Categories
мэдээ эдийн-засаг

Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 48 хувиар өсөв

Монгол Улс 2021 оны эхний 2 сард нийт 112 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум америк доллар болжээ.

Үүнээс экспорт 1.3 тэрбум америк доллар, импорт 922.3 сая америк долларыг эзэлж байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс

  • 736.1 (48.4%) сая америк доллароор,
  • экспорт 563.8 (73.2%) сая америк доллароор,
  • импорт 172.3 (23.0%) сая америк доллароор тус тус өсжээ.

Харин 2021 оны 2 дугаар сард экспорт 694.7 сая америк доллар, импорт 463.5 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 54.8 (8.6хувь) сая америк доллароор, импорт 4.6 (1.0хувь) сая америк доллароор тус тус өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2020 оны эхний 2 сард 20.7 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2021 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 391.6 сая америк доллароор өсөж, 412.3 сая америк долларын ашигтай байна.

БНХАУ-тай 2021 оны эхний 2 сард 1.6 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 69.6 хувийг эзэлж байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 172.3 сая америк доллароор өсөхөд улаан буудайн импорт 40.1 сая америк доллароор, ачааны автомашины импорт 34.6 сая америк доллар, суудлын автомашины импорт 8.0 сая америк доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Амартүвшин: Гурван хувийн хүүтэй зээл ААН-үүдэд тогтвортой ажиллах, хурдан хугацаанд бизнес нь сэргэх боломж олгоно

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.


-Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө боловсруулж баталлаа. Өнөөдрөөс (өчигдрөөс)жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгож эхэллээ. Уг арга хэмжээг эдийн засагт хэрхэн түлхэц болно гэж харж байна?

-Энэхүү цогц төлөвлөгөө үр дүнгээ өгнө байх гэж бодож байна. Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд өмнө нь өрх гэр, иргэд рүү чиглэж байсан бол одоо ААН, жижиг дунд бизнес эрхлэгчид рүү чиглэж байна. ААН, бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд тун хүнд байлаа. Орлого нь буурсан, тасалдсан. Мөн ажиллагсдынхаа цалинг тогтмол өгч байгаа хэдий ч зээлтэй ААН-үүдийн хувьд өндөр хүүтэй зээлээ төлөхөөс гадна үндсэн зээлийнхээ төлбөрөө төлөөд явахаар маш хүнд байдалд орсон. Одоо жилийн гурван хувийн хүүтэй зээл гэдэг тун өгөөжтэй зээлийн нөхцөл. Өмнөх ЖДҮ-ийн зээлээс юугаар ялгаатай байна гэхээр өмнө нь ЖДҮХС өөрөө зээл олгож байсан. Би тэр үед банкинд ажиллаж байхад энэ тал дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. ЖДҮХС-гийн зээл судалдаг хүмүүсийн чадварт нь итгэхгүй байсан. Зээлийн эрсдэлийг үнэлж чадах уу. Бизнесээ ойлгож чадах уу.

Одоо болохоор Засгийн газар, Сангийн яам, Монголбанк нийлээд эх үүсвэрийг нь арилжааны банкинд өгч байгаа юм. Зээл олгох хүсэлтэй банкуудад эх үүсвэрийг нь өгөөд Засгийн газрын зарласан хөтөлбөрийн дагуу зээлээ олгоно гэж байгаа юм. Банкуудаар дамжуулах нь яагаад зөв гэхээр банкууд бол мэргэжлийн зээлийн шинжилгээ дүгнэлт хийдэг дэд бүтэц. Тэгэхээр мэдээж туршлагатай, аль болохоор гарсан зээлээ муутгахгүйн тулд зөв шийдвэр гаргахыг эрмэлзэнэ.

Эрсдэл талаасаа зөв шийдвэр. Банкууд маань хэт хатуу өндөр шаардлага тавиад ААН, бизнесийнхэн шалгуурыг нь давахгүй унадаг, зээлээ авч чадахгүй байдалд хүрэх вий гэсэн болгоомжлол байсан. Гэтэл Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд банкны төлөөлөлтэй уулзахад арилжааны банкууд аль болох олон ААН-үүдэд зээл олгох түүнчлэн уян хатан шалгуураар зээлээ олгохоо хэлсэн байна лээ. Жилийн 16,18 хувийн хүүтэй зээлтэй ААН одоо тийм хэмжээний хүү төлөх хүнд. Гурван хувийн хүүтэй зээл гарч байгаа нь ААН-үүдэд урт хугацаандаа тогтвортой ажиллах, хурдан хугацаанд бизнес нь сэргэх боломжтой. Миний хувьд хоёр их наядын хөтөлбөрийг маш зөв гэж бодож байгаа.

Өмнөх ЖДҮ-ийн зээл олголт шиг зүйл давтагдахгүй. Хэн нэгэн албан тушаалтан арилжааны банкинд нөлөөлөх боломжгүй. Эх үүсвэрээр дамжуулж банкуудаар зээл олгож байгаа хэлбэр нь тун зөв.

-Эдийн засагчид Төв банкны үнэт цаасны хүүг буулгах ёстой гэх байр суурийг илэрхийлж байна лээ. Үнэт цаасны хүүгээ бууруулсан нь ковидын үед улс орнуудын бүгдийнх нь хийсэн алхам гэж байсан л даа.

-Эдийн засгийн онолоороо өсөлт нь саараад, буураад хасах руугаа ороод эдийн засгийн идэвхжил маш муу байгаа тохиолдолд мөнгөний бодлогоор буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр бодлогын хүүгээ бууруулж болно. Манай тохиолдолд арилжааны банкууд маш их хэмжээний сул эх үүсвэртэй. Одоогийн байдлаар 7 их наяд төгрөг даваад гарчихсан. Тэр нь Монголбанкны үнэт цаас дээр байршчихсан. Тэр бол бодлогын хүүгээ 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалт байгаа. Гэтэл үүнийг буцаад эдийн засагт оруулъя гэхээр эдийн засагт мөнгө нь байгаа хэрнээ банкууд нь эрсдэлээ бодоод мөнгөө зээл болгож гаргахгүй байна. Хоёр их наяд үүнд маш их түлхэц болно. Ингэхээр эдийн засаг чинь шаварт суусан машиныг чирээд гарч байгаатай адил болох нь байна. Дэлхий даяар инфляци өсч байна. АНУ ковидын үед авах аарга хэмжээнд 1,9 их наяд ам.долларыг Сенат нь баталчихлаа. Энэ хэмжээний мөнгө Америкийн эдийн засагт ороод хэрэглээнд орно. Ингэхээр бараа үйлчилгээний үнэ өснө. Америкийн засгийн газрын бондын хүүг харж байхад сүүлийн гурван сар инфляци нь өсөөд эхэлчихсэн. Инфляцийн хүлээлт нь өндөр байна гэсэн үг. Энэ тохиолдолд тийм амархан бодлогын хүүгээ бууруулахад хэцүү байна байх. Бодлогын хүүгээр эдийн засгаа сэргээхэд шууд нөлөө байдаггүй. Зургаа юмуу, есөн сарын дараа нөлөөгөө өгдөг. Тэр үед дэлхийн болон Монголын инфляцийн түвшин өсчихвөл эсрэгээрээ эдийн засагт эрсдэлтэй байх магадлалтай. Тиймээс ААН, бизнесүүдэд тулгамдаж буй асуудал болох хүнд суртал, санхүүгийн хүртээмж, хүүгийн дарамтнаас гаргаад нөгөө талдаа экспортод чиглэсэн нүүрс, зэс төмрийн хүдрээ зогсолтгүй гаргах нь чухал. Дэлхийн зах зээл дээр үнэ нь нэлээд өндөр түвшинд хүрчихсэн байгаа. Хятадын эдийн засаг, АНУ-ын эдийн засаг, европын эдийн засаг ковидын хямралаас гараад өсч эхэлж байна. Үйлдвэрүүд нь ачаалалтай ажиллаад түүхий эдийн эрэлт их байгаа учраас үнэ нь өсч байна л даа.

-Долдугаар сард Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зогсохоор эдийн засаг ямар дүр зурагтай байх бол?

-Манай улс хамгийн доод цэгтээ өнгөрсөн 12 дугаар сард хүрсэн болов уу гэж таамаглаж байна. Манай эдийн засаг Цагаан сарын дараа идэвхждэг. Газар тариалан, барилгын салбар гээд бүх үйл ажиллагаа сэргэж эхэлдэг цикльтэй. Үүнийгээ дагаад эдийн засаг өсч эхлэх байх. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд тодорхой хэмжээнд нөлөөлнө. Экспорт нэмэгдэх байх. Нэмэгдээд ч явж байна лээ. Энэ бүгд нийлээд эдийн засгийг богино хугацаанд хасах биш нэмэх рүү оруулах болов уу гэж харж байна.

-Банкны тухай хууль батлагдаад хэрэгжээд эхэлчихлээ. Банкны тухай хуулийн үр дүнг та хэрхэн харж байна. Энэ бүхэн иргэдэд, эдийн засагт ямар үр ашиг бий болгох вэ?

-Банкууд үнэлгээгээ хараат бус шинжээч юмуу үнэлгээний компаниудаар гаргана. СЗХ-ны IPO хэрхэн гаргах журам бий. Түүн дээр хөндлөнгийн аудит хийх ёстой. Хөндлөнгийн компани дүгнэлтээ гаргасан байх ёстой. Түүнийг үндэслээд СЗХ болон бирж дээр IPO гаргах зөвшөөрлийг нь өгнө. Энэ дээр жишиг чухал л даа. 100 тэрбумын өөрийн хөрөнгөтэй банк байя гэж бодоход зах зээлийн үнэлгээний жишиг нь 1.5-2 дахин байгаа юм. 100 тэрбум чинь зах зээлийн үнэлгээндээ 150-200 тэрбум болно гэсэн үг. Америкийн банкуудын үржүүлэгч нь 1-1.3 хооронд байна. Хурдан хөгжиж байгаа, өсч байгаа Азийн банкууд 2 дахин байх жишээтэй. Монголын банкуудын үнэлгээ 1.5-2 гаруйтай байх болов уу гэж бодоод байна. Ямар ч тохиолдолд анх зарласан үнэ хэт өндөр байвал хүмүүс худалдаж авахгүй. Хэт бага байвал хүмүүс хурдан аваад үнийг нь өсгөчихнө. Тиймээс IPO-г гаргахад брокер дилер компани оролцох шаардлагатай. Түүгээр дамжуулж банкууд бирж дээр хувьцаагаа гаргана. ер нь хөрөнгө оруулах гэж байгаа иргэд, ААН-үүд ямар банк сонгохоо банкны үнэлдэг CAM­EL системийг дагах хэрэгтэй. Банкны өөрийн хөрөнгө нь ямар хэмжээтэй байна, зээлийн чанар нь ямар байна, тухайн банкны удирдлага нь туршлагатай юу, ТУЗ-ийн гишүүд нь ямар хүмүүс байна. Хэрхэн бүрдсэн байна, ашигтай банк байна уу, ашиг нь өсч байна уу, хөрвөх чадвар нь хэр байна зэргийг харах ёстой. Түүнчлэн банкны иргэдийн хадгаламж болон зээл үнэт цаас бэлэн мөнгийг харах хэрэгтэй. Энэ хоёрын харьцаа нь ямар байгаа нь чухал. Хадгаламж тал дээр богино хугацааны их хэмжээний хадгаламж татан төвлөрүүлчихсэн. Тэр эх үүсвэрээрээ урт хугацааны зээл гаргаад урт хугацааны зээл нь гэнэт муудвал нөгөө талд нь богино хугацаатай хадгаламж эзэмшигчид гэнэт мөнгөө татахаар эндээс мөнгө нь түгжигдчихсэн байдаг мөнгийг нь олгож чаддаггүй. Энэхүү банк дампуурдаг шалтгааныг харах хэрэгтэй. Хадгаламж нь чанартай байна уу, олон жижиг хадгаламж байна уу, цөөн хэдэн том хадгаламж байна уу гэдгийг ч харах ёстой. Тиймээс банкинд хөрөнгө оруулах гэж байгаа иргэд, ААН нэлээд сайн судлах хэрэгтэй.

-Энэ хууль банкны реформ болж чадсан уу?

-Маш том реформын шинжтэй хууль болсон. Хамгийн гол үр дүн бол арилжааны банкууд нээлттэй болж, засаглал сайжирна. Нэг эзэмшигчийн хувь 20 хувиас хэтрэхгүй болсноор засаглалын хувьд маш том өөрчлөлт авчирна. ТУЗ-ийн гишүүний бүрэлдэхүүн есөөс дээш болно. Гишүүдийн гуравны нэгээс дээш нь хараат бус байна. Хоёрт, иргэд аж ахуйн нэгжүүд банкныхаа эзэн нь болох боломж бүрдэнэ. Мөн хяналт тавьдаг болж байгаа.

-Манай улс ковидын эсрэг вакцинжуулалтаа эхлүүлээд явж байгаа хэдий ч ковидын тархалт нэмэгдсээр байна. Вакцинжуулалтын талаар таны байр суурь ямар байна?

-Миний хувьд вакцинцуулалтыг дэмжиж байгаа. Иргэдийн эрүүл мэндийг бодсон ч тэр, эдийн засаг талаас нь харсан ч тэр вакциныг идэвхтэй хийлгэх хэрэгтэй. Вакцины тоо хэмжээ хангалттай байгаа юм билээ. Нэмэлтээр ч вакцин ирэх талаар Засгийн газрын гишүүд хэлж байна лээ. Вакциныг сөрөг талаар сурталчилж нийгэмд буруу ойлголт өгч болохгүй л дээ. Дэлхий даяар вакцинд хамрагдаж байгаа шүү дээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ онд дэлхийн эдийн засаг 5.6 хувиар өснө гэж үзжээ

Энэ онд дэлхийн эдийн засаг 5.6 хувиар өсөх төлөвтэй байна. Харин эдийн засгийн тогтвортой сэргэлтийн гол түлхүүр нь дэлхийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакциныг эрчтэй, үр дүнтэйгээр хувиарлах явдал гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинэ тайлан илтгэлд тэмдэглэжээ.

Тус байгууллагын мэргэжилтнүүдийн урьдчилан тооцоолсноор энэ оны дундуур дэлхийн аж үйлдвэрлэлийн хэмжээ коронавирусний цар тахлын өмнөх түвшинд хүрэхээр байна. Харин 2022 онд дэлхийн эдийн засаг 4 хувьтай өснө гэж таамагласан байна. Хэрэв вакцины үйлдвэрлэл хурдасвал дэлхий даяар “Ковид 19”-ийн шинэ мутацид орсон хувилбар тархахаас өмнө хувиарлалт түгээлт нь жигдэрч цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмүүдийг тэр хэрээр хурдан сулруулах боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.

Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ерөнхий эдийн засагч Лоуренс Бун “Засгийн газрууд юуны түрүүнд вакцины үйлдвэрлэл, хувиарлалт түгээлтээ хурдасгаж хүн амаа шуурхай дархлаажуулалтад хамруулах хэрэгтэй байна. Энэ нь эдийн засгийг сэргээх хүчин чармайлтыг идэвхжүүлэхэд чухал. Шуурхай, бүгдийг вакцинд хамруулах нь хямралаас гарах гарц. Улс орнууд вакцинжуулалтын хөтөлбөрийнхөө явцыг түргэсгэж эдийн засгаа нээх хэрэгтэй байна. Бид вирустай дайтаж байгаа л юм бол дайны байдалд шилжиж үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Энэ нь холбогдох зөвшөөрлийг нь шуурхай, олноор өгөх, технологио харилцан илүү солилцох хэрэгтэй гэсэн үг. Мөн дархлаажуулалтын төвүүдээ 7 хоногийн 7 өдөр ажиллуул гэсэн үг. Вирусний халдвар тархаж байгаа цагт, шинээр мутацид орж байгаа үед бид хилээ хаахаас өөр аргагүй. Энэ л эдийн засгийн идэвхжил, үнэнд сөргөөр нөлөөлж, бүх салбар дахь үйл ажиллагааг доголдуулж байна.” хэмээн мэдэгдсэн байна.

Тайлан илтгэлд мөн санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг улс орнуудын засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа нь эдийн засгий идэвхжлийг сэргээхэд хүчтэй түлхэц өгч байна гэж дүгнэсэн байна. Үүний хамтаар цар тахал эдийн засгийн төрөл бүрийн субьект, салбаруудын ялгааг улам нэмэгдүүлж нийгмийн эмзэг давхаргынханд хүчтэй нөлөөлөн тэгш бус байдал газар авахад хүргэж байгаа нь урт хугацаандаа хөдөлмөрийн зах зээл дээрхи олон хүний ирээдүйг үгүй хийж, амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлөхийг тэмдэглэсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Хар алт”-ны ханш өмнөх оны мөн үеэс 3 дахин өсчээ

Дэлхий дахинаа “Covid-19” цар тахал дэгдэж, хүн амын хөдөлгөөн буурснаар эдийн засгийн идэвхжил хумигдаж тэр хэрээр шатахууны хэрэглээ буурч зах зээлд эрэлт багасч үнэ буусан.

2020 оны дөрөвдүгээр сард Brent маркийн газрын тосны үнэ сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн бага түвшин буюу 20 долларт хүрч байсан бол өнөөдрийн /2021.03.09/ байдлаар 1 баррель нь 64 долларттай тэнцэж үнэ 3 дахин нэмэгджээ.

Үнэ өсч буй шалтгаан нь дэлхий даяар “Covid-19”-ийн эсрэг вакцинжуулалт хийгдэж, улс орнуудад хорио цээрийн дэглэм суларч, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой. Үүнээс гадна газрын тос нийлүүлэгч орнуудын холбоо ОПЕК+ болон Саудын араб олборлолтоо хязгаарлаж, АНУ-ын долларын ханш суларсан зэрэг нь үнэ өсөх шалтгаан болжээ. Гэхдээ шижээчдийн тооцооллоор 2021 онд 1 баррель газрын тосны үнэ дунджаар 45-60 ам.долларын хооронд хэлбэлзэхээр байна.

Шатахууны ханш өсөх төлөвтэй байна. Монгол Улс жилд 1.5-.1.8 сая тонн шатахуун ОХУ-аас импортлон авдаг. Газрын тосны үнэ өсч буйтай холбоотойгоор манай улсад нийлүүлэгддэг шатахууны үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Засгийн газрын зүгээс шатахууны үнийн өсөлтийг татварын хөнгөлөлтөөр тогтоон барих аргыг хэрэглэдэг ч эрэлт тасралтгүй нэмэгдэж, үнэ тогтвортой хадгалагдахгүй бол зах зээлийн хуулийг дагахаас өөр сонголт бидэнд байхгүй. Тиймээс удахгүй ханшийн өсөлт манай улсад тодорхой хэмжээгээр нөлөөлж шатах, тослох материалын үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Харин хэдийнээс хэдий хэмжээгээр нэмэгдэх нь одоогоор тодорхой бус байна. Салбарын шинжээчдийн зүгээс үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглах, үнэ хямд байх үед урт хугацааны гэрээ, хэлцэл хийх нь чухал гэдгийг онцолдог. Төрөөс үнэд ямар нэгэн зохицуулалт хийхээс илүүтэй зах зээлийн жамаар нь орхих нь зөв гэдэгтэй эдийн засагчид санал нэгддэг. “Голдман сакс” ирэх саруудад газрын тосны үнэ 70 ам.доллар, “JP Morgan”-ийн шинжээч Кристина Малек оны эцэст 100 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.

МОНГОЛ УЛСАД 2003-2020 ОНД ИМПОРТОЛСОН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУДАЛГАА (мян.тн)

ОПЕК+ орнууд газрын тос олборлолтыг 4 дүгээр сард нэмэхгүй гэж мэдэгдсэний дараагаар үнэ 5 хувиар өслөө

Түүхий эдийн ханш тэр дундаа зэсийн үнийн өсөлт манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөхөөр байгаа ч импортоор авдаг шатахууны үнийн хувьд газрын тосны үнийн өсөлтөөс дам нөлөө ирж үнэ өсөх хандлагатай байна. Ковидоос үүдсэн хямралаас өндийж байгаа зах зээлийн эрэлт нэмэгдэж байгаа ч хар алтны үнэ өмнөх түвшингээс доогуур хадгалагдана гэж газрын тос олборлогч орнуудын холбоо ОПЕК үзэж байна. Шинжээчид ОПЕК+ болон түүний удирдагчид болох Саудын Араб, ОХУ газрын тос олборлолтыг хязгаарлах нь эхний улиралд газрын тосны зах зээлийг чангалах төлөвтэй гэж үзсэн. Газрын тосны үнэ өсч, шинжээчид өөдрөг дүгнэлт хийж байгаа ч зах зээл дэх тодорхойгүй байдал хэвээр байгаа тул үйлдвэрлэгчид үүнд болгоомжтой хандах хэрэгтэй гэж Саудын Арабын Эрчим хүчний сайд, ханхүү Абдулазиз Бин Салман мэдэгдсэн. Энэ нь үнэ өссөн ч удаан хугацаанд тогтвортой байна гэсэн үг биш юм. Иймд шатахууны үнийн өсөлтөд бид сэтгэлзүйгээ бэлдэх нь зүйтэй юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Б.Түвшинжаргал: Сонгон шалгаруулалт зарлаж, даатгалаар үйлчлэх хувийн эмнэлгийн тоо, тусламж үйлчилгээг нэмнэ


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар. Олон нийттэй харилцах хэлтэс. Ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргалаас эрүүл мэндийн даатгалаар үйлчилж буй хувийн эмнэлгүүдтэй холбоотой асуудлаар тодрууллаа.


-Хувийн хэвшлийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх болсон. Даатгалаар үйлчлэх хувийн эмнэлгүүдийг өргөжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг сонгон шалгаруулалтаар шалгаруулж, хамтран ажиллах болсныг иргэд мэднэ. Одоогийн байдлаар хуучин, гэрээтэй байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 03 дугаар тогтоолыг баталсан. Үүнтэй холбогдуулж хувийн эмнэлгүүдийн эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх тусламж үйлчилгээнүүдийг нэмэлтээр оруулж ирнэ. Мөн сонгон шалгаруулалт зарлаж, хувийн эмнэлгүүдийг нэмж оруулж ирнэ. Одоогоор уг ажил хараахан хэрэгжээгүй байна.

-Эрүүл мэндийн даатгалд ямар тусламж үйлчилгээнүүд хамаарах вэ. Эрүүл мэндийн даатгалаас даах үйлчилгээний үнийн хязгаар ямар байгаа вэ?

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөлд амбулаторийн тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ, өдрийн эмчилгээ, диализны тусламж үйлчилгээ, хөнгөвчлөх, хэвтүүлэн эмчлэх, сэргээн засах, уламжлалт анагаах ухаан, яаралтай тусламж, түргэн тусламж зэрэг тусламж үйлчилгээний төрлийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байна. Эдгээр нь дотроо задраад маш олон төрлөөр хуваагдаж байгаа. Тухайлбал, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ дотор эрчимт эмчилгээ, эмийн эмчилгээ, мэс засал, эрхтэн шилжүүлэх мэс засал, хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх хими, туяа эмчилгээ багтана.Эрүүл мэндийн даатгалаас даатгуулагч иргэнд үзүүлэх тусламж үйлчилгээний үнийн дээд хязгаар 113 сая 628 мянган төгрөг хүртэлх юм. Энэ нь дээр өгүүлсэн тусламж үйлчилгээ, эмчилгээнээс гадна эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал байгаа. Ер нь тухайн өвчтөний оношийн жин, өртгийн бүлгээс хамаарч эрүүл мэндийн даатгалаас гаргаж байгаа даатгалын хөнгөлөлт харилцан адилгүй байдаг. Тухайлбал, хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ буюу тархины шигдээс, тархины артерийн нарийсал гэсэн оношийн үед даатгалын сангаас нийт 719 мянга 976 төгрөгийг гаргана. Даатгуулагч иргэний төлөх мөнгө тэг төгрөг.

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж байгаа тохиолдолд хувийн эмнэлэг үйлчлүүлэгчээс нэмэлт төлбөр шаардах ёстой юу?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журам гэж бий. Мөн 03 дугаар тогтоолын хавсралтаар мөнгөн дүнгүүдийг батлаад өгчихсөн байгаа. Уг жагсаалт, зохицуулалтын хүрээнд даатгалын хөнгөлөлт, нэмэлт төлбөрийн асуудал шийдэгдэнэ. Эмнэлгүүд дээрх зохицуулалтаар батлаад өгчихсөн мөнгөн дүнгээс өөр нэмэлт төлбөр авах ёсгүй. Хэрэв ийм асуудал үүсгэвэл хариуцлага тооцох механизм бий. Зарим даатгуулагч “Энэ хүн огт төлбөр төлөхгүй байхад би яагаад төлбөр төлөх ёстой юм бэ” гэж гомдол гаргаж байж магадгүй. Энэ нь тухайн өвчний онош, бүлэг, эмчилгээний зардлаас хамаараад зарим нэг өвчин дээр хамтын төлбөр буюу иргэнээс төлөх төлбөр байгааг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр иргэний онош даатгалд бүрэн хамаарах уу, нэмэлт ямар мөнгөн дүн төлөх ёстой гэдгийг тухайн иргэний эрүүл мэндийн онош тодорсны дараагаар эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагч иргэддээ тайлбарлаад хэлэх ёстой. Мөн эрүүл мэндийн байгууллагууд маань төлбөрийн хэмжээг ил тодоор, даатуулагч иргэдэд харагдахаар байрлуулсан байх хэрэгтэй.

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж байгаа тохиолдолд хувийн эмнэлэг иргэнээс нэмэлт бичиг баримт, тодорхойлолт авчрахыг шаардах уу. Ямар бичиг баримтуудыг үндэслэн үйлчилгээ үзүүлэх ёстой вэ?

иргэд маань юун түрүүн анхан шатны эмнэлгээр үйлчлүүлэх ёстой. ингээд дараагийн шатлалын эмнэлэгт онош тодруулах, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэвэл 13Ахэмээх маягтыг даатуулагч иргэн өрхийн эмнэлгээс заавал авах учиртай. Мэдээж амбулаторийн карттайгаа дараагийн шатлалын эмнэлэгт очно. Гэхдээ бүх онош, эмчилгээн дээр 13Амаягтыг шаардахгүй. Зарим төрлийн тусламж үйлчилгээн дээр тус маягтыг шаардахгүйгээр дараагийн шатлалын эмнэлэгт очих боломжтой. Маягт шаардахгүйгээр очиж болох өвчнүүд гэвэл өдрийн мэс засал, шүдний эмчилгээ, хяналтын үзлэг(хавдар, халдвартын өвчнүүд),сэтгэц, гэмтэл, жирэмсний хяналтууд, гемолизын тусламж үйлчилгээ, хараагаа үзүүлэх, эмнэлгийн акт маягт авах зэрэгт 13Амаягтгүйгээр үзүүлж болно. Өдрийн мэс засал гэдэг нь эмнэлэгт заавал хэвтэх шаардлагагүйгээр хөнгөн идээт буглаанууд, гэмтлийн хадаас авах зэрэг мэс ажилбарууд юм.

Хамгийн гол нь даатуулагч иргэд маань эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн байх ёстой. ингэж байж тусламж үйлчилгээ авах эрх нээгдэнэ. Эрүүл мэндийн даатгал маань 2016 оноос эхлээд заавал төлөх даатгал болсон учир даатуулагч иргэн дээрх оноос эхлээд одоог хүртэлх шимтгэлээ бүрэн төлсөн байх ёстой. Шимтгэл сарын 4200, жилийн 50400 төгрөг байгаа.

-Хувийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх болсонтой холбоотойгоор иргэд сайн гэсэн томоохон хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлэх сонирхол нэмэгдэж ачаалал, дараалал үүсгэж байна гэж сонссон. Ер нь хувийн эмнэлгүүдийн ачаалал хэрхэн өссөн бэ?

-Хувийн эмнэлгийн ачаалал нэмэгдээд, дараалал үүссэн зүйл байхгүй. Яагаад гэвэл одоогоор хувийн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар үзүүлж болж байгаа тусламж үйлчилгээ гэвэл урьдчилан сэргийлэх үзлэгүүд, элэгний В,С вирус тоолох, хэвтүүлэн эмчлэх зэрэг тусламж үйлчилгээнүүд байна. Тэгэхээр одоогийн байдлаар эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдэлж тусламж үйлчилгээ авах зорилгоор хувийн эмнэлэг рүү хошуураад ачаалал үүсгээд байх магадлал бага. Харин удахгүй сонгон шалгаруулалт зарлаад, тэнцсэн эмнэлгүүд ороод эхлэхээр хувийн эмнэлгээр үзүүлэх тусламж үйлчилгээнүүд нэмэгдэнэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний өртгийн судалгааг хийж хувь болон улсын эмнэлгийн суурь тарифыг ижил түвшинд аваачсан байгаа. Суурь тариф нь 850 мянган төгрөг юм. Гэхдээ бүх өвчний эмчилгээ үйлчилгээнд ингэж хөнгөлөхгүй. Тухайн оношийн хамааралтай бүлэгт багтах өвчин эмгэгийг эмчлэхэд санхүүжүүлэх суурь тариф гэж ойлгож болно. Эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх хувийн болон улсын эмнэлгийн суурь тариф ижил болсон учир өрсөлдөөн ижил байх болно. Хаана чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлж байгааг даатгуулагч иргэн өөрөө сонгоно.

Г.БАТ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Долгорсүрэн: Биткойнтой холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээ багагүй эрсдэл дагуулдгийг иргэд мэддэг байх ёстой


“Ард санхүүгийн
нэгдэл”-ээс “Ард койн”-ы
арилжааг өнгөрсөн оны
арванхоёрдугаар сард
гүйлгээнд нэвтрүүлснээс
хойш ханш нь хэдэн
арав дахин өсөөд байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард
13 төгрөгт хэлбэлзэлж
байсан “Ард койн”-ы ханш
долоо хоногийн өмнө
300 төгрөгт хүрсэн нь
богино хугацаанд маш
өндөр өсөлт үзүүлж
байгааг илтгэнэ. Үүнтэй
холбоотойгоор хүмүүс уг
зах зээлд их хэмжээний
хөрөнгө оруулалт хийж,
дэнчин тавих болсон.
Тэгвэл энэ өсөлт нь
хөөсрөл эсэх, биткойнд
хөрөнгө оруулалт хийхдээ
юунд анхаарах талаар
Санхүүгийн зохицуулах
хорооны Хяналт, шалгалт,
зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс
тодрууллаа.


-Сүүлийн саруудад “Ард
койн”-ы ханш тасралтгүй өсч,
хүмүүс өндөр өгөөж хүртэнэ
гэсэн хүлээлттэйгээр
их хэмжээний хөрөнгө
оруулалт хийх боллоо.
Түүнчлэн, дэлхий дахинд
биткойнд хөрөнгө оруулалт
хийх хандлага нэмэгдэж,
манайхан ч өндөр өгөөжийн
төлөө энэ зах зээл рүү зүтгэж
эхэллээ. Үүнд танайх ямар
байр сууринаас хандаж
байгаа вэ?

-Санхүүгийн зохицуулах
хорооны эрх зүйн байдлын
тухай хуулийн хүрээнд манай
байгууллага үйл ажиллагаа
явуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ
хуулиар хорооны ажиллах
чиг үүрэг, хамрах хүрээг
тодорхойлоод өгчихсөн.
Тэгвэл өнөөгийн хуулийн
зохицуулалтаар хорооны ажил
үүргийн хамрах хүрээнд койн
буюу криптовалют, блокчэйн
технологид суурилсан
зах зээлийн үйлчилгээ
хамаарахгүй. Гэсэн хэдий ч
хэрэглэгч, харилцагчдын эрх
ашгийг хамгаалах бидний
үндсэн үүрэг бий. Иймээс
дээрх асуудалтай холбогдуулж
хэд хэдэн мэдэгдэл гаргаад
байна. Зөвхөн Монголд
ийм асуудал үүсээд байгаа
юм биш. Дэлхий дахинд
виртуал хөрөнгө оруулалттай
холбоотой арилжааны чиг
хандлага явж байна. Үүнтэй
холбоотойгоор олон улсын
зохицуулагч байгууллагууд
мэдэгдэл, анхааруулга
гаргаад байгаа. Тухайлбал,
Английн Санхүүгийн
зохицуулах байгууллагаас
“…Аливаа төрлийн виртуал
хөрөнгийн үйлчилгээ авах,
хөрөнгө оруулах нь хөрөнгө
оруулагчийн хувьд өндөр
эрсдэлтэй бөгөөд бүх хөрөнгө мөнгөө алдахад бэлэн байх
ёстой” гэж анхааруулсан.
Мөн Европын банкуудын
зохицуулах байгууллага,
Европын үнэт цаасны
зохицуулах байгууллага,
Европын даатгалын болон
тэтгэврийн зохицуулах
байгууллагууд иргэдэд
зориулж хамтарсан мэдэгдэл
гаргаж, “виртуал хөрөнгө
худалдан авах нь өндөр
эрсдэлийг дагуулах бөгөөд
үнийн савлагаа ихтэй,
хамгаалалтын тогтолцоогүй”
гэдгийг анхааруулсан байгаа.
Өөрөөр хэлбэл, ханшийн
өндөр савлагаатай. Ирээдүй
нь тодорхой бус. Хэн ч
таашгүй. Ийм ойлгомжгүй
салбар учир та орохдоо
болгоомжтой байгаарай.
Таны сонголт шүү. Та өөрийн
итгэл үнэмшлээр ор. Гэхдээ
та эрсдэлээ өөрөө даагаарай
гэдгийг зарласан. Бидний
хувьд ч мөн адил иргэдийг энэ
зах зээл рүү битгий ор, та авах
хэрэггүй гэж огт хэлээгүй.
Та итгэл үнэмшлээрээ
орж болно. Харин гарсан
эрсдэлээ өөрөө даагаарай,
хохирсон тохиолдолд төр рүү хандаж гомдоллох боломжгүй
шүү гэж байгаа юм. АНУын Санхүүгийн зохицуулагч
байгууллагаас тодорхой
хэлчихсэн. “Биткойнтой
холбоотой бүтээгдэхүүн
үйлчилгээ өөртөө багагүй
эрсдэлийг дагуулдаг гэдгийг
хөрөнгө оруулагчид мэддэг
байх шаардлагатай” гэсэн
байгаа.

-Зохицуулалтгүй, ирээдүй нь тодорхойгүй энэ
салбарт хөрөнгө оруулах
бол юунд анхаарах ёстой
вэ?

-Монгол Улсад он гараад
койн гээд нийгэмд давлагаа
үүслээ.Хүмүүс хуйларч байгаа
шалтгаан нь энгийн юм. Маш
богино хугацаанд хэт өндөр
ашиг авах гээд хошуурч
байна. Дээр нь монголчуудын
өвөрмөц зан бий. Сургаар
амьдардаг. Нэг аюул нь
ойр дотны хүмүүсээ татаад
оруулчихдаг. Бид мэдэгдэл
гаргаад байгаагийн цаад
шалтгаан нь өмнө нь пирамид
хэлбэрийн луйварт ах дүү,
амраг саднаараа ороод бүгд
унаж байсан. Ингээд эцэст
нь бие биенээ уучлахын аргагүй хүнд байдал үүсдэг.
Тиймээс бие биенээ битгий
уруу татаарай.
Та өөрөө эрсдэл хийж
болно. Гэхдээ олон улсын
хөрөнгө оруулалтын алтан
дүрэм бийг санах хэрэгтэй.
Бүх хөрөнгөөрөө дэнчин тавьж
бүү хөрөнгө оруулалт хий.
Ялангуяа, эрсдэлтэй, алдах
магадлал өндөр ийм салбарт
хамаг хөрөнгөө аваачаад
хийчихэж огт болохгүй.
Хөрөнгө оруулалт хийхийн
өмнө ойр дотныхоо эрх ашгийг
давхар бодолцоорой гэдэг
зарчим юм. Дараагийн нэг
дүрэм бол та оролцож болно.
Ингэхдээ бага хэмжээгээр
буюу алдлаа гэхэд сүртэй
харамсахгүй, ард нь амьдрал
үрэгдэхгүй байх ёстой. Зарим
нь 10 мянга, бүр 10 сая төгрөг
алдаад харамсахгүй хүн ч бий.
Тэгэхээр энэ хувь хэмжээгээ
бодох учиртай. Гуравдугаарт,
ер нь богино хугацааны
тоглолт үр ашиг багатай
байдаг. Тийм учраас аливаа
аливаа хөрөнгө оруулалтыг
урт хугацаанд хийх нь зүйтэй
гэж зөвлөдөг. Энэ үүднээс бас
асуудалд хандах нь чухал.

– “Ард санхүүгийн
нэгдэл”-ийн хувьцааны
ханш он гарснаас хойш
300 хувийн өсөлт үзүүлсэн
тухай харсан. Гэхдээ тус
компанийн худалдан
авсан “Булган-Ундарга”
компанийн арилжааг
ханш нь үндэслэлгүй өсч
байна гэсэн шалтгаанаар
зогсоосон. Энэ талаар
тодруулахгүй юу?

-Үнэт цаасны зах зээлийн
тухай хууль бий. Зах
зээлийг урвуулан ашиглах
тусгай заалтуудтай. Үүгээр
зохицуулж шийдвэрлэсэн
асуудал юм. Хуулийн үзэл
баримтлалаар хувьцааны үнэ
ханшид ямар нэг хэмжээгээр
нөлөөлөх үйлдлүүдийг хийхийг хориглодог. Хийсэн
тохиолдолд Зөрчлийн
тухай хуулийн дагуу арга
хэмжээ авагддаг. Зөрчлийн
хуулиас гадна энэ нь зохион
байгуулалттай, олон удаагийн
давтамжтай бол Эрүүгийн
тухай хуулиар ялтай. Найман
жил хүртэл ялтай. Энэ нь
өөрөө зах зээлийг хамгаалах
чухал механизм юм. Яагаад
гэвэл хэн дуртай нь ханшаа
дуртай үедээ өсгөж, буулгаад
дундаас нь ашиг хүртэх
нөхцөлийг бүрдүүлээд
байж болохгүй. Үнэ ханш
эрэлт нийлүүлэлтээр л
зохицуулагдана шүү дээ.

-Гэхдээ 1990-ээд
оны үеийн үнэлгээтэй
компани аваад хөрөнгө
оруулалт хийгээд одоогийн
үнэлгээний түвшинд
аваачихын тулд ийм алхам
хийхээс өөр аргагүй байсан
талаар тус компанийн
удирдлагууд тайлбарлаж
байсан. Энэ нөхцөл байдлыг
хэрхэн харгалзаж үзэх ёстой
вэ?

-Хөрөнгийн биржийн
гуравдугаарт самбарт байгаа
компаниуд 1990-ээд оноос
үйл ажиллагаа нь зогсчихсон.
Цаасан дээр байгаа компани
болоод хувирчихсан байгаа.
Тэр компаниуд 1990-ээд оны
үнэлгээгээр байна. Тэрнээс
хойш ханш хэд дахин өссөн.
Хэдийгээр энэ нь үнэн боловч
өнөөдөр үнэт цаасны зах
зээлийг зохицуулж байгаа
хууль дүрэм журмын хүрээнд
л асуудал явагдана. Дүрэм
журмаа өөрчилж, нийцүүлэх
нь дараагийн асуудал. Бид
энэ чиглэлээр Монголын
хөрөнгийн биржтэй ярьж,
бодлогын хэмжээнд зах
зээлийг тохируулах ажил
хийгдэж байгаа.

-“Ард санхүүгийн
нэгдэл”-ийн удирдлагууд
итгээрэй, аваад дарчихвал урт хугацаанд өгөөжтэй
шүү гэдгийг хэлж байгаа.
Хүмүүс үүнд итгэж хөрөнгө
оруулалт хийсээр байна?

-Хуулийн бас нэг гаргалгаа
нь зах зээлийг урвуулан
ашиглахыг дотоод мэдээтэй
холбож өгдөг. Нэг ёсондоо
шийдвэр гаргаж байгаа хүн
энд оролцохыг хориглодог.
Өнөөдөр би компанийн
мэдээлэлтэй захирал гэж
бодъё. Энэ компани ашигтай
гэрээ авсан. Энэ гэрээг
авахад хувьцаа өснө гэдгийг
мэдэж байгаа. Ингээд тэр хүн
дотоод мэдээллийг эзэмшиж
байгаа учир ханш нь өснө
гэдгийг тооцоод хувьцаа
худалдаад авчих боломжтой
байхгүй юу. Тэгвэл энэ нь зах
зээлийг урвуулан ашиглана
гэж харагдана. Дээр нь Үнэт
цаасны зах зээлийн тухай
хуулийн хоёрдугаар дэд
бүлэг 80 дугаар зүйлд зах
зээлийг урвуулан ашиглахтай
холбоотой дтодорхой заалтууд
бий. Тодруулбал, 80.1-д үнэт
цаасны зах зээлд хуурамч
арилжаа хийх, үнэт цаасны
үнэ ханшийг зохиомлоор
тогтоох, үнэт цаасны зах
зээлд оролцогч, харилцагчийг
хууран мэхлэх замаар
арилжаанд оролцуулах,
эсхүл оролцуулахгүй байх
болон бусад арга хэлбэрээр
үнэт цаасны зах зээлийг
урвуулан ашиглахыг
хориглоно. 80.4.1-д бодит бус,
төөрөгдүүлсэн, эсхүл хуурамч
мэдэгдэл, амлалт, таамаг
гаргах, нийтлэх, чухал үйл
баримтыг нуун дарагдуулсан,
80.4.2-д бодит үйл баримтын
талаар худал мэдэгдэл хийх
замаар хэлцлийн нөгөө талыг
төөрөгдүүлсэн бол зах зээлийг
урвуулан ашигласан гэж үзнэ
гэх зэргээр заасан.

Г.БАТ

Categories
мэдээ эдийн-засаг

“Үхэр жил” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гарлаа

Монголбанкны Эрдэнэсийн сангаас энэ онд Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилд зориулан “Үхэр жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ.

Тус дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урлаж, хэсэгчлэн алтаар бүрсэн байна.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байгаа аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Мал аж ахуйн салбар, тариаланчдыг 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр дэмжихээр бэлтгэж байна гэв

– УСАЛГААТАЙ ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙГ 1500 ГА-ААР НЭМЭГДҮҮЛНЭ –

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хаврын тариалалт, мал төллөлтийн бэлтгэл ажил төлөвлөсний дагуу явагдаж байгааг мэдэгдэв. Энэ онд манай улс 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, долоон мянган га-д жимс жимсгэнэ буюу нийт 530.3 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ. Ингэснээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, гурван мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авахаар тооцсон аж. Мөн 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт тавьж, хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа орсон гэв.

Улаанбуудайн үрийн хангамжийг бүрдүүлэх зорилгоор гурван компанид үр импортлох зөвшөөрөл олгожээ. Эдгээр аж ахуйн нэгж Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх юм байна. Одоогийн байдлаар ОХУ-аас 900 гаруй тонн улаанбуудайн үрийг хүлээн авчээ. Мөн 3400 орчим тонн үр удахгүй ирэх юм байна. Түүнчлэн, тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд арвайны үр 500 тонн, хошуу будааны үр 650 тонныг тус тус импортоор авсан байна. Хүнсний ногооны тухайд Польш улсын засгийн газрын 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлжээ.

Энэхүү төслийн хүрээнд 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, ногооны үрлэгч, хураагч комбайн, копатель, хөрс боловсруулах техник, ургамал хамгааллын бодис цацах тоног төхөөрөмж зэрэг нийт 600 гаруй төрлийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх аж. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагчийг, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт нэг га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагч, жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд 1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг 50 хувийн хөнгөлөлттэй олгохоор болсон байна. Энэ нь зургаан жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй зээл аж. Ингэснээр усалгаатай талбайн хэмжээ 1500 га-аар нэмэгдэнэ гэв. Түүнчлэн, улсын төсвийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр 32 метр квадрат талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, дөрвөн төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг тус тус нийлүүлж, өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноор хүлэмжийн тариалалтыг 75 га-гаар нэмэгдүүлнэ хэмээн тооцсон байна.

ӨВС ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА

Өнөөдрийн байдлаар мал хаваржилтын байдал хэвийн байгаа аж. Өвөлжилт хүндхэн байсан Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхөнгай, Дундговь, Архангай зэрэг аймагт хаваржилт хүндхэн болох төлөвтэй байгаа учир салбарын яамнаас анхаарч эхэлсэн байна. Тодруулбал, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, өвс, тэжээлийн хангамжийг сайжруулах, 2021 оны төл хүлээн авалт, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, бэлчээр, нийтийн эзэмшлийн газар нутаг болон төв, орон нутгийн чанартай замын ойролцоо үхсэн мал, амьтны хүүр, сэг зэм зэргээс байгаль орчин бохирдон, мал, амьтны халдварт өвчин дамжин тархах эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх албан даалгавар өгчээ.

Хаврыг хохирол багатай давж гарахад малын бүх төрлийн тэжээлийн хангамж, нийлүүлэлт хамгийн чухал аж. Энэ хүрээнд тэжээл импортлох чиглэлээр 50 гаруй аж ахуйн нэгжтэй 120 орчим мянган тонн тэжээл импортлох бодлогын гэрээ байгуулжээ. Ингэснээр 2021 оны мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй мянган тонн бүх төрлийн тэжээл импортлоод байгаа аж. Түүнчлэн, Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Болзошгүй онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгээс таван сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэж, мал өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн бүх суманд болон отроор явж байгаа малчин өрхөд хүчит тэжээл олгож байгаа аж. Үүнээс гадна зудын эрсдэлтэй аймгуудын малчин өрх, малын тооны судалгаа гаргуулах талаар Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай хамтран ажиллаж, таван аймаг, 74 сумын 45.750 малчин өрхийн 19 сая 240 гаруй мянган толгой малд тусламж үзүүлэхэд нэг малчин өрхөд 300 гаруй мянган төгрөгийн үнэ бүхий хоёр төрлийн хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлэх тооцоо гарсан байна. Тусламжид хамрагдах малчин өрхийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа 2019 оны мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын статистикийн дүн мэдээг үндэслэл болгожээ. Ирэх сарын 1-ний дотор холбогдох аймгуудын малчин өрх бүрд тэжээл олгох ажлыг зохион байгуулах аж.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО

Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор болсон. Үүнд хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум, малчдыг дэмжихэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох аж. Ноолуур болон тариалангийн салбарыг дэмжих 300 тэрбум төгрөгийн зээл жилийн гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байх аж. Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийн тухайд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай байна. Уг зээлийг малчдад зөвхөн хэрэглээний зээл болгож тараахаас илүү мал аж ахуйн үйлдвэрийг сэргээх үндсэн хэд хэдэн чиглэлд олгохоор урьдчилсан төлөвлөгөө гаргажээ. Тодруулбал, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх чиглэлд энэ зээлийг түлхүү олгоно. Мөн сүү цагаан идээ боловсруулах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлт, бэлчээр хамгаалал, худаг ус гаргах зэрэг 6-7 чиглэлд олгох нь зүйтэй гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байгааг хэлэв.

Г.БАТ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

В.Оюу: Монгол Улс БНХАУ руу 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй экспортлох боломжтой боллоо

Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюутай Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсонтой холбогдуулж экспортын ямар хөнгөлөлт эдлэх талаар болон гадаад худалдаа тойрсон бусад сэдвээр ярилцлаа.


Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орж, энэ оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна. Уг хэлэлцээрийн тухай тодруулахгүй юу?

-Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэж орсон долоо дахь гишүүн орон болсон. Хэлэлцээр Монгол Улсын хувьд 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хэлэлцээрийн хүрээнд манай экспортын бараа, бүтээгдэхүүн бусад зургаан улстай тохирсон импортын тарифын хөнгөлөлтийг эдэлж эхэлсэн гэсэн үг. Уг хэлэлцээр 1975 оноос эхлэлтэй. Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын худалдаа, эдийн засгийн харилцаа, хөгжлийг дэмжих агуулгын хүрээнд анх НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос санаачилж эхлүүлсэн байдаг. Хэлэлцээр 1975 оноос 2005 он хүртэл Банкогийн хэлэлцээр гэсэн нэртэй байсан. 2005 оноос одоогийн нэршлээр явах болсон. Хэлэлцээрийн онцлог юу вэ гэвэл Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос гээд бүс нутгийн эдийн засгийн чадавх, хүн ам, зах зээлийн хэмжээгээр тэргүүлэх гишүүн улс. Бид эдгээр улс оронтой хэчнээн төрлийн бараа таваар дээр ямар хөнгөлөлт эдлэх тухай хэлэлцээр хийж, анх удаа Монгол Улс бүс нутгийн худалдааны хэлэлцээрийн гишүүн боллоо. Одоохондоо зөвхөн бараа таваар дээр тарифын хөнгөлөлт ярьж байна.

Цаашид энэ хэлэлцээр үргэлжилнэ. Улам боловсронгуй болж байгаа. Тодруулбал, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх асуудлаар хэлэлцээрүүд явагдаж байна. Хэлэлцээрийн хүрээнд хөнгөлөлт эдлэх анхны бүтээгдэхүүний бүртгэлийг манай Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд хийж, гарал үүслийн гэрчилгээ олгосон.

Манай улстай худалдаа, эдийн засгийн өргөн харилцаатай улс орнууд уг хэлэлцээрт нэгдсэн байна. Хятад, Өмнөд Солонгос зэрэг улс руу манайхаас хэчнээн төрлийн бараа бүтээгдэхүүнийг ямар хөнгөлөлт эдэлж гаргах боломжтой вэ?

-БНХАУ бол манай худалдааны хамгийн том түнш.

БНСУ улс ч мөн манай худалдааны зургаан том түншийн маань нэг. Хэлэлцээрт энэ хоёр улсаас гадна Энэтхэг, Шри Ланка, Лаос, Бангладеш гэсэн улс нэгдсэн. Хэлэлцээрийн гишүүн зургаан улс манай нийт худалдааны эргэлтийн 67 хувийг эзэлж байгаа.

Хэлэлцээрийн дагуу Хятадын зах зээл дээр 2323 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, 10-100 хувийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүний дотор манай экспортын голлох бүтээгдэхүүн болох коксжсон нүүрс байна. Нүүрсэн дээр Хятадын импортын татварыг 50 хувь хөнгөлснөөр экспортоос олж байгаа орлогыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Мөн рапсын үрд 100 хувь, малын гаралтай бүтээгдэхүүн болох арьс шир дээр 14-50 хувь, ямааны ноолуур болон ноолууран бүтээгдэхүүнд 35 хувийн хөнгөлөлт эдэлж байна. Солонгосын хувьд манайх 2902 нэр төрлийн бүтээгдэхүүнд 10-50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүний дотор ноос ноолууран бүтээгдэхүүний 30-50 хувийн хөнгөлөлт багтаж байгаа юм. Хэлэлцээр нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн тул хэлэлцээрийн үр ашгийг яг өнөөдөр дүгнэж хэлэх боломжгүй.

Нүүрсний экспорт энэ оны эхний хоёр сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар нэмэгдсэн. Хэдийгээр ковидтой, хоёр талдаа анхаарал болгоомжлолтой байгаа ч манай яам Хятадын талтай ойлголцож ажилласны дүнд нүүрсний экспортын урсгал хэвийн явж байгаа гэж хэлж болно.

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар манай экспортын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, зах зээлийг тэлж өгч байгаа юм. Урт хугацааны хөгжлийн бодлогод ч чөлөөт худалдааны хэлэлцээрийг тууштай дэмжиж, аль болох олон зах зээл дээр хөнгөлөлттэй нөхцөл боломжийг олохын төлөө ажиллана гэсэн зорилт тавьсан. Манай яам энэ ажилд тэргүүлэх ач холбогдолтой өгч байгаа.

Өмнө нь бид Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, олон нэр төрлийн барааг хөнгөлөлттэй экспортлох боломжтой болсон. Өгөөж нь ямар байгаа вэ?

-Хамгийн анхны чөлөөт худалдааны хэлэлцээр бол Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. Эргээд харахад 3-4 жилийн хугацаанд хоёр орны худалдааны нийт эргэлт 40 орчим хувиар нэмэгдсэн. Мэдээж бид экспортынхоо нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлж, Японы зах зээл дээр бидэнд олгож байгаа боломжийг бүрэн дүүрэн ашиглах тал дээр анхаарах шаардлага бий. Ер нь худалдааны эргэлт 40 орчим хувиар нэмэгдчихсэн байна гэдэг нь чөлөөт худалдааны хэлэлцээр яах аргагүй худалдаа, эдийн засгийн харилцааны том хөшүүрэг гэдгийг нотолж байгаа хэрэг л дээ.

Манай улс БНХАУд гэхэд 2000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй татварын тарифаар экспортолж болох нь. Гэхдээ бидний бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөн. Цаашид чөлөөт худалдааны хэлэлцээрээр тохирсон боломжийг илүү өргөн хүрээнд ашиглахын тулд дотоодын үйлдвэрлэл, экспортоо хэрхэн дэмжих вэ?

-Уг хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулаад өнгөрсөн оны аравдугаар сард МҮХАҮТ-тай хамтарч аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт зохион байгуулсан. Сургалтад оролцсон аж ахуйн нэгж, байгууллагад хэлэлцээрийн гишүүн зургаан улстай байгуулсан хөнгөлөлттэй бүтээгдэхүүний жагсаалт, бүтээгдэхүүн тус бүрт авч байгаа хөнгөлөлтийн тухай нарийвчилсан мэдээллийг хүргэсэн. Энэ мэдээллийг Гадаад харилцааны яам болон МҮХАҮТ-ын вэб сайт дээр нийтэлсэн. Тэгэхээр бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, гарааны бизнес эрхлэгчид эдгээр зах зээлд гарахад ямар боломж байгааг харах, бизнесийн үр ашиг, боломжоо тооцоолоход тус дөхөмтэй байх болов уу.

Экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх зорилгоор чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг бодлогын түвшинд анхаарч ажиллаж байна. ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Армен Улс багтсан Евроaзийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн. Хамгийн чухал нь гадаад зах зээл дээр бий болгож байгаа боломжийг бүрэн дүүрэн ашиглахад анхаарах хэрэгтэй байгаа юм. Урд хөршийн зах зээлд 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ байг гэхэд одоо гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ хэмжээ, нэр төрлийг яаж нэмэгдүүлэх вэ, ялангуяа уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг яаж дэмжих вэ гэдэг дээр анхаарах асуудлууд бий.

Юуны өмнө энэ хүрээнд бизнес эрхлэгчдээ дэмжсэн санхүү, зээлийн үйлчилгээг сайжруулах, чанарын тогтолцоог боловсронгуй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, мөн ур чадвар, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн дэмжлэг, бодлого зайлшгүй хэрэгтэй байна гэж хардаг.Цаашлаад худалдаанд оролцож байгаа байгууллагуудын уялдаа холбоог хангах, худалдааг хөнгөвчлөх асуудал ч чухлаар тавигдаж байна.

ГХЯам 2019 онд Олон улсын худалдааны төвтэй хамтраад дунд хугацаанд Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нөөц боломжтой салбарыг тодорхойлох судалгаа хийж, найман салбарыг тодорхойлсон. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, мах сүү, ноос ноолуур болон уул уурхайн бүтээгдэхүүний гүн боловсруулалт зэрэг уламжлалт салбараас гадна шинэ салбарууд ялангуяа аялал жуулчлал, мэдээлэл харилцаа холбоо, сэргээгдэх эрчим хүчний салбарт экспортын боломж байгаа тул энэ салбарт хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр хаана ямар боломж байна, аль салбар дээрээ анхаарах ёстой вэ гэдэг асуудал тодорхой болсон. Энэ салбарууд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 баримт бичигт ч туссан. Одоо энэ салбаруудаа яаж дэмжих юм, юуг анхаарах вэ, юуг брэнд болгож явах зэрэг асуудал дээр шийдэл гаргах ёстой гэж бодож байна. Бизнест хүрсэн бодит дэмжлэг хомс байгаа учраас одоо байгаа бизнесийн орчныг манай бизнесийнхэн тийм ч таатай үнэлэхгүй байна.

Энэ хүрээнд ГХЯ-ны хувьд худалдааг хөнгөвчлөхөд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна. Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт Монгол Улс нэгдэж орсон. Худалдааг хөнгөвчлөх гэдэг нь бараа бүтээгдэхүүнээ экспортлох, импортлоход шаардагдаж байгаа шат дамжлага, хил гаалийн хяналт шалгалттай холбоотой чирэгдэл, зардал мөнгө, цаг хугацааг багасгах тусгай асуудал бөгөөд энэ ажлыг зөв хэрэгжүүлж чадвал бизнесийнхэнд бодитой дэмжлэг болох юм.

Та дээр Евроазийн эдийн засгийн холбоонд нэгдэхээр судалж байгаа гэлээ. Тус холбоонд ОХУ багтдаг. Одоогийн байдлаар манай хойд хөрш худалдааны өндөр татвар ногдуулдгаас болж тус улстай экспорт, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бидэнд томоохон хүндрэл учруулж байна. Энэ тухайд ямар эерэг хүлээлт байгаа вэ?

-Манай улс түлш шатахуунаа үндсэндээ 100 хувь хойд хөршөөс худалдан авч байна. Энэ улсад экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний маань хэмжээ, нэр төрөл бага. Тийм учраас худалдааны өндөр алдагдалтай явж ирсэн. Энэ алдагдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа гол ажил бол Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах судалгааг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлүүлсэн явдал юм. Энэ холбоонд ОХУ-аас гадна Казахстан, Киргиз, Беларусь, Армени Улс багтдаг. Тэгэхээр ОХУ-аас гадна эдгээр улстай худалдааны харилцаагаа өргөжүүлэх боломжтой болно. Таны хэлсэнчлэн, ОХУ-ын зах зээлд гарч байгаа экспортын бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулдаг. Энэ тарифыг ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болохдоо авсан үүрэг амлалтын дагуу тогтоосон. Монгол Улсад тусгайлан тогтоосон тариф гэж ойлгож болохгүй. Тус улс руу экспорт хийж байгаа бүх улсад ийм асуудал тулгарч байгаа гэж ойлгож болно. Евроазийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал тарифын хөнгөлөлтөөс гадна техникийн чанартай бусад асуудлыг ч хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх боломжтой. ОХУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор Москва дахь Элчин сайдын яаманд Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн институцийг сэргээн байгууллаа. Мөн Владивостокт худалдааны төлөөлөгчийн газар нээх асуудал нааштай яригдаж байна. Бүгд л тус улстай худалдааны алдагдал бууруулах, экспортын боломжийг нээхэд чиглэж байгаа алхмууд юм.

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр зургаан орон манай улс руу хөнгөлөлтэй тарифаар бараа бүтээгдэхүүн экспортолно. Тэгвэл манайх дотоодын үйлдвэрлэлийнхээ өрсөлдөх чадварт нөлөөлөхгүй байх талаас ямар бодлого хэрэгжүүлсэн бэ?

-Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахдаа үйлдвэрлэлийн гол салбар, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгаалсан байр суурь баримталдаг. АНДХХ-ийн зургаан улсад 366 нэр төрлийн бүтээгдэхүүнд манай талаас хөнгөлөлт өгч байгаа. Өөрөөр хэлбэл, далайн гаралтай бүтээгдэхүүн, халуун орны жимс ногоо голчилсон бараа бүтээгдэхүүнд 30 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Үүгээрээ энэ хэлэлцээр манай үндэсний үйлдвэрлэгч нарт ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж бодож байна.

Энэ жил худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Манай улс цаашид чөлөөт худалдааны хэлэлцээрүүдэд нэгдэн орж, бизнес эрхлэгчдэд аль болох өргөн зах зээлийг нээж өгөхөд салбарын яам бодлогоо чиглүүлэн идэвхтэй ажиллаж байгаа юм байна гэж ойлголоо?

-Юуны өмнө чөлөөт худалдааны хэлэлцээрийг мэргэжлийн баг хийдэг. Өөртөө ашигтай нөхцөлийг олж авч, ашигтай хэлэлцээр хийх мэргэжилтнүүдийг бэлдэх нь бидний чухал зорилт. Бид энэ хүрээнд хэд хэдэн улсад төрийн албан хаагчдыг сургалтад хамруулсан.

Энэ оны гуравдугаар сарын 17, 18-нд Монгол Улсын худалдааны бодлогыг Дэлхийн худалдааны байгууллагаар хэлэлцүүлнэ. Үүнтэй холбогдуулан гишүүн улс орнуудаас 300 гаруй асуулт ирсэн. Худалдааны бодлогоо илүү боловсронгуй болгох, Дэлхийн худалдааны байгууллагын зарчимд нийцүүлэх ажилд ГХЯ онцгой анхаарч байна. Энэ хүрээнд Гадаад худалдааны хууль боловсруулах, ХХААХҮЯ, Сангийн яам, Монголбанк болон бусад холбогдох байгууллагатай хамтран худалдааны бодлогын үзэл баримтлалын бичиг гаргах ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Энэ жил орчин цагийн худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой болж байгаа. Жижиг зах зээлтэй улс орны хувьд үндэсний бизнес маань өргөжих, хүчирхэгжих боломж нь гадаад зах зээлд гарах явдал юм. Гадаад худалдаа бол эдийн засгийн өсөлт дэвшлийн хөшүүрэг. Энэ ч агуулгаар худалдааны бодлого илүү ил тод, боловсронгуй болгох ёстой гэсэн шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа.

Г.БАТ

Categories
мэдээ эдийн-засаг

Хоёрдугаар сард 643 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны хоёрдугаар сард 643.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2 тонн үнэт металл худалдан авав.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 309 кг-аар буурсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.5 кг, Баянхонгор аймаг дахь Монгол банкны салбар 36.6 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 2 дугаар сард 165,914.57 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 2 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Эх сурвалж: Монгол банк