Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

“Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 330.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Төлөвлөгөөнд тусгагдсан 10 их наяд төгрөгийн үндсэн ажлуудын хүрээнд авч үзвэл, гуравдугаар сарын 23-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр нийт 330.2 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төслийн санхүүжилтэд 66.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан байна. Улмаар 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олголоо. Энэ нь бизнесийн зээл судалж, шийдвэрлэхэд дунджаар 30 хоног зарцуулдаг жишигтэй харьцуулахад зээл олголт богино хугацаанд харьцангуй сайн гарч байна гэсэн үг юм.

Банкуудын олгосон ажлын байрыг дэмжих зээлийн хэмжээ гуравдугаар сарын 17-ны байдлаар 6.1 тэрбум төгрөг байсан бол, 22-ны мэдээгээр 41.8 тэрбум төгрөг болж хурдацтай нэмэгдсэн байна.

Урт хугацаат репо санхүүжилтийн зээлийн хувьд нийт 391.5 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 166.9 тэрбум төгрөгийн зээлийг 16283 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. Түүнчлэн 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 361.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкуудад ирснээс 16603 иргэнд 121.4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна.

Цаашид, Сангийн яам цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн үйл ажиллагаанд олон нийтийг төлөөлж хяналт тавих “Олон нийтийн хяналтын зөвлөл’’-ийг байгуулан ажиллуулахаар төлөвлөж байна. Улмаар цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн мэдээллийг долоо хоног тутам олон нийтэд мэдээлэх, оролцогч талуудын уялдааг сайжруулж, үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллах юм.

Эх сурвалж: Сангийн яам

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тос, зэсийн баяжмал, нүүрсний экспорт өсчээ

2021 ны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 21-ний өдрийн байдлаарх Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас танилцууллаа.

Энэ оны эхний гурван сард газрын тос, зэсийн баяжмал, нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс өссөн бол төмрийн хүдрийн экспорт буурсан байна.

Бүтээгдэхүүнүүдийн экспортын хэмжээг мөн үетэй нь харьцуулан харвал: /2021.01.01-2021.03.21/

Зэсийн баяжмал 298.4 мянган тонн экспортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 21.4 мянган тонн буюу 7.7 хувиар өссөн

Нүүрс 6.250.9 мянган тонныг экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 3.281.2 мянган тонн буюу 110 хувиар өссөн

Газрын тос 1.187.7 мянган баррелийг экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 883.2 мянган тонноор буюу 290 хувиар нэмэгдсэн.

Төмрийн хүдэр, баяжмал 1.649.4 мянган тонныг экспортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 206.2 мянган тонноор буюу 11.1 хувиар буурсан

Түүнчлэн Монголбанк энэ оны эхний гурван сард 2.479.5 мянган тонн үнэт металл худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 2.501.8 кг-аар буюу 50.2 хувиар буурчээ.






Categories
мэдээ эдийн-засаг

“Сансар-40 жил” дурсгалын зоос гаргажээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2021.03.22/ Монгол Улсын баатар, Чингис хаан одонт, хошууч генерал Ж.Гүррагчаа, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл нарыг хүлээн авч уулзлаа.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас уг ойг тохиолдуулан “Сансар-40 жил” дурсгалын зоосыг шинээр эрхлэн гаргасан бөгөөд уулзалтын үеэр Ж.Гүррагчаа баатарт уг дурсгалын зоосны дээжийг гардуулан өгөв.

“Сансар-40 жил” зоос нь сансрын уудам байдлыг “obsidian black” технологи ашиглан хар өнгөөр харуулж, сар болон дэлхийг өнгөтөөр дүрсэлсэн. Мөн “Союз-39” хөлгөөр “Солют-6” сансрын станцтай холбогдсон байгаагаар дүрсэлж, БНМАУ-ЗХУ-ын сансрын хамтарсан нислэгийн Монгол талын логог дүрсэлжээ. Түүнчлэн Монгол Улсын говь, цөл нутагт Марс гаригтай хамгийн төстэй орчин, нөхцөл бүрдүүлэн, туршилт, хөгжүүлэлтийн бааз байгуулан, хүний нөөц чадварыг хөгжүүлэхээр ажиллаж буй “MARS-V” төслийг таниулан сурталчлах үүднээс дэлхийн бөмбөрцөг дээр тус төслийн логог дүрсэлжээ.

Өмнө нь Монголбанкнаас 1981 онд тус түүхэн өдрийг тохиолдуулан “ЗСБХУ-БНМАУ сансрын хамтарсан нислэг” гүйлгээний 1 төгрөг, 1994 онд “Союз-39, Солют-6” сэдэвт дурсгалын зоосыг гаргаж байсан бол хамгийн сүүлд 2011 онд “Сансрын хамтарсан нислэг 30 жил” дурсгалын мөнгөн зоосыг 25 грамм болон 1 кг-ын жинтэйгээр гаргаж байв.

Одоогоос 40 жилийн өмнө БНМАУ-ын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа болон ЗХУ-ын иргэн, сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар “Союз-39” хөлгөөр сансарт нисч, “Солют-6” сансрын станцад холбогдон, нийт 8 өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дэлхийд амжилттай газардсан билээ. Ингэснээр Ж.Гүррагчаа Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч болж, дэлхийн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Европын орнуудад автомашины борлуулалт эрс буурчээ

Европын холбооны орнуудад суудлын автомашины борлуулалт өнгөрсөн хоёрдугаар сард жилийн дүнгээр 19.3 хувиар буурч, 771.5 мянга болжээ.

Энэ нь 2013 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болоод байна. Италид борлуулалт хамгийн бага буюу 12.3 хувиар унасан бол Германд 19, Францад 20.9, Испанид 38.4 хувиар буурчээ.

Түүнчлэн Европын холбооны орнуудад автомашины борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.7 хувиар буурч, Испани хамгийн их хохирол амссан ба борлуулалт хоёр дахин багассан байна.

Энэ нь 44.6 хувь гэсэн үг аж. Түүнчлэн Герман (25.1 хувь), Франц (14.2 хувь) орж байна. Үүний гол шалтгаан нь мэдээж коронавирус хэмээжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Алт олборлогчдод олгох санхүүжилтийн хугацааг сунгав

Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” цар тахлын үед улс орнууд эдийн засгаа сэргээх арга хэмжээ авч ажиллаж байна.

Манай улсын хувьд ч мөн адил арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэр /УУХҮ/-ийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны хамтарсан тушаалаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй санхүүжилт олгох журам хэрэгжиж байгаа.

Харин цар тахлын тархалт эрчимжиж манай улс дотооддоо халдвар алдсантай холбоотой УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Иймд эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажлыг дээрх хуулийн хүрээнд үргэлжлүүлж, алт олборлолтын хэмжээг богино хугацаанд нэмэгдүүлэх зорилгоор УУХҮ-ийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан хөнгөлөлттэй санхүүжилтийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 онд үргэлжлүүлэн олгохоор боллоо.

Энэхүү журмаар 6 хүртэлх сар буюу богино хугацаатай зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг энэ он дуустал сунгаж, урт хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчиллөө.

Журамд дээрх өөрчлөлт орсноор алт олборлогч компаниудад тулгамддаг эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж, алт олборлолт нэмэгдэх улмаар улсын төсөвт алтнаас төвлөрүүлэх орлого нэмэгдэх юм.

2020 оны Төсвийн төслийн тодотголд 24 тонн алт худалдан авахаар тусгасан ба өнгөрөгч оны гүйцэтгэлээр Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 23,6 тонн алт худалдан авч, алт тушаалт өмнөх оны мөн үеэс 8,3 тонноор нэмэгдэж, улсын төсөвт 174 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид өнөөдөр 1.4 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 43 ХК-ийн 894,404,215.53 төгрөгийн үнийн дүн бүхий 1.4 сая хувьцаа арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр “Бэрх Уул” (BEU+14.96%) болон “Материалимпекс” ХК (MIE+14.94%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан гурил тэжээл” (DAR-14.93%) болон “Глобал монголиа холдингс” ХК (HML-14.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 197,745 нэгж эрхийг нийт 44 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 1.19 хувиар өсөж, 34707.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,661,123,494,008.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ц.Болорчулуун: Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг хаврын технологит ажил эхлэхээс өмнө олгохоор төлөвлөсөн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.


-Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд 500 тэрбумын хөнгөлөлттэй зээлийг мал аж ахуй, ноолуур, газар тариалангийн салбарт олгохоор болсон. Зээл хэзээнээс эзэддээ хүрэх боломжтой вэ?

-Засгийн газраас баталсан 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум, ноолуурын салбарт 200 тэрбум, малчдыг дэмжихэд зориулж 200 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан.

Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийн тухайд эх үүсвэрийг арилжааны банкууд гаргана.

Энэ ажилд Төрийн болон Хаан банк оролцож байна. Хоёр банкны удирдлагатай уулзах, хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэх, шаардлагатай бичиг баримтыг яамны зүгээс бүрдүүлэн өгөх зэрэг бэлтгэл ажилд нэг сар орчмын хугацаа орох байх. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 20-ноос хойш малчдад зориулсан зээл олгогдох болов уу гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

Газар тариалангийн 100,ноолуурын салбарын 200 тэрбум төгрөгийн зээлийн тухайд эх үүсвэрийг Монгол Улсын Хөгжлийн банк гаргахаар ажиллаж байна. Манай яамнаас тус банкны удирдлагуудтай уулзалтууд хийж,асуудлаа харилцан ярилцаж, ойлголцолд хүрч байна. Зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргаж, шаардлага хангасан арилжааны банкуудаар дамжуулан олгоно.

Энэ сарын 15-наас эхний байдлаар зүүн аймгуудаас ноолуур гарч эхэлнэ. Тиймээс ноолуур бэлтгэлийн ажилд зориулах зээлийг яаравчлах шаардлагатай. Хаврын тариалалт ч гэсэн дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлнэ. Тиймээс эдгээр ажил эхлэхээс өмнө зээлийг олгохоор хоёр тал хамтран ажиллаж байна.

-Малчдад 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн байна. Гэхдээ энд нэг онцлог бий. Малчид хүүхдийн сургалтын төлбөр, ахуйн хэрэгцээ гэх зэргээр ихэвчлэн хэрэглээний зээл авдаг. Тэгвэл малчдын бизнес, үйлдвэрлэлийг дэмжсэн өгөөж тал руу 200 тэрбумыг яаж чиглүүлэх вэ?

-Энэ мөнгийг хэрэглээний зээл болгоод өнгөрөх бус мал аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд бодлогоор чиглүүлье гэж төлөвлөсөн. Арилжааны банкуудад малчдад зээл олгож байсан туршлага бий. Гэхдээ ихэвчлэн хэрэглээний зээл гардаг байсан. Тэгэхээр одоо банкууд орон нутгийн салбаруудаасаа судалгаа аваад, яамнаас өгсөн чиглэлийн дагуу зээл олгохоор тохирсон.

-Аливаа нөлөөллөөс ангид байж, зээлийг зориулалтынх нь дагуу хүртээмжтэй, шударга хуваарилахад салбарын яам ямар чиглэл барьж байгаа вэ?

-Уг зээл арилжааны банкуудаар дамжина. Мэдээж банкууд өөрсдийн санхүүгийн эрүүл мэндээ бодож зохих шаардлагуудаа тавиад явах учир хөндлөнгийн нөлөө орохгүй. Мөн авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналтаа тавиад явна. Үүнээс гадна мал аж ахуйн үйлдвэрлэлд хэр үр нөлөөтэй байна гэдэгт яам бодлогын хяналт тавина. Тухайлбал, яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас арилжааны банкаар олгож байгаа зээлүүдэд судалгаа хийж, үр дүнг тооцоход анхаарч ажиллана.

-Зарим улаанбуудай тариалагч зээлээ зориулалтын бусаар ашиглаж, тэжээлийн ургамал, рапс тариалах зэргээр эрсдэл багатай, амархан борлуулах боломжтой тариалалт руу хийгээд байна гэх шүүмжлэл бий. Ер нь зээлийг зориулалтын бусаар ашиглах эрсдэлийг хэрхэн хаах вэ?

-Банк зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж байгаа. Хүнсний улаанбуудай тариалах зориулалтаар зээл авчихаад намар болц гүйцээгүй, хурааж амжаагүй байдлаас шалтгаалж тэжээл рүү шилжүүлэх асуудал ажиглагдаж байсан. Цаашид яам болон орон нутгийн түвшинд зээлийг яг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хэсэгчилсэн мониторинг тухай бүрт нь хийгээд явна. Тухайлбал, хаврын тариалалтын явцын үед орон нутагт ажиллаж, зээлээ зориулалтын дагуу хэр үр дүнтэй ашиглаж байгаад хяналт тавьж ажиллана.

-Энэ жил манай улс 470 гаруй мянган тонн улаанбуудай хурааж авна гэж төлөвлөжээ. Гэвч сүүлийн жилүүдэд намар хурааж авсан буудай анх төлөвлөснөөс дутах тохиолдол их гарах боллоо. Дээрх төлөвлөгөөнд хүрэх боломжтой юу?

-Сайд жил болгон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэрээ байгуулдаг. Тухайн аймгийн тариалангийн талбай, сүүлийн жилүүдэд авч байсан улсын дундаж ургац хэмжээг тооцоолоод тариалалтынхаа үндсэн зорилтуудыг гаргадаг. Уг зорилтыг үндэслэж намар хурааж авах ургацынхаа хэмжээг тодорхойлдог. Энэ хүрээнд төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Гэхдээ зарим жил төлөвлөгөөндөө хүрэхгүй байх, мөн бага хэмжээгээр давуулах нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр ямар ч байсан хаврын тариалалтыг технологийнхоо хугацаанд хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлага байна. Үүний тулд тариаланчид маань бэлтгэл ажлаа чамбай хангаад, яг технологийнхоо хугацаанд тариалалтаа эхлүүлэх хэрэгтэй.

Жил бүр Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс зөвлөмж гаргуулдаг. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулаад хавар тариалалтыг хэрхэн зохион байгуулах, хэдий үед эхлэх нь оновчтой тухай нарийвчилсан зөвлөмжийг тариаланчдад хүргүүлдэг. Тиймээс гарсан зөвлөмжийн дагуу хаврын тариалалтаа технологийн хугацаанд хийж гүйцэтгэх нь хамгийн чухал ажил юм. Дараа нь мэдээж ургамал хамгааллын бодис, бордоог цаг тухайд нь зохистой хэрэглэх зайлшгүй шаардлага бий. Үүнийгээ бас технологийнхоо хугацаанд хийж гүйцэтгэх нь ургацын чанарт чухал нөлөө үзүүлнэ. Энэ харилцан уялдаатай арга ажиллагааг үе шаттай авсны дараа ургац хураалтын ажил эхлэхэд хураалтын техникийн бэлтгэл ажлыг хангасан байх шаардлагатай.Техникийн болон хүч хүчний нөөц, бусад санхүүгийн бэлтгэлийг сайтар хангах нь маш богино хугацаанд ургацаа алдагдал багатай хурааж авах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэж байж бид төлөвлөсөн ургацаа хурааж авах бүрэн боломжтой. Хураагаад авсны дараа цэвэрлэх, хатаах зэрэг ажил байна. Мөн үйлдвэрүүдэд тушаах, борлуулах зэргээр үе шаттай явна. Энэ бүх ажлыг цогцоор нь технологийн үе шатуудад урьдчилсан бэлтгэлийг сайн хангаж, маш сайн сахилга баттай байж төлөвлөсөн ургацаа авна. Бидний хамтын хөдөлмөр нэн чухал юм.

-Манай улс улаанбуудайгаа дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьдаг ч сүүлийн жилийн жишээг харахад энэ зорилтод хүрч чадахгүй байна. Стратегийн хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангахад ямар чиглэл барьж байна вэ?

-Стратегийн хүнсний бүтээгдэхүүн гэдэгт хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай орж байгаа юм. Жил бүр яамнаас гаргасан зорилтын хүрээнд намар хурааж авах ургацаа дотоодын хэрэгцээгээ хангахуйц хэмжээнд хүргэнэ гэж төлөвлөдөг. Сүүлийн жилүүдэд төлөвлөгөөнд бага зэрэг дутах асуудлууд байгаа. Энэ нь олон хүчин зүйлээс хамаарч байна. Ер нь цаашид бид газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг л бий болгох ёстой. Тогтвортой байна гэдэг нь цаг агаарын ямар ч нөхцөл тулгарсан зорилтот ургацаа хурааж авдаг байх явдал юм. Эхлээд тогтвортойгоор хөгжүүлье. Улмаар илүү үйлдвэрлэж экспортолъё гэсэн зорилтыг дэвшүүлж байгаа. Тэгэхээр үүнд олон хүчин зүйл нөлөөлнө. Нэгдүгээрт, үрээ дотооддоо бүрэн үйлдвэрлэх асуудал нэн чухал. Үр улаанбуудайн үйлдвэрлэлийн зардлын 25-30 хувийг эзэлдэг. Иймд үр чанартай найдвартай, мөн дараа жилийнхээ үрийг нөөцөлж авч үлдэх асуудал нэн тэргүүний чухал зорилт юм.

Дараагийн асуудал бол хэдэн га газар тариалж байна, түүнд таарсан техник тоног төхөөрөмжийн нөөцтэй байх ёстой. Ингэж байж технологийн хугацаанд тариалах боломж нөхцөл үүснэ. Мэдээж нэмэгдэл орцууд байна. Тухайлбал, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордооны хэрэглээ бий. Эдгээрийг шаардлагатай үед нь аваад хэрэглэчих санхүүгийн боломжтой байвал тогтвортой ургац авах, цаашлаад экспортлох боломж бүрдэнэ. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 880 гаруй мянган га эргэлтийн талбай ашиглаж байна. Энд тариалж байгаа га-гийн ургацаа бага зэрэг нэмэгдүүлж чадах юм бол дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортлох боломжтой. Манай хэрэглээ бага шүү дээ. Жилдээ 300 гаруй мянган тонн хүнсний улаанбуудайг гурил үйлдвэрлэлд нийлүүлэх шаардлагатай. Манай улс урьд нь нэг сая хүртэл тонн хүнсний улаанбуудай хурааж байсан туршлага бий.

-Ноолуурын үнэ ханш дээр ямар таамагтай байгаа вэ?

-Ноолуур гуравдугаар сарын 15-наас зүүн аймгуудаар гараад эхэлнэ. Улсын хэмжээнд 9 мянга гаруй тонн ноолуур үйлдвэрлэдэг. Үүнээс манай боловсруулах үйлдвэрүүд 3 мянга орчим тонныг авч байна.

Өнгөрсөн жил ковидтой холбоотойгоор урд хөршөөс орж ирж ноолуур авдаг байсан аж ахуйн нэгжүүд ирж чадаагүй. Үүнтэй холбоотойгоор үнийн хэлбэлзэл үүссэн. Тиймээс төрөөс зохицуулалт хийж 20 мянган төгрөгийн зөрүү олгосон. Энэ жилийн тухайд гадаадаас ноолуур худалдан авах аж ахуйн нэгжүүд хүсэлтээ яаманд ирүүлсэн. Үүнийг ХХААХҮ-ийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай хамтран Засгийн газрын хуралдаанд танилцуулж ноолуурын худалдан авагч, хөрөнгө оруулагч нарыг ажиллах хүчний жагсаалтад оруулсан.

-Засгийн газар ноолуурын ханшид хөндлөнгөөс оролцохгүй, зах зээлийнх нь жамаар явуулах байр суурьтай байгаа гэсэн үг үү?

-Аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн боломжийг нь гаргаж өгч байна. Мөн гадны компаниуд орж ирээд ноолуур авах нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа. Тиймээс ноолуурын ханш өнгөрсөн жилтэй харьцуулахад өсөлттэй байх болов уу гэж харж байгаа. Төр оролцох нөхцөл шаардлага үүсэхгүй.

-Сүүлийн жил гаруйн хугацаанд дулааны аргаар боловсруулсан махыг харьцангуй өндөр үнээр экспортлох болсон гэж үйлдвэрлэгчид ам сайтай байна. Манай улс махны экспортыг нэмэгдүүлэхэд ямар бодлого барьж байна вэ?

-Манай улс хэд хэдэн оронтой махны экспортод хамтран ажиллаж байна. Бид жилд ойролцоогоор 50-70 мянган тонн мах экспортолж байгаа. Үүний ихэнх буюу 80 гаруй хувийг БНХАУ руу гаргаж байна. Энэ жил аж ахуйн нэгжүүдэд олгох квотыг ковидоос үл хамаарч зохион байгуулсан. Одоогийн байдлаар махны экспорт хэвийн явагдаж байна.

Улс орнууд жилийн турш мах авъя гэсэн хүсэлт тавьж байгаа. Тийм учраас малынхаа үүлдэр угсааг сайжруулах зэргээр анхаарах асуудал бий. Бид малынхаа үүлдэр угсаа, чанар чансааг сайжруулснаар импортлогчдыг жилийн турш шинэ махаар хүссэн хэмжээгээр хангахад анхаарах нь гол зорилго юм. Үүний тулд газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, зөвхөн бэлчээрийн мал аж ахуйгааас экспорт хийх бус, эрчимжсэн мал аж ахуйгаа түлхүү хөгжүүлж махны экспортоор тэргүүлэгч улс орнуудын хэмжээнд хүрэх зорилт тавьж байгаа. Тиймээс энэ жилээс газар тариалангийн бүс нутгуудад эрчимжсэн мал аж ахуйгаа түлхүү хөгжүүлэх чиглэлд хэд хэдэн улстай томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээр ярьж байна.

Г.БАТ

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн 7 хоногт Хөрөнгийн бирж 5.7 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 4 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 2.242.334.861.91 төгрөгийн арилжаа хийжээ.

Нийт 64 компанийн 5.7 сая хувьцааг 2.120.015.576.35 төгрөгөөр арилжсан байна.

“ЛэндМН ББСБ” ХК өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 158.137 ширхэг хувьцаа худалдан авчээ. Ингэснээр тус компани 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс энэ оны 3 дугаар сарын 12-ныг хүртэл хугацаанд нийт 33.9 сая энгийн хувьцааг худалдан аваад байна.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг компанийн бондыг нийт 100,000 төгрөгөөр арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 680.943 нэгж эрхийг нийт 118.219.285.56 төгрөгөөр арилжжээ. 3 дугаар сарын 12-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 3.609.927.226759 төгрөг болж, ТОП-20 индекс 33.799.02 нэгжид хүрч өмнөх 7 хоногоос 1.95 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Categories
мэдээ эдийн-засаг

Экспортын үнийн индекс өсчээ

Гадаад худалдааны нөхцөлийн индекс нэгдүгээр сард 146.5 болж, өмнөх оны мөн үеэс 23 хувь, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна.

Экспортын үнийн индекс нэгдүгээр сард 139.9 болж, экспортын үнэ өмнөх оны мөн үеэс 19.6 хувь, өмнөх сараас 4.2 хувиар тус тус өсжээ.

Харин импортын үнийн индекс нэгдүгээр сард 95.5 болж, импортын үнэ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар буурсан бол өмнөх сараас 2.9 хувиар өссөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Жилийн гурван хувийн хүүтэй зээлийг 20-25 мянган иргэн авах боломжтой

Эдийн засгийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах 10 их наяд төлөвлөгөөний хүрээнд арилжааны банкуудаар дамжуулж хоёр их наяд төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэйгээр гурван жилийн хугацаатай олгохоор болсон. Уг зээлийг өрхийн болон бичил бизнес эрхлэгчид, мөн аж ахуйн нэгжүүдэд гэсэн хоёр хэсэгт ангилж олгох аж. Банкууд зээлийн материалыг судалж, хөнгөлөлттэй зээлийг эздэд нь хүргэх ажил албан ёсоор эхэлсэн байна. Бичил бизнес эрхлэгчдэд 50 хүртэл, аж ахуй нэгжүүдэд 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгож, Зээлийн батлан даалтын сангаас 60 хүртэлх хувьд нь барьцаа гаргах боломжтой юм. Бичил гэдэгт өрхийн болон зах дээр худалдаа эрхлэгчид, хувь хүн бүгд хамаарч байгаа юм. Гэхдээ үүнд хэрэглээний зээл орохгүй. Өөрөөр хэлбэл, автомашин, бусад эд хогшил худалдан авах зорилгоор зээл хүсэх боломжгүй гэсэн үг. Өнөөгийн байдлаар төв банкин дээр арилжааны банкуудын найман их наяд гаруй төгрөгийн эх үүсвэр хүүтэй байршиж байгаа юм. Уг эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулж хоёр их наядын зээлийг гаргах бөгөөд иргэдэд долоо, аж ахуйн нэгж дээр зургаан хувийн хүүгийн дэмжлэгийг улсын төсвөөс гаргана. Өөрөөр хэлбэл, хөнгөлсөн зээлийн хүүгийн зөрүүг төр даана гэсэн үг. Хоёр их наяд төгрөгийн зээл бүрэн гарна гэж тооцвол төсвөөс жилд 70-80 тэрбум төгрөг гарахаар байгаа аж. Бичил бизнес эрхлэгчдэд ямар шаардлага тавьж байгаа талаар холбогдох албаны хүмүүс дараах тайлбарыг өгч байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Иргэдэд 500-600 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлнэ

-Зээлийн үйлчилгээнд ковидын нөлөөнд хамгийн их нэрвэгдэж, зах дээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах аргагүй болсон лангуу түрээслэгчид, өрхийн бизнес эрхлэгчид хамрагдана. Өөрөөр хэлбэл, иргэд хамрагдах юм. Арилжааны хэд хэдэн банкин дээр судалгаа хийсэн. Судалгаагаар иргэдийн 80-90 хувь нь 50 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг юм байна. Тиймээс иргэдийг дэмжсэн бизнесийн зориулалттай зээлийг гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгож байгаа. Үлдсэн хүүгийн долоон хувийн зөрүүг төрөөс дааж байна. Банкууд иргэдээс зээлийн хүсэлт авсан. Одоо ирсэн хүсэлт болон зах зээлийн даацаас харахад 500-600 тэрбум төгрөгийг 20-25 мянган иргэнд олгох судалгаа гарсан. Иргэн буюу бичил бизнес эрхлэгч зээл хүссэн тохиолдолд НӨАТ төлөгч байх шаардлагагүй. Өмнө нь банктайгаа харилцаж байсан, зээлийн түүх, бусад мэдээлэл нь байгаа. Үүн дээр үндэслээд арилжааны банк нь шийдвэрээ гаргаад явна. Үүнд төрөөс ямар нэг шаардлага, нөхцөл тавьж оролцохгүй. Гэхдээ иргэдэд чиглэсэн зээлд хэрэглээний зээл хамаарахгүй гэдгийг анхаараарай. Зөвхөн бизнес эрхлэх, ажлын байр бий болгох зорилгоор зээл олгоно. Мөн зээлийг аваад зориулалтын бусаар ашиглах, дамжуулж хүүлэх зэрэг үйлдэл гаргавал хөнгөлөлттэй зээлийг шууд арилжааны нөхцөл рүү нь шилжүүлнэ. Мөн барьцаа хөрөнгийн батлан даалтыг хүчингүй болгоно. Арилжааны банкууд энэ нөхцөл байдлыг хянахад тийм ч төвөгтэй биш. Тэгэхээр энэ тал дээр анхаарах шаардлагатай.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлнэ

-Монголбанк гурван хэсэг дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. Эхнийх нь репо санхүүжилт. Хоёр дахь нь ипотекийн зээл юм. Арван их наядын төлөвлөгөөний хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж оролцоно. Энэ онд 700 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгоно. Гурав дахь нь ажлын байрыг дэмжих хоёр их наядын хөтөлбөр юм. Төв банкин дээр найман их наяд гаруй төгрөгийн эх үүсвэр цугларсан. Энэ эх үүсвэрийг эдийн засгийг дэмжихэд нь эргүүлж хэрэглэж байна. Гурван хувийн хүүтэй олгоно. Үлдсэн хүүгийн зөрүүг төсвөөс санхүүжүүлнэ.

Одоо гаргах зээлийг зах зээл шингээж авах эсэх асуудал яригдаж байна. Өнгөрсөн онд зээл олголт нийт дүнгээр зургаан хувь буурсан. 18 их наядаас 17 их наяд болж буурсан байгаа. Тийм учраас эдийн засагт санхүүжилт дутагдаж байгаа гэсэн үг. Төлөвлөгөө зарлагдсанаас хойш банкууд зээлийн хүсэлтийг харилцагч нараасаа авч эхэлсэн. Тэгэхээр зээлийн эрэлт хангалттай байгаа. Хоёр их наядыг эдийн засаг шингээгээд авчих боломжтой юм. Аж ахуйн нэгжийн зээл дээр 70 хувь нь дахин санхүүжүүлэх, 30 хувь нь шинэ зээл байгаа. Бичил зээл дээр 70 хувь нь шинэ зээл, 30 хувь нь дахин санхүүжүүлэхээр байна.

Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэхзахирал Ш.Алтанчимэг: Зээлийн батлан даалт гаргуулахын тулд заавал манайх руу ирэх шаардлагагүй

-Зээлийн батлан даалтын сан нь үндсэн хоёр бүтээгдэхүүнтэй байдаг. Энэ нь үндсэн болон төслийн батлан даалт юм. Өнөөдрийн хэрэгжиж байгаа төлөвлөгөө маань үндсэн батлан даалт буюу бүх банктай хамтран явуулдаг. Тухайн зээлдэгч барьцаа хөрөнгийн дутагдалтай бол төрөөс 60 хүртэл хувьд нь батлан даалт гаргаж явна. Барьцаа хөрөнгийг хэрхэн тодорхойлох вэ гэхээр тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр байгаа хөрөнгө, тухайн компанийн 50 болон түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа этгээдийн өмч хөрөнгүүдийг барьцаа хөрөнгөд оруулж тооцдог. Банкууд энэ шаардлагын дагуу үнэлж үзээд барьцаа хүрээгүй тохиолдолд манайх зөрүү дээр нь орно. Бид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн хүрээнд ажиллах ёстой. Энэ талаар 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум хүртэл төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж тодорхойлсон байдаг. Энэ нотлох баримтаа гаргаж ирэх, эсвэл манайх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас холбогдох тодорхойлолтыг авчихад зээлийн батлан даалт авч болно. Иргэд, аж ахуйн нэгж зээлийн батлан даалт гаргуулах бол заавал манайх руу хандах шаардлагагүй. Тухайн арилжааны банк уг ажлыг хамт зохион байгуулаад, таны зээлийг шийдэж өгнө.

Хаанбанкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: Банкны сайт дээр бичил бизнес эрхлэгчдийн зээлийн шалгуурыг оруулсан

-Бид харилцагч нараа ковидын шууд болон дам нөлөөтэй гэж ангилсан. Шууд нөлөөтэй гэдэг нь бизнесийн үйл ажиллагаа нь 10-15 сар зогссон зээлдэгч дээр хоёр удаа гэрээний бүтцийн өөрчлөлт хийгээд өнөөдрийг хүртэл хэвийн зээл дээр явж байна. Эдгээр зээлдэгч боломжтой байвал хүүгээ төлж байсан. Болохгүй байвал хүү, үндсэн зээлээ ч хойшлуулсан байсан. Эдгээрийг хөтөлбөрт хамруулаад дахин зээлдэгч гэсэн хэсэгт оруулна.Хоёрдугаарт, шинээр олгож байгаа зээлүүдийн хувьд өмнө нь манай банктай харилцаж байсан хүмүүс гурваас зургадугаар сар хүртэл харилцагчийн аян зарлаад жил болгон 12-18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгоод явж байгаа. Эдгээр зээлдэгчийн эргэлтийн хөрөнгө, барьцаа хөрөнгө гэх зэргээр бүх мэдээлэл бий. Шинээр зээл хүсэхэд харилцагчийн мэдээлэл манайд бий гэсэн үг. Үүн дээр нэмээд банк сүүлийн хоёр жилийн турш банктай тасралтгүй хамтарч ажилладаг харилцагч нартаа зан байдлын оноо тавьсан. Энэ нь тухайн бизнес эрхлэгчийн бизнесийн орлогоо дамжуулдаг харилцах дансан дээр дүн шинжилгээ хийгээд энэ хүний тогтвортой орлого ийм, сар, улиралд тэдэн төгрөгөөр эргэлддэг гэсэн гээд бүх мэдээлэл бий. Тэгэхээр харилцагчийн харилцах дансны мэдээллийг боловсруулаад хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар ашигласан эсэхийг хянаад явах боломжтой. Хэрэв шинээр манай харилцагч болох гэж байгаа бол тухайн зах дээрээ лангуу түрээслэгч гэсэн гэрээ бий. Тэр гэрээгээ бариад ирэхэд бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч гэж үзээд таны зээлийг судална.

Барьцаа хөрөнгийн тухайд 15 сая хүртэлх төгрөгийн зээлд үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй, эргэлтийн хөрөнгө шаардана. Эргэлтийн хөрөнгө гэдэг нь өөр дээр нь байгаа бараа материалыг 40 хувиар үнэлж авах боломжтой байгаа. Шаардлагатай гэж үзээд үл хөдлөхөө барьцаална гэвэл Улаанбаатар хотод 60 хувь, орон нутагт 50 хувиар, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орон сууцны биш барьцаа хөрөнгийг 40-70 хувиар үнэлж авч байгаа. Үүн дотор агуулахаас эхлээд үйлдвэрийн байр, оффисын барилга бүгд орно. Зээл дээр тавих шалгуурыг www.khan­bank.com гэсэн сайт руу ороод иргэдийн өрхийн зээл гэсэн хэсгээс дэлгэрэнгүй харах боломжтой.

Г.БАТ