итгэхгүй, Америкийн төрөөс гаргасан долларт илүү итгэж яваа бол маш том асуудал байна гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл, үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал гэж харах учиртай. Тэгэхээр төв банкны зүгээс төгрөгийн ханш сулраад доллар чангарах нь сайн шүү гэж ярьж болохгүй. Төгрөгийн ханш хүчтэй байх ёстой. Тэгж байж Монголын төр хүчтэй оршино.

-Төгрөгийн ханшаа хүчтэй байлгах гарц нь хаана байна вэ гэсэн асуултыг сөргүүлж тавих байх л даа…?

-Тэгэхийн тулд Монголбанк энэ бодлоо өөрчлөх хэрэгтэй. Бүх юм бодлоос эхэлнэ. Буруу өнцгөөс бодоод байна. Приус машин долоон сая төгрөг байлаа. Одоо 15 сая төгрөг болчихсон. Ард түмэн тэр хэрээр ядуурч, туйлдаж байна. Гэтэл 500 сая төгрөгөөр “Жи класс” торохгүй авдаг анги байна. Тендер, газрын наймаа, төрийн сайд хийгээд л хагас тэрбум төгрөгөөр машин авчихдаг. Тэр хүмүүст төгрөгийн ханш сулрах нь хамаагүй байна л даа. Гэтэл гудамжинд явж байгаа Батаа ганц саяхан төгрөгийн цалинтай. Доллараар бодоход 2010 онд сая төгрөгийн цалин 700 доллар байсан бол өнөөдөр 400-хан доллартай тэнцэнэ. Ийм байхад төгрөгийн ханш сулрах нь ашигтай гэж яриад сууж болохгүй. Би төрийн алба хаагч биш. Ард түмний төлөө ярих алба надад байхгүй. Гэтэл хувиараа бизнес эрхлээд явж байгаа би хүртэл санаа зовоод нүд халтираад байхад Монголбанк, Сангийн яамны удирдлагууд санаа зовохгүй суугаад байж таарахгүй л дээ.

-Таныг Монголбанкны ерөнхийлөгч болгочихвол хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Хамгийн түрүүнд УИХ-аар Монголбанкны чиг үүргийг өөрчилж батлуулна. Төгрөгийн ханшийг тогтвортой чанга барина гэдгээ олон улсад зарлана. Ерөнхий сайдтай экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд хамтарч ажиллана. Экспорт хийдэг, экспорт хийх хүсэлтэй үндэсний бүтээн байгуулагчдаа хүүгүй шахуу зээлээр дэмжинэ.

Сангийн яамтай хамтарч тэтгэврийн реформыг хийхийн төлөө ажиллана. Даатгалын салбарыг хөгжүүлэх цогц бодлого гаргана. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах ажлыг үе шаттай хийнэ. Бизнесийн байгууллага төлөвлөгөө гаргаад ажилладаг шиг, байшинг тоосго тоосгоор барьж дуусдаг шиг нямбай, шаргуу ажиллана. Түүнээс биш УИХ-ыг аргалах, биеэ суллаад зугатаах, юм хийсэн мэт харагдахыг хүсэхгүй. Бид 30 жил ингэж явсан, одоо хандлагаа өөрчлөх цаг болсон.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе.

-Нэг монгол нь улсынхаа хөгжлийн төлөө зүтгэсэн нөгөө монголоо шоронд хийж, монгол нь монголоо хэмлэж, монгол нь монголоо туйлдуулж, монгол нь монголоо сошиал талбарт доромжилж суугаа нь өнөөдрийн гашуун үнэн. Одоо үндэсний их талцал, үндэсний их хэрүүл маргаанаа дуусгаад үндэсний их эв нэгдэл рүү орж гуравхан сая хүнтэй улсаа маш хурдан хугацаанд хөгжүүлмээр байна л гэж хэлье дээ.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Ганхуяг: Өнгөрсөн 30 жилд луйварчид урдуур орж хувьцааг нь үнэгүйдүүлж, олон нийтийн итгэлийг алдсан байдлыг би эцэслэж байна

Сүүлийн үедАрд санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байх болсон. Ингэснээр хувьцаанаас ашиг хийх сонирхолтой хүмүүс нэмэгдэж, тус компанийн хувьцааг олноор худалдан авч байна. Тэгвэл хувьцааны өсөлт нь хөөсрөлт байх вий, эргээд хувьцаа эзэмшигчид хохирч үлдэх вий гэх асуудал давхар хөндөгдөж байгаа юм.Нөгөөтэйгүүр, “БулганУндаргакомпанийн хувьцааны ханш үндэслэлгүй өссөн тул Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлага тавьж Монголын хөрөнгийн биржээс арилжааг зогсоосон. Тус компанийг оны өмнөАрд санхүүгийн нэгдэлхудалдан авсан талаар өмнөх удирдлагууд нь тайлбарласан. Энэ мэт эргэлзээний талаарАрд санхүүгийн нэгдэлкомпанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягаас тодрууллаа.


-“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш өнгөрсөн оны сүүлчээс эхэлж тасралтгүй өссөөр байна. Хөрөнгийн бирж дээр 15 хувийн өсөлтийн хязгаарыг байнга шахуу хангаж өсч байгаа. Хувьцааны ханш өссөнөөр олон хүн сонирхож, худалдан авч байна. Гэхдээ энэ нь хөөс байх вий, эргээд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироох вий гэсэн болгоомжлол байна. Энэ тухайд тайлбар өгөхгүй юү?

-Хөрөнгийн зах зээл 30 жил унтаа байдалтай байсныг би сэрээж байгаа юм. Нэг талаас сэргэх процесс явагдаж байна. Нөгөө талаас дэлхийд технологийн асар том хувьсгал явагдаж байгаа. Уг технологийн хувьсгалд монголчууд оройлж оролцоно гэж би гурван жилийн өмнө зарласан. Энэ блокчэйн технологи руу шилжих хувьсгалаас өмнө нь аж үйлдвэрийн хувьсгалаас хоцорсон шиг хоцорч болохгүй гэж зарлаад ажиллаж эхэлсэн. Өнөө цагт хүний оролцоо бага, зайнаас ажилладаг компаниуд хожиж байгааг бид харж байна. Манайх салбар байхгүй, үндэсний хэмжээний компани юм. Бүх үйлчилгээг апп дээрээ тавьдаг. Зарим бүтээгдэхүүнээ Монгол шуудангийн салбаруудаар явуулаад, мөн цахим худалдаа эрхэлж байна. Зайнаас ажиллах боломжтой Amazon, Google зэрэг компаниудын хувьцааг харахаар өндөр өсөлттэй байгаа. Манай компанийг энэ өнцгөөс харах хэрэгтэй. Alibaba хэдэн жилийн өмнө Хятадад шуугиулж өндөр өсөлттэй гарч ирсэн. Түүнтэй ижил зүйл манайд болж байгаа юм. Анх удаа ийм зүйл болж байгаа учир хүмүүс гайхах нь аргагүй. Энэ бол нэг бүлэг асуудал.

Хоёр дахь бүлэг асуудал гэвэл манай компанийн үнэлгээ хэт доогуур байсан. Өнгөрсөн есдүгээр сард 1000 төгрөгөөр зарагдаж байсан бол он дуусахад 1700 болсон. Бид хэт хямд зарж байсан. Одоо ч гэсэн хямд байгаа гэж үздэг. Би компанийн гүйцэтгэх захирлын хувьд хамгийн их мэдээлэлтэй хүн шүү дээ. Албан ёсоор мэдэгдэж байна. Би энэ компанийн хувьцааг хямд гэж үзэж байгаа учир буцааж авна. Олон улсын практикт ийм байдаг. Гүйцэтгэх захирал буюу мэдээлэлтэй хүн хувьцаагаа авч, зарж байгаагаа мэдэгдэх ёстой байдаг. Би бол авч эхэлнэ. Яагаад хямд байна гэвэл манай багцад 21 компани бий.

Энэ компаниудын өсөлтийг хараарай. “Ард даатгал”, “Ард кредит”-ийн хувьцаа хэдээр зарагдаж байна гэх зэргээр манай нээлттэй компаниудын өсөлтийг хараарай. Эдгээр компаниудын нийлбэрээс бид бүтэж байгаа шүү дээ. “Ард кредит” гэхэд бид 65-аар авч байсан. Одоо хүмүүс 209-өөр зарна гээд тавчихаж. 177 дээр хүрээд 15 хувьд тулчихсан байна. Үнэлгээ маш сайн өссөн байгаа биз. “Ард даатгал” хамгийн сүүлд 80-аар авч байсан бол одоо 1500 төгрөг байна. Манай үнэлгээнд огт ороогүй олон хүчин зүйлс бий.

-“Булган ундаргакомпани үнэлгээнд орсон уу?

-“Булган ундарга” компанийг манайх бүхлээр нь худалдаж аваад байсан бүх биткойноо шилжүүлчихсэн юм. Тэр компани манай үнэлгээнд орж ирээгүй.

Гуравдугаар бүлэг асуудал юу байна гэвэл манай харилцагч нарын тоо он гарсаар нэг саяд хүрч байна.

Анх 400-гаас эхэлсэн. Тэгэхээр энэ хүчин зүйл манай компанийн үнэлгээнд нөлөөлж байгаа. Хөрөнгийн зах дээр урьд хожид үзэгдээгүй олон хүн манай хувьцааг сонирхож байгааг хэллээ. Цаашдаа ингээд явна. Кинон дээр хүмүүс олон дэлгэцийн өмнө суучихаад тоо хараад хувьцаа авч, зараад байдаг шүү дээ. Тэр үзэгдэл чинь Монголд ирчихээд байна. Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох эрхэм зорилгын дор би энэ компанийг удирдаж байгаа. Тэр зорилгодоо ч хүрч байна. Дараагийн алхам юу вэ гэвэл манай хувьцаа эзэмшигчид энэ хувьцаатайгаа дэлхийн том биржүүд дээр гарна. Тэр ажлыг бид одоо хийж байна. Бид хүмүүсийн өмнөөс биткойнд хөрөнгө оруулалт хийгээд эрсдэлийг нь удирдаж байна шүү дээ. Өмнө нь хүмүүс өөрсдөө орохоор алдаад байсан. Энэ нь асар том хүлээлтийг үүсгэж байгаа. Хүмүүсийн эрсдэлийг бууруулж өгч байна гэсэн үг. Биткойн, ардкойн, банк руу ч орсон мөнгөө алдах эрсдэлийг нь би биеэрээ хамгаалж орж байна гэсэн үг. Өнгөрсөн 30 жил хэдэн луйварчид урдуур нь орж хувьцааг нь үнэгүйдүүлж мөнгийг нь алдуулсаар байгаад итгэхээ больчихсон байсан үеийг би эцэслэж байна. Сая ардкойн цуглуулчихсан байсан хүн өнөөдөр 280 сая төгрөгтэй болж байгаа юм. 280 дахин өссөн. Манай “Ард даатгал”, “Ард кредит”-ээр орж ирсэн хүмүүс бүгд ашгаа хийж байна. Бид тогтмол ногдол ашиг хуваарилж явдаг. Дээр нь бид хувьцаан дээр нь ард койноор хувь тэнцүүлж өгөх эрх зарласан. Нэгж хувьцаа эзэмшиж байгаа хүнд нэг ардкойн өгнө гээд зарлачихсан. Үүнээс хамаарч койн нь өсөөд байхаар хүмүүс хувьцаа авч байна.

-“Булган ундаргакомпанийн хувьцааны ханш үндэслэлгүй өсч байсан тул Санхүүгийн зохицуулах хорооны мэдэгдлийн дагуу Хөрөнгийн биржээс арилжаа эрхлэх эрхийг хязгаарласан. Энэ тухайд тодруулахгүй юу?

-Бид зөв голдиролд нь оруулаад жижиг хувьцаа эзэмшигчдийг 30 жил хохироож ирсэн компаниуд дээр хариуцлага тооцох ёстой. Тэр хүмүүс дандаа луйвар явуулаад байсан учир зүгээр явж байгаа компаниудаа хүлчихсэн асуудлыг зохицуулахгүй бол болохгүй байна. Би хэнийг ч хохироохгүйгээр дампуурчихсан компанийг худалдаж аваад өөрийнхөө болон хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг шилжүүлээд үнэлгээнд нь аваачих гээд явсан. Ингээд дундуур нь гадны брокерууд нь орж ирээд хувьцаа авна гэхэд тэдэнд нэг нэгийг өгөөд өсгөж байсан. Манай энэ компани тэрбум төгрөгийн үнэлгээтэй байлаа гэхэд түүнийг 100 руу аваачих ёстой байхгүй юу. 100 дахин өсгөх ёстой. Өсгөе гэхээр тэрийг нь хориглочихсон. Тэгэхээр би арилжаанд орж байгаа байдлаар өдрийн 15 хувийнхаа лимитээр хоёр сар өсгөх хэрэгтэй болсон. Тийм л учиртай зүйл.

Хувьцаа их өгөөжтэй байснаар иргэд банкнаас хадгаламжаа татаж энэ зах зээл рүү оруулж эхэлнэ. Энэ мэтээр төвөгтэй нөхцөл байдал үүсэх үү?

-Шал өөр тоглоом эхэлж байна. Манай банк санхүүгийн өрсөлдөгч нар юм ойлгохгүй бухимдаж байгааг ойлгож байна. Гэхдээ бид одоо хөрөнгийн зах зээлийн нүүр царайг өөрчилж, дэлхийн манлайлагчдын байр сууринд хүрнэ. Тийм учраас бид өөрсдийгөө хөгжүүлэх, өөрчлөгдөхөөс өөр арга байхгүй. Цахим түйвээлт явагдаж байна. Би цахим түйвээлт гэдгийг гурван жилийн өмнө өөрөө анх орчуулж гаргаж ирж байсан. Энэ түйвээлтийг эсэргүүцээд нэмэргүй. Монгол Улс гэрэл гэгээтэй ирээдүй рүү гэрлийн хурдаар урагшилж байгаа. Хөрөнгийн зах зээлийн хувьсгал явуулж, Улаанбаатар хот бүс нутгийнхаа санхүүгийн зах зээлийн төв болно. Би Сангийн дэд сайд байхдаа Монгол Улс Азийн чоно эдийн засаг болно гэж хэлсэн. Өнөөдөр ард койноор үнэлгээ нь хагас тэрбум доллар болж байна. Удахгүй монгол хүний оюуны бүтээлийг үнэлээд 2-3 тэрбум ам.долларыг эдийн засагтаа оруулж ирэх болно. Энэ мөнгө орж ирснээр оны сүүлээр ам.доллар эрс доош орно шүү. Тэрэнд бэлэн байгаарай. Төгрөгөө дансандаа хийгээрэй. Асар их ам.доллар Монгол руу орж ирэхэд бэлэн болж байна.

Г.БАТ

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Лхагвасүрэн: Эдийн засгийг сэргээх хугацааг илүү ойртуулахын тулд бодлогын дараагийн алхамдаа шилжиж байна

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Энэ оны макро эдийн засаг ямар байх талаар ярилцлагаа эхлүүлье. Засгийн газар, Монголбанк хамтран эдийн засгийг сэргээх тѳлѳвлѳгѳѳг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ?

-2021 он гадаад орчин талаас маш эерэг дүр зурагтай эхэлж байна. Экспортын гол бүтээгдэхүүнүүдийн эрэлт болон үнэ сайн байснаар 1-р сард гадаад худалдааны тэнцэл 181 сая ам.долларын ашигтай байв. Энэ нь дэлхийн эдийн засаг энэ онд сэргэх, ялангуяа худалдааны гол түнш Хятадын эдийн засаг хурдтай ѳсч байгаатай холбоотой (Олон улсын байгууллагуудын сүүлийн тѳсѳѳллѳѳр дэлхийн эдийн засаг 2021 онд 5 хувь орчим, Хятадын эдийн засаг 8% орчим ѳсѳх хүлээлттэй). Дэлхийн эдийн засаг өнгөрсөн оны 2 дугаар хагаст сэргэсэн, вакцинжуулалт эхэлснээр вирусын халдвар олон улсад буураад эхэлсний зэрэгцээ эдийн засгаа идэвхжүүлэх том багц хѳтѳлбѳрүүд хүлээгдэж байгаа нь ийнхүү ѳѳдрѳг тѳсѳѳллийг бий болгоод байна. Харин дотоод эдийн засгийн хувьд Ковид 19-ийн сѳрѳг нѳлѳѳллѳѳр олон салбарт бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдмал, санхүүгийн салбарт зээл агшилттай, ажил эрхлэлт болон орлогод сѳрѳг үр дагавар нь мэдрэгдэж байна. Эдийн засгийн идэвхжлийг дагаад сүүлийн саруудад инфляц 2% орчимд буюу Тѳв банкны зорилтоос нэлээд доогуур байв. Иймд, уналт цааш гүнзгийрч асуудал хурцдахаас сэргийлэн хэрэгжүүлж буй бодлогынхоо дараагийн алхамыг хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд ч яг одоо, бизнесийн идэвхжлийн сезоныг алдахгүй байх нь чухал. Энэхүү арга хэмжээний үр дүнд эдийн засгийн идэвхжлийг 2021 онд хэвийн түвшинд хүргэх, инфляцыг зорилтот 6% орчимд хүргэх болно.

-10 их наяд тѳгрѳгийн энэхүү тѳлѳвлѳгѳѳнд Монголбанк яг ямар санхүүжилт хийж, хэрхэн оролцож байгаа вэ? Гол онцлогийг нь тайлбарлана уу.

-Энэхүү арга хэмжээ нь Ковид 19-ийн үед эрүүл мэнд, эдийн засгийн асуудлын аль нэгийг нь орхиогүй цогц бодлогын нэг бүрэлдэхүүн гэдгээрээ онцлог. Ѳѳрѳѳр хэлбэл, эдийн засгийн бодлогыг эрүүл мэндийн асуудлын шийдэлтэй хамтад нь хэрэгжүүлэх учраас илүү үр дүнтэй болно гэж үзэж байгаа. Монголбанктай холбоотой хэсэг нь уул уурхайн бус секторт зориулсан репо санхүүжилт 2021 онд 2 их наяд тѳгрѳг хүртэл байж болох, ипотекийн зээл 700 тэрбум тѳгрѳг бѳгѳѳд үүн дээр банкуудын эх үүсвэрээр олгогдох Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай, тѳсвийн татаастай хувийн хѳнгѳлттэй зээл нэмэгдэж буй. Нэгдүгээрт, эдгээр нь Тѳв банкны репо хэрэгсэл, арилжааны банкуудын илүүдэл нѳѳц, ипотекийн зээлийн тогтолцоо, Зээлийн батлан даалтын сан зэрэг санхүүгийн зах зээлд нэгэнт тогтсон дэд бүтэц, бэлэн байгаа нѳѳц бололцоонд тулгуурлах юм. Хоёрдугаарт, 10 их няад тѳгрѳгийн нийлүүлэлт нэг дор хийгдэнэ гэсэн үг биш, 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дунд хугацааны тѳлѳвлѳгѳѳ юм. Тѳлбѳрийн тэнцэл, инфляц дээрх нѳлѳѳг нь харгалзан мөнгөний бодлогын үндсэн зорилттой нийцтэйгээр удирдлагатай хэрэгжүүлэх бөгөөд Төв банк үүнд инструментын сонголтын бие даасан байдлаа хадгална. Гуравдугаарт, зээлийн судалгааг тѳр хийхгүй, зээл олгодог мэргэжлийн институц арилжааны банк ѳѳрѳѳ хараат бусаар хийх тул эрсдэлийн үнэлгээ илүү оновчтой, санхүүжилт эдийн засагт ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдэд хүрч чадна гэсэн хүлээлттэй байна. Төв банкнаас үүн дээр хяналт тавьж байгаа.

-Ѳнгѳрсѳн 2020 онд эдийн засаг 5.3 хувьь агшсан нь Монголбанкны тѳсѳѳлѳлтэй маш ойрхон байв. Мѳнгѳний бодлого эдийн засагт хангалттай дэмжлэг үзүүлж чадсан уу, одоо Засгийн газартай хамтрах шалтгаан нь юу вэ?

– “Ковид-19” хэдийгээр ѳнгѳрсѳн оны эхнээс дотоодод тархаагүй ч эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа (уул уурхайн салбарын экспорт, тээвэр үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаа гм), зах зээлд оролцогчдын хүлээлтэд хүчтэй сѳрѳг шок үзүүлснийг онцлох нь зүйтэй. Улмаар дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) эхний улиралд -10.7 хувь агшилттайгаар 2020 он эхэлсэн ч оны эцэст жилийн дүнгээр -5.3 хувь болж эдийн засгийн агшилт саарсан нь макро тогтворжуулах бодлого тодорхой хэмжээнд үр дүнгээ ѳгсний илэрхийлэл гэж дүгнэж болно. Монголбанк үүссэн шокын сѳрѳг нѳлѳѳллийг зѳѳлрүүлэх зорилгоор мѳнгѳний бодлогын тѳлѳвийг зѳѳлрүүлэх, зах зээл дээрх хѳрвѳх чадварыг дэмжих, зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийх, эргэн тѳлѳлтийг хойшлуулах зэрэг багц арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Ингэснээр санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, хүндрэлийн үед бодит эдийн засагт ѳрх болон ААН-үүдийн санхүүгийн дарамтыг бууруулахад чухал дэмжлэг болсон. Түүнчлэн, “Ковид 19”-ын хямралын үед хөгжиж буй орнуудаас хөрөнгийн урсгал гадагшилж, ханш савлах үзэгдэл нийтлэг ажиглагдсан хэдий ч Монгол төгрөгт савлагаа үүсээгүй. Хувийн болон улсын секторын томоохон дүнтэй гадаад өр (ХХБ 500 сая ам.доллар, Мазаалай болон Чингис бондын дахин санхүүжилт) эргэн төлөлт шийдвэрлэгдсэн 2020 онд 23 тонн алт худалдан авч, валютын нөөцөө өсгөж чадсан байна. Одоо харин вирус дотоодод халдварлан бизнесийн үйл ажиллагаанд үзүүлэх сѳрѳг нѳлѳѳлѳл нь ихэссэн үед тархалтын эрсдлийг бууруулах арга хэмжээг эдийн засгийг дэмжих арга хэмжээтэй уялдуулан хийж байж үр дүнд хүрнэ.

-Мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр инфляц нэмэгдэж, тѳгрѳгийн ханш унах дарамт үүсэхгүй юу. Энэ нь эдийн засагтаа сѳрѳг нѳлѳѳтэй байхгүй юу гэдэг асуулт түгээмэл байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Эдийн засагт идэвхжил сул, инфляц 2 хувь, импорт саарч харин валютын нѳѳц 4.5 тэрбум байгаа, гадаад орчинд эерэг салхи сэвэлзэж, манай экспортын үнэ өсч байгаа энэ үед ханш санаа зовоох асуудал бус, харин эдийн засгаа сэргээх нь чухал юм. Үүний тулд одоо саараад байгаа санхүүгийн зуучлалыг идэвхжүүлэх, ингэхдээ эрсдлийг хуваалцах олон улсын түгээмэл туршлагыг ашиглаж бодлогын хувьд дараагийн алхамд шилжиж байна. Монголбанк мэдээж энэхүү тѳлѳвлѳгѳѳг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн үзүүлэлтүүдээ анхааралтай хянаад явна. Зээлийн нийлүүлэлт нэмэгдэн хэвийн түвшинд хүрээд, эдийн засаг сэргээд халах дохио бий болоод тѳлбѳрийн тэнцэл, инфляц дээр хэт дарамт үүсээд эхэлбэл мѳнгѳний бодлого болон санхүүгийн зохицуулалтын хэрэгслүүдээрээ удирдаад тогтвортой байдлаа хадгалаад явна.

-Бодлогын хүү 6 хувь хэт өндөр байна уу. Зээл агшиж, Төв банкны үнэт цаасны хэмжээ өндөр байгаа нь үүнтэй холбоотой юу. Гадны зарим Төв банкууд шиг хүүг 0 хувь руу бууруулахгүйгээр эдийн засгийг сэргээх энэ төлөвлөгөө амжилтанд хүрэх үү?

-Ковид 19-тэй холбоотой бизнесийн орчны тодорхой бус байдал, зах зээл дээрх эрсдэлээс голлон шалтгаалаад банкны системийн зээлийн нийлүүлэлт агшилттай, ТБҮЦ хуримтлагдах хандлагатай байгааг онцлох нь зүйтэй. Харин хүүний түвшин бол гол шалтгаан биш юм. Төгрөгийн өгөөж, үнэ цэнийг тогтвортой байлгах нь Монголбанкны үүрэг, иймд суурь хүүг хэт бага түвшинд хүргэх нь оновчтой бус юм.

Үүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Хэдийгээр бодлогын хүүг 11 хувиас 6 хувь болгон бууруулж, дагаад зээлийн жигнэсэн дундаж хүү түүхэн доод түвшин 14 хувь руу буурсан боловч зээлийн эрэлт эдийн засаг хэвийн үетэй харьцуулахад сул хэвээр байна. Нѳгѳѳ талаас эдийн засгийн агшилттай, зээлийн эрсдэл өндөр орчинд банкуудын болгоомжлол нэмэгдсэнээр зээлийн нийлүүлэлт буурч ТБҮЦ хуримтлагдах хандлага санхүүгийн секторт ажиглагдаж буй. Улмаар Ковид-19-ийн өмнөх хэвийн жилүүдэд дотоод эрэлтийг тэтгэж байсан гол хөдөлгүүр болох өрхийн хэрэглээний өсөлт саарч, бизнесийн хөрөнгө оруулалт агшсанаар нийт эрэлт суларч, эдийн засгийн идэвхжил унах процесс явагдлаа. Иймд, эдийн засгийг сэргээх, өсөлтийг тогтвортой үргэлжлүүлэхэд Засгийн газрын халамж тэтгэмж, хөрөнгө оруулалтаас гадна өрхийн ажил эрхлэлт, хувийн секторын хөрөнгө оруулалтыг дэмжих нь чухал байна. Одоогийн төлөвлөгөөний хүрээнд зөвхөн санхүүжилтээс гадна халдвар хамгааллын илүү тодорхой шинэ дүрэм, вакцинжуулалт, зээлийн батлан даалт зэрэг багтаж байгаа нь зээлийн тасалдал үргэлжлэх эрсдэл үүсгээд байсан тодорхой бус байдлыг бууруулж, асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр нѳлѳѳлнѳ гэж харж байна.

-Олон нийтийн дунд үүсээд байсан ”Мөнгө хэвлэх вий”, “Эдийн засгаа улам дордуулах вий” гэдэг болгоомжлол үүссэн. Тэгэхээр таны тайлбараас ийм эрсдэл байхгүй нь ойлгогдлоо. Зөв үү?

-Эдийн засгийг сэргээх энэхүү тѳлѳвлѳгѳѳ нь Ковид 19-ийн үеийн уналтыг зѳѳлрүүлэх, бодлогын зохистой байдлыг хадгалж, улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой байлгах зорилтоос мэдээж хазайхгүй. Харин ч бодлогын үр дүнтэй байдлыг дээшлүүлж өдийг хүртэл бий болгосон үр дүнгээ улам сайжруулах л зорилготой. “Мѳнгѳ хэвлэх” тухайд бол энэ ойлголт мэргэжлийн бус агуулгаар түгээмэл хэрэглэгддэг нь ажиглагддаг. Мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах буюу эмиссийн үйл ажиллагаа нь Тѳв банкны хуулиар ногдсон, ѳдѳр тутам хийгддэг үйл ажиллагаа юм. Эдийн засагт эргэлдэж буй бэлэн мөнгө буюу гүйлгээнд байгаа мөнгө 800-900 тэрбум төгрөг орчимд сүүлийн 5 жил хадгалагдаж, нийт мөнгөнд эзлэх хувь 7 хувиас 4-5 хувь болж буураад байна. Монголбанк иргэд, ААН, санхүүгийн байгууллагуудын хэрэгцээнд тохируулж шинэ мөнгөн дэвсгэртийг нийлүүлж, татдаг бөгөөд сүүлийн жилүүдэд цахим гүйлгээ нэмэгдэж, харин бэлэн мѳнгѳний хэрэгцээ буурах хандлагатай байна. Эдийн засгийг сэргээх төлөвлөгөө нь арилжааны банкуудын Төв банкин дээр хуримтлагдсан илүүдэл нѳѳцийг зах зээлийн механизмаар эдийн засагт нийлүүлэх хѳшүүрэгт голлон тулгуурлаж байгааг дахин онцолъё. Монголбанк уламжлалт арга хэрэгслүүд, санхүүгийн салбарт байгаа нөөц бололцоог илүү үр дүнтэй ашиглаж, харин эдийн засагт сѳрѳг нѳлѳѳлѳл үзүүлэх эрсдэлтэй тѳсвийн шинж чанартай арга хэмжээг хязгаарлах бодлогыг баримталж байна. Зөвхөн Цар тахлын хуулийн хүрээнд алтны санхүүжилтийг урьдчилж олгох, ипотекийн зээлийн эргэн тѳлѳлтийг хойшлуулсан тул шинэ зээлийн эх үүсвэрийг ирээдүйн санхүүжилтээсээ олгох зэрэг тохиргоог л хийнэ. Эдгээр нь цаг хугацааны нийцгүй байдлаас зайлсхийж эдийн засгийн дунд урт хугацаанд тогтвортой байдлыг хангах, бодлогын ѳгѳѳж нь зардлаасаа ѳндѳр байснаар нийт дүнгээрээ нийгмийн сайн сайхан байдалд эерэг нөлөөтэй байх зэрэг макро бодлогын суурь зарчмуудыг хангаж ажиллана.

Эх сурвалж: Монголбанк

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Блокчэйн технологиор 470 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК үйл ажиллагааныхаа шинэчлэлийн хүрээнд “Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем”-ийг бүрэн ашиглалтад оруулахаар зарим хөгжүүлэлтийн ажлыг хийж байна.

Өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэглээнд нэвтрүүлэн ашиглаж байгаа тус технологийн хөгжүүлэлтийн ажил бүрэн дууссанаар Хөдөө аж ахуйн биржийн системд дараах давуу тал бий болох юм.

  • Оролцогч талуудын итгэлцлийг технологиор дамжуулан бий болгоно.
  • Арилжааны найдвартай бүртгэлийг блокчэйнд бүртгэснээр арилжааны цагийг 24/7/365 болгох боломжтой.
  • Тус технологид суурилсан автоматжуулалт, интеграцийг хийснээр зардлыг хэмнэх, бууруулах боломжтой.
  • Иргэд буюу эцсийн хэрэглэгчид гар утаснаасаа шууд оролцох боломжтой бөгөөд ингэснээр зах зээлд нэвтрэхэд илүү хялбар, зардал багасаж, оролцогчдын тоо тэлж, арилжааны хэмжээ нэмэгдэх юм.

Биржийн хуулиар байнгын (брокерын компани) болон байнгын бус гишүүд (хоршоод) арилжаанд оролцох эрхтэй байдаг. Байнгын гишүүд өдөр тутмын арилжаанд оролцож байна. Байнгын бус гишүүдийг арилжаанд оролцуулах нөхцөл бололцоог биржийн зүгээс идэвхжүүлэх төлөвлөөгөөтэй ажиллаж байна.

Блокчэйн технологи нэвтэрснээс хойш 2021 оны хоёрдугаар сарын 23 хүртэлх хугацаанд биржээр хөдөө аж ахуйн гаралтай 6 төрлийн бараа, түүхий эдийн төрлөөр 140 удаагийн арилжаа зохион байгуулан 1376 хэлцлээр нийт 470 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.

Оролцогч талууд заавал биржийн байранд ирэх шаардлагагүй, интернеттэй орчинд орон зайнаас үл хамааран арилжаанд оролцох боломжийг бий болгож буй тус системийн зарим хэсгийн хөгжүүлэлтийг энэ оны гуравдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томилжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томиллоо.

Э.Болормаа нь эдийн засагч мэргэжилтэй. АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдөр 50 хувьцаат компанийн 1 тэрбум 554 сая төгрөгийн үнэ бүхий хувьцааг арилжжээ

Өнөөдрийн буюу хоёрдугаар сарын 23-ны өдрийн арилжааны мэдээг хүргэж байна.

Өнөөдрийн энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 1.554.980.291.97 төгрөгийн үнийн дүн бүхий 5.637.723 ширхэг хувьцаа арилжигджээ. Үүний 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Тэдгээрээс:

  • “Ард кредит ББСБ” ХК (ADB+14.99хувь) болон “Сонсголон бармат” ХК (SSG +14.95 хувь)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
  • “Монгол секюритиес” ХК (MSC -9.60 хувь) болон “Бэрх Уул” ХК (BEU -8.40хувь)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 357.914 ширхэг нэгж эрхийг нийт 62.036.345 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр багцын арилжаанд нийт 460.000 ширхэг үнэт цаас 644.000.000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 2.09 хувиар өсч, 29221.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3.464.255.082.064.59 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Б.Дашравдан: Гадаадад бизнес эрхлэгч монгол залууст хамтран ажиллах бизнесийн тогтвортой нэгдэл үгүйлэгдэж байна

-БИД ХУДАЛДААЧИН ҮНДЭСТЭН БОЛОХ ХЭРЭГТЭЙ-


“Дорнын түншлэл” Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн зөвлөх, судлаач Б.Дашравдантай ярилцлаа.


-Юуны өмнө таны жиргээнд бичиж байгаа сэдвээр ярилцъя гэж бодож байна.Улс орнуудын паразитлан хөгжиж байгаа талаар бичсэн байсан.Ярилцлагаа паразитлан хөгжих буюу шимэгчлэн хөгжих гэж юуг хэлээд байгаа талаар эхлэх үү?

-Тэгье. Юуны өмнө хоёр зүйлийг тодруулъя гэж бодож байна. Нэгдүгээрт, эдийн засгийн шимэгчлэл, паразитлал гэхээр их муухай сонсогдож байж магад. Гэхдээ би энэ үгийг зохиогоогүй. Хятад судлаачийн бүтээлийг л товчлон хүргэж байгаа төдий. Үг биш утга дээр нь илүү фокуслахыг хүсье. Хоёрдугаарт, би Хойд Солонгос судлаач биш. Аливаа төрлийн төрийн дарангуйллыг дэмждэггүй ардчилсан үзэлтэй хүн. Сонгодог ардчилсан нийгмийн бүтээгдэхүүн. Баялаг бүтээгчдийг дэмждэг, төр аливаа бизнест хөндлөнгөөс бага оролцоосой. Нөгөө талаараа бизнесийнхэн ёс зүйтэй, шударга, ил тод аргаар баялгийг хуримтлуулж бүтээдэг байгаасай л гэж хүсч, чадлынхаа хэрээр нийгмийн сүлжээнд үзэл бодлоо түгээх гэж оролддог. “Хойд Солонгосын Эдийн засгийн паразитлал” нэртэй Хятад судлаач Жөү Ганы судалгаабий. Хятадын судлаачдын дунд сүүлийн үед “Хойд Солонгосын Эдийн засгийн паразитлал” гэсэн судалгаа хийгдэх болсон. Ганц Хойд Солонгос гэлтгүй Филиппин, Сенегал, Алжир, Вьетнам, Турк гэх улсууд хэрхэн цагаачдаараа дамжуулан бусад улсуудын Эдийн засгийн шимэгчилж буй тухай судалгаа юм.

20 гаруй жилийн өмнө Хятад өөрөө дэлхийн хамгийн том хуулбарлагч, бусад улсын эдийн засгийг Хятад гаралтнууд, цагаачдаараа дамжуулан шимэгчилж байсан туршлагатай учраас “эдийн засгийн паразитлалын судалгаа”-г өргөн хүрээнд хийх болсон. Гол зорилго нь Хятадыг ашиглаж хэн ашиг хийж буйг мэдэх юм. Энэ судалгааны явцад Хойд Солонгос Азийн хамгийн том паразит эдийн засгийг 2015 оноос хойш бүтээж буйг илрүүлэх болсон. Хойд Солонгос удахгүй 1978 оны Дэн Сяопиний эдийн засгийн нээлттэй хаалганы бодлогыг давтан хэрэгжүүлнэ. Ким Жөн Ун 2015 оноос жил бүр 500-1000 хүнээ оргодол нэрээр, албан ёсоор улсаасаа зугтаалгадаг. Тэд нар нь англи, хятад хэлтэй, компьютер, бизнесийн өндөр мэдлэгтэй 25-35 насны залуус байгаа юм. Хойд Солонгосын боловсролтой англи, хятад хэлтэй дүрвэгчид ихэвчлэн Малайз, Вьетнам, Индонез, Тайланд, Хятад руу очдог. Тэнд нь ЭСЯ-тайгаа холбоотой ах нар нь тосч авах авч ажилд зуучилдаг.Түүнчлэн гарааны жижиг бизнес эрхлэх мөнгийг нь өгдөг. Хойдууд одоо нүүрс зарах, зэвсэг нууцаар худалдах шаардлагагүй болж буй.Хойд Солонгосын зөвшөөрөлтэй дүрвэгчид анхандаа барилгын материалын худалдаа, оёдлын бизнес, хоолны газар ажилладаг байсан бол одоо онлайн худалдаа, электроникийн үйлдвэрлэл, олон улсын тээвэр зуучийн бизнес рүү орох болжээ. Тэд ихэвчлэн Манжуур, Казахстаны солонгосчуудтайгаа гэрлэдэг. Ким Жөн Ун “тахианы үүрэнд гавраа өсгөх үнэг” гэх Мэнзийн философийн сургаалыг эш болгон өөрийн бэлтгэсэн орчин үеийн Хойд Солонгосын бизнесийн шинэ үеийнхнийг Зүүн Өмнөд Ази даяар тараан байршуулсан нь амжилтад хүрч, тэдгээр залуус эхнээсээ хөрөнгийн эзэд болчихсон байна. Үүнийг Хойд Солонгосын эдийн засгийн Зүүн өмнөд Ази дах эдийн засгийн паразитлал гээд байгаа юм.

-Хойд Солонгосын эдийн засгийн паразитлал дээрээс асуухад эдгээр нутгаасаа гарсан залуус ямар боломжийг улсдаа бий болгоно гэж үзсэн бол. Эдийн засгийн паразитлалаас Хойд Солонгосын хэтийн зорилго нь юу байна вэ?

-Жөү Ган профессорын тооцсоноор 2025-2030 оны хооронд Ким Жөн Ун Хятадтай хиллэдэг хойд хэсэгт эх газрын, Шар тэнгисийн эрэг дээр далайн боомтын гэсэн худалдааны хоёр чөлөөт бүс бий болгохоор ажиллах болов уу. Мөн далайн чөлөөт бүстэйгээ зэрэгцүүлэн Казино байгуулна гэж үзсэн байна лээ. Хойд Солонгос хоёр чөлөөт бүс байгуулахад гол хөрөнгө оруулагчид нь 10-15 жил Хятад, Зүүн Өмнөд Азид тогтвортой бизнес эрхэлсэн Хойдын дүрвэгчид байх болохоос Хятад, Өмнөд Солонгос, Япон, Америкийн хөрөнгөтнүүд орж ирээд дураараа дургихгүй байх нь Кимийн хувьд амин чухал асуудал юм гэж үзсэн байгаа юм. Хойд Солонгос 2015 оноос хойш нутгаасаа гаргасан залуучуудаа эргэж дуудна. Тэр залуучууд нь баруунд гараад 5-10 жил бизнес эрхэлчихсэн, капиталтай болчихсон хүмүүс эх орондоо хөрөнгө оруулалтаа хийнэ. Одоо тэр хүмүүс ч эх орондоо татвар өгч байгаа. Энэ жишгээр Филиппин, Вьетнам, Зүүн Европын улсууд Африкийн улсууд, Армен, Гүрж, Лаосчууд эдийн засгийн паразитлалыг хийж байна. Филлиппин гэхэд гэрийн үйлчлэгчдээрээ дамжуулаад эдийн засгийн паразитлалыг хийсээр байгаа. Эдийн засгийн шимэгчлэл гэдэг эх нутагтаа бизнес хийхгүйгээр залуучууд гадаадад очиж сурдаг, тэндээ бизнес хийдэг. Тухайн улсынхаа боломжоос мөнгө олоод олсон мөнгөө эх нутагруугаа явуулдаг үзэгдэл. Үүнийг заавал системтэй хийх ёстой. Манай улс үүнийг төрөөс хийдэггүй юм аа гэхэд худалдааны бизнесийн клубүүд хийж болно.

-Манай улсын хувьд эдийн засгийн паразитлалыг хийх ямар боломжууд бий гэж харж байна?

-Манай улс хүн ам цөөнтэй. Жөү Ган судлаачийн өвөг нь Хорчины Монгол хүн бөгөөд “Хятад дахь Хойд Солонгосийн эдийн засгийн паразитлал” гэсэн судалгаанд Орос, Хятадад суудаг уугуул монголчууд, Монгол Улс болон АНУ, Япон, Солонгос дахь монгол хүмүүс нэгдэн бизнес эрхлэх олон улсын платформыг зохион байгуулж болохыг бичсэн байсан. ОХУ гэхэд манай үйлдвэрлэсэн бараанд өндөр татвар тавьдаг. Монголд үйлдвэрлэсэн барааг Хятадад гаргая гэхээр Хятад өөрөө үйлдвэрлэгч орон боломжгүй. Эдийн засгийн паразитлал, шимэгчлэл гэдэг нь Хятадад орж ирсэн гадаадууд гар хоосон орж ирээд, ажилчин-хувь эзэмшигч-эзэн гэсэн дарааллаар өсөн дэвжээд ирээдүйн ашгаа өөрийнхөө эх нутаг руугаа илгээх үзэгдлийг товчхондоо хэлээд байх шиг.Энэ утгаараа бид ч бас эдийн засгийн паразитууд. Бид арга эвийг нь олчихвол дотооддоо үйлдвэрлэсэн бараануудаа зарах бүрэн боломжтой. Бид гадаадад бизнес эрхлэх зорилгоор худалдааны бизнес клуб байдлаар ажиллаж, мэдээллээ солилцох ёстой. Манайхан нийтлэл бичихээр хэт ерөнхий том том сэдвээр яваад байдаг. Угтаа бид нарийвчилсан, тухайлсан нэг асуудлаар асуудалд хандаж сурмаар байгаа юм.

-Худалдааны бизнес клуб байгуулах ёстой гэж байна л даа. Энэ клубийг хэрхэн байгуулах вэ?

-Улаанбаатарын бизнес зөвлөл юм уу, Худалдаа аж ахуйн танхим худалдааны бизнес клубийг санаачилж болно. Хятадаас хөрөнгө оруулалт татчихсан хүмүүсийг нэгтгэж уях хэрэгтэй. Монголд байдаг БНХАУ-ын Жөжян мужийнхан л гэхэд Улаанбаатарт эрх ашгаа хамгаалдаг бизнесийн нийгэмлэгтэй байх жишээтэй. Өвөр Монголын Баяннуур аймгийн, Хэбэйнхэн гээд үргэлжлүүлээд байвал бараг бүгд л ийм нийгэмлэгүүдтэй. Гэтэл Хятадад бизнес эрхэлдэг монголчуудын бизнес клуб, тогтмол үйл ажиллагаа явуулдаг нэгдэл нягтрал алга. Бид бодитоор л нэгдмээр байна. Гадаадад бизнес эрхлэгч монгол залууст хамтран ажиллах бизнесийн тогтвортой нэгдэл өгүүлэгдэж байна.

-Түүнчлэн та Африк, Ази, Европын улсууд руу Хятадаас монгол залуус хэрхэн ре-экспорт хийдэг талаар жиргэсэн байсан. Монгол залуучууд яаж ре-экспорт хийх буюу экспортыг дахин дамжуулах бизнес эрхэлдэг бол?

-Одоогийн байдлаар Хонконг, Тайваньд сурч байгаа залуучуудыг оруулахгүйгээр 10 мянга гаруй оюутан БНХАУ-д суралцаж байна. Хятад улсад байгаа гадаад оюутнуудынхаа тоогоор манайх эхний тавд жагсдаг. Тоогоороо олон боловч чанарын үзүүлэлтээрээ хангалтгүй санагддаг. Дийлэнх нь бизнесийн удирдлага, нийгмийн ухааны чиглэлийн мэргэжлээр сурдаг. Сайн залуучууд бий боловч ихэнх нь цаг нөгцөөх байдалтай суралцаад байна. Хятадад их, дээд сургууль төгсөөд англи, хятад, франц хэлтэй болсныхоо үндсэн дээр Хятадын бараа бүтээгдэхүүнийг Африк, Латин Америк, Азийн улсууд, Зүүн Европ, ОХУ руу гаргадаг монгол залуучууд бий болсон. Ингэхдээ дандаа хятад хамтрагчтай. Өөрөөр хэлбэл, Хятад улсад амьдарч байгаа мөртлөө Хятадад хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч болж байгаа залуучууд байна. Манай залуучууд дундаас Хойд Африк руу электрон бараа гаргадаг, Индонез Лувак кофег Хятад руу импортолдог Энэтхэг-Хятадын хооронд сонгино, халуун ногооны арилжаа эрхэлдэг гээд олон шинэ бизнестэй залуус гарч ирж байна. Тэд бүгд л анх Хятадад оюутан болж очсон залуус. Тэндээс л боломжоо босгосон. Үнэндээ эндээс чемодантай хувцастайгаа очоод л өнөөдөр хөл дээрээ босч буй хүмүүс. Бас нэг зүйл хэлэхэд бид хилийн гадна байгаа монгол үндэстнүүдээ хэрхэн үзэх вэ гэдэг туйлын эмзэг асуудал байна. Энэ ойлголтыг эртхэн цэгцлэх хэрэгтэй. Бид хувь заяаны эрхээр Хятад болон Оросын, өөр бусад орны иргэншилтэй болсон монголчуудаа ойлгож, хүндэлж, хайрлаж чадвал соёл, эдийн засгийн шинэ шинэ боломжуудтай болохоор байна. Жишээлбэл Шанхай, Гуанжөүд офисстой Ложистикийн тээвэр хийдэг компанитай Урнаа гээд Японд сургууль төгссөн, өмнөд монгол эмэгтэй бий. 3000 хүнтэй бизнестэй. Тэдний компанид монгол, өмнөд монгол, буриад, халимаг гээд нийт ажилчдынх нь 80 гаруй хувь нь монгол үндэстнүүд ажилладаг. Европ, Африк руу эргэлттэй. Зимбабве юанийг мөнгөн тэмдэгтээрээ ашиглаж эхэлснээс хойш Харарегийн валютын ченж эхнэр нөхөр хоёр Жаргал юанийн саятнууд аль хэзээний болсон. Нөхөр нь Өмнөд монголын Баяннуурынх, эхнэр нь Хөвсгөлийнх. Монголдоо амьдрах гээд ирэхээр нь хужаа нөхөртэй хүүхэн гээд хөөгөөд явуулсан.

-Гадаадад бизнес эрхэлж байгаа залууст улсаас нь ямар дэмжлэг хэрэгтэй байдаг вэ?

-Энэ залуучуудын дийлэнх нь Монголд орж ирж бизнес хийхгүй. Би Хятадад бизнес хийдэг байлаа гэж бодъё. Би Хятадын Ийвүү хотоос электоран бараа хойд Африкийн улсууд руу зардаг байя. Угтаа би Монголд компаниа бүртгүүлмээр байгаа юм. Гэтэл өнөөдөр төр намайг яаж дээрэмдэхийг мэдэхгүй. Төсөөлөл байхгүй. Төр биш юм аа гэхэд өөр нөхдүүд орж ирээд миний бизнесийг булаах бүрэн боломжтой. Монголчууд бие биенээ дэмждэггүй. Тиймээс би Монгол руу орж ноу-хаугаа хуваалцаж байсны оронд мөрөөрөө Араб Африк Хятадтайгаа хэлэлцээ хийж байсан нь дээр. Энэ систем рүү залуучууд орчихсон. Гадаадад бизнес хийж байгаа залуучуудад хэд хэдэн асуудал тулгардаг. Сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй. Эдгээр залуучууд өөр өөрсдийнхөө боломжоор бизнес хийж байгаа болохоос өргөн утгаар нь бизнес яаж хийх вэ гэдэг олон улсын эрх зүйн мэдэгдэхүүн байдаггүй. Энэ зөвлөгөөг Монголоос авмаар байдаг. Гэтэл манайд олон улсад зөвлөгөө өгдөг нэг ч компани байдаггүй. Энэ талаар ойлголт бүр огт байхгүй. Худалдаа аж үйлдвэрийн танхим юм уу эсвэл өөр бизнесийн клубүүд хилийн чандад бизнес хийж байгаа залуучууддаа сэтгэл зүйн дэмжлэг өгдөг, олон улсын хууль эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгдөг, санхүү бүртгэл хөрөнгийн бирж дээр яаж ажиллах тал дээр зөвлөгөө өгдөг үйлчилгээг төвлөрүүлэх ёстой. Бидэнд онлайн худалдааг хөгжүүлэх маш том боломж бий. 1.500 мянган хүн амтай хотын зах зээл жижигхэн зах зээл биш. Бид худалдаачин үндэстэн болох хэрэгтэй. Үүний тулд маш сайн системтэйгээр бэлдэх ёстой. Тэгэхгүй бол монгол залуучууд бусад орныхтой харилцсаар байгаад ууслаа ш дээ.Татвараа тэнд төлөөд эрдэм ном сурсны хэрэг байхгүй болчихоод байна л даа.

-Хятадын худалдааны онцлог юу юм бэ?

-Манай эдийн засаг дэлхийд 133-т орж байгаа. Монгол, Хятадын худалдааны асуудлыг ярихын тулд манайх хэтэрхий улс төрийн түвшинд том том төслийг яриад байдаг. Бизнес хийхийг нь дагаж хуйлраад байдаг. За яахав, энэ харилцаа нь явж байг гэхэд хүн хоорондын харилцааг сайжруулах хэрэгтэй. Манай улсын хамгийн том давуу тал Хятадад дөрвөн сая монгол үндэстэн байна. Хилийн хойно нэг сая орчим буриад,халимаг, Тува үндэстнүүд байна. Энэ бүгдээс харахад Евразийг холбосон чөлөөт худалдааны дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх маш том боломж бидэнд бий. Арменуудын нэг туршлага байдаг. Эх нутагтаа байгаа армен хүн заавал гадаадад байгаа хоёр арментай найзлах ёстой. Монголд байгаа залуучууд бизнес хийх гэж байгаа бол гадаад иргэншилтэй заавал хоёр монгол найзтай байх ёстой. Хүн хоорондын контакт сайн байж бизнес явна.

-Хятадуудтай худалдаан дээр яаж харилцах ёстой юм. Хэрхэн үр ашигтай эдийн засгийн харилцаа үүсгэх вэ?

-Яг өөрсдийнх нь аргаар харилцах хэрэгтэй. Хятад хүнтэй харилцахын тулд хамгийн багадаа хоёр жил найзалж явах хэрэгтэй. Манайхан хонь, адууны маханд дуртай юм чинь өөрийнхөө дуртай зүйлийг хүмүүст зарах гээд байдаг. Хятад, солонгосчуудтай худалдаа хийхийн тулд юунд нь дуртайг нь мэдэж байж тэрийг нь үйлдвэрлэх, эсхүл зуучилдаг байх хэрэгтэй. Манай эсгий таавчигийг хаана ч авахгүй. Эсгийгээр таавчиг биш олбог хийж Өмнөд Хятадад зарах гарц бий. Бээжингээс урагш нийтийн халаалт байхгүй, кондейшн асааж өвлийг давдаг. Хятад эмэгтэйчүүд гэр, оффистоо олбог сандал дээрээ тавьж суух нь хэвшил болсон зүйл. Үйлдвэрлэгч худалдан авагчийнхаа хэрэглээг тооцох нь чухал.Түүнчлэн Хятадын авлигын нөхцөлийн талаар сайн мэдэж байх ёстой. Заавал томоор сэтгээд байх хэрэггүй. Хятадууд ямар бэлэг авч сэтгэл нь хөдөлдөг гэдгийг мэдэж байх ёстой. Хоолонд орж байхдаа ямар цай, дарс уудаг.

Ямар үг хэлэхэд сэтгэл нь хөдөлдөг вэ гэдгийг мэдэж байх ёстой.Монголд бизнесийн соёл төлөвшөөгүй. Манайхан ёс зүйгүй бизнес хийсээр байгаад гайгүй мөнгө, төгрөгтэй хүмүүсийг 10 жилийн өмнө хөөгөөд гаргачихсан. 2013 он хүртэл уул уурхайн бүүм явлаа. Тэгэхэд маш олон хятад, өмнөд монголчууд банкнаас зээл аваад Монголд нүүрс алтны уурхайд мөнгө хийчихсэн. Монгол талынх нь хулхидаад одоо хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс 100,100-гаараа шоронд орчихсон. Иймэрхүү байдалтай байвал Хятад, Солонгос, Зүүн Өмнөд Азиас дандаа нутагтаа шахагдчихсан ёс зүйгүй авлига өгдөг нөхдүүд л манайд орж ирнэ. Бид худлаа ярихгүй бол жинхэнэ гадаадын хөрөнгө оруулагчид ирнэ.